Газрын гүнээс төрсөн Хөдөлмөрийн баатар

2016-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Уурхайчдын баяр тохиодог.  Энэ өдрийг угтан 100 гаруй жилийн түүхтэй нүүрсний ордыг түшиглэн байгуулагдсан гэх Налайх дүүргийг зорьсон юм. Тэнд Хөдөлмөрийн баатар, уурхайчин Т.Окобал гуай аж төрж байна.  Түүнийг “Амьдралын тойрог” буландаа урьж, уурхайчны ажил амьдралын түүхийг сөхлөө.  Тэрээр 40 гаруй жил уурхайн гүнд ажиллажээ. Налайхын уурхай бол манай анхны хамгийн том уурхай. Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагаагаа эхэлж түүнээс хойш Улаанбаатар хотыг 100 гаруй жилийн хугацаанд дулаанаар хангаж ирсэн. Налайхын нүүрс илч сайтай, үнс тортог багатай их сайнд тооцогддог хэмээн Т.Окобал гуай ажлаа магтсаар яриагаа эхэлсэн юм.   

 

ГАДНЫ ХҮНД ЭЭЛТЭЙ НАЛАЙХ ДҮҮРЭГ

Гэргий Т.Биша  нь Налайхын ерөнхий боловсролын сургуульд 30 гаруй жил ажиллажээ.

 

Тэрээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын хүн. 18 настайдаа цэрэгт мордож Налайхад суурьшсан нэгэн. Тухайн үед Налайхын нүүрсний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, цэргийн насны залуусыг гэрээгээр ажиллуулж эхэлсэн байдаг. Т.Окобал цэрэгт ч явсангүй, нутгийнхаа 10 гаруй залуутай хамт нүүрсний уурхайд ажиллахаар “Камаз” маркийн автомашинд  ачигдан ирж анх Налайхад хөл тавьжээ. Түүнийг ганц хоёрхон байшинтай,  айл цөөхөн, гэхдээ ажил буцалсан тийм л Налайх хүлээн авчээ.  Тэрээр  “Манай Налайхыг гадны хүнд ээлтэй гэцгээдэг. Үнэн шүү.  Би энэ л газарт ирж ажлын амтанд орж, Хөдөлмөрийн баатар болох гараагаа эхэлж, тэр өндөрлөгт хүрч байлаа. Налайхын нүүрсний ордыг 1910-аад оны үед нутгийн жирийн нэгэн эмэгтэй аргал түүж яваад, тарваганы дошноос өнгөлөг хар чулуу олж, Самбуу гэдэг хүнд өгч сонирхуулсан нь улмаар нийслэл хүрээн дэх данжаадын гарт хүрэн, чулуун нүүрс гэдгийг мэдэж байсан гэдэг. Тэгээд ч зогсохгүй нүүрс олборлох ажил тэр намартаа эхэлж байсан юм билээ. Эмэгтэй хүн нээсэн болоод ч тэр үү, холын хүнд зөөлөн газар шүү” хэмээн Т.Окобал гуай хуучилж байв.  Тэрээр 1968 онд Налайхын нүүрсний уурхайд ирээд малтагчаар ажиллаж эхэлжээ. Таван кг жинтэй хүрзээр нүүрс зөөж, ёстой л суганы булчирхайгаа цочтол ажиллаж байсан гэдэг.  Тухайн үед Налайхын уурхайд ажиллахаар зорьж ирсэн залууст орон байр, гэр өгч, гурван жилээр гэрээ хийн хөдөлмөр нийгмийн хамгааллыг нь шийдэж өгдөг байжээ.  Тиймдээ ч хангалт, цалин хөлс сайтай учраас энэ уурхайг зорин ирж ажиллах хүн олон байсан гэдэг.

 

ГАЗРЫН ГҮН РҮҮ 45 МИНУТ ЯВЖ ОЧДОГ БАЙЛАА

Малтагчаас ажлын гараагаа эхэлсэн Т.Окобал удалгүй бэхэлгээчин болж тушаал дэвшиж байжээ. Хамгийн хүнд хэцүү мэргэжил.  Учир нь малтагч бол нүүрсээ хүрздээд л шиддэг. Харин  бэхэлгээчин газрын гүнд нуралт үүсэхээс сэргийлж бэхэлгээ хийх үүрэгтэй хамгийн хариуцлагатай алба хэмээн тэрээр ярьж байв. Мөн хиймэл агаараар амьсгаа авдаг, шороо тоос ихтэй эрүүл мэндэд асар хортой нөхцөлд ажилладаг байжээ.   Тэрээр энэ тухайгаа “Тэр үед бид 180 метрийн гүнд  цахилгаан шатаар бууж газрын гүнд ажиллаж байлаа.  Нүүрс гаргадаг хэсэг рүү доошоо 45 минут яваад очно. Өдөржин тэндээ байна. Амралт ч багатай.  Яагаад гэхээр улс орны хэмжээнд ганцхан Налайхын уурхай үйл ажиллагаа явуулдаг байлаа. Нүүрс цахилгаанаар хангахын тулд цаг наргүй ажилладаг байв.  Аж үйлдвэрийг хөгжүүлэх мөн  улс орны төлөө  тэгж л нойр хоолгүй зүтгэж ирсэн дээ” гэв.  Агааргүй, тоос шороо ихтэй орчинд өдөржин ажиллана гэдэг мэдээж амаргүй. Мөн дээр нь хэзээ ч осол аваар гарч болох аюултай нөхцөлд ажил­лана гэдэг хүнээс асар их тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.  Т.Окобал зургаан жил бэхэлгээчнээр ажил­лажээ. Түүний дараа нүүрс ухдаг комбайны машинистаар ЗХУ-д суралцжээ. Ирээд ком­байны машинист  мэр­­гэжлээрээ гавьяаныхаа амралтад суутлаа ажилласан байна.

 

УУРХАЙЧДЫН ХАР ӨДӨР

 

Түүнээс “Уурхайчин мэргэжил их хүнд хэцүү юм. Танд шантрах, болих үе байв уу” хэмээн асуухад “Анхандаа хэцүү байсан.  Газрын гүний агаар дасахгүй байлаа.   Нутгаа, гэр орноо санана. Гэхдээ би давж чадсан.  Залуу насны  ааг омгоор л энэ ажлын ард гарч үр шимийг нь хүртэж эхэлсэн дээ.  Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг их үнэн үг шүү. Хүн хичээвэл юуг ч хийж чаддаг юм байна гэдгийг миний амьдралаас харж болно.  Газрын гүний уурхай гэдэг хүнд ажил шүү дээ.  Нурдаг дардаг, агааргүй болно. Амиа алдах аюултай” гэж байв.  Тухайн үед Монголын Үйлдвэрчний эвлэлийн  байгууллага асар хүчтэй ажилладаг байжээ.  Ажилчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын төлөө зүтгэдэг байсан гэнэ.  Гэхдээ 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Налайхад их том дэлбэрэлт болсон байна.  Үүнийг уурхайчид “хар өдөр” хэмээн тэмдэглэж одоог хүртэл уурхайчдаа санан дурсдаг.  Налайхын их уурхайд метаны дэлбэрэлт болж 13 уурхайчин халуун амиа алдаж уурхайчдыг аварч байсан аврах албаны аврагчдаас долоон аврагч ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан гашуун өдөр тэр үед тохиожээ.  Ийм аймшигт осол манай улсын уул уурхайн салбарын түүхэнд өнөө хэр гараагүй.  Энэ л ослын үед Т.Окобал гуай ажиллаж байв. Тэрээр “Тухайн үед газрын гүн агааргүй болж дэлбэрч байсан.  Мөн метаны хий гэж юу байдгийг манай аврагчид мэдэхгүй орж, түүгээр амьсгалж нас барсан аймшигтай юм болж байлаа. Ослын дараа ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж ажиллаад маш их эмзэглэж “энэ хийг хүний биед хортой гэдгийг яагаад мэддэггүй юм бэ” хэмээн халаглаж байгаад явсан даа. Тэр цагаас хойш уурхай маань үр өгөөжөө хайрлаж, нам жим байна” гэж байв.  Тэр өдөрт зориулан хөшөө босгосон нь одоо Налайх дүүрэгт байдаг.

 

“УУРХАЙГАА ХАРАХАД ГУНИГ ТӨРДӨГ”

 

Газрын гүнд уур­хайчдын нүд чийдэнгийн гэрэлд гялтганана.  Энэ бол Улаанбаатар хотоос 40 км зайтай орших Налайхын уурхайн өнгөрсөн болоод одоогийн дүр зураг. Нүүрсний тоос тортог уурхайчдын нүүр царай, гар,  өмссөн хувцасны өнгийг мэдэгдэхгүй болтол дарна. Уушиг нь нүүрс, никитонд гэмтэж буйг мэдэх ч хүн байна, мэдэхгүй нь ч байна. Тэд уурхайн нүх рүү орох бүртээ амь насандаа эрсдэл учруулдаг.  Налайхын уурхайчид бол Монголд хууль бус олборлолт газар авсны нэг илрэл. Энэ уурхай одоогоор дэлхийн хамгийн аюултай уурхайд тооцогдож байна.  Энэ л мэдээ Хөдөлмөрийн баатрын сэтгэлийг чилээдэг ажээ. Т.Окобал “Эргээд бодоход миний амьдрал уурхайн гүнд өнгөрчээ.  Одоо уурхайгаа харахад жаахан гунигтай л байдаг.  Налайхын уурхайг 1993 онд 59 сая тонн нүүрстэй гэж гарч байсан. Тэр үед танай хүүхдийн хүүхэд ажиллах юм байна гэж ярьж байсан.  Гэтэл одоо хувийн уурхай ажиллаж байна. Газрын яг гүнд байгаа нүүрсийг авч чадахгүй байна.  Зах зээлийн шилжилтийн үед төрийн өмчид байлгасан бол ийм байдалд орохгүй байсан болов уу. Залуус маань ажилтай сайн байх байлаа” гэсэн юм.  

Т.Окобал гуай 1991 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Налайхын уурхайгаас төрсөн есөн баатрын нэг нь юм.  40 гаруй жил Улаанбаатарыг  нүүрс дулаанаар таслахгүй байлгахын төлөө урсгасан хөлс хөдөлмөр нь энэхүү шагналд шингэсэн гэлтэй.  Тэрээр энд ажлаа олж, гэр бүлтэй болж голомтоо бадраасан. Түүний гэргий Т.Биша Налайхын ерөнхий боловсролын сургуульд 30 гаруй жил ажилласан.   Ийнхүү Өргөө хотоос эхлээд өнөөдрийн Улаанбаатарыг хүртэл гэрэлтэй дулаан байлгахад анхаарч ирсэн Налайхын уурхайн нэгэн үеийн түүхийг бичсэн эрхмийн амьдралыг товчхон өгүүлэхэд ийм байлаа.  Хүрз барьсан ажлын гараа Хөдөлмөрийн баатар болох эхлэл байжээ хэмээн бодоход бахархалтай санагдана.

Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2 цаг 3 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2 цаг 3 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

14 цаг 50 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

16 цаг 7 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

16 цаг 18 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

16 цаг 20 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

17 цаг 1 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

17 цаг 2 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

18 цаг 36 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

22 цаг 29 мин