Б.Болор: “Эрдэнэт”-ийн шуугиан хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм

2016-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ш.ЧИМЭГ

АН-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн гэсэн шүүмжлэл маш их явсан. МАН-ын зүгээс ч өмнөх Засгийн газрын алдаа гэж шүүмжилж байгаа?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй. Эрүүлээр бодоод үзсэн ч ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг авах саналаасаа л татгалзсан. Ийм зүйл болсныг одоо ч би зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл Монгол Улс 51 хувийг эзэмшдэг, 49 хувийг эзэмшсэнээрээ 100 хувь эзэмших боломж бүрдэнэ. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авсан бол улстөрчдийн саалийн үнээ л болох байсан. Учир нь, сүүлийн 10 гаруй жил ийм байж ирсэн юм. Аль ч нам засаг эрх барьж байсан ийм л зүйл болдог. Томилогдсон захирлуудыг нь харсан ч дандаа улс төрийн томилгоогоор очдог улстөрчид байдаг. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс өөрийг нь илгээсэн улс төрийн хүчний төлөө л ажилладаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил авснаар энэ бүхэн зогсох юм. Түүнээс биш өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр доголдоод байгаа зүйл алга. Харин ч янз бүрийн шахаа нь зогсож байгаа байх. Ерөнхий сайд саяхан очихдоо ажил хэвийн явж байгааг харсан. Наад зах нь “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 2-3-хан дэд захиралтай ажиллаж байна. Гэтэл өмнө нь 7-8 дэд захиралтай, удирдлагын баг гээд том бүтэцтэй байсан. Зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүрч байх үед зардлаа 7000 ам.доллар болгочихоод явж байсан нөхдүүд шүү дээ. Гэнэт улс төр гэдэг зүйлээ “Эрдэнэт” үйлдвэрт аваачиж наагаад, тэр нь ард түмэнд таалагдаад, ард түмний нэр барьж яриад байгаа юм. Товчхондоо бол ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа л худалдсан.

-Тухайн үедээ УИХ-аар оруулах байсан гэсэн шүүмжлэл их байсан. УИХ-аар оруулах боломж байгаагүй юм уу?

-Миний хувьд олон улсын гэрээ гэдэг утгаараа УИХ-аар оруулж соёрхох асуудал байсан гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн үед УИХ тарчихсан байсан. Үүнийг л Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэлсэн байх гэж бодож байна. Миний хувьд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж харж байгаа юм. Худалдан авалт дууссаны дараа “Эрдэнэт” үйлдвэр эзэнгүй болох аюултай болчихсон байсан. 

-Яагаад эзэнгүй болно гэж. Таныг чинь шийдвэр гаргасан гээд байгаа шүү дээ?

-Худалдан авалт хийгдсэний дараа оросууд хаяад явчихсан юм. Сонгууль болоод засаг байгуулагдаж амжаагүй байсан завсрын үед томоохон хэмжээний худалдан авалт хийгдвэл яах вэ гэх мэтчилэн асуудлууд байсан тул ТУЗ-өө яаралтай байгуул, дүрэм журмаа яаралтай Монгол Улсын хуулинд нийцүүл гэсэн. Учир нь, хуучин олон улсын гэрээгээр зохицуулдаг байсан үйлдвэрийн дүрэм чинь Монголын компани 49 хувийг нь худалдаад авчихаар Монгол Улсын хуулинд захирагдах ёстой. Энэ хүрээнд шийдвэр гарсан. Үүнээс болоод Эрдэнэт үйлдвэр хохирчихоод байгаа зүйл байхгүй. Компанийн засаглалын хувьд өмнө нь Эрдэнэт үйлдвэр совет буюу ТУЗ нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй даргаа ээлжилж хийгээд явдаг байсан. Миний хувьд сүүлийн хэдэн жил олонх талаасаа ТУЗ-ийн дарга томилогдож байсан тул ТУЗ-ийн дарга нь цөөнхөөсөө байх нь илүү хяналттай байна гэж үзсэн. Олон улсын ийм жишиг байдаг. Дэлхийн томоохон компаниудын ТУЗ-ийн дарга нь дандаа цөөнхөөсөө тавигддаг. Цөөнх нь хяналтаа тавиад явчихдаг юм.

-Төр хяналтгүй боллоо гээд байгаа шүү дээ?

-Төр хяналтгүй болно гэж байхгүй. Төр 51 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд бүх зүйл дээр хяналт тавьж чадна. Ядаж л татварын шалгалт оруулаад бүх зүйлээ хяначихна. Мэргэжлийн хяналт, орон нутгийн Засаг захиргаа нь давхар хянана. Тэгэхээр энэ бүхэн зүгээр л улс төр. Миний хувьд компанийн засаглал ийм байх нь зөв гэдэг зарчим барьсан. Ер нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга нар нь болж өгвөл хараат бус юм уу, цөөнхөөсөө байх ёстой гэдэг зарчим барьж ажилласан. Учир нь, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөллөөс гаргах зарчим барьсан минь буруу биш байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудал 2-3 жилийн өмнөөс яригдсан байхад УИХ-д танилцуулаагүй гэх. Ер нь энэ асуудал гэнэт сонгуулийн өмнө гараад ирсэн асуудал биш байх?

-Хоёр компани хэлцлүүдийг хийж байсан байх. Аж ахуйн нэгжүүд хоорондоо хийж байгаа хэлцэлд хэн ч саад болж болохгүй. Засаг давуу эрхийнхээ хүрээнд 49 хувийг яг ийм нөхцөлөөр авах уу гэдэг зүйл яригдах үед л Засгийн газар хариугаа өгдөг. Ийм хэлцэл явагдаж байна гэх л юм бол улс төр болчихно. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг бөөн сүр дуулиан болгоод яриад байгаа биз дээ. Энэ чинь хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм. Үнэн шүү. Тэр хүмүүст гаргаж байсан зардал тэр бүгдийг нь хар. Энэ бүх зүйлээсээ салах учиртай. Ингэж гэмээнэ “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллана. “Эрдэнэт” үйлдвэр хэдэн ч улстөрчийг тэрбумтан болгож байсан юм бүү мэд. Хэрэв Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авна, авахгүй гэдэг дээр шийдлээ олохгүй удсан бол, гуравдагч этгээдэд зарсан бол яах вэ. Өнөөдөр бас л шуугина даа. Энэ бол бөөсний онигоо гэдэг шиг улстөрчдийн олж авсан сэдэв. Сэдэв олж аваад л танай, манай гэлтгүй ярьж байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд “Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өг” гээд орилж байна. Тэр 49 хувь чинь ОХУ-ын мэдэлд байсан шүү дээ.

-Улсын төсөв алдагдалтай, улсын данс улаасан өмнөх Засгийн газар өрнөөс өөр юм үлдээсэнгүй гээд байгаа?

-Тийм зүйл байхгүй. Төсвийн гүйцэтгэл чинь хуваарийнхаа дагуу явдаг. Монгол Ардын намынхан ч гэсэн үүнийг сайн мэдэж байгаа. Монгол Ардын намынхан улс төрийн янз бүрийн мэдэгдлээсээ болж эдийн засгийн хүндрэл рүү улам түлхэж байна. Тэд ард түмэн гэж хамгийн их ярих дуртай. Тэгсэн мөртлөө үргэлж ард түмнийхээ эсрэг популизм хийж улам уруудах шалтгаан болж байна л даа. МАН, АН-ынхан популистуудаа дагаж намирдагаа л больчих. Хэрэв дагаад намираад байх юм бол ард түмний амьдрал улам л уруудсаар байх юм.

-МАН-ынхан чинь төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрсэн гээд байгаа шүү дээ. Энэ төсвийн алдагдал тэгэхээр хаанаас гарсан болж таарч байнаа?

-Эрх баригчдаас өөрсдөөс нь асуусан нь зөв байх. Дөрвөн жилийн хугацаанд 500 орчим төгрөгөөр ам.долларын ханш нэмэгдсэн бол гурав, дөрөвхөн сарын дотор 600 гаруй төгрөгөөр нэмэгдлээ. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихлаа. Үүнд өмнөх Засгийн газраа буруутгаад байх шаардлагагүй. Дахин хэлэхэд өөрсдийнх нь гаргаж байгаа мэдэгдэл, үйлдлээс шалтгаалж ийм байдалд хүрч байна. Монгол Ардын намынхан өөрсдөө энэ бүх зүйлээ мэдэж байгаа байлгүй дээ. Засаг барьж байгаа хүмүүс энэ асуудлаа яриад явах байх. Эрх баригчдад сайн эдийн засагчид олон бий. Тэднээсээ зөвлөгөө аваад ажлаа хийгээд явах нь илүү оновчтой байлгүй.

-Улсын төсөв алдагдалтай одоогийн Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болж. Мөн БНХАУ-аас зээл авах асуудал яригдаад эхэлсэн.  Яг одоогийн нөхцөлд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв үү, Сангийн сайд байсан хүний хувьд?

-Зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжиж байгаа улсын хувьд зээл авах нь буруу зүйл биш. Харин үүнийгээ зөв зүйлд зарцуулна гэдэг чинь хамгийн чухал. Үүнийгээ л хийх ёстой. Эдийн засагч хүний хувьд зээл авах, бонд гаргах асуудлыг буруутгахгүй. Үүнийгээ харин зөв зарцуулах эсэх асуудал л байна. Өнөөдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг шүүмжлээд байх нь тийм сонин биш. Цаг хугацааны хувьд шинэ Засгийн газар ажлаа эхлээд хагас жил ч болоогүй байна л даа. Харин зоригтой ажиллах л хэрэгтэй. Гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах нь чухал юм. Тэгэхгүйгээр нэг жижигхэн хайрцагт багтчихаад ажил явуулна гэдэг хэцүү. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд бүх нөөц боломжоо дайчлан, улс төрийн шахаанд оролгүй ажлаа явуулах нь хамгийн зөв алхам.  Хоёрдугаарт, тэртээ тэргүй Монголын ард түмэн МАН-ыг сонгочихсон. МАН-ынхан анх сонгуулиар гарахдаа бид чадна, бид хийгээд өгнө гэсэн юм чинь одоо олон юм ярилгүй ажлаа хийх л ёстой. Чадна л гэж гарч ирээ биз дээ. Одоо ийм байна, тийм байна гээд байж болохгүй. Түрүүчийн засгийн үед хамтарсан засагт хүртэл байсан. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг хангалттай мэдэж байсан хүмүүс. Одоо үглэх биш урдах ажлаа л хийх шаардлагатай байна.

 

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12