
Р.ОЮУН
Түрүүч нь Эх орны хил тайван байна
Бидний дараагийн очих салбар бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум дахь Хилийн 0298 дугаар салбар байлаа. Энд ирэхийн тулд байгалийн сайхан хосолсон Тоомын болон Өлийн давааг давж модон дундуур явсаар хүрэв. Тус салбар усан хилтэйгээрээ онцлог юм. Мөн ахлагчийн албаар хилээ хамгаалдаг бөгөөд 50 хувь нь нутгийн залуулаас бүрджээ. Ахлагчийн албанд орж байгаа залуучууд гэрээт цэргийн албыг 2-4 жил хаасан, харин ахлагчийн алба руу дэвшиж орсон нь ахлагчийн бүрэлдэхүүнд ирж ажилладаг юм байна. Гэрээт цэргийн алба хаагаад ирж байгаа ахлагч нар хилийн салбар, хил хамгаалалт, хилийн манаанд дассан бас гаршсан байдаг ажээ. Хариуцсан хэсгээр ихэнх нь байгалийн бартаа, саад ихтэй явахад хүндрэлтэй газар ч цөөнгүй байдаг. Өндөр уул, сарьдаг нуруудаар хиллэдэг. Мөн ховор ан амьтад бий. Үүнийг Улсын тусгай хамгаалалттай газартай хамтран идэвхтэн байгаль хамгаалагчийн үүргийг хилийн манаанд явж байхдаа давхар гүйцэтгэдэг ажээ. Дэлгэрмөрөн голын эх энэ салбарын хариуцсан хэсэгт багтдаг аж. Энэ голд цэнгэг усны хамгийн том тул загас элбэг таардаг байна.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газар болон Байгаль орчны улсын байцаагчтай хамтран хариуцсан хэсэгт ургадаг байгалийн баялгийг хугацаанаас нь өмнө түүхээс хамгаалж, иргэдээ хугацааг нь дууссаны дараа түүлгэх зэрэг ажлаар хамтран ажилладаг. Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газартай хамтран байгаль орчныг хамгаалах зорилгоор Жалгын гол, Ар хэмийн аманд гар аргаар алт олборлодог хүмүүсийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана. Хилийн бүс, зурваст байгаа нэн ховордсон болон ховор ан амьтдыг хамгаалах чиглэлээр байнга хамтран ажилладаг хэмээн Хилийн 0298 дугаар салбарын захирагч, ахмад Э.Ганбаатар ярьж байна. Тэрээр хилийн зөрчлийн хувьд ОХУ-ын Тувагаас иргэд орж ирж адуу хулгайлах зөрчил гардаг. Харин дотоодоос хулгайн ан хийх, хууль бусаар ашигт малтмал олборлогчид их явдаг. Тэдэнтэй тэмцэж хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргуулахгүйн тулд Тусгай хамгаалалттай газартай хамтран ажиллаж байгаа гэсэн юм.
Зуны улиралд цаатан иргэдийг харах, Хөвсгөлийн Дархадын хотгорыг үзэх жуулчдын хөдөлгөөн ихэсдэг байна. Тиймээс тэдний бичиг баримтыг шалгаж, Хил хамгаалах байгууллага болон ангийн захирагчийн зөвшөөрлийн дагуу хилийн бүс, зурваст нэвтрүүлж, зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгуулах, хяналт тавьж зөвшөөрөлгүй ирсэн иргэд, жуулчдыг буцааж зөвшөөрөл авахуулах, дүрэм журмын дагуу Монгол Улсын, хилийн болон хил орчмын нутаг дэвсгэрээр аялуулдаг ажээ.
ЦАС, БОРООТОЙ ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ
Хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэхэд байгалийн бартаа, саад их, байнгын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Зундаа байнга бороо орно. Долоо, наймдугаар сард бороотой. Хариуцсан улсын хил дандаа том голтой. Энэ голуудаар үүрэг гүйцэтгэхэд шавар, намагт унах, уул хаднаас морь хальтрах зэрэг эрсдэл тохиолддог ажээ. Хилийн манаанд явахдаа аюултай хэсэгтээ тэмдэглэгээ тавьж үүргээ биелүүлдэг байна.
Хил хамгаалахад нэн шаардлагатай зүйл юу байна гэхэд өвлийн улиралд хил хамгаалалт, хил дээр хилийн багана, шугам дээр морьтой, машинтай очих ямар ч боломж байдаггүй. Тиймээс өвлийн улиралд цасны чарга, зунд бороон чарга хэрэгтэй байна. Ийм чаргатай болчихвол хилийн багана дээрээ очих, хилийн шугамаараа үүрэг гүйцэтгэх боломжтой гэж байлаа.
ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ САЛБАР
Албаны өрөөгөө тохижуулж бялдаржуулах өрөө болгожээ.
Хөдөлмөрийн баатар Ж.Нацагдоржийн нэрэмжит ЕБС-ийн IX-XI дүгээр ангийн хүүхдүүдэд Сургалт эрхэлсэн орлогч Г.Амартүвшин хил хамгаалах байгууллагын талаар танилцуулж байна.
Хилийн 0298 дугаар салбар эрүүл мэнд болон боловсролыг дэмжигч байгууллага аж. Улаан-Уул сумын эмнэлэгтэй хамтран албан хаагчдаа улирал бүр эмчийн үзлэгт хамруулдаг. Сар бүр эмнэлэг гэгээрлийн өдрөөрөө эмч нарыг ирүүлж сургалт зохион байгуулдаг. Мөн хүнд өвчтэй болон гадаад руу мэс засалд орох, амьжиргааны төвшин доогуур хүмүүст өөрсдийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлдэг юм байна. Аймгийн Эрүүл мэндийн газар, Улаан-Уул сумын эмнэлэгтэй хамтран чийрэгжүүлэх болон ажлын байрны дасгалуудыг хийлгэдэг аж. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор сургуульд нь хилийн албаны булан нээжээ. Хүүхдүүдийн дунд “Бидний мэдэх хилчин” сэдэвт гар зураг, шүлгийн уралдааныг зохион байгуулдаг гэв.
Мөн аймгийнхаа Онцгой байдлын газартай хамтран ажилладаг бөгөөд Онцгой байдлын газрын “Хүндэт жуух” бичгээр шагнуулжээ. Сум, орон нутагт хилийн бүс, зурваст гал түймэр гарсан үед хамгийн түрүүнд очиж ажилладаг байна. Гал унтраах иж бүрэн багаж, хэрэгсэлтэй учраас гал гарлаа гэдгийг ерөнхий газраас болон сум, орон нутгаас мэдээлэл аваад хурдан шуурхай очиж унтраадаг гэв. Тухайлбал, Улаан-Уул сумын нэг айл шатахад очиж тухайн иргэнд тохиолдож болох 40 сая төгрөгийн гамшгаас урьдчилан сэргийлж чаджээ.
Хил хамгаалахад туслах хүчний 13 гишүүнтэй. Суманд Хил хамгаалахад туслах хүчний салбар зөвлөлтэй. Энэ сарын эхээр салбар зөвлөлийнхөө хурлыг хийж 2016 онд хийсэн ажлаа дүгнэж, 2017 онд хийх ажлаа төлөвлөж батлуулсан гэв. Сум, орон нутгийн удирдлагуудтай байнга хамтран ажиллаж сум, орон нутгаас зохиож буй ажил, хил хамгаалах чиглэлээр салбарт тусалж, дэмждэг бүх арга хэмжээнд оролцдог. Хавар түлшний болон хэрэглээний модыг 100 хувь хөнгөлүүлдэг. Хил хамгаалалтад зориулж сумын төсвөөс нэмэгдэл зардал тусгаж хил хамгаалалтад 500 мянган төгрөгийн шатахуун өгдөг гэлээ.
Хил хамгаалахад орон нутгаас хэрхэн тусалж, дэмждэг талаар Улаан-Уул сумын ИТХ-ын дарга Б.Бүрэнчөдөр ингэж ярьж байна.
ИТХ-ын дарга Б.Бүрэнчөдөр:
ЦААШИД Ч ХАМТАРЧ АЖИЛЛАНА
-“2017 оныг Улаан-Уул сумын хувьд “Соён гэгээрлийн жил”-ээр зарласан. Энэ хүрээнд хил хамгаалах байгууллагынхантай хамтарч ажиллана. Ялангуяа, малчдаа хил хамгаалах байгууллагатай хамтын ажиллагааг нь бэхжүүлэх, цаашид бие биеийнхээ ажлыг ойлгох, нөгөө талаар туслах хүчний идэвхжил, туслах хүчний ач холбогдлыг илүү ойр болгох үүднээс хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ жил өвөлжилтийн байдал хэцүү байгаа болохоор хил хамгаалах байгууллагын ажилчидтай зудад нэрвэгдсэн малчдын ар гэрээр орж мэдээлэл, хандив, тусламжийг хүргэж явлаа. Нөгөө талаар хил хамгаалах байгууллага өөрөө хүчний байгууллага учраас нийгмийн хэв журмыг сахиулах туслах хүчнийг авч ажиллуулдаг. Мөн гамшиг, аюул ослын үед хамгийн түрүүнд хил хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн оролцдогт баярлаж явдаг” хэмээн тэрээр онцлов.
Хил хамгаалах байгууллагын аль ч салбарт очсон бүсгүйчүүдээр нь бахархахгүй, тэднийг магтахгүй өнгөрч болохгүй. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шиг тэд нөхрөө хаана ч очсон хийж байгаа ажлаа орхин дагаж явна. Очсон газарт нь ажил олдвол хийнэ, эс олдвол юмханаар юм хийж өөрийгөө хөгжүүлж, бусдадаа тусалж үр хүүхдээ өсгөнө. Мөн аав ээж нь эх орныхоо халдашгүй дархан байдлыг хамгаалж байхад үр хүүхдүүд нь гэрийнхээ амгалан байдлыг сахиж үлддэг байна. Үүний нэг нь хилчин дэд ахлагч Н.Цолмонгийн таван настай охин Сувд-Эрдэнэ юм. Тэрээр аав ээж хоёрыгоо ээлжтэй үед гэртээ ганцаараа үлддэг байна.
Бүсгүйчүүд годон болон буриад гутал, дээл, малгай, хатгамал хийснээ, жагсаалын дарга Э.Дашхүүгийг гэргий С.Шинэбаяр шүрээр хийсэн эдлэлээ танилцуулсан юм. Тухайлбал, годон гутлыг 250, буриад гутал эрэгтэй 100, эмэгтэй 80, хүүхдийнхийг 40 мянгаар захиалгаар хийдэг гэж байв. Тэдний төлөөлөл болгож Хилийн 0298 дугаар салбарын захирагчийн гэргий Х.Наранцацрал, ахлах ахлагч, жолоочийн гэргий А.Өнөржаргал нарын сэтгэгдлийг хүргэе.
Ахлах холбоочин, дэд ахлагч Х.Наранцацрал:
ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
-Хилийн 0298 дугаар салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь 0257 дугаар ангид оператор хийж байгаад нөхрийгөө энд томилогдож ирэхэд нь дагаж ирсэн. 1-8 насны гурван хүүхэдтэй. Бага маань одоо ой гарантай. Хамт байгаад байхаар нялцганаад өвчин ороогоод байхаар нь эгчид нь үлдээгээд ажилдаа орсон. Одоо өвдөх нь гайгүй байна. Том охин дүүгээ харж байгаа.
А.Өнөржаргал:
18 ЖИЛ ХИЛИЙН ЦЭРГЭЭ ДАГАЖ БАЙНА
-18 жил хилийн цэргээ дагаж байна. Энд зочид буудлын эрхлэгч, ариун цэврийн зааварлагч, харин нөхөр маань ахлах ахлагч, жолооч хийдэг. Гурван хүүхэдтэй. Том охин Баянзүрх суманд 11 дүгээр ангид сурдаг. Харин дунд охин Улаан-Уул сумын ЕБС-ийн долдугаар анги, бага нь хүү, дөрвөн настай.
Ийнхүү бүсгүйчүүд маань өөрт ногдсон үүргээ нэр төртэй биелүүлж, нөхрүүдийнхээ адилаар хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин