
Одоогийн залуус тэр бүр мэдэхгүй өөр ертөнц, социализмын хэмээн түүхнээ бичигддэг 1980-аад оны дундуур нийслэлийн тэргүүний 13 дугаар суругуулийн 10 дугаар ангийн гурван бүлгийг төгссөн тухайн үеийн хүүхдүүд 30 гаруй жилийн дараа өнгөрсөн намрын сүүлчийн мөнгөн хяруутай өдрүүдэд 50 насны босго алхлаа. Дээхнэ үед 50 хүрсэн хүн гэхээр таяг тулсан эмээ, өвөө нар санагддаг байсан бол өнөөдрийн 50 настнууд идэрхэн эрхмүүд, салбар салбарын лидерүүд, нийгмийн аль нэг салбарын шилдгүүд голдуу байна. Төгсөлтийн баяраа, 50 насны ойтойгоо хамт хийсэн нэг ангийнхан гэж үүнийг бичигч би л хувьдаа дуулаагүй. Тэгэхээр тэд бас анхдагчид ч байж магадгүй.
Түүх сөхөхөд тэртээ 1980-аад онд Брежневийн бэлгийн хороолол хэмээн сүндэрлэсэн III-IV хороололд сургууль, цэцэрлэгийн комплекс ашиглалтад орсон байдаг. Түүн дотор 13 дугаар сургууль шинэ байранд орж, улмаар 10 жилийн сургууль болон өргөжсөн түүхтэй. Тэгвэл энэ сургуулийн зургадугаар ангид тал талаас цугласан улаан бүчтэй багачууд манай нийтлэлийн баатрууд юм. Нөгөөтэйгүүр, социализмын хэмээх тэр нийгэмд ариун цэвэр, сахилга дэг журам, эв найрамдал, хамтын хүч гэхчлэн сургуулиас эхлэн тавигдсан суурь нь өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрч дэвшин дээшилж, төлөвшиж хат суулгасны илрэлийг 50 настнуудын явж ирсэн замналаас тольдон харж болох юм. Бас тэд тэр үеийн хорооллынхны дүр төрх, нүүр царай. Сургууль нь тухайн үеийн элит сургууль. Тэд ийм л сургуулийн шилдгүүд. Тиймээс хүний, хамт олны, сурагчийн, багшийн, сургуулийн хийгээд бүхэл бүтэн нийгмийн тухай тун сонихон түүхийг өгүүлцгээж байна. Тухайн үед 13 сургуулийг аравын А, Б, В гэсэн гурван бүлэг төгсчээ. Анги тус бүр өөрийн гэсэн онцлогтой ажээ.
ХӨӨРХӨН ОХИДТОЙ 10 “В”-ИЙНХЭН
10-ын В ангийнхан нийтээрээ сурлага сайтай байж. 10 жилээ төгсөөд тэр үед улаан шугам гэж татдаг байхад 17-18 хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургуульд элсч орсон нь үүний нотолгоо.
13 сургуулийн 1984 оны арвын гурван бүлгээс 10 “В” ангийнхан хөөрхөн охидоороо толгой цохидог байж. Хөрш ангийн хөвгүүд хөөрхөн охид руу нь гүйлдсэн энэ ангийнхны 17 нь охин, 20 нь хүү, нийтдээ 37-уул төгсчээ. Өдгөө түүнээс тав нь бурхны оронд одсон байна. Уулзсан хэд нь “Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харахад, хүүхэд нас хэзээ ч мартагдаггүй юм байна. 10 жилийн сурагч үеийнхээ дурсамжаар, гэнэн цайлган тэр л зан, тийм л нүдээр бие биеэ олж харж байна. Сонин мэдрэмж юм. Уулзалтыг санаачлан зохион байгуулсан 10 “Б” ангийнхандаа талархаж байна” хэмээн дурссан. Сургууль төгссөнөөс хойшх 30 гаруй жилийн хугацаанд энэ ангийнхан боловсрол, эрүүл мэнд, түлш эрчим хүч гэхчлэн нийгмийн бүхий л салбарт тэргүүлж явна. Төгсөлтийн баяр, 50 насны ойн баяртаа 10 “В” ангис төлөөлөл болж арав нь иржээ. Харин төгсөлтийн 30 жилийн ойгоор 20-оод хүүхэд цугласан гэнэ. 10 “В” ангиас таван хос төржээ. Ажил, мэргэжлийн хувьд багш тав, санхүүч дөрөв, эмч нэг, инженер 10 гаруй төрөн гарчээ. Уулзалтын үеэр хамт олон “Манай Б.Батхуяг дэлхийн байгаль хамгаалах сангийн Монголын төлөөлөгчөөр Бээжинд сууж байгаа. Онц сурдаг хүүхэд байсан юм. Б.Дагданжамц маань эрчим хүчний салбарт инженерээр үр бүтээлтэй ажиллаж байгаа. Салбарын тэргүүний ажилтан, газрын дарга. Н.Бурмаа 29 дүгээр сургуульд насаараа багшийн мэргэжлээр ажилласан. Г.Наранцэцэг ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтнээр ажилладаг, инженер мэргэжилтэй. Манай н.Должинсүрэн өөрийн гэсэн заах арга барил бүхий мундаг багш шүү ” гээд л шуугилдах. Түүнчлэн “Цэцэгбал, Нарантуяа, Батхуяг, Бямбажав нар гадаадад ажиллаж, амьдарч байгаа” хэмээн байхгүй нэгнээ дурсан бие биеэсээ сураглах. Мөн “Манай ангид Бадраа, Гантулга, Батсайхан гээд бизнесийн салбарт яваа мундагууд бий” хэмээн магтан ярих. Монгол Улсад санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 10 гаруй жил ажиллаж ирсэн, сүүлийн үед Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн санхүү удирдлагын мэргэжилтнээр ажиллаж байгаа Г.Уранчимэг энэ ангийнх гээл яривал шилдэг, тэргүүний хүмүүс олон юм. Тэднээс Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор гурван хүн шагнуулсан бол салбарын тэргүүний ажилтан 10 гаруй байна. Харин ангийн багшийнхаа тухай дурсахдаа тэд “Цээлээ гэж биологийн багш байлаа. Одоо бурхны оронд байгаа” гээд нулимс дуслуулан хоолой нь зангирч байсан. Ангийн онцлог брэнд гэвэл хөөрхөн охидоос гадна нийтэч хамт олонч зан чанар. Дээр нь нийтээрээ сурлага сайтай байж. 10 жилээ төгсөөд тэр үед улаан шугам гэж татдаг байхад 17-18 хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургуульд элсч орсон нь үүний нотолгоо. Хаана ч явсан ангийнхнаа холбож нэгэн цул мэт байлгадаг зохион байгуулагч, “менежер”-үүдийнх нь нэг н.Оюунчимэг бол бусад нь ч гэсэн ажлаас хойш суудаггүй бүгд идэвхтэй, аливаад сэтгэлээ оролцдог. Тэдэн дотроос бусдыгаа хошуучилж байдаг нь хүүхдийн эмч Ариунаа, Урнаа нар. Зовлон, жаргалд хамт явж ирсэн нэг ангийнхан бас цахим хамт олон. ФБ-т зовлон жаргал, санал бодлоо ярьдаг групптэй, түүнийх нь админ Г. Уранчимэг юм байна.
10 “А” АНГИЙНХАН “ИЛҮҮ, ИЛҮҮ, ИЛҮҮ”
Аравдугаар ангийн гурван бүлэгт нийт 107 хүүхэд төгссөн бол тэдний дотроос 10-ын “А”-ийнхан сайхан сэтгэлтэй эвсэг найрсаг хамт олон.
13 дугаар сургуулийн 1984 оны төгсөлтийн 10 “А” бүлгийг 34 хүүхэд төгсчээ. Түүний 14 нь хүү, 20 нь охин. Анх зургадугаар ангидаа нэгэн хамт олон болж бүрдсэн бол хамгийн олон багш солигдсон нь эдний анги гэнэ. Хамгийн сүүлд анги удирдаж төгсгөсөн багшийг нь Сүхбаатар гэдэг. Анх 25-26 настай Цэргийн их сургууль дөнгөж төгссөн залуухан дэслэгч ирж байжээ. Тэр үеийн брэнд хичээлийн нэг “Цэрэгжилтйн хичээл” байсан бол тэд багшийнхаа удирдлагад эх оронч хүмүүжилтэй, дэгтэй, эвсэг найрсаг, тэсвэр хатуужилтай болж төгссөн хэмээн одоо ч бахархдаг ажээ. Бас энэхүү тэмдэглэл, сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн социализм гэдэг хүмүүсийг хүүхэд байхаас нь тэсвэртэй хатуужилтай болгож төлөвшүүлдэг байсны нэг жишээ энэ болов уу. Аравдугаар ангийн гурван бүлэгт нийт 107 хүүхэд төгссөн бол тэдний дотроос 10-ын “А”-ийнхан сайхан сэтгэлтэй эвсэг найрсаг хамт олон. Мөн өөр онцлог ялгаа ч бий. Тухайлбал, тэд 9-10 ангидаа Районы, Оны, Улсын тэргүүний бүлэг болж бүхий л шагналыг түүсэн . Энэ ангийн охид сэргэлэн, бас спортын төрлүүдээр дандаа шилдэг нь байсан. Урлагаар ч мундаг байв. Бас “А” бүлэг учраас бүхний түрүүнд байна. Тиймээс хөрш ангийнхан “Танай анги илүүрхдэгээрээ илүүрхэж байна уу” гэдэг байж. Өнөөдөр тэдний дотроос салбар, салбарын тэргүүний ажилтан, “Алтан гадас” энгэртээ гялалзуулсан эрхмүүд, “Алдарт эх”-ийн одонтой буянтай ээжүүд олон байна. Хүүхэд насны, хийж бүтээж ирсэн гэгээн замналын дурсамжаас гадна нулимс дуслуулж ярих гуниг уйтгар ч бас байна. Тэдний дотроос наймдугаар ангиас эхлээд мөнх бусыг үзүүлсэн цөөнгүй хүүхэд бий. “Хонгорын сангийн аж ахуйн дарга манай ангийн хүү байлаа” гээд өдгөө нулимстай дурсах нөхөд нь байна. Ер нь бол хүүхэд байхад ирсэн энэ мэт хагацал зовлонгоос үүдсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч тэдний дотроос олон эмч төржээ. Улсын I эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч н.Баярсайхан агсан энэ ангийнх байж.
50 насны ой, төгсөлтийн нөхдийн дурсамж уулзалтад 10 “А” ангиас 11 нь хамт олноо төлөөлж ирсэн. Тэд “Аравын “Б”, “В” бүлгийн үеийн нөхөддөө баярлалаа, сайхан уулзалт зохион байгуулсанд. Бас бидний өдий зэрэгт хүргэсэн багш нарын минь ач, тэдэндээ талархаж байна” хэмээн чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлж байсан юм.
САНААЧЛАГЧ, ЛИДЕР, ШИЛДЭГ МЕНЕЖЕРҮҮДИЙН 10-ЫН “Б”
10-ын “Б”-ийнхэн долдугаар ангидаа Сургуулийн тэргүүний эвлэлийн үүр, наймдугаар ангидаа Нийслэлийн тэргүүний үүр болж байсан шилдэг хамт олон.
Шинэ сургууль үүдээ анх нээхэд зургаагийн “Б” бүлэгт тал талаас цуглаж дуу хөгжмийн багш Оюунчимэгийн удирдлагад хамт олон болж бүрдсэн энэ ангийнхан 36-уулаа. Анги удирдсан багшийн онцлог нь шавь нараа бүгдийг нь урлагийн мэдрэмжээр хөглөж, авьяасыг нь илрүүлж, эвсэг, аливаад идэвхтэй болгож төлөвшүүлжээ
Наймдугаар анги төгсөхдөө цөөнгүй нь мэргэжлээ сонгоод явчихдаг бол тэд нэгэн цул мэт хэвээр байж, есдүгээр ангидаа дэвшин орсон байна. Бараг л анхны бүрэлдэхүүнээрээ 1984 онд 10 дугаар ангиа төгссөн. Есдүгээр ангид тэдний ангийг Гажис багш нь дааж авснаар аравдугаар анги төгсгөжээ. Улсын тэргүүний химийн багш байсан болохоор шавь нар нь химийн хичээлдээ гаргууд. Хүүхэд байхаас нь ангийнхандаа олгосон хүмүүжил өнөө хүртэл хадгалагдсан. Тэр нь юу гэвэл, эдний анги эв нэгдэлтэй явж иржээ. Энэ ангийн дарга нь Б.Тунгалаг. Зургадугаар ангиас эхлэн 10 жилээ төгстөл ангиа даргалсан нь өөрийнх нь зохион байгуулагч чадварынх, бас хамт олны тууштайнх байж таарна. Харин бүлгийн эвлэлийн үүрийн даргын сонгуульт ажлыг Б.Саранцэцэг хийж иржээ. Б.Тунгалаг, Б.Саранцэцэг нар өдгөө “Манайхан ангийн болоод бүлгийн даргын гарыг хараад байхгүй өөрсдөө маш идэвхтэй, хариуцлагатай хүүхдүүд байсан. Хариуцдаг салаанууд, ногдсон ажилдаа эзэн болно. Идэвхтэй дээр маш санаачилгатай хамт олон байлаа. Нийслэлийн 13 сургуулийн үе үеийн төгсөлтөөс манай ангийнхныг санаж үлдсэн, дурсч байдаг багш нар болон бусад төгсөгч олон бий” хэмээн дурсч байна. 10 “Б”-ийнхэн юугаараа онцлг байв гэвэл, эв найрамдал, санаачилгатай идэвхтэй байдал, онц сурлагатнууд байснаараа манлайлагчид байж. Онц сурлагатан олон гэдгийг онцлохын учир 10 дугаар ангиа төгсөхөд эхний 10 байраас наймыг нь авч байжээ. Спортын бүхий л төрлийн тэмцээн болоход анги дотроо охид, хөвгүүдийн бие даасан багтай. Сагс, гар бөмбөгөөр бол нийслэлийн хэмжээнд ширүүхэн өрсөлдчихдөг. Урлагийн үзлэгт гурван жил дараалан түрүүлж байсан аваргууд. Ангийн 36 хүүхдээс 20 нь хөгжмийн авьяастан. “Анги удирдсан багш маань химийн мэргэжилтэй атлаа бүх хөгжмийг тоглодог авьяаслаг хүн байсан. Шанз ёочин, баян хуур гээд л...Түүнийгээ хүүхдүүдээсээ миний хүү энийг чадах уу гээд асууна. Чадна гээд барьж аваад тоглодог. Охид баян хуур сайн тоглож байлаа. Ардын цөөхүүл хөгжимтэй хамтраад гитар, мандолин бариад суучихна. Хамгийн чадахгүй нь хүртэл модон халбага бариад сууна. Хөгжмийн хамтлаг маань “Хэнтийн өндөр ууланд” симфонийг тоглож байлаа шүү дээ” хэмээн тэд дурссан. 10-ын “Б”-ийнхэн долдугаар ангидаа Сургуулийн тэргүүний эвлэлийн үүр, наймдугаар ангидаа Нийслэлийн тэргүүний үүр болж байсан шилдэг хамт олон. Аравдугаар ангидаа Улсын тэргүүний эвлэлийн үүр болохоор өрсөлдөөд 2-р байрт орсон байна. Энэ ангиас 11 хүүхэд дээд сургуульд орсон бол гадаадын их дээд сургуульд тэнцсэн нь хэлний бэлтгэлгүй шууд явж байсан. Энэ нь тэдэнд 6-р ангиас орос хэлний хичээл заасан Д.Долгор багшийнх нь ач юм. 36 төгсөгчөөс өдгөө хоёр нь бурхан болсон бол ямар нэг байдлаар ангитайгаа холбогдохгүй, ирж уулзахгүй, аливаа ажилд оролцдоггүй 10-аад хүн байх юм. Харин 20 төгсөгч бол насан туршдаа хамт явж байна. Зовлон, жаргалд хамт байж, тэр байтугай бие биеийнхээ хүүхдүүдийн хуриманд очно, төрсөн өдрөө хамт тэмдэглэнэ. Өндөр настай, өтөл дорой ээж ааваа эргэнэ. Хамт ажиллаж, хөдөлмөрлөж биеэ биеэ дэмжиж, бас туслуулж явна. Энэ тухай хамт олны нэг Ц.Банзрагч “Би ангийнхандаа их баярладаг. Миний хань хорт хавдраар өвчилж, хагацал зовлон тохиосон хүнд хэцүү цагт хамт олон минь үргэлж хамт байсан. Баярласан сэтгэлээ нөхөддөө яаж гаргаж хэлэх аргаа олохгүй бас хагацал зовлонгийн шокоос салж чадахгүй явсан” хэмээн сэтгэлээ нээсэн юм.
Ямар нэгэн арга хэмжээг эхэндээ зөвхөн ангиараа тэмдэглэж байсан бол төгсөлтийн 30 жилийн ойн баяраас эхлэн 10-ын гурван бүлэг хамтардаг болжээ. Санаачлагч, зохион байгуулагчийн хувьд 10-ын “Б” эхлэн нөгөө хоёр ангиа урьж уриалж байдаг аж. Тиймээс “Уулзалт бүрээс мэдээлэл солилцоно, нэг нэгийнхээ ажлыг бүтээнэ, дэмжинэ, тусална, хамтран ажиллана, нийгэмд ашигтай буяны ажил явуулахад ч хүний тоо олон байвал сайхан. Ядарч байгаа нэгийнхээ хүүхдийг эргээд очиход ч хүн олон байх нь сайхан. Сүүлийн үед гурван анги нийлээд цуглахад 40 -өөд хүүхэд цугладаг болсон. Бараг нэг анги бүрдэж байгаа” хэмээн төгсөгчид ярьж байна. 10-ын “Б”-ийнхнээс өнөөдөр эдийн засгийн ухааны доктор Ч.Цэндмаа, анагаах ухааны доктор Ч.Сарантуяа, гидргеологийн доктор Я.Болормаа нарын гурван доктортой. Улс төрийн салбарт амжилттай яваа нэг хүн нь МАН-ын чадварлаг залуу боловсон хүчний нэг Л.Одбаяр юм. Түүнчлэн хууль зүйн ухааны магситр хоёр байдаг бол төрийн албанд 11 хүн ажилладаг юм байна. Хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа хүн ч олон ажээ.
Нас бол тоо гэдгийг харуулж, яг л 10 дугаар ангийн сурагчид, 17- 18 -тай хүүхдүүд шиг бужигнасан 50 настнуудыг харахдаа хүний зүрх сэтгэл хэзээ ч хөгширдөггүй юм байна гэж бодож байлаа. 1984 оны төгсөгчдийн нэг Ч.Цэндмаагийн “Бага насаа дурсан уулзаж, хүүхэд ахуйн нүдээр бие биеэ харж байгаа маань хамгийн сайхан. Үүнээс илүү энгийн, эгэл, бас эрхэм зүйл үгүй” гэсэн үгээр тэмдэглэлээ өндөрлөе.
Тэмдэглэл, сурвалжлагыг Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин