Булган нутаг

2017-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.НЯМДОРЖ

Ээж минь Булганы хүн. Гэхдээ Булган аймаг биш. Алс баруун хязгаарын Байтаг богд, Минжит булган гол, Цүнхэл бригад буюу урианхайчуудын өлгий нутгийг хэлж байгаа хэрэг л дээ. Ховдынхон ингэж хэлэхээр Ховдын Булган, Баян-Өлгийн Булганыг ч хэлж буй хэрэг. Учир нь дээр үед нэг сум байж байгаад салаад хоёр аймгийн нэг нэг сум болсон юм байна лээ. Ээжийн минь (Долгорын Алтанцэцэг) эхийн хэвлийгээс унасан, төрсөн, өссөн газар Баян-Өлгийн Булганд байдаг. Заримдаа хүмүүс гарал угсаа ярихаар “Ээж минь Баян-Өлгийн хүн шүү дээ” гээд хэлчихдэг. Тэгэхээр хүмүүс “Аан, тийм байх аа. Хөмсөг, царай энэ тэр нь бас л казак талдаа байна шүү” гээд хадуураад явчихаар зугаатай санагддаг юм.

Ээж минь урианхай угсаатан. Чингис хааны үед алс баруун хязгаарыг сахин хамгаалж суудаг, дайн тулаанд бол хамгийн түрүүнд дайран ордог олон эрэлхэг баатартай байсан ард түмэн гэсэн шүү. Ээжийн нутагт 2004 онд очих ховорхон завшаан тохиожээ. Улаанбаатараас 1700 км хол газар.

Ховдын өндөр өндөр, цавчим хурц оргилтой уулс, нарийн хавчиг хавцал гол гээд үнэхээр сүрдмээр. Ботгоны хавцал, Үенч, Бодончийн хавцлаар явсан хүмүүс мэднэ дээ. Дээшээ харахаар сүрдмээр өндөр цавчим уулс, хад цохио дүнхийгээд л, доогуур нь уулын ширүүн гол хүржигнэн урсаад л, бас л сайхан нутаг шүү дээ. Ховд хотоос Булган нутаг руу явахад хоёр зам байдаг. Нэг нь Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумын зааг дээр байдаг Улаагчны даваагаар даваад Минжит Булган голын хөндийд ороод уруудах, нөгөө нь Ховд хотоос бараг чиг урагшаа гарч яваад Дуутын Улаан давааг даваад Булган голын хөндийн рүү орох. Бид хоёр дахь замаар нь явсан. Тэр Дуутын Улаан даваа бол хамгийн хэцүү даваа юм билээ. Тэрүүгээр явж үзсэн ямар ч жолооч, жолооч бус хүмүүс ёстой л “Паа, Дуутын Улаан уу, аа яая аа, тэрэн шиг аймшигтай даваа байхгүй дээ” гэж дуу алддаг юм. Үенч, Алтай сум руу явахад Бага Улаан, Их Улаан зэрэг Алтайн уулсын том даваагаар давдаг. Харин Дуутын Улаан бол эдгээрээс хэцүү даваа гээд бод доо. Бүр доороосоо, талаасаа эхлээд л том том үхэр чулуун дундуур биш дээгүүр нь ёстой л тонгочуулна даа. Тувтан үхэр чулуу, хадан дээгүүр тонгочуулж, овогнуулсаар даваан дээр гарч буухдаа ч мөн адил үхэр, тэмээн чулуудтай “байлдсаар” арай гэж даваанаас буухад дахиад л тал дээгүүр аанай л нөгөө байлдаанаа хийсээр нэг салж авдаг юм даа. Ингэж явахаар нөгөө замаасаа хамаагүй дөт болохоор хүмүүс яваад байдаг хэрэг. За тэгээд л Булган голынхоо хөндийд орж голоо хэд ч гаталж урд, хойно нь гарав даа, тэгээд л ээжийнхээ нутагт ирсэн дээ. Хүмүүс үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг гэж ярьдаг. Тэгвэл ээжийн минь нутаг ёстой л үзэсгэлэнтэй, “тасархай” нутаг даа. Үенч, Бодончийн хавцалаар явж байхад уулс нь өндөр, хурц, сүрлэг ч модгүй байдаг. Тэгвэл Булганд уулс нь бүр өндөр мөртлөө хурц шовх биш, мөлгөр бөөрөнхий оройтой, тэгээд дээр нь ой модтой байх юм. Тэр ой модонд нь хангал бугын сүрэг ёстой нэг байна даа. Нэг сүрэг буга гарч ирэхэд бараг л зуу орчим байсан байх. Уул өөдөө хараад л “За, энд чинь хүн байтугай адгуус амьтад нь яаж явдаг юм бол” гэж бодогдож билээ.

Ээжийнхээ нутагт очиж байгаа хүн чинь “Юмыг яаж мэдэхэв” гээд замдаа жаал жуул чихэр боов авч явсан. Яг нутагт нь очоод ээжийнхээ эгчийг казак айлуудаас асуухаар мэдэхгүй юм байна лээ. “Үэй ээ, мээдкү мээдкү, тийм күн энд байкү” гээд л. Тэгэхээр нь урианхай айл тааралдахаар бас асуулаа, бас л мэддэггүй. Анчин жуулчинтай явж байсан юм л даа, тэрнийхээ хажуугаар нагацтайгаа уулзах санаатай байсан ч чадаагүй. Тэгсэн хөдөөний хүмүүс чинь аав ээжээс заяасан нэрээс гадна нутагтаа дуудуулдаг өөр нэг нэртэй байдаг. Тэр нэрийг нь мэдэхгүй болохоор арга ч үгүй. Авч явсан чихэр боовоо урианхай айлууд, хүүхдүүдэд тараагаад өгчихсөн. Манай Ховдын хөгшин ээж Сангийн сайд байсан Цагааны ээжийнх нь эгч ч билүү, их ойрхон юм гэсэн.

..... Ээжийнхээ талаар жаахан ярихад, манай Ховдын хөгшин ээж таван настайд нь хүнд өргүүлчихсэн. Сүүлд сонсохноо зүгээр л замын хүнд өгөөд явуулчихсан байгаа юм даа, тав хүрсэн хүүхдээ. Тэгсэн бас өөр хоёр хүүхдээ тав, зургаатайд нь хүнд өргүүлчихсэн юм билээ. Тэр үед амьдрал үнэхээр хэцүү байсан, бас дээр нь үнэхээр хэнэггүй, “сайхан гарууд” байж дээ. Гэхдээ Ховдын хөгшин ээжээ муулахгүй ээ. Хожим нь ажлаар Ховд хот орохдоо эмээтэйгээ уулзаж, холбоотой явсан. Харин зарим яриаг нь ойлгохгүй хөглөдөг байж билээ. Яг урианхай хүмүүсийн яриаг сонсох юм бол бас “аюултай” шүү дээ, миний инээд л хүрээд байдаг юм.

Мөнххайрхан уул.

Манай ээжийг өргөж авсан хүмүүс нь УБ-т ирээд бараг золбируулаад хаяад явчихсан, тэгээд ээжийг минь нэг хятад аваад өсгөж байж. Долоо, найман настайд нь юм уу даа. Тэгсэн ээжийн минь эцэг нэгтэй ах (Булгантай залгаа Мөнххайрхан сумын уугуул, Сөдгөө ах) нэгэн хужаа дугуйныхаа ард суулган яваа охиныг хараад “Дүүтэй минь яасан адилхан охин вэ” гэж бодож. Тэгээд дараа нь бас тааралдаад дагаж яваад дэлгүүрт орохдоо дугуйн дээрээ орхиод ороход нь шууд очоод хонгон дээрх мэнгийг нь үзтэл яг мөн байж. Сөдгөө ах төөрсөн дүүгээ шууд л аваад зугтсан гэсэн. Тэгээд Сөдгөө ах Сэлэнгийн Түнхэлийн мод бэлтгэлийн баазад ажиллахаар явахдаа ээжийг минь бас нэг хүн өргөж авсан нь нөгөө алдарт танк хүлдгийн нутгийн уугуул эмээ минь юм даа. (Тэгээд цаашаа танк хүлдэг нутгийн талаар хадуурвал бас их юм байна.. хэ хэ..) Ээж минь энэ түүхээ бидэнд нэг бус удаа ярьж өгч байсан юм. Ээжийг минь өргөж авсан эмээ (Архангай аймгийн Тариат сумын уугуул Бадамын Долгор) ёстой буянтай хөгшин байсан даа. Буянтай хүн том чихтэй гэдэгчлэн манай эмээ ёстой Будда шиг том чихтэй, 92 наслаад бидэндээ буян хишгээ үлдээгээд явсан даа. Заримдаа ээж минь хөгжилтэй ярьдаг байлаа... "Эмээ чинь намайг замын хүнд өргүүлээгүй бол ээж чинь хөдөөний, бүр алс хязгаарын нэг пөөнийсэн малчин байх байсан биз" гэж, хэ хэ... Би бол мэдээж УБ хотын уугуул. Гэхдээ би Завханы Цэцэн-Уулынх, мөн Ховд, Баян-Өлгийн Булганых. Мөн ээжийг өргөж авсан эмээ минь Архангай Тариатынх учир танк хүлдгийн нутаг бас л миний нутаг. Ээжийг минь олж авч зугтаасан Сөдгөө ах Сэлэнгийн Түнхэлд суурьшсан. Тэр бас л сайхан хангай даа. Архангайн Тариатаас УБ-т ирээд, зүгээр л нутгийн хүнээ сураглаж эмээ дээр ирээд их сургууль төгстлөө ээжтэй хамт нэг гэрт өссөн Төмөр-Очир ах маань Дорноговийн Айрагт очиж суурьшсан. Тэрийг бас л миний нутаг гэж ярина шүү дээ. Зүгээр хээр айлд айраг уух гээд л алхаж явахад гартаам гээд гоё гоё өнгийн давхар судалтай чулуу их таардаг байсан нутаг. Бас их очсон доо, Айрагт. Хулигаан, атаман ихтэй, тэд нар нь дандаа манай Төмөр-Очир ахын хүүхдүүд, ха ха... За за, ингээд хадуураад байдаг юм аа..

Тэр Цүнхэл бригад гээд нэг бригадын төвөөс цаашаа арваад км явсан юм уу даа. Нөгөө өндөр, мөлгөр уулсын доор хөндийгөөр урсдаг нарийхан (өргөн нь ердөө л нэг метр) гол нь бүсэлхийгээр татмаар гүнзгий. Манай Болдоо энэ нутгийн урианхай хүү юм шиг байсан шүү. Хэдүүн Cover Night дээр мань хоёр Булган нутгийнхаа талаар ярилцан арай л ойрын хамаатан болчихоогүй. Мань эр тасраад уначихсан л даа. Тэгээгүй бол ах дүүгээ ярьсаар байгаад нэг сэжмээр, худ ургаар ч юм уу холбогдоод явчих биз. Баян-Өлгийн Булган (сумын төв нь) өндөр уулсын дунд, Ховдын Булган тал дээр байдаг. Ховдын Булган руу торгуудууд их байдаг юм билээ. Жимс, ногоо их тарьдаг газар даа. Слив буюу чавга тарьдаг нутаг шүү дээ.

Ингэж л ээжийн нутагт долоо хоноод буцсан. Үнэхээр сүрлэг, үзэсгэлэнтэй, сэтгэл булаам нутаг. Үүнээс нэлээд хэдэн жилийн дараа 2008 онд юм уу даа, Булган, Дэлүүн сумын зааг дээрх Улаагчны даваан дээр яг долоо хоносон. Тэр бас л сайхан нутаг аа. Уулсын тагаар нь вансэмбэрүү цэцэг ёстой л алаглаж байсан даа. Наадмын үеэр яг л ид цэцэглэж, гоёмсог үзэсгэлэнтэй үе дээрээ байсан. Нэг уулынх нь орой дээр гарахад л урдхан талд Мөнххайрхан, зүүн талд Сутай, бүр хойшоо саравчлахаар Цамбагарав хайрханы мөнх цаст оргил харагдаад л...

Ээжийн минь нутаг үнэхээр үзэсгэлэнтэй, сүрлэг, сэтгэл татам. Би дахиад очно оо.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

2 цаг 6 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

2 цаг 50 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

5 цаг 39 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

5 цаг 39 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

5 цаг 39 мин
Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

19 цаг 26 мин
Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

Ламхайн ээж С.Саранчимэг: Хүүг минь нотлогдоогүй хэрэгт гүтгэж, 12 жилийн хорих ял оноолоо

20 цаг 1 мин
Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

Я.Содбаатар: АН-аас бусад намтай хамтарч Засгийн газар байгуулах чиглэл өглөө

21 цаг 24 мин
ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар ташаа мэдээлэл тарааж байна  

21 цаг 37 мин
УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын ээлжит бус чуулган зарлана

23 цаг 37 мин