
“ТАЙЛАНД+1”
Тайландын хилээр алхсан хэн бүрт хамгийн түрүүнд тай үндэстний инээмсэглэл нүдэнд тусна. Жуулчдыг татах, таатай аялуулах “бичигдээгүй хууль” нь тэдний инээмсэглэл аж. Ерөөс Засгийн газрынхаа зүгээс ийм бодлого барьдаг юм байна. Жуулчдыг зөвхөн байгалийн сайхнаас гадна элэгсэг, найрсаг зангаараа татах гэж. Үүний хүчээр тус улсыг зорих жуулчдын цуваа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.
Тайланд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр Монголоос гурав дахин бага. 513 120 км.кв нутагтай. 76 мужтай. Малайз, Мьянмар, Лаос, Комбаж улстай хиллэдэг. Хүн амын тоо нь 67.5 сая. Тэдний 75 хувийг тай үндэстэн, үлдсэн хувийг хятад, лаос, вьетнам зэрэг үндэстэн бүрдүүлдэг. Албан ёсны хэл нь тай. Англи хэл нийслэл Бангкок хот болон бизнесийн хүрээнд өргөн хэрэглэгддэг. Хүн амын 89 хувь нь буддын шашинтай. Үндэсний нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар 392.2 тэрбум ам.доллар байв. Нэг хүн ногдох ҮНБ 5832 ам.доллар. Дундаж цалин 420 ам.доллар. Ядуурлын төвшин нийт хүн амынхаа 10 хувийг эзэлж байна. Худалдааны гол түнш АНУ, Хятад, Япон, Малайз, Хонконг, Арабын нэгдсэн Эмират улс. Жилд 35 сая жуулчин хүлээж авдаг. Өөрсдөө ч жуулчлалыг сонирхдог ард түмэн. Жилд 25 сая тайланд иргэн гадаад руу жуулчилдаг гэнэ.
Аялал жуулчлал, хөрөнгө оруулалт хоёр хамт явдаг учраас одоогийн шинэ Ерөнхий сайд “Тайланд+1” бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь Тайландаас гадна бүс нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлж чадваржуулах зорилготой, Тайландад ирвэл дахин өөр нэг улсад аялах боломжийг олгох бодлого юм байна.
АСЕАН-Ы ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙН ИХЭНХ ХУВЬ ТАЙЛАНДАД ТӨВЛӨРЧ БАЙНА
Тайланд бол эдийн засгийн ирээдүйтэй орны тоонд зүй ёсоор багтана. Улсынхаа төсөвт даацтай хөрөнгө оруулж байгаа салбар нь ч олон. Зүүн өмнөд Азидаа эдийн засаг, худалдааны төв, үйлдвэрлэл, тэр дундаа хөнгөн үйлдвэрлэл болох хоол хүнсний салбар хурдтай хөгжиж буй. Уул уурхайн салбараас нь ч сүүлийн жилүүдэд улсдаа оруулах хөрөнгө оруулалт огцом нэмэгджээ. Түүнчлэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбар ч даацтай хөрөнгө оруулалтыг улсынхаа төсөвт оруулж байна. Тайландын уламжлалт эмчилгээ гэхэд олон улсад алдартай.
Тайланд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн 200 улсаас 33-т жагсдаг. Худалдан авах чадварын хувьд 22-т ордог хүчтэй орнуудын нэг. Эдийн засгийн хөгжил нь жилд 3-4 хувиар тогтмол өсч байна. Цаашид энэ тоог 4-5 хувь болгоход асуудалгүй хэмээн тус улсын төрийн албаныхан үзэж байна. Аж үйлдвэрийн салбар жилийн 20 хувийн өсөлттэй бол хөдөө аж ахуй 11 хувьтай гэж байна. Үүний араас аялал жуулчлалын салбар шил даран 10 хувиас дээш өсөлтийн прогнозыг харуулж байна.
Эдийн засгийн хөгжлөөрөө толгой цохин урагшилж буйн үндсэн шалтгаан, гол хүчин зүйлүүдийн нэг Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы тэргүүлэгч орон Тайланд юм. АСЕАН-ыг анх 1961 онд үүсгэн байгуулалцсан таван орны нэг. Нэг үгээр Тайландын гадаад бодлого одоо АСЕАН-д чиглэж, тэр хэрээр АСЕАН-ы худалдааны эргэлтийн ихэнх хувь Тайландад төвлөрч байна.
Тайландын экспортын бүтээгдэхүүнийг цагаан будаа тэргүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил 10 гаруй хувьтай байгаа энэ орон цагаан будааны гол үйлдвэрлэгч. Хэдийгээр тариачдынхаа асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадаагүй, ченжийн систем ноёлж байгаа ч улсдаа оруулж байгаа хөрөнгө оруулалт нь даацтай юм. Түүний дараа элсэн чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, компьютер, машины эд ангийн экспорт топ бүтээгдэхүүнүүд болж байна. Сүүлийн жилүүдэд Тайландын хойгт байгалийн хий, газрын тосны орд илэрсэн нь уул уурхайн хөгжилд огцом хөгжил авчирч буйг ч харж болно.
Тайланд манайхны адил буддын шашинтай ард түмэн. Одоо тус улсынхан шашны чиглэлд ихээхэн анхаарч байгаа аж. Тай үндэстний шашин шүтлэг, буддын шашны олон гайхамшигт үзүүштэй сүм хийд, байгууламжууд жуулчдыг эрхгүй татаж байна. Гадаадад ч буддын шашныг түгээн дэлгэрүүлэхийг зорьж, гадаадад амьдарч буй тай үндэстнүүдэд зориулсан сүм хийд байгуулж, лам хувраг илгээдэг юм байна.
“ЗЭЭЛ БАГА ТАВЬ, МӨНГӨ ИХ ХУРАА”
Тайланд үргэлж ийм эдийн засгийн сэргэлттэй, хүчтэй өсөлттэй явсан уу гэвэл үгүй аж. 1997 онд эдийн засгийн томоохон хямралд оржээ. Валютын зээл хэтэрч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унажээ. Засгийн газрын зүгээс банкуудын үйл ажиллагааг чөлөөлж мөнгөн тэмдэгт худалдаж авах эрхийг чөлөөтэй нээж өгснөөр хямралыг давсан түүхтэй. Түүний дараагийн томоохон хямрал 2008 онд тохиожээ. Энэ удаад өмнөхөөсөө сургамж авсан Засгийн газар хохирол багатай даван туулсныг бидний сургалтын багтай уулзсан дипломатууд ам нэгтэйгээр онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх хямралаас сургамж авч, “Зээл бага тавьж, хадгаламж их хэмжээгээр бий болгох” төлөвлөгөө боловсруулсан гэж байна. Мөн улсын төсөвт хөрөнгө оруулах зөвхөн нэг салбарыг голлох бус, солонгоруулсан нь онцгой үр дүн өгчээ. Ингэснээр нэг салбар уналаа гэхэд өөр салбар руу маневар хийдэг нь эдийн засгийг бат бөх бааз суурьтай болгодог гэж тэд одоо олон улсад зөвлөж байна.
МОНГОЛ УЛС ТЭДЭН ШИГ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
Тайландын хөгжлийн тухай бичээд ингээд байвал дуусахгүй. Гадаад харилцааны яамны ажилтнууд, бидний сэтгүүлч нөхөд мэргэжлийн сургалтад суухаас гадна тус улсын хөгжил, яаж түүнд хүрсэн арга замыг ам уралдан асууж явсан. Мэдээж Монгол Улс маань ингэж хөгжих боломж байна уу гэсэн “нууц” асуулттай. Зүүн өмнөд Азидаа хөгжлөөрөө тэргүүлж Тайландтай түншийн харилцаагаа уламж баталгаажуулах ажил л бидэнд дутагдаж байна. Мэдээж хоёр улс төр, эдийн засгийн найрсаг харилцаатай. Тийм ч учраас жилд Тайландаас манай улсад нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байна. Тайландад одоогоор 50 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг. Монгол орны талаар тус улсынхан тэр бүр нарийн мэдээлэлгүй. Тайландаас хөрөнгө оруулалт татах, сайн түнш болохын тулд Монгол Улсаа сурталчлах ажил чухал гэдгийг тус улсад Монгол Улсаас суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн онцолж байлаа. Үүний тулд томоохон ажлууд зохион байгуулж байгаагаа ч ярьсан юм.
Тайландын гадаад бодлогыг “Бүгдэд нээлттэй, бүгдэд найрсаг” гэж албаны хүмүүс нь тодорхойлсон. Энгийн, гүн гүнзгий ач холбогдолгүй гэж харагдах ч үүний цаана тус улсын оновчтой, зөв бодлого, хариуцлага, хөдөлмөрч байдал, найрсаг харилцааг эрхэмлэж ирсэн нь өнөөдрийн Тайландыг бий болгосон нь гарцаагүй.
Тайланд шиг аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж Монгол Улсад бүрэн дүүрэн бий. Нэг л салбараас хараат хэмээн чичлүүлсээр ирсэн уул уурхайг одоогийнхоос ч илүү өгөөжтэй болгох боломжтой. Гэхдээ Тайланд шиг хөгжлийн салбарыг солонгоруулсан бодлого бидэнд илүүдэхгүй. Зөв оновчтой, алсыг харсан бодлого хэрэгжүүлж эдийн засгаа бат бөх суурьтай болгож чадвал эдийн засгийн хямралын өмнө дахин сөгдөхгүй билээ.