
Харуусмаар эмзэглэмээр ер нь бол харуусж ч байна эмзэглэж ч байна. Бас хашгирмаар гэвч дуугүй байж чаддаг ард олныхоо адил дуугүйүүнд бас харуусна. Дуугүй байгаа ч хашгирч байгаа нь өнөөгийн нийгмийн өнгө төрх болоод захын гудамжны хүмүүсийн амьдралаас мэдрэгдэнэ. Алдарт зураач Эдвард Мункын “Хашгираан” гэж зураг байдаг тэр зураг энэ цагийг бас нэгэн удаа төлөөлөх шиг. Монгол улс өөрийгөө залуучуудын орон гэдэг. Гэхдээ хүн үргэлж залуугаараа байгаад байхуу? Залуу нас гэдэг юусан билээ нэг л мэдэхэд хижээл ахимаг насныхан болцгооно. Монгол улс хүн амын цонх үе дээр яваа гэж ярьдаг хэрнээ энэ цонх үеээ цонхлуулаад өнгөрөх гэж үү!
“Цонх үеийнхэн” амьдралынхаа төлөө цаашлаад улс орныхоо төлөө хийж бүтээж, инээж хөгжиж, үр хүүхэдтэй болж тэднийгээ энхрийлж эрхлүүлдэг нас. Гэвч ийм зүйл болсонгүй хоосон мөрөөдөл болон замхрах талруугаа явж байна. Хөөрхий залуус дал, ная, ерэн он хүртлэх хүн амын их төрөлтийн үеийн хүүхдүүд. Далаад оныхон ихэнх нь нэгээс хоёр хүүхэдтэй дөч гарч байгаа бол тэдний аав ээж дөрвөөс найман хүүхэдтэй байх нь түгээмэл. Наяаас ерээд оныхон нөхөн үржихүйн ид насандаа явна. Хүн л болсон хойно тэр тусмаа залуу хүн хүсч мөрөөдөж зорьдоггүй гэж үү. Тэр хүсэл мөрөөдөл зориг тэмүүллүүд хаана байна. хаа сайгүй байх ёстой харж болох бүхэн хоосон ор төдий оршихийг юу гэж хэлэх вэ? Нийгэм гээчийнхээ шуурга салхи, цагийн илд, үрэлдэх буланд өртөн залуу халуухан хүсэл мөрөөдөл, зориг зүрх, бий болох ёстой бүхэн салхинд хийсч хадуулсан нялх өвс шиг хиаран унаж оронд нь зэрлэг гундуухан өвс болцгоож цагийн салхинд зөвхөн өөрийгөө тогтоох гэж ядахтай адил болжээ.
Нийгэмд нүүрлэсээр буй салхи шуургыг хэн эзэгнэнэ вэ? Салхитай салхигүй цэцэг ургах нь өөрөөс нь шалтгаалдаг бол цэцэгс хээнцэр төрхөөрөө өндөр ургахсан гэтэл салхины хүч агаарын нөлөөнд гандаж онгон хатаж хийсдэг бусуу.
Залуус үүнээс ялгалгүй нийгмийн таатай хөрс суурь, агаар үгүйлэгдсээр. Энэ ороо бусгаа зэвэргэн салхитай цаг үе хэзээ дуусах вэ? гэж төр барилцсан том дарга нар, салхи шуурга бий болгогчдоос асуумаар. Тэд нүдгүй зөвхөн үлээдэг юм шиг л явж ирлээ. Эдийн засаг уул уурхай, их мөнгө, өр шир ярьж улс орныг төсөөлөхөөс хүмүүсийн амьдрал, зовлон бэрхшээл, залуус гэж хэн болох тэд ямар үүрэг эрхтэй талаар хэлж дуугарч хийдэгсэн билүү. Тийм сэрэл мэдрэмж төрийн томчуудад дутагдаж өнөө л нүдтэй ч харах чадваргүй болсон толгой л амаараа буруу зөрүү чалчилдан харлаган хэвээр бурсаар. Монгол төр нэг их зовлон зүдгүүр тээсэн өвчтөн шиг болчихсон мэт тэр өвчин нь гурванхан сая хүн ардаа яаядаа гэсэн шаналал ч юм шиг хүн ардаасаа ангид бол амар хялбар болох гээд байгаа ч юм шиг. Ард түмэнгүйгээр бие даасан улс, төр оршино гэж үү! Тэр тусмаа залуучуудгүйгээр хөгжиж цэцэглэнэ, хүн амын зохистой харьцаа үүснэ гэж үгүй үүнийг л ойлгохийг хүсэхгүй яваад байнуу гэлтэй.Уг нь цөөхүүлээ гуравхан саяуулаа ард түмэн шүү дээ энэ их газар дээрх болоод газар доорх баялагтай байдаг үүнд л энэ цагийн тартагтаа тулаад байгаа зовлон бэршээлийн ид шид нь оршоод байгаа юм. Дэндүү том ашиг сонирхолд хүн ам тэр тусмаа залуус дарагдаж дарлагдаад байгаа ч юм шиг. Уг нь улс орон маань нөөц бололцоогоо дайчлаад санаа тавиад, алсаа хараад залуусаа сайн дэмжээд тэдний боловсрол мэдлэг, ажлын байр, гэр бүл болох, төрсний дараах бэрхшээл зэргийг шийдээд өгвөл энэ залуус улс орны хөгжлийг, хүн амын тоог “үсрэнгүй” гэдэг шиг өсгөөд өгөх бодит чадвахи байгаа юмсан. Өөрсдийн бий болгосон амлалт, долоолгож байгаа мөсөн чихрийнхээ буруутнаар эргээд ард иргэдээ, түүний дотор залуусаа, хүүхдүүдээ болгож орхино үүнд хариуцлаггүй төр хариуцлага нэхдэггүй ард түмэн хоёрын зохицол байгаад байна уу ашиг нь дээгүүрээ тусаад хохирол нь доогуураа зовлон болоод байнуу гэж хэлмээр. Улс төрийн бодлого нь залуус хүүхдүүдээ гэр бүлээр бол хойд эхийн гараар харж энхрийлэх биш харин ч эгдүүцэх мэт зөнгөөр нь хаяж өөр өөрийн дураар явж таарсан хүмүүжил төлөвшилөө авцгаа надад падгүй гээд орхисон юм шиг. Унааны мориор бол эзэн нь сүрэгт нь тавьж таргалуулахгүй чөдөрлөн тушиж, унах ч биш үгүй ч биш, илэх ч биш ташуурдах ч биш янаглан хорлоод яахаа мэдэхгүй байгаа мэт. Азрагаар бол адуунаасаа даага шүдлэнгээ хасч хөөх адил юутай нийлээд хаана очоод турж үхнэ үү шаварт орно уу, ууланд гарна уу, хүний гарт эдлэгдэнэ үү хамаагүй гэх шиг.
Элдэв тэтэглэгт хөтөлбөр хэрэгжиж гадаад оронд боловсрол эзэмшихээр явж буй залуус ихэнх нь дарга цэрэг, танил тал, тал тохой татсан хүмүүсийн хүүхдүүд байгаа нь яалт ч үгүй үнэн. Явж байгаа хүүхдүүдийг буруутгах аргагүй ч нийгмийн тэгш хувиарлалт, шудрага зарчим, үлдэж байгаа залуусаа бодмоор. Амьжиргаа доогуур айл өрхт хичнээн зуун зөв бодолтой амьдралын төлөө гэсэн хүүхэд залуус байгаа тэднийгээ улс нь зориуд дэмжин тэр тэтэглэгт хөтөлбөртөө хамруулж суралцуулбал тэдгээр хүүхдүүд ар гэртэй тавьсан санаа зорьсон зорилго их тул сайн суралцаж ирээд улс орныхоо хөгжлийн төлөө төдийгүй ар гэрийн ахуй амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэх юм. Боломж бололцоотой, дарга даамлуудын хүүхдүүд сэтгэл цатгалан учир ар гэрээдээ, өөрийн улс оронруугаа яаралгүй тухайн улсдаа шингэж үлддэг нь бас л үнэн.
Тэртээ далаас ерээд оны хооронд төрж хүүхэд бага насандаа хүсэл мөрөөдлөөр халгиж цалгиж явсан одоо ид насныхан эхнээсээ харих талдаа орж нийгмийнхээ золиос болж хагдарч дуусах тавилантай юм гэж үү. Тэд золиос болж буйнхаа хувьд нийгмийнхээ ачааны хүндийг үүрч хэдэн хэсэг болон ялгарсан байна. Нэг хэсэг нь боломж нөхцөлд ойр байснаараа сэтгэл арай амар амьдарч ажиллаж байхад нэгээхэн хэсэг нь хоногийн хоолныхоо төлөө хоёр нарны хооронд юу эсийг хийж нүцгэн гараараа халуун төмөр барихтай адил болно. Тэд хувь хувьсгалын бүх салбарт шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг хүнд хүчрийг хийж амьдралаа авч явна. Үлдсэн хэсэг нь хатуу ширүүнд няцах, гэр орны өссөн орчин, хүмүүжил зуршил, боломж бололцоогүй байдалд шахагдсаар өнгөрсөн хорвоотойгоо эвлэрч архиар хань хийж амь зогооно. Ийм залуучууд гудамж бүрт арав хориороо явах нь энүүхэнд болжээ. Хот хороо, аймаг сум хэдэн гудамжтай билээ тэр бүгдэд төдий тооны хүн гэхлээр маш их ажиллах хүчээ ашиглахгүй амьдаар нь алсан хэрэг болоод буй. Эдгээр залуусыг ажиллах хүчин болгохын тулд эргэн төлөвшүүлэх тодорхой хугацаа шаардагдах болно. Үүнийг харах сэхээгүй харсан ч хараагүй юм шиг харлаган төртэй байх нь хөгшчүүл “заяа нь хаясан” гэж харааж байдагтай адил тэдгээр залуусаа тавилан заяа нь яачихсан хорвоо вэ? гэж хэлүүлээд эрт дээрийн цаг үед амьдарч байгаагаар орхих уу? Гэвч гурван бүлэгт хуваагдсан залуус нэг зүйлээрээ ижил тэд голдуу нэгээс хоёр хүүхэдтэй байна. Арай олон хүүхэдтэй нь амьжиргааны боломжтой хэсгүүд болон тавилан заяа нь яачихсан юм бэ гэх хэсэг юм. Тэд хоёр гурав түүнээс олон хүүхэдтэй байх нь цөөнгүй. Эндээс эмзэг бүлэгт хамаарх олон хүүхэдтэй залуу гэр бүлд анхаарал тавих нь чухал юм. Залуусын өмнө хүчин мөхөсдөх бэрхшээх зүйл их байна энэ бэрхшээл хожим хойно хэд дахин нэмэгдсэн нийгмийн дарамт, эдийн засгийн хувьд алдсан орон зайгаа нөхөх гэж зүдрэх цаг үе болж ирж ч магад. Энэ цагт залуусын дунд үүсч байгаа зовлон бэрхшээл тодруулбал хөрөнгө чинээ, өнгө үзэмж харах болоод олж буй мөнгөн орлогын дутмаг байдал, хэрэгцээ шаардлагаас үүдэн залуу гэр бүл таарч тохирох аашаа олохгүй салж саринан хүнд хэцүүг нь өөртөө авч үлдэх залуу ээжүүдийн тоо ч их болжээ. Ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүүхэдтэй болох нь тэдний хувьд чухал ч үр хүүхэдтэй болсноороо ажил хийх боломжгүй болж ямар ч орлогогүйгээр идэж уух өмсөж зүүхээ зохицуулна гэдэг хорвоо эргэхтэй адил зовлон болж хувирдаг. Эл байдлаасаа болж гуньж гутран зовлон шаналалд автан төрүүлсэн нь ч төрсөн нь ч таагүй орчинд дутагдах гачигдахын зовлонг эдлэх тул дахин хүүхэдтэй болох гэж бодохын хэрэггүй болно. Ахуй амьдрал дээр гайгүй зарим нь олон хүүхэдтэй байхаас төвөгшөөн, гоо сайхнаа алдах, чимээ шуугиан болох, цаг хугацаа алдах зэргийг тооцоолон нэгээс хоёр хүүхэдтэй болох хувийн шинжтэй төлөвлөлт хийнэ. Гэтэл цөөн хүн амтай уудам нутаг дэвсгэртэй монголд өсөж торинох ирээдүйн эзэд нь олон байх хүн ам ихтэй болох нь зайлшгүй чухал юм. Эндээс л төр юунд анхаарах ёстой атлаа анхаарахгүй байгаа нь мэдэгдэх байх. Хүнд хүн хэрэгтэй гэж ярьдаг. Ялангуяа цөөхүүлээ монголд хүн хэрэгтэйсэн. Хүн хэрэгтэйдээ монгол хүн хэрэгтэй! Хүнээр хүн хийх нь чухал гэж бас ярьдаг дутагдаж гачигдахын зовлонтой гэр бүлд өсч буй үр хойч яаж эрдэм мэдлэгтэй зөв хүн болох вэ? Өлөн зэлмүүн өсөх хүүхдийн сэтгэл санаа бусдад хандах хандлага ямар байх вэ? Ямар хүн болж төлөвших вэ?Тэд ирээдүйд хэн болох вэ гэдэг нь эмзэглүүштэй. Хүүхдийн мөнгө гэж төрөөс тараагдсаар гурил будаахнаа аргалсаар эсвэл томчууд нь эрх мэдлээрээ тамхи тариа уудаг иддэгээ аваад байхуу! Үүнээс өөр дорвитой шийдээ төр олохгүй байна уу эсвэл жинхэнэ монголоо гэх сэтгэл дутаад өөр зүйл олж харчихаад байна уу!
Улсын маань ерөнхийлөгч олуулаа болох хөтөлбөр гэж ирээд тунхагласан тэр нь дэлхийн энэ тэндээс зөв буруу сэтгэл санаа өвөрлөсөн монгол гэсэн баг зүүсэн нөхдүүд юм байх.
Уг нь одоо л энэ залуусаа, охид эмэгтэйчүүдээ, өсж буй хүүхэд багачуудаа анхаарах нь гэж горьдож хүлээж байлаа. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэрээр бүү яваасай! Болгоомж цөөхүүлээ монголд илүүдэхгүйг цаг тутамд санууштай.
Олуулаа болох санал санаачлага хөтөлбөр болоод хүн амын цонх үе хоёр давхцаж байгаа нь боломж бололцоо боловч асар том хана хэрэм эсвэл цоожтой хаалга мөргөөд нийлж чадахгүй байгаа адил хэрэгжихгүй өнгөрч байгаа нь ам ажлын зөрүүг харуулна. Сүржин нэртэй олуулаа болох санаачлага энэ олон залууст цонх үеийхэнд, өлөн зэлмүүн өсч буй эмзэг давхрагийн үр хойчид одоогийн залуусийн хэлдгээр ёнх гээд байндаа тусхгүй яагаад агаарт уусна вэ? Ядарсан задарснаасаа үл хамаараад залуучууд хань ижилтэй нь ч хань ижилгүй нь ч үр хүүхдээ төрүүлэхийг хүсдэг. Хүүхэд төрүүлээд нялх үрээ харж баясах байтал зэрэгцээд ажиллах боломжгүй болж орлого нь хумигдаж ургаж гарч байдаг элдэв хэрэгцээ мөнгө нэхэж баяр жаргал нь зовлон болж хувирах нь элбэг. Тэгвэл олуулаа болох тухай засаг төрийн томчуудын санал санаачлага нь яг юу юм бэ? Хийрхэл шоу төдий юм гэж үү? Хариуцлагатай хүмүүсийн хувьд санал санаачлага нь ажил хэрэг болж нийгэмд үр дүнгээ харуулж байх ёстойсон. Эсвэл ард нийт улс орны амьдралд хамаатай ийм асуудал нь нэр томъёо төдий сонгууль энэ тэрхний шоу болдог уламжлал болж тогтоод монголчууд нийтээрээ хошгироод өнгөрдөг зуршил болох уу?
Төр засагт хүүхэд залуус, хүн амдаа хандсан зөв бодлого, улс төрч бүрт зөв сэтгэл, ажил хэрэгч байдал маш ихэд дутагдаж харин элдэв үр өгөөж муутай материаллаг зүйлд өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулсаар ирэв. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг буруу талаар нь хөгжүүлж улс орны материаллаг зүйлд бүтээн байгуулалт хийх нэрээр өөрсдөө хөрөнгөжиж нөгөө талд хүүхэд залуус хохирч бахь байдгаараа үнсэнд хаясан шалз шиг үлдэж байгаа нь үнэн. Хийсэн юмны чанар нь ч жилээ даахгүй байх тал ч ажиглагдана.
Төрөлтийн тоо их байсан 70, 80-аас 90 он хүртлэх түүнээс хойш төрсөн одоо нөхөн үржихүйн насан дээрээ яваа залуус өнөө цагийн зовлон бэрхшээл, элдэв тулгамдсан асуудалд баригдан нэг хоёр хүүхэд төрүүлэн хүн амынхаа тоог дорвитой өсгөх бодит боломжоо алдаж ороо бусгаа нийгэм цаг үе, үүнийг бий болгосон бодлого зохицуулалтгүй улс төрийнхөө золиос болон хоцорч, гарз гэх юмуу нөхөж чадахгүй хохирол үүсэх шинжтэй болж байна. 1987 оноос хойш төрөлт анх удаа 2015 онд 80.000 гарч байгаа нь төрөлт нэмэгдэж байгааг харуулж байгаа ч залуус массаараа энэ тоонд хүргэж буй юм. Залуу гэр бүл ихэвчлэн нэгээс хоёр хүүхэдтэй байгаа нь энэ тоо үгүй ядахдаа 1,5 дахин өсч 120,000 ээж жилдээ төрөх боломж элбэгхэн байгааг илтгэнэ. Ийм тооны зөрүүг л гарз хохирол гэж хэлээд буй юм. Хүн амын идэвхтэй төрөлтийг дэмжвэл монгол улсын хүн ам төд удалгүй 5.000.000 сая хүрчих боломж бий энэ нь хүн амынхаа тоонд санаа тавьсан хувь хүний сэтгэл гэхээсээ бодит боломж байгааг анхаарах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл компани өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ яг хэрэгтэй цагт нь үйлдвэрлэн борлуулахгүй хоцорч байгаатай адил. Компани их ашиг олж болох үеээ алдахыг юу гэх вэ? Цөөн хүн амтай улс түүнийг засаглагчид маань компаниас дор бодлоготой явдаг юм биш биз үүнд юу дутаж юу илүүдсэн гэх вэ?
Хүн амын цонх үеээ ажиггүй энэ цагийн зовлон яриад өнгөрөөх нь эргээд хойч үеийхэндээ хүнд ачаа үүрүүлэх нөхцлийг бий болгоно. 20-30 жилийн дараа өнөөгийн залуу дунд насныхан тэтгэвэрийн насанд ирцгээж тэдний үр хүүхэд өнөөгийн айл бүрийн нэгээс хоёр хүүхэд ид залуучууд болцгоож ачааны хүндийг үүрч биднийг энэ ачааг даахаар олон болгоод өгөхгүйдээ гэж халаглах ч магад. Тэр цагт юу хэлэх вэ? өнөө л өмнөх нийгэм цаг үе, хүнд хэцүү байснаа ярих байх. Гол буруутан нь тухайн үеийн засаг төр байж таарна. Эдүүгээ цагт төр барилцаж ирсэн эрхэмүүд хөгшид өвгөд болж нүдээ бүлтэлзүүлэхээс өөрийг хийж чадахгүй суух вий.
90-ээд оноос хойшх нийгмийн олон талт харилцаа нь ард иргэд ч элдэв шинэ хүндрэл бэрхшээлийг дагуулж олон өөр арга замаар туулах болсон. Ингэж явахдаа онохын зэрэгцээ алдсан нь чамгүй их болсоныг гэрчлэх зүйл олон. Залуучууд амьжиргаа хөөн харь орноод дүрвэгсэд мэт гарсаар 20 гаран жилийн нүүр үзэж байна. Ийм замаар яваа гэр бүл салж сарнин хүүхэд багачууд хохирсоор, төрөлт ч энэ итгэлцэлгүй байдлаас болж эрс багассан байдаг. Бас нэг эмзэглэх зүйл нь охид бүсгүйчүүд олноороо амьжиргаа хувь амьдралаа бодон харь орны эрчүүдтэй зуучлалаар гэрлэн гадаад руу гарцгааж, гадны орны болон манайхны мөнгө харсан хүмүүсийн зохион байгуулалттай зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг газар ил далд олширч байсан нь саяхан. Охид бүсгүйчүүдээ харьд олноор алдах нь цөөн хүн амтай улсын хувьд жирийн болох ёстой зүйл биш. Энэ бүхнээс охид эмэгтэйчүүдээ дэмжсэн төрийн бодлого шийдвэр 90 оноос хойшх үе үеийн засаг төрд дутагдсаар ирснийг мэдэж болно. Үүний сөрөг үр дагавар эргээд хэдэн жилийн дараа их бага хэмжээгээр илрэх л болно. Цонхлоод өнгөрч буй цонх үеийхнээ ирээдүй хэтээ бодож “аврах” нэг хэрэг боловч засаж залруулахын тулд түүнийг тойрсон олон тулгамдсан асуудалд анхаарах шаардалгатай байна. Томоосоо жижиг хүртэл олон асуудлийг илрүүлэн оёг гажгийг нь засах дорвитой алхамууд шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх нь чухал болжээ. Төрийн тогтолцоо 4-н жилийн зайтай бодлого шийдвэр нь эрс өөрчлөгддөг энэ хугацаандаа хийсэн зүйл тааруухан аргацаасан амлалт төдийхнөө хэрэгжүүлсэн болоод өнгөрдөг гажуудлаа засах, төрийн бодлого тасралтгүй зөв үргэлжилж байх нөхцлийг бүрдүүлэх, Төрийн бодлого шийдвэр нь мэргэжлийн баг эрдэмтэдийн судалгаа шинжилгээ түүнтэй уялдах хүмүүсийн ахуй амьдрал, бодит орчин нөхцлийг харгалзан үзсэний үндсэн дээр алсын хараатай гарч зорьсон зорилгодоо хүрч байх үр дүнг нь шалгаж орхигдож хоцорсон юм байвал мэдрэмжтэй хандах. Төр засаг байшин, зам ярьдаг инженер шинжтэй байхаа болих түүнийгээ холбогдох байгууллагад нь хариуцуулах, хариуцлага тооцдог болох, харин хүн ам зүйн бодлого, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэх бодитой ажил эхлүүлэх хүн төвтэй менежер болох нь чухал байна.
Төрөөс залуусын дундах ажилгүйдлийг дорвитой бууруулах хувь хувьсгалын том жижиг үйлдвэрийн газруудыг нэмэгдүүлэх, амьдралын баталгааг сайжруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон байраар хангах гарц шийдлүүдийг олох, Уул уурхайн ашиг орлогоо ил тод болгож иргэдэд үр өгөөжийг нь хүртээх, Залуусын санал санаачлагыг сонсож дэмжих, Хүн амын төвөлрөлийг сааруулж хөдөө орон нутгийг хөгжүүлэх мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх нэгдсэн системтэй болох, Жирэмсэн болон төрсөн ээжүүдээ анхаарч цалинтай дүйцэхүйц тодорхой хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах, амьжиргааны баталгаажих түвшин доогуур айл өрхийн нялх балчир болон бага насны хүүхдүүдийн сурч боловсрох таатай нөхцөл бололцоог хангах, аль ч давхрагын ард иргэдийн үг дуу хоолойг сонсож тодрой ажлууддаа тусгах, хөдөө орон нутаг сум багт залуу гэр бүлийн дунд цус ойртох зүйл ажиглагдаж байгааг анхааран ухуулга ярилцлага хийх ухамсарт нь шингээх, сумдын харилцаа холбоог сайжруулах нь чухал юм. Эрүүл мэндийн хувьд сүүлийн үед ихсэж байгаа тархалт ихтэй өвчлөлүүдийг бууруулах, иргэдээ түүний дотор хүүхэд залуусын бэлгийн замын болон бусад өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх, дунд болон доод давхрагын хүмүүст мөнгө санхүүгийн хувьд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй гарах гарцыг бий болгох, хүн амын эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулах, үнэ ихтэй оношлогооны төхөөрөмжийг олон нийтэд хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн даатгалаар шийдэх гарцийг нээх. Боловсролын хувьд оюутан залуусын мэргэжил сонголтод ирээдүйн ажлын байрны хүртээмж зэргийг харгалзах, Оюутны гадаад дотоодын тэтэглэгт хөтөлбөрийг амьдралын түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд хамруулах, их дээд сургуулийн нийгмийн хариуцлага, үндэсний үзэл хандалгыг өндөржүүлэх, өрсөлдөх чадвартай бие хүнийг бэлдүүлэх. Бага дунд боловсролын асуудал хэр бодитой хэрэгжиж байгааг тэнд юу орхигдож байгааг сурагчид, эцэг эхчүүд, багш нарын оролцоотой илрүүлэх, элдэв нэр томьёо төдий төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн болж ам тосдодгийг болиулах. Зөв үзэл хандлагатай, мэдлэг чадварт төлөвшсөн залуу үеийг бий болгох. Соёлын хувьд нийгмийн стресс бухимдлыг арилгах соён гэгээрүүлэх, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, спорт тоглоомийг нийтэд дэлгэрүүлэх, уралдаан тэмцээнийг тогтмолжуулах, ардын өв соёл зан заншил, ёсоо дээдлэх үзлийг нийтэд суулгах, зан харилцаа ёс суртахууны зөв чиг баримжааг өгөх зэрэг олон салбарын олон ажлуудын хоорондын уяалдаа холбоог бодолцон бодлого шийдвэр, ажил хэрэг, байнгын үйл ажиллагаа болгох нь нэн чухал болжээ.
Эцэст нь монгол олуулаа болох хөг тасрах уу эсвэл эрчимжэн хөглөгдөх үү ЦОНХ ҮЕИЙХЭН ХААЧИХ ВЭ? гэдэг асуултыг МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ, УЛС ТӨРЧИД, ИРГЭН бүгдэд үлдээе!
Нийтлэл эрэгцүүллийг бичсэн:Багаагийн Бат-Эрдэнэ