
С.ОДХҮҮ
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв... (“Монголын Нууц товчоо” 254 дүгээр зүйл)
Ийм эв нэгдэлгүй, шуудайд хийсэн эвэр мэт хоорондоо тэрсэлдсэн, чиг чигээрээ толгойгоо мэдэж тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж, нэг улс гэр болгон эмхлэн байгуулсан түүхэн үйл явдлыг “Монголын Нууц товчоо” хөлгөн сударт бичсэн байдаг.
Монголчууд түүхийнхээ бүхий л үед талцан тэмцэлдэх сэтгэхүй, хандлагаар амьсгалж ирснийг түүх гэрчилнэ. Цаг үргэлж өвөр зуураа сөргөлдсөнөөр хожихоосоо алдах нь их байж, харийнхны, бусдын өгөөш л болж байсан түүхийн үнэн, гашуун сургамж бий. Энэ эмгэнэлт дүр зураг монголчууд бидний мах цусанд, амин шинж, язгуур араншин, генд шингэсэн гэлтэй.
Газар нутаг том ч хүн ам цөөнтэй хэрнээ бидний монголчууд олон зүйлээрээ дэндүү их талцан хуваагдаж, хагаралдаж, зөрчилдөж, тэмцэлдэж байна даа. Намын харъяаллаар, шашин шүтлэгээр, ахуйн нөхцлөөр, амьдралын түвшнээр, нийгмийн байдлаараа, нийтлэг соёлоороо, хөгшин залуугаараа, эрэгтэй эмэгтэйгээрээ, баян хоосноороо, зэрэг зиндаагаараа, халх ойрадаараа, нутаг нугаараа, сум суурингаараа, хот хөдөөгөөрөө, анги төгсөлтөөрөө гээд цувардаг. Талцал хуваагдал нь хагарал, тэмцэл болон хувирна.
Зөрчилгүй, хэрүүлгүй орчин, талбар, хүрээ, салбар, байгууллага, газар ер нь байгаа юм уу. Дотроо толхилцоод, тогтворгүй байдлыг дэвэргэснээр бид юу хожив, хохирол л амсдаг биз дээ.
Хуваагдлын, талцлын, хагарлын үр дүн нь хөгжлийн дорой түвшин, ялагдлын шалтгаан, хоцрогдлын нөхцөл болдог. Өөр юу ч биш.Биднийг муухай харагдуулж буй энэ арчаагүй байдал нь бусдын идэш болж, бах тавыг хангахаас өөр нэмэргүй. Хэмжээ хязгааргүй хийрхэл, намчирхал, талцал, хуваагдал монгол төрийн хүч чадлыг сулруулж, нэр төрийг унагаж, нөлөөг бууруулдаг.
Талцал хуваагдлын тод жишээг, үлгэр дууриалыг улс төрийн хүчнүүдийн хэрүүл, маргаан оройлон тэргүүлэх болов. Улс төрийн хүчнүүдийн хоорондын болон өөрийн дотоод зөрчлөөс, үйл ойлголцлоос, сөргөлдөөнөөс юу хожив, хохирол л учраа биз дээ. Манай тодотголтой бол буруу байсан ч зөв, танайх бол зөв байсан ч буруу гэх өрөөсгөл туйлшрал, өрөвдөлтэй хандлагыг таягдан хаях цаг болсон.
Түмэн олны ахуй амьдралд ч, төр засгийн ажилд ч талцал хуваагдал бичигдэгүй атлаа хууль мэт үйлчилнэ. Намын харъяаллаар амьдралын түвшин, ажил алба, төрийн үйлчилгээ шийдэгддэг болсныг нийтээрээ мэдэрч, чимээгүй хүлээн зөвшөөрдөг. Сонгууль болж засаг төр солигдоход, өөрчлөгдөхөд төр албаныхны, иргэдийн нэг хэсэг нь баярлаж, зарим нь гонсойдог байж таарахгүй, энэ дүр зураг өөрчлөгдөөсэй билээ. Нам нь ялбал албан тушаал, ажил төрөлтэй болж, амьдрал ахуй дээшилнэ, эсрэгээрээ нам нь ялагдвал гудамжинд гарч лааз өшиглөнө, төрийн үйлчилгээ хүртэхгүй. Өөр сонголт, хувилбар, гарц байхгүй. Намдагавал ам тосдоно. Бизнес эрхлэгчдээс авахуулаад бүх хүрээнийхэн ил, далд аль нэг нам бараадахгүйгээр, ивээлд нь багтахгүйгээр хол явахгүй, бодлогын дэмжлэг авахгүй.
Талцал, хуваагдал нийгмийг муухай харагдуулж, улс төрийн хүчин, хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлж, хөгжлийг саатуулж байна. Нүдэнд ил харагдахгүй ч энэ зохисгүй үзэгдэл бидний хүчийг сулруулж, туйлдуулан доройтуулж байна. Аливаа зүйл байх ёстой савнаасаа халихаар гарз хохирол л учирдаг зүй тогтолтой. Хамгийн марзан нь улс төрөөс үүдэлтэй энэ үзэгдэл нийгмийн анхдагч үндэс- гэр бүлийг хүртэл хагаралдуулан бутаргаж, эцэг эх, ах дүү, хамаатан садныг зөрчилдүүлж буй нь бодит амьдралын үнэн дүр төрх мөн.
Нам, улс төрийн хүчнүүдийн хагарал гаднаас биш, дотроосоо, бүр бие биеэ сайн мэддэг дотнынх нь хүрээнээс уг сурвалж, учир шалтгаантай, монголчуудын тамын тогооны үлгэрээс үүдэлтэй байдаг нь нууц биш юм. Сөрөг хүчин сөргөлдөхийн тулд л биш, харилцан ойлголцож, хамтран ажиллах, бурууг зөв болгох үүрэгтэй. Нэг нам нь өөрсдийнхөө бодсоныг, мөрийн хөтөлбөрийн заалтаа хууль болгон ярс хийж гараа өргөн, бусдыгаа сонсохгүй бол парламентын ардчилал, соёлд огт нийцэхгүй.
Улс төрийн нам шаардлагатай үед хасар, басар гишүүдээ өрсөлдөгчийнхөө эсрэг босгоно, турхирна, талцлыг тодруулж, зөрчлийг хурцатгана. Гишүүд нь эзэндээ үнэнчээр зүтгэж, хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлэхийн төлөө үхэхээс буцахгүй үзэж нэгийгээ үзэж, нэхийгээ уралцана. Олон жил дасал болсон энэ талцал, хуваагдал, тэмцэл нь зүй ёсны юм шиг ердийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Эрхээ хамгаалж, тэмцэхээ ч мэдэхгүй, ажлаа орхиод яваад өгнө. Ард түмнийг нэг талаас айдсаар, нөгөө талаас хямралаар айлгадаг дүр зураг хэвээр байна.
Монголчуудын талцал, хуваагдал хэрээс хэтэрлээ. Үүнийг зохицуулах, хязгаарлах үүднээс улс төрийн ач холбогдлыг нь чухалчилж хамтарсан засгийн газрыг хэлбэрийн хувьд дэмжиж, удаа дараа байгуулсан ч олигтой үр дүнд хүрээгүй.
Нийгмийн зөвшил, ойлголцол Монголд түүхэн уламжлалтай, хамгийн хүнд хэцүү үеүдээ чухамхүү ийм мэргэн замаар даван туулсан туршлага бий. ХХ зуунд өрнөсөн гурван хувьсгалын үр дүнд байгуулагдсан Засгийн газрууд бүгд л эвлэрлийн, эвслийн шинжтэй байсан. 1911оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа байгуулагдсан Богдын Засгийн газарт лам нар, ноёдын бүлэглэл хамтрахаас аргагүй байсан, 1921 оны Ардын хувьсгалын ололтоор ноёдын, түшмэдийн, ардын гурван бүлэглэл нэгдэн эвслийн Засгийн газраа байгуулж Д.Бодоо толгойлж байв. 1990 онд Д.Бямбасүрэн нийгмийн зөвшилцлөөр асуудлыг шийдье хэмээн эвслийн Засгийн газар байгуулан ажилласан нь тухайн үедээ оновчтой болохоо харуулсан.
Нэгэн сургамж. 1911 оны ҮЭЧХ-ын үр дүнд монголчууд манжийн дарлалаас ангижраад тусгаар улсаа зарласан. Гэтэл энэ тусгаар тогтнол 1919 онд алдагдаж Дундад иргэн улсын харъяанд дахин орсон. Гол шалтгаан нь өнөөх л талцал, шарын ноёд, харын ноёдын өчүүхэн эрх ашгийн төлөөх зөрчлөөс үүдэлтэй байсан. Харын талынхан “Эдэнд ингэж дарлуулж байхаар хуучин янзаараа Дундад иргэн улстай нэг тогоон дотор байж байсан нь дээр” гэж үзсэнээс тусгаар тогтнолоо алдсан ашуун түүхтэй. Ар, Өмнөд монгол нэгдэж чадаагүй нь хоёр их хөршийн бодлогоос гадна монгол ноёдын дотоод зөрчлөөс үүдэлтэй байсныг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг.
Талцал хуваагдлыг хойш тавьж нийгмийн зөвшилцлөөр шийдэх /энэ бол үнэхээр гарц мөн/ хэд хэдэн том асуудал байна. Уул уурхайг ашиглах, хямрал хүндрэлийг давах,хуулийн орчноо боловсронгуй болгох, сонгуулиа шударга хийх, төр, засгаа төвхнүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх. Аливаа хямрал, бэрхшээл стандарт бус алхам, арга хэмжээ, стандарт бус аргыг шаарддаг. Хэвийн үед хэрэглэдэг тогтсон зарчим, уламжлалт хандлагыг жирийн бус үед ашиглах гэж үзэх нь үр дүн багатай, алдаанд хүргэж мэднэ.
Бидний мартаж болшгүй гашуун сургамж бол монголчууд өөр хоорондоо тэрсэлдсэнээс үүдсэн золгүй баримтууд юм.Өнгөрсөн он жилүүдэд УИХ нь Ерөнхийлөгчтэйгөө, Засгийн газар нь хотын даргатайгаа, шүүх засаглал нь ХЗЯ-тайгаа, Авлигатай тэмцэх газар нь прокурортойгоо, улс төрийн намууд нь бие биетэйгээ, дотоод фракцтайгаа үл ойлголцон тэмцэлдсэн тохиолдол цөөнгүй гарсан, баримт болон үлдсэн нь хүмүүсийн ой санамжаас мартагдаагүй байгаа.
Учир утгагүй талцал хуваагдал, зөрчил тэмцэл бидний хайран цагийг үрж, цөөхөн монголчуудын хүчийг улам тарамдаж, хөгжлийг саатуулж байна. Ийм нөхцөлд хөгжил дэвшлийн тухай ярих нь илүүц, үр дүнгүй хоосон мөрөөдөл болно. Танхимын зарчмаар ажиллах ёстой Засгийн газар, яамд нэгдсэн бодлоготой, багаар ажилладаг баймаар, гэтэл яамд хоорондоо, бүтцийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж харагддаг нь ойлгомжгүй.
Нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, иргэдийг тайвшруулж, амар амгаланг номлох үүрэг зориулалт бүхий шашин, лам хуврагууд хүртэл сөргөлдөн талцах болжээ. Өөр урсгал чиглэл төдийгүй, зонхилох бурхны шашны сүм хийдүүд өөр хоорондоо зэрэг зиндаагаараа өрсөлдөн талцах зохисгүй байдлыг, ёс ёстахуунгүй үйлдлийг хөндлөнгөөс ажиглахад эвгүй л санагддаг.
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн мэргэд, судлаачид би жинхэнэ нь, тэр хулхи, дүр эсгэсэн, хуурамч эрдэмтэн гэж хэмлэлдэх. Яасан их дуусашгүй талцал, үл ойлголцол вэ, яасан их бие биенийхээ мууг, сул талыг олж харж, өөрийгөө магтан, дөвийлгөнө вэ.
Олон нийтийн сүлжээгээр талцал хамгийн хүчтэй тархаж байна. Бие биенээ огт мэдэхгүй, танихгүй хүмүүс, далдаас, алсын зайнаас ямар ч хамаагүй сэдвээр, хөндөгдсөн асуудлаар хоорондоо алалцах нь юутай эмгэнэл. Энэ талцал нь бидний эв нэгдэлд, хүч чадалд, амжилт ололтод, үндэсний дархлаанд эрсдэл үзүүлж, аюул учруулж байна. Фейсбүүк хэрүүлийн нээлттэй талбар болов. Тэнд орж нервээ барж суудаг завтай хүн олон бололтой. Нийгэмд нэг асуудал сөхөгдөхөд тал бүрээс нь дайрдаг, хөөрөгддөг, хурцатгадаг хачин хандлага бий боллоо. Зөв бурууг нь мэдэхгүй, мэдээлэлгүй байж цэцэрхдэг мэргэн жараахай нар олширч, зарим нь бүр тухайн асуудлыг шийдвэрлэж, ял зэм эдлүүлэх хүртэл тэнэгтэх юм. Яасан ч их завтай, ямар ч санаа нь зовдоггүй юм.
Телевизээр гарсан нэвтрүүлгийг зүгээр ч нэг үзчихгүй, өөрийн өнцгөөс хандан, чулуу шидэж, талцаж хэрэлддэг болов. Ер нь телевизтэйгээ хэрэлдэж суудаг хүн олон болсныг нийгмийн сэтгэл зүй судлаачид анхааруулах боллоо. Энэ тухайд нийгэмд эвлэрэл, тайвшралыг хариуцагч Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “УИХ-ын гишүүн телевизээр гарсан чинь идэж уудагийг нь гайхаад л, нэг мисс хүүхэн гарсан чинь энгэр султайг нь гайхаад, хэний ч танихгүй нэг хүн телевизээр гарахад, ашгүй одоо дуугүй өнгөрөх байлгүй гэж бодтол дарвайсан шар юм чинь юу гээд байгаа юм” гэж хэлсэн хэмээн бидний монголчууд бие биеэ үзэж чадахаа байчихаад байгааг харамсан өгүүлж билээ.
Хийх ажилгүй хүн л хэрүүл өдөж, зорилгогүй хүн зовлон тоочдог хэмээдэг. Харамсалтай нь, манай нийгэмд хэсэг бүлэг мэргэшсэн хүн бий болж, нийгмийн сэтгэл зүйг зохиомлор үймүүлэн, олон түмний санаа бодлыг савлуулдаг, сөргөлдөх, хэрэлдэхээс өөрийг хийхээ больсон мэт ээ.
Хариуцсан ажлаа чимээгүй хийж явдаг хүн хэрүүл маргаанаас хол хөндий байдаг.
Ойлголцлын, эвлэрлийн, эв нэгдлийн үзэл санаа, зарчим дээр хамтран ажиллах нь чухал. Аливаад зохистой тэнцвэр хэрэгтэй. Савлахаар, туйлшрахаар бурууддаг, урууддаг. Бидэнд хангалттай сургамж бий.
Байр суурь, үзэл бодлын талцал нийгэм даяар хавтгайрсан гэж хэлж болно. Нээлттэй нийгэмд дэндүү чөлөөтэй болсныг бүгд мэдэрч байгаа. Зарим асуудлаар ойголтын зөрүүтэй байдал, нэг мөр болоогүй асуудал цөөнгүй байна: Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгой, Оюутолгой, С.Зоригийг алсан хэрэг, Оффшор данс, Олон улсын валютын сангийн зөвлөмж... гээд жирийн хүн ойлгож, учрыг нь олохын аргагүй эцэс төгсгөлгүй талцал. Хүн өөр үзэл бодол, өөрийн байр суурьтай байж болно, гэхдээ цаад санаа, өнгө аяс нь илэрхий талцсан, хуваагдсан байх нь утгагүй, үр нөлөөгүй.
Нийгэмд бий болсон зохисгүй байдал, хандлагыг олж харж, санаа нь зовохдоо “Монгол хүнээ дээдэлж, талцал хуваагдлыг таслан зогсоож, эе, эв нэгдмэл байх сэтгэлзүйн дархлаа... хүндрэлийг давах нэг гарц байна гэж “Одоо яах вэ?” өгүүлэлдээ уриалсан нэр хүндтэй академичийн санааг анхааралдаа авч, ач холбогдол өгөх цаг болжээ. Бие биеэ ойлгож, хүндэтгэж байж нийгмийн харилцаа эрүүл болдог, тогтвортой байдал хадгалагддаг, эв нэгдэл бэхэждэг.
Талцал хуваагдлыг таслан зогсоож, ойлголцол итгэлцлийн замаар урагшилцгаая, хагацал зөрчлийг даван туулж, эв нэгдэл, тогтвортой байдлын орчинд амьдарцгаая.