Д.Дамдин-Од: Зөв шударга явах нь ижийгээ хайрлаж буйн илэрхийлэл   

2017-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

“Миний ээж” булан 12 дахь  жилдээ шинэ зочны хамт уншигч танаа мэндчилж байна. Энэ удаагийн зочноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Дамдин-Одыг  урьсан юм.

-Ижий аав, эх нутаг гэдэг ямар ч хүний амин сүнс, шүтээн байдаг. Амьдралын бичигдээгүй энэ хууль танд хэрхэн үйлчилж ирсэн бол?

-Хүн гэдэг амьтан угаасаа байгалийн нэг бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрж өссөн нутаг орон ямагт сэтгэл зүрхэнд ойрхон байдаг. Би Сүхбаатар аймгийн төвд, эмнэлэгт төрсөн хүн. Бага насандаа тоглож, наадаж,   өсөж өндийсөн газар  нутаг гэвэл Хонгор (хуучин сум байсан), Баяндэлгэр сумын төв, Онгон сумын хоёрдугаар багийн Шар бүрд, Халтарын худаг гэж болно. Хааяа нутаг орноороо явахад маш сайхан мэдрэмж төрж, сэтгэл сэргэдэг. Аав, ижий хоёр маань ч Сүхбаатар аймгийн уугуул хүмүүс, тодруулбал ээж Хонгорынх, аав Баяндэлгэрийнх. Тийм болохоор өөрийн чинь хэлдэгээр амин сүнс, шүтээн минь гэж шүтэж, нутгийн хайрханууддаа байнга залбирч явдаг даа. 

-Таны ээж аль нутгийн, хэний үр сад вэ.Ямар хүн байв?

-Миний ээжийг Балдангийн Сэр-Од гэдэг. Зургаан хүүхэнтэй айлын отгон охин. Балдан өвөөгөө бол би үзээгүй. Харин гөеө ээж Долгорсүрэн маань биднийг өсгөсөн, буянтай буурал байлаа. Гөеө ээжийн өвөг эцэг  Дарьгангын Жагаа ноён гэж алдартай хүн байсан гэж там тум сонссон. Миний ээж насаараа ардын хүүхдийг сурган хүмүүжүүлсэн ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. Мэргэжил нь тоо, физикийн багш. Ээжийнхээ тухай яривал хэдэн цаг ярьсан ч дуусахгүй тийм дурсамж байна,  тийм ээ. Ээж минь 1951 онд Багшийн сургууль төгсөөд Хонгор сумын бага сургуульд багшилж эхэлснээс хойш тасралтгүй гучаад жил багшилсан байдаг. Шавь нарынх нь үнэлгээ, дурсамж яриагаар нь бол миний ээж шавь нартаа яг л ээж шиг нь ханддаг байсан гэдэг. Ямар сайндаа л шавь нарынх нь дурсгасан баярын ил захидал гээд жижиг чимдаан дүүрэн юм байдаг байв. Хүүхдийг тэгэж их загнахгүй, их арга эвээр үздэг, учирладаг, хүүхэд шигээ л ханддаг байсан тухай шавь нар нь цуглахаараа хуучилдаг байсан. Тийм ч болохоор би ээжээрээ маш их бахархдаг байсан. Ээж минь зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн ачтан буурал байлаа. Ээж минь хөгжилтэй, наргиантай, хүнлэг сайхан сэтгэлтэй, их нийтэч, олонтойгоо хүн байсан даа.        

-Танайхан ээж, ааваас хэдүүл вэ?

-Бид ээжээсээ зулай зулайгаа гишгэж төрсөн зургаан хүүхэд байна. Ах Одсүрэн, эгч Сугарсүрэн, тэгээд би, дүү Одонсүрэн, Сумьяабаяр, Сумьяахүү нар. Би ээжээрээ үнэхээр бахархан, энэ олон хүүхдийг тээж төрүүлсэн тэр их тэвчээр, хатуужил, нандин сэтгэлийг гайхамшигтай үйлс гэж байнга сэтгэл зүрхэндээ тээж явдаг. Бүх хүмүүс тэгж боддог гэдэгт итгэдэг. 

-Энэ олон хүүхдийг өсгөж, хүмүүжүүлсэн танай  ижийн амьдралын ухаан чухам  юу бол?

-Мянга мянган ээжүүдийн л адил үр хүүхдээ эрүүл чийрэг, өв тэгш сайн хүн болгохын төлөө бүхнээ зориулсан нь ээжийн минь амьдралынх нь утга учир байсан гэж боддог. Хүүхдүүдээ зөв сайн хүн болгож төлөвшүүлээд үргэлж санаа тавьж дэмждэг байсан. Хүүхдүүдтэйгээ ямагт хамт байж, ярьж зөвлөхөөс гадна биеэрээ үлгэрлэж хүмүүжүүлсэн.    

 

ЭЭЖИЙН МИНЬ ХЭЛСЭН ҮГ БҮХЭН БОДОГДОЖ БАЙДАГ

 

-Өнөр бүлийн өрхийн тэргүүн, танай аав ханьдаа хэр халамжтай хүн бэ?         

-Маш их. Би ааваараа маш их бахархдаг. Аав маань айлын ганц хүү. Миний өвөө Мэндийн Сангашир зургаан ахтай байсан гэдэг. Тэд нар нь бүгд лам болж, хүрээ хийдэд шавилан суудаг. Бүгд гэлэн сахилдаа үнэнч байсан болохоор Мэнд өвөөгийн үр удам тасрах аюул нүүрлэсэн гэсэн үг. Харин өвөө маань отгон хүүгийн хувьд голомтоо сахиж үлдсэн, эхнэр авч ганц хүүтэй болсон нь миний аав. Тэгээд аав маань миний ээжийг аавынхаа үр удмыг тасрахаас аварсан ачтан хэмээн дээдлэн хүндэтгэдэг талаар дурсамж номондоо бичсэн байдаг. Аав, ээж хоёр маань нас чацуу, 50-иад жил хамт амьдрахдаа үр хүүхэд , ах дүүстээ маш их нэр хүндтэй, тусархаг үлгэр жишээ хосууд байсанд би их бахархдаг юм.    

-Та дүү нараа өсгөх, ээж, аавдаа тус дэм болоход хэр үүрэгтэй хүү  байв?

-Би айлын гурав дахь буюу дунд хүү байгаа юм. Би гэр бүлийнхээ бүх гишүүнд маш их хайртай хүүхэд байсан. Ямар сайндаа хүүхэд байхдаа хэн нэг нь оройтоод алга болчихвол айгаад л, санаа зовоод суучихдаг, ороод ирэхээр нь маш их баярладаг тийм л хүүхэд байсан. Би аравдугаар ангиа төгсөөд хойшоо сургуульд явтлаа өглөө бүр эртлэн босч аав ээжийнхээ цайг чанаж өгдөг байв. Ээж минь намайг хамгийн их санаачилгатай хүү гэж байнга урамшуулдаг байж билээ. Тэгэхээр ээж аавдаа овоо л тус болж байсан юм байлгүй дээ.       

- Хүн болгон ижийгээ баярлуулах гэж хичээдэг. Таны хувьд ээжийгээ хамгийн их баярлуулсан мөч хэзээ вэ?

-Их уянгын халилтай дүрсэлбэл ээждээ хүү нь болж төрсөн мөч хамгийн их  баяр байсан байх. Тэгэж боддог болохоор төрсөн өдрөөрөө аав ээж дээрээ очиж хүүтэй болсонд чинь баяр хүргэе гээд цэцэг, бэлэг авч өгдөг. Ээж аавыгаа цаг ямагт л баярлуулж байхсан гэж хүсдэг. Жижиг зүйлд ч ач холбогдол өгч үйлдэж байхад тэд маань баярлаж байдаг. Би ээж аавыгаа анхны бэртэй нь учруулж, анх аавынхаа голомтоос айл болж, өрх тусгаарлаж, анхны ач хүүг нь тэврүүлсэн зэрэг олон дурсамжтай мөч бий.  

-Ээжийн тань хэлэх дуртай үг юу вэ. Та нарт юуг чухалчилж захидаг байв?

-Ээж маань бидэнд шударга бай л гэж их захьдаг байсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг ээж минь их хэлэх дуртай байсан. Би одоо гучаад жил төрийн албанд зүтгэж байна. Ээжийнхээ үг сургаалийг л мөрдлөг болгож байсан болхоор амжилт, бүтээл арвинтай, алдар хүндтэй яваа гэж боддог. 

-Ээждээ зэмлүүлэх үе байв уу?

-Байлгүй яахав. Ээжийн минь зэмлэл бүхэн, эхийн  хайрыг мэдрүүлдэг байсан. Би бага сургуульд байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байв. Тэрэн дээрээ ингэж боддогоо бичсэн байсан юм  билээ. Сүүлд ээж минь тэрийг олж уншчихаад нулимс унагаж байж билээ. Зэмлэл бол ямагт ухаарал хайрладаг.    

-Одоо ээжийн тань сургаалиас танд байнга бодогдож байдаг ямар зүйл байна?

-Ээж минь 78 насандаа бурхан болсон л доо. Гэсэн ч би ээжийнхээ захиас, сургаалийг байнга бодож явдаг болохоор одоо ч тэнгэрээс сургасаар байгаа гэж боддог.

-Багын тоглоом, үеийн найзуудынхаа тухай дурсаач?

-Хөдөө бага байхдаа шилбүүр унаад л гүйж явсан. Дараа нь хотод ирээд хотын хүүхдүүдийг дуурайгаад төмөр цагираг түрж гүйнэ, тэвэг өшиглөнө. Тэвэг их өшиглөвөл бөөргүй болно гээд аав ээж их үглэнэ. Хэн нь олон угсардагаа үзэх гээд үсэрч өгнө шүү дээ. Харин гэртээ шагай их тоглодог байсан. Шагай нясалж тоглох хүнийг их нямбай, хариуцлагатай, шударга болоход нөлөөлдөг гээд их хүмүүжлийн ач холбогдолтой гэж боддог. Одоо ач зээ нартайгаа шагайгаар наадахыг чухалчилдаг. Шагайгаар морь уралдуулна, шүүрнэ, таалцана. Би ер нь багаасаа их нийтэч л дээ. Маш олон найзтай. Үеийн найз олон боловч үнэнч найз ховор гэдэг. Би тэр ховор найзынх нэг байхыг л хүсдэг. Найзуудаа  дурсана гэвэл  цаг зав их хэрэгтэй болно.  Одоо ч би арван жилийн найзуудаа нэгтгэж уулзуулж байхыг хичээж явдаг.

  

ЭЭЖ МИНЬ ХҮНИЙГ ЯЛГАЖ НӨХӨРЛӨХИЙГ ХЭЗЭЭ Ч ЗӨВЛӨДӨГГҮЙ, “ЧИ ХҮНИЙ САЙН НӨХӨР БАЙХ ЁСТОЙ”  ГЭДЭГ СЭН...

 

-Найз нөхдийн тухайд ээж тань юу хэлж захиж байв?

-Ээж маань хүнийг ялгаж нөхөрлөхийг хэзээ ч зөвлөдөггүй байсан. Харин чи хүний сайн нөхөр байх ёстой л гэж сургадаг байсан.  Энэ сургаалийг нь би алтан сургааль гэж одоо ч бодож, хичээж явдаг.

-Одоо та бүхэн ээжийн сургаалиас, аавын захиасаас юуг нь амьдралдаа мөрдлөг болгож, баримталж байна?

-Ээжийн маань захиж хэлж байсан үг бүхэн цаг ямагт бодогдож явдаг. Жишээ нь өглөө болгон цайгаа ууж байхад, гөеө ээжийн маань захидаг байсан, дараа нь ээж минь хэлдэг байсан “...цайгаа сууж байгаад ууж бай..” гэдэг үг сургааль чихэнд сонсогддог. Эс тэгвэл ажил үйлс чинь бүтэхгүй гэдэг. Тухайлбал “Олонтойгоо байгаарай”, “Хүнд байнга тус болж яваарай”, “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”  гэх зэрэг бүхий л сургааль нь амьдралд мөрдөгдөж байдаг. 

-Ээж, ааваасаа  өвлөж, одоо үр хүүхэддээ захиж, сургаж байгаа зарчим юу байна?

-Үнэнч шударга байх зарчим л байна.

-Эмэгтэй хүн өөрөө ээж болохдоо  ижийгээ илүү ойлголоо гэлцдэг. Эрчүүд харин яаж ухаарч, дотоод  сэтгэлдээ хэрхэн сэрж мэдэрч байдаг  юм бол?

-Эрчүүд аавыгаа яг дууриадаг гэж боддог. Би л хувьдаа ааваасаа маш их зүйлийг мэдэрдэг. Аав биднийг харцаараа л хүмүүжүүлдэг, удирддаг. Олон таван юм ярихгүй. Миний аав бидэнд гар хүрч үзээгүй шүү. Их л уурласан байхдаа аймаар шогшроод л, ганц хоёр хатуу үг хэлнэ. Жишээ нь ....Хн үхсэн хойноо... гэж хэлээд л, муухай хараад л таг. Тэгэхээр нь л би бодож гарна шүү дээ. Их үглээ хүмүүс чинь үглээд, хүнд бодох зав өгдөггүй байхгүй юу.  

-Ижийгээ хайрлаж яваарай гэж хүн болгон үр ачдаа захиж, сануулдаг. Ачийг нь хариулах гэж хүн төрөлхтөн янз бүрээр бодож сэтгэж ирсэн. Хүмүүст хандаж хэлмээр санагддаг үгээ хуваалцаач?

-Ижийгээ хайрлахыг мэддэггүй хүн гэж юу байхав дээ. Харин яаж хайрлах вэ гэдэг хүн бүрийн мөрөөдөл байх. Хүмүүст хандаж хэлэх миний үг гэвэл “Эх хүн болгон үрдээ бурхан нь шүү л” гэж хэлнэ дээ. Тэгээд та өөрөө зөв шударга, сайн сайхан явбал ээжийгээ хайрлаж байгаагийн маш том илэрхийлэл гэсэн үг. Ээж чинь чамайг хараад байнга баярлаж байгаа гэдэгт итгэ.   

-Эхийн ачийг хариулж бардаггүй гэлцдэг. Ачийг нь хариулж барахгүй ч хайрлаж, жаргааж чаддаг болов уу?

-Шүүдрийн мөнгөн хярууг цуглуулж цай чанаж өгөөд ч ээжийнхээ нойроо хугаслан байж ангир шар уургаа шимүүлсэн тэр ачийг хариулж чадахгүй гэсэн гүн ухаан байдаг. Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн,  Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэнгийн “...Судас нь лугшиж халуу дүүгсэн бурханы өвөр дээр тоглодог байсан, Сүнс зайлам харанхуйн дунд би Сүү нөмөрч унтдаг байсан, Ижийтэйгээ байхад би баян байсан...” гэдэг агуу шүлгийг сонсоогүй хүн байхгүй байх. Би энэ шүлгийг маань мэгзэм шиг дотроо уншиж явдаг. Би ээжийнхээ ачийг бүрэн хариулж бараагүй ч чадлаараа жаргаахыг хичээж амьдарсаан. “Ээж нь зургаан хүүхдээ хараад жаргаж суунаа” гэдэг үгийг ээжийн амнаас цөөнгүй удаа сонсож байсан шүү.      

-Эмэгтэй хүнийг, тэр дотроо ээжийгээ хэрхэн хүндэлж, хайрладгаар нь хүнийг таньж болно гэсэн мэргэдийн үг бий. Манай нийгэмд эмэгтэйчүүдийг үзэх үзэл, хандлага ямар байна гэж  та үздэг вэ? 

-Манай нийгэмд эмэгтэйчүүдийг үзэх үзэл, хандлага эерэг талдаа давуу байдаг. Эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэх, хамгаалах чиглэлээр гарсан Олон улсын гэрээ конвенцэд манай улс нэгдэн орсон байдаг. Эмэгтэй хүнийг хүндэтгэн хайрлах, хамгаалах монгол уламжлалт ёс заншил мардагдаж, гээгдчихээгүй байгаа гэж боддог.  Энэ тал дээр Монгол Улс дэлхийд дээгүүр ордог гэж сонссон. Түүх шастир, ном зохиолоос ажиглахад эмэгтэй  хүний байгалиас заяагдсан  нөхөн үржихүйн мөн чанараараа ч хүн төрөлхний хөгжлийн түүхэнд чухал фактор болдог. Тиймдээ ч эхийн эрхэт ёс одоо ч утга чанараа алдаагүй гэж үздэг.   

-Өнөөдөр  эмэгтэйчүүдийн нуруун дээр амьдралын ихэнх ачаа явж байна. Өрх толгойлсон эмэгтэй олон боллоо. Сайн яваа бүсгүйчүүд олон ч, амьдралд алдаж, бүдэрч  яваа нь  ч цөөнгүй. Эрчүүдэд бас эмэгтэйчүүдэд  хандаж хэдэн сайхан үг хэлээч гэвэл та юу хэлэх бол?

-Уучлаарай, өнөөдөр эмэгтэйчүүдийн нуруун дээр амьдралын ихэнх ачаа явж байна гэдэг нь харьцангуй ойлголт байх аа. Харин өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо олон байгаа нь үнэн. Амьдрал өөрөө баян болохоор янз бүрийн шалтгаан байдаг л биз. Эх хүний гэгээн сайхан сэтгэлээр үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө ганц биеийн жаргалыг умартан хөдөлмөрлөж байгаа, цаг бусаар хань ижлээ алдсан ч, ариун нандин хайрын жаргалаар сэтгэлийн хүчийг олж өрх гэрээ авч яваа хүчтэй эмэгтэйчүүддээ бид урам хайрлаж явах ёстой. Эх орондоо  хүнлэг энэрэнгүй, ардчилсан сайхан нийгэмд байгуулж байгаа монгол хүн бүхэн асуудалд гэгээлгээр хандаж явахыг л зөвлөх байна даа.        

Эцэст нь нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн, хүч чадал, мэдлэг боловсрол, эрх мэдэл, авьяас чадвар, хичээл зүтгэлийнхээ үр шимээр ертөмцийг аварч байдаг эмэгтэйчүүдийн, ээжүүдийн алдар үеийн үед цацран бадартугай гэж ерөөе. Урьж оролцуулсан танд гялайлаа, санасан хүссэн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.

-Бидний урилгыг хүлээж авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: polit.mn

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

10 цаг 9 мин
Б.Батцэцэг: “The times” сайтад үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

10 цаг 12 мин
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

10 цаг 20 мин
Д.Туяа: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулах

11 цаг 25 мин
Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

13 цаг 31 мин
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ сан

13 цаг 56 мин
Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

14 цаг 19 мин
Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ.

20 цаг 16 мин
Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтц

20 цаг 16 мин
Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм. Энд улс төр хөл толгойгоо алдаж,

20 цаг 16 мин