Булган уулын өвөрт буман ажил өрнөж байна

2016-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Манай сурвалжлах баг Архангай аймагт хоёр өдөр ажиллалаа. Булган уулынхаа нөмөрт Цэцэрлэг хотынхон өнөтэй өвөлжиж байна.   Цас орсон ч  нар ээж, цаг агаар тогтуун сайхан, харьцангуй дулаан байлаа.  Сонгууль дуусаад  удаагүй болоод ч тэр үү иргэдийн дунд сонгуультай холбоотой яриа дуусаагүй,  яригдсаар. Энэ жилийн сонгууль Архангай аймагт нэгэн шинэ хуудсыг нээжээ.  16 жилийн дараа тус аймагт МАН ялалт байгуулж, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажлаа эхлүүлж, бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байна.  Бид төрийн зарим байгууллагаар орж хийж хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцав.

 

“ЭРҮҮЛ МАЛ”, “АШИГ ШИМТ МАЛ”, “ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

П.Гомбодорж: “Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Өгийнуур  зэрэг зүүн талын суманд бэлчээрийн даац хэтрээд байна”.

 

Энэ аймаг мал сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг.  Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрынхан өвс тэжээлээ нөөцлөх, бэлтгэх гээд ажил ихтэй байна. Малчдын дунд “бич жил сүүлээрээ тахиа жил тархиараа”  гэх үг таржээ.  Энэ нь өвөл хатуухан болно гэсэн анхааруулга ажээ. Салбарынхан арванхоёрдугаар сард цас их орж нэг сардаа хүйтэрнэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээг авч бэлтгэлээ базааж байна.  Тус газраас энэ жил “Эрүүл мал”, “Ашиг шимт мал”, “Үйлдвэрлэгч аймаг” гэсэн хөтөлбөрүүдийг са­наачлан хэрэгжүүлэхээр болсон байна.  Газрын дарга П.Гомбодорж “Манай аймаг одоогийн байдлаар таван сая толгой малтай. Мал аж ахуйд түшиглэсэн үйлдвэрлэл байгуулах боломж бий. Тухайлбал, 236  мянган сарлагаасаа  жилд 70 тонн хөөвөр авна.  Түүнийг угаахад 20-25 тонн цэвэр хөөвөр гарч байна.  Үүгээр бүтээгдэхүүн  хийж борлуулахад болохгүй юм байхгүй. Мөн малынхаа сүүг эргэлтэд оруулах боломж бий.  Засгийн газраас мах сүүний аян өрнүүлж байгаа. Энэ аяны хүрээнд орон нутагтаа олон ажил өрнүүлэхээр болсон”  гэж байв.  Мөн тэрээр малын тоо өсөхийн хэрээр бэлчээрийн даацын асуудал хүндэрч буй талаар ярьж байна.  Одоогоор аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 1.5 дахин хэтрээд байгаа юм. Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Өгийнуур  зэрэг зүүн талын суманд бэлчээрийн даац хэтрээд байна.  Тиймээс Хүнс хөдөө аж ахуйн газраас даацыг хэвийн хэмжээнд хүргэх талаар ажиллаж эхэлжээ.  Энэ талаар П.Гомбодорж “Бэлчээр талхлагдаж цөлжилт явагдаж байгаад малын тоо, сүргийн бүтэц, үлийн цагаан оготно нөлөөлж байгаа.  Тиймээс тооны хойноос биш чанарын хойноос хөөцөлдөх цаг болжээ. Гэхдээ  өнөөдөр малчдад малын тоогоо багасга гэж хэлж чадахгүй. Яагаад гэхээр малын гаралтай бүтээгдэхүүний үнэ унасан байна.  Бид малын гаралтай бү­тээг­дэхүүнүүдээ гадаадад экспортлож байж гарц нээгдэж үнэ нэмэгдэнэ гэж хардаг.  Мөн махаа гаргахын тулд эрүүл малтай байх шаардлагатай байна.  Жил бүр вакцинд 492 сая төгрөг зарцуулж байгаа.   Гэхдээ энэ мөнгөн дүн дөрвөн жилийн өмнө л байсан тоо. Гэтэл дөрвөн жилийн өмнөхөөс малын тоо толгой 1.3 дахин өсчихлөө. Одоогоор энэ мөнгөөр малынхаа 30 хувьд ч вакцин хийж чадахгүй байгаа.  Тэгээд малын халдварт өвчин гардаг. Түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхий нийтэд цацчихаж байна.   Урд хөршид малын өвчин гардаг уу гэвэл гарна. Гэхдээ тэд хэзээ ч мэдээлдэггүй.  Гэтэл манайхан манай мал өвчтэй гээд зарлачихаар  малаа экспортлох боломж муутай болоод байгаа юм” гэлээ.  Мөн тэд бэлчээрийн даацаа багасгах зорилгоор хил залгаа аймгаас мал оторлуулах боломжгүй гэдгээ мэдэгдэж байв. Саяхан гэхэд Баянхонгор аймгийн гурван сумаас тус аймгийн зургаан сум руу 29 өрхийн 30 гаруй мянган мал өвөлжүүлэх саналаа ирүүлсэн.  Сум орон нутгийн удирдлагууд энэхүү саналыг хэлэлцээд гаднаас мал өвөлжүүлэх боломжгүй гэдэг хариу өгчээ.  Ийнхүү мал ахуйгаа түшиглэн хөгжих  гарцаа олсон Архангайн Хүнс хөдөө ах ахуйн салбарынхан  85 мянган тонн хадлан тэжээл, долоон мянган боодол өвс бэлтгэж энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлээ базааж сууна.

 

ГОЛЫН ЭХЭНД 30 ГАРУЙ АЛТНЫ КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСААР БАЙНА

 

Архангай аймаг бай­галийн өвөрмөц тог­тоцтой.  Аялал жуулчлалдаа зөв бодлого хэрэгжүүлж чадвал энэ салбараа түшиглэн хөгжих боломж тэдэнд бий.  Тэрхийн цагаан нуур, Хорго, Тайхар чулуунаас эхлээд 4000 буган хөшөө бүхий  Тамирын хөндий, Гэсэр ламын дүр гээд шинэ аялалын маршрут ч  гаргаж болох юм.  Аймгийн Байгаль орчны газар ч энэ чиглэлээр ажиллаж байна.  Газрын дарга Н.Баянмөнх ажлаа аваад удаагүй ч нэлээд ажлыг амжуулжээ. Цэнхэрийн алтны уурхайн асуудал босч, Орхон голын бохирдол орон даяар яригдаж эхэлсэн.  Орхон гол найман аймгийн 53 сумын нутгаар дайран өнгөрч байна.  Дэлхийн цэвэр усны нөөцийг  бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг.  Энэ асуудалд аймгийн Байгаль орчны газраас ямар бодлого баримталж байгааг газрын дарга Н.Баянмөнхөөс тодрууллаа.  Тэрээр “Голын эхэнд 30 гаруй алтны компани үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.  “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр захирал тухайн компа­ниудтай гэрээ хийсэн бай­даг.  Тэр гэрээ хий­сэн газрууд нь жуулчлал маягаар дахиад техник технологитой компанитай гэрээ хийж тэр нь дороо дахиад 2-3 салбарлан гэрээ хийжээ.  Тэгэхээр байгаль орчин бохирдуулж буй гол хариуцагч нь олдохгүй эмх замбараагүй байдал үүсээд байгаа юм.   Мөн тус компаниуд орон нутагтайгаа харьцахгүй  шууд яамнаас эрхээ аваад ирдэг. Тэгээд биднийг тоохгүй байна.  Нөхөн сэргээлт  гэсэн нэрээр хуучин сэргээлт хийсэн газруудаа хүртэл ухаж байна.  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган компаниудын үйл ажиллагааг зогсоож, далан босгох зэрэг нэлээд ажил хийлээ.  Гэсэн ч тусыг эс олов гэсэн зүйл л манай энд өрнөөд байна.   Энэ асуудлаар “Монгол газар” компанитай ярихад нөхөн сэргээлт хийж өгнө л гэдэг.  Гэтэл одоогоор нэг ч га-д нөхөн сэргээлт хийгээгүй байна” гэсэн юм. Энэхүү асуудал нь одоогоор Архангай аймгийн Байгаль орчны газрынхны шүдний өвчин болоод байгаа юм.  Ийнхүү аялал жуулчлалаа түшиглэн хэрхэн хөгжих, Цэнхэрийн хөндийгөө нөхөн сэргээж, Орхон голын эхийг хэрхэн хамгаалах асуудлууд тус газарт өрнөж, холбогдох хүмүүс нь толгойгоо өвтгөн сууна.  

 

ТӨВДӨӨ ГАНЦ “НАЙЗАА НАЙЗАА НААШ ИР”

Бидний дараа нь Архангайн төвд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй газарт саатсан юм.   Аймгийн хэмжээнд найман цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй бөгөөд аймгийн төвдөө бол ганцхан “Найзаа найзаа нааш ир” цэцэрлэг байна. Гурван өрөө байрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулжээ.  Гадны хаяг, хүүхэд хувцаслах өрөө, гал тогооны тусгаарлалт, хүүхдийн эрүүл ахуйтай холбоотой мэдээллүүд гээд тус цэцэрлэг тохижилтын хувьд хотын зарим хүүхэд харах үйлчилгээнээс хавьгүй тохилог ажээ.  Одоогоор 15 хүүхэд, гурван багштай, хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус цэцэрлэгийн багш А.Бямбазангад “Бид энэ оны тавдугаар сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.  Хүүхэд харах үйлчилгээнд харах, хамгаалах, асрах, ундлах гэж заасан боловч хүүхдүүдээ хөгжүүлэх хичээлийг тогтмол заадаг.  Төрийн өмчит цэцэрлэг хүүхдүүддээ юу зааж сургадаг вэ, тэр дагуу явж байна.   Хүүхэд харах үйлчилгээг хаах асуудал саяхан яригдаж эхэлсэн. Эцэг эхчүүд болон бидэнд маш их хүндрэлтэй байлаа. Харин Засгийн газраас дахин  үргэлжлүүлэхээр боллоо.  Энэ үйлчилгээ нь нийгэмд маш их хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн” гэж байв.   Мөн хүүхэд харах үйлчилгээний хуульд 2-5 настай гэж заасныг  нэг настай хүүхэд хамруулдаг болгож өөрчилвөл эцэг эхчүүдэд их хэрэгтэй хууль болох талаар ярьж байна.  Учир нь нэг нас гарантай хүүхдээ өгөх хүсэлтэй хүн их байдаг ажээ.  Ийнхүү хөөрхөн жаалуудыг асрахын зэрэгцээ хөгжүүлж тоглуулж, очих дуртай газрынх нь нэг болж байгаа “Найзаа найзаа нааш ир” хүүхэд харах төвөөс сэтгэл өндөр гарлаа.  

 

НООС УГААХ ҮЙЛДВЭР МАЛЧДЫН АЖЛЫГ ХӨНГӨВЧИЛНӨ

 

Мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэрлэл эрх­лэх нь архангайн биз­нес эрхлэгчдийн нэ­гэн боломж юм.  Энэхүү боломжийг олж харсан залуу бизнесмэн Ю.Ганзоригтой уул­заж, ноос угаах үйлд­вэр болон махны зоорьтой танилцлаа.  Аймгийнхаа төвөөс жаахан зайдуу байрлах тэдний үйлдвэрийн барилга одоо 90 гаруй хувьтай байна.  Энэ ондоо багтаан ашиглалтад орох ажээ.  Ноос угаах үйлдвэр нь малчдын хонийг хотонд нь очиж ноо­солж, зах зээлийн үнээр худалдан авна. Худалдан авсан ноосоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдэд нийлүүлэх юм байна.  Жилийн жилд хонио ноослоно гэдэг малчдын хувьд амаргүй ажил байдаг.  Харин энэхүү үйлдвэрт хандсанаар халуунд ноостой ноцолдохгүй, мөн зах зээлийн үнээр хотноосоо борлуулах боломжийг олгож байгаа юм байна.  Үйлдвэрийн дарга Ю.Ганзориг “Бид “Ахлаач” нэртэй хоршоо байгуулан үйлдвэрлэлээ эхэлж байна.  Дэлхийн банкнаас санхүүжилтээ авсан. Мөн аймгийн төвийн удирдлагууд маань үйлдвэрийн газрын асуудлыг шийдэж өгсөн байгаа.  Ирэх хавраас ноосны үйлдвэр маань үйл ажиллагаа эхлүүлнэ.  Махны зоорины тухайд энэ жилдээ багтан ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэсэн юм. Махны зоорь ашиг­лалтад орсноор хэрэглэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнүүд хүрэх юм. Мах нядалгааны хэсэг нь хажуудаа шинжилгээний лабораторьтой учраас бүх төрлийн шинжилгээг авч малыг нядалгаанд оруу­лах юм. Мөн аймгийн махны нөөцийг төв­лө­рүүлэх учраас  үнийн хөө­рөгдлийг багасгана хэмээн залуу бизнесмэн тоо­цоолжээ.  Будаг нь ханхалсан энэхүү хоёр үйлдвэр удахгүй үйлчлүүлэгчддээ хүлээн авахаар бэлтгэж байна.  Ийнхүү Булган уулын өвөрт, нөмөрт байх Архангайд ажил шинэ аргаар ид өрнөж байна. Шинэ удирд­лагууд нь ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөж, аймаг орон нутгаа хэрхэн хөгжүүлэх санасан замдаа гарчээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

10 цаг 38 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

10 цаг 38 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

10 цаг 38 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

10 цаг 38 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин