
Д.АРИУН
“Амьдралын тойрог” буландаа жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цолмонг урилаа. Соёл урлагийн салбарынхан дунд тэрээр “Хүүхэд, залуучуудын театр”-ын гэдэг тодотголтой хүн. Ингэж хэлэхээс ч өөр аргагүй. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги төгсөөд 1971 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдсанаас хойш хувьчлагдах хүртэл нь ажиллаж, тус театрын тайзнаа тавигдсан уран бүтээлүүдийн гол дүрд 20 гаруй жил тоглосон авьяаслаг жүжигчин. Түүнтэй уулзаж амьдралынх нь ахин давтагдашгүй түүхээс хуваалцлаа.
ААВ, ЭЭЖИЙН ХАЙРЛАСАН НЭРНИЙ УЧИР
“Уралдаж явсан гурвыг орхиод
Урдаа явсан дөрвийг гүйцээд
Цоохор даага жирийхээрээ жирийнэ
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ…” гээд “Цолмон” гэж шүлэг бий. Нийтийн мэдэхээр энэ шүлгийн зохиогч нь Д.Сэнгээ гэж явдаг.
Энэ шүлэг, жүжигчин Цолмонгийн нэр хоёр холбоотой байсан түүхийг аавынхаа 80 насны ойг тэмдэглэх үеэр л тэрээр мэджээ. Аав нь Сэлэнгийнх, ээж нь Булганы хүн. Дүү нар нь Булган, Сэлэнгэ, Орхонтуул гээд ээж, аавынх нь нутгийн ус голын нэртэй. “Та яагаад дүү нарт ингэж нутаг усныхаа нэрийг өгчихөөд надад өөр нэр өгсөн юм” гэж саваагүйрхээд нэг удаа Цолмон ааваасаа асуужээ. Тэгэхэд “Миний охин үүрээр төрсөн болохоор аав нь чамайг цолмон шиг гялалзаж яв гэж бэлгэшээгээд ийм нэр өгсөн юм” гэж хэлж. Охин ч түүнд нь үнэмшээд өнгөрчээ. Харин сүүлд аавынх нь 80 насны ой болоход нэрт сэтгүүлч Амбасэлмаа гуай Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Цэнд-Очирын тухай хөрөг нэвтрүүлэг хийжээ. Тэр нэвтрүүлэг дээр ээж нь “Цолмон” шүлгийн тухай, охиныхоо мэдэхгүй байсан тэр түүхийг ярьжээ. Л.Цэнд-Очир гуай хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, шоронд хоригдож байхдаа “Цолмон” шүлгийг бичиж. Гэтэл “Энэ Цэнд-Очир өөрийгөө Цолмон болгож хамгийн түрүүн тавиад бусад зохиолчоо хоцорч явж байна гэж бичлээ” гэдэг хар хэл ам бууж, шүлгийг нь батлаагүй байна. Тиймээс Д.Сэнгээ гуайн нэрээр батлуулан гаргаж байсан гэнэ. “Цолмон” шүлгээ өөрийнхөө нэрээр гаргаж чадахгүйд хүрсэн Цэнд-Очир гуай гэргийдээ “Хүү, охин алин ч байлаа гэсэн Цолмон гэдэг нэр өгнө шүү” хэмээн захиж байсан бөгөөд удалгүй төрсөн охиндоо хэлсэн ёсоороо мөнөөх нэрээ хайрлажээ. “Эсэргүү Цэнд-Очир” гээд номуудыг шатааж, өөрийг нь шоронд хорьж байсан тэр хатуу цагаас болсон уу яасан шоронгоос гараад шүлэг уран бүтээл рүүгээ нэг их ороогүй ч гэсэн Монголын соёл урлагийн төлөө бүх насны хөдөлмөрөө зориулжээ. Тодруулбал, Урлагийн хороог бий болгохоос эхлээд Соёлын яаманд ажиллаж, яамны хэлтсийн даргын албыг олон жил хашжээ. Цолмонгийн ээж Лхамжав багш хүн байлаа. Тэгэхдээ эх орны дайны ид үед радиогийн анхны нэвтрүүлэгчээр ажиллаж байсан аж. Харин дараа нь цэцэрлэгийн эрхлэгч хийж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл хүүхэд шуугисан их өргөөнд бужигнажээ. “Одоо энэ улсын тэргүүний 16 дугаар цэцэрлэг гэж байна даа, нэгдүгээр эмнэлгийн хажуугийн. Энэ цэцэрлэгийг босгоход ээж минь хүч хөдөлмөрөө зориулсан хүн. Цэцэрлэгийнхээ хашаанд мод зүлэг тарихаас эхлээд уул хадаар явж, өвс ургамал, чулуу мод авчирч тоглоом урлаж байсан гэдэг юм. Миний ээж аав хоёр маш зүтгэлтэй, ажилсаг, хөдөлмөрч улс байсан” гэж тэрээр аав ээж хоёрынхоо тухай дурсаж байна.
1977 онд БНАГУ-д тоглох үеэр.
УДАМ ДАМЖСАН АВЬЯАС
Аав нь урлагийн хороонд ажиллаж байсан болохоор Цолмонгийн бага нас соёл урлагийнхны дунд өнгөрчээ. Энэ тухайгаа тэрээр “Энд тэндэхийн урлагийн үзлэг, концерт, арга хэмжээ болоход би аавыгаа дагаж их явна. Би нэг удаагийнхыг их сайн санадаг юм. Одоогийн Төв шуудан, хуучнаар Холбооны яаман дээр аав урлагийн үзлэг бэлтгүүлээд, би баахан харж байснаа сүүлдээ нойр хүрээд үзэгчдийн сандал дээр унтчихсан байсан. Аав ажлаа дуусгачихаад сэрээж байсан юм. Тэгээд энд тэндэхийн гоё тоглолтууд, хөдөө, гадаадаас ирсэн гээд ер нь алгасалгүй шахам үзнэ. Ийм орчинд байсан болохоор надад урлагаас өөр мэргэжил сонгоно гэдэг бодол огт байгаагүй” гэж ярьж байна.
Cургуульдаа соёл урлагийн арга хэмжээнд оролцдог, бүжиглэдэг байсан Ц.Цолмон долдугаар ангид байхдаа Ардын дуу бүжгийн чуулга бүжигчин авна гэхээр нь шалгуулаад тэнцжээ. Өөрөө дуртай, дээрээс нь шалгаруулалтад тэнцсэн хүн чинь сургуулиасаа бичиг баримтаа авчихаж. Яг бүжигчин болохоор явах гэтэл аав нь эрс дургүйцжээ. Ааваасаа гуйж, уурлаж гээд янз бүр болж. Аав нь ч охиноосоо гуйж аргадаж, загнаж ёстой арван гурван мэх гаргаж байж бүжигчин болохоор явахгүй гэдэг ам авчээ. Гэхдээ охин нь эргэж нэгдүгээр сургуульдаа эргэж орохгүй, өөр сургуульд шилжинэ гэсэн болзолтойгоор зөвшөөрсөн гэнэ. Ингээд 24 дүгээр сургуульд орж, дараа нь зургадугаар сургууль руу хуваарилагдаж, тэнд төгсчээ.
Охиноо аравдугаар анги төгсөхөд Л.Цэнд-Очир гуай Анагаахын дээд сургуульд оруулна гэхэд зөрсөөр байгаад Драмын ангид оржээ. Учир нь охин жүжигчин болно гэдэг шийдвэрээ сэтгэлдээ аль хэдийнээ гаргачихсан байжээ. Есдүгээр ангид байхдаа Л.Жамсранжав, Д.Цээнямбуу хоёрын тоглосон “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг үзчихээд нойргүй хоносон Цолмонгийн толгойноос “яаж тэдэн шиг жүжигчин болох вэ” гэдэг бодол салахаа больсон байжээ. Түүнээс хойш жүжиг, дуурь хоёрыг бараг л алгасалгүй үзсэнээс гадна ямар ч саад бэрхшээл таарсан жүжигчин болохоор сэтгэл шулууджээ.
Кино, драмын ангид дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байсан болохоор шалгаруулалтад орох хүүхэд олон байснаас 20-иодыг нь авч байгаа тул өрсөлдөөн ч их. Шалгаруулалтад оролцож байгаа хүүхдүүд аав ээжийгээ дагуулаад ирсэн сүртэй. Ц.Цолмон “Бүх хүүхэд ээж аавтайгаа явж байхад би ганцаараа өнчин хүүхэд шиг байсан” гээд уйлж байсан гэдэг. Тэгэхэд аав нь “Чи авьяастай бол хэний ч хүүхэд байсан орно, авьяас байхгүй бол Цэнд-Очирын хүүхэд байтугай, Цэдэнбалын хүүхэд байгаад ч нэмэргүй” гэж хэлж байжээ.
Л.Цэнд-Очир гуайн хүүхдүүд урлагт ойрхон өссөнөөс гадна тэдэнд үнэхээр авьяас байжээ. Тодруулбал, ганцхан Цолмон ч биш, түүний эгч дүү нар ч урлагт зүтгэцгээжээ. Тэднийхээ тухай Ц.Цолмон “Ичинхорлоо эгч Цэргийн ансамбльд бүжигчин байсан. Одоо бурхан болсон. Миний эрэгтэй дүү Ц.Булган хэвлэлийн график дизайн хийдэг их сайн зураач. Дараагийн дүү Ц.Орхонтуул яг аавын мэргэжлээ өвлөөд хөдөөд соёл урлагийг хөгжүүлэх ажилд зүтгэсэн. Манай аав хөдөөгийн соёл урлагийн байгууллагуудыг байгуулахад ёстой нөгөө хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьсан гэдэг шиг ажилласан хүн шүү дээ. Бага дүү Ц.Сэлэнгэ циркчин. Буриадын циркийг анх зохион байгуулж байсан, Буриадын гавьяат жүжигчин, төрийн шагналтай, олон шавьтай уран бүтээлч. Миний хань ямархуу авьяаслаг уран бүтээлч байсныг монгол түмэн мэднэ. Манай хүү Д.Амар кино найруулагч, бага хүү Д.Цогт телевизийн найруулагчаар ажиллаж байна. Агаарт зургаа эргэдэг циркчин хүүхдийн продюссерээр миний бага дүүгийн хүү ажилладаг юм. Эгчийн маань хүүхдүүд урлагийн хүн болоогүй ч гэлээ ач зээ нар нь урлагаар замнаж байна” хэмээн хуучилж сууна.
Г.Доржсамбуу, Ц.Цолмон нар 26 жилийг хамт үдэж, хоёр хүү, нэг охины аав ээж болжээ.
ХҮНИЙ САЙХАН ХАНЬ
Ц.Цолмонг жүжигчин болохоор шалгуулж байхад Ө.Эрэнцэнноров, Л.Цогзолмаа, Ц.Раднаа гээд тэр үеийн урлагийн алдартнууд шалгалт авчээ. УБДС-ийн Кино драмын ангид 1967 онд элсэн орсон ангийнхан гэж авьяастнууд цугласан хамт олон байлаа. Дөрвөн жилд нэг авдаг байсан болохоор ёстой шигшиж, шигшиж шилдгүүдийг нь авч байсан болохоор ангийнхан нь кино дэлгэцийн бүтээлд тоглочихсон авьяастай уран бүтээлч олон байжээ. Хамгийн гол нь энэ ангийнхан бараг тэр чигээрээ яг мэргэжлээрээ ажилласан онцлогтой гэдгээрээ нэгэн сайхан түүхийг бичсэн хамт олон аж.
Тэд дөрөвдүгээр курсэд ороод Жандал зураачийн дипломын ажил болох “Холбоотнууд” жүжгийг Барилгачдын соёлын ордонд тоглосон байна. Цолмон, Ломбо хоёр Германы офицер болж тогложээ. Жүжгийн хувцас, жижиг хэрэглэлийг Драмын театраас авчирна. Нэг удаа театр явах ээлж Ц.Цолмон дээр таарчээ. Жүжгийн хувцас авахаар явсан тэр өдөр түүнийг насны ханьтай нь учруулжээ. Гэгээн энэ түүхээ Ц.Цолмон “Театр дээр очоод Сэлэнгээ эгчийг хүлээгээд сууж байсан чинь цагаан цувтай, халзандуу толгойтой, том биетэй залуу “Сэрүүн салхи сэвэлзээд…” гээд дуулаад шатаар буугаад ирлээ. Театрт өмнө нь харж байгаагүй хүн байна. Тэгэхээр нь Сэлэнгээ эгчээс “Энэ хүн театрт шинээр ирээ юу, хэн бэ” гээд асуулаа. “Цэрэгт яваад ирсэн, өмнө нь манай театрт байсан юм” гэж хариулаад өнгөрлөө.
Мань хүн бас намайг анх театр дээр хараад Жарантаваас миний хэн болохыг асууж, тэгээд манай гэрийн утсыг олж авч байсан гэдэг юм. Орой нь гэрийн утсаар надтай хүн яръя гэж байна гэлээ. Доржсамбуу байна аа гэхээр нь ямар гээд гайхна биз дээ. Тэгсэн чинь “Яагаав дээ, чи өдөр театр дээр намайг хэн бэ, танайд шинээр орсон юм уу гэж асуугаад байсан шүү дээ. Тэр хүн чинь би Доржсамбуу байна” гээд л. Анх ингэж л Доржоотойгоо танилцаж байсан юм. Түүнээс хойш орой болгон шахуу л утсаар ярина. Манай хүн айлын өргөмөл хүү, ээж аав хоёрыгоо нэг өрөөндөө оруулж, хаалгыг нь хаачихаад өөрөө нэг өрөөндөө утсаараа ярина, харин манайх олуулаа юм чинь утас коридорт, би нэг гудас чирээд л утасны хажууд, тэгээд хоёулаа оройжингоо утсаар ярина. Сургууль дээр найз нартайгаа хүрээд ирнэ, тэгээд тарахаар дагаад явна. Харин театр дээр танихгүй улс шиг зөрдөг байлаа” хэмээн 46 жилийн өмнө учирсан гэгээн хайрын түүхээсээ хуваалцаж байна.
Ц.Цолмонг 18 нас хүрэхэд аав нь манан чулуугаар хийсэн жижигхэн доомбор бэлэглэжээ. Аавынхаа тэр бэлгийг ихэд нандигнаж, ирээдүйн нөхөртөө өгнө гэдэг байж. Үээхээр л тэр доомбор ирээдүйн нөхөрт нь ч очиж. Г.Доржсамбуу, Ц.Цолмон нар 1971 оны дөрөвдүгээр сарын нэгэнд нэг гэрт орцгоожээ. Гэхдээ түүнээс өмнө гурван сарын 22-нд Доржсамбуу “Өнөөдөр миний төрсөн өдөр” гээд ороод иржээ. Тэгэхэд Ц.Цолмон өгөх юм олдохгүй сандрахдаа нөгөө доомбороо бэлэглэжээ. Ирээдүйн ханьдаа бэлэглэсэн тэр доомбор одоо гэрийнх нь бурхны өмнө байдаг аж. Төрсөн өдрийн дараахан нэг утсаар ярьж байсан чинь хувцас хунар угаах тухай яриа болоход нь Ц.Цолмон “Чиний эхнэр болж байгаад л нэг мөсөн хувцас хунарыг чинь угааж өгөхөөс” гээд хэлчихэж. Тэгсэн утасны цаана таг чиг. Удаагүй байтал хаалга цохисон чинь малгайгаа барьчихсан толгойноос нь уур манан савссан Доржсамбуу амьсгаадчихсан “Чи сая надад үнэн хэлсэн үү” гэж асууж байжээ. “Тийм” гэсэн хариу дуулчихаад инээд алдаад буцаад яваад өгсөн гэдэг. Ингээд л дөрөвдүгээр сарын 1-нд Ц.Цолмон айлын хүн болж Доржсамбуугийндаа очиж байжээ.
ТЕАТРЫН ТАЙЗНАА
Жүжигчин Ц.Цолмон УХЗТ-т 1971 онд орж иржээ. Сургууль төгсөхөд нь Драмын театрт ажиллах боломж байсан боловч аав нь “Нэг гэр бүлийн хоёр хүн хамт ажиллах дэмий” гэж зөвлөсөн аж. Тэгээд Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин болжээ. Анхны уран бүтээл “Арван хоёр сар” жүжигт тоглоод цалингаа нэмүүлж байснаас нь харвал тэрээр эхнээсээ л ямархуу авьяаслаг жүжигчин бэ гэдгээ харуулсан гэсэн үг буй заа.
Ц.Цолмон Хүүхдийн театрын бараг бүх гол рольд тоглодог байжээ. Энэ тухайгаа тэрээр “Анх Сугар найруулагч байсан. Дараа нь Лхаа тэгээд Нямгаваа ирсэн. Дунд нь Доржсамбуу бас хэдэн жүжиг тавихад ихэнхэд нь гол дүрд тоглосон. Доржсамбуу намайг гол дүрд сонгохгүй, гэтэл дүр хуваарилалт уран сайхны зөвлөлөөр орохоор “Энэ дүрд Цолмон л тоглож чадна” гээд сольчихож байсан нь бий” хэмээн ярьж байна.
С.Михалковын “Хулчаахай” гэдэг жүжиг байдаг. Ан амьтад онгоцоор нисч байна гэж туулай зүүдэлж байгаа тухай өгүүлдэг хүүхдийн жүжиг. “Хулчаахай”-д жүжигчин Цэгмид тоглодог байж. Гэтэл нэг удаа яаралтай эмнэлэгт хэвтээд. Тэр үед “Нарны унага” кинонд тоглож байсан Ц.Цолмон кино зурган дээрээс шөнө яаралтай дуудагдаж иржээ. Өглөө хүүхдийн жүжиг 10 цагаас эхэлнэ. Өглөө эрт ирж хальт сургуулилаад л театрынхны хэлдгээр “чихэгдээд” гарч. Тоглолт дуусаад гараад ирсэн чинь найруулагч нь түүнийг өргөөд “Цолмоон гол рольд тоглодог эмэгтэй жүжигчин арван жил нэг үеийг авч явдаг гэж ярьдаг. Чи бол бүтэн хоёр үеийг авч явлаа. Одоо гурав дахь үе рүүгээ орлоо. Чи энэ “Хулчаахай”-д ёстой сайхан тоглолоо. Чамд ёстой их баярлалаа. Би чамайг хөлөөр чинь гишгүүлэхгүй ширээнд чинь хүргэнэ ээ” гээд хоёр давхарт байдаг ширээн дээр нь тэвэрч авчирч суулгаж байсан гэдэг. Л.Лхаасүрэн найруулагчийн энэ үнэлгээ зүгээр нэг сэтгэл хөдлөөд хэлчихсэн үг биш аж. Ц.Цолмон жүжигчин ямар их ачаалалтай ажиллаж байсан тухай Л.Лхаасүрэн найруулагчийн “Манай театрын ахуй нөхцөл хэцүү шүү дээ. Тайзны дээрх худагны дулаалга муу, хүйтэн салхи сэнгэнээд л байдаг. Одоо манай Цолмон нэг удаа тайзан дээр ухаан алдаж унаад, үзэгчид огт анзаараагүй. Аз болоход хэсэг гарахгүй завсарладаг үе таарсан. Цолмонгоо яаж ийж тайзан дээрээс авч, халуун тариа хийж, халуун цай амсуулаад л буцаагаад гаргаж байсан. Манай хүн юу ч болоогүй юм шиг тоглолтоо үргэлжлүүлээд дуусгасан…” гэж ярьсан нь бий. Чухамхүү театрын ажлын энэ их ачааллаас болоод жүжигчин Ц.Цолмон дэлгэцийн бүтээлд дүрээ цөөхөн үлдээжээ.
АЧЛАЛТ ҮР ХҮҮХДҮҮД
Г.Доржсамбуу, Ц.Цолмон нар 26 жилийг хамт үдэж, хоёр хүү, нэг охины аав ээж болцгоожээ. Гэвч хань нь дэндүү эрт буцжээ. Хорвоогийн өнгө бүдгэрсэн тэр бараан өдрүүдийн тухай гунигт дурсамж түүнд бий. Гэхдээ үр, ач нар нь түүнийг дахин амьдруулжээ. Энэ тухайгаа Ц.Цолмон гуай өнөөдөр “Ханьтайгаа 26 жил хамт амьдарсан бол, ээжтэй нь 40 жилийг хамт үдсэн дээ. Ээж нь миний гар дээр бурхан болсон. Дүү нар нь хамаатан садангууд нь байсан ч гэлээ хадам ээж чам дээр үлдэнэ ээ гэсэн юм.
Хоёр хүү маань гэргий дагуулж ирээд ач охин, ач хүү хоёр маань төрж намайг эргээд цоо шинээр амьдруулсан. Сайн хүний үр удам гэдэг өөр юм билээ. Хүмүүс нэг алт шиг гэж ярьдаг даа, хүргэн, бэрүүд маань тийм л сайхан улс миний хүүхдүүдтэй учирсан” хэмээн хуучилж байна.
Сэтгүүлч мэргэжилтэй Сувдаа охин нь “Би яг аав шигээ хүнтэй сууна” гэж ярьдаг байжээ. Яг хүссэнээрээ аав шигээ зан чанартай герман залуутай гэрлэж, хүү охин хоёртой болж, одоо Герман улсад ажиллаж амьдарч байгаа аж.
Г.Доржсамбуу найруулагч хоолоо идэхдээ “Миний хоёр хүүд ээж шиг нь сайхан хоол хийдэг эхнэр таарах болов уу” гээд л ярьдаг байжээ. Хожим Амараа хүү нь нэг ярилцлагадаа аавынхаа ингэж хэлдэг байсан тухай яриад “Ээжийг магтаж байгаа юм шиг мөртлөө хажуугаар нь биднийг ямар ханьтай болоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм билээ” гэж хэлсэн байдаг гэнэ.
“Ажил хөдөлмөрөөрөө бахархаж байсан үе надад бий. Сайхан дүр бүтээлээ, сайн уран бүтээл хийхийн баяр жаргал байлгүй яахав. Гэхдээ миний бахархал бол миний хань, миний үр хүүхдүүд байсан, байсаар ч байх болно. Бахархал болсон үр хүүхдийн минь тоо хүргэн, бэрүүдээр минь, ач зээ нараар минь нэмэгдээд амьдрал сайхан байна. Миний хоёр бэр яг л миний охин шиг. Миний жаргал, зовлон сайн сайхан, саад бэрхшээл гээд бүх юманд хамт явж байна. Өвдөөд эмнэлэг эмчилгээ гээд явахад бүх юман дээр хоёр бэр маань намайг яаж хайрлаж, халамжилж байгааг нь би алхам тутамдаа мэдэрч баярлаж суудаг юм.
Саяхан манай том бэрийн төрсөн өдөр болсон. Тэгсэн бэр маань найздаа “Хорин жил надад төрсөн өдрийн дуу дуулж өгч байгаа ээжтэй хүн шүү” гэж хэлсэн байсан. Би төрсөн өдрийнх нь өглөө хүүхдүүддээ заавал төрсөн өдрийн дуу дуулж өгдөг юм. Тэрийг маань хүүхдүүдийн найзууд нь хүртэл мэддэг юм.
Бага бэр маань хадам ээжийнхээ хадам ээжийг асарсан хүүхэд гээд боддоо. Би ийм сайхан бэр хүргэнтэй гэхээр азтай хүн. Хүүхдүүдийн минь хань хүргэн бэрүүддээ би яг л хүүхдүүд шигээ хайртай. Бурхан над руу тийм сайхан хүүхдүүдийг илгээсэн гэж би баярлаж явдаг.
Сая төрсөн өдөр минь болоход хүүхдүүд маань миний зургуудыг гаргаад тавьчихсан байсан. Миний тайзан дээр гялалзаж явсан тухай түүх, миний бүтээсэн дүрүүд, уран бүтээлээр баярлаж бахархсан үгс тэнд зөндөө байна. Баярлаж бахархалгүй яахав. Гэхдээ миний бахархаж, баярлаж байгаа юм бол үр хүүхдүүд минь, ач зээ нар минь” гэсэн хайр, бахархал дүүрэн үгсээрээ Ц.Цолмон эгч биднийг үдлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин