Хаачихаа үл мэдэх, хальтрахад амархан 18 нас

2017-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.БАТ-УЯНГА

-Чигээрээ, доошоо яваарай...

-Тэр хүүхдүүдийн голоор уу? -Тийм ээ.

Хуучны хийгээд хөнгөн аясын хэмнэлд  шатны хоёр талаар инээд алдаж, дуу нь чангарсан хүүхдүүд эгнэн зогсчээ. “Сайн байна уу? Тавтай морил” гэж хэд дэх удаагаа ч хэлж байгаа юм, бүү мэд. Тэд энэ л дулаан үгээ цовоо цолгиун хэлээд, алгаа нижигнэтэл ташин, ирсэн зочдыг угтан авч байна. Шагнал авч байгаа ч билүү, “Баярлалаа, ямар гоё юм бэ?” гэх үл мэдэг ичингүйрсэн хүмүүс ёслолын зааланд орж ирлээ.

Энэ бол анх 1974 онд Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58-ртусгай цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 1979 оноос асрах байртай болсноор суурин байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн, Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн төгсөгчдийн уулзалтын дүр зураг.

Тус төвийг одоогоор 552 хүн төгсчээ. Өөрөөр хэлбэл 18 нас хүрсэн учраас “Өнөр бүл”-ийн харъяаллаас гарсан хүмүүсийн тоо. Уг нь Их сургуульд орж, сонирхсон чиглэлээрээ суралцаж, амьдралынхаа гарааг  эхэлдэг маш чухал үе. Гагцхүү ийм л үед анхаарал халамж,түшиг тулгуур хэрэгтэй. Гэтэл энэ хүүхдүүдэд тулж түших аав, ээж, ах дүү, хамаатан садан гэж байхгүй. Явах ёстой болохоор чемоданаа барин, хаашаа ч юм бэ тарж одно. Тэдний хаана, яаж амьдарч байгаа талаар хийсэн судалгаа ч гэж хомс. Саяхныг хүртэл 70 орчим төгсөгчдийн ахархан мэдээлэлтэй байж. Засаг солигдохоор удирдлага солигддог, удирдлага солигдохоор өмнөх ажил “будаа болдог”  уялдаа холбоогүйн ул мөр энд ч бас харагдана. Харин саяхнаас тус төвийнхөн судалгаагаа үргэлжлүүлж эхэлжээ.

552 төгсөгчдөөс мэдэгдэж байгаагаар 40 хүн нас барсан байна. Үлдсэн 514 хүнээс 300 орчим хүний мэдээлэл олджээ. Эдгээрийг боловсролын түвшнөөр нь авч үзвэл 36 хувь нь дээд, 24 хувь нь тусгай дунд, 20 хувь нь бүрэн ба бүрэн бус, одоо сурч байгаа 10 хувь, үлдсэн нь тодорхойгүй байгаа аж.

Ажил эрхлэлтийн хувьд 69 хувь нь ямар нэгэн байдлаар ажиллаж байна. Гэхдээ энд ямар нэгэн байдлаар гэдгийг тодруулах хэрэгтэй. Хувиараа буюу улирлын чанартай ажил хийдэг, нэг өдөр нь орлогтой нөгөө өдөр нь орлогүй хүмүүс 18 хувийг эзэлж байна. Тэгэхээр яг тогтвортой байнгын ажил эрхэлж байгаа нь 51 хувь гэсэн үг. Харин үлдсэн хэсгийг одоо сурч байгаа, групид  байдаг, гудамжинд эсвэл архины хамааралтай, хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүс эзэлж байна. Үүнээс харахад төгсөгчдийн бараг тал нь тогтсон орлогогүй, дөнгөн данган амьдарч байна гэвэл хилсдэхгүй. Цөөхөн хүн амтай Монголын хувьд айхтар үзүүлэлт шүү.

“Өнөр бүл” төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг “18 нас хүрээд асрамжийн газраас явж буй хүүхдүүд үнэхээр толгойны өвчин боллоо. Бидэнд боломж алга, гарц алга. Өнөөдөр ганц манай төвийг ярьж байна. Гэтэл улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй төвөөс гарч байгаа залуус хаана очиж байна вэ гэдэг ньасуудал.Хараа хяналтгүй энэ хүүхдүүдийн хувьд 18 нас гэдэг балчир тоо. Тиймээс бидтэднийг 21нас хүрч, амьдралд хөл тавьтал нь харж хандан, бэлтгэх ёстой. Гэхдээ асрамжийн төвд бус биеийг нь даалгаж, амьдрал ямар вэ гэдгийг мэдрүүлсэн, дамжин өнгөрөх өөр орчинд байлгамаар байна. Иймээс төр засгаас үүн дээр анхаарч, хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр, “Өнөөдөр ганц, хоёр хүүхэд их сургуульд орлоо гэхэд Улсын Багшийн их сургууль, АШУИС, ШУТИС зэрэг хэдхэн сургуулиуд дотуур байрандаа оруулдаг. Үлдсэн сургуулиуд нь “Манайд асрамжийн төвийн олон хүүхэд байдаг учраас тэр болгоны асуудлыг шийдэхэд хэцүү” гээд хүлээж авахгүй байна. Тиймээс бид гурван хүүхдээ “Залуусын тусгай төв” /сурв.18-21 насныханд халамжийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага/ рүү шилжүүлсэн. Гэтэл бусад хүүхдүүдийг хүлээж авах боломжгүй гэвэл яах вэ? Дотуур байранд орлоо гэхэд хоол хүнсний асуудлыг хэн шийдэх вэ. Бүтэн өнчин хүүхдүүдийн сургалтын төлбөрийг улсаас төлчихдөг. Хагас өнчин хүүхдүүдийн тухайд халамжийн мөнгөөрөө сургалтын төлбөрийн зөрүүгээ төлөөд л дуусчихдаг. Мөн эцэг, эх байх эрх нь хязгаарлагдсан хүний хүүхдүүд сургалтын төлбөрөөс гадна бас л орон байр, хоол хүнсний асуудалтай тулгарч байгаа.Энэ жил дахиад 23 хүүхэд төгсөнө. Өмнөх жилүүдээс харьцангуй олон хүүхэд төгсөх юм. Эднийгээ яах вэ гээд бас л бөөн бодолд дарагдаастай сууж байна. Өөрөөр хэлбэл бид энэ хүүхдүүдийг амьдралын хөлгүй далайд сэлбэл сэл, сэлэхгүй бол хохь чинь гээд хаячихаж байна шүү дээ. Сэлж чадах нэг нь сэлээд, чадахгүй нэг нь шууд живж байна” гэв.

Багш аа!  Би хаачих вэ?

“Та өөрийнхөө хүүхдийг 18 нас хүрэнгүүт нь гэрээсээ шууд явуулчихаж чадах уу? Чадахгүй шүү дээ. Чемоданаа үүрчихсэн, коридорын голд суучихаад “Би хаачих юм бэ? багш аа гээд уйлаад гарч байсан хүүхдүүд бий. Сурах хүмүүжих анхны ацгийг нь тавьсан багш, ээжийнх нь оронд  ээж болж байсан эх хүний хувьд их өрөвддөг юм” гэж тус төвд 24 дэх жилдээ багшилж буй Э.Оюун-Эрдэнэ ярилаа.

Харин “Өнөр бүл” төвийн 2010 оны төгсөгч, “Уг нь манай ангийнхан ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд бүгдээрээ Их сургуулийн хуваарь авсан. Гэтэл амьдрах газар байхгүй, өнөөдөр хичээлдээ явах гэдэг өмсөөд явчих олигтой хувцас байдаггүй. Нэг номны мөнгө нэхчихсэн байдаг тэрийгээ өгч чадахгүй, мөнгөгүй учраас ажил хийдэг. Нэг, хоёр өдөр тасалсаар, нэг л өдөр сургуулиасаа гарчихсан олон хүүхдүүд байна. Ядаж бусад хүүхэд шиг амьдрах газар байдаг бол бид хичээлийнхээ хажуугаар ажиллаад,идэх хоол, өмсөх хувцсаа болгоод, хангалттай сурчихна. Өнөөдөр баклаврын дипломгүй бол цэвэрлэгч, худалдагч  ч хийж чадахгүй болж байна. Тийм ч ажил хийж чадахгүй байгаа хүн чинь цаашид юу хийж, яаж амьдрах юм бэ” гэлээ.

1986 оны төгсөгч Д.Ганбаатар “Би хоёр ах, нэг охин дүүтэй, бүтэн өнчин хүн. Дүүтэйгээ цуг асрах төвд ирсэн. Багаасаа хамт өсөөгүй болохоор ах нарыгаа сайн мэдэхгүй. Төгсөөд асрамжаасаа гарах болоход очих газар байдаггүй. Аргагүйн эрхэнд ах дээрээ очсон. Уг нь ах нь асрах сургуулийнхаа хамгийн анхны спортын гимнастикийн медалийг авч байлаа. Би тэмцээнд их ордог,  ихэвчлэн хичээлээс чөлөөглөгдөнө. Хэрэв ээж, аав минь байсан бол сонирхсон спортоор маань явуулах байсан. Энд байхад хоол унд, байр бэлэн, бүх зүйл гоё, болоод л байсан. Гэтэл эндээс гарахад эсрэгээрээ. Ах маань амьдрал зохиочихсон, эхнэртэй. Харин би гимнастикаараа явахын тулд сургуульд оролгүй, гутлын үйлдвэрт ажиллаж, хажуугаар нь бэлтгэлээ хийдэг байлаа. Бэр эгч маань “Танай энэ дүү чинь хоол унд хийдэггүй юм уу, нэг л сайхан бэлтгэлд явсан хүн” гээд л эхэлнэ. Тэгэхээр нь спортоо хаяна, сонирхлоороо яваагүй, дэмжих хүнгүй болохоор шантарна. Одоо миний үеийн спортоор явж байсан хүмүүс бүгд гадаадад тоглолт хийгээд, сайхан л явж байна. Ах нь түүнээс хойш амьдралын хатууг хангалттай туулсан. Нуулгүй хэлэхэд шорон оронгоор ч орж явлаа. Одоо бодоход асрамжаас гарах үед намайг чиглүүлээд өгөх хүн байсан бол гэж харамсдаг. Гэхдээ тэр үеийн сурлагатай хүүхдүүдэд ОХУ-д сурах хуваарь өгдөг байсан. Одооныхоос харьцангуй дээр байж. Харин 1990-ээд оноос хойш төгссөн хүүхдүүд яаж л амьдардаг юм бол доо” гэв.

Мөн тус төвийн ахлах нийгмийн ажилтан Т.Нямтогоогийн ярьснаар эрүүл саруул хүүхдүүд бол яахав замыг нь заагаад, дэмжээд өгчихвөл болчихно гэж бодъё. Гэтэл сэтгэцийн өөрчлөлттэй, оюуны хомсдолтой хүүхдүүд төгсөхөд хаана ч хүлээж авдаггүй гэнэ. Нэгэнт 18 хүрсэн хүнд хаалга хаалттай тул хамаатан саданд нь хүчээр шахуу хүлээлгэж өгөөд, хаалгыг нь хааж, зугтахаас наагуур юм болдог гэлээ. Иймд шийдвэр гаргах түвшиндөө анхаарахыг хүсч байна гэсэн юм.

Дутуугийн мэдрэмж өндөртэй хүүхдүүдийн буруу юу?

“Өнөр бүл” төвд 1-12-р дугаар ангийн хүүхдүүд амьдардаг. Үүнээс доош буюу зургаагаас бага настай хүүхдүүд 158 дугаар цэцэрлэгт байдаг аж. Тус цэцэрлэгийн эзэмшлийн газар дээр буюу хашаанд нь 12 давхар, хоёр блок барилга барьсан гэнэ. Тус барилгынхаа дөрвөн өрөөг нь тус төвийн мэдэлд өгчээ. Тус байранд Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг төгссөн, их сургуулийн болзол хангасан оюутнууд нэгдүгээр курсээс сургуулиа төгстлөө амьдрах боломжтой байсан аж. Харамсалтай нь тэнд байсан 16 хүүхдийг тараачихаад байгаа гэнэ. Энэ талаар М.Өлзийчимэг захирал “Цэцэрлэгийн хашаанд дөрвөн өрөө байранд 16 хүүхэд гаргаж үзсэн юм. Гэтэл хараа хяналт байхгүйгээс ууж идэх, элдэв гэмт хэрэгт холбогдчих гээд байсан учир тараачихсан. Түрүүний хэлсэнчлэн заримыг нь сургуулийнх нь оюутны байр, "Залуусын төв” гээд боломжоороо өгөөд, энд тэндээс хандив гуйж байрных нь жилийн төлбөрийг төлье гээд л явж байна. Хүүхдүүд маань өөрсдөө оюутны байранд байх сонирхол байхгүй, нэг л  идээшихгүй юм. Дутуугийн мэдрэмж өндөртэй хүн гэдэг чинь өөрийгөө дандаа олноос онцгой байлгаж, анхаарлын төвд байх “Би”-гээр өвчилчихсөн. Миний хүсэл зориг нөгөө хүний хүсэл зоригоор хязгаарлагдах ёстой байтал тэгэж чадахгүй байна. Энэ нь дан ганц хүүхдүүдийн буруу биш. 50, 100 хүүхэдтэй нэг хүн ажиллахад хүчин  чадал хүрэхгүй байна. Ерөнхийд нь харж хандаж байгаа болохоос тулж харьцах орон зай, цаг хугацаа хомс. Иймд нэг багшид 10 хүүхэд даалгаж өгөөд, тэднийгээ хүн болго гэж байгаа” гэж учирлав.

Түүнээс гадна гэр бүлийн хайр халамж, орчныг мэдрэхгүй өсч байгаа тэдэнд бэлэнчлэх сэтгэлгээ илүү суусан байдаг гэж тус төвийн багш, ажилчид ярьж байлаа. Гэртээ өсч буй хүүхдүүд хоол унд хийхээс эхлэн гэрийн ажилд ордог. Ядаж л эцэг эхийнхээ мөнгө олох гэж хэрхэн зүтгэж буйг мэддэг учир тэднийг хайрлах, өрөвдөх нь мэдээж. Харин асрамжийн газрын хүүхдүүдийн хоол унд, хичээлийн хэрэгсэл, хувцас бүгд бэлэн. Халаалт, устай байранд амьдарч байгаа учраас гэр хорооллын хүүхдүүд шиг усанд явж, түлээ хагалах шаардлагагүй. Ямар сайндаа л нөхрийгөө ажлаар яваад шөнө ирэхэд галаа түлээгүй, хоолоо ч хийж чадахгүй даарч, пальтогоо нөмрөөд сууж байсан тухайгаа нэгэн төгсөгч хуучилсан юм. Мөн бэлэн мөнгөтэй харьцах тал дээр дутагдалтай байсан гэж санал нийлцгээв. Иймд энэ тал дээр анхаарсан олон ажил эхлүүлээд байгаагаа тус төвийнхөн ярьж байлаа.

Ихэнх оронд манай улс шиг хуаран маягийн асрамжийн газраас татгалздаг. Гэр бүлийн хайр халамжийг юу ч орлуулж чадахгүй. Тиймээс хүүхдүүдийг авах нөхцөл, боломж нь бүрдээгүй ах дүү, хамаатан саданд нь эртнээс чөлөө өгч явуулан дасгах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг шат дараалсан ажлыг хийх нь эргээд 18 нас хүрээд хаачих вэ гэсэн хүндхэнасуултад хариулах боломжтой юм. Уг нь “Өнөр бүл” төв 2011 оноос энэхүү “Асралт гэр бүл”-ийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөх л хууль эрх зүйн орчин, хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан төдий л үр дүнд хүрэхгүй байна гэж төвийн удирдлагууд ярьж байлаа.

Ийнхүү өөрөөс хамаарах, хамаарахгүй олон шалтгаанаас болж 18 настангууд хальтрахад тун амархан явна. Хэдий тэд хүний өмнөөс амьдраагүй ч хүн хүнээс хамаарах цаг иржээ. Уг нь 18 нас гэдэг амьдралын эцсийн бус эхний цэг нь байлтай. Гэтэл тэд амьдралын түмэн бодолд дараатай явна. Тэдний зовлонг хэн нимгэлэх вэ. Төрийн “түмэн нүд” харах болтугай гээд орхих уу?

Эх сурвалж: www.polit.mn

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

1 цаг 16 мин
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ

1 цаг 27 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засагт хамтран саналыг өнөөдөр намууд хэлэлцэнэ

1 цаг 42 мин
Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

2 цаг 6 мин
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

УИХ-ын гишүүн Э.Батшугартай энэ сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа.

7 цаг 18 мин
АН-ынхан төмөр зам, тэрбум мод, бас алдсан тамганыхаа ардах учрыг “сонсоно”

УИХ-ын чуулганы 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн хуралдаанаар Л

7 цаг 18 мин
Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар үлдэх “гавьяа”-гаа байгуулав уу?!

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон. Тэгээд, танхимынхаа Гадаа

7 цаг 18 мин
Улс төрийн тодорхойгүй байдал эдийн засгийг ч тодорхойгүй болгож байна!

УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар өчигдрийн байдлаар

7 цаг 18 мин
АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

21 цаг 11 мин
Б.Батцэцэг: “The times” сайтад үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

21 цаг 14 мин