З.Энхболдын илтгэл: АН-ын шинэтгэлийн талаар

2016-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ардчилсан Намын шинэтгэлийн талаар

Эрхэм журмын нөхөд өө,

Би Ардчилсан намын даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг аваад 2 жил ажиллалаа. Энэ хугацаанд намдаа шинэтгэл, өөрчлөлтийг хийхийг эрмэлзэж олон ажлыг эхлүүлэх оролдлого хийсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тухайлбал, Ардчилсан намыг  фракцгүй нам болгоно гэж зарлаад  Бодлогын зөвлөлийг  байгуулж ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, АН-ыг бодлогын нам болгох зорилт тавьсан. Ардчилсан намын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн үеийн менежмент, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйл нь сонгуулийн үр дүнд зарим талаар нөлөөлсөн. Эдгээрт алдаа дутагдал байсныг дараа дараагийн сонгуулиас өмнө дүгнэлт хийж давтахгүй байх, зарим асуудлыг намын шинэтгэлийн хүрээнд дүрмээр зохицуулах шаардлага ч гарах байх. 

Ардчилсан намын бүх шатны удирдлага нийт гишүүдийн саналаар сонгогддог байх нь зүйтэй гэж  манай гишүүд санал нийлж байгаа нь намд том шинэтгэл болно. Бид дотроо бодлогоор өрсөлдөж ирсэн. Мэдээж аль ч нам улс төрийн хүчинд бодлогын өрсөлдөөн байдаг. Гэхдээ энэ асуудлаа шийдэхдээ буруу арга хэрэглэх хэмжээнд хяналтгүй болсон нь бидний буруу. Ардчилсан нам өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах нь бодлогын өрсөлдөөнийг шийдвэрлэх арга биш гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм байдал гаргахгүй байх баталгааг дүрмээр зохицуулбал зохино.  Аливаа бодлогын асуудлаар Их хурал хуралдаж шийдвэр гаргаж буруу зөвөө шийдвэрлэх нь оновчтой шийдэл юм.

Мөн үндэстэн дамнасан корпорацийн улс төрд гүйцэтгэх үүрэг ноцтой хэмжээнд хүрсэн болохыг олон улсын хэмжээнд шүүмжлэх боллоо. Шалтгаан нь мөнгө, ашиг юм. Ахиухан ашиг олохоос өөр сонирхолгүй олон улсын үндэстэн дамнасан корпораци болон үндэсний гэх нэртэй олигархи компаниуд төрийг удирдах, өөрт нь ашигтай шийдвэр гаргаж өгөх парламент, Засгийн газартай болохыг санаархах болсон. Тэд их мөнгөтэй учир энэ санаархал нь бодитоор хэрэгждэг болжээ.

Жишээ нь: Ард түмний өмч болох Таван Толгойн ордыг хувьдаа авахаар Кэйманы арлын офшоор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанийн лобби Монголын улс төрд хүчтэй орж ирснээр Монгол улсад улс төрийн, засаглалын хямрал авчирсан. Нам дамнасан олигархуудын бүлэглэл Монгол улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хууль тогтоомжийг уландаа гишгэж их хэмжээний өрөнд орсон компаниа аврахын тулд нийт ард түмний өмч болох дэлхийд хосгүй орд газрыг гаднын компанид бэлэглэх гэж улайрч байсныг бид бүгдээрээ мэднэ. Ардчилсан намын УИХ-д байсан эх оронч олон гишүүд, бусад намын гишүүдтэй хамт энэ том луйврыг нэг удаа зогсоож чадсан ч цаашид энэ нам дамнасан олигархууд ард түмний өмч болох Таван Толгойн нүүрсний орд  руу дахин дайрч болзошгүй хэвээр байна.

Эрхэм их хурлын төлөөлөгчид өө,

Миний бие  АН-ын даргын албыг хүлээн авч хоёр  жил ажиллаад өнөөдөр намын дүрмийн дагуу ажлаа өгөх гэж байгаа энэ цаг мөчид намын шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах их хурлын индрээс эрхэм журмын нөхөддөө хандан дараахь саналуудыг дэвшүүлж байна. Энэ бүхнийг намын дүрэмдээ баталгаажуулах нь намын шинэтгэлийн амин сүнс нь юм.

Нэгдүгээрт, Намын бүх шатны байгууллага толгойлж сонгуульд орсон намын дарга нар тухайн шатны засаг даргаар шууд томилогдон ажилладаг тогтолцоог намын дүрмэнд тодорхой суулгаж, зөрчсөн тохиолдолд дээд шатны байгууллага нь батламжилдаггүй байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн түүхээ эргэж харахад манай намын бүх шатанд энэ зарчмыг зөрчиж ирснээс албан тушаалын төлөөх өрсөлдөөн мөнхийн асуудал болж, намын дотоод зөрчлийг бий болгох үндэс болж ирсэн байна. Ардчилсан намыг  толгойлж байсан дарга нараас ганцхан Н.Алтанхуяг намын даргын хувьд намын дүрмийн дагуу Ерөнхий сайдаар томилогдсон  байх жишээтэй. Түүнээс бусад тохиолдолд өөр хүн Ерөнхий сайд болж байсан түүхээ эргэн саная. Жишээ нь, 1996 онд Ц.Элбэгдорж намын дарга байхад “Ардчилсан Холбоо” эвсэл сонгуульд ялалт байгуулж, тэрээр Ерөнхий сайд болох байтал М.Энхсайхан урдуур нь орж Ерөнхий сайд болж байлаа.  Хоёр жилийн дараа намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаа авч байв. 2004 онд эвслийн засгийн газар байгуулах үед М.Энхсайхан Намын дарга байсан боловч  Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсон. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр энэ дүрмийн бус “хариугаа авах” гэсэн томилгоо аймаг, сум, дүүрэгт халдварлаж ужгирснаас намын дотоод ардчиллын зарчим алдагджээ. Иймээс энэ гажуудлыг дүрмээр засах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Сонгуульд ялагдсан тохиолдолд бүх шатны намын удирдлага ямар ч маргаангүйгээр өргөдлөө өгч чөлөөлөгдөх бөгөөд дараагийн 4 жилд тухайн шатныхаа намын удирдлагад өрсөлдөхгүй байх ёс зүйн дэг жаягийг хэвшүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, Нам бол төрийн эрх мэдлийн төлөө өрсөлддөг субъектийн хувьд улс үндэстний үндэсний аюулгүй байдлын баталгаа болж өөрөө цэвэр ариун байх үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед компаниудын удирдлага, тэдний бүлэглэл намыг өмчлөх, худалдаж авах  сонирхол бодитой болж  байна. Намыг өмчлөх гэсэн компаний ар талд гадаадын хөрөнгө оруулагчид байх магадлал өндөр болж байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулж болзошгүй юм. Тийм болохоор энэ сонирхлыг таслан зогсоох зохицуулалтыг намын дүрэмд тусгаж намын бүх шатны байгууллагын санхүүжилтыг тухайн шатны гишүүдийн хандив татвараар санхүүждэг тогтолцоог бүрдүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

Дөрөвдүгээрт, Нам нээлттэй байхын хамт намын дотоод сахилга, дэг жаяг  хатуу чанд байж, дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт ил тод хариуцлагатай байх зохицуулалтыг намын дүрэмд сайтар тусгавал зохино. Ийм зохицуулалт дутуу дулимаг байгаагаас намын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учирч, дүрмийн бус байгууллагууд дур зоргоороо гарч ирж намын дүрмийн бус үйлдлээр элдэв шантааж хийж  намын нэр хүндийг унагаж байгааг хэлэх хэрэгтэй.

Эрхэм журмын нөхөд өө,

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд Монгол Ардын Нам УИХ-д олонхи болж, Засгийн газрыг дангаараа байгууллаа. Харин бид ирэх жилүүдэд хүчтэй сөрөг хүчин байж тэдний амлалтыг байнга сануулж, амлалтаа ягштал биелүүлэхийг байнга шаардах болно. Бид МАН-ын Засгийн газрын хийж байгаа зөвийг дэмжиж, бурууг залруулах сөрөг хүчин байна. Тэдний улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалсан бодлого,  улс орны эдийн засгийг тогтворжуулах, өсөлтөнд хүргэх дорвитой, оновчтой алхмууд хийхэд нь дэмжээд явна. Харин албан тушаал наймаалцах, иргэдийн болон улс орны язгуур эрх ашгийг сөргөөр хөндсөн аливаа асуудалд ямагт хатуу шүүмжлэлтэй хандан ажиллах болно.

Бидэнд хийх ажил их байна. Дараа дараагийн олон сонгуульд намын эв нэгдлийг илэрхийлсэн, олны хүндэтгэл хүлээсэн, албан тушаал, эдийн шуналаас ангид, нэр цэвэр  гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлж ялалт авчрах нь манай намын гол зорилго байх болно. Энэ шалгуураар нэр дэвшигчээ тодруулж чадвал  Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох ард иргэдийнхээ итгэлийг буцааж олох үндсэн нөхцөл байх  болно.

Манай нам өнгөрсөн 26 жилийн түүхэнд цөөнгүй сорилт бэрхшээлтэй тулгарч, тухай бүр амжилттай даван туулж ирсэн туршлагатай билээ. Бид энэ удаагийнхаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулахаас манай намын, улс орны минь ирээдүй ихээхэн шалтгаалах болно. Тиймээс хариуцлагатай эгзэгтэй үеийнхээ тулгамдсан асуудлуудыг зөвөөр үнэлж дүгнэнэ гэдэгт итгэж байна. Бас ухаалаг, алсыг харсан, эв нэгдлээ хангасан шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэж байна. Юуны өмнө дүрэмдээ өөрчлөлт хийж, Ардчилсан намын шат шатны удирдлагыг тухай шатны нийт гишүүдийн саналаар сонгох нь намын шинэтгэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхам байх болно. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын  шинэтгэлийн хувь заяа хамаарна.

Намайг дэмжиж хамтран ажилласан Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний Зөвлөлдөх хороо, УИХ дахь намын бүлэг, намын дэргэдэх төрийн бус байгууллага, намынхаа нийт гишүүд, дэмжигчиддээ гүн талархал илэрхийлье.

Ардчилсан намын гишүүний хувьд би цаашид намаа хариуцлагатай, сахилга баттай, нэгдмэл, фракцгүй нам болгохын төлөө, дахин эрх баригч нам болж улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно гэдгээ амлаж байна.

Эрхэм төлөөлөгчид өө,

Энэ их хурал намын шинэтгэлд чухал үүрэг гүйцэтгэх хариуцлагатай хурал учраас Та бүхнийг хурлын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцож хорин нэгдүгээр зууны манлай намыг бий болгох шинэтгэлийн  хөтөлбөрийг батална гэдэгт итгэж байна.

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

8 цаг 55 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

8 цаг 59 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

9 цаг 51 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

18 цаг 56 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

18 цаг 56 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Уржигдар 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Уржигдар 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Уржигдар 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Уржигдар 15 цаг 01 мин