
Б.ЗАЯА
Нийслэлчүүдийн ундны усны асуудлаар Газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Л.Жанчивдоржтой ярилцлаа.
-Улаанбаатарчуудыг ундны усаар хангаж байгаа гол эх үүсвэр нь Туул гол. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай хүрээлэн 1997 оноос Туул голоор дагнаж ажиллаж байгаа. Туул голын усны боломж, УСУГ-аас хэрэгжүүлж байгаа ус ашиглалттай холбоотой асуудал, том цахилгаан станцуудын усан хангамж, үерийн боломж, эрсдэл, ер нь цаашид Улаанбаатар хотын усны нөөц бүрдэж, сарниж байгаа үйл явцын талаас эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж ирсэн. Туул голын хувьд Монгол орны нутаг дэвсгэрийн 3.19 хувийг эзэлдэг хэрнээ нийт хүн амын 50 хувийг эзэлсэн ачаалалтай сав газар болоод байгаа. Сүүлийн үед дэлхийн улсууд голыг сав газрын зарчмаар хөгжүүлдэг болсон. Энэ хандлагын хүрээнд сав газар, сав газарт оршиж байгаа хүмүүст юу өгч байна вэ гэдгээр нь эдийн засгийн үнэ цэнийг нь тодорхойлдог. Энэ зарчмаар бол Туул гол Улаанбаатарт маш их үнэ цэнэтэй хангамж болж байна гэсэн үг. Тэр хангамж, боломжийг бид нөхөн сэргээж, тусалж амьдрах үүрэгтэй.
-Сүүлийн үед Туул голын усны нөөц дуусч байгаа, усны хомсдолд орсон гэж мэргэжлийн хүмүүс ярих болсон. Гэхдээ нөгөө талд үүнийг үгүйсгэх ч тал байна. Таныхаар энэ байдал ямар байгаа вэ?
-Туул голын хувьд олон нийтэд ойлгомжгүй, зөрчилтэй хандлага гараад байгаа нь энэ. Туул голын сав газарт байгаа дөрвөн том эх үүсвэр бий. Одоо долоо болсон гэлцдэг. Үнэн хэрэгтээ Туулын ай сав нэг л ай сав. Туул голын хөндийгөөс авч байгаа ус уртаашаа 90 км. Гүний ус хэрэглэдэг гол шалтгаан долоон сарын хөлдүүгээс болдог. Газар хөлдчих учраас худаг гаргаж авдаг. Голын усыг хэтрүүлээд авчихвал голын хурдас суудаг. Нэг ёсондоо газартаа суулт өгдөг. Дэлхийн олон оронд суулт бий болихсон. Манайд ч сууж байгаа. Гэтэл энэ болгоныг өнөөдөр харгалзаж үзэхээ байчихсан.
-Тэгвэл нийслэлчүүдийг хангаж байгаа усны нөөц яг одоо ямар байгаа юм бэ?
-Бидний судалгаа, шинжилгээний дүнд Туул голын хөндийд газрын доорх усны түвшинг 12 метрээс доошлуулж болохгүй, хэрэв хэтрүүлвэл суулт эхэлнэ гэдгийг тогтоосон. Дээрээс нь манай хүрээлэнгээс Туул голын сав дотор мониторингийн 14 цооног байгуулсан. Цооногуудын тусламжтайгаар Туул голын сав газрын усыг олон аргаар тодорхойлсны үндсэн дээр Улаанбаатар хотод өвлийн улиралд тэжээмжгүй улиралд 290 мянган м3/хоногоос илүү ус авбал энэ нь экологийн хувьд хортой гэдэг дүгнэлт гарчихсан. Түүнчлэн гадаргын болон газрын доорх усны хамаарлын газрын дээгүүр явж байгаа урсацаасаа хэдий хэр газар доогуур ордог, газар доогуурх урсацаасаа хэдий хэр гадаргын усанд нөлөөлдөг юм байна гэсэн судалгаа хийсэн. Тооцооноос үзэхэд Туул голын дээд талын Харзтайн амралтаас эхлээд доод талын “ТЭЦ-III”-ын усан хангамжийн сүлжээ хүртэл зай дотор Туул голоо тэжээхээ больчихсон. Зөвхөн Туул гол нь газрын доорх усаа тэжээж байгаа.
-Усны нөөцийг арвижуулах, нэмэгдүүлэх маш олон төсөл хөтөлбөр төрийн болон төрийн бус байгууллагууд хэрэгжүүлдэг. Төр, засгийн зохих шийдвэрүүд ч гарч төсвийн хөрөнгийг зарцуулсан тохиолдлууд бий. Гэвч жил ирэх тусам усны асуудал улам гүнзгийрсээр байх юм. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Усны салбар техник технологийн салбар. Техник технологийн салбарын бодлогыг барьдаг мэргэжлийн байгууллага байх ёстой. Яам, агентлаг аль нь ч хамаагүй. Гэтэл ийм бодлого байхгүйгээс яам бүр өөрийнхөө ашигтай зүйл дээр тоглолт хийж байгаа. Барилга хот байгуулалтын яам гэхэд ус цэнгэгжүүлэх, усан хангамжийн тал дээр маш олон төсөл хэрэгжүүлдэг. Усан хангамжийн төсөл гэхэд тус яаманд 10 гаруй байсан. Зүйрлэшгүй их мөнгө зарж байгаа. Түүнээс гадна усан хангамжийг Хүнс хөдөө аж ахуйн яам өөртөө харьяалж үздэг. Худаг гаргана гээд л. Эрчим хүчний яам усны бодлого, нуур байгуулах ажлаа хаячихаад зөвхөн эрчим хүчээ яриад байгаа. Усан цахилгаан станц барья гэхэд түүний хөрөнгө оруулалтын 70 хувь нь усны барилга байгууламж эзэлдэг. Үлдсэн хувь нь цахилгаан. 30 хувийг мэддэг хүн мэддэггүй зүйлээ хийхээр юу болох вэ. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц яг ийм техникийн алдаатай. Энэ их орж ирж байгаа хөрөнгө эзэнгүй хуваагдчихсан олон яамны мөнгө угаадаг цэгүүд болчихоод байна.
-Үүний гарц шийдлийг юу гэж харж байна?
-Хотод хаврын ид үед усан хангамжийн хомсдолд орж байгаа юм. Монгол угаасаа усны хомсдолтой орон. Байгалийн хур тунадас бага. Байгалийг нөхөж зохицуулалт хийхийн тулд усныхаа нөөцийг арвижуулах, усан сан байгуулах, нуур байгуулах гэх мэт олон ажил хаягдчихсан. Одоо бол хотын захиргаанд усны менежментийн алба байхгүй. Ганц хүн хариуцдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яам бодлогын гэх нэртэй боловч хэрэг дээрээ бодлого нь ойлгомжгүй байна. Ер нь тэгээд бүх ажил “Би чадна” бригадын дундуур яваад л мөнгөө хувааж иддэг ажил болж гүйцсэн.
Бодит зүйлийг бодитоор нь ойлгох шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх зайлшгүй шаардлагатай. Ус бол улс орны хөгжлийн хамгийн хатуу концевци байх ёстой. Улаанбаатарын одоогийн байгаа хөгжил усныхаа хэмжээнд ханачихсан. Хотыг цааш өргөжүүлэх боломжгүй. Тиймээс хотынхоо захиргааг нүүлгэх ёстой. Эндээ аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хот байг. Ер нь ийм байдлаар дэлхийн хөгжил явдаг. Японы олон хот ийм маягаар хөгжсөн.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин