
Төр засаг, түшээд нь хүүхдийн эрхийг тунхаглан зарласан ч найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртдөг болсон /ХЭҮК-ийн судалгаагаар/ Монголын нийгэмд өнөөдөр та, бид амьдарч байна. Хүүхдийн асуудал дундаа хамгийн эмзэг нь энэ сэдэв. Ирээдүйд хэн нэгний аав ээж, хэн нэгний хань ижил болох учраас хүн бүр энэ сэдвийг тэр бүрчлэн нарийн судалж хөндөхөөс эмээнэ. Гэвч хүүхдийн биеэ хамгаалах чадваргүй, гэнэн томоогүй занг ашиглан гэмт үйлдлээ гүйцээгсэд өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо.
Өөрийн охин, хүүгээс өөрцгүй нялх амьтдыг бузарлах сэтгэл монгол залууст төрсөөр, тэр сэтгэхүй нь улам бүр нэмэгдсээр байгаа нь энэ нийгмийн гашуун эмгэнэл болж эхэллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийллийн асуудал манай улсын хэмжээнд мөн адил өндөр хувьтай байгаад Хүний эрхийн Үндэсний Комисс санаа зовж байна гэж 2016 оны хүний эрхийн илтгэлд дурдсан нь анхаарал татав.
Охидын 15 хувь нь хүчирхийлэлд өртдөг
Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. Тэгвэл 2015 онд нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн байхад 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна.
Хүчирхийлэл үйлдэгч ихэнхдээ ураг төрөл
Цэцэг цэврүү шиг насандаа яваа, төлөвшиж амжаагүй хүүхдүүдэд энэ төрлийн хүчирхийлэл маш хүндээр тусдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог. Тэр тусмаа ойр дотны хүмүүсийн хүчирхийлэлд өртөх нь сэтгэл санааны гутралаас эхлээд амиа хорлох хэмжээнд хүргэдэг аюултай. ХЭҮК-оос хийсэн судалгаагаар хүчирхийллийн нийт тохиолдлын хамгийн их буюу 57.1 хувь нь ураг төрөл, 25.7 хувь нь танил, 25.7 хувь нь хөндлөнгийн хэн нэгэн байдаг байна. Өнгөрсөн онуудад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх үзүүлэлтүүдээс харахад бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд нуугдмал хэлбэрээр, удаан хугацааны туршид үйлдэгдэж байгаа, мөн бэлгийн хүчирхийллийн тоо өсөх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Охиноо хүчирхийлүүлсэн ээж амьдралын боломжгүйгээс гомдолгүй гэжээ
Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан гэмт хэргийн тоо. Үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байна.
Нэгэн жишээ татахад, бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулжээ. Тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байна. Үүнийг охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, “Чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо, сална” гэх зэргээр сүрдүүлсээр “Гомдолгүй” гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүссэн байх юм. Энэ бол Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрынханд авагдсан мэдээлэл.
Хүчирхийлэл далд хэлбэрээр удаан хугацаанд бугшиж байна
Мэргэжлийн хүмүүсийн шинжилснээр хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй хүүхэд өртөж, хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд нь ихэвчлэн ураг төрлийнх байгаад зогсохгүй хохирогч хүүхэд нэг хүний, зарим тохиолдолд 2-4 хүний хүчирхийлэлд өртсөн зэргээс харахад хүүхдийн эрхийн ноцтой зөрчил удаан хугацааны турш далд хэлбэрээр бугшиж байгааг харуулж байна гэж дүгнэжээ.
Өсвөр нас бол хүүхдийн бие болоод сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт, хямралыг даван туулж, бие хүн болон төлөвших, нийгэмд байр сууриа олох шилжилтийн эмзэг үе байдаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш эмзэг хохирогч болдог. Хэдийгээр хүүхдэд учирсан бие махбод, сэтгэл санааны хохирлыг нөхөн сэргээх, эргээд хэвийн амьдралдаа ороход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт байгаа хэдий ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй, харилцан уялдаа холбоогүйгээс гадна гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн эрсдлийг тооцон хүүхэд бүрт тохирсон хамгаалалт, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх тусгайлсан механизм байхгүй байгаа юм.
Мөн шүүхэд сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал нь хангалтгүй, бэлгийн хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн сэтгэл засах, нийгэм, хамт олны дунд оруулах үйлчилгээ байхгүй, хэрэг шалгаж, шийдвэрлэх явцад хохирогчийн хувийн нууцыг хамгаалах асуудал дутагдалтай, нэр хүндэд нь халдах явдал их байгааг ч албаныхан онцолжээ.
Зөвхөн охид хүчирхийллийн золиос биш
Хүчирхийлэлд зөвхөн охид өртдөг гэвэл эндүү ойлголт болжээ. Хөвгүүд ч өртөж сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирдог болсон эмгэнэлт тохиолдлууд байна. Хүний эрхийн үндэсний комисст 2016 онд гаргасан нэгэн ээжийн гомдолд “... 2012 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг гурван шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй. Тус гэмт хэргийн хохирогч дөрвөн хүүхдийн гуравт нь 10 сая төгрөг, харин миний хүү А-д таван сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. ... хүү маань өөрийн хүн байх үнэ цэнэ, ирээдүйгээ тодорхойлох итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон.... хохирогч хүүхэд төдийгүй манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна. ...Тийм учраас төр үүргээ ухамсарлаж, хохирсон хүүхдэд сэтгэл зүйн тусламжийг цогцоор нь үзүүлэх, нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх шинэ хандлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна... ” гэжээ.
Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд нэг удаа өртөөд зогсохгүй байнгын бэлгийн дарамтад байх, улмаар өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх явдал гарсаар байна. Тухайлбал Монгол Улсад 2017 оны нэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний хоёр тохиолдол буюу 15 настай хоёр хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгдсэн байна.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхдээ аль болох богино хугацаанд хохирогчид сэтгэл санааны дарамт учруулалгүй тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, ийм төрлийн хохирогчтой ажиллах тусгай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байна. Мөн шүүхэд сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авах цаг болжээ.
Эх сурвалж: www.polit.mn