Хослон дуулсан он жилүүд

2016-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Томилолт өвөртлөн Төв аймгийг зорьж очиход “Монгол туургатан” театрт гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Мартагдахгүй юмсан” тоглолтдоо бэлдээд тун завгүй байлаа. Тэд 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулж, хослон дуулсан төдийгүй өвөрмөц хоолойгоороо 40 гаруй жил урлагийн алтан тайзыг мялааж, ард түмнээ хөглөж явна. “Вансэмбэрүү”, “Бид мартахгүй”, “Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан дуугаараа ард түмэнд хүндлэгдсэн анхны хос дуучид. Хэдийгээр тоглолтоо хийх гээд завгүй байсан ч энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор урих завшаан тохиосон юм.

 

МАРТАГДАХГҮЙ ЮМСАН

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан гуайн хувьд 1976 онд цэргээс халагдаж ирээд аймгийн театрт ирснээс хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Тэдний гол зорилго залуу уран бүтээлчдийг дэмжих. 40 гаруй жил урлагаар явсан тодорхой хэмжээний туршлагатай. Тиймээс үүнийгээ өвлүүлж, дүү нартаа зааж сургаж байна. Энэ залуусыг өөрсдийнхөө замаас хацайхгүй, урлагт тууштай яваасай гэсэндээ театр нээх гэж байгаа хэмээн хуучилсаар угтав. Түүнийг ид мандаж байх үед нь Ардын ансамбль, Дорнод, Өмнөговь, Дарханы театр байр, цалинг нь бэлдчихээд ирж ажиллахыг урьж байсан гэдэг. Тэд “Ханийн жаргал” дуугаа дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нарт өвлүүлэх гэж байгаа. Ер нь уран бүтээлүүдээ үр хүүхдэдээ өвлүүлнэ. Ард түмний дунд 40-өөд жил дуулсан дуунууд л бидний үр хүүхдэд алтнаас илүү үнэтэй зүйл болж үлдэнэ. Тиймээс Д.Дуламсүрэн хүү Баттулгадаа ”Вансэмбэрүү” дуугаа өвлүүлсэн хэмээн ярьж байна.

Тэдний ажил, амьдрал, амжилт өнөөдөр тоглож байгаа энэ тайзнаас эхэлжээ. Тиймээс хайртай тайзан дээрээ дуун өргөлөө хийж байна гэсэн юм. Тоглолтоо яагаад “Мартагдахгүй юмсан” гэж нэрлэсэн юм бэ гэхэд энэ нэрийг гавьяат жүжигчин С.Жавхлан өгсөн. Үзэгчид маань өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтдаа дуулж, тэдний алга ташилтаар бид хөглөгддөг. Алтан үеийн уран бүтээлчид гэж ярьдаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Д.Банзрагч, С.Сүглэгмаа, П.Адарсүрэн, Ж.Нансалмаа нар өнөөдөр мартагдах гээд байна. Энэ аугаа уран бүтээлчид Монголын радиогоор дуулж олонд танигдсан. Гэтэл энэ хүмүүсийн уран бүтээл өнөөгийн радио, FM-ээр дуулагддаггүй. Гэвч тэдний дууг дахин нэг сонсох юмсан гэсэн үе үеийн сонсогчид байгаа шүү дээ. Тиймээс мартагдахгүйн тулд уран бүтээлээ хийж байна гэж ойлгож болно. Бид хосоороо дуулаад 40 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монголын ард түмэн, үзэгч олон биднийг мартаагүй. Эндээс урам авч илүү сайн уран бүтээл хийхийн төлөө явж байна. Дуучин мартагдахгүйн тулд уран бүтээл хийдэг. Түүнээс биш ганц хоёр уран бүтээл хийчихээд орхивол дорхноо мартагдана шүү дээ. Тиймээс бид шинэ уран бүтээлийн эрэл хайгуул хийж, шинэ залуу дуучидтай мөр зэрэгцэж явна.

Зарим хүн биднийг нэг хүн гэж боддог. Бид энэ орчлонд ижил заяатай төрсөн юм шүү дээ. 1978 онд “Ханьсах заяа” дуугаа дуулсан. Энэ дуу манай том хүүтэй чацуу. Түүнээс хойш 30 жилийн дараа “Ижил заяа” дуу төрсөн. Энэ дууны клип бидний амьдрал, уран бүтээлээр хийсэн учраас ард түмэнд их хүрсэн. Бидний дуу бүр өөрийн гэсэн түүхтэй. Тухайлбал, “Ханьсах заяа” дуугаа 40-өөд жилийн өмнө зөвхөн ятгатай дуулаад ард түмний хүртээл болгон радиод бичүүлж байлаа. Мөн “Тавилан” хэмээх дуу маань шинэчлэгдээд дуулахаар хоёр зууны түүх болж байгаа юм гэв. Тэдний хувьд бүх дуу нь түүх өгүүлэх ажээ.

 

ОЛОН ЖИЛ ҮЕРХСЭН БАГЫН НАЙЗ

Хоёр гавьяаттай уулзахаар цаг болзон “Монгол туургатан” театр дахь өрөөнд нь хүлээж байлаа. Гаднаас Соёлын гавьяат зүтгэлтэн Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай гэргий, ач хүүгийн хамт орж ирсэн юм. Удалгүй түүний араас гавьяат жүжигчин С.Вандан орж ирэн түүнтэй тамхиллаа. Тэд бага наснаасаа өдий хүртлээ сайн муугаа ярьж, халуунд халж, баярлах цагт нь баярлаж, гомдох үед нь гомдож, үерхэж нөхөрлөсөн гэр бүлийн найзууд ажээ. Тиймээс залуу үедээ гэр бүлийн найзууд ийм юм байна шүү гэсэн сургамжийн дуу хийж байгаа гэв. Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Б.Бямбабаярын ая “Нөхөрлөлийн дуу” хийж байна. Шинэ уран бүтээлээ ирэх гуравдугаар сард тоглох тоглолт дээрээ өргөн барина. Үерхэл гэдэг үеийн үед мартагдахгүй ийм байдаг гэж бодогдохоор дуу хийж байна. Бид тэр бүр уулзаж чаддаггүй гэлээ.

 

УРЛАГТАЙ ХОЛБОГДСОН 40 ЖИЛ

Том хүү В.Базаррагчаатайгаа. 1978 он.

Хүн ер нь зовлонгоо ярьдаггүй, жаргалаа ярьдаг. Бидэнд жаргал байлгүй яах вэ. Шантрах үе гардаг ч түүнийг хатан зориг гаргаж даван туулах ёстой. Залуу үедээ захиж хэлэхэд “Урлагийн замыг сонгосон бол бүү ухраарай” гэж хэлмээр байна. Ажилдаа сонирхолтой болохоор түүнийгээ хийгээд байхаар даваад гарчихдаг. Түүнээс ухрах бодол ерөөсөө төрж байгаагүй. Бидний очсон газар бүрт суудал дүүрэн, халуун дулаан алга ташилтаар хүлээж авдаг. Саяхан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаар тоглолт хийгээд ирлээ. Залуу дуучид маань ч явж байна. Үзэгчид биднээс хоёулаа, хоёр ятгатай гарч ирэхийг л хүсдэг. Биднийг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Урлаг гэдэг хэмжээтэй, хатуу хуультай. Үүнийг хүлээх асуудал биш. Яагаад гэвэл ард түмэн сонсохыг хүсч байгаа дээр залуу үедээ түүнийгээ өвлүүлэх бодолтой байгаа. Бөхөөр бол зодог тайлж байна гэсэн үг. 39 жилийн өмнө бид хоёр анх “Ардын ая дуу” гэсэн хоёр хүний тоглолт хийж байсан маань санагдаад өнөөдөр анх тайзан дээр гарч байгаа юм шиг их догдлоод хоол, унд ч орохгүй байна. Энэ тоглолт маань сайхан болно. Яагаад гэвэл бид хоёрын дууг сонсъё гэсэн хүмүүс ирж байгаа учраас бахархууштай юм. Тоглолтынхоо тасалбарыг албан газруудаар тараагаагүй. Бид хоёрын тоглолтыг үзье гэсэн хүмүүс сэтгэлээрээ ирээд авч байна гэв.

Хүн ер нь ямар ч саад бэрхшээл байсан мэргэжилдээ дурлах ёстой. Биднийг залуу байхад манай багш нар “Муугаар хэлэхэд таны ямар ч хайртай хүн нас барсан гэсэн түүнийг театрын гадаа хаяад эргэж орж ирээд юу ч бодохгүй байх ёстой” гэж хэлдэг байсан. Бид энэ сургаалиар явсан болохоор амьдралын муу муухайг тайзан дээр гарахаараа мартчихдаг.1970-аад оны үед 53 машинтай хөдөө орон нутгаар тоглолтоор их явна. Тэр үеийн залуучууд ихэвчлэн бүхээгтэй 30 машин дээр явахдаа үстэй дээл өмсөнө. Тэгээд л тоглолт болохын өмнө шорооноосоо салж дуулдаг байв. Одоо ч хөдөө орон нутгийн зам нь хүртэл явахад сайхан болжээ. Тэр үөд аялан тоглолтоор явахад хэцүүхэн л байлаа. Гэхдээ бэрхшээлгүй зүйл гэж юу байхав дээ.

Тэр үед сумын гэрэл, цахилгаан долоон цаг гээд унтарна. Тэгээд бэлтгэлийн өрөөнд задгай зуух оруулж гал асааж байгаад хувцсаа өмсдөг байсан. Харин тайзан дээр гарахдаа тайзаа тойруулаад лаа асаана. Гэхдээ одоо бодоход их сайхан байжээ. Одоогийнх шиг нүүрс түлэх биш, Ихэвчлэн мод, аргал түлнэ. Тийм болохоор цагаан хувцастай хоёр газар тоглоод хар болчихдог байсан. Тухайн үед аймгуудаар аялан тоглолтоор явахад санал хүсэлтийн дэвтэр аялуулдаг байсан. Одоо бидэнд 10 гаруй санал хүсэлтийн дэвтэр бий. Мөн үзэгч, сонсогчдоос ирсэн олон захидал бий. Залуу байхад тийм зүйлийг тогтож уншдаггүй байжээ. Харин одоо захидлуудаа уншихад их сайхан санагдаж байна. Мөн Соёлын ордонд ажиллаж байхад төлөвлөгөөтэй ажилладаг байлаа. Тэр маань одоо түүх болон үлдэж байна. 

Амьдралд муудаж, сайдах зүйл гаралгүй л яах вэ. Биднийг залуу байхад уран бүтээл хийхэд хэцүү байсан. Хоёр хүүхэд дэрсхэн, нялх. Нэг нь дөнгөж суудаг, нөгөө нь өлгийтэй байхад Дуламсүрэнгийн маань ээж манай хоёр хүүхдийг өдий зэрэгтэй өсгөж өгсөн. Бид хоёр хүүхэдгүй хүн шиг л явдаг байлаа. Манай хоёр хүү хоёулаа СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн. Том хүү В.Базаррагчаа Японд ажиллаж байгаад ирсэн. Харин бага хүү В.Баттулга чөлөөт уран бүтээлч болсон хэмээн хуучнаа эргэн дурсав.

 

ГАВЬЯАТАД ДӨРВӨН УДАА ТОДОРХОЙЛОГДОЖ, ДӨРВӨН УДАА МУЛТАРСАН

Тэдэнд нэг жилд нэг сар л гэртээ байсан гэсэн үзүүлэлт бий. Тухайн үед төдний өдөр, тэдэн цагт тэнд тоглолоо гэсэн тэмдэглэл хөтөлдөг байжээ. Уг тэмдэглэлийг хөтлөхдөө тоглолтыг хэдэн хүн, хэдэн хүүхэд үзсэн, төдөн төгрөгийн орлого орлоо гэснээ тэмдэглэдэг байсан учир нарийн тооцоог 1995 онд анх гаргасан аж. Түүнээс дахин ийн тооцоо гаргаагүй ажээ. Учир нь тэр үед гавьяат өгөхдөө “Энэ хоёр улсад юу хийж бүтээсэн юм бэ” гэдгийг шалгасан аж. Тэгэхэд тэмдэглэлээсээ нэг төгрөгөөр тоглосон тоглолтын үнийг бодоход 60 гаруй сая төгрөгийг улсад оруулжээ. С.Вандан гуай “Бид хоёр 250 төгрөгийн цалинтай байсан үе. 1996 онд Монголд анх удаагаа нэг гэр бүлийн хоёр дуучин нэг өдөр, нэг зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээн түүхэнд бичигдсэн. Түүнээс өмнө дөрвөн удаа гавьяатад нэр дэвшиж дөрвөн удаа мултарч байлаа. Үгүй бол нэг гэр бүлийн хоёрт хоёуланд нь зэрэг өгч болохгүй гэдэг байв. Тэгээд хэн нэгэнд нь өгөх гэхээр амжилт нь адилхан болохоор өгөхгүй байж байгаад гэнэтхэн 1996 онд өгсөн. Бид хоёр жил бүр дээл хийдэг байлаа. Гэтэл гавьяат авах жилээ дээл хийж чадалгүй хоёр хоногийн өмнө авч байсан. Ер нь хүнийг ид хийж бүтээж байх үед нь өгчихвөл зүгээр юм уу гэж боддог. Зарим үнэ цэнэгүй гавьяатууд байна. Ард түмний санал асуулгаар Зууны манлай хос дуучин болсон”  хэмээн өдгөө хуучилж сууна.

 

Гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучидтай хийсэн яриа маань энэ хүрээд өндөрлөсөн тул багын найз Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Монгол туургатан” театрын дарга Д.Баасанжаргал, хоёр гавьяатын бага хүү В.Баттулга нарын сэтгэгдлийг хүргэж байна.

 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:

БИ ЭНЭ ХОЁРЫГОО ДАВХАР ГЭРЛЭСЭН ХҮМҮҮС ГЭЖ БОДДОГ

 

-С.Вандан бид хоёр хар багын найзууд. Өнөөдөр энд ирснээ тохиолдол гэж бодохгүй байна. Харин ч би ирэх ёстой юмандаа ирсэн гэж боддог. Хар багаасаа үерхсэн, багын найзууд гэдэг сайхан хүмүүс байдаг юм. Ер нь анхны үерхэл, анхны хэлсэн үгэндээ байна гэдэг хүний их том мөн чанар байдаг учраас би энэ чанарыг хадгалдаг. Би энэ хоёрыгоо давхар гэрлэлттэй хүмүүс гэж боддог. Яагаад гэвэл хайраар, дуугаараа давхар гэрлэсэн хоёр салахгүй. Энэ хоёрт бишгүй юм тохиолдож байсныг мэднэ. Зовлон, жаргалаа хуваалцсан он жилүүд нь урт. Залуудаа ямар байсан тэр л байдлаараа дөрвүүлээ өтөллөө. Насан залуудаа үерхэж байсан хүмүүс насны эцэст түүн шигээ байх ёстой гэдэгт үнэнч байж, өнөөдөр энэ хоёрынхоо тоглолтод ирээд байна.

Энэ хоёр маань гадуур тоглоод нутгийнхандаа тоглох завгүй явсан. Хутга ишиндээ хэрэггүй гэдэг шиг нутагтаа хэрэггүй дуучид байж болохгүй. С.Вандан, Д.Дуламсүрэн хоёрын уртын урт замд дуулаад, хүн уйдахгүй байгаагийн шалтгаан нь хүнд их ойрхон хүмүүс. Хүнд ойрхон дуу дуулдаг, хүнд ойрхон сэтгэлтэй, хүнтэй л ажилладаг учраас ийм байгаа юм. Түүнээс зарим дуучны уран бүтээлийн зам их богинохон шүү дээ. Дуу, дуучин хоёр амархан хуучирдаг. Гэтэл энэ хоёр маань хуучирдаггүйд би их гайхдаг. Хуучирдаггүйн шалтгаан нь энэ хоёрын мөрөөрөө явсных. Хоёрдугаарт, уран бүтээл нь хүнд наалдацтай. Бид эрхэмсэг, этгээд юм эрэхээсээ илүү энгийн зүйлд дурлах ёстой. Энгийн зүйлийг хайрлаж байж сая ер бусыг хайр­лана. Тэр хайраар энэ хоёр маань өдий бол­тол мартагдахгүй, үгүй­лэгдэхээр дуучид байгаа юм. Ийм тохиол­дол ховор. Би үүнд гайхдаг.

Би энэ хоёртоо худлаа хэлж, худал амалж чаддаггүй. Энэ хоёртой л ний нуугүй, хамаагүй, юм бодохгүйгээр ярьж чаддаг. Харин бусад хүнтэй заавал өмнө нь бодож ярина. Бид нийлэхээрээ ямар нэг цензур, хавчлагагүй, бодлогогүй ярьдаг. Үүнийг үерхэлийн үр дүн гэж бодож байгаа. Үг үгээ даахтай болж, үйл зовлонгоо даахтай болж, жаргал зовлонгоо өдий жил хуваалцчихаж. Ижий аавыгаа мэднэ. Би чинь Лүнд долоон жилийн сургууль төгссөн. Вандан Угтаалынх мөртлөө Лүнгийнх. Эцэг эхтэй нь нэг дор байсан болохоор салахын аргагүй нөхөрлөсөн. Хүн чинь олон жил нөхөрлөхөөрөө тоглоод байгаа хэрнээ бие биедээ хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Энэ сайхан нөхөрлөлөө бурхны өгөгдөл гэж боддог. Зөвхөн Лүнгийн сур­гуулиас гэхэд дараалсан хоёр ангиас есөн гавьяат төрсөн. Үүний нэг нь С.Вандан. Д.Дуламсүрэн маань Бүрэг сумын хүн. Яах аргагүй миний нутгийн хүүхэд. Яах аргагүй нутаг усны барилдлага, бие биеэ тоосон нөхөрлөлийн барилдлага өдий он жилүүдэд урт үргэлжиллээ дээ. “Амьдралын тойрог” гэдэг чинь энэ л юм байна. Бид энэ тойргийг л тойрч, энэ тойрог дотор яваа гэж хэлмээр байна. Энэ билэгтэй өдөр энэ хоёрын маань нутагтаа тавих тайлангийн өдөр таарсан нь өлзийтэй юм гэж билэгшээж байна. Хүн өөрийнхөө сайхан зүйлийг мэддэггүй. Гэхдээ нутаг, гадны хүн хоёрт ижил үнэтэй байна гэдэг энэ хоёрын маань авьяас чадлын хүч байх аа гэж би боддог юм.

Хүүхдийг өсгөхдөө өсгөх байтугай буй болгохдоо үлгэр загварыг нь бүтээдэг болов уу гэж боддог. Зөвхөн өссөн хойно нь үлгэрлэх биш. Өөрсдийг нь хуулсан хоёр хүүтэй. Энэ хоёртоо хайртай, бэрүүд, ач нар гээд ухаан алдчихдаг зөөлөн эцэг эх. Ванданг хоёр хүүхдээ загнаж, угзчиж, Дуламсүрэнг уурлаж байгааг нь хараагүй. Би ч гэсэн хүүхдүүдээ загнаж байгаагүй. Бид үүгээрээ бас нийлдэг болов уу. Бидэнд үрээс өөр гайхуулах зүйл алга. Эдний хүүхдүүд эмээ өвөө дээрээ өссөн. Түүнээс ижий аавтайдаа өссөн хүүхдүүд биш. Дулам­сүрэнгийн ээж ёстой бурхан шиг хүн байсан. Ун­шихгүй юм гэж байхгүй. Намайг очихоор бид хоёр шөнөжингөө ном ярина. Харин Вандангийн аав зураг зурдаг мундаг хүн байлаа. Эмээ өвөө нар хүүхдийг буруу өсгөнө гэж байхгүй. Би 100 цэцэрлэгтэй тэн­цэх хүнийг эмээ өвөө гэ­дэг юм болов уу гэж боддог.

Би архи уудаггүй. Вандан залуудаа уудаг байсан болохоор нь цаашлуулаад уруул, архи хоёрт дуртай шүү, уухгүй байгаарай гэж хэлдэг байлаа. Одоо уухаа больсон. Уусан ч элдэв ааш зан гаргадаггүй л дээ. Би уудаггүйгээс болсон уу Вандан маань надаас жаахан эмээдэг. Гэхдээ ам муруйж, хэрэлдэж байгаагүй. Тийм болохоор нь би хайртай байдаг юм. Би чинь барагтай юманд очих дургүй. Ямар сайндаа Вандан гэхээр ирчихээд сууж байна. Өчигдөржингөө тоглолт дээр нь хэлэх үгээ бодож хоносон. Хүний багын найз гэдэг үнэтэй л байдаг юм байна. Хоёр үеийн холбоотой улс юм даа. Хүүхдүүд бие биеэ мэднэ. Яг л хамтаатан садан, ах дүү шиг орж гардаг” хэмээн дурслаа.

 

“Монгол туургатан” театрын дарга Д.Баасанжаргал:

ТӨВ АЙМГИЙНХАН ХОЁР ГАВЬЯАТААРАА БАХАРХДАГ

 

-Юуны өмнө нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Төв аймгийн “Монгол туургатан” театрын нүүр царай болсон хоёр уран бүтээлч маань 40 жил театртаа ажиллаж байна. 40 жилийн өмнө нэг нь хөгжимчин, нөгөө нь дуучнаар орж байсан бол өнөөдөр Монголын ард түмэнд хайрлагдсан алдартай хүмүүс болжээ. “Мартагдахгүй юмсан” тоглолтыг 2015 онд Бөхийн өргөөнд хоёр өдөр амжилттай тоглосон. 21 аймгаа тойрч амжилттай тоглосны сүүлийнх нь төрөлх нутаг Төв аймаг юм. Ирэх онд манай театрын 35 жилийн ой болно. Ойдоо зориулж олон сайхан бэлэг бэлдэж барьж байгаагийн нэг нь хоёр гавьяатын маань тоглолт гэж бид бодож байгаа. Хоёр гавьяатаараа Төв аймагчууд төдийгүй “Монгол туургатан” театр их бахархдаг. Залуу­чууддаа үлгэр дууриалал болсон мундаг уран бүтээлчид гэж боддог.

Хоёр сайхан хүүтэй. Тэд ч сайхан уран бүтээл хийж байна. В.Базаррагчаа СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг төгссөн. Мөн бага хүү В.Баттулга нь СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн, “Эр хүн эмзэгхэн юм уу даа”, “Говийн хүүхнүүд”, “Миний найз бүсгүйчүүд” гэсэн дуу­гаараа хэдийнэ Монголын ард түмний танил дуучин болжээ. Тиймээс эднийхэн их уран бүтээлч сэтгэлгээтэй гэр бүл юм хэмээн би хувьдаа бодож явдаг. Бид хар багаасаа С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр гавьяатынхаа дууг сонсч өссөн. Энэ театрын суудал дээр суугаад тоглолтыг нь шимтэн үздэг үзэгч нь байлаа. Одоо ингээд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Харамсалтай нь ирэх онд энэ хоёр маань гавьяаныхаа амралтад гарч байгаа. Гэсэн ч Монголын ард түмэн хайрлан, хүндэлж яваа цагт авьяас тэтгэвэрт гардаггүй. Монголчууд хажуудаа байгаа хүнээ нэг их ойшоодоггүй юм байна. Би С.Вандан, Д.Дуламсүрэн хоёртой хамтарч ажиллахдаа таатай байдаг. Яагаад гэвэл хажууд түшиг тулга, нөмөр нөөлөгтэй. Мөн залуу үедээ олон зүйлийг зааж сургаж байна. Түүхээ мартсан хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг шиг ахмадуудаа хүндлэхгүй юм бол залуу уран бүтээлчид оршин тогтнохгүй гэсэн бодолтой явдаг. 

Энэ жил “Монгол туургатан” театрынхан Баян-Өлгийн аймгийн Наурызын баярт очиж тоглоход хоёр гавьяатыг маань танихгүй хүн гэж байхгүй болжээ. Тиймээс энэ хоёр уран бүтээлчээрээ бахархаж явдаг хүний нэг дээ. С.Вандан ах маань театрын уран сайхны зөвлөлийн нэг гишүүн нь. Харин Д.Дуламсүрэн эгч маань дуучдад тэр тусмаа залуу уран бүтээлчдэд уран бүтээлч сэтгэлтэй байх, ямар их хөдөлмөрлөж байж амжилтат хүрдэг тал дээр их ажилладаг. Танай сониноор дамжуулаад хоёр гавьяатдаа амьдралд нь аз жаргал, урт удаан насыг насалж, удахгүй Ардын жүжигчин гэсэн сайхан цолыг авбал ард түмэн тааламжтай хүлээж авах байх. Мөн үр хүүхдэд нь эрүүл энхийг, улам их оргилсон уран бүтээл гаргаарай гэж хэлмээр байна. Аль ч аймагт баригдаагүй 800 хүний суудалтай том театр Төв аймагт сүндэрлэж байгаа. Энэ нь манай 35 жилийн ойд их том бэлэг. Манай театр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэм­жит “Монгол туур­гатан” театр. 2017 онд олон сайхан шинэ уран бүтээлтэй уулзахын төлөө танай уншигчдаар дамжуулаад Төв аймагт аялангаа, салхинд гарангаа “Монгол туур­гатан” театрын шинэ уран бүтээлүүдийг маань дэмжиж, хүлээн аваарай гэж хэлмээр байна.             

 

Бага хүү В.Баттулга:

ААВ ЭЭЖ ХОЁРТОО БАЯРЛАЛАА, ТА ХОЁРООРОО БАХАРХАЖ ЯВДАГ ШҮҮ

 

-Энэ хоёр хүний үр нь болж төрсөндөө бахархаж явдаг. Аав ээжийнхээ энэ сайхан авьяасыг өвлөж яваадаа одоо хүртэл баяртай байна. 4-5 настайгаасаа аав ээж хоёрыгоо дагаж явж дуулдаг байсан. Ихэнхдээ хичээлээс чөлөө аваад хөдөө тоглолтоор явна. Өдий насанд хүргэсэн болохоор бие даагаад уран бүтээлээ туурвиад явж байна. Аав ээж хоёртоо баярлалаа, та хоёроороо хүү нь бахархаж явдаг шүү гэж танай сониноор дамжуулан хэлмээр байна. Ачийг нь бага ч гэсэн хариулахын төлөө зүтгэж явна. Саяхан ээж аав хоёртоо зориулж Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцогтын хөгжим, яруу найрагч Г.Ариунзулын шүлэг “Миний хоёр эрдэнэ” гэсэн шинэхэн уран бүтээлээ “Мартагдахгүй юмсан” тоглолт дээр дуулах гэж байна. Мөн ээждээ зориулж “Дуун уянгатай ээж” уран бүтээл гаргасан. Миний хувьд “Говийн хүүхнүүд” гэсэн шинэхэн уран бүтээл гаргасан. Үүний өмнө “Эр хүн эмзэгхэн юм уу даа”, “Миний найз бүсгүйчүүд” гэсэн уран бүтээл гаргалаа. Энэ бүхэн ээж аавын минь буян.

Уран бүтээлч хүн их оновчтой уран бүтээл хийнэ гэдэг хамгийн том аз завшаан. Олон уран бүтээл хийсэн ч хүнд хүрэхгүй, гарахгүй үе ч байдаг. 2013 оны аравдугаар сард анх “Эр хүн эмзэгхэн юм уу даа” дуу гарахад аав студи дээрээс үзчихээд “За хонгилын үзүүрт гэрэл гялтайлаа Баттулгаа” гэж хэлж байсан. Тэгэхэд энэ дуу 2014 оны сүүлчээр 2015 оны эхээр хит болоод гарч ирсэн. Одоо ч гэсэн энэ дуу ард түмний сонсох дуртай дууны нэг болсон байна. Олон жил урлагаар явсан хүмүүс чинь “За миний хүү энэ дуу чинь хүнд хүрнэ, энэ нь хүрэхгүй. Энэ бол зүгээр цайны дуу. Харин энэ дууг хүн бүр амандаа аялна” гэдэгт алтан зөвлөгч байж чаддаг. Ер нь дуу эзнээ олно гэдэг чухал юм болов уу. Хүн эцэг эхээс хувь заяаны аргамжтай төрдөг юм байна. Би нэг хэсэг урлагаа орхиж өөр ажил хийж, багшилж үзсэн.

Миний хоолоо олж идэх мэргэжил бол дуу юм байна гэдгийг ойлгосон. Би Төв аймгийн театрт 13 жил ажилласан байна. Аав ээж хоёртойгоо уран бүтээл хийгээгүй, биеэ даагаад нэлээд удсан болохоор энэ хоёр маань намайг яаж дуулах бол гэсэн бодолтой байгаа байх. Тиймээс энэ тог­лолтоор аав ээж хоёртоо шалгалт өгнө. Тоглолтын дараа юу гэх нь вэ. Миний хувьд уран бүтээл дээрээ түлхүү ажил­лана. Ялангуяа, ирэх жил нэлээд түлхүү ажиллана гэж бодож байгаа. Ямартай ч Монголынхоо ард түмэнд танигдсан 3-4 дуутай, анхныхаа цомгийг гаргасан. Олон сайхан дуу дуулж, ард түмний сонсох дуртай дууны нэг болгож байгаад анхны бие даасан тоглолтоо хийх санаатай байна.

Мэдээж хэдэн зуун жил аав ээж хоёрыгоо мартаг­дахааргүй байлгахын тулд театрын үүдээр ямар ч хүн орж ирсэн С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр үүсгэсэн театр гэдэг мэдрэмжийг хаал­ганы бариулаас нь атгахад мэдрүүлэх ёстой. Тиймээс дахин зуун дамжуулах тийм том зүйлийг үлдээх хэ­рэгтэй гэж ойлгож байгаа. Би гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү гэж зарлуулсан чинь нэг хүн “Чи зүгээр л Вандангийн Баттулга гэвэл яасан юм бэ” гэхээр нь “Уучлаарай, би бас ээж ааваараа бахархах ёстой. Та буруу ойлголттой байна” гэхэд “За за” гэсэн хэмээн инээж байлаа.

Гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучид маань 2017 оны гуравдугаар сарын 3-нд “Олондоо дуулсан он жилүүд” дуун өргөлөө Бөхийн өргөөнд хийхээр төлөвлөжээ.     

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

14 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

9 цаг 19 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

9 цаг 19 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

22 цаг 6 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

23 цаг 23 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

23 цаг 34 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

23 цаг 36 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Өчигдөр 15 цаг 01 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

Өчигдөр 15 цаг 00 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Өчигдөр 13 цаг 26 мин