
Иргэний индэр
Хөвсгөл аймаг. Хатгал тосгоны өндөр настан Г.Мягмар
Монгол ардын цэцэн үгэнд “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг билээ. Яг энэ хувь тавиланг бүрэн эдэлсэн хүн бол яахын аргагүй Намбарын хүвүүн Энхбаяр гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Ийм тавилан эдэлсэн өөр нэгэн удирдагч бол Хятадын өнөөгийн хөгжил цэцэглэлтийн үндсийг тавьсан аугаа Дэн Сяо Пин билээ. Тэрээр гурван удаа бүх албан тушаалаасаа авахуулж, хөдөөгийн хамгийн бөглүү тосгонд гахайчнаар цөлөгдөж байсан боловч тухай бүрт дарагдалгүй эргэн гарч ирсээр гайхамшигт удирдагч болохоо даян дэлхийд батлан харуулж чадсан юмдаг. Хэдийгээр коммунист Хятад оронд байсан ч хэр хүнд сонгуульд оролцож дахин гарч ирэх бололцоо олдож байжээ.
Харин ардчилсан гэгддэг Монгол Улс Н.Энхбаярт ямраар хандаж ирснийг эгэл борчууддаа баримттайгаар эргэн сануулъя.
Н.Энхбаяр нь Соёлын сайдаас авахуулаад Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэлх бүх хариуцлагатай өндөр албан тушаалуудыг хашиж, Монголд төдийгүй дэлхийд танигдсан удирдагч юм. Тэрээр эдгээр албыг хашиж байхдаа “Мянганы зам”-ыг эхлүүлж мянгуужингийн зам гэж доромжлуулж ОХУ-д төлөх 11.2 тэрбум шилжих рубль буюу тэр хэмжээний ам.долларын өрийн 98 хувийг чөлөөлүүлж, 250 сая ам.доллараар хаалгаад 50 сая ам.долларыг нь өөрөө авчихсан гэж гүтгүүлж байсныг өчүүхэн миний мэтийн зарим борчууд одоо ч тодхон санаж байгаа.
Уг нь тэр өрийг Парисын клубын зарчмаар 95 хувийг нь чөлөөлүүлж болно гэж хамт явсан нөхөд нь ч, оросууд ч ятгаж байсан боловч Н.Энхбаяр ингэж шийдвэл 600-700 сая ам.доллар төлөх болно. Тэгвэл манай улсын төсөв даахгүй гэж татгалзаж байжээ. Тэгж зүтгэснээрээ ч 98 хувийг нь чөлөөлүүлж чадсан. Энэ бол ур чадвар, зөн совинтой дипломатч, эр зоригтой, төрийн зүтгэлтэн Н.Энхбаярын Эх орондоо байгуулсан гавъяа.
Н.Энхбаярын энэ мэтээр Эх орныхоо төлөө хийсэн ажлууд болон ард түмнээ гэсэн зүрх сэтгэлээр, МАН, АН-ын олигархи бүлэглэлүүдийн улсад ашиггүй гэрээ хэлэлцээр хийхэд саад тээг тавьж байсанд нь өширхөж, түүнийг тун ч олон жилийн турш санаа, зорилготойгоор доромжилж, гүжирдэж байсныг баримтаар нь дурдаж эгэл ард түмэндээ хүргэх болно.
Н.Энхбаяр 2006 оны эхээр нэгэн томоохон арга хэмжээний үеэр Оюутолгой, Тавантолгойн ордууд болон байгалийнхаа баялгуудыг эх орон, ард түмэндээ үр ашигтайгаар хэрхэн ашиглах талаар Ерөнхий лөгчийн хувьд баримтлах байр сууриа хатуу илэрхийлсэн. Түүнээс хойш л гүтгэлэг доромжлол гаарсан гэж улс төр судлаач Л.Эрдэнэтуул сонинд бичсэн байсныг санаж байна. Ингээд зөвхөн сонингуудаар гарсан зүйлүүдээс цөөн хэдийг дурдъя.
Өдрийн сонины 2006 оны аравдугаар сарын 5-ны №245 дугаарт Л.Мөнхбаясгалан “Амь мултрах алтан боломж” гарчигтайгаар Ерөнхий лөгчТавантолгойн ордоо бас л заржээ. Өөрөө ихээхэн хувь эзэмшдэг гэж ажиг ч үгүй гүтгэсэн юм билээ.
Улс төрийн сонины 2007 оны №3 дугаарт “Аалзны тор үргэлжлэхүй буюу Худалдаа Хөгжлийн Банк эргэж ирэх үү” нийтлэлд Ерөнхийлөгч алтан хувьцааг нь эзэмшдэг энэ банкийг Жеральд Металлз консерциум монголчуудад эргүүлээд худалдаж байна гэжээ. Энэ нь уг банкинд ганц ч хувьцаа эзэмшдэггүй Н.Энхбаярыг гүтгэсэн ээлжит гүтгэлэг байв.
Нийгмийн толь сонины 2007 оны гуравдугаар сарын 24-ний №68 дугаарт “Ерөнхийлөгч нүүрсний орд газруудыг АНУ-д зарахыг хүсчээ” гарчигтай зүйлийг Б.Шигтгээ гэдэг хүн бичсэн. Энд Холбооны бүгд найрамдах Герман Улсын Шпигель сэтгүүлийн 2007 оны нэгдүгээр сарын 8-ны дугаарт өндөр албаны зургаан улстөрч тэдний дотор Н.Энхбаяр, өөрсдийн гэж нэрлэсэн хувиа АНУ руу 250 сая ам.доллараар зарахыг Гадаад Хэргийн Яамны дээгүүр албаны түшмэлүүд илэн далангүй ярилаа гэж бичсэн гээд Өдрийн сонин, Ардын эрх, Өнөөдөр сонинууд дэвэргэн шуугиулж байсан. Гэвч нөгөө ярьсан дээгүүр албаны түшмэлүүд нь олдохгүй болж байснаас үзэхэд бас л гүтгэлэг байжээ.
Улс төрийн сонины 2007оны №16 дугаарт ”Н.Энхбаяр Тэнгис кино театрыг өөрийн болгож, Ногоон намд гар хөлөө шургалууллаа” гэсэн зүйлд Тэнгис кино театрт хувь эзэмшдэг солонгосчуудаас нэг сая ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэж гүжирдэж байжээ.
Улс төрийн сонины 2007 оны №12 дугаарт ”Аалзны тор 6 буюу Н.Энхбаярын тухай шинэ баримтууд” нийтлэлд Ерөнхийлөгч Эрдэнэтийг хохироосон. Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн төслийг санаачлагч, зохион байгуулагч нь Н.Энхбаяр, хэрэгжүүлэгч нь Д.Сугар, мэргэжлийн удирдлагаар хангагч нь Х.Наранхүү, орж ирж байгаа ашгийг хүлээн авч оролцогч бүрт шилжүүлэн түгээгч нь ”МОННИС” гэсэн улс төр, бизнесийн хамсал ажиллаж эхэллээ. “МСS” ХХ компанийн 33 хувийг Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүл эзэмшдэг гэх зэргээр дэндүү сүнсгүй гүтгэж байжээ.
Өдрийн сонины 2007 оны нэгдүгээр сарын 4-ний №003 дугаарт Л.Мөнхбаясгалан ”Их өрийн данс хаагдаагүйг илчлэгдэхээс айж ОХУ-д Асгатын мөнгөний ордыг бэлэглэжээ.
Өдрийн сонины 2007 оны нэгдүгээр сарын 10-ны №007 дугаарт Л.Мөнхбаясгалан “Эрх баригчид Асгатын ордыг худалдсан баримт эхнээсээ олдлоо”. Мөн сонины 2007 оны нэгдүгээр сарын 19-ний №015 дугаарт бас л Л.Мөнхбаясгалангийн бичсэн “Асгатын ордыг дээрэмдэх хуйвалдааны өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн зүйлүүд хэвлэгдэж байв. Эдгээртээ их өрийн данс хаагдаагүй гэсэн ойлголтыг ард түмэнд өгөхийг зорьсон боловч уг данс хаагдаж, Монгол Улс өргүй болсныг баталсан УИХ-ын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй комиссын баримт байдаг юм билээ. Тэгэхээр бас л гүтгэлгүүд байсан нь тодорхой.
Өдрийн сонины 2008 оны дөрөвдүгээр сарын 21-ний №096 дугаарт Ж.Сандагдоржийн бичсэн “Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад барьсан бэлэг буюу Дээд Шүүхийн тайлбар” нийтлэлд Улсын Дээд Шүүхээс “Ялгүй байх” гэсэн томъёоллыг ял шийтгүүлж байгаагүй гэж ойлгохоор тайлбарласныг С.Баярыг хорлохын тулд Н.Энхбаяр захиалгаар гаргуулсан гэж яс хаясан.
Д.Мөнгөндалай Өдрийн сонины 2008 оны дөрөвдүгээр сарын 28-ны №102 дугаарт ”Ерөнхийлөгч энэ сонгуулийн хамгийн том сөрөг ПИАР-ыг хийлээ” нийтлэлд энэ санаа баримтуудыг хуулбарласан байсан гэх юм билээ.
Өдрийн сонины 2008 оны тавдугаар сарын 5-ны №108 дугаарт Д.Мөнгөндалайн бичсэн “Төрийн албаны тухай хууль, Ерөнхийлөгчийн санаар хал”,
Өнөөдөр сонины 2008 оны тавдугаар сарын 6-ны №105 дугаарт Р.Эмүжингийн бичсэн “Н.Энхбаярын засаглалын санаархал ил тод болов” нийтлэлүүдэд Ерөнхийлөгчийн засаглалтай тогтолцоог бий болгохоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дандаа ийм зүйл заалт оруулсан гэж дахин давтан бичсэн. Энэ бүхэн фашист Германы гол үзэл сурталч байсан Геббельсийн “Худал юмыг олон дахин давт. Тэгвэл үнэн юм шиг санагдах болно” гэсэн “сургаалийг” Монголд нэвтрүүлж байгаа царай нь юм болов уу даа.
Эдгээрээс харахад улаан цайм гүтгэх, яс хаяж хагалан бутаргах, хамаатуулж мушгин гуйвуулах зэрэг муу арга техник бүхнийг хэрэглэж байжээ. Олон жилийн турш олуулаа хамжин гүтгэж, харлуулан байж, “Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй” гэсэн ойлголтыг ард түмэнд өгч байгаад дараа нь хилс хэрэг тулган ялд унагаж, цаашлаад улс төрөөс шахан зайлуулах гэсэн шударга бус өрсөлдөгч нарынх нь далд ажиллагааны илрэл байсан нь гарцаагүй. Энэ нь дараах байдлуудаар харагддаг.
2012 оны УИХ-ын сонгуулиар Шударга ёс эвслээс нэг номероор Парламентад орох байсан Н.Энхбаярыг зохиомол, хилс хэрэг тулган ялд унагаж байж авч үлдсэн. Бас саяхан болж өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар ялтай байх хугацаа дуусаагүй гэсэн “ядруу” аргаар бас л өрсөлдүүлэлгүй авч үлдсэн. Гэтэл энэ бүхэн хангалтгүй байжээ.
Учир нь 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв Н.Энхбаяр оролцвол өнөөх М.Энхболд, Э.Бат-Үүл ч байдаг юм уу, өөр хэнийг ч ард түмнийхээ дэмжлэгээр “амархаан” ялчих болно гэдгээс айж байгаа биз. Батлагаа нь энэ есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх байсан Эрүүгийн шинэ хуулийг итгэх аргагүй шалтаг заан ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас яаран сандран өргөн барьж, түүнийгээ ганцхан хоногийн өмнө амжин УИХ-ын ээлжит бус чуулганаар хүчээр баталж авч санаа нь амрав уу гэтэл бас л дутуу байсан бололтой.
Энэ талаар хууль батлахын өмнөхөн ”МАХН-ын дарга Н.Энхбаярыг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гадна, өмнөх шигээ үлдээх сонирхол” гэж сэтгүүлч С.Гандөл гярхайгаар харж Доргио.мн сайтад бичиж байв. Өдгөө МАХН-ын байрыг залилж авсан, бас авилга авсан, дээр нь хуульч Э.Эрдэнэжамъяаны өгсөн ярилцлагаас харахад гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэж өнөөх АТГ нь “мөрдөөд” Эрүүгийн хуулийн хоёр, гурван зүйл ангиар яллуулахаар прокурорт шилжүүлсэн гэнэ. Мөн л ялд унагаж “найдвартай араанд” нь хийж авах гэж байгаа биз. Тэгэхдээ “Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн” гэдгээрээ хаалттай таслах хэлбэрт оруулах гэж байгаа юм болов уу гэж ойлгосон. Хэрэв тэгвэл ард түмэнд өмнөхөөс ч илүү эргэлзээ үлдэх нь лав.
Энэ бүхнээс харахад Н.Энхбаярын өөрийнх нь яг онож хэлснээр олигархиуд түүнээс ”үнхэлцэгээ хагартал айдаг” нь яах аргагүй үнэн санагдах юм. Арга ч үгүй биз. Хэрэв Н.Энхбаяр Ерөнхийлөгч болчихвол Монголын минь баялаг, стратегийн ордуудыг гадныханд “найр” тавьж Монголд аль болох ашиг муутай гэрээ хийдэг. Төрийн аль өөдтэй өнгөтэй өмч хөрөнгө, үйлдвэр заводуудыг өмч хувьчлал нэрээр үнэгүйдүүлээд хуваагаад хусчихсан. Одоо ч Монголын ганц саалийн үнээ болсон Эрдэнэтийг бас яасан нь эргэлзээтэй. Улс орныг минь дааж давахад бэрх өр зээлэнд бариулсан олигархиудад сайхан юм яавч тохиохгүй гэдгийг Тэд юу эс андах.
Монголын төрд Н.Энхбаярын эзгүй байсан сүүлийн долоо, найман жилд Монгол Улс доошоо уруудаж, хойшоо ухарлаа. Улс орон минь өрөнд баригдаж, ард түмний амьдрал тэсэхүйд бэрх доройтлоо. Намууд дамнасан олигархи бүлэглэлүүд мөнгөөр цохин Монголын төрийг эзэгнэж, зарцуулсан мөнгөний “шархаа” нөхөхийн тулд Улсаа биш хувиа бодож амиа хичээдэг. Уршигт нь “өөрөө л ороод” ирсэн тэр их мөнгөө оффшорт нуухаас аргагүйдсэн төрөөс төрсөн тэрбумтанууд л олширч байна бус уу.
Яг энэ үед Монголын төрд Эх орон, Ард түмнийхээ төлөө бүхнээ зориулах чин сэтгэлтэй, Ард түмэндээ танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч тун ч их үгүйлэгдэж байна даа. Дашрамд дурдахад Н.Энхбаяр бусармаг хэлмэгдүүлэлт, шударга бус, бурангуй байдлын эсрэг 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, 90 гаруй кг-аас 60-аадхан кг болж дуу нь хүртэл гарахгүй шахам болчихсон байхдаа өөрийг нь өмөөрч өлсгөлөн зарласан алдарт эхийн одонтой ээжүүдийг хайрлаж, өрөвдөж өлсгөлөнгөө зогсоохыг гуйж байхыг телевизээр харсан өр зөөлөнтэй олон монгол хүн Түүний уудам сэтгэл, хүн чанарыг гайхан биширч нулимсаа барьж чадахгүй байхыг Би нүдээрээ харсан юмаа.
Амь нас нь хутганы ирэн дээр ирсэн яг тэр эгзэгтэй үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга БАН ГИ МУН гуай манай Ерөнхийлөгч рүү утасдаж амийг нь аварч байсан гэхээр Н.Энхбаяр дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч, төрийн том зүтгэлтэн мөн гэдгийн батлагаа биш гэж үү?
Монгол Улсаа, Ард түмнээ гэх чин сэтгэлтэй энэ Эх Орончийг, Мафижсан Олигархиуд, хараатуудаараа дамжуулан шоронгоос салгахгүйг хичээж байх шиг санагдана. Түүгээр ч барахгүй Ардчиллын тууштай удирдагч байсан С.Зоригийг хөнөөсөн шиг амь насанд нь халдахаас ч буцахгүй байх бий гэж болгоомжилж байхад илүүдэх юмгүй гэж бодогддог.
Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэн ч Н.Энхбаярыг “элдэвлэх” нь яг л хэвээрээ байгаа нь эрхбиш нэгийг хэлээд л байгаа юм бишүү. Н.Энхбаярыг ялласан өмнөх “хэрэг” гэгчийн үнэн байдлыг мэдье гэвэл “Зууны мэдээ” сонины 2013 оны хоёрдугаар сарын 18-ны №38, 39 дүгээрт хэвлэгдсэн Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид, УДШ-ийн нийт шүүгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр гаргасан гомдлыг үзээрэй. Хараат бус шүүх бол авч үзэхээс өөр аргагүйгээр уншсан хэн ч ойлгохоор няцаалт тайлбарууд хийсэн байдаг юм билээ.
Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чи Монголд айлчилж байхдаа “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж яагаад хэлсэн юм бол. Өнөөгийн Монголын дүр эсгэлт, дампуурал, хэлмэгдүүлэлт, гал цогтой тэмцэгч тэр бүсгүйд гаднаас нь харахад л мэдрэгдэж байсан юм биш байгаа даа. Үнэн ялж, сайхан цаг ирнэ. Тэр цагийг Н.Энхбаяр л түүчээлэн авчирна гэж Би хувьдаа найддаг. Монголын ард түмний заяа дэлгэрэн тэгшрэх болтугай.
Эх сурвалж: www.polit.mn