2560 онд очоод ирлээ

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

2560 онд очоод ирлээ. Бүр номын дуу сонсоод ирэв. Тайландад эдүгээ 2560 оны нэгдүгээр сар тохиож байна. Цаг тооллоороо ч, хөгжлөөрөө ч түүчээлж яваа тус улсад богинохон хугацаанд ч болов сурч боловсорно гэдэг завшаантай хэрэг байв.

“Тэртээ 800 жилийн өмнө Монголын эзэнт гүрэн Камбожийн эзэнт улсыг дайлаар мордож эзлэхэд тус улсын харъяанд байсан улс, үндэстнүүд бутарч заримд нь сэргэн мандах боломж нээгдсэн. Түүний нэг нь Тайландын вант улс. Манай хоёр улс эрт үеэс түүхээр холбогдсон” хэмээн доктор, профессор Anek Laothamathas ярив. Тэрээр Тайландын шилдэг сургууль “Рангсит” олон улсын их сургуулийн профессор. Түүний ярьснаас монголчууд тай үндэстэнд сэргэн мандах, бүр цаашилбал одоогийн тусгаар тогтнолоо олох гүүр нь болжээ гэж мөхөсхөн ойлгогдохоор.

Тэгвэл түүхийн эрт цагийн учир холбоо эргэж Тайландын вант улс Азийн тэргүүлэгч улс болтлоо хөгжиж, Монгол Улсад жилдээ нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байна. Цаашилбал, үүнээс ч илүү хөрөнгийг тус улсаас татаж, Монгол Улсын хэтийн сайн хамтрагч болох өргөн гарц өнөө хэр нээлттэй байгааг саяхны хэдэн өдөрт бүр тодоор харав.

Гадаад харилцааны яамны санаачлагаар бидний хэдэн сэтгүүлчид тус яамны мэргэжил нэгт нөхөдтэй Тайландыг зорьж номын дуу сонссон юм. Энэ үеэр л мэргэжлийн өвчин хөдөлж хүний нутгийн хөгжлийг сонжиж, бид юуг нь авч, шингээж болох тухай бодсоор явсан нь энэ юм.

Тайланд бол эдийн засаг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд гээд улсдаа хөрөнгө оруулдаггүй салбар бараг үгүй. 

 

144 МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН БЭЛТГЭДЭГ “РАНГСИТ”

Тайландын Засгийн газрын Хөгжлийн хөтөлбөрийн дагуу “Тайка” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр дипломат шугамаар монгол залуус мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх болсон билээ. Харин энэ удаа сургалтын багийнхан сэтгүүлчдээр солигдож, “Дипломат харилцаа ба олон улсын сэтгүүлзүй” сэдвээр Тайландын төр засгийн өндөр албан тушаалтнууд, “Рангсит” их сургуулийн гадаад харилцааны салбарын эрдэмтэн профессорууд, мөн сэтгүүлзүйн мэргэжлийн багийнхнаас туршлага судалсан юм.

“Тайка” олон улсын байгууллага Тайландын хувийн хэвшлийн хамгийн том сургууль болох “Рангсит” олон улсын их сургуультай хамтран сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Дашрамд дурдахад, “Рангсит” сургууль нь 144 мэргэжлээр оюутан бэлтгэдэг, Тайландын гадаад харилцаа, дипломат албанд ажиллагсдын 70-80 хувь тус сургуулийн төгсөгч юм билээ.

Тайландад хэвлэл мэдээллийн салбар нь хэрхэн ажилладаг, тэр дундаа улсын дипломат харилцаанд сэтгүүлчид ямар нөлөөтэй, эсрэгээрээ дипломат ажилтнууд хэвлэл мэдээллийн салбартайгаа хэрхэн ойлголцдог, ямар хүндрэл бэрхшээл гарч түүнийг яаж давдаг тухай гадны жишгийг сонирхуулъя.

Тайланд бол Үндсэн хуульт вант улс. Төрийн тэргүүн нь үе залгамжилсан ван болдог. Хаан, хааны гэр бүлийг улс даяар машид хүндэтгэнэ. Төрийн гүйцэтгэх дээд байгууллага нь Ерөнхий сайдын тэргүүлдэг Засгийн газар. Төрийн эрхийг цэргийн хүчээр аваад удаагүй байгаа энэ үе. Ер нь төр засгийнх нь тогтолцоо манайхаас эрс ялгаатай тус улсад хэвлэл мэдээллийн салбар нь хаалттай, хараат байдаг болов уу гэж хэн бүхэн бодохоор юм билээ. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг орон гэдгийг Засгийн газрын Хэвлэлийн албаны дэд төлөөлөгч Weerachon Sukontapatipak, Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий захирал Sek Wannametee нарын ярианаас тодорхой байв.

 

“ШЕЙР ХИЙХЭЭС ӨМНӨ БОД, ШАЛГА”

Тайланд 68 сая орчим хүн амтай. 3000 орчим сэтгүүлч төрийн болон хувийн хэвшлийн телевиз, сонин, радиод нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг аж. Засгийн газрынханд тулгарч байгаа асуудал бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний шүүмжлэлт нийтлэл, нэвтрүүлгээс илүү сошиал орчин болсон байна. Яг манайхтай адил. Угаас сошиал сүлжээ Тайланд, Монгол гэлтгүй дэлхий дахинд шинэ давалгааг бий болгож, тэр хэрээр эерэг, сөрөг нөлөөг хүчтэй мэдрүүлсээр байна. Сошиал орчинд түгээж буй сэтгэгдэл, мэдээлэл мөн л үнэн эсэх нь батлагдаагүй, зохион байгуулалттай, хэн нэгний нэр хүндэд халдсан гээд өнөөдрийн манай улсад тохиож буй асуудал хилийн чанадад, Тайланд ч өрнөж байна. Хор уршиг нь ч адил. Харин тэдний тэмцэж буй арга ихээхэн сонирхолтой юм. “Худал мэдээлэл түгэхэд буцааж сэргээхэд маш хүнд. Тиймээс бид сошиал медиагийн хурдаар ажиллах шаардлагатай болж байгаа” гэж Засгийн газрын Хэвлэлийн албаны дэд төлөөлөгч ноён Weerachon Sukontapatipak ярив. Засгийн газрынхаа зүгээс өнгөрсөн жилээс “Шейр хийхээс өмнө бод, шалга” гэсэн кампанит ажил санаачлан өрнүүлж, телевиз, сониныхон дэмжсэнээр гайхалтай үр дүн үзүүлж байгааг тэрээр хэлсэн. Тухайлбал, сошиал орчинд хандив цуглуулах аян өрнүүлдэг тохиолдол олон ч түүний ард ашиг хонжоо хайгчид их байдаг гэнэ. Яг ийм мэдээллийн мөрөөр телевиз, сонингийн сэтгүүлчид сурвалжлан хэрэгтнүүдийг илрүүлсэн тохиолдлууд байдаг ажээ. Үүний зорилго нь сошиал орчинд түгээгдэж байгаа мэдээлэл бүр баттай, үнэн байдаггүйн жишээ. Түүнчлэн иргэддээ үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд “Hot line” утасны үйлчилгээг ажиллуулдаг юм байна. Иргэд эргэлзсэн, үнэнийг эрсэн мэдээллээ уг утсаар холбогдон лавлаж, баталгаажуулах зорилготой гэнэ. Бас л үр дүнгээ өгч буй ажил ажээ.

 

СЭТГҮҮЛЧИД ТАЙЛАНДАД Ч ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛ

 

Хэвлэл мэдээллийн салбар Тайландад ч дөрөв дэх засаглал. Засгийн газар, яам, Тамгын газар гээд төрийн бүхий л байгууллагууд хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд тун их ач холбогдол өгдөг. Засгийн газрын хэмжээнд ч гэхэд үүнд байнгын мониторинг хийдэг гэж байна. Гэхдээ хэвлэлийнхнийг хараат, өөрсдийнхөө эрхшээлд байлгах гэж бус, хэвлэлээр гарч буй мэдээлэлд унахгүйн тулд хариу тайлбар бэлтгэх, буруу  ташаа мэдээллийг залруулах боломжтой. Тайландын Гадаад харилцааны яамны хувьд ч хэвлэл мэдээллийн мониторингийн баг өдөр бүр ажилладгийг тус яамны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий захирал Sek Wannametee хэлсэн юм. Тухайн улсын өнгө төрх, гадаад харилцааг хэвлэлээс нь тольддог хэмээн Тайландынхны хувьд энэ салбарт ихээхэн ач холбогдол өгдөг ажээ. Энэ тухай ноён Sek Wannametee “Бидний хувьд хэвлэл мэдээллийн салбартай нягт холбоотой ажилладаг. Тэдний хүссэн мэдээллээр хангах нь хамгийн чухал. Тухайлбал, манай улсад олон улсын томоохон арга хэмжээ боллоо гэхэд 2-3 сарын өмнөөс мэдээллийн төв байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгч эхэлдэг. Ер нь гадаад харилцааны салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн хоёул нэгдсэн зөв ойлголттой байх нь олон нийтэд зөв мэдээлэл хүрч, тэр хэрээр тухайн улсын нэр хүндэд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн дотоодын сэтгүүлчдээс илүү гадаадын сэтгүүлчидтэй хамтрахад тийм ч амар биш. Гэхдээ бид найрсаг харилцааг эрхэмлэж тэдэнтэй нээлттэй байхыг хичээдэг” гэсэн юм. Тайландад одоогоор 500 гаруй гадаадын сэтгүүлч олон улс руу мэдээ, мэдээлэл цацаж байна.

Үргэлжлэл бий. 

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

6 цаг 10 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

6 цаг 15 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

10 цаг 49 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

10 цаг 49 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17