Н.Энхбаяр: Шинэ Үндсэн хуулиа боловсруулан баталж даган мөрдөх нь бидний гарц мөн

2017-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Түрүүч нь http://www.polit.mn/content/85792.htm

“JСI Прогресс” салбар байгууллагаас зохион байгуулдаг Монгол Улсын хөгжлийн гарц IX цуврал уулзалт энэ сарын 16-ны өдөр болсон юм. Уулзалтын зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож Монгол Улсын хөгжлийн гарц гаргалгааны талаар лекц уншсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголчууд нүүдэл­чин үндэстэн. Олон жилийн турш бэлчээрийн мал аж ахуй эрхэлж малынхаа үр шимийг хүртэж, сайн сайхан амьдарч ирсэн түүхтэй.

Тэр утгаараа одоогийн Үндсэн хуульд мал төрийн хамгаалтад байна гэсэн заалтыг оруулсан байдаг. Гэв төр малаа бодитой хамгаалж чадаагүй. Жишээлбэл, 1998 онд Мал эмнэлгийг хувьчилснаас болоод малчид малаа эмнэлгийн үйлчилгээнд хамруулж чаддаггүй. Махаа бусад оронд экспортлоё гэхээр тэндхийн мал эмнэлгийн шаардлагад нийцдэггүй. Тэгэхээр Үндсэн хууль хэрэгжихгүй байна.

Тэгвэл шинэ Үндсэн хуульд заавал байх ёстой, бүр төрийн хамгаалалтанд байсан шиг байна хэмээн тусгах ёстой субьект бол монгол хүн юм. Монгол хүнийг төрийн хамгаалалтад оруулъя. Ингэж байж Монголын Үндсэн хууль монгол хүнд үйлчилнэ. Шинэ Үндсэн хуулийн гол тулгуур зарчим бол “Монгол Хүн төрийн хамгаалалтанд байна” гэсэн зарчим мөн.

Ардчилсан оронд төр засаг зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийх үүрэгтэй, харин хувь хүн хуулиар хориогүйг хийх эрхтэй. Энэ хоёр том зарчим хоорондоо уялдаатайгаар үйлчилдэг. Үүнийг “Шаазангийн дэлгүүрт орсон заантай адил битгий бай” гэж жишиж ярьдаг.

Заан шаазангийн дэлгүүрт ороод санамсаргүй сүүлээрээ нэг шарвах юм уу, хошуугаа нэг эвгүй хөдөлгөхөд л тавиур дээрх шаазан тэр аяараа хагардаг. Харин нэг л эвгүй эргэх юм бол тэр дэлгүүр нурна. Тэгэхээр төр засгийг заантай зүйрлүүлж, улс орноо шаазангийн дэлгүүр гэж бодвол төр эвгүй алхам хийхэд улс орон шаазан шиг хага үсэрнэ гэсэн үг. Тиймээс төр засаг зөвхөн хуулиар зөвшөөрсөн хил хязгаарын дотор эргэлдэх ёстой. Ингэж байж төр цэгцтэй, сайн ажиллаж, эрх мэдлээ хэтрүүлэхгүйгээр ард түмэндээ үйлчилнэ. Гэтэл манай төр бизнес рүү хутгалдаж, хээл хахуульд идэгдэж, бохир муу зохицуулалттай байгаа учраас манай улс хямарч байна.

 

ҮНДСЭН ХУУЛИА ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨН ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ БОЛСОН

 

Сүүлийн үед төр засаг өөртөө ашигтай хууль гаргаж, өөртөө давуу байдал бий болгох ажлыг хийж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн  төсөлд МАН-аас нэр дэвшсэн хүнийг л сонгохоос өөр аргагүй заалт хийж байна. Энэ бол хууль тогтоох эрхийг, ардчилсан зарчмыг дэндүү бүдүүлгээр зөрчиж байгаа увайгүй үйлдэл. Төр өөрөө шударга байх ёстой. Үндсэн хуулинд төрийн ажиллах үндсэн зарчим бол шударга ёсыг баримтлах гэж тогтоосон байгаа. Шударга ёс гэдэг нь бүгдээрээ ижил тэгш эрхтэй байна гэсэн үг. Аль нэгэн хүн, эсхүл нам, эсхүл байгууллагад давуу байдлыг бий болгож болохгүй. Гэтэл өнөөдөр харамсалтай нь нэг хүн, эсхүл нэг намд давуу байдлыг бий болгох гэж улайм цайм зүтгэж байна, үүнийгээ хуулийн нэр барьж зөвтгөх гэж оролдож байна. Ийм байдлыг Үндсэн хуулиар хориглох эрхтэй. Аль нэгэн давуу байдлыг бий болгох гэж оролдсон хуулийг хэлэлцэхгүй, батлахгүй гэж шинэ Үндсэн хуульд оруулах ёстой. Ингээгүй цагт төр засаг эрх мэдлээ хэтрүүлсэн хэвээрээ, шударга бусын илэрхийлэл болсон хэвээрээ, ард иргэд нь хохирсон хэвээрээ байх болно.

Би энд олуулаа хамтран боловсруулж, төсөл дээр нь ажиллаж байгаа хуулийн төслийн зарчмуудыг ярьж байгаа юм шүү. Одоо бид Үндсэн хуулиа үндсээр нь өөрчлөн хувьсгал хийх цаг болсон.

Жишээлбэл, сая солонгосууд ард түмэн төрийн эрх яаж барьдаг болохыг харууллаа. Пак Гын Хэ Ерөнхийлөгч ба түүний ойр дотно харьцаатай хүмүүс төр засгийн үйл ажиллагаа явуулахдаа Солонгосын Үндсэн хуулийг зөрчсөн, хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг олж мэдмэгцээ, үүнийг зөвшөөрөхгүй гэж  саналаа илэрхийлж, жагсаал цуглаан хийж, дэнлүү, лааны гэрлийн /candlelight/ хувьсгал хийлээ. Солонгос хүмүүсээс энэ тухай нь асуухад ихэд бахархалтайгаар “Солонгосын ард түмэн хуулиа баримталдаг, хуульдаа яг юу гэж бичсэн түүгээрээ явдаг. Төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж Үндсэн хуульдаа заасан учраас түүгээрээ болсон” гэж тайлбарлаж байна лээ.

Тэгэхээр төр засгийн эрх мэдэл ард түмний гарт үргэлж байдаг бол албан тушаалтнуудын эрх мэдэл түр хугацаатай юм. Тэд та биднийг төлөөлөх л эрхтэй. Та биднийг төлөөлж байгаа албан тушаалтан ажлаа муу хийвэл ард түмэн тэднийг хугацаанаас нь өмнө огцруулж болно. Үндсэн хуулийг ягштал баримтална гэдэг энэ юм.

Германы XX зууны түүхийг та бүхэн мэднэ. Фашист Герман байгуулагдаж, Гитлер засгийн эрхэнд гарч, дайн дажин дэгдээж, олон сая хүний амь насыг хохироосон. Харамсалтай нь Германы ард түмэн ийм аймшигт замыг туулсан учраас Үндсэн хуульдаа дайны дараа буюу 1949 онд “Үндсэн хуулийг зөрчиж, хуулийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэж байгаа албан тушаалтан, байгууллагын эсрэг тэмцэж болно” гэсэн өөрчлөлт оруулсан.

Бид бас нэгэн адил энэ чухал зарчмыг шинээр Үндсэн хуулиндаа оруулах ёстой гэж бодож байгаа. Тэр нь заавал цуст тэмцлийг дэмжиж байгаа хэрэг огт биш.  Харин солонгосуудтай адилхан жагсаал цуглаан хийж огцруулаад, дахиад Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн үг.

Үндсэн хуульд “УИХ-д суудалтай намууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно” гэсэн байдаг. Энэ бол учир дутагдалтай заалт.

Үндсэн хуульд засгийн эрх барьж байгаа утгаар нь аваад үзвэл МАН нийт сонгогчдын 44 хувийн санал авсан мөртлөө УИХ дахь суудлын 85 хувийг дангаараа авсан. АН нийт сонгогчдын 34 хувийн санал авсан ч УИХ дахь суудлын ердөө 12 хувийн суудлыг авлаа. МАХН бол нийт сонгогчдын 10 хувийн санал авсан ч УИХ дахь суудлын ердөө л 1.2 хувийн суудал авсан байдаг. Энэ бол сонгогчийн саналыг үнэгүйдүүлсэн, “хогийн тантан”-д хийсэн, сонгогчийн санал УИХ-ын суудал хуваарилтад шударгаар тусдаггүй сонгуулийн буруу тогтолцооны гажуудал. Тиймээс бид шинэ Үндсэн хуульд “50.000 хүнээс дээш гарын үсэг цуглуулж чадсан хүн УИХ-д суудалтай намыг төлөөлөөгүй ч Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй” гэсэн заалт нэмж оруулахаар ажиллаж байна. Учир нь хүний сонголтыг тулгаж “чи энэ хүнд санал өгч болохгүй, харин энийг сонго, өөр сонгох хүн байхгүй” гэж болохгүй.

Үлгэрлэвэл бүх давсны бизнесийн өрсөлдөөнийг хаачихаад Орос, эсхүл Хятад давс л байна, авбал ав, боливол боль гэж тулгавал хүн хамгийн чанаргүй давс ч байсан авахаас өөр аргагүй байдалд орно. Ардчилал үүнийг хориглодог. Тэр утгаараа аливаа сонгуулийн тогтолцоо шударга байх ёстой гэдэг үүднээс хандаж, шинэ Үндсэн хуульд “Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч байхгүй бол сонгуулийг хүчингүйд тооцно” гэсэн заалт хийж өгөх ёстой. Тэгэхгүй бол ингэж янз янзаар зохицуулсаар байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэг л хүн нэр дэвшинэ. Тоглоомын өрсөлдөгчөө сугадсан байж болно. Гэхдээ өөртөө зориулж ашигтай зохицуулалт хийж, давуу байдалтай болсон учир өөрийгөө сонгогчдод тулгаад л сонгогдоно гэсэн үг. Тэгээд л Ерөнхийлөгч болно. Сонгууль гэдэг нь хоёроос доошгүй тооны хүүхэлдэйнүүд биш, харин жинхэнэ нэр дэвшигчид байж сонгогдохыг хэлнэ. Энэ зарчмыг шинэ Үндсэн хуульд тусгахаар бодож байна.

 

МОНГОЛ УЛС БУСДААС ЗОЖИГРОХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БОЛЖ БАЙГАА НЬ ИХ БУРУУ

 

 “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэж хэлсэн байдаг. Энэ бол зарчмын хувьд том алдаа. Төрийн эрх мэдэл гурван хэсэгт хуваагдах ёстой гэж онолын хувьд үздэг. Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох, Шүүх гэж. Тэгтэл УИХ төрийн эрх барих дээд байгууллага гээд заачихсан учир шүүхээсээ ч дээр, гүйцэтгэх засаглалаасаа ч дээр данхайсан том байгууллага бий болчихоод дарангуйлаад суугаа юм. Бүх эрх мэдлийг өөрийнхөө дор хумисан байгаа. Энэ бол ардчилсан биш Үндсэн хууль юм. Тиймээс бид энэ байдлыг засч, онолын дагуу төр засгийн эрх мэдлийг тэнцүү гурван хэсэгт хуваах ёстой. Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох засаглал, Шүүх засаглал ижил тэгш эрхтэй байх ёстой. Гурвуулаа нэгдэж байж төрийн эрх мэдэл гэсэн цогц ойлголтыг бүрдүүлэх юм.

Монгол Улс дэлхийд хүндлэгдсэн улс орон байхын тулд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байх ёстой. Тухайлбал, Солонгосын Үндсэн хуульд “Энх тайванч бодлогыг хэрэгжүүлж, бусдын эсрэг цэрэг зэвсгийн үйл ажиллагаа явуулахгүй” гэж оруулсан байдаг. Энэ бол маш чухал заалт. Одоо дэлхийд тухайн орон олон улсын хамтын нөхөрлөлийн нийгэмлэгт үүргээ биелүүлж чадаж байна уу, үгүй юу гэдгийг индексээр тогтоодог болсон. Манай Монгол Улс энэ индексээр сүүл мушгиж байгаа. Бид ганц асуудлаар л харьцангуй дээгүүр байр эзэлдэг. Тэр нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог явдал.

Бусдад туслахдаа, сайн санааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох талаасаа маш муу. Сүүлийн үед Монгол Улс бусдаас зожигрох эрмэлзэлтэй болж байгаа нь их буруу. Би өөрсдөө л хохирно. Энэ тухай Далай лам Монгол, Төвдийг шижин нэгэнтээ ярьж байсныг сонирхуулья.

1911 онд Хятадад Шинхайн хувьсгал ялж, Чин Улсын хүч суларч түүний хамааралд  байсан улс орнууд тусгаар тогтнолоо зарлажээ. Тэгээд 1913 онд тусгаар тогтносон гэдгээ баталгаажуулахын тулд Монгол, Төвд хоорондоо гэрээ байгуулсан байгаа юм.

Октябрын хувьсгал ялсны дараа Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд нээлттэй байхаас айгаагүй. Олон улсын харилцаанд маш идэвхтэй оролцож эхэлсэн. Яваандаа социалист гэгдэх орнуудын бүлэглэлд багтан орсон. Дараа нь эвсэлд үл нэгдэх орнуудын бүлэглэлд орсон. Эвсэлд үл нэгдэх орон гэхээр Энэтхэг, Индонези гэх зэрэг орнууд байсан.

Ийм өргөн хамтын ажиллагаанд Монгол улс орохоос айгаагүй. Тэр сонгосон зам нь амар, дардан байгаагүй. Гэхдээ ингэж явсаар бид тусгаар тогтносон улс орон гэдгээ баталгаажуулж 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан.

Харин Төвдүүд сүм хийддээ номоо уншаад, бурхандаа мөргөж хувь заяагаа даатгаад, чойжин буулгаад, хэлсэн үгийг нь бичиж аваад, тэрийгээ Далай лам юм уу, өөр том ламаар тайлбарлуулж, тэрнийхээ дагуу амьдраад, зожигроод байж. Нэг мэдэхэд Төвдийг мэддэг ч хүнгүй, өмгөөлж хамгаалдаг ч газаргүй болж, Төвд тусгаар тогтнолоо алдсан гэж ярьдаг юм билээ.

Тиймээс улс орон бусдаас тасарч зожигролгүй олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь маш чухал. Хувь хүн ч адил. Зөвхөн өөрийгөө, амин хувиа, эрх ашгаа бодоод суугаад байвал яваандаа хэн ч тоохоо болино. Хэрэв хамт олон дундаа ороод нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоод байвал чамайг мэддэг болно, хүмүүс хүндэтгэнэ, хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь манай эрдэмтэн мэргэд төвдүүд шиг чимээгүй байгаад байх юм. Уг нь миний ярьж байгааг би биш тэд яриад зогсож байх ёстой байхгүй юу. Үзэл бодлоо илэрхийлж, буруу зөвийг ярихыг улс төржинө гэж боддог бололтой. Улс төржилт биш шүү дээ. Мухардалд орсон улс орныхоо гарцыг бүгд ярих ёстой.

Үр дүнд нь улс орон ч хөгжихгүй, нөгөө эрдэмтдийг ч мэдэж байгаа хүн алга. Тэр эрдэмтэн өөртөө зориулж судалгаа хийж, төсөл бичиж түүндээ Засгийн газраас санхүүжилт авахыг л бодож явдаг. Заримдаа тэгж зожигорсоор байгаад судалгаа нь хүртэл шал утгагүй болчихсон байдаг. Жишээлбэл, би Ерөнхий сайд байхдаа бүтэн үхрийн махыг хамгийн оновчтой эвдэхэд нурууных нь VI нугаламынх нь хажуугаар зүсэж эвдэx үү, VII нугаламынх хажуугаар огтлох уу гэдгийг судлаад аль үеэр нь ч зүссэн адилхан гэсэн дүгнэлт гаргасан эрдэмтний судалгааг үзэж явлаа.

Ерөөсөө эрдэмтэд дуугүй болчихоор мэдлэг боловсрол дутуу дулимаг хүмүүс эр зоригоо гайхуулан бүхнийг мэдэгч болон гарч ирж байна.

Сүүлдээ баахан бөө удган гарч ирж, Засгийн газрын гишүүн нь Тэнгэрийн зарлиг буулгана. Ингэж арчаагүй амьдарч болохгүй. Үндсэн хуулиа дагаж мөрдөхийн оронд нэг хүний зарлиг буулгасан гэх юмыг даган будилж, ингэж амьдарснаараа бид маш их хямралт байдалд орсон байна. Ингэж будилан төөрч байгаа нь хэн нэг хүний буруу гэхээсээ илүү нийт монголчууд та бидний буруу юм. Одоо үүнийгээ өөрсдөө засъя, хамтдаа засъя. Шинэ Үндсэн хуулиа боловсруулан баталж даган мөрдөх нь бидний гарц мөн.

 

БАЙГАЛИЙН БАЯЛАГ БОЛ ДУНДЫН БАЯЛАГ МӨН

 

Монголчуудын хамгийн том асуудал бол байгалийн баялаг. Сүүлдээ байгалийн баялаг бараг байхгүй солонгосчууд биднээс давуу харагдаж байна. Тэдэнд бидэн шиг булаацалдах юм байхгүй учир хөдөлмөрлөхөөс өөр арга байхгүй. Харин монголчууд бид алт, мөнгө, зэс, нүүрсний ордтой. Булаацалдсан юм хэзээ ч нийтийн эрх ашигт үйлчлэхгүй. Албан тушаалтан юм уу, танил талын халаасанд орох юм уу, төрийн өмчид байх гэсэн сонголтыг л ярьдаг. Миний бодлоор энэ хоёр шийдлийн аль нь ч учир дутагдалтай. Том ордыг төрийн өмчид өглөө гээд тэр орд өмчлөлийн хувьд харьцангуй баталгаатай болж магадгүй. Гэхдээ үр дүнгийн хувьд учир дутагдалтайгаар захиран зарцуулагдана. Хээл хахууль, буруу менежмент, технологийн хоцрогдол, тоног төхөөрөмжийн элэгдэл гээд маш олон асуудал төрийн өмчтэй холбоотойгоор гарч ирдэг. Хувьд өгнө гэхээр ард түмний өмчийг нэг хүн юм уу, нэг хэсэг хүмүүс зөвхөн өөрсдийн хэрэгцээнд өмчилж болохгүй.

Тэгэхээр энэ асуудлыг зөвөөр шийдэхийн тулд дундын хувилбар олох ёстой. Үндсэн хуульдаа байгалийн баялаг бол “Дундын баялаг” гэж зарлах ёстой. Учир нь хүн бидний хэний ч оролцоогүйгээр олон сая жилийн өмнөтэр баялаг бий болсон. Тиймээс Монголын ард түмний дундын баялаг. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан нэр томъёо.

АНУ-ын Индиана­гийн Их сургуульд багшилдаг Элеонор Острём гэдэг анхны эмэгтэй эдийн засагч эрдэмтэн байсан. Тэр хүн “дундын баялаг” гэсэн судалгаа хийсэн байдаг. Хүний оролцоогүй бий болсон баялгийг “Дундын баялаг” гэж нэрлэе. “Дундын баялаг”-ийг нийтийн дунд нь өмчлүүлэн эзэмшүүлж ашигладаг болъё гэсэн судалгаа хийснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн юм.

Яг энэ зарчмаар шинэ Үндсэн хуульдаа бид “Байгалийн баялаг бол дундын баялаг мөн. Дундын баялгийг захиран зарцуулахыг зөвхөн ард түмний санал асуулгаар шийддэг байх” зарчмыг суулгах нь хамгийн зөв болно. Ингэж чадвал бид 27 жилийн дараа ашгаа өгч эхэлдэг, ногдол ашгаа хуваарилж эхэлдэг төслийн гэрээ байгуулаад сууж байхгүй болно. Тийм муу гэрээ байгуулсныхаа төлөө манай зарим улстөрчид ард түмэндээ биш гадаадынханд үнэлэгдэхээ илүү гэж бодоод байна. Зарим нь тэгээд ийм гэрээ хийчихээд сонгуулийн сурталчилгааны материал дээрээ өөрийгөө магтаж бичсэн байсан. “Мангар зоригтой” гэж. Монголын ард түмэнд хортой, Засгийн газарт хохиролтой зориг биш харин мангар алхам байхгүй юу. Тийм учраас байгалийн баялгийг “дундын баялаг” болгоё гэсэн саналыг шинэ Үндсэн хуулийн төсөлд оруулж байгаа юм.

Байгалийн баялагтай холбоотой бас нэг зүйл бол “Голланд өвчин” гэсэн ойлголт байдаг. Тэр нь байгалийн баялагтай оронд уул уурхайтай холбоотой үйлдвэрлэл хөгждөг, бусад үйлдвэрлэл нь цохигдоод хоцрогддог. Энэ байдал анх Голландад мэдэгдсэн учраас “Голланд өвчин” гэсэн нэртэй болжээ. Ийм өвчин тусчих вий гэж бусад улс орнуудад анхааруулдаг. Тэгвэл харамсалтай нь Монголд, Африкийн олон оронд “Голланд өвчин”-ий дараагийн үе шатны хувилбар болох “Африк өвчин”, “Монгол өвчин” гэх шинэ нэр томъёо гарч ирж байна. Байгалийн баялаг нь зөвхөн эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх бус, байгалийн баялгийн төлөөх тэмцэл Монголын улс төрийг, намуудыг устгачихлаа. Байгалийн баялгийн төлөөх тэмцэл сонгуулийг луйвар болгочихлоо. Хэвлэл мэдээллийг хараат, шүүхийг даалгавар биелүүлэгч болгочихлоо. Тийм учраас бид ийм гүнзгий хямралд орсон байна. Тийм учраас энэ байдлаас гарахын тулд байгалийн баялгийн асуудлыг зөв зүйтэй шийдэхгүй бол болохгүй нь. Шийдэх гарц нь “дундын баялаг” гэж тооцох. Хүн болгон “дундын баялаг”-ын эзэн, өмчлөгч байна гэж үзэх. Заавал ард түмнээсээ асууж шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгье. Төр өмчлөх эрх эдлэхээ болъё гэсэн зарчмыг шинэ Үндсэн хуулийн төсөлд суулгасан байгаа.

 

ХЭЛ СОЁЛЫН ОРОН ЗАЙГАА ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ

 

Монгол Улсын хөгжил дэвшил 20 жил буюу урт хугацааны, дунд хугацааны буюу таван жил, богино хугацааны буюу нэг жил гэсэн цаг хугацааны үечлэлтэй хөгжлийн бодлоготой явъя гэсэн зарчмыг шинэ Үндсэн хуулийн төсөлд суулгасан. Манай Монгол шиг хоцрогдсон орон Америктай адилхан, хөгжилтэй оронтой адилхан нэг жилийн төсөв, нэг жилийн үндсэн чиглэл батлаад явах нь утгагүй юм. Яг хаана хүрч очих вэ, юугаа дайчилж хөгжих вэ, яаж ажиллах юм гэсэн тодорхой бодлого гарахгүй байгаа учраас, амьдралдаа ямар ч төлөвлөгөөгүй, зорилгогүй хүнтэй адилхан яваад байна.

Та нар сайхан залуучууд байна. Бүгд л амьдралдаа өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, дор хаяж 4-5 жилийнхийг бодсон байх. Хүсэл мөрөөдлийг дагаж төлөвлөгөө бий болдог. Гэхдээ мөрөөдөөд суух биш төлөвлөгөө гаргаж хөдөлмөрлөх хэрэгтэй.  Улс орон ч үүнтэй адил төлөвлөгөөтэй хөгжих нь чухал. Бидний мэдэх Солонгос, Сингапур, Тайланд тав, арван жилийн төлөвлөгөөгөөр, 20 жилийн алсын хараатай ажиллаад өнөөдрийн хөгжилд хүрсэн байдаг.

Манайд эсрэгээрээ төлөвлөгөөгөө орхичихсон. Ямар ч төлөвлөгөөгүй учраас өнөөдөр хэний толгойд юу орж ирнэ, түүнд нь хөтлөгдөн будлиад яваа юм. Одоо хүртэл Хятад улс таван жилийн төлөвлөгөөтэй яваад байна. Үр дүнд нь Хятад өнөөдөр хамгийн амжилттай хөгжиж байгаа орнуудын нэг, дэлхийн эдийн засгийг хямралаас татан гаргаж байгаа орон гэж нэрлэгдэж байна. Хятад хямрахаар тэнд Солонгос, энд Монгол, хажууд Орос хямарч байна. Бүр дэлхий хямарч байна. Тиймээс бид төлөвлөгөөтэй хөгжих бодлогыг шинэ Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн монгол хэлийг төрийн хэл байна гэж оруулах нь зөв. Бид өнөөдөр бусад улс орнуудаас өөрийнхөө хэл соёлоор ялгарч, түүнийгээ хадгалан хамгаалах нь маш чухал.

Хэл соёлын орон зай гэж байна. Бид олон зууны түүхтэй өв хэл соёлтой ард түмэн хэрнээ огт бичиг үсэггүй байсан юм шиг өнөөдөр крилл үсгийг хэрэглэж байгаа. Монгол бичиг, соёмбо үсэг, дөрвөлжин үсгээ хаячихсан. Нэгэнт крилл үсэг ашиглаж байгаа юм бол цаашид оюуны дархлаагаа сайжруулах, өвөрмөц дүр төрхөө хадгалахын тулд латин үсэг рүү шилжих асуудлыг бодож болох юм.

Ер нь аливаа хөрштэйгөө сайн харилцаатай байхын хажуугаар аль нэгийнх нь бичиг үсгийг авах нь тухайн үндэстний оюун ухааны дархлаанд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг. Соёлоороо уусах гэж юм бий.  Тиймээс соёлын онцлогоо хамгаалах ёстой. Үүний тулд хоёр хөршийнхөө бичиг үсгийг авах нь учир дутагдалтай гэж судлаачид хэлдэг. Монгол хэлээ хамгаалж, монгол хүн бүр эх хэлээрээ ярьж, бичиж, үргэлж хэрэглэж сурах нь чухал. Энэ хэлээрээ бид гадаад ертөнцтэй харьцдаг байх ёстой.

Энэ тухайд Сингапурт нэг сонин шийдэл олсон байгаа юм. Сингапурын төрийн хэл нь мандарин хятад, түүнчлэн англи хэл. Сингапурчууд хятад гаралтай учраас тэр хэлээ төрийн хэл хэмээн авч үлдсэн байгаа юм. Гэхдээ хятад хэлний өөр өөр дуудлагаас чухамхүү мандарин дуудлагыг нь авч үлдсэн. Тэгэхдээ Сингапур зөвхөн хятад маягаараа байх нь учир дутагдалтай гэж үзээд хамгийн түгээмэл англи хэлийг бас төрийн хэл болгосон. Ингээд сингапурчууд мандарин хятад болон англи хэлээр сайн ярьдаг болсон.

Тиймээс бид ч бас монгол хэлнийхээ хажуугаар англи хэлийг төрийн хэл болгодоггүй юмаа гэхэд төр засгийн байгууллагууд нь байнга ашигладаг болвол яасан юм бэ. Мөн хоёр хөршийнхөө хэлийг ч орхигдуулж болохгүй. Англиар бичиг хэргээ явуулна гэж биш, харин явуулж болно гэж оруулвал ямар вэ.

Монгол Улсын төрийн албан хаагч, монголчууд бид Үндсэн хуулиндаа монгол хэл бол төрийн хэл мөн гэж заавал оруулна, үүний хажуугаар бас дэлхийн хамгийн түгээмэл хэлийг мэддэг байна, төрийн албанд орохдоо давхар англи хэлний шалгалт өгч ордог байх хэрэгтэй юм.

 

МОНГОЛ УЛС ХОЁР НИЙСЛЭЛТЭЙ, ПАРЛАМЕНТ ДЭЭД, ДООД ТАНХИМТАЙ БОЛЪЁ

 

Парламент дээд танхим, доод танхим гэсэн бүтэцтэй байвал ямар вэ. Доод танхимыг Улсын Бага хуралдай гэж нэрлэе. Дээд танхим нь Үндэсний Их хуралдай болно.

Улсын Бага хуралдайд намын жагсаалтаар сонгогдоно. Үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйл гэж юм байж, улс орныг багаараа хөдөлмөрлөн зүтгэж байж аврахаас биш ганц хүн гарч ирээд өөрчилчих үлгэр домог яриад хэрэггүй биз ээ. Харин тэр багийг улс төрийн намаар дамжуулж, үзэл баримтлалтай, эрүүл саруул бодолтой, үнэт зүйлтэйгээр бүрдүүлнэ. Энэ утгаараа Улсын Бага хуралдайд намын жагсаалтаар оруулах нь зөв гээд байгаа юм.

Харин Үндэсний Их хуралдайд нам бус болон намын гишүүн нэр дэвшиж болно. Гэхдээ Үндэсний их хуралдайн гишүүн болвол нам бус болно. Мажоритари тогтолцоогоор сонгогдоно. 501 хүний гарын үсэг цуглуулаад нэр дэвшинэ. Нийт ард иргэдийнхээ дундаас нэр дэвшинэ гэсэн үг. Тэгээд сонгогдвол Үндэсний Их хуралдайд орж ажиллана.

Ийм зарчмаар Үндэсний Их хуралдайгаа цэвэр мажоритари тогтолцоогоор, Бага хуралдайгаа цэвэр пропорциональ тогтолцоогоор, дээд, доод танхимаа сонгуулийн үндсэн хоёр зарчмыг хэрэгжүүлсэн байдлаар сонговол яасан юм бэ гэсэн санал байна.

Ерөнхийлөгч бол ард түмнээсээ сонгогдоно. Тэгэхдээ Засгийн газраа тэргүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмнээс сонгогдсон гэх нөхөр Засгийн газрын ажилд ч хутгалдаад, Их хурлын ажилд ч хутгалдаад, Шүүх засаглалыг ч удирдаад ерөөсөө болохгүй байна гэж ард түмэн үзэж байгаа учраас ингэж өөрчлөх нь зөв. Ерөнхийлөгч шүүхийн шүүгч нарыг томилдгийг болиулж шүүгч нарыг сонгодог болгоё. Яг улс төрчидтэй адилхан шүүгчдийг ард түмэн сонгоно. Намтрыг нь, түүхийг нь, мэдлэг боловсролыг нь, шалгууруудыг нь гаргаж байгаад шүүгчдийг сонгодог болгоё. Ард түмнээс сонгогдсон шүүгч хараат бус ажиллана. Томилогдсон шүүгч бол томилсон хүнийхээ заавраар ажилладаг болохыг бид хангалттай харлаа. Хамгийн сүүлд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал үүний нотолгоо.

Одоо нийслэлийн асуудал үлдлээ. Монгол Улсын хөгжлийг тэнцвэртэй байлгахын тулд хоёр нийслэлтэй байж болно гэсэн зүйл оруулвал яасан юм бэ гэж бодож байгаа юм. Улаанбаатар хотоо шинэ Үндсэн хуулийн төсөлд баталгаатай оруулна. Европт шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох гурван засаглал гурван өөр хотод байдаг жишиг бий. Парламент нь нэг хотод, Гүйцэтгэх засаглал нь өөр хотод, Шүүх засаглал нь ч өөр хотод байх нь зөв юм. Тэгж бие биенийгээ хянах, нэг нь хэтэрхий их эрх мэдэл өөртөө төвлөрүүлэхгүй байх зарчим амжилттай хэрэгжих бололцоо олдоно.

Солонгосчууд ч Засгийн газрын зарим байгууллагуудаа Сөүлээс өөр тийш нүүлгэсэн байна. Тэнд энэ зарчим бас ямар нэгэн байдлаар хэрэгжиж байгаа. Тэгэхээр шинэ Үндсэн хуулийн төсөлд хоёр дахь нийслэл байж болно гэсэн зарчмыг суулгаж, улс орны хөгжлийг, засаглалуудын хоорондын харилцааг тэнцвэртэй болгох, нэг нэгнээсээ хараат байгааг салган болиулах, бие даасан хараат бус байдалд байлгахын тулд ингэж оруулах санал байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын иргэн гэж хэнийг тооцох вэ гэсэн асуулт байна. Монгол Улсын иргэн эцэг эхээс төрсөн байвал Монгол Улсын иргэнд тооцогдоно гэж орж байгаа. Гэтэл аав ээж нь хоёулаа Монгол Улсын иргэн байвал тооцох уу, эсхүл аль нэг нь иргэн байвал тооцох уу гэдэг асуудал гарна. Үүнийг ард түмэн өөрсдөө шийдэх ёстой. Гэхдээ Монгол Улсын иргэн эцэг эхээс төрсөн, аль аль нь иргэн байх ёстой гэвэл хооронд нь таслалгүй бичнэ, харин эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх нь хангалттай гэж үзвэл эцэг гээд таслал тавиад эх гэж бичнэ. Эцэг таслалгүйгээр залгуулаад эхээс төрсөн гэж бичсэн байх юм бол хоёулаа Монгол Улсын иргэн баймааж сая хүүхэд нь бас Монгол Улсын иргэнд тооцогдох юм.

Дашрамд хэлэхэд шинэ Үндсэн хуулийг гагцхүү ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах ёстой юм. Исландад 2013 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн төлөө ард түмнээсээ асуусан, интернэтийн харилцаа холбоог ашиглаж мэдээлэл авч боловсруулсан төсөл байдаг. Тэр төслийнх нь хамгийн эхний заалт бол байгалийн баялаг ард түмний өмч мөн гэсэн заалт. Ингэж Үнд­сэн хуулийн төслөө боловс­руулсныгаа тэд өөрсдөө хувьсгал гэж нэрлэсэн.

Монголд хувьсгал хийе гэвэл Үндсэн хуулийг шинээр боловсруулан батлая гэж байгаа юм. Хувьсгал бол заавал буу шийдэм барих тухай асуудал биш гэж хэлж байгаа юм.

Шүүх засаглалын хувьд бас нэг чухал зарчим бол өмгөөлөгч шүүх тогтолцоонд хамгийн гол үүрэгтэй байхаар хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоо бол прокурор хамгийн их эрхтэй, гол үүрэгтэй байгаа. Прокурор яллаад л шүүгч дагаад алх тогшдог. Өмгөөлөгч мөрдөн байцаагчаас дутуугүй, бүр илүү эрх мэдэлтэй байх ёстой. Өмгөөлөгч нотлох баримт цуглуулах эрхтэй байх ёстой. Өмгөөлөгч гомдол гаргахаас авахуулаад шүүхийн бүхий л үйл явцад гол субъект нь байх ёстой. Тэгээд шүүх бүрэлдэхүүн эхэлж хэрэгтэй танилцахгүй, зөвхөн шүүх хурал дээр талуудын хэлсний дагуу, хоёр талын мэтгэлцээнийг сонсож байгаад, өмгөөлөгчийн хэлснийг туйлын анхааралтай сонсож байгаад асуудлыг шударгаар шийддэг байх ёстой. Тэгэхийн тулд шүүгч ард түмнээс сонгогдсон байх ёстой.

Ийм зарчмуудыг суулгаад шинэ Үндсэн хуулиа хийвэл Монголд хямралаас гарах гарц бэлэн байна. Түүнээс биш зүгээр нэг бизнесийн орчинг л өөрчилье, шүүхийн тогтолцоог л өөрчилье, парламентыг, гүйцэтгэх засаглалыг, ерөнхийлөгчийг сольё, огцруулъя, орон нутгийг тэгье гээд нэг нэгээр нь яриад байх юм бол гарцын тухай биш цонхны асуудал болно. Би цонхоор орж гарах тухай асуудал биш харин үүд хаалгаар орж гарах, энэ өмхөрсөн байдалдаа салхи оруулах тухай ярьж байна. Өнөөдөр Монгол маш муухай бүгчим орчин болсон байна. Үүд хаалгаа онгойлгоё, дэлгэе, шинэ Үндсэн хуультай болъё. Сайн Үндсэн хуультай болж хувьсгал хийе. Шинэ Үндсэн хуулийг хамтаараа бичсэнээрээ төр засгийн эрх ард түмний гарт байна гэдэг зарчмыг хэрэгжүүлж бүгдээрээ энэ гарцаа олъё. Гарц та бидний гарт байгаа шүү. Энэ бүхнийг та нар маань сайн бодоорой. Ялан­гуяа залуучууд та бү­хэн бодохгүй бол, та бү­хэн энэ улс оронд эзэн болох­{гүй бол болохгүй нь ээ.

Анхаарал тавьж сонссонд их баярлалаа.

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

26 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

1 цаг 10 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

4 цаг 0 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

4 цаг 0 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

4 цаг 0 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

17 цаг 46 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

18 цаг 22 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

19 цаг 45 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

19 цаг 58 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

21 цаг 58 мин