
Америк судлаач доктор, профессор Даваагийн Цолмон
1953 оны 7 сарын 26-ны үүрээр зэвсэглэсэн залуус Кубын зүүн хязгаарын цэргийн хуаранруу дайралт хийж ялагдал хүлээжээ. Энэ нь Батистын дэглэмийн эсрэг ард түмний дургүйцлийн илэрхийлэл болсон юм. Босогчдыг шүүх хурал дээр Кастро харгис дэглэмийн эсрэг зэвсэглэн боссоны зорилгоо илэрхийлж хуульч хүний хувьд өөрийгөө өмгөөлж, ард түмний ядуу амьдрал, ажилгүйдэл, ядуурлын улмаас турж үхэхгүйн тулд хулгай хийж байна гэж шийтгэдэг атлаа улсын хөрөнгийг сая саяар хулгайлж байгаа зуу, зуун хулгайч дээдсээс нэгийг нь торны цаана суулгахгүй байна. “Намайг шийтгэцгээ, түүх намайг цагаатгана“ гэж үгээ төгсгөсөн юм. Гэтэл манай нэг сонинд “Би социализмын төлөө тууштай тэмцэнэ” гэж хэлсэн мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй. 1953 онд тэд социализмын тухай огт яриагүй, ойлголт ч байгаагүй. 1960-аад оны дунд үеэс л Зөвлөлттэй ойртон социализмын тухай ярих болсон юм шүү. 1983 онд миний бичсэн “Карибын тэнгисийн наран арал” хэмээх улс төр, нийтлэлийн номонд Кубыг нээсэн үеэс, үндэстэн бүрэлдсэн түүх, соёлын өвөрмөц онцлогийн тухай дэлгэрэнгүй өгүүлж, нэрт зохиолч Д.Гармаа агсан редакторлон урмын үг хайрлаж билээ.
Кастро бол Сиерра Маэстро ууланд босогчдыг толгойлж явсан авьяаслаг зохион байгуулагч мөн. Тэд чөлөөлөгдөөд эхлээд АНУ, дараа нь Мексикт очиж хүчээ сэлбэн, зэр зэвсэгтэй болж аваад Кубад жижиг усан онгоцоор 82 хүн Ориенто мужид ирсэн ч хилийн харуул онгоцыг нь олж түгшүүр зарлаад буун дуу тачигнаж 82 хүнээс 12-хон хүн амь гарч Сиерра Маэстро ууланд бүгж тэмцлээ эхэлжээ. Тэд орон нутгийнхнаас дэмжлэн авч радио станц ажиллуулж эгнээгээ өргөтгөөд 1959 оны 1 сарын 1-нд Гавана хотод ялалтын тугаа мандуулж орж ирсэн түүхтэй.
“Фидель Кастрогийн нууц амьдрал” нэртэй номыг шимтэн уншаад манай хэвлэлд энэ тухай бичихгүй юм даа гэж бодож байтал ашгүй “Зууны мэдээ” сонинд Н.Нямдорж сурвалжлагч товчхон бичсэнийг олзуурхан уншлаа. Зохиогч Хуан Санчес дотоод яамны мэдэлд нийтдээ 26 жил, үүнээс 17 жил нь Фидель Кастрогийн бие хамгаалагч хийсэн чадварлаг тамирчин, тагнуулч хүн. Кубачууд El gefle (удирдагч), lider maxsimo (дээд удирдагч), commandante (командлагч) гэх мэтээр авгайлна. Олонхи кубачууд түүнд итгэж байлаа. Тэрээр ээлжийн амралт гэгч нь хөрөнгөтний ёс гэж олон түмний хөлсийг шахаж ажиллуулж байсан атлаа өөрөө 7 хоногт тансаглан амарч загас, шувуу агнаж зугаацна. Хуан Рейнальдо Санчес хамгаалатын “нэгдүгээр цагирагт” багтаж ямагт хамт явж хамгийн итгэгдсэн хүн байсныг олон баримтаар уг номонд маш тод баримтжуулан өгүүлжээ. Фидель өөрөө бие сэтгэлийн асар хат суусан, нэн хартай эр байжээ. Дотоод гадаадыг тагнан мөрдөх бүх албыг өөрөө удирдаж байсан ажээ.
Кастро бол гагцхүү өөрөө бүхнийг захирдаг(egocentrist) өрсөлдөж болох бүх хүн, эсвэл амьдралыг нь нууцыг мэддэг, хамтран зүтгэж явсан нөхдөө замаасаа зайлуулдаг эсвэл аминд нь хүрдэг хүн байв. Хувьсгалын удирдагчдын нэг Камило Сиенфуэгос зүүн эргээс нисэх замдаа учир битүүлгээр нас барсан байдаг. Аргентин гаралтай нэрт хувьсгалч Че Геварратай улс орны хөгжил, үйлдвэржилтийн асуудлаар санал зөрж байсан тухай дипломатуудын дунд жиг жуг ярьдаг байв. Че Геваррагийн партизаны дайн явуулах туршлагыг ашиглан эхлээд Африкт илгээж, дараа нь Латин Америкийн зүүний хөдөлгөөнийг удирдуулахаар явуулж Че Геваррагийн сураг тасраад хэдэн жил болов. Тэрээр үүргээ сайн гүйцэтгэж яваад Боливийн ууланд баригдаж нас барсан.
Хуан Санчесийн эл номонд хувьсгалын үйл хэрэгт хамтран зүтгэж явсан үндэсний баатар генерал Арнальдо Очоа Анголыг чөлөөлөх байлдааны асуудлаар Фидельтэй санал зөрсөнд уурсаж алах ял оноожээ. Яг газар дээр нь байлдааны ажиллагааг удирдаж байдлыг Фиделээс илүү мэддэг байсан тул байр сууриа илэрхийлж дургүйг нь хүргэжээ. Очоагийн удирдлагад ажилладаг олон офицер хэлмэгдэв.
Дотоод яамны сайд Хосе Абрантесийг тамхины наймаанд ашиглаад гадаадын хэвлэлд энэ тухай бичихэд түүнийг золиосолж буудан хороожээ. Түүнтэй хамт олон офицер амь насаа алдав. Хуан Санчес хар тамхины наймаачныг АНУ-аас урьж Санта Мариад амраах тухай сайдтай тохиролцож буйг чихэвчээрээ сонсоод Фидельд итгэл алдарсан ч хар авахуулахгүй байх нь чухал гэж үзжээ. Кубын алдарт нисгэгч (Миг-23 онгоцны) АНУ-ын нисэх хүчний баазад сэм бууж буцаж ирж байсан Орестес Лоренцо АНУ-д байсан гэр бүлинхэнтэй уулзах зөвшөөрөл Фиделээс хүсээд урвагч гэж цоллуулж хариуд нь -Чи хэзээ ч тэдэнтэй уулзахгүй гэхэд НҮБ-ын хүний эрхийн комисс, Жорж Буш (эцэг), Горбачёв нарт захидал бичээд тус болсонгүй. Эцэст нь их удирдагчийг Мадридэд ирэхэд өлсгөлөн зарлаж суулт хийж эсэргүүцсэн байна. Гэтэл түүний дэргэдүүр өнгөрөхдөө -Энэ муу яаж ч чадахгүй гэж чихэнд нь сонсогдохоор хэлэв. Гэвч энэ зоригт эр 2 мотортой жижиг онгоцоор Гаванаас нисч радарт баригдахгүйгээр Флоридад бууж гэр бүлтэйгээ учирчээ(1991).
Фиделийн ширээн дээр Анголоос авчирсан очир алмаз байхыг Санчес харжээ. Фидель алмазыг хар захад борлуулахыг тушааж байв. Энэ гэмт хэргийг их удирдагч гардан зохион байгуулж орлогын зарим хэсгийг өөртөө авч, үлдсэнийг нь Латин Америк, Африкийн босогчдыг санхүүжүүлж байв.
Тансаг амьдрал
Кубачууд картын системтэй тарчиг амьдарч хүнс, өргөн хэрэглээний бараагаар гачигдаж байхад их удирдагч нэн тансаг амьдарч байжээ. Манай ЭСЯ-ны үйлчилгээнд ажилладаг Кубачуудад бид дип корпусын дэлгүүрээс хүнс бусад зүйлс авч өгдөг байсныг санаж байна.
Фидель 1,91 м өндөр 95 кг жинтэй атлаа Каёо Пиедрагийн буланд усны гүнд гарамгай сэлж амардаг. Зэвсэглэсэн Хуан Санчес ямагт хамт шумбаж түүнийг аврага загас, Морена (хортой могой загас), далайн зараа, barracuda (далайн цурхай) бусад аюулаас хамгаална. Аврага загас ойртон ирэхэд Санчес буудан муужруулж хөөдөг байв. Фиделийн ийн зугаацаж байхад агаараас, далайгаас, хуурай газраас хамгаалдаг байжээ. Энэ ч аргагүй. Америкийн ТТГ хэдэн зуун удаа Фиделийг устгах оролдлого хийж байсантай холбоотой юм. Кубад 20 гаруй эдлэн газартай XIX зууны баян газар эзэмшэгч шиг амьдарна. Усан онгоц, дарвуурт завь, жижиг оврын нисэх онгоц, зуслангууд гэх мэт ер нь үнэхээр их баялаг эзэмшдэг. Түүнийгээ ард олноос нууж байв.
2006 онд “Форбес” сэтгүүлд Кастрог дэлхийн хамгийн баян хаад, төрийн тэргүүн, диктаторуудын эхний 10-ын тоонд багтааж 900 сая $-ын хөрөнгөтэй, том компаниудыг эзэмшдэг тухай бичсэнд Кастро хагартлаа уурлаж би зөвхөн сард 900 пессо авдаг гэж сонинд бичсэнийг Санчес няцаажээ. Фидель хэнд ч үл итгэнэ. Ер бусын хартай хүн учраас эхнэр Далиа, үр хүүхдүүд нь түүний амьдралыг огт мэддэгүй. 9 хүүхэдтэй, түүнээс ч олон байлаа. Хамгийн отгон нь орчуулагч нууц амраг Хуанитагаас гарсан хүү.
Кастро Селиа Санчис хоёр хамт хувьсгал хийлцсэн нэн дотно амрагууд гэдгийг гадаад, дотоодынхон мэддэг байлаа.
Рауль Кастро
Дүү Рауль Кастрогийн тухай Санчес ийн өгүүлжээ. Рауль, Хуанита нар Фиделээс өөр царайтай. Онигор нүдтэй учраас Раулийг Эль Чино (хятад гэж хочилно). Тэр хоёр Фиделээс өөр эцгийн хүүхдүүд юм. Фидель Раультай нэн дотно. Нэгнийхээ төрсөн өдөр алдалгүй очицгооно. Рауль ахдаа үнэнч дуулгавартай захирагдана. Рауль гаднаа эелдэг, энгийн харагдавч маш харгис хүн. Фиделээс илүү олон хүний аминд хүрсэн хүн. Түүний гэргий Вильма Эспин генерал Очоатой үй зайгүй нөхөрлөдөг атлаа Төрийн зөвлөлийн хурал дээр алах ялыг гүйцэтгэх санал гаргасанд Санчес сэрдхийн цочсон ажээ. Хоёр нүүртэй ийм л хүмүүс гэж дүгнэжээ.Харин Рауль гэр бүлийн анд нөхрөө алагдсаны дараа гашуудан олон хоног архидаад амиа хорлоход хүрч байсан гэжээ.
Партизаны хөдөлгөөн
Латин Америкийн партизаны хөдөлгөөний 90 хувь нь, мөн Африкийн хөдөлгөөний удирдагчдын олонхи нь Кубын Пунто–Серо-де Гуанабод бэлтгэдсэн. Тэдний дотор Никарагуагийн Даниель Ортего мэтийн хүмүүс байв. Тэнд Палестиний Ясер Арабатын болон маш олон террористуудыг дасгалжуулж байв. Нэг удаа Санчес Фиделийг дагалдан тэр баазад очжээ. Их удирдагч АКМ калибраар хэвтээгээр 300 метрийн зайд байгаа байг гайхалтай буудаж бүгдийг нь онож үзүүлсэн аж. Хувьсгалыг экспортлох ажиллагаа ингэж хэрэгжүүлж иржээ.
Фидель бол цэрэг стратеги байлдааны туршлагатай хүн байв.
Никарагуад Сомосагийн бүлэг 40 гаруй жил ноёрхон уул уурхай, газар тариалан, цемент, кофений плантаци, эзэмшиж байсны эсрэг Сандино онд тэдэнтэй тэмцээд алагдсан (1934). Иймд 1961 онд Кубад Сандинист фронт үүсчээ. Ах дүү Даниель, Умберто Ортего болон бусад удирдагч нь Фидельтэй хамтарч Сомосаг зайлуулсан. Миний бие 1984 онд тус оронд соц орнуудын дипломатуудтай хамт очиж дайнд сүйдсэн газар нутагтай нь танилцаж улмаар “Момотомбо уулын нүргээн” нийтлэлийн ном 1987 онд хэвлүүлж зохиолч, доктор С.Лочин редакторлож билээ. Үндэстнээ чөлөөлөх фронтын тэргүүн Даниель Ортего хожим Никарагагийн Ерөнхийлөгч болсон юм. Гренада, Венесуэль, Чилид Кубын удирдагчийн заавраар партизаны тэмцэл өрнөж зарим нь ялж Латин Америкийн бусад орнуудад Америккийн эсрэг тэмцэл өрнүүлж чадсан юм. Ялангуяа Венесуэлийн тэмцэгчдэд зэр зэвсэг нийлүүлж буйг мэдээд Ерөнхийлөгч Бетанкурын санаачилгаар Америкийн улсуудын байгууллагаас Кубыг хөөжээ. Гэвч хожим нефтээр баян энэ улсын удирдагч Уго Чавестай ах дүүс болж газрын тосоор Кубыг олон жил хангасан.
Ангол Фидель Кастрогийн онцгой анхаарсан энэ колони газрын тос, ашигт малтмал элбэгтэй газар 1975-аас 1992 онд Кубын цэрэг, иргэний мэрэгжилтэн 320 мянгаад хүн Анголд байрлаж байв. Хуан Санчес номондоо дэлхийн ямарч улс гадаадад ийм олон хүн илгээсэн түүх үгүй гэж үнэнээр нь бичжээ.
Анголын ард түмэн Кубын тусламжтайгаар 1975 онд Тусгаар тогтнолоо олжээ. Өмнөд Африкийн бүрэн зэвсэглэсэн арми энд ялагдав. Кубачууд 2500 хүнээ тэнд алджээ.
Зөвлөлтийнхөнтэй Фидель санал зөрж Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн тэнд 2 удаа ялагдал хүлээжээ. Анголчууд царай, зүс, хэл нь төстэй (Португаль) үнэхээр давуу байдалтай байв. Энэ ялалтанд генерал Аранальдо Очоагийн гавьяа хамгаас илүү байжээ. Эл өгүүллэгийг тэрлэгч 1970-аад оны сүүлчээр Анголд болсон олон улсын хуралд оролцож билээ.
Кастро цэрэг стратегийн том зүтгэлтэн байсныг үгүйсгэх аргагүй. Тэр сэтгэн бодох өндөр чадвартай хүн учраас Умард Солонгос, Ливид айлчлаад Ким Ир Сэн, Маумар Каддафи нарыг ихэд голж байсан тухай энэхүү номонд өгүүлсэн байна лээ.
Хамар доор нь арлын Америкт аюултай Куба улс оршин тогтнож буйд Рональд Рейган ихэд сэрэмжилж Москва-Гавана –Манагуаг зүхэж байлаа.
Кастро диктатур тогтоосон ч үндэсний эрх ашиг эх орныхоо газар нутгаас худалдаагүй. Уламжлалт чихэрийн нишэнгийн үйлдвэрлэл, алдартай навчин тамхи, ром архиараа мөн эрүүлийг хамгаалах салбар, боловсролдоо их анхаарч амжилт олсон улс. Хүчирхэг зэвсэгт хүчинтэй, иргэний агаарын тээвэр, далайн тээвэр, аль аль нь муугүй хөгжсөн улс. Эдүгээ АНУ-ын засгийг газар Кубыг хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч Обама Кубад айлчилж харилцаа нь сэргэж байна. Харин Дональд Трамп Кубад хатуу хандах бололтой. Хэрхэгийг ирээдүй харуулна бизээ.
Хуан Санчес Кастрогоос ажлаас чөлөөлөгдөх хүсэлт тавьснаас хардагдаж хатуу дэглэмтэй шорон дамжин хэдэн жил хоригдож тамлагдсан ч бууж өгөлгүй үхэл амьдралын зааг дээр оргон 2008 онд АНУ-д ирж гэр бүлтэйгээ учирч адал явдал мэт тэр түүхээрээ номоо бичсэн ажээ.
Манай зарим хэвлэлд Фидель Кастро Монголд айлчилсан гэж бичсэн нь буруулдаа. Судалгаагүй ийм зүйл нийтэлдэг нь түүхийг гуйвуулахад хүргэдэг. Харин 1970 онд Рауль Кастро Монголд айлчлахад би орчуулж байсан юм аа. Бас ТВ-9-ийн тоймч Фидель Кастро нөхөрлөлдөө үнэнч гайхамшигтай удирдагч байсан мэтээр ярьж байна. Тоймчийг би шүүмжлэх гэсэнгүй. Тэрээр бусдын адил Фиделийг эерэг талаас нь харж явжээ. Энэ бүхнийг эрэгцүүлэн суухдаа Кубын хэл, түүх, соёлыг гадарладаг хүний хувьд залуу сэтгүүлчидэд зөвлөж байгаа юм. 1960-аад онд манай нэг нийтлэлч Кубад цөөн хоног зочлоод ном гаргасныг үзэхүл Зөвлөлтийн судлаач, зохиолч, нийтлэлчдийн бүтээлүүдээс хуулбарласан байж билээ. Зөвлөлтийн тэдгээр хүмүүс нь хэл түүх, соёлыг нь мэддэг, ер нь Оросууд Өмнөд, Хойт Америкийг гүнзгий судалдаг, бүхэл бүтэн хүрээлэн гүүд ажиллаж байсан юм л даа. Би 1960-аад оны дундуур Москвад сурч байхдаа Гавана дахь ЭСЯ-нд орчуулагч хийж, хожим дипломат ажилтан болж, Кубын тухай бүтээлүүддээ тусгасан судлаачийн хувьд энэ тухай өгүүлж байна.
Эх сурвалж: www.polit.mn