
Т.БААСАНСҮРЭН
Доктор, профессор
Ц.Шаравдоржийн “Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” хэмээх энэхүү номыг уншиж дуусгаад би эл сэдвээр урьд нь гарсан өөр нэг бүтээлийн өмнөх үгийг эрхгүй нэхэн санаж билээ. “Зохиомол хэрэг буюу Намбарын Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” гэдэг сонирхолтой, үнэмшилтэй ном 2012 онд уншигчдын гарт хүрсэн. Зохиогч нь Монгол Улсын гавьяат хуульч, хуульзүйн шинжлэх ухааны доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл. Тэрбээр өмгөөлөгч надад 49 хавтаст хэрэг, 12000 хуудас материал өглөө. найм хоногт багтааж унш гэж байна. Нэг өдөрт 1500 хуудас материал унших шаардлагатай болов. Хүмүүний хэрээс хэтэрсэн ажил. Гэвч яаж ийгээд уншиж танилцахаас өөр арга алга гэж номынхоо өмнөх үгэндээ бичсэн нь бий.
Аливаа материалыг маш анхааралтайгаар уншиж танилцъя гэвэл хүн өдөрт 150 хуудсаас илүүг уншиж чадахгүй. Их л бодож 200 хуудас. Бодит боломж нь энэ. Дээрх мөрүүдийг уншаад би өмгөөлөгч С.Нарангэрэлд ямар хүнд бэрх байсан бол гэж өөрийн эрхгүй өрөвдөж билээ. Тэр их материалыг Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж нэгбүрчлэн уншиж танилцжээ. Ойролцоогоор зургаан сар буюу хагас жилийн хугацааг зарцуулсан гэж байна. Нэгэнт үйл явдал болоод өнгөрчихсөн, зохиомол хэргийг Намбарын Энхбаярт тулгаж хүлээлгээд хилс хэрэгт шийтгэчихсэн болохоор Ц.Шаравдорж хуульчид С.Нарангэрэл шиг яарч сандарч, цаг хугацаанд хавчигдахын зовлон байсангүй. Анхааралтайгаар уншиж судалж ажиглалт шинжлэл хийсэн байна. Холбогдох бүх баримт материалыг уйгагүйгээр эрж хайж цуглуулжээ. Нүсэр хөдөлмөр!
Үр дүнд нь “Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” хэмээх сонирхолтой бөгөөд сургамжтай сэрэмжлүүлэг ном бүтэж буй болсон аж. Энэхүү шинэ ном уншигчдын гар дээр очиж байна. Номын зохиогч өөрөө хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан мэргэжлийн хуульч юм. Сүүлд Улсын Их Хуралд гишүүнээр дөрвөнтөө улиран сонгогдож, бас УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай улстөрч. “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” хэмээх чамбай бүтээлийн зохиогч. “Би өөрөө шүүгч байсан хүн. Шүүх хурал хийж эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэнэ гэдэг бол туйлын хариуцлагатай үйл ажиллагаа, уг хүний хувь заяаг ёстой л дэнсэлж тогтоодог үнэний шалгуур байдгийг бага боловч мэдэх юм. Хэргийн материал гэгчтэй нарийвчлан танилцаж, үнэн хэрэгтээ юу болсон юм гэдгийн учрыг олъё гэж бодогдов. Ингээд Н.Энхбаяр нарын гурван хүнд холбогдох 60 шахам хавтаст материалыг архиваас нэгбүрчлэн унших тусам “нэг л бишээ” гэсэн бодол төрсөөр, бүр сүүлдээ “манай хуулийнхан чинь бүр ингэхдээ тулж, “эрүүгийн хэрэг” гэгчийг зохиомлоор бий болгож, хүнийг хайр найргүй хэлмэгдүүлдэг, хилс хэрэгт тулгаж тасалдаг болоо юу” гэж тун гайхаж “харамссан” хэмээн Ц.Шаравдорж өөрийн ном бичих болсон учир шалтгаанаа тайлбарласан байна.
Энэ номыг уншиж сонирхсон уншигч танд ч тэгж бодогдох буй заа. Хуульч Ц.Шаравдорж асуудлыг тал бүрээс нь нухацтайгаар авч үзэж, хууль эрх зүйн гүн гүнзгий үндэслэлтэйгээр асуудлын мөн чанарыг нээн үзүүлсэн байна. Баялаг арвин баримт материал дээр тулгуурлажээ. Хуульзүйн шинжлэх ухааны үүднээс үнэмшилтэй, нотолгоотой гаргалгаа хийжээ. Зөвхөн мэргэжлийн хуульчид, хууль зүйн шинжлэх ухааны өндөр зэрэглэлийн эрдэмтэд л ийм задлан шинжлэл хийдэг юм байна гэдэгт итгэж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Монголын хууль хяналтын байгууллага-шүүх засаглалд шударга үнэнч, өргөсөн тангарагтаа үнэнч шүүгчид байсаар байгаа юм байна гэж баярлах сэтгэл төрсөн.
Хилс хэрэгт тулгагдаж улстөрийн захиалгаар хэлмэгдүүлсэн Намбарын Энхбаяр гэдэг хүн юунаас болж яагаад шийтгэгдсэнийг энэ номд машид дэлгэрэнгүйгээр, үнэмшилтэйгээр дэлгэн үзүүлжээ. Монголын төдийгүй дэлхийн цөөнгүй бусад улс орон, НҮБ-ын удирдлагыг хүртэл цочирдуулсан энэ хэрэг явдлын уг үндэс, учир шалтгаан нь юу юм бэ, захиалагч эзэд нь хэн хэн байсан бэ гэдэг нь энэ номноос толинд тусах адил тодоор томрон харагдаж байна. МАНАН-гийн олигархи бүлэглэлийнхэн өөрсдийн шунал хүслийг хэрэгжүүлэхийн тулд Монголын ард түмний амин эрх ашгийг өмөөрөн тэмцсэн Намбарын Энхбаярыг хэрхэн хамтын хүчээр нуга дарж хэлмэгдүүлснийг энд дэлгэрэнгүй өгүүлж байна. Тэр бүх үйлдэл нь Үндсэн хуулиас эхлээд Монголын хэд хэдэн хууль зөрчиж, хүний эрхийг уландаа гишгэчжээ. Энэ бүгдийгээ номын зохиогч Монголын холбогдох бүх хууль тогтоомжийн зүйл заалт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцийн заалтуудаар баталгаажуулж нотолсон аж. Номын гол үнэ цэнэ үүнд оршино.
Ардчилсан Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс улам бүр бүдгэрэн алга болж, дүр эсгэсэн ардчиллын далбаан дор хэтэвч түрийвчээрээ нэгдэж нийлсэн цөөн тооны олигархиуд, орчин цагийн оффшорчид засгийн эрхийг гартаа аваад хууль хяналтынхан, хүчний байгууллагынхныг хэрхэн яаж “бууны нохой” болгон ашиглаж, өрсөлдөгчөө замаасаа зайлуулж байгааг энэ номонд баримтаар илчилжээ. Тэдний аалзны тор шиг наймаалжин сүлжээ, зохион байгуулалттай арга ажиллагааны механизм, нарийн ширийнийг хамтад дэлгэн тавьсан байна. Энэ нь эрх чөлөөг дээдлэгч, ардчиллын үнэт зүйлсэд үнэнч уншигчдад эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.
Ардчиллын үеийн Монгол дахь хамгийн дуулиант хэрэгт зүй ёсоор орох энэхүү хэлмэгдүүлэлтийг Монголын нийгэм хэрхэн яаж харж, үнэлж байгааг номын зохиогч өөрийн бүтээлдээ орхилгүйгээр авч үзэж улстөр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, жирийн иргэд ямар үнэлэлт дүгнэлт өгснийг хамтад авч үзжээ. Өөрөөр хэлбэл уг хэлмэгдүүлэлтийн талаарх Монголын нийгмийн санаа бодлыг иж бүрэн цогцоор нь авч үзэж судалж номондоо тусгасан гэсэн үг юм. Энэ нь номын агуулга, үнэ цэнийг улам өндөрт өргөж байна.
ХХI зууны ардчилсан Монголд улстөрийн хэлмэгдүүлэлт бодитойгоор оршин тогтнож байгааг Ц.Шаравдорж хуульч Намбарын Энхбаяр нарын гурван хүнд хилсээр тулган хүлээлгэсэн дуулиант хэргийн жишээн дээр нотлоод үүний уг сурвалж, учир шалтгаан хаана нуугдаж байгааг үнэмшилтэйгээр дэлгэн үзүүлж, эцэст нь хэн ч маргахын аргагүй бодит дүгнэлтийг хийсэн байна. Ц.Шаравдоржийн бичсэн “Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” ном нь асуудалд шударга үнэнийг баримталсан хуульчийн нүдээр хандаж мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэнээрээ онцгойрон ялгарч байна. Эл бүтээлийг унших явцад аугаа мөрдөн байцаагч Шерлох Холмсын тэмдэглэл өөрийн эрхгүй санаанд бууж байв.
С.Нарангэрэлийн “Зохиомол хэрэг буюу Намбарын Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл”, Ц.Шаравдоржийн “Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” хэмээх бүтээлүүд ар араасаа ийнхүү цувран гарч хэвлэгдэн уншигчдын гар дээр хүрлээ. Эдгээр бүтээлийг Монголын шилдэг хуульчид туурвин бүтээжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд манай шүүх засаглалын шавар шалбааг, шороотой холилдож хутгалдан гутаагдсан нэр төрийг ямар нэг байдлаар өмгөөлөн хамгаалж, Монголд шударга хуульчид байгаа шүү гэдгийг сануулан Монголын нийгмийн ардчилалд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаагаараа давхар ач холбогдолтой юм. Энэ бол Монголын нийгмийн оюун санааны амьдралд тохиолдсон тэмдэглэлт чухал үйл явдал яах ч аргагүй мөн болно. Түүхэнд тохиолдсон гажуудлаас та бид гашуун сургамж авч, ахин давтагдахгүй нөхцөл байдлыг хангаж чадвал урагшлан хөгжиж чадна. Хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлж, өөрсдийгөө аварч хамгаалж чаддаг болно. Ц.Шаравдоржийн “Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” номонд чухамхүү энэ тухай өгүүлж түгшүүрийн харанга дэлдэн сэрэмжлүүлж байгаа юм.