
Ч.Олдох
Монгол Улсын гавьяат эдийн засагч, Гадаад харилцааны ахмад ажилтан Д.Жамбалдоржтой ярилцлаа. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээг Монголдоо ашигтайгаар боловсруулахад хүчин зүтгэл гаргасан анхдагчдын нэг. Тиймээс аливаа гэрээ, хэлцэлд түүнийг байлцуулах нь зүйтэй, туршлага нь улс оронд хэрэгтэй гэсэн яриа энэ салбарт одоо ч өрнөжбайдаг билээ.
-Тавантолгойн гэрээг тойрсон үйл явдал ид өрнөж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Тавантолгойн ордыг ОХУ-тай хамтарч ашиглах нь зүйтэй гэж үздэг. “Эрдэнэт” –ийн орд түүнийг дагасан үйлдвэрийн том хотыг бий болгосон. Түүн шиг хөгжлийг бий болгох хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн энэ гэрээг хийсэн хүний нэгийн хувьд бусад гэрээ, хэлцэлд ч гэсэн тэр жишгийг барих ёстой би үздэг. Бидэнд харьцуулах зүйл, бэлээхэн туршлага байна шүү дээ. Тавантолгойн ордын тухайд судалгаа, шинжилгий ажлаас эхлэн анхнаас нь гар бие оролцож ирсэн хүний хувьд ОХУ-тай хамтарч ашиглах нь хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Үүний өмнө мэдээж, Тавантолгойн асуудал хэзээнээс эхэлсэн, эдийн засгийн эргэлтэд оруулахад юу чухал вэ гэдэг талаас ярих хэрэгтэй л дээ.
-Таван толгойн ордын геологи хайгуулын ажлыг хэдэн оноос явуулсан бэ?
-Таван толгойн орд газрын баруун хойд хэсэгт “Совмонголметалл” хувь нийлүүлсэн нийгэмлэг 1953 оноос геологийн хайгуулын ажлыг эхлүүлсэн. Гурван жилийн хугацаанд 25 хавтгай дөрвөлжин км /25км2/ талбайд геологи хайгуулын ажлыг явуулаад цаашид үргэлжлүүлэх шаардлагтай гэсэн зөвлөмжийг гаргасан байгаа юм. 1966.04.18-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоол гарч тус ордыг үйлдвэрийн аргаар ашиглахаар Аж үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Ингээд Дундговь аймгийн “Цагаан Овоо”-гийн уурхайд цөөн хүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллуулж эхэлсэн. Үүнээс хойш 1968-1969 онд уг ордын найм, аравдугаар давхаргаас технологийн дээж авч нүүрсний коксжилтын байдлыг шинжлэн судалсан.
-Нүүрсний коксжилтын судалгааны дүн, тооцоолол танд байгаа юу?
-Байлгүй яахав. Тавантолгойн бүх мэдээлэл надад байна. 1974-1975 онд Бүгд найрамдах Болгар улсын мэргэжилтнүүд нүүрсний коксжилтыг тодорхойлох технологийн судалгааг хийх зорилгоор 3763 м/18 жижиг, таван гүн цооног өрөмдсөн. Үүний дөрөв нь 21-43 метрийн гүн байсан. Тавантолгойн коксжих нүүрсний орд газарт явуулсан хайгуул үнэлгээний болон судалгааны ажлын үр дүнгийн тухай тайланд, уг ордын геологийн тогтоц, нүүрсний нөөцийг ерөнхийд нь таамаглахдаа С1+С2 категороор нөөц нь 10 миллард тонн хүртэл нэмэгдэх талтай гэж дурдсан байгаа юм.
-Тэгвэл Тавантолгойн нүүрсийг хэзээнээс төвийн район руу зөөж эхэлсэн бэ?
-1976 он хүртэл Тавантолгойн нүүрсний уурхайгаас орон нутгийнхны хэрэгцээнд зориулж 20 мянган тонн нүүрсийг олборлож борлуулсан байдаг. 1977 оноос төвийн бүсд нүүрсний хэрэгцээ огцом нэмэгдснээр Тавантолгойн нүүрсний уурхайд өргөтгөл хийж хүч чадлыг нэмэгдүүлж Чойрт нүүрс ачих цэгийг байгуулсан. Ингэснээр жилд 120 тонн нүүрс олборлон төвийн район руу вагоноор тээвэрлэх болсон юм.
- ТЭЗҮ-ийг хийлгэх гэрээ, хэлцэл хэрхэн байгуулж ОХУ-аар хийлгэхээр болсон юм бэ?
-Тавантолгойн уурхайн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах, нөөц ихтэй энэхүү ордыг эх орныхоо эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах хүчин чадалтай уулын баяжуулах комбинат барих ажлыг өөрийн хүч, хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй байсан. Тавантолгойн коксжих нүүрсний ордын олон хэсэгт 1953-1956, 1974-1988 онд хийсэн эрэл үнэлгээ, урьдчилан болон нарийвчилсан хайгуулыг хийж 20км2 талбайд тархсан 5 тэрбум тонн нөөцтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар 1986-1990 онд хамтран ажиллах тухай Монгол – Оросын засгийн газар хоорондын 1986 оны 1-р сарын 15-ны хэлэлцээрийг үндэслэн тухайн үеийн манай Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны 1987 оны 12-р сарын 2-ны өдрийн 431/132-р хамтарсан тогтоолоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг эзэмших ТЭЗҮ боловсруулах даалгаварыг баталсан. Энэ даалгаварт геологийн баазыг Тавантолгойн эрчим хүчний болон коксжих нүүрсний ордын эрэл-үнэлгээний ажлын дүнгийн тухай 1978-1981 оны тайлангаар хүчин чадлыг нь жилд 20 сая тонн байхаар тогтоожээ. ТЭЗҮ-ийг боловсруулах даалгаварыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын “Комплексимпорт” компани Бүх холбоотын “Тяжпромэкспорт” нэгдлийн хооронд 1988 онд уг ТЭЗҮ-ийг хийлгэх 05-042/63303 тоот контрактыг Жамбалдорж миний бие ОХУ-ын “Санктпетербург хотын Гипрошахт” институтээр хийлгэхээр байгуулж 1990 оны 10-р сарын 15-нд хүлээн авсан юм. Энэхүү ТЭЗҮ-ны 262 боть болсон бөгөөд Комплексимпорт компани 1990 оны 10-р сарын 31-ны 2/1474 тоотоор тухайн үеийн ТЭХҮГЯ, ХҮЯ-д тус бүр нэг хувийг хүргүүлсэн. Энэ ТЭЗҮ-ийн нэг хувь нь Улсын төв архивт байгаа.
-Таны хэлж байгаагаар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэрийг байгуулахын зэрэгцээ уурхайчдын хотхоныг байгуулвал үр дүнтэй болох байх даа?
-Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн нүүрсний том үйлдвэр байгуулахын тулд дулааны цахилгаан станц, усан хангамжийн төвлөрсөн эх үүсвэртэй орон сууцны хороолол, эмнэлэг сургууль, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай, авто болон төмөр замтай уурхайн хотхоныг байгуулах хэрэгтэй байна. Орчин үеийн техник технологийг үйлдвэрт ашиглахаас гадна үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн чанар, стандартад нийцүүлэх нь чухал. Үйлдвэрийг байгуулахдаа Эрдэнэтийн үйлдвэр, хотын хамтад нь байгуулсан туршлагыг сайтар судлаж ОХУ-тай хамтарч ажиллах нь үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.
-Манай улс сүүлийн жилүүдэд ОХУ-тай нарийн нягт харилцахгүй байх шиг. Бас дээр нь хүүхэд, залуус маань хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тийм ч сайн мэдэхгүй болж өсч байна уу даа. Та үүнд ямар бодол сэтгэгдэлтэй байна ?
-ОХУ бол манай улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг мөнхийн хөрш маань шүү дээ. 1960-аад онд манай улс үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн хувьд үнэхээр хараат орон байсныг үгүйсгэх үндэсгүй. Үүнийг манай ахмад үеийнхэн сайн мэднэ. Үүнээс хойш ОХУ-аас олгосон удаан хугацааны хөнгөлөлтэй зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн өргөн цар хүрээтэй ажлын ачаар уул уурхай, эрчим хүч, барилгын материал, хөнгөн хүнсний аж үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор аж ахуйнууд, орон сууц, нийтийн аж ахуй, Ардын боловсрол, эрүүлийг хамгаалах салбарыг нийтэд нь хамарсан 878 иж бүрэн барилга байгууламжийг ОХУ асар богино хугцацаанд, оновчтой арга хэлбэрээр зохион байгуулалттай барьж байгуулахдаа Монголын үндэсний ажиллах хүчнийг мэргэжилд сургаж өгсөн нь Монголын ард түмний сайн сайхан амьдрал хөгжил цэцэглэлтэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байгаад манай ард түмэн баяртай байдаг. Энэ бүтээн байгуулалтын үр дүнд найрамдалын бэлэг тэмдэг болсон Дархан, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр, Чойбалсан, Багануур, Бор-Өндрийг сүндэрлүүлснийг онцгойлон нэрлэхэд таатай байна.Харин 1990 оноос зээл, тусламжийн шугамаар баригдсан олон арван үйлдвэр, барилга байгууламжийг хот, хөдөөд хувьчлах нэрийдлээр зориулалтын агуулгыг нь алдагдуулж сүйтгэж үгүй хийсэн нь тун харамсмаар явдал болсноос баян, ядуугийн ялгаа үүсч эхэлсэн нь маргаангүй үнэн.
Зөвхөн аймаг, орон нутагт л гэхэд малын хашаа, саравч, өрөмдмөл худаг, услалтын систем, барилгын үйлдвэрлэлийн бааз, сүүний ферм, техник засварын болон мал эмнэлийн газрууд зэрэг олон зуун барилга байгууламжийг үрэн таран хийсэн нь тун харамсмаар үйл явдал болсон. Энэ нь тухайн үеийн төр засгийн удирдлагуудын явуулсан ноцтой алдаатай бодлогын уршгаар зах зээлийн системийг ингэж завхруулсныг уучлах аргагүй дахин сөхөж учрыг олох ёстой ноцтой асуудал юм.
-Хоёр орны гадаад харилцааны тухайд та юу хэлэх вэ?
-Хоёр орны гадаад харилцааны салбарт үүссэн энэ зарим онцлог нөхцөл байдлаас товч дурдахад 1990-2000 он хүртлэх хугацаанд хоёр орны хоорондын харилцаа хөрч ахиц дэвшил бараг гараагүй нь мөн л бодлогын алдааны ноцтой уршиг юм. Харин 2000 оноос хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд доривтой зөв алхам хийж ахиц гарган бүлээцүүлсэн хүн бол тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр мөн үүнийг зөвхөн нэг бодит баримтаар нотлоход монгол түмнийхээ гэрэлт ирээдүй, төрөлх эх орныхо эрчимтэй хөгжлийн төлөө цуцултгүй ажиллаж ОХУ-д төлөх их өрийн асуудлыг тэглэж Монголын ард түмнийг сэтгэл санааны гүн дарамтаас ангижржжлсан түүхэн гавьяа байгуулсан явдал юм. Манай улс олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг баримтлах нь чухал хэдий ч хоёр их хөршөөсөө алхам ч алгуурлаж болохгүйг манай ард түмэн олон жилийн уламжлалт найрсаг үр ашигтай харилцаанаасаа сайн ойлгодог. Харин хоёр орон хоёулаа зах зээлийн системд нэгэн зэрэг 1990 оноос эхлэн орж хүнд бэрх үеийг даван туулж эхэлсэн учраас эдийн засгийн хамтын ажиллагаа тодорхой хугацаанд зогсонги байдалд орсныг манай ард түмэн зөвөөр ойлгох нь зүйтэй.
-Оросын тусламж, дэмжлэг гэж олон ч зүйл байсан даа, хуучин. Одоо тийм зүйл байна уу?
-Манай улсын оршин тогтнохын үндэс тусгаар тогтнол, өнөөгийн хөгжлийн бааз суурийг баттай тавихад үзүүлсэн ОХУ-ын ач тус , гавъяаг бид хэзээ ч мартах ёсгүй. ОХУ тэртээ 60 гаруй жлийн өмнөөс эх орны дайны үед Монголын ард түмний үзүүлсэн чин сэтгэлийн тусламжийг ямагт өндрөөр үнэлж байдгийг энд зориуд тэмдэглэмээр байна. Өндөр дээд хэмжээний айлчлалын үед ОХУ-ын удирдлагууд эх орны аюултай дайны үед манай улсад Монгол улсаас өөр ямар ч улс туслаагүйг дурсан тэмдэглэж байдаг. Энд зориуд дурьдахад Монголын ард түмний зүйрлэн ярьдаг “Морьны сайныг унаж байж мэддэг, хүний сайныг нөхөрлөж баж мэддэг” гэдэг утга агуулга төгөлдөр, уламжилт заншлаа бодож ОХУ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх нь туйлын чухал байна.
ОХУ-ын уул уурхайн хүчирхэг компаниудтай Монголын ашигт малтмалын томоохон ордуудыг эзэмшихэд хамтран ажиллах нь ирээдүйтэй бөгөөд ихээхэн үр өгөөжийг өгнө. Харин хамтын ажиллагааны оновчтой хэлбэрийг сонгон авах нь туйлын чухал болно. Эрс тэс уур амьсгалтай манай улсын нутагт жилийн дөрвөн улиралд зохицуулан тасралтгүй ажиллах боломжтой хүмүүс бол ОХУ-ын ард түмэн мөн.
-Энэ талаар танд бодогдож байдаг санаа, оноо гэвэл...?
-Байлгүй яахав. Ер нь бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Гадаад улс оронд өндөр хэмжээний айлчлал хийхдээ аль оронтой ямар салбарын чиглэлээр судлах асуудлыг урьдчилан бэлтгээд төрөл бүрийн мэргэжилийн 3-5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны групп авч явж тодорхой хугацаагаар үлдээж иж бүрэн судалгаа хийлгээд ирсний дараа түүнийг нь хэрэгжүүлэх ажил зохиовол үр дүнтэй болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн улсын гадаадад офшор данстай иргэдийн мөнгийг эх орондоо ирүүлсэн асуудлыг судлаж, энэ аргаар өөрийн иргэдийн оффшор дансны мөнгийг эх орондоо авчруулах шаардлагатай байна.
Гадаад оронтой дагнан харилцах Гадаад эдийн засгийн яамыг нэн даруй байгуулж гадаад орнуудтай хамтран ажиллах хэлэлцээр, контрактыг үр дүнтэй оновчтой байгуулж ажиллах нь онцгой чухал байна. Манай яамдууд гадаад оронтой харилцахдаа зөвхөн өөрийн салбарын чиглэлээр харилцдаг учраас олон талын уялдаа холбоотой болгож чадахгүй байна шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: www.polit.mn