Хуулийнхныг хараат болгодог хуучирсан тогтолцоог халахгүй бол...

2017-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Иргэний индэр

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны оршин суугч Г.Мягмар

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлий 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу Шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байх юм. Эндээс харахад Шүүх ямар их үүрэг хүлээж, хэнээс ч хараат бус байх шаардлагатай нь ойлгомжтой байна. Хэрэв Шүүх хэн нэгэн эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтөн, танил талдаа үйлчилбэл ямар аймшигтай завхрал гарч шударга ёс алдагддагийг монголчууд харсан. Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг Улсын Дээд Шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно”. Бас үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын ерөнхий прокурор,түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан байна. Иймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараахнаас эдгээр үндсэн хуулийн дагуу зургаан жилийн хугацаагаар томилогдсон хүмүүсийг хугацаанаас нь өмнө “хүсэлт”-ээр нь чөлөөлсөн зарлигууд төрийн мэдээлэл сэтгүүлүүд дээр дурайж байдаг. Тэдгээрээс харахад ”...санал болгох, ...зөвшилцөх “ зэрэг хуулийн заалтууд ёсын төдий, нүд хуурсан зүйл болж харагдаад байх юм.

Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч С.Батдэлгэрийг 2010 оны аравдугаар сарын 27-ны 221 дүгээр зарлигаараа “хүсэлтээр” нь чөлөөлж, Ц.Зоригийг 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны 234 дүгээр зарлигаараа УДШ-ийн ерөнхий шүүгчээр томилсон. Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг бас л хугацаанаас нь өмнө “хүсэлтээр” нь чөлөөлж, Д.Дорлигжавыг УЕП-оор томилсон. Мөн 2010 оны аравдугаар сарын 14-ний 212 дугаар зарлигаараа УЕП-ын орлогч Б.Цэрэнбалтавыг бас л “хүсэлтээр”нь чөлөөлж, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны 70 дугаар зарлигаараа УЕП-ын бас нэг орлогчийг “хүсэлт”-ийг нь үндэслэн ажлаас нь чөлөөлж, бодвол “өөрийнх”-нөө томилж авчээ.

Хүсэлтээрээ ажлаа өгөх нь байтугай юм л бол тамгаа аваад зугтаачихдаг болсон энэ цөвүүн цагт энэ бүхэнд Ерөнхийлөгчийн маань ”хүчтэй туслалцаа” орсон гэж хардах хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын  17-ны 52 дугаар тогтоолоор Авилгатай Тэмцэх Газрын даргаар Н.Ганболд, дэд даргаар Б.Хурц нарыг томилсон.

Ерөнхийлөгчийн 2011оны хоёрдугаар сарын 24-ний 31 дүгээр зарлигаар Б.Сарантуяаг нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр, С.Соёмбо-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр нэг өдөр, нэг зарлигаар томилсон байдаг. Энэ бүхнээс харахад хууль шүүхийн байгууллагууд ганц хүний хараа хяналтанд орох тогтолцооны гажиг байна гэж үзэж болохоор байгаа юм. Энэ гажиг илэрсэн ганц тохиолдлыг харуулахаар, олон түмэнд харьцангуй мэдэгдэж,  ялангуяа эгэл борчуудад ихээхэн эргэлзээ төрүүлсэн Н.Энхбаярын “хэрэг” гэгчээр жишээ авъя.

Өдрийн сонины 2009 оны хоёрдугаар сарын 16-ны 041, 042 дүгаарт Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохынхоо өмнөхөн ярилцлага өгөхдөө “Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр бас ч цэвэр байсан. Одоо авлигаар авсан зүйлсээ сурталчилгаандаа хайр гамгүй тараан цацаж байгаа” гэсэн байсан. Уг ярилцлагыг хийсэн Ж.Сандагдоржийн зорилготой асуултанд “Манай Н.Энхбаяр тэсэлгүй бүх бялдуучдаа дуудна. Хууль, Шүүхийнхнийг өөрөө олгосон хутгатай, сэлэмтэй, мөрдөстэй, албатай, тамгатай, тамгагүй бүхнээ байх суух газаргүй болтол нь дарамтална” гэсэн байдаг. Ийм боломж байгааг урьдаас олж хараад ингэж ярьж байсан хүн хэрэгжүүлэхгүй гэх батлагаа үгүй. Тэр тусмаа Ц.Элбэгдорж дээрх томилгоонуудыг хийж найдвартай багаа бүрдүүлж авсан байхад гэсэн хардлага төрдөг. Цаашид өрнөсөн үйл явдлууд ч үүнийг баталж өгөх шиг санагдсан. Тухайлбал, Н.Энхбаяр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний талаар мэдээлсэн 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 18:00 цагаас хэдэн зуун цагдаа гэрийнх нь үүдэнд язганалдаж хоноод 13-ны үүрийн 06:00 цагт олзоо дамнасан олон боохой мэт оймстой хөлийг нь гозолзуулан авч явахыг зурагтаар зүрх шимшрэн харж суухдаа үнэхээр л “Авлигын загалмайлсан эцэг” юм бол үйлдсэн хэргийнхээ лайгаа эдлэхээс өөр яах вэ дээ гэж бодож байсан.

Гэтэл Ё.Сагсай голлон яллаж С.Соёмбо-Эрдэнэ даргалан гурав хоног сүр дуулиантай хийсэн 49 хавтастай “хэрэг”-ийн шүүх хурлыг зурагтаар хараад Н.Энхбаярыг хилсдүүлж, хэлмэгдүүлж байгаа юм байна гэсэн ойлголт олон хүнд төрсөн юмдаг. Эх орныхоо баялаг Тавантолгой, Оюутолгойн ордуудаа Монгол Улсын ард түмэнд үр ашигтайгаар ашиглах талаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хувьд баримтлах хатуу байр сууриа 2006 оны эхээр илэрхийлж , Оюутолгойн гэрээг гаднынханд ашигтай, Монгол Улсад ашиггүй байгуулахаар”улайрч” байсан МАН, АН-ын бүлэглэлд тээг тавиад хөдөлгөхгүй байсан юм билээ. Үүнээс л болж сонин, радио, телевиз ер нь хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдээр олон жилийн турш гүтгэж, доромжилж, харлуулж бэлтгэлээ хангаад эцэст нь хилс хэрэг тулган ялд унагасан нь одоо ил болж байх шиг.

Тэр шүүх хурлаас цухалзаж байсан зарим зүйлийг эргээн санавал, Өмгөөлөгч С.Нарангэрэл уг шүүх хуралд Улсын яллагчаар оролцсон Ё.Сагсай, шүүх хурлыг даргалсан С.Соёмбо-Эрдэнэ нараас энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа гэж үзэн хуулийн дагуу татгалзаж байхад Монголын Ард түмний нүдний өмнө хүлээн аваагүй. Бас л хуулинд заасан чөлөөтэй мэтгэлцэх зарчмыг илээр зөрчсөн зэрэг цаанаасаа захиалгатайн шинж тэмдгүүд илэрч байв. Худал гэж мэлзмээр байвал уг шүүх хурлын бичлэгийг телевизээр гаргаад ард түмэнд үзүүлчихэд л болох. Авлигатай Тэмцэх Газар мөрдөн ”шалгаж тогтоогоод”, Прокурорын байгууллага хянаад “яллах дүгнэлт” үйлдэж Эрүүгийн таван хэрэг тулган шүүхэд өгсөн. АТГ нь яаж мөрдөн шалгахаараа, Прокурор нь яаж хянахаараа шат шатны шүүхүүд дээр гурвын гурван хэрэг нь хэрэгсэхгүй болдог юм бол.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийнхөө хувьд Монгол Улсаа сурталчилж дэлхийн том гүрнүүдийн удирдагч нарт захидал бичээд ирсэн хариу захидлуудыг эмхэтгэн гаргасан засгийн газрын номыг, хоёр жилийн өмнө өөрийнхөө зардлаар хэвлүүлээд авчирсан хувийн номтой нь “андуурч”, хамба лам Чойжамц, Н.Энхбаяр хоёрт хувьд нь Японы шашны байгууллагаас өгсөн телевизийн тоног төхөөрөмжүүдийг улсынх болгон ”эндүүрч”, Эрдэнэтийн ган бөмбөлгийн нийлүүлэлттэй, “утсаар ярьсан” гэх “мунхаг үндэслэл”-ээр холбож ял төлөвлөн шүүхэд өгч байсан нь Н.Энхбаярыг олон хэрэг үйлдсэн “аймаар” хүн болгож харагдуулах гэж улайрсан явуургүй “ов, заль” байсны илрэл юм.

Ийм баримттай зүйлүүдийг санаатайгаар гэмт хэрэг болгон шүүхэд өгч хүний эрхэнд халдан хэлмэгдүүлж, өргөсөн тангаргаа зөрчсөн АТГ-ын болон, Прокурорын ажилтнуудыг тогтоож, хариуцлага тооцдоггүйн нууц нь хаана байна. Эсвэл дээрээс даалгавартай байсан болохоор хамаагүй байдаг юм уу, гэх зэрэг асуудлууд одоо ч хариу нэхсээр байгаа.

Гэтэл Шүүх “нотлоод”ялласан хоёр “хэрэг” нь ч хараат шүүх, дээрээс өгсөн даалгавар биелүүлж, Н.Энхбаярт холбогдох аргагүй зүйлүүдийг хүчээр тулган тасалсан харагддаг. Учир нь дээр дурдсан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно“ гэснийг зөрчсөн байна. Яагаад гэвэл Н.Энхбаярыг холбогдуулан ялласан Улаанбаатар таймс сонин, Өргөө зочид буудал гэсэн байгууллагын хувьчлалд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгын ах Б.Хуяг нарын нэр л дурдагдсан байх юм билээ. Хэрэв үнэхээр хууль зөрчсөн юм байгаа бол тэдэнд л хариуцлага хүлээлгэвэл үндсэн хуулийн дээрх заалтанд нийцмээр. Түүнээс бус Н.Энхбаяр албан тушаалын байдал, нэр хүнд,  нөлөөгөө урвуулан ашиглаад баахан гэмт хэрэг үйлдсэн гээд, өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байхад нь хүчээр тулгаад тасалчихсан нь хууль зөрчиж хүн хэлмэгдүүлсэн бусармаг явдал гэж харагддаг.

Хуульч биш жирийн иргэнд ингэж харагдаж байхад мэргэжлийн хуульчдад яаж харагдаж байгааг үнэн шударгаар бичээсэй гэж хуульчдыг уриалмаар. Энэ ”хэрэг”-ийн талаар гавьяат хуульч Академич, доктор С.Нарангэрэлийн бичсэн ном байдаг гэсэн. Тэр номыг үнэн шударгыг барьдаг сонинууд хэсэгчилж цувуулаад ч болов нийтлээсэй. Энд шүүхийн шийдвэрийг биш, тогтолцооны гажгаас болж, эрх мэдэлд очсон бохир улстөрчид өрсөлдөгчөө шахан зайлуулж хэлмэгдүүлэх хэрэгсэл болгож байгааг илчлэх шаардлагатай нь, Н.Энхбаяраас айхдаа 2012 онд УИХ-д шууд орохоор байхад нь хилс хэрэг тулган шоронд хийж байж үлдээсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх шалтаг заагаад өрсөлдүүлээгүй.

Одоо 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүйн тулд 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөх байсан Эрүүгийн шинэ хуулийг мөрдөж эхлэхээс ганц хоногийн өмнө яаран сандран 2017 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах тогтоолыг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталж, хүлээлттэй байсан олон мянган иргэдийг давхар хохироож байгаагаар ард түмэнд харагдсан. Н.Энхбаяр Монгол Улсын байгалийн баялаг, Оюутолгой, Тавантолгойн ордуудаа гаднынханд найр тавих гэсэн МАНАН-ын Мафижсан Олигархиудтай тэмцэж, тэдний гар, хөлийг хөдөлгөхгүй байсан нь одоо ард түмэнд ил болжээ. Түүнээс болж л тэдэнд боорлуулж, гүтгүүлж, доромжлуулж, хилс ял шийтгүүлсэн юм байна гэж итгэсэн хүмүүс олон бий.

“Хүмүүс” сонины 2012 оны тавдугаар сарын 28-аас зургадугаар сарын 3-ны 20 дугаарт дэд доктор Б.Ганбатын бичсэн ”Аалзны тор 6” нийтлэлд ”...27 бие даасан хэрэгт сэжиглэж байгаагаас зургааг нь АТГ-аас баталгаажуулжээ. Түүний идэж уусан асар их хөрөнгийн хэмжээг 80-100 сая ам.доллараар барагцаалдаг. Фридланд Оюутолгойг Н.Энхбаяраас 50 сая ам.доллараар авсан. Фридланд хамаг асуудлыг ганцхан Н.Энхбаяртай ярилцаад бүгдийг худалдаж юм уу, авлигадаад шийднэ гэж үзжээ. Н.Энхбаярын хамаатнууд гадаадад сая ам.долларын хаустай байсан нь хэний мөнгө вэ?” гэх зэрэг зүйлүүд нь мөнөөх “алдар”-т 49 хавтаст хэрэгт нь авагдаж, шүүх хурал дээр дурдагдаагүйг бодоход бас л гүтгэлгүүд байсан нь илэрхий.

Инээдэмтэй нь энд Б.Ганбат, Н.Энхбаярыг доош нь хийх гээд чин үнэнийг илчилсэн юм. Тэрээр “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хүчинд л Оюутолгойн гэрээ зурагдсан. Шинэ Ерөнхийлөгч Засгийн Газрын ажилд тээг саад тавиагүй учраас л зурагдсан. Тэгэнгүүт Н.Энхбаяр Оюутолгойн хамгийн томоор шүүмжлэгч боллоо” гэж бичсэн нь МАНАН-ын “булагнагчид”, ”хорин мянган хувьсагчтай”, Монгол Улсад илт ашиггүй энэ гэрээг хийхээр улайрч байсныг ганц Н.Энхбаяр л торгоож, тогтоож байсныг тод харуулж өгсөн. Энэ гэрээ чухам ямархан болсныг одоо монголчууд бүгдээрээ мэддэг болсон. Ямар сайндаа л Үндсэн хуулинд заасан Төрийн буюу өөрийнхөө өмчийн 34 хувийг олон тэрбум ам.долларын өрөөр ”худалдаж” авсан энэ ”гайхамшигтай сайн” гэрээнд тээг саад тавилгүй “буян” үйлдсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань гэнэт ”сэрсэн” мэт, муу гэрээ болсныг хүлээн зөвшөөрөөд ”Дараагийн охиноо л “ гэж цэнхэр дэлгэцээр ярьж онигоо болж байхад төлөөнөөс нь харамсаж, халагласан жирийн иргэд цөөнгүй байсан. Одоо ч байгаа.

Улс орон дааж давахад бэрх өр зээлэнд баригдан, ард түмний амьдрал тэсэхэд бэрх доройтон, ”удирдагч” нарын маань үнэн нүүр царай танигдаж, Тэдний зөрчилдөж, тэмцэлдэж байгаа зэргийг харахад маш харамсалтай байна. Тэд Монголыг арай ч байж боломгүй ийм байдалд оруулснаа бие,бие рүүгээ чихэн хэрэлдэж “хоёр бадарчны үлгэрээр” аргацаан өнгөрөөх бодолтой юм шиг байх юм. Дээр дурдсан Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх хугацааг жил шахмаар ухраасан нь бас л найдваргүй санагдсан юм байлгүй. Н.Энхбаярыг дахиад мөнөөх АТГ нь “мөрдөн шалгаад” Эрүүгийн хуулийн хоёр, гурван зүйл ангиар яллуулахаар бас л Прокурортоо өгсөн гэнэм.

Бас нэг “Сагсай” томилогдож шүүх хурал дээр нүүрээ улалзуулна биз. Харин шагнал өндөртэй юмдагуу. Нөгөө Ё.Сагсай бол Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалгаад, албан тушаал суга дэвшиж одоо бүр Улсын Ерөнхий Прокурорын Газрын хэлтсийн дарга болж “монцойсон” гэнэ билээ. Хэрэв бүүр”цагаандаа гарч” одоо болох шүүх хурлаа ямар нэг шалтаг заан нууцын зэрэгт оруулж хаалттай хийлгүй, нээлттэй хийвэл Ард түмэн минь анхааралтай ажиглаарай. Гайхмаар, эргэлзмээр зүйлүүд гарч л таарах болов уу. Өчүүхэн миний бодлоор бол хуулийнхныг хараат болгодог хуучирсан энэ тогтолцоог халах цаг болсон баймаар. Ганц ”эзэн хааны” гарт томилгоонуудыг атгуулснаар хуулийнхан хараат болох нөхцөл бүрдээд байдаг юм биш үү?

Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

1 цаг 8 мин
“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг ерөнхи

5 цаг 16 мин
Баталгаагүй тураах эм, бэлдмэлд улс орнууд ямар зохицуулалт хийдэг вэ?

Эмэгтэйчүүдийн мөрөөддөг мөнхийн сэдвийн нэг бол турах байдаг. Хэн ч гоолиг бие хаа, гоо сайхан байхыг хүснэ.

5 цаг 16 мин
Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Өчигдөр 06 цаг 10 мин
Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Өчигдөр 06 цаг 07 мин
“Урагшаа профессор урагшаа”

“Урагшаа профессор урагшаа”

Өчигдөр 06 цаг 05 мин
Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

Өчигдөр 06 цаг 02 мин
Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Уржигдар 13 цаг 16 мин
Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Уржигдар 12 цаг 57 мин