“Хэвлэлийн эрх чөлөөг  зөвхөн сэтгүүлчид л хүсдэг юм биш”

2017-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.  Сэтгүүлчид бидний хувьд онцгой өдөр.  “Polit-ийн нэг өдөр” буландаа сэтгүүлзүйн салбараас төрсөн, энэ салбартаа хайртай, алдааг оноог нь дэнсэлж хэлэх нэгэн эрхмийг урьж ярилцлаа.  Энэ бол сэтгүүлзүй судлаач, доктор Ч.Базар юм.  Түүний Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан өгсөн сонирхолтой  ярилцлагыг хүргэж байна.

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бататгасан хууль одоог хүртэл байхгүй байна

 -Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Та энэ салбарын эд эс нь болж яваа хүн.  Эрх чөлөөний өдрөө  хэрхэн өнгөрүүлдэг вэ?

- Ажлаа хийгээд л өнгөрүүлдэг. Зарим үед энэ чиглэлийн хуралд оролцож, илтгэл тавих, үг хэлэх тохиолдол бий. Гол анхаардаг зүйл ЮНЕСКО-гоос гаргадаг илгээлт. 2016 онд  “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриатай байсан санагдаж байна. Харин энэ жил “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдвээр дэлхийн өнцөг булан бүрийн сэтгүүлчид хэлэлцүүлэг өрнүүлж байна.

-Хүмүүс мэдээллийг янз бүрийн байдлаар авч байна. Телевиз, сонин, сэтгүүл, цахим орчин гээд. Та аль салбарыг илүүд үзэж мэдээллээ авдаг вэ?

- Өдөр тутмын сонинг заавал захиалж уншдаг. Тэр сонины нэг нь “Зууны мэдээ”. Цайныхаа цагаар мэдээллийн сайт руу нэг орчихдог. Орой нь зав гарвал Телевизийн мэдээгээ үзнэ дээ.

-Хэвлэл мэдээллийн салбарт та хэдэн жил ажиллав.  Сурвалжлагчаар анх ажилд орж байсан үеэс тань одоогийн хэвлэл мэдээллийн байгууллага мэдээж их өөрчлөгдсөн дөө?

- Би 1987 онд их сургууль төгсөөд л Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакциас ажлын гараагаа эхэлсэн. Яг хэвлэлийн мэдээллийн салбарт гэвэл  2000 он хүртэл ажилласан байна.  2000 - 2014 он хүртэл нам, эвсэл, яамны хэвлэл мэдээллийн албыг удирдан ажиллаж байлаа. Мэдээ, мэдээлэл бичиж, нэвтрүүлэг хийж , хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой ажиллахаар бас л энэ салбараасаа холдоогүй байна. Өөрчлөлтийн хувьд маш их зүйл өөрчлөгдсөн. Социалист сэтгүүлзүйгээс ардчилсан сэтгүүл зүй рүү шилжсэн. Шинэ Үндсэн хуульдаа хүний эрх эрх чөлөөг тунхагласан бүхэл бүтэн бүлэг оруулж, хүний  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг нь баталгаажуулж,  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа баталсан. Төрийн хэвлэл мэдээллүүд бүгд хувьд шилжсэн. Шинэ шинэ сонин хэвлэлүүд, арилжааны ТВ-үүд, ФМ радионууд хөгжсөн. Нэг ёсондоо хаалттай нийгмийн хаалгыг хэвлэл мэдээллийн үер сад тавьсан гэж болно.

-Тэр эрх чөлөө хэвлэл мэдээлэлд мэдээж нэг шат ахисан үйл явдал болсон. Тийм үү?

-Одоо интернэт ертөнц, нийгмийн цахим сүлжээ гээд бараг л хүн бүр гар утаснаасаа мэдээлэл оруулж, зураг тавьж харилцан солилцож байна. Мэдээллийн бизнесийн эрин үе цэцэглэж байна гэхэд болно. Үүнийгээ дагаад хэвлэл мэдээллийн эзний, редакцийн,сэтгүүлчийн тэр бүү хэл иргэний хариуцлага, ёс зүй өндөр байх учиртай. Би бол өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэх үеийн сэтгүүлч. Энэ үед хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн ажил нийгмээ дагаад урсах биш нийгмээ дагуулж, төрийн байгууллагын болохгүй бүтэхгүйг хурц тод шүүмжилж, тогтолцооны шинжтэй асуудлуудыг сөхөж, эрдэмтэн судлаачдаар асуудлыг дэвшүүлж яриулдаг байлаа. Би гэхэд нөхдийн хамт үндэсний радио дотроо  нийслэлийн “Дөрвөн уул” уран бүтээлийн нэгдэл байгуулан хотын амьдралын сайн, саар дундуур туучиж явсан хүн. Хотын мал бэлчээргүй боллоо гээд “Бэлчээргүй мал” цуврал нэвтрүүлэг, хотынхон гэрт биш амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байна гэдгийг хөндсөн цуврал нэвтрүүлгийг хотын захиргаа, архитекторууд, иргэдтэй хамтран хийж, амины орон сууцны зээлийг олгох банк байгуулах дээрээ тулж байтал нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. За өнөөдөр яриад байгаа агаарын, хөрсний, орчны бохирдол, хальтиргаа гулгаа, хотын айлын, хотын хүний соёл бүгдийг бид ярьж асуудал дэвшүүлж байв. Нэг маш чухал зүйл байсан нь, тухайн асуудлыг шүүмжлээд шийдэх газарт нь албан шаардлага өгдөг байв. Тухайн байгууллага алдаагаа засчихаад эргээд радиод хаяглан албан бичиг ирүүлнэ. Тухайлбал, өвөл болоод хальтиргаа үүсэх үед тухайн байгууллагыг орчны газраа, үүдээ цэвэрлэсэнгүй гээд радио дуран ажиллуулна шүү дээ. За тэгээд дурандуулсан газар арга хэмжээ авна даа. Ямар сайн даа, хотын дарга Баасанжав гуай долоо хоногийн шуурхай бүрийн эхэнд бидний нэвтрүүлгийн талаар ярьж, холбогдох газарт нь үүрэг, анхааруулга өгч байхав. Өнөөдөр бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлбэл чих дүлий мэт зарим нь тоохгүй, зарим нь нэр төрд халдлаа гээд бөөн асуудал болно. Тэр үед мэдээллийн эх сурвалжид нэвтэрэхэд бэрхшээл байсангүй, харин нийтлэх, нэвтрэхээс өмнө дотоод хяналт гээд заавал нэг цаанаас томилогдсон нөхөр тоо баримт, энэ тэр шалгаж оруулна. Жишээ нь, шар өвчнөөр төдөн мянган хүн өвдсөн байна гэсэн өгүүлбэр байвал үүнийг оруулахгүй, асуухаар нийгмийн сэтгэл зүйд хүндээр тусна л гэнэ. Чухам ямар нарийн учиртай байсан юм бүү мэд, сэтгүүлчийн үг өгүүлбэрээр бол оролдохгүй. Одоо бол сэтгүүлчдэд хамгийн хүндрэлтэй зүйл ноцтой асуудлын учгаас барьсан ч нотолгоотой баримт сэлт олох. Ардчилсан нийгмийн шударга ёсны үзүүлэлт, үнэт зүйлс болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бататгасан хууль ч үгүй л явж байна.        

 

Сэтгүүлчдийн амьдрал төдийлөн дээшлэхгүй байна

 

-Ер нь яг одоо та сэтгүүлзүйн салбарыг гаднаас нь харж байна уу, дотроос нь харж байгаа юу. Намын гишүүн, сургуулийн захирал зэрэг өөр ажил хийж байгаатай тань холбон асуулаа?

-Аль аль талаас нь.Яг өдөр тутмын мэдээ мэдээлэл бичих, бодлого барих ч юу аль нэг редакцид хамаарахгүй  байгаа учраас гадна нь явж байна. Нөгөө талдаа би сэтгүүл зүй судлаач хүн. Ардчилсан хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хүний үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрх ашгийг хамгаалах чиглэлээр  Монголын Хэвлэлийн хүрээлэн болон УИХ-ын Тамгын газрын Судалгааны албанд байхдаа олон судалгаа хийсэн. 2004 онд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, энэ чиглэлээр хэд хэдэн ном бичсэн. Олзуурхууштай нь багш, оюутнууд энэ номыг “ноолдог” сурагтай.  Салбарынхаа хуралд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлж байна. Ингээд бодохоор дотор нь яваад байна. 

-Салбарынхаа алдаа оноог хэрхэн дэнслэх бол. Энэ өдрийн утга учир нь мэдээж ямар нэгэн дүгнэлт гаргаж, цаашдын зорилгоо тодорхойлох болов уу. Та юу гэж бодож байна?

-Би хэвлэлийнхнээ дотроо дандаа өмгөөлж, хайрлаж явдаг. Яагаад гэвэл маш хүнд хүчир ажил. Нэг мэдээ бичих гэж л тэр хүн мэдээнийхээ араас явна, олно, бичих гэж толгойгоо гашилгана. За нийтлэл, нэвтрүүлэг гэвэл бүүр нүсэр. Тэгээд цалин мөнгө олигтой биш, учир нь  мэдээллийн бизнес өрсөлдөөнтэй, зах зээл нь бага, хэрэглэгч нь ядуу байна. Уг нь чөлөөт нийгэмд чөлөөт сэтгүүлч шиг орлоготой хүн ховор л гэдэг юм байна лээ. Баримт нотолгоо бүхий, худал хуурмагийг илчилсэн нэвтрүүлэг, нийтлэлийг редакци худалдаж авч, олон нийтэд түгээж, тэр утгаараа нэр хүнд болон хэрэглэгчийн зах зээлээ төлж байдаг. Бас төрийн монополь хэвээр л байна. Жишээ нь би үзэгч байлаа гэхэд өөрийн үздэг телевизүүдэд хураамжаа шударгаар төлье л дөө, гэтэл миний мөнгийг шууд л олон нийтийн гэдэг утгаар нь надаас асуулгүй өөр телевиз рүү хийчихдэг. Нөгөө талдаа бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань төрийн мэдлээс гарахдаа хувийн хэвлэлүүдтэй нэг гараанаас шударга өрсөлдөөгүй, төрийн өмч дээр суурилаад л нэрээ солиод явчихсан, хөгжих явцдаа улс төр, санхүүгийн бүлэглэлүүдийн эрхшээлд орчихсон. Редакцийн хараат бодлого байсаар л байна. Хувийн телевизүүд, сонинуудын цаана гол эзэн нь  хэн байгааг олон түмэн үнэнээр нь мэддэггүй. Эзэд ч өөрсдийгөө нуудаг. Уг нь ил зарлачихмаар байгаа юм. Бас нэг сонин зүйл ажиглагддаг нь хувийн хэвлэлд ажиллаж буй сэтгүүлчийн амьдрал дээшлэхгүй, эзний амьдрал, аж ахуй л цэцэглээд байдаг. Дан ганц мэдээллийн бизнесээр дэвжээгүй гэх байх л даа, гэхдээ л тэр хүнд хэвлэл мэдээлэл хэрэгтэй л байгаа болохоор тэнд хэдэн хүн өдөр шөнөгүй ажиллуулаад л байна шүү дээ. Оюуны хөдөлмөрийн үнэлэмж маш муу, хуулийн өмнө хариуцлага хүлээх болохоор редакци хүлээхгүй гэдэг нэг ийм зүйл амь бөхтэй л яваад байна. Би хэлдэг юм, тэр Америк, Францад чөлөөт хэвлэл 150-200 жилийн турш хөгжиж төлөвшсөн бэлээхэн жишээ байхад сайныг нь хуулбарлаад явья л даа, хойноос нь хөөгөөд ингэж л хөгждөг, төлөвшдөг гэвэл үхэр тэргээр туулай гүйцэхтэй адил болно. 

 

Ямар ч үед эрх баригчид чөлөөт хэвлэл мэдээлэлд халтай шийдвэр гаргаж болохгүй

 

-Монголын хэвлэл мэдээллийг тойрсон эрх чөлөөтэй, чөлөөгүй, хараат хараат бус гэсэн асуудал их гарч маргаан дагуулдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Жирийн уншигч бол чөлөөтэй л гэнэ. Арга ч үгүй. Өөрөөс нь асуухгүйгээр өөрийнх нь ч мэдээгүй, туулаагүй амьдрал, агшинг бичээд байхаар тэгэлгүй яахав. Би яаж яваагаа хэвлэлээс л мэдлээ ш дээ гэдэг онигоо шиг үг байдаг биз дээ. Бүгдэд хамаагүй ч хэвлэл сонин гэдгээр нь хамаатуулаад байгаа юм.  Судлаачийн нүдээр харахад чөлөөт хэвлэл бүрэн утгаараа хөгжиж чадахгүй л байна, тэдэнд хууль зүйн таатай орчин алга, айдас их байна, өөрийн цензур их байна, редакцийн хараат бус байдал хэвээр байна. Сэтгүүлч нь эрж сурвалжлаад, илчлээд, батлаад нотлоод, шүүх хуулийн байгууллага нь түүний мөрөөр зохих ёсны хуулийн дагуу арга хэмжээ аваад явдаг тогтолцоо алга. Тэгэхээр үнэн гэдэг бүүр замхраад, хүмүүс за хэн мэдэх вэ гэсэн хандлагатай болчихсон. Түүнчлэн хэвлэл мэдээллийн гэгээрүүлэх чиглэлийн мэдээ мэдээлэл бага байгаа нь нийгмээ  дагуулах, нөлөөлөх хэвлэлийн  үүрэг нь биелэгдэхгүй байна гэсэн үг. Үүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх тогтолцооны шинжтэй бодлого, өөрчлөлт хэрэгтэй гээд товчхондоо хэлье.  

- Саяхан хэвлэл мэдээллүүд нэгдэн Зөрчлийн тухай хуулийн эсрэг акц зохион байгууллаа.  Энд ямар байр, суурьтай байв?

- Би дэмжсэн. Ажилтай байж байгаад сошиал руу орсон чинь бөөн шуугиан. Тэгээд л өөрийн байр сууриа хэлсэн. Хаалттай нийгмийн бодлого байна гэж. Ямар ч үед эрх баригчид чөлөөт хэвлэл мэдээлэлд халгаатай шийдвэр гаргаж болохгүй. Ийм шийдвэр нь өөрсдийгөө л өмгөөлж байгаа хэрэг. Иргэний хуулиар нэр төрд халдлаа, гүтгэлээ гэвэл зохицуулалт нь байж л байна. Хоёр хүн хоорондоо марган үүсгээд л асуудлыг шийдчихнэ. Сэтгүүлчийн бичих, нийтлэх эрхийг, иргэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг, би үүнд бусдыг гүтгэх, дормжлохыг хэлээгүй гэдгийг анхаарна биз, хаасан, тэр дундаа торгоно шийтгэнэ гэж айлгасан төрийн бодлого гаргах нь хамгийн харгис зүйл. Жишээ хэлэхэд, хуульшүүхийн байгууллагад нэр төр сэвтлээ гэдэг нэхэмжлэлийг өндөр албан тушаалтнууд, түшмэдүүд, чинээлэг аж ахуйтнууд л гаргадаг. Тэгээд шийдвэрийг өөрийн талд гаргуулах гэж бүхий л арга хэмжээг авдаг. Нөгөө талд сэтгүүлчид цаг ямагт мэргэжлийн ёс зүйгээ барьж ажиллах ёстой, хэн нэгэнд үйлчлээд эцэстээ хэрэггүй.

-Сэтгүүлчийн ёс зүй доройтлоо, доголдлоо гэж ярьдаг.  Гэтэл эргээд биднийг хамгаалсан хууль байх хэрэгтэй санагддаг.  Таныхаар сэтгүүлчийн ёсзүй тэгтлээ доройтсон уу, эргээд хамгаалалт хэр чухал санагддаг вэ?

- Хэвлэл мэдээллийн талаарх төрийн цогц бодлого, зөв зүйтэй эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Энэ нь цаанаа хэдэн сэтгүүлчийн асуудал биш үндэсний эрх ашгаас авахуулаад ардчилсан тогтолцоогоо хамгаалах, хөгжүүлэх асуудал юм. Мэдээлэл өгсөн эх сурвалжийг хамгаалахгүйгээр яаж үнэнийг илчлэх, нотлох вэ? Үнэн, нотолгоотой мэдээлэлгүй ард түмэн яаж зөв сонголт хийх вэ? Ингээд ярьвал асуудал хэдэн сэтгүүлчдээ байгаа юм биш л дээ. Ёс зүй бол хувь сэтгүүлчтэй, хэвлэл мэдээллийн эзэдтэй, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудал. Ёс зүйг үл хайхарсан  хэвлэл сонин аяндаа нүдний өмнө алга болоод л,  хумигдаад л байна ш дээ.

- Эцэст нь асуухад хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнэ, эх орны хөгжилд нөлөөлөх тэр хүчин зүйл нь юу вэ?

- Авилгадаа идэгдсэн нийгэм ямар байдаг билээ. Баялаг хэдхэн хүний гарт орж , тэд л цүндийгээд, баяжаад, харин  ард түмэн нь ядуураад л байдаг биз дээ. Тэгвэл авилга, шударга бус үйлдлийг  хэдэн сэтгүүлч л эрэн сурвалжилж, илчилж, нотолж, олон нийтэд хүргэж, мөрөөр нь хууль хяналтын байгууллага ажиллаж байж тогтолцоо зөв болно. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг цогцоор нь гаргаж, зөрчилдөж буй хуулийг нэг мөр болгож байж шийдэгдэх асуудал учраас тэр худал  уу, үгүй юу  гэдгийг би мэднэ, чадна гэж олон түмний өмнө хашгирдаг төрийн бодлого гаргагчид  л улс төрийн хүсэл эрмэлзлэлээ гаргах учиртай. Үе үеийн парламент сонгуулийн өмнө хэвлэлийнхнийг урхидаж найзалчихаад дараа нь мартдаг. Хэвлэл мэдээллийнхэн маань ч хүчээ нэгтгэж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө  эвлэлдэн нэгдэж чаддаггүй.  Уг нь чадна гэдгийн илэрхийлэл нь  саяны Зөрчлийн хуулийн эсрэг тэмцэл байлаа.   хэвлэлийн эрх чөлөөг зөвхөн хэдэн сэтгүүлч л хүсдэг юм биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн чөлөөт иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл.       

-Баярлалаа.  Таны ажилд амжилт хүсье.

 

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

17 цаг 57 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

18 цаг 6 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

19 цаг 56 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

20 цаг 13 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Уржигдар 16 цаг 56 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

Уржигдар 14 цаг 35 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Уржигдар 14 цаг 27 мин