Увс дахь газрын тосны хайгуулын асуудлаар хэн, юу хэлэв?

2016-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани Дэлхийн өв Увс нуурын дэргэд, Увс аймгийн газар нутгийн гуравны нэг хэмжээтэй талбайд эхлүүлсэн газрын тосны хайгуулын ажил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран зогсоод байгаа билээ. Увс аймгийн Тэс, Зүүнговь сумын иргэд өнгөрсөн ес, аравдугаар сард хэд, хэдэн удаагийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Мөн Тэс сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн өнгөрсөн сард орон нутагт ажиллаж, “Гладвилл” компани хууль зөрчсөн олон асуудлыг тодруулж, аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлсэн юм. Энэ үйл явдалтай холбогдуулан нутгийн иргэд, удирдлагууд, компанийн байр суурийг хүргэж байна.

Д.Батсайхан: Газрын хэвлийдээ юу байгааг мэдэхийн тулд хайгуул хийхэд буруудахгүй

/Увс аймгийн Засаг дарга/

-“Монголиа гладвилл Увс петролиум” компани гэрээний дагуу 2015 онд Увс нуурын хөвөөнд Малчин сумын нутагт хоёр өрөм тавьсан. Намар нь тосны компани буусан. Энэ жилийнх хувьд наймдугаар сард чичирхийллийн аргаар хайгуул хийнэ гээд тусгай зориулалтын дөрвөн машин оруулж ирээд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр үед аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг очиж ажлыг нь шалгаад 13 зүйлийн зөрчил байна гэж үзсэн. Зөрчлийн улмаас компанийн үйл ажиллагаа 14 хоног зогсоосон. Компанийн хувьд нутгийн иргэдтэй ойлголцож, тохирох ёстой. Хуулиар бол багийн Иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрөл авах ёстой. Тэс сумын хоёр багийн ИНХ, Зүүнговь сумын Суварга багийн ИНХ зөвшөөрөл өгсөн байдаг. Малчид нь “Бид зөвшөөрөл өгөөгүй” гэдэг. Багийн ИНХ нь зөвшөөрсөн тогтоол гаргачихсаныг Тэс, Зүүнговь сумын Засаг дарга нь мэдэж л байсан байх. Компанийн удирдлагын зүгээс “Монгол Улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн дагуу хайгуул хийхээр Засгийн газартай байгуулсан. Бид Хятадаас чичирхийллийн судалгаа хийдэг компанийг өндөр үнээр хөлсөлсөн байсан. Гэтэл ард иргэдийн эсэргүүцэлтэй тулаад ажлаа хийж чадсангүй. Эргээд Засгийн газар өр төлбөрт орно” гэсэн тайлбарыг хэлж байгаа.

“Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн 2015 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай гэрээ хийсэн байдаг. Тамгын газрын дарга компанитай гэрээ хийх шаардлага байхгүй. Хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан санамж бичиг нь ерөнхий гэрээ нь болж хийх ажил нь явагдах ёстой байсан. Ер нь газрын хэвлийдээ юу байгааг мэдэхийн тулд хайгуул хийхэд буруу зүйл байхгүй гэж бодож байгаа. Үнэхээр ард иргэд ойлголцохгүй, зөвшөөрөхгүй бол орон нутгийн иргэд эсэргүүцэл хурцадвал төвөгтэй. Ямартаа ч үймээн самуун гаргалгүйгээр хоёр тийшээ болсон.

З.Түмэндалай: Бэлчээрийн даац хэтэрсэн учраас хайгуул хийх боломжгүй

/Увс аймгийн Тэс сумын Засаг дарга/

-Ер нь манай нутагт уул уурхайн хайгуул, олборлолт явуулахад тийм ч таатай бус. Тэс сум бол Тэс, Нарийний голын дунд багахан талбайтай нутаг. Өргөнөөр 12 км, уртаараа 50 км газар нутагтай. 5000 иргэний 300000 толгой мал жилийн дөрвөн улиралд бэлчээрлэж байна. Нэг ёсондоо бэлчээрийн мал аж ахуйн нутаг. Ийм аж ахуйн бүс нутаг, бэлчээрийн даац хүрэлцэхгүй байхад хайгуулын ажил хийхэд маш том сөрөг тал гарч ирж байгаа юм. Тиймээс ард иргэд, бид өөрсдөө ч эсэргүүцэж байгаа. Анх манай суманд “Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн тавдугаар сард ирсэн. Тухайн үед аймгийн Засаг дарга “Компани хайгуул хийж эхлэх гэж байна” гэхэд Зүүнговь, Наранбулаг сумын Засаг дарга нартай ярилцаад хайгуулын ажлыг сонгуулийн дараа болъё гэж хойшлуулсан. Тэгээд долдугаар сарын дундаас хойш албан ёсоор манайд хүсэлт ирүүлсэн. Тэр үед яг хаана ямар цэг дээр газрын тосны хайгуул хийх вэ гэж асуухад сумын 9, 10 дугаар багийн зааг дээр Голын өндөр Цагаан толгой гэж бий. Тэнд хийнэ гэсэн санал ирсний дагуу тэр багуудын ИНХ-ыг зохион байгуулж хүмүүст мэдээллийг өгүүлсэн.

Түүний дараа компани наймдугаар сарын эхээр үйл ажиллагаа явуулахаар ирж эхэлсэн. Ард иргэдийн эсэргүүцэлтэй ч тулгарсан. Бид ард иргэдээ дэмжиж ажилласан. Компанид “Та нар эхлээд ард иргэдээс санал, хүсэлтээ авчих. Түүний дагуу шийдье” гэсэн. Тэгэхэд “Монголиа гладвилл Увс петролиум” компани Наранбулаг сум руу яваад өгсөн. Тэнд хайгуул судалгааны ажлаа хийгээд есдүгээр сарын эхээр манай суманд буцаж ирсэн. Тэр үед ард иргэд дахин хөдөлгөөн өрнүүлээд эсэргүүцсэн. Бид ч төрийн байгууллагын үүднээс хамтарч эсэргүүцлийг хуулийн хүрээнд зөв зохистой явуулах ёстой гэдэг үүднээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хичээсэн. Сумын нийт 10 багийн ИНХ-ыг хуралдуулж санал авсан. Тэр үеэр төсөл гүйцэтгэгч компанийг ирж ард иргэдэд мэдээлэл өгөөч гэхэд ирээгүй. Бүх 10 багийн иргэд газрын тосны хайгуулын ажлыг эсэргүүцсэн. Тиймээс баг бүр энэ талаар тогтоол гаргаж, түүнийг бид нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар, “Монголиа гладвилл Увс петролиум” компани, Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Хариуд нь биднийг “Хуулиараа дэмжих ажиллах ёстой” гэсэн тайлбар ирүүлсэн.

Манай есдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын хуурамч тогтоол гарсан асуудлын хувьд “Монголиа гладвилл Увс петролиум” компанийг газрын тосны хайгуул хийхийг зөвшөөрсөн тогтоол бол хуурамч. Багийн хурал болох үед багийн ИНХ-ын дарга Д.Цэндсүрэн байгаагүй. 10 дугаар багийн ИНХ-ын дарга “Асуудал хэлэлцээгүй учраас тогтоол гаргах шаардлагагүй. Эргэж ярьж байж шийднэ” гээд хурлыг тараасан. Гэтэл хуралд суугаагүй есдүгээр багийн ИНХ-ын дарга тогтоол хийгээд өгчихсөн байсан. Ямартаа ч нутгийн иргэд газар нутгаа хамгаалж үлдэж чадлаа. Ийм алхамд хүрэхэд Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүд ирж хууль эрх, мэргэжлийн талаас ард иргэдэд зөвлөгөө өгч ажилласанд талархаж байна.

Д.Нэргүй: Засгийн газартай гэрээтэй ч орон нутгаас авах зөвшөөрлүүдийг үл тоосон

/Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга/

-“Монголиа гладвилл Увс петролиум” компанийн газрын тосны хайгуулын лицензэд Зүүнговь сумын газар нутгийн 90 хувь нь орчихсон байгаа. Түүнд дотор нь 160 гаруй малчны өвөлжөө ч багтсан байсан. Сумын ИТХ-ын 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Тарвагатайн хөдөө гэх газар ч орчихсон байсан. Ийм том талбайг хамарч хайгуул хийхээр болсныг “Монголиа гладвилл Увс петролиум” компани манайд ирэх хүртэл бид мэдээгүй. Гэнэт нэг өдөр хайгуул, судалгааны ажлын хүмүүс дөрвөн том машинтай ирлээ. Маш олон хүн ирээд газрын эмзэг хөрсийг эвдээд ажиллаж амьдрахад хүнд боллоо гэсэн мэдээллийг иргэд бидэнд өгсөн. Бид яваад очиход хоёр хэмжээст чичирхийллийн аргаар судалгаа хийнэ гэсэн хүмүүс байсан. Гэхдээ иргэд өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж, эрс тэс уур амьсгалтай газарт өвөлжих нөхцөл боломж байхгүй, өвөлжиж байгаа газар нутаг нь хайгуул судалгааны газар хамрагдсан нөхцөл байдалд бол эсэргүүцэл илэрхийлж байна. Гурван баг дээр багийн ИНХ-ыг хуралдуулсан. Багийн иргэд эсэргүүцлийн арга хэмжээнд гарын үсгээ зурж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж 600 орчим хүн гарын үсэг зурсан баримтыг “Монголиа гладвилл Увс петролиум” компанид хүргүүлсэн. Хэдийгээр Засгийн газартай гэрээ байгуулсан ч гэсэн орон нутагт ирж газар ашиглахааас эхлээд олон ажлууд явагдах байхад мэдэгдэж, зөвшилцсөн зүйл байхгүй. Тиймээс орон нутгийн удирдлагын зүгээс дэмжихгүй гэдгээ удаа дараа компани болон аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, аймгийн Засаг даргаас удаа дараа тодорхой хуулийн үндэслэлүүдээр зөвшөөрөгдсөн, Засгийн газартай гэрээ байгуулсан ажлыг дэмжиж үргэлжлүүл гэсэн шаардлага ирж байгаа.

С.Нямбуу: Ажилтнуудынхаа аюулгүй байдлын улмаас ажлыг зогсоосон

/“Монголиа гладвилл Увс петролиум” компанийн инженер/

-“Гладвилл” компани өнгөрсөн жил Малчин суманд хоёр цооног өрөмдсөн. Энэ жил хоёр, гурван суманд хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн. Наранбулаг суманд хайгуулын ажил хийгдсэн. Тэсэд 130 км тууш, Зүүнговьд 200 км тууш газарт судалгаа хийгдэх ёстой байсан ч тодорхой шалтгаанаар ард иргэдийн буруу ойлголтын улмаас зогсоод байна. Ажлаа үргэлжлүүлэх гэтэл ард иргэдийн тэмцэлтэй тулсан. Ажилтнуудынхаа аюулгүй байдлын үүднээс энэ жилийн ажлаа зогсоож байгаа. Ажил хэзээ үргэлжлүүлэх талаар одоогоор шийдэгдээгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газарт ажлаа зогсоосон шалтгааныг уламжилсан байгаа.

Газрын тосны хайгуулын ажил хоёр, гурван хятад орж ирээд алт, нүүрсний уурхай шиг хөрс хуулалт хийгээд явдаг юм биш. Алт, нүүрсний уурхайг бодвол байгаль орчинд ээлтэй. Кем дээр 22 хятад ажилтан, 127 монгол ажилтан ажиллаж байсан. 2016 оны ажил долдугаар сараас эхэлсэн. Сонгуультай холбогдуулан олон нийтийн хөдөлгөөн гарах эрсдэлтэй гэж үзсэн учраас ийн хойшлуулсан. Тэс, Зүүнговь сумын нутгийг хамарсан соронзон хайгуул судалгааны ажил яваад дууссаны дараа гурав дахь шатны судалгааны ажлыг эхлүүлээд байсан. Үүнийг  Наранбулаг дээр хийсэн. Ганц нэг шугам дээр хэмжилтээ хийгээд ажил зогсч байна. Хүмүүс судалгаа хийхэд газар нутгийг тэр чигт нь хүн ам амьдрах боломжгүй болчихно гэж яриад байгаа. Судалгаа хийхэд хажууд хүн мал амьдраад явж байна. Зүүнговь суманд хайгуулын талбайд малчдын өвөлжөө орсон нь үнэн. “Судалгааны ажил 160 айлын өвөлжөө, бэлчээр нутгийг хамарна. Тэр хэрээр ийм хэмжээний газар, өвс талхлагдана. Түүнийг орон нутагт ийм маягаар дүйцүүлэн өвс тэжээл бэлтгэх журмаар шийдэж болно” гэж яригдаж байсан. Шийдэлд хүрсэн эсэхийг мэдэхгүй.

М.Баттогтох: Нутгийн иргэд бид өөрсдөө нэг чулуу ч гэсэн хөндөхийг цээрлэж нутгаа хайрладаг

/Зүүнговь сумын “Бэлчээр ашиглагчдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн/

-Зүүнговь сум бол 120 000 толгой малтай. Бэлчээрийн даацын хувьд 70000 мал өвөлжих боломжтой. Манайх ойролцоогоор 50000 толгой малаар бэлчээрийн даац хэтрээд явж байгаа. Бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг нь тогтоогдсон. Манай нутаг эрсдэлтэй гэдэг нь элсэрхэг цөлөрхөг нутагт харьяалагддаг. Бэлчээрийн хувьд маш эмзэг болох нь “Ногоон алт” төслийн судалгаагаар батлагдсан. Энэ асуудлыг энэ оны наймдугаар сараас эхлээд “Зүүнговь сумын Бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ-аас малчдын эсэргүүцлийн бичгийг компанид хэд, хэдэн удаа хүргүүлж байгаа. 160 малчин өрх бэлчээр ашиглах гэрээгээ 15 жилээр хийчихсэн газар нутаг дээр энэ компани хайгуулын үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн. 15 жилийн хугацаатай бэлчээр ашиглах гэрээ хийчихсэн газар нутаг дээр малчдын эрх ашгийг Засгийн газрын тогтоолын дагуу гэж яриад зөрчөөд байгааг гайхаж байна. Зөвхөн хайгуул судалгааны ажил нэрээр том, том машин орж ирэхэд нэг нь 35 тонн жинтэй, дугуй нь гэхэд нэг метр 20 см өргөнтэй байсан. Ийм хэмжээний өргөн дөрвөн дугуйтай хүнд даацын автомашин нэг яваад өнгөрөхөд л хөрс эвдэрч байсан. Манай сум бол байгалийн үзэсгэлэнт газар нутгуудтай. Нутгийн иргэд бид өөрсдөө нэг чулуу ч гэсэн хөндөхийг цээрлэж нутгаа хайрладаг. Бөөрөг дэлийн элс, Алтан элс, Өгөөмөр, Баян нуур гэсэн эдгээр байгалийн үзэсгэлэнт газар нутаг зөвхөн Зүүнговьчуудын хамгаалах газар шороо биш. Нийт монголчуудын газар нутаг юм. Нутгийнхаа төлөө Улаанбаатараас ирсэн Тэсийн нутгийн зөвлөлийнхөнд талархаж байна. Цаашид газар нутгийнхаа төлөө хамтран тэмцэх болно.

Ч.Нямжав: “Алтан шаргал говь нутгаа авран хамгаалъя” хөдөлгөөнд таван багийн иргэд нэгдээд байгаа

/Зүүнговь сумын Залуучуудын холбооны дарга/

-Манай сумын ард иргэд сумынхаа газар нутаг дээр газрын тосны үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж 600 гаруй хүний гарын үсэг цуглуулж компанид хүргүүлсэн. Компанийн удирдлагуудыг ард иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр ард иргэд нутаг усаа хамгаалах тухайд дуу хоолойгоо нэгтгэж манай сумын газар нутаг дээр газрын тосны хайгуулыг хийлгэхгүй гэсэн байр суурь дээр хүрч нүүх шаардлагыг хүргүүлсэн. Сумын төвийн Залуучуудын холбоо санаачлан “Алтан шаргал говь нутгаа авран хамгаалъя” хөдөлгөөнийг бий болгоод тэмцэж эхэлсэн. Энэ хөдөлгөөнд сумын таван багийн нэг багийн 400 иргэн нэгдээд байгаа. Зүүнговь сум бол элсэрхэг, цөлөрхөг, зөөлөн хөрстэй газартай. Үүн дээр хүнд даацын автомашин хайгуул хийснээр газрын хөрс эргэж нөхөн төлжихгүйгээр эвдэрч, өвс ургамал ургахгүй нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй байгаа учраас бид бүхэн эсэргүүцэж байна.

Ц.Өлзийтогтох: “Монголиа гладвилл Увс петролиум” компанид олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой

/ “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн/

-Газар шороо, байгалийн баялаг бол бүх ард түмний өмч болохыг Үндсэн хуулийн 6.1, 16.1-д заачихсан. Тэгээд зогсохгүй Увс нуурын ай савыг 2003 онд ЮНЕСКО-гийн захирамжаар дэлхийн байгалийн өвд бүртгэсэн. Ийм учраас зөвхөн Увс, Монголын биш дэлхийн хэмжээний асуудал болж байгаа юм. Газрын тосны хайгуулын зөвшөөрөл өгч байгаа Засгийн газрын шийдвэр, гэрээ, аймгийн удирдлагуудын гаргасан шийдвэр бүгд хууль бус байна. Тэгэхээр бид хууль бус үйл ажиллагаагаа зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Газрын хэвлийн тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг олон асуудлыг гаргаж тавиад 10 орчим хуулийн 30 заалтыг зөрчсөн учраас эдгээрт бид дөрвөн шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт, Газрын тосны газар компани хооронд гэрээ байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэн даруй цуцлуулах, 2016 оны зургадугаар сарын 26-нд Увс аймгийн ЗДТГ болон “Монголиа гладвилл Увс петролиум” компани хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг нэн даруй цуцлах, “Монголиа гладвилл Увс петролиум” компанид олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, дөрөвт тус компани Увс нуурын сав газрын байгаль орчинд хор хохирол учруулсан эсэхийг нарийвчлан тогтоох, хэрэв байгаль орчин болон бусдад хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Ө.Лхамсүрэн: Эзэнгүй байгаль, газар нутаг гэж үгүй

/Тэс сумын есдүгээр багийн иргэн/

-Тэс сум бол багахан газар нутагтай. Тийм хэдий ч хүн ард нь нутаг усаа шүтэж, лус савдагаа аргадаж байдаг. Эзэнгүй байгаль, газар нутаг гэж үгүй. Ийм газрын хөрсийг хөндөх тийм ч сайн биш. Лус савдаг хилэгнэнэ. Эзэнгүй юм гэж байхгүй. Компани буугаад явсанд маш их баярлаж байна. Дахиж битгий ирээсэй гэж залбирч байна. Би яахав энэ нутагт хэдэн жил болох вэ. Хүүхдүүдэд л хэцүү байна.

Ц.Батнасан: Бид уул уурхайгүйгээр олон зуун жил амьдраад ирсэн ард түмэн

/Тэс сумын есдүгээр багийн иргэн/

-Бид газар нутгийнхаа төлөө нэгдэж эсэргүүцэл үзүүлсэн. Угаас уул уурхайн хайгуул, олборлолт байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг болохоор газрын тосны хайгуул манай нутагт хийснээр сайн зүйл болохгүй. Бэлчээрийн хомсдолтой, эмзэг хөрстэй газрыг хүнд даацын машин дорхоноо талхлана. Бид уул уурхайгүйгээр уламжлалт мал аж ахуй, байгалийн бусад баялаг, өөрдсийн оюун тархиараа олон зуун жил амьдраад ирсэн ард түмэн. Ийм л зарчмаар хайгуулын ажлыг эсэргүүцсэн. Цагдаа нар цуглааныг тараахыг оролдож, надаас байцаалт авсан. Бүр “Баривчилна. Дулаан хувцсаа бэлд” гэж нэг өдрийн турш айлгасан. Ямартаа ч нутгийнхан маань хүчтэй эсэргүүцэж чадсанаар компани машин, техникээ аваад кемп рүүгээ буцсан.

Б.Орлом: Намайг төлөөлсөн Засгийн газар биднийг орон нутаггүй болгох ажиллагаа явуулж байгааг зөвшөөрөхгүй

/Тэс сумын есдүгээр багийн иргэн/

-Би энэ сайхан нутагтаа төрж, өссөний хувьд хөрс, шороог нь хамгаалах үүрэгтэй. Энэ үүднээс тэмцлийг анхнаас нь дэмжиж ирсэн. “Гладвилл” компани хэд, хэдэн удаа хайгуул хийхийг оролдсон. Нэгэнт газар нутаг нь хүрэлцээгүй, бэлчээрийнх нь даац хэтэрчихсэн, эмзэг хөрстэй нутагт маань хайгуул нэрээр зардал гаргачих юм бол түүнийгээ нөхөхийн тулд юу ч хийнэ, гадны компани. Тиймээс ард түмэн хайгуулын ажлыг хийж эхлэхээс нь тэмцэж байна. Хүнд даацын машинууд нь нэг яваад л хөрс эвдэрч байсан. Ийм маягаар хайгуул хийвэл бид амьдрах орчингүй болно. Засгийн газраас эрх авчихсан, байгаль орчинд ямар ч хор нөлөө байхгүй, нөхөн сэргээчихнэ, хэвийн болно гэлцэж байгаа. Хэзээ ч уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явагдсан газар онгон догшин байгалиаараа үлдсэн газар гэж би өдий наслахдаа сонсоогүй. Засаг захиргаанд хандахаар “Дээрээс Засгийн газраас үүрэг өгчихсөн байхад бид эсэргүүцэж болохгүй” гэж байгаа. Цагдаагийн байгууллага нь ч биднээс ам асууж, дарамтлах жишээтэй. Засгийн газар гэдэг миний, ард иргэдийн илгээсэн УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн гэж би үздэг. Засгийн газрыг би өөрийгөө гэж боддог. Намайг төлөөлсөн тэр хүмүүс биднийг ингэж орон нутаггүй болгох ажиллагаа явуулж байгаа бол би зөвшөөрөхгүй.

Г.Цогт-Очир: Залуус бид газар шороогоо хамгаалах ёстой

/Тэс сумын есдүгээр багийн иргэн/

-Наймдугаар сарын 1-нд Зүүнговь, Тэс сумын нутгийн заагт “Гладвилл” компани ирж буудалласан. Есдүгээр сарын 17-ны өдрөөс хүнд даацын машинтай хайгуулын ажлыг эхэлсэн. Энэ явцад малын бэлчээр талхлагдаж, ард иргэдийн амгалан тайван байдал алдагдсан учраас Тэс сумын залуус хайгуулын үйл ажиллагааг гурван удаа эсэргүүцэж ажлыг зогсоосон. Цаашид бид Зүүнговь сумын залуустай хамтран энэ үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө тууштай тэмцэнэ.

Манай нутагт, ялангуяа Бөөрөгт цөлжилт маш ихээр явагдаж байгаа. Газрын хөрс муудаж малын бэлчээр ч хомсдож байна. Бид нутагтаа газрын тостой, тосгүй мал аж ахуйгаа эрхлээд хэдэн зуун жил амьдраад ирж болсон. Заавал газрын тос гаргаж бэлчээр нутгаа талхлуулах шаардлагагүй. Тиймээс залуус бид ч энэ үйлсэд нэгдэж, газраа шороогоо хамгаалах ёстой.

Д.Хүрэл: Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэнэ

/ “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагын тэргүүн/

Нутгийн зөвлөлийн гишүүд Тэс, Зүүнговь суманд ажиллаж ирээд зөвхөн Увс аймгийн Тэс сум биш хайгуулын талбайд газар нутаг нь орсон 14 сумын бүх ард иргэдийг төлөөлж “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагыг байгуулаад байна. “Гладвилл” компани нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад арга буюу үйл ажиллагаагаа зогсоож Увс аймгаас нүүж одсон. Бид цаашид тус компанийн хууль зөрчсөн газрын тосны хайгуулын ажлыг бүрэн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэнэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандахаар ажиллаж байна. Нийгмийн зарим хэсэг нь Увс аймаг газрын тосоо ашиглуулах ёстой, ингэснээр нутгийнхан хөгжинө, хожино гэж үзэж байна. Өнөөдөр хүртэл Дорнод аймгийн Тамсагийн ордод 20 гаруй жил газрын тос олборлолоо. Гэтэл Дорнод аймаг, Матад сум Монгол Улсдаа тэргүүлтлээ хөгжөөд ирсэн зүйл алга. Засгийн газарт ямар хөрөнгө оруулалт ордог тухай ч бүрхэг байна. Харин ч байгаль орчин хэрхэн сүйдсэнийг монголчууд мэднэ. Нэгэнт ийм жишээ байхад онгон дагшин байгалийн цогцолбортой Увс аймагт уул уурхай, тэр дундаа газрын тосны хайгуул, олборлолтыг эсэргүүцэхээс аргагүй. Үүний оронд Увс аймаг аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйн сал­бартаа түшиглэн байгальд ээлтэй бүс болж хөгжих боломжтой.

Эх сурвалж: polit.mn

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

6 цаг 0 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

6 цаг 0 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

6 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

6 цаг 0 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

19 цаг 59 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

20 цаг 2 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

20 цаг 55 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин