2016 онд Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал /1/

2016-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

1.ВИКТОР ОРБАН, СЕРГЕЙ ЛАВРОВ, ЖОН КЕРРИ НАРЫН МОНГОЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛУУД

2016 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Унгарын Ерөнхий сайд В.Орбан Европын Холбоон дотроо “Illiberal democracy” буюу “Либерал биш ардчилал”, утгачилвал “Чөлөөт биш ардчилал”-ын гол төлөөлөгчийн нэг хэмээн тооцогддог.

Тэрээр Ерөнхий сайдын албыг хоёрдох удаагаа хашиж байгаа бөгөөд эхний удаа буюу 1998-2002 онуудад Ерөнхий сайдын албыг хашихдаа сөрөг хүчнийхээ үүрэг ролийг үгүйсгэх, Парламентын ажиллагааг идэвхгүй, Засгийн газрыг хянах чадваргүй болгох, төрийн томоохон албан тушаалд хүмүүсийг томилохдоо улс төрийн шалгуурыг гол болгох, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хянахыг оролдох, түүний толгойлж байсан нам, Засгийн газар хээл хахуулийн асуудалтай орооцолдон холбогдох зэрэг хурц хурц шүүмжлэлд өртөн дараагийн сонгуульд ялагдсан байна.

В.Орбан дахин Ерөнхий сайд болсон түүх нь санамсаргүй тохиолдол мөн гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Тухайн үед Унгарын Социалист намын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ф.Юрчань намынхаа хуралд оролцогчдод хандан, ард иргэддээ амласнаасаа ухран худал хэлж байгаа тухайгаа хүлээн зөвшөөрсөн үг хэлж, хэлсэн үгийнх нь бичлэг гадагшаа алдагдаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд алдагдсан бичлэгийг олон түмэнд сонсгосны улмаас сонгогчид Унгарын Социалист намд итгэх итгэл нь алдарч, 2010 оны сонгуулиар В.Орбаны намд саналаа өгчээ.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан 40 гаруй компанийн 60 орчим бизнесийн төлөөлөгч Монголд ирж, хоёр талын бизнес форум зохион байгуулагдав.

В.Орбан Ерөнхий сайд Монголд айлчилсан нь зарим хүнд Монголд “чөлөөт бус ардчилал” тогтсоны илэрхийлэл болов уу, “дугуй дугуйгаа олох”-ын үлгэр болов уу? гэсэн асуулт тавих, айлчлалын ач холбогдолд эргэлзэх боломж олгов.

2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр албан ёсны уулзалтууд хийснээс гадна ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр илтгэл тавив.

С.Лавров сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албыг хашихын хажуугаар шүлэг бичих хоббитой. Түүний “Посольский приказ” буюу “Элчингийн тушаал” нэртэй урт шүлгийн зарим мөрийг сонгон дор орчуулан толилуулав.

 

Оросоор:

 

В поле воин один — так бывает, и это не ново.

Дипломат должен сам дать единственно верный совет.

Должен он, как поэт, находить только верное слово,

Крепко помня при том, что пророков в отечестве нет.

И не ведал никто, путь какой для кого уготован —

Где слетит голова, где настигнет дурная молва,

Но искал дипломат то единственно верное слово,

И не мог отступать — за спиною стояла Москва.

 

Монголоор:

Дайны талбарт ганц дайчин байхад гайхах юм огт үгүй ээ.

Дипломат хүн өөрөө өөртөө үнэнч зөвлөх байх үүрэгтэй.

Найрагчтай адилхан хамгийн оновчтой үг олж байх ёстой

Нутагт нь мэргэн хүнийг дэмждэггүйг бас санаж байхад илүүдэхгүй.

Хүн ямар хувь тавилантайгаа өөрөө мэдэх нь ховор

Хаана цаазын ял сонсох, хаана хэл аманд өртөхөө мэддэггүй

Алдах эрхгүй дипломат цорын ганц зөв үг олохыг хичээнэ

Ард нь Москва байгаа тул ухрах эрхгүйгээ тэр сайн мэднэ.

С.Лавров сайдын энэ шүлэг саяхан Туркт сууж байсан ОХУ-ын Элчин сайд А.Карлов балмад этгээдийн гарт амь насаа харамсалтайгаар алдсаныг сонсоод цочирдсон хүмүүст нэгийг бодогдуулж хоёрыг сануулж байгаа бизээ. Нээрээн л элчийн буюу дипломатын ажил наанаа эрх ямба эдэлж байгаа мэт харагдах боловч зарим газар алба хаахад аминд халгаатай амаргүй ажил шүү дээ. Эзэн Чингисийн үед элчийн толгойны үснээс нэг ширхэг нь ч өөрийнх нь мэдэлгүйгээр унаж болохгүй гэж үзэж байсан нь санамсаргүй хэрэг огт биш юм. Үнэхээр хоёр талын хооронд дунд нь үг үгийг нь үнэн зөв зөөн хүргэдэг элчүүд нэг ёсны гүүрийн үүрэг гүйцэтгэж байдаггүйсэн бол улс үндэстнүүд дандаа өөр өөрийн “арал” дээр нэг нэгнийгээ үл ойлгон үзэн ядалцан дайн дажин дэгдээн эцэстээ бүгд хохирон амьдрах байсан бизээ.

С.Лавров сайд Монголд айлчилж илтгэл тавьж, үг хэлж, ярилцлага өгөхдөө Эрдэнэт, Монросцветмет, УБТЗ зэрэг хамтарсан үйлдвэрүүд Орос-Монголын харилцааг хэвийн төвшинд байлгах, цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж байсан. Гэтэл айлчлалынх нь дараа тун удаагүй байхад буюу айлчлалынх нь “будаг нь ханхалсан хэвээр” байхад Монголын, эсхүл гадаадын оффшорт бүртгэлтэйгээс нь үзэхэд гадаадын компанийн чухам аль нь болох нь сайн мэдэгдэхгүй нэгэн компани Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан талаар огт өөр байр суурь баримталж эхэлсэн нь сонирхол татдаг. Тэрээр хожим нь Монголын албаны хүмүүстэй уулзахдаа нөгөө “Орос-Монголын харилцааг хэвийн байлгах, цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гээд байсан хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг гуравдах тал авсныг Оросын талд хувиа зарах нь “ашигтай байсан” хэмээн зөвтгөн ярьсан тухай дуулдсан.

АНУ-ын Төрийн  нарийн  бичгийн дарга  Жон  Кэрри  зургадугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр албаны хүмүүстэй болон Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Монголын үндэсний бэсрэг наадам үзэж сонирхжээ.

Ж.Кэрригийн Монголд айлчилж байх хугацаандаа хийсэн мэдэгдлүүд Монголын болон гадаадын хүмүүсийн сонирхлыг татсан байна. Тухайлбал тэрээр Air defence identification zone (ADIZ) over the disputed South China Sea буюу Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай хэсгийн дээрх агаарын орон зайд агаарын хамгаалалтын объектыг танин тогтоох зоон-ыг зарлах талаар Хятадын талын гаргасан санаачилгыг шүүмжлэв. Хятадын тал тийнхүү шүүмжилснийх нь хариуд илэрхий дургүйцэв.

Түүний айлчлалынхаа үеэр хэлсэн: “Монгол бол ардчиллын баян бүрд мөн” хэмээх үг нь олон салаа утгатай байсан. Нэг талаар баян бүрд говь цөлд л байдаг учир хэрэв үнэхээр Монгол нь ардчиллын баян бүрд мөн юм бол Монголын хоёр хөрш буюу ОХУ ба БНХАУ нь ардчиллын хувьд говь цөл болж таарна. Гэтэл судлаачид Монголын өнөөгийн ардчилал ОХУ ба БНХАУ-ын ардчиллаас илүү гараад байх юм ердөө ч байхгүй гэж дүгнэдэг. Тэр битгий хэл Бирмын Нобелийн шагналт Ан Сан Сучи Монголд хүрэлцэн ирээд: “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч илүү аюултай” гэж хэлэхдээ зүгээр нэг хэлээгүй, харин Монголын өнөөгийн нөхцөл байдалтай танилцчихаад хэлсэн үг мөн учир Монголын ардчилал гээчийн үнэн дүр төрхийн тухай хэлсэн үг болж таарна. Тэгвэл дүр эсгэсэн ардчилалтай улс орон яавч ардчилалын баян бүрд байж чадахгүй ээ.

Нөгөө талаар Ж.Кэрри Монголд УИХ-ын сонгуулийн өмнө айлчилсан нь АН-ыг дэмжих далд санаатай байжээ гэж ойлгогдсон. Өөрөөр хэлвэл шууд бус байдлаар Монголын сонгуульд оролцохыг санаархсан. Ж.Кэрри ардчиллын баян бүрдийн тухай үг хэлснээрээ илэрхий АН-ын талд “балиашигласан” болж таарч байна. Гэтэл хэдийгээр хүчтэй ч гэсэн ямарваа нэгэн улс орон өөр орны дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцож болохгүй гэсэн олон улсын хэм хэмжээ байдаг. Саяхан АНУ-д болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадын улс орон, тухайлбал ОХУ Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс хутгалдан оролцсон хэмээх хэл яриа тасрах битгий хэл улам эрч хүчээ авч байгаа. Энэ тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ыг шүүмжлэнгүй бичиж, Ерөнхийлөгч Обама “хариу арга хэмжээ авах”-аа мэдэгдчихсэн. Ямар ч байсан Монголын сонгогчид Ж.Кэрригийн хэлсэн үгэнд орсонгүй, эсхүл анзаарсангүй, эсхүл АН-д тэгтлээ их эгдүүцэн дургүйцсэн учир АН-аас “нүүр буруулна” гэж байгаад бүр хэтрүүлчихээд одоо “амаа бариад” сууж байгаа. Гэхдээ тэд АН-ыг сонгоогүйдээ биш харин МАН-д хэтрүүлэн санал өгсөндөө “амаа барьж” байгаа гэж хэлвэл илүү ононо.

Ж.Кэрри Монголд хийсэн айлчлалынхаа үеэр АНУ нь Монгол Улсын хувьд гуравдах хөршийн үүргийг дуртайяа биелүүлж ирснийгээ тэмдэглэсэн. Судлаачид энэ үгийн цаана “төвийг сахих бодлого” гээчийг дэмжихгүй байгаа байр сууриа илэрхийлж байна гэж үзсэн.

 

2.УЛС ТӨРИЙН БАРИВЧИЛГАА БА БАЙЦААЛТУУД БУЮУ “ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР” ГЭХ ҮЛГЭР (ХҮЧНИЙХЭН “ЖЕНКО” Х.БАТТУЛГА, Э.БАТ-ҮҮЛ, Н.АЛТАНХУЯГ НАРЫГ ОРОЛДОВ)

2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын эмэгтэй туслахыг баривчлав. Улмаар удалгүй хүчнийхэн түүний “Баянгол” зочид буудалд байрладаг “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” гэх хоёр компанийн санхүүд шалгалт хийж дуусаад битүүмжилж, бичиг баримт болон компьютерийн процессоруудыг тусгай хамгаалалтын дор авч явав. Энэ нь Х.Баттулга ба түүний багийнхан олон жилийн турш дуулиан шуугиан болоод байсан төмөр замыг барина хэмээн улсаас 250 орчим сая ам.доллар авсан мөртлөө барьсан ч юм байхгүй олгогдсон мөнгө алга болсон тухай гэх хэрэгтэй холбоотой аж. Х.Баттулга гишүүнийг дэмжиж түүнтэй хамтран ажилладаг олны танил хүмүүс болон жүдогийнхон, Баянхонгор аймгийн зарим сонгогчид “Баянгол” зочид буудалд хүрч ирсэн байв.

2016 оны есдүгээр сард “Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл Зориг агсны хэрэгт сэжиглэгдэн байцаагдах гэж байгаа” тухай мэдээ сонстов. Саяхан өөрөө “Н.Энхбаяр АТГ-ын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явах ёстой” гэж байсан Э.Бат-Үүл гуай өөрийнхөө тухай болохоор гэнэт байран дээрээ 180 хэм эргэж “Би АТГ-ын хүмүүс хуулийн дагуу ажиллавал байцаагдана, харин эд нар хуулийн дагуу ажиллахгүй байна, эхлээд намайг буруутан мэтээр тооцчихоод түүндээ тааруулан байцааж, мөрдөн байцаах ажиллагаа явуулах гээд байна” гэсэн утгатай юм ярьж эхлэв. Харин олон түмэн түүнийг огт өрөвдөж өмөөрсөнгүй, саяхан өөрөө бусдын мууг үзэхээр улайрч байсныг нь санан санан “шалгуулчихаач ээ” хэмээн шаардав. Гэвч манайд хууль шүүхийн байгууллага даалгавараар ажилладаг болоод хэвшсэн тул даалгавар авсан бололтой (олон түмэн тийнхүү таамаглаж байгаа), ямар ч байсан С.Зориг агсны аллагатай холбоотой дуулиан шуугиантай хэргийн хувьд Э.Бат-Үүл холбоотой байж магадгүй гэж байснаа гэнэт Э.Бат-Үүл холбоогүй болж хувирав. Э.Бат-Үүл ч амаа үдүүлсэн мэт таг чиг алга болов.

2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр АТГ АН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тогтоон байцаана гэж дуудав. Өмнө нь АТГ өөрийнх нь болон хамаатнуудынх нь үр хүүхэд, хамтран ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьсон байсныг бүгд мэднэ. Н.Алтанхуяг: АТГ зэрэг хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны цаана Ц.Элбэгдорж болон МАН-ын удирдлага байгаа гэж хэлэв. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгдсэнийх нь төлөө өөрийг нь АТГ Ц.Элбэгдоржийн даалгавраар оролдож байна гэж мэдэгдэв. Нэг хэсэг хүн АН ба МАН-ынхан Ц.Элбэгдоржийн удирдлаган дор хуйвалдаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаас АН-ын хямрал эхэлсэн гэж үздэг. Нөгөө талаар Н.Алтанхуяг өөрөө “өндөг шиг өөгүй хүн” биш. Шалгуулах хэрэгтэй, түүний Засгийн газрын үед бонд гаргаж тэрбум гаруй ам.долларын хэмжээний авсныг үр ашиг муутай зарцуулсны цаана идэж уусан юм байгаа гэж ярих хүмүүс ч цөөнгүй бий.

Ямар ч байсан энэ бүх үйл явдал нэгд, “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг үлгэрийн дагуу өрнөж, цагтаа Х.Баттулга, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар Н.Энхбаярын: Энэ хэлмэгдүүлэлт надаар зогсохгүй та нарыг ч бас дайрна шүү хэмээн хэлж байсныг сонссон ч сонсоогүй юм шиг царайлан нэг бол “надад хамаагүй, ийм юм надтай хэзээ ч тохиолдохгүй” хэмээн идэвхгүй байж, эсхүл бүр бусдыг хэлмэгдүүлэхийг зөвтгөж байсных нь гор өөрсөд дээр нь гарч байгааг харуулав. “Өөрийгөө хамгаалъя гэвэл эхлээд бусдыг хамгаалж сур” гэсэн амьдралын үнэн байдаг.

Хоёрт, олон түмний дунд тархсан 2017 онд болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж сонгуулиар өөрийнхөө “хүүхэлдэй”-г гаргаж ирэхийн тулд улайрч тэр зорилгодоо хүрэхийн тулд хууль шүүхийнхнийг ашиглаж байна гэсэн хардлагыг улам лавшруулж, улс төрийн захиалгат баривчилгаа, хэлмэгдүүлэлт Монголд үргэлжилсэн хэвээр байна гэсэн ойлголтыг улам баталгаажуулав.

 

3.МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРЫГ УИХ-ЫН СОНГУУЛЬД ДАХИН ОРОЛЦУУЛСАНГҮЙ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг УИХ-ын 2016 оны сонгуульд “ялгүй болох хугацаа дуусаагүй” гэх үндэслэлгүй шалтгийг үндэслэл болгож оролцуулсангүй. Ингэсэн нь УИХ-ын 2016 оны сонгуульд МАН өмнө нь авч байснаасаа илүү санал авах, авсан саналаасаа илүү суудал авахад нэмэр, харин МАХН өмнө нь ч авч байснаасаа цөөн санал авах, авсан саналаасаа ч цөөн суудал авахад нэрмээс болсон нэгэн хүчин зүйл болов.

Ц.Элбэгдорж болон МАН ба АН-ынхан Н.Энхбаярыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулвал сонгогчид түүнийг сонгоно, улмаар Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, аягүй бол ялна гэж айсан учир тийнхүү Цагдаагийн Ерөнхий газарт үүрэг даалгавар өгч (Энэ тухай Н.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрөө: “Ч.Сайханбилэг надад тэгэж хэлсэн, гэхдээ Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын нэрийг барьсан” гэж мэдэгдсэн билээ) Н.Энхбаярыг ямар ч үнэ цэнээр хамаагүй сонгуульд оролцуулж болохгүй гэсэн бодлого барьж, тийнхүү бодлогоо хэрэгжүүлжээ.

Гэтэл Цагдаагийн байгууллагын гаргаж өгсөн тэрхүү тодорхойлолт хууль бус болох нь арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар тогтоогдов. Дээд Шүүх “Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дугаар албан бичгийг хүчингүй болгожээ.

Сонгуулийн Ерөнхий хороо Н.Энхбаярыг УИХ-ын 2012 оны сонгуульд бас хууль бус аргаар оролцуулаагүй. Тийнхүү оролцуулахгүй тухай шийдвэр гаргахдаа тэр үеийн Цагдаагийн байгууллагаас Н.Энхбаяр нь “ялгүй” гэсэн тодорхойлолт авсан ч “Н.Энхбаярын мэдлэг боловсрол УИХ-ын гишүүн байх хэмжээнд хүрээгүй” гэсэн үндэслэлгүй үндэслэлийг ашигласан.

Энэ бүхэн нь Монгол Улсад хууль ёс хэрэгждэггүй, Сонгуулийн ерөнхий хороо нь Цагдаа болон хууль, шүүхийн байгууллагуудтай үгсэн хуйвалдаж эрх баригчдын хууль бус захиа даалгаврыг биелүүлэгч “хүүхэлдэй” болж хувирсныг дахин дахин нотолж, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрх бүдүүлгээр зөрчигдөж буйн баримт болж түүхэнд бичигдэж үлдлээ.

Одоо Ц.Элбэгдорж болон МАН-АН-ынхан Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаярыг оролцуулахгүйн тулд юу хийх бол?

 

4.СОНГУУЛЬД МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН НЬ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ГАЖУУДЛЫН ТОД ИЛРЭЛ БОЛОВ

УИХ-ын 2016 сонгууль зургадугаар сарын 29-ний өдөр орон даяар явагдаж МАН 65, Ардчилсан нам 9, МАХН нэг суудал тус тус авав. Дуучин С.Жавхлан бие дааж нэр дэвшин сонгогджээ.

Сонгуулийн энэхүү санамсаргүй үр дүн нь өмнөх парламент дахь МАН-АН-ынхан “Сонгуулийн тухай хууль”-д өмнө нь байсан сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт шинэчлэл оруулж болохгүй гэсэн заалтыг үгсэн хуйвалдаж өөрчлөөд сонгууль эхэлчихээд байхад гэнэт “тоглоомын дүрэм” буюу сонгуулийн тогтолцоог орвонгоор нь өөрчилж, Үндсэн хуулийн Цэц ч гэж цэц “Сонгуулийн тухай хууль”-ийн нэг асуудлаар хоёр өөр, бүр эсрэг тэсрэг утгатай шийдвэр гаргаж, МАН-АН-ын эзэддээ үйлчлэн бялдуучилсан туйлшралын “үр шим” юм. Саяхан батлагдсан 2017 оны төсөвт Үндсэн хуулийн Цэцийн зардал 50 гаруй хувиар өссөнөөр батлагдсан нь тийнхүү “Сонгуулийн тухай хууль”-ийг завхруулан өөрчлөхөд нь МАН-АН-ын эздээ “цээжээрээ хамгаалан” гарсны шагнал байх магадлалтай.

Ер нь сонгуулийн тогтолцоо сонгуулийн үр дүнг их өөрчилдөг, тэр ч байтугай яг эсрэгээр нь эргүүлдэгийн нэгэн тод жишээ бол Монголд болсон УИХ-ын 2016 оны сонгуулиас гадна саяхан АНУ-д болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн юм. Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтон хатагтай авсан саналаараа өөрийн өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп ноёноос даруй 2 сая гаруй саналаар илүү байсан мөртлөө АНУ-ын сонгуулийн тогтолцооны онцлогоос болоод ялагдсанд тооцогдож, улмаар түүнээс цөөн тоооны санал авсан Д.Трамп ялсан гэж тооцогдох жишээтэй.

Хамгийн гол нь ардчилсан оронд аль болохоор сонгогчийн санал болгоныг орхигдуулан гээгдүүлэхгүйгээр тоолж тооцох сонгуулийн тогтолцоог хуульчлан баталгаажуулахыг хичээдэг бол Монголд яг эсрэгээрээ буюу аль болохоор МАН-АН-ын авсан саналыг тооцдог, харин бусдын авсан саналыг тооцохгүй хаядаг тогтолцоог сонгосон байна. Тухайлбал МАН санал хураалтад оролцсон сонгогчдын 44 орчим хувийн санал авсан мөртлөө УИХ-ын нийт суудлын 85.5 хувийг буюу авах ёстойгоосоо бараг хоёр дахин илүү тооны суудал авсан байна. АН 34 орчим хувийн санал авсан мөртлөө суудлын 11.8 хувийг, МАХН 10 орчим хувийн санал авсан мөртлөө суудлын 1.3 хувийг тус тус авсан байна.

Зүй нь сонгуулиар авсан саналаар нь суудлын тоог хуваарилсан бол энэ удаагийн УИХ дараах байдлаар бүрдэх байжээ:

МАН 33-34 суудал буюу олонхи биш гэхдээ хамгийн олон суудалтай,

АН 26 суудалтай,

МАХН 8 суудалтай тус тус болох байжээ.

Энэ гурав ийнхүү нийлээд 67-68 суудал авсан байхад үлдсэн 8-9 суудалд нэг-хоёр бие даан нэр дэвшигч сонгогдож, бусдыг нь 5 хувийн босго давсан намуудад авсан саналд нь хувь тэнцүүлэн хуваарилвал МАН, АН ба МАХН нэмж ойролцоогоор:

МАН 3, эсхүл 4,

АН 3,

МАХН 1 суудал тус тус авах байжээ.

Тэгвэл хамгийн энгийнээр бодоход УИХ дахь суудлын тоо дараах байдлаар хуваарилагдах байжээ:

МАН “үсрээд” 36-37,

АН 29 ,

МАХН 9,

бие даагч 1-2.

Тэгвэл хамгийн олон суудал авсан МАН санаачилга гарган:

Нэг бол МАН-АН-ын 65-66 суудал бүхий эвслийн Засгийн газрыг хамтран, эсхүл МАН ба МАХН-ын 45-46 суудал бүхий эвслийн Засгийн газрыг хамтран тус тус байгуулах байжээ.

АН-ынхан тухайн үед засгийн эрхийг барьж байсан улс төрийн хүчний хувьд МАН-тай хуйвалдан сонгуулийн тогтолцоог үгсэн хуйвалдаж бүдүүлгээр өөрчилсний уршгаар “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гээчийн үлгэрээр болж өөрсдөд нь саналаа өгсөн сонгогчдынхоо саналыг хүртэл үнэгүйдүүлэн гээж ийнхүү есөн суудалтай болсон байна.

Энд яагаад намын авсан санал ба суудал гэж байгаа вэ? гэхээр нэгд, сонгогчид маань хүн сонгоно гэх мөртлөө үнэн хэрэгтээ нам сонгодог нь өнгөрсөн сонгуулиар баттай нотлогдов. Хоёрт, УИХ-д сонгогдсон гишүүд өөр өөрийнхөө бодлоор бие дааж санал өгнө гэсэн асуудал бараг байдаггүй, харин намынхаа гаргасан бодлогод хатуу баригдаж саналаа өгдөг нь ойлгомжтой. Тэгэхээс ч өөр аргагүй байдаг. Эс тэгвээс дахин нэр дэвших, өөрсдийнхөө хүмүүсийг албан тушаалд томилуулах, гадаад, дотоод томилгоо авах гэх зэрэг асуудлууд нь шийдэгдэхгүй байх магадлал нэн өндөр болдог. Энэ бүх байдлыг сөрж зогсох чадвартай хүн тун цөөн.

УИХ-ын Сонгуулийн кампанит ажлын үеэр МАН-ынхан төрийн албыг урьдчилан худалдаж, зөвхөн нийслэлд гэхэд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон тухай дуу бичлэг цацагдав. МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, н.Ганбаатар нарын дуу хоолой бичигдсэн гэх дуу бичлэгт хөндлөнгийн шинжээчид УИХ-ын Сонгуулийн дүн гарахаас өмнө шинжилгээ хийж Ц.Сандуйн дуу хоолой мөн байна гэж тогтоосныгоо мэдэгдэв.

Ц.Сандуй өөрөө энэ бичлэг бодитой бичлэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, харин цаг хугацааны хувьд МАН дээр болсон сургалтын үед нэг-хоёр жилийн өмнө яригдсан яриа бичигдсэн байна гэв.

УИХ-ын 2016 оны Сонгуулийн дүн гарав. МАН УИХ-д 65 суудалтай болов. Хууль хяналтынхан түргэн шуурхай хөдөлж, М.Энхболд, Ц.Сандуй, н.Ганбаатарын дуу хоолой бичигдсэн байна гэх дуу бичлэг хуурамч бичлэг байна хэмээн тогтоож, өмнө нь гаргасан дүгнэлт огцом буюу 180 хэмээр эргэв. Хууль шүүхийнхэн МАН-ынхан мөнгө төгрөг авч өгч албан тушаал хуваарилж байгаа нь тогтоогдсонгүй гэв. Олон хүн хууль шүүхийнхэн ингэж мэдэгдсэнийг тэд эрх мэдэлтнүүдийн гарт бүрмөсөн орж дээ гэж тайлбарлав.

УИХ-ын сонгуулийг залгаад Орон нутгийн буюу Сум, дүүргийн сонгууль болов. Сонгогчид УИХ-ын Сонгуульд МАН-ыг хэтрүүлэн дэмжсэндээ амаа барьж, Орон нутгийн сонгуульд туйлын идэвхгүй оролцов. Олон газар ирц хүрээгүй учир дахин санал хураалт болж нэмэлт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдав. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар өмнө нь хэзээ ч гарч байгаагүй нэгэн үзэгдэл түгээмэл гарч тохиолдов. 58 тойрогт 118 нэр дэвшигчийн авсан санал тэнцэв. Өмнө нь ийнхүү тэнцсэн тухай дуулдаж ч байгаагүй мөртлөө энэ удаад бүхэл бүтэн 58 тойрогт 118 хүн авсан саналын тоогоор тэнцсэн, сонгуульд ялагчдаас гадна ялагдсан нь хүртэл авсан саналын тоогоор тэнцсэн нь улс төрчдөд хар машин саналын хуудсыг тоолохдоо цаанаас зохиосон программын дагуу луйвар булхай хийв гэж дүгнэх үндэслэл болов. Магадлалын онолоор нэг тойрогт гэхэд 100 дахин санал хураалт явуулахад 3-4 удаа тэнцэж болох буюу нэг удаа болж өнгөрч байгаа сонгуулийн санал хураалтад бараг хэзээ ч тохиолдох боломжгүй хачирхалтай дүн гарсан нь Монголд сонгууль сонгууль биш болсныг дахин нотлов. Сонгуулийн Ерөнхий хороо өөрөө 58 тойрогт 118 хүн авсан саналын тоогоор тэнцсэнийг албан ёсны зарласнаараа ийнхүү сонгуулийн луйвар болсныг нотлов.

Төгсгөл нь  http://www.polit.mn/content/85387.htm

Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

1 цаг 35 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

1 цаг 35 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

14 цаг 22 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

15 цаг 39 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

15 цаг 50 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

15 цаг 52 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

16 цаг 33 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

16 цаг 34 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

18 цаг 8 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

22 цаг 1 мин