
(ЭРДЭНЭТИЙН НУУЦ ХУЙВАЛДААНЫ АРД Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ НАР БАЙГАА ГЭХ)
Та, ганц үнээнийхээ дэлэн шувтраад сууц байгаа олон хүүхэдтэй ядарсан авгайгаар төсөөлж нэг боддоо. Монголчууд Эрдэнэт гэдэг ганц “сүүтэй үнээтэй”-гээрээ мөн ч олон жил амиа зогоосондоо.Сүүлийн үед Эрдэнэтийн 49 хувийг Оросоос сэм аваад, яваандаа төрийн 51 хувийг нь авчихаж ядашгүй нууц хуйвалдаан явагдаж байсныг бид яахан мэдэх билээ. Энэ хуйвалдаан, бүр хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэх. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг нар болон цөөнхийн бүлгээс УИХ-ын дэд даргад өргөмжлөгдөөд байсан М.Энхболд нар бол мэдэж л байсан байж таарна. Энэ хүмүүс ард түмнээсээ асар их нууцалж байж.
2016 оны Улсын Их хурал, аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн босгон дээр энэ явдал дэлгэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баруун гарын найз, Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирлээ. Эрдэнэт бүхлээрээ монголчуудын өмч боллоо” хэмээн сүр дуулиантай зарлаж билээ. Итгэмтгий монголчуудын тархины ээлжит угаалга зохион байгуулсан нь энэ санж. Үүгээрээ нэлээн санал авна гэж бодсон байх л даа. Эндүүрсэн байна билээ. Зэрэгцүүлээд ухаантай хүмүүс урхагийг нь ухаж тавьсан. Энэ удаад МАХН-ын дарга Н.Энхбаярт Монголчууд баярлахаас аргагүй. Тэрээр хуйвалдааны нууцыг дэлгэж тавьсан. УИХ-ын зарим гишүүд , яаравчлан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, үнэнийг ард түмэндээ ойлгуулаагүй бол Эрдэнэтээ бид аль хэдийнээ тавиад туучихсан, ганц “сүүтэй үнээг” минь гадныхантай нийлээд зооглочих байсан биз. Ардын намынхан ч энэ үед янз бүрээр л хүлээж авсан. Хотын фракцын удирдагч, энэ хуйвалдааны МАН талын гол хүн Миеэгомбын Энхболд л битүүхэн ажиглаж, инээх уурлах зэрэгцэж байсан биз. Сонгуулийн босгон дээр, намд нь халгаатай байсан учир УИХ-ын гишүүн асан Су.Батболд нараар сөрөг мэдээлэл хийлгээд авна билээ.
Яагаад чи, Эрдэнэтийн хуйвалдаанд МАН-ын хотын фракц, түүний удирдагч М.Энхболдыг гол хуйвалдагч болгоод байна гэвэл нарийн учир бий. Өнөөх, Эрдэнэтийн 49 хувийг Оросоос хуйвалдаад авчихсан гэх, хувьчлаад авчихсан эзэн нь М.Энхболдын баруун гарын найз, хамтран зүтгэгч Бадамжунайн хүргэн Ж.Эрдэнэбилэг гэх хүн Худалдаа хөгжлийн банкны нэр дээр авсан юм билээ л дээ. Худалдаа хөгжлийн банк гэдэг чинь нэр нь монгол болохоос биш, хувьцааных нь 90 гаруй хувь харийн эзний гарт байдаг юм билээ. Эрдэнэтийнхээ 49 хувийг Монголын Засгийн газар авахын оронд сэмхэн хуйвалдаад ийм хүмүүсийн гарт хийчихсэн. Улсад төлдөг татвар нь хэд дахин буурсан, харийнхны халаасанд орж байгаа биз. Цаашилвал, төрийн мэдлийн 51 хувийг ч яах гэж байсан нь бас л учир битүүлэг. Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэбилэг нэрээр авсан далд эзэд нь оффшор бүсэд байрлалтай голдуухан барууны компани гэх юм билээ.
МАН сөрөг хүчин байхдаа Эрдэнэтийн булхайг яаралтай шалгуулах, Үндсэн хуулийн Цэцэд хандана, худалдаж авсан гэх их мөнгө хаанаас ямар байдлаар орж ирсэн зэргийг шалгуулна, арга хэмжээ авахуулна, ард түмэндээ ил тод мэдээлнэ хэмээн сүржигнэж байснаа ялсныхаа маргаашаас л амаа жимийчихсэн. Зуу гаруй хоног өнгөрлөө таг чиг. М.Энхболд ч бүлх залгичихсан юм шиг гүдэлзээд л суугаа. Магадгүй , Эрдэнэт гэж ярихаас ч айдаг болсон байж болох л юм.
Эрх мэдэл бүхий олон хүн, Монголын ард түмэн бүхлээрээ Эрдэнэтийн асуудлыг чих тавин хүлээж байгаа. 49 хувь нь Монголынхоо төрд эргээд ирээсэй гэж хүсч байгаа. Зориуд санаатайгаар хугацаа алдаад байхаар нь тэвчээр алдсан зарим нөхөд дуугарлаа. Улсын их хурлын дэд дарга, манай шударга хуульч Ц.Нямдорж эхлээд дуугарлаа. Бүх үнэнийг, тамга тэмдэгтэй баримтыг нь харуулж байгаад ярилаа. Энэ хүн монголдоо толгой цохих хуульч, тэгээд ч нотлох баримтгүйгээр дуугардаггүй хүн л дээ. Ард түмэндээ бүх үнэнийг тайлбарлаж ойлгуулсан. Ц.Нямдорж гэдэг хүн чинь “Центрпоинтын” хэргээс эхлээд олон ноцтой хэргийг илрүүлж, барагдуулсан хүн. Үнэний төлөө бол амь хайргүй явдаг хүн л дээ. Ганц боллоо доо гэж бодож байсан чинь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчдөө золтой л зодуулсангүй. Сэтгүүлчидтэй уулзалт нэрээр хэдэн цаг загналаа. Хамаг муу үгээрээ булна билээ. Ц.Нямдорж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж ард түмнээсээ оноо авч байгаа нь энэ л гэнэ.
Ц.Нямдоржийг мэдэхгүй Монгол хүн байхгүй учраас ийм юмаар оноо цуглуулахгүй л дээ. Өөрөө , Ерөнхийлөгчийн суудал руу үхэн хатан зүтгэх хүн ч биш байх. Ерөнхийлөгч маань яагаад гэнэт хилэгнэв гэвэл нууц нарийн учир бий гэх. Эрдэнэтэд хэрэгтэй хэрэггүй юм шахдаг, тэндээс хөхөж амьдардаг олон хүн байдаг юм байна. Хүмүүсийн яриагаар бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нь Эрдэнэттэй нарийн учгаар холбоотой, тэнд “тугал” юмуу “бяруу”-тай ч байж мэдэхээр хүн гэх. Үүнийг нарийвчлан судлаасай гэх хүн ч таарч л байна. Иймэрхүү байдлаар, Эрдэнэтийн хуйвалдааныг илрүүлсэн нь зарим хүмүүсийг бухимдуулсан байж болох юм.
Эрх баригч намын талаас бол Эрдэнэтийн асуудлыг, улс орон, ард түмний эрх ашигт нийцүүлэн шийдэх явдал өнгөрөв бололтой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдлээ. Ц.Элбэгдорж гэж хүн дуртай ч, дургүй ч явна. Түүнд одоо Монгол Улс,, Монголын ард түмний хувь заяа хамаагүй бололтой. Явах юмаа л төхөөрөөд байгаа. Ерөнхийлөгч байсан найман жилийн хугацаанд Монгол Улсыг ингэж хөгжүүлчихлээ гэх шиг юм яриад, “2030 он гэхэд манай улс ядуучуудгүй болно” ч гэх шиг үлгэр яриад л явж байгаа. АСЕМ-аас эхлээд бараг бүх үйл ажиллагаа нь өөрийгөө рекламдахад чиглэж байгаа хэмээн олон түмэн шуугих болсон. Өөрөө ч яахав, НҮБ юмуу олон улсын аль нэг байгуулагад очих бэлтгэлээ хангах шиг боллоо. Хажуугаар нь тамгын газрынхаа П.Цагаан, М.Батчимэг хоёрыг Ардчилсан намд нөлөөтэйгөөр үлдээх гэж хамаг анхаарлаа тавьж байна. Эх сурвалжууд, энэ хоёрыгоо АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлэх гэж байгаа гэх. Ерөнхийлөгчийн нэрээр, АН-д энэ хоёрыгоо дэмжих хүмүүс бий л байх. Энэ хоёр хүний чинь нэр хүнд уначихсан, сонгуульд ялагдаад л яваа. Ялагдахаас ч яахав. Тамгын газартаа тагнуул орогнуулаад , цаад тагнуул нь арван хэдэн жилээр яллуулчихаж байхад Ц.Элбэгдорж, П.Цагаан, М.Батчимэг нар ялгүй үлдчихээд байгааг намынх нь хамт олон, манай ард түмэн харж л байгаа. Харин миний бодлоор бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ дарга Ц.Баярсайханыг тохьтой томоотой, эд нар дундаа нуруутай, гайгүй хүн гэж боддог. Түрүү би АН-ын даргад юмуу Ерөнхийлөгчийн сонгуульд шуудхан гараад ирэх хүн Р.Амаржаргал, Лу.Болд, Ц.Баярсайхан гээд бичиж л байсан. Энэ бол хувь хүний бодол л доо. Энэ бүхнийг би яагаад бичих болов гэвэл манай Ерөнхийлөгч: “Хоёр дахиад сонгогдчихлоо. Одоо ямар та нарыг гуйж царай алдах юм биш” гэсэн байдлаар ард түмэндээ хандаж байгаад харамсаад байгаа юм. Түүний тод илрэл нь Эрдэнэтийн нууц хуйвалдаан. Иргэний хөдөлгөөнийхөн Эрдэнэтийн хуйвалдааныг, тэр дундаа Худалдаа хөгжлийн банкны асуудлыг “Улаанбаатар банк”-ны асуудалтай холбон өргөн хүрээтэй шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа сураг байна. Их юм сөхөгдөнө дөө.
Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гурав бол Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том орд. Энэ гурвыгаа гадныханд өгөөд бид юу хожив?! Юу хожих юм?! Ингээд л би Ц.Нямдорж, Ж.Батзандан, Г.Уянга, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн ... нарын адил бухимдаад байгаа юм. Оюутолгойгоо хар нүх болтол нь гадныханд ухууллаа. Ашгийнх нь зургаахан хувийг бид хүртдэг гэнэ. Зарим хүн, ер нь хяналтгүй, гадныхан өдөр шөнөгүй ачиж гардаг гэх. Тавантолгойн коксжсон нүүрс дэлхийн зах зээл дээр 220 ам. доллар давчихаад байхад манай эрх баригчид 27 ам.доллараар түншүүддээ гаргаж байна . Дээрээс нь Эрдэнэтийнхээ 49 хувийг оффшор бүсийн наймаачдад өгчихөөд, 51 хувиа ч тавиад туучихаж магадгүй нөхцөл байдал үүсээд байхад, эх орон ард түмнээ гэсэн хүмүүст “популист” нэр хоч өгчихөөд дайрч доромжилж байгаа, эрх сүрээрээ далайлган сүрдүүлж дарамталж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг... нарт гомдохгүй яах юм.
Нэг намынхан нь баахан өр зээл тавин хувааж идчихээд гадагшаа гараад явчихлаа. Одоо нөгөө намынхан нь “богц хүүдий” ганзагалаад олон улс тойрон бадар барьж явна. Сонгуулийн амлалтандаа шинээр өр зээл тавихгүй гэчихээд түрүүчийнхээсээ их өр зээл тавина гэнэ. Зарим судлаачдын тооцоогоор түрүүчийн өрийг монголчууд гурван үеэрээ төлөөд барахгүй юм гэнэлээ. Одоо тэгвэл М.Энхболдынхон зургаан үеэрээ төлж барахгүй өрөнд биднийг унагаах нь байна шүү дээ. Хичнээн ч өр тавилаа гэсэн Монголын ард түмэнд нялзахгүй гэдгийг би сайн мэдэж байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ гурав бидэнд үнэртүүлээд л дээгүүрээ хуваагаад зооглочихно. 2020 онд юмуу, түүнээс наана ч магадгүй гараад явцгаачихна. Сүүлийн хорин хэдэн жил Монгол төрийн толгой тал ийм л байдлаар ээлжилж байлаа. Одоо монголчуудын амнаас “дампуурал” “колони” “хараат” гэдэг үг л урсах болж, тэр дундаа Эрдэнэтийн нууц хуйвалдаан ид “буцалж” байгаа энэ мөчид улам ч тод сонсогдох боллоо. Энэ хэдэн луйварчид Эрдэнэт гэдэг ганц “Сүүтэй үнээг” минь, харийнхантай нийлж хаагуур нь хувааж идэх юм болдоо.
Эх сурвалж: www.polit.mn