Өнөөдөр: Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо тунхагласан өдөр

2016-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Олдох

Өнөөдөр Тусгаар тогтнолын баярын өдөр. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр. Өдгөө Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл ихээхэн өрнөдөг бол улстөрчид болохгүй, бүтэхгүйгээ хууль руу чихэж бултдаг нэг төрлийн “халхавч” –аа болгох нь бий. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр сууриуд ч гарч байгаа билээ. Үндсэн хуулийн асуудлаарх    төр, нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурийг сонирхлоо.  

 

Д.Бямбасүрэн /Ерөнхий сайд асан/: Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна

-Төрийн дээр улс төрийн нам гараад суучихсан, Үндсэн хууль, түүнийг хамгаалах үүрэгтэй Цэцийн толгой дээр хөх тэнгэр биш улс төрчид байгаа энэ гажгийн талаар та ямар байр суурьтай байна?

Аль ч улс орон нэг төртэй, нэг итгэл үнэмшил, нэг замтай байдаг. Гэтэл Монголын нөхцөлд улс төрийн намууд төрийн эрх мэдлийг булаацалдаж, эрх барьсан нь өөрийн дураар аашилдаг болсон нь гажуудал юм. 1990 онд Ардчилсан хувьсгалын үеэр, түүний дараа Үндсэн хууль батлахдаа шийдсэн гол асуудал нь монголчууд олон намын тогтолцоотой  байх нь Монголын нийгэмд сонголт бий болгох, хөгжлийн зам мөр, шийдэх асуудлынхаа хувилбаруудыг гаргах бололцоо олгоход чиглэж байсан. 25 жилийн дараа төр маань эргээд намын эрхшээлд орж, нам гэдэг бүлэглэл өөрийгөө төрөөс дээгүүр тавьчихлаа. Энэ нөхцөлд зайлшгүй гажуудал үүсдэг. Тэрийг л бид одоо амсч байна. Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан.Гэтэл одоогийн байдлаар төрийн бүх эрх мэдэл намуудын гарт байна. Намууд сонгуульд орохдоо төрийн бодлогоо явуулах хөтөлбөр гэж гаргадаг ч олон түмнээс зөвхөн саналыг нь аваад өөрсдөө төрд гарахын төлөө зүтгэж байна. Боловсруулсан бодлого нь Монгол орны нийтлэг эрх ашиг, магадгүй түүхэн хувь заяаны шаардлагад  нь тохирохгүй байна. Энэ манай төрийн эмгэнэл. Төр ард түмний мэдэлд байна гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, өөрсдөө төрөө хянах боломжтой байх ёстой. Гэтэл төр ард түмний хяналтаас гарч сонгуулийн дараа  олигархиудын гарт ордог замаар явж ирсэн. Одоо цаашлаад мафиоз бүлэглэлийн гарт орох чиг хандлага  тодорч эхэллээ. Энэ нөхцөлд төр маань юу болоод байна вэ гэдгийг монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Төр гэдэг нийгмийн амьдралыг зохион байгуулах, чиглүүлэх уураг тархи нь юм шүү дээ. Уураг тархиа бид өнөөдөр ямар байдлаар цэнэглэж байна вэ. Түүнийгээ эргэж харах цаг болсон.

 

Ж.Гомбожав /УИХ-ын дэд дарга асан/ : Үндсэн хуулийн ганцхан заалтыг хэрэгжүүлээгүйгээс бид маш  ямар их хохирол амсч байна вэ? 

-Үндсэн хууль зөрчигдөж, төр аль нэг намын бүтэц шиг, намын аппарат  аятай ажиллаад байгааг яаж засах вэ?

-Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийж, 1992 оноос шинэ Үндсэн хууль бүрдэж АИХ-ын 400 гаруй депутат батлахдаа  нэг нам удирддаг байдлаас  гарч ард түмэн төр төвтэй байдал руу орохоор зохицуулалтыг хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн дээр нам гараад суучихсан. Намын удирдлагын хэдхэн хүн бүх асуудлыг тодорхой бүлгийн эрх ашгийн үүднээс шийддэг  байдал руу орчихсон байна. Сонгогчдын дийлэнх нь төрийн тогтолцоо биш боллоо. Ардын нам, Ардчилсан нам хоёр төрийг удирдаад хэрэггүй болчихжээ, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэдэг дүгнэлтийг эцэстээ өгч байна.

-Засаглалын тухайд та ямар байр суурьтай байна?

- Нийгмийн дуу хоолойг сонсч байхад  нэг хэсэг нь  Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, нөгөө хэсэг нь хоёр шатлалтай Их хуралтай болъё гэж байх шиг байна.  1990-1992 онд манай улс АИХ,  Бага хурал гэсэн хоёр шатлалтай байсан. Энэ буруу гэхийн аргагүй. Гэхдээ зарим намын нөлөө бүхий хүмүүс ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ард түмнээсээ асууя гэх мэт  саналууд тавьж байна. Үүнийг би маш буруу зүйл явагдаж байна гэж үзэж байгаа.  Монгол Улс шиг ийм жижигхэн орон Ерөнхийлөгчийн засаглалтай байх шаардлагагүй. 1992 оноос мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын засаглалтай болох. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ямар гээч гай дуудаж, юу нь буруу болдогийг сая Засгийн газраар  “Эрдэнэт”-ийг шийдсэн асуудал, өнгөрсөн хугацаанд манай Ерөнхийлөгчийн хийсэн ганцаарчилсан тоглолт, дангаараа шийдсэнээс  болж Монгол Улсын хувь заяанд тодорхойгүй байдлууд үүсгэсэн асуудал олон бий.  Ингээд үзвэл, бид парламентын засаглалаа яаж сайжруулах вэ гэдгийг л бодож, боловсруулж хийхээс биш, Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар санал асуулгын ажил зохион байгуулах нь буруу. Магадгүй зарим хүн өнөөдрийн энэ байдлаасаа болж Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд санал өгчихвөл ард түмний санал асуулгын дүн хэн ч өөрчилж чадахгүй эцсийн шийдвэр болдог шүү дээ. Тийм учраас Монголын ард түмэн, сонгогчид ч гэсэн энэ талаар мэдлэгээ дээшлүүлэх, сонор сэрэмжтэй байх шаардлага бий.

- Улс төрчид болохгүй, бүтэхгүй зүйлүүдээ Үндсэн хуулиас боллоо гэлцдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өнөөдөр Монгол орны эдийн засаг ийм хүнд байдалд орсон нь, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол асуултын тэмдэгтэй болчихоод байгаа нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас биш харин Үндсэн хуулийг зөрчиж гарсан бусад шийдвэр, гадаад улс оронтой харилцахдаа нэг цонхоор харилцдаггүйгээс болоод байна. Ер нь бол Үндсэн хуулийн ганцхан заалтыг хэрэгжүүлээгүйгээс бид  ямар их хохирол амсч байгааг жишээгээр хэлж бас болно шүү дээ. Тухайлбал, социализмын үед манайд арьс ширний үнэ өнөөдрийнх шиг дор ороогүй. Өнөөдөр яагаад ийм байдалд хүрэв гэвэл, тэр үед байсан арьс шир, шевро, шевретийн үйлдвэр байхгүй. Машин, тоног төхөөрөмжүүд нь төмрийн хаягдалд ачигдчихсан. Тэгэхээр мал өслөө гээд байгаа чинь  ямар борлуулалтгүй юм чинь өсөхөөс яахав. Арьс  шир нь борлогдохгүй, мах нь борлогдохгүй. Мах борлогдохгүй байгаад нэг зүйлийг хэлэхэд, энд хэвлэл мэдээллийнхний сул ам их нөлөөлж байна. Үүнийг сум ам гэж хэлье. Социализмын үед малын өвчин  зарим газар гарч байсан уу, гарч байсан. Хэвлэл, мэдээллийнхэн манайд тийм өвчин гарлаа гэж дэлхий нийтэд цацдаггүй байсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэг заалтыг зориуд цохож хэлмээр байна. “Мал төрийн хамгаалалтад байна” гэж бий. Энэ ганц өгүүлбэр ямар том утга, агуулгатай байж вэ гэдгийг ард түмэн ухаараач, ойлгооч. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, мал эмнэлгийг улс гартаа барих ёстой. Эм, вакцин, тариагаар  нь хангах ёстой. Эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой. Өнөөдөр эмч нарынх нь мэдлэг, чадвар дутмаг. Оношилж чадахгүй байтал нь өвчин газар авч, эмчлэхгүй явсаар олон аймаг, сумыг хамарч байна. Ингээд  чанарын шаардлага хангах, эсэх нь тодорхойгүй эм, тариаг хэчнээн тэрбумыг зарлагдан авчирч тарьдаг. Үржлийн ажил ч ямар ч шаардлага хангахгүй байна. Миний мэдэхийн том уяачид гаднаас эрлийз адуу авчирснаар Монголд адууны өвчин дэлгэрсэн. Сэлдийний өвчнөөр олон тооны адуу үхэж байна. Сүүлийн жилүүдэд өвлийн хүйтнийг даахгүй үхэж үрэгдэх болсон.  Үүнийг мэдэхгүй, адуугаа замбараагүй эрлийзжүүлж, 1956-1957 оны алдааг давтах боллоо. Ер нь бол Үндсэн хуулийн ганц өгүүлбэрийг хэрэгжүүлээгүйгээс бид ямар их хохирол амсч байна вэ. Төр, засгийн алдаатай бодлогын хор уршиг иргэдэд яаж тусдаг вэ гэдгийг жишээ ийм. Энэ бүхнийг нэгэнт өнгөрсөн юм яриад яахав гэмээргүй. Бид алдаагаа давтмааргүй байна шүү дээ.

 

Л.Дашням /Академич/: Нийгмийн өөрчлөлтийг дагаж, нийтийн эрх ашгийн үүднээс  өөрчлөлт хийж  болно

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн  талцал байнга гарсаар ирсэн.  Өнөөдөр ч гэсэн УИХ-д 65 суудал авсан том хүчний гарт Үндсэн хуулийг өөрчлөх  эрх очлоо  гэхчлэн ярьдаг?

-Огт өөрчилж болохгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Нийгмийн өөрчлөлтийг дагаж, нийтийн эрх ашгийн үүднээс олон өөрчлөлт хийж болно. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэрхэн хийх талаар хууль гарсан байдаг шүү дээ. Муугүй хууль гарсан. Тэр дагуу өөрчлөлт оруулж, ямар учраас яагаад өөрчлөх болсон, тэр нь хэрхэн яаж хэрэгжих вэ гэдгийг нийтэд ойлгуулах хэрэгтэй. Анхлан тогтоосон Ардчилсан Үндсэн хууль хууль маань бүх ард түмний оюуны өв болж хадгалагдах ёстой. Магадгүй цаашид үе үед Үндсэн хуулийн нэмэлтийн хууль гаргаж, тэр нэмэлт нь агуулгадаа Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтийг ч, чанарын шинэчлэлтийг ч хадгалах учиртай юм. АНУ Үндсэн хуулиа хэзээ ч өөрчлөөгүй гэдэг. Гэвч 300-гаад нэмэлтийн хууль гаргасан гэдэг шүү дээ. Гэтэл манайх монгол түмний оюуны өв хэмээн алтан хайрцагт хадгалах учиртай зүйлээ үрэн таран хийчихсэн. Үндсэн хуулийг хамгаалах учиртай Цэц нь мануухай болсон нь илхэн харагдаж байгаа.  

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

12 цаг 27 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

12 цаг 31 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

13 цаг 24 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

22 цаг 29 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

22 цаг 29 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Уржигдар 15 цаг 55 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Уржигдар 15 цаг 45 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Уржигдар 15 цаг 42 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

Уржигдар 15 цаг 01 мин