
Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн малчин Г.Сандаг-Очиртой ярилцлаа. Тэрээр энэ жил улсын аварга малчин болсон юм. Улс, нийгэмдээ 50 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн тэрээр өөрт оногдсон бүхнээ давуулан биелүүлдэг байжээ. Мал маллавал хорогдолгүй, тууварт явбал амьдын жинг дандаа давуулан биелүүлдэг тэрээр хөдөлмөрийн үр шимээ төр засагтаа үнэлүүлэн үр удмынхаа бахархал, үлгэр дууриал болж улаан халзтай гэрийнхээ хойморт налайж сууна.
-Энэ жил танай нутгаар өвөлжилт хэр байна вэ. Мал өнтэй оров уу?
-Манай нутагт өнтэй сайхан өвөлжлөө. Мал намраараа, тарган сайхан байна.
-Та хэдэн жил мал маллаж байгаа вэ?
-Би 1966 оноос эхлээд мал малласан.Бага сургуулиасаа буюу дөрөвдүгээр ангиасаа гараад мал дагаж байлаа. Нэг л мэдэхэд тасралтгүй 50 жил мал маллачихсан байна. Энэ хугацаанд мал туусан, нэг настай мал, эм хонь, үхэр, адуугаа малласан.Үүнийхээ хажуугаар ан гөрөө хийдэг байлаа. Сум, аймгийн аварга анчин болж байв. Сүүлийн жилүүдэд мал муутай малчдыг малжуулсан. Үүнийхээ үр шимийг хүртэж л байна. Төр засаг минь үүнийг үнэлж, улсын аварга малчин болгосонд баяртай байна.Би 10 гаруй жил тууварт явахдаа 100 гаруй тонн мах улс нийгэмдээ тушаасан. Аймгийн аварга тууварчин болж байлаа. 1985 онд улсын аварга тууварчдын зөвлөгөөнд оролцож, тэр өвөл намайг ЗХУ-ын Киев, Ленинград, Москва хотоор жуулчлуулж байлаа. Энэ мэтийн сонин сайхан амьдралыг үзэж л явсан хүн.
-Малынхаа тоо толгойг хэдэн мянгад хүргэв?
-Би 2004 оноос эхэлж “Мянгат малчин” болсон. Одоогоор бодод шилжүүлбэл 2000 гаруй толгой малтай. Гэхдээ одоо малыг тооноос илүү чанаржуулах цаг нь болсон. Бэлчээрийн даац ч хүрэлцэхээ байлаа. Манай хангай газар чинь бүр бэлчээр муутай шүү дээ. Тиймээс би тоо биш чанарын хойноос хөөцөлддөг. Эцэг малаа дандаа холоос авдаг юм. Ухнаа Говь-Алтайн Буурлаас, хуцаа Төв аймгийн Баянцагаан, азаргаа Дорнодын Матадаас авдаг. Ингэж холоос авснаар манай мал чанаржсан гэж боддог доо.
-Та аав ээжээс хэдүүлээ вэ. Танай нутгийнхан “Манай ах дүү хоёр аварга” гэж ярьдаг юм билээ?
-Бид аав ээжээс 12-уулаа. Хайрт аав ээжийнхээ ач буян, ариун цагаан сэтгэлээр нь бидний үйлс дэлгэрч яваа гэж боддог. Манай эгч Юмчмааг авсан хүргэн ах эхэлж улсын аварга малчин болж байлаа. Одоо ч бурхандаа явсан даа, хөөрхий. Бандий ах надад мал маллах эрдэм ухаан заасан анхны багш минь байлаа шүү дээ. Дараа нь манай сумын хошой аварга Цогт-Очир, Цэрэндорж гуайн шавь болсон юм, би. Тэднийхээ заасан эрдэм ухааныг өвөлсөн учраас л өнөөдөр энэ сайхан цолыг хүртэж, гавьяа шагналд хүрч байна шүү дээ. Надаас түрүүлээд төрсөн дүү Г.Туваандамбий маань хөдөлмөр зүтгэлээрээ улсын аварга малчин болсон. Тэгээд энэ жил би “Улсын аварга малчин” болж байна даа. Өнгөрсөн жил манай хүү С.Баянмөнх аймгийн аварга малчин болсон.
-Нэгдэл нийгмийг хувьчлах үеэр таныг баадан дүүрэн баярын бичигтэй хүн гарч байсан гэж ярьдаг юм билээ. Ер нь хэдэн толгой мал хувьчилж авч байв?
-Тэр үед манай суманд 16-аас дээш насны хүмүүст мал хувьчилсан юм. Гэрийн хүн бид хоёрт 70 орчим толгой мал өгсөн. Тэр маань үржиж өдий зэрэгтэй боллоо. Тэр олноосоо зарж үрж байж л үр хүүхдүүддээ байр сууц авч өгсөн. Амьтан, ах дүүсдээ ч тус дэм болж, хандив тусламж ч өгч байгаа.
-Ер нь тантай адил түвшинд ажил, амьдралаа залгуулж эхэлсэн хүмүүс зарим нь хот хүрээ бараадахаас өөр аргагүй болсон нь ч бий. Залуу гэлтгүй өнөөдөр алдар суугаа дуудуулж яваа мундаг малчин ч байна. Ер нь та шинэ малчдад ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Малдаа хайртай бай. Үнэнчээр хөдөлмөрлө. Урт хугацааны бэлчээрт явуулж бай гэдэг зөвлөгөөг өгдөг дөө.
-Ажиглаад байхад мундаг, сайн малчин болоход нас хамаагүй байх шиг байгаа юм. Үүнд тухайн хүний овсгоо самбай, ажлын дөр нөлөөлж байна уу. Нууц нь яг юу вэ?
-Малаа сайн маллаж, уйгагүй хөдөлмөрлө. Улсын аварга малчин гэдэг чинь их өндөр босготой байдаг. Би чинь ойрын тав, зургаан жил тодорхойлуулж байж, энэ жил эрхэм хүндтэй энэ шагналыг авсан. Үнэн сайхан зүтгэж байж л энэ шагналыг авдаг юм байна.
-Та туслах малчинтай юу. Эсвэл ах дүү нарынхаа дэм тусаар болгочихож байна уу?
-Туслах малчинтай. Би ах дүүгээ ч, харь элгийн хүмүүсийг ч малжуулж, туслах малчин хийлгэсэн. Тав, зургаан хүнийг ийм аргаар малтай болгосон юм.Надад сайн малчид таардаг. Тийм болохоор л өнөөдөр улсын аварга малчин болж байгаа шүү дээ. Одоо ажиллаж байгаа Энхтүвшин маань ч их сайн малчин.
-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ?
-Би зургаан хүүхэдтэй. Тэднээс хоёр нь малчин болсон. Хотод Төрийн банкинд хоёр хүүхэд, III эмнэлэгт нэг нь техникчээр ажиллаж байна.
-Мал маллахаас гадна сүү, цагаан идээгээ борлуулах, ер нь янз бүрийн туслах аж ахуйн чанартай ажлыг их амжуулна биз, танайх?
-Хийлгүй яахав. Манай гэрийн хүн сүү, цагаан идээгээ борлуулчихна. Би бол малынхаа арьс ширийг боловрсуулж, сур, нэхий элдэнэ. Таван хошуу малынхаа ашиг шимийг бүгдийг нь ашиглаж хүртэнэ шүү дээ. Хонины нэхий үнэгүй болчихсон байсан. Үүнийг нь би ашиглаад арьсаа элдэж, сайхан үстэй дээлнүүдтэй болсон доо.
-Малын түүхий эд, мал мах үнэгүй байна гэдгээр шалтаглаад зарим малчин улам үнэгүйдүүлдэг болчихсон шүү дээ. Ноолуураас бусдыг нь бараг ашиглахгүй байгаа учраас уламжлагдаж ирсэн аж ахуйн ажлууд нэлээд мартагдаж гээгдэж байх шиг байна?
-Дандаа бэлэнчлээд байхаар мартагдах тийшээ хандаж байгаа юм. Малынхаа бүтээгдэхүүнийг бүрэн сайхан ашиглаж, өрх бүлээрээ үйлдвэрлэгч байхын төлөө чармаймаар байна. Би хувьдаа энэ санаалчлагыг дэмжиж, үлгэрлэхийг хичээж байгаа.
-Энэ жил хэчнээн төл хүлээж авахаар байна вэ?
-Өнөө жил 800 орчим төл хүлээж авна. Хаврынхаа ажлуудыг бараг л хийчихсэн дээ. Хувийн бэлтгэлийг маш сайн базаасан. Гурван сар гараад л манай мал төллөж эхэлнэ. Тэр үед ийм сайхан тарган орсон мал түвэггүй дээ. Манайх хөрвөөр бойжуулаад л болчихдог юм.
-За танд баярлалаа. Ирэх жил улсын хошой аварга болоорой!
-Би ч одоо аварга болоод болчих юм байх гэж бодож байлаа. Гэтэл энэ сайхан шагнал бас хошойтой юм байна. Тиймээс тэр ерөөл бат оршиг. Ариун цагаан хөдөлмөрийнхөө буян хишгийг яаж зүгээр орхих вэ. Өнөөдрийн хувьд хошой ч болчихмоор улам сайхан урам орж байна шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин