
Өнгөрсөн хавар болсон УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийг ард түмэн “Сонгуулийн хувьсгал” хэмээн нэрлэж байсан. Үнээн. Хувьсгал болж өнгөрсөн. Хувьсгалын тухай дээдсийнхээ сургаалыг эргэж нэг саная.
“Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, адгийн шаарнууд үр дүнг нь хүртдэг” гэж сургасан байдаг. Яг л ийм явдал болж өнгөрсөн. Ард түмнээ хуурч 65 суудал авсныхаа маргаашаас Миеэгомбын Энхболдынхон яаж зүсээ хувиргав?!
2008 оны сонгуулиар будлиан тарьж, Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаан таван хүний аминд хүрээд оргож гарцгаасан алуурчид, оффшор бүс, гадаадын эдлэн газрууддаа амар амгалан жаргаж суусан, манай намын “нэр”-тэй оргодол-цагаач бүгдийг цуглуулж ирсэн.
Өнөөдөр хардаа! Тэд Монголын төрийг зайдлаад сууцгааж байна.Энэ намыг ялуулахын төлөө дөрвөн жил нойр хоолоо хасан зүтгэсэн, сайн муу хэлэгдэж, үйл тамаа үзсэн хүмүүс нь үнсэнд хаягдсан шалз шиг үлдлээ. Өнөөх ард түмэндээ амласан сайхан амлалт бүгд худлаа!
Би эхнээс нь тайлбарлая. Нам төрийн бүх эрх нэг хүний гарт төвлөрвөл дарангуйлал болдог. М.Энхболдынхон ч үүнийг хүлээн зөвшөөрч сөрөг хүчний байр сууринаас тэмцэж байсан удаа бий. Тэгтэл М.Энхболд юуны өмнө парламентын засаглалыг Ардын намын даргатай нь нэг гарт төвлөрүүлэн, бүгдийг шийдэж байна. Нам төрийг хослон барьж дарангуйлал тогтоож байсан хүмүүсийн үйл хэргийг өнөөдөр М.Энхболд үргэлжлүүллээ. Дарангуйлагчийн нэг онцлог нь өөрийн хамгийн дотно, сул дорой, өөрийнх нь нүдний харцаар утсан хүүхэлдэй шиг хөдөлж байдаг хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Та хардаа! Хамтарсан Засгийн газарт Сангийн сайд байгаад юу ч хийлгүй хөөгдөж гарсан, одоо юу хийхээ мэдэхгүй суугаа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын сэнтийд заллаа. Хүмүүсийн ярих нь их дотно холбоотой гэх. М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрын анхны томилолтоос л айдас үнэртэж эхэлсэн.
Ямартай ч эхнээсээ үйл хөдлөл нь илэрч эхэллээ. Засгийн газраа бүрдүүлэхдээ Авлигатай тэмцэх газраас “виз” авдаг юм байна. Дөрвөн сайдыг нь “ашиг сонирхлыг зөрчилтэй” гээд буцаачихаж байх юм. Тэгсэн чинь М.Энхболдын багын найз, талбайд таван хүнийг цагаан зээр шиг буудан хөнөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн, Баянгол зочид буудалд тамирчид байрлуулсныхаа 60 гаруй сая төгрөгийг төлөлгүй гадаадад гарч явчихаад эрэл сурал болж байсан Ц.Мөнх-Оргил “ашиг сонирхлын зөрчилгүйгээр” Гадаад харилцааны яамны сайд болж байх юм гэнэ. Монгол Улс чинь өндөр мэдлэг мэргэжилтэй, нэр бүтэн дипломатчгүй болсон хэрэг үү?! Энэ хүн Монголын төрөөр тоглож гүйцсэн хүн. Түрүү Баянгол дүүрэгт өрсөлдөөд ялагдаж, эргэж харах нүүргүй болсон л доо. Энэ удаагийн сонгуульд биднээс хөөгдөөд Сүхбаатар дүүрэгт очин “МАН-ын баг” гэдэг нэрийн дор гараад ирсэн.
Сонгуулийн өмнө “Ардын намын удирдлагуудын 60 тэрбумын хэрэг” босч ирсэн. Ардчилсан намынхан шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Саяхан, хууль хяналтын байгууллагын шалгалтыг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газар хэрэгсэхгүй болголоо гэнэ. Үнэхээр, хэргийн бүрэлдэхүүнгүй байв уу, бас М.Энхболддоо үйлчилчихэв үү?! Үүнийг ард түмэндээ ил тод тайлбарлаж, буруутай этгээдэд нь арга хэмжээ авах ёстой бус уу? Авлигатай тэмцэх газар гэдэг чинь М.Энхболдын “махан ташуур” болчихож болохгүй биз дээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх ч гэж дээ. Дан өнгө мөнгө, гэр бүл, танил талын танхим бүрдчихсэн. Ард түмэндээ бол “давхар дээлгүй”, “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэж амлалт авсан. Одоо хамгийн олон “давхар дээлтэй”, хамгийн мэргэжлийн бус Засгийн газар бүрдчихээд байна. Монгол төрийн багана болсон Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Сангийн яам зэрэг гурав дөрөвхөн яамыг онцлож үздэг байсан. Түүнийг сүүлийн үед үндсэн чиг үүргийн яам гэж нэрлээд “хөвөнтэй дээл” нөмрүүлээд байлаа. Тэгсэн чинь давхар дээл нөмрүүлэхийн тулд үндсэн чиг үүргийн яамаа зургаа болгочихож байгаа юм. Муу юманд ухаан зарахдаа ийм сайн. Сайдуудыг нь харчих даа. Монголд, тэр дундаа МАН-д сайд хийчихээр мэдлэг оюун тэгширсэн залуучууд хэдэн мянгаараа бий. Тэгсэн чинь УИХ-д сонгогдоод үзэгдэх нь ховор, дуугарах нь тун цөөн суугаад байдаг байсан Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нар сайд болчихож байгаа юм.
Монголын мөнгөний тал хувь нь гадаадын банк, оффшор дансуудад тэр томчуудын эхнэр хүүхэд, ах дүүгийн нэр дээр чихээтэй байдаг юм гэсэн. Зарим эдийн засагч, түүнийг оруулж ирвэл Монголын гадаад өрийг бараг төлчих байх гэдэг. Түүнийг яагаад оруулж ирж болдоггүй юм. Мөн тэрчлэн даатгалын хөрөнгөнөөс гадаад, дотоодод байршуулж нуусан их мөнгө бий. Эрдэнэтийн 400 сая ам.доллар, Төмөр зам, Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор барина гэж хувааж аваад хүртчихсэн олон тэрбум төгрөг…Ер нь боломж их бий. Өөрсдөө холбогдчихоор огт санаа тавихгүй, “цалин хасна” гээд сууж байна…
Эрүүл мэндийн сайдад үе дамжсан эмч, Жадамбаагийн Цолмон гэж дайчин шуурхай эмэгтэйг сайд болох нь гэж баярлаж байсан чинь Авлигатай тэмцэх газраараа унагуулаад оронд нь Төв аймгийн аль Энхболдынх нь худ гэв, өөрийнхөө хүнийг томилж байгаа юм даа. Ийм бусармаг явдлыг тоочвол цаг цаас хүрэхгүй. Дэд сайдуудын томилгоо ч гэсэн дан өөрсдийнх нь танил тал, хамаатан садан. Эрх баригчид мэргэжлийн бус Засгийн газар байгуулснаа өнөөдөр болохоор “Менежерийн Засгийн газар байгуулсан. Шилдэг сайн менежерүүдээр Засгийн газраа байгуулсан гэж бухаж бултаж байгаа. Мэргэжил, менежер хоёр чинь шал өөр ухагдахуун. Ард түмнээ, сонгогчдоо мал гэж бодоод байгаа юмуу, ингэж доромжилж болохгүй шүү дээ.
Нийслэлийн удирдлагыг М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр яг өөрсдийнхөө мулгуу зарчмаар байгуулж байгаа юм. Газрын наймаанд гар ганзага нийлж явсан Ц.Сандуйдаа ИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргыг хавсарган хариуцуулж “Нийслэлийн дарангуйлагчийг” бэлтгэж байгаа. Засаг даргад нь М.Энхболд өөрийн нутгийн, хамтран зүтгэгч, баруун гарынхаа хүн Су.Батболдыг томиллоо.
Би, Нийслэлийн Засаг даргыг хот байгуулалтын өндөр мэдлэг мэргэжилтэй, дайчин шуурхай хүн байгаасай, тэгээд Засгийн газрын гишүүн болоосой гэж боддог, олон удаа ингэж бичсэн хүн. Энэ олон залуучууд дундаас очиж очиж хотод ажиллаагүй, нийслэлийн амьдралыг огт мэдэхгүй Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга болгох гэж дээ хэмээн харамсаад л байгаа. Тийм л сайн юм бол Төв аймгийнх нь Засаг дарга болгочих л доо. М.Энхболд “Энэ хүн хаана ажиллах нь улс оронд өгөөжтэй вэ?” гэхээсээ “Хаана юу хийх нь над ашигтай вэ?” гэдгийг урьтал болгон ихэнх томилгоогоо хийж байгаагийн нэг баримт нь энэ.
Би МАН-ын төв байгууллагад гурван жил гаруй ажиллалаа. Хэн нь энэ намынхаа төлөө амь хайргүй зүтгээд, хэн нь баг өмсчихөөд дүр эсгээд сууж байгааг эрх биш гадарлах болсон. М.Энхболд даргын Тусгаар тогтнолын ордон дахь нэг өрөө нь цоожтой голдуу. Олон түмнээсээ тасарсан. Хамгаалагч нь гэж нэг нөхөр биднийг бол хамуутай мал шиг ойртуулахгүй. Хурал дээр нэг ахмад настан “Би намын даргатайгаа уулзах гэж зургаан удаа ирээд уулзаж чадсангүй” гэж байж билээ.
УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагад цөөн хэдэн чамбай улстөрч гарч ирснийг үгүйсгэхгүй. Ихэнх нь М.Энхболдыг зулгуйдан их мөнгө барьж, их магтан долигонож, хойно өмнө нь гүйсэн “дагуулууд” гарч ирсэн нь нууц биш. Улс, аймаг хот, дүүрэгт энэ намынхаа төлөө хоёргүй нэг сэтгэлээр зүтгэсэн хүмүүс нь бараг бүгдээрээ хөсөр хаягдсан. Дээрээс нь эхэлье. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Ө.Энхтүвшин нарын мэдлэг чадвар тэгширсэн шударга сайн залуучууд, улстөрчдөөсөө яагаад сайд болгоогүй юм. Сайдын эн зэрэгтэй намын ажилтнууд ч асар олон байсан. МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулгыг би сайд болох хүн гэж бодож байсан. Хотын орлогч даргаар ажиллан нийслэлийн хамаг ачааг үүрч явсан, өнөө нийслэлийн намын хорооны гурав дахь хүн Б.Баатарзоригийг Нийслэлийн Засаг дарга юмуу ИТХ-ын дарга болох байх гэж бодож байсан. Тэгсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн гээд “нуучихлаа”. Ч.Жаргалсайхан, Д.Энхтөр, О.Оюун, Т.Гантөмөр гээд аймаг, дүүргийн намын хороодын дарга, дэд дарга нар гээд МАН-ын хамаг ачааг үүрч явсан, одоо ч үүрээд зүтгэхэд бэлэн байгаа шилдэг залуустаа итгэл хүлээлгэхийн оронд хэдэн мөнгөтэй баячуудын дохио зангаагаар хөдөлж байгаа манай намын удирдлага оройноосоо өтжээ.
Одоо бүр болиод аймаг, дүүргүүдийнхээ шударга, дайчин удирдлагуудыг намнаж эхэллээ. 2012 оны ялагдлын дараа нам “шоконд” орсон байсан. Нэг хэсэг нь гадаадын эдлэн газрууд руугаа эхнэр, хүүхдээ дагуулан, нуруугаа үүрээд яваад өгсөн. Аймаг, хот, дүүргүүдийн намын хороо, үүрүүд нь эзэнгүй, дарга болох хүн олдохгүй байлаа. Бараг хадаг барьж гуйх нь холгүй явж хэдэн даргатай болгосон. Хамаг хөрөнгөөрөө намаа ивээн тэтгэж, эрх баригч намуудын дарамтан дунд, дөрвөн жил шим шүүсээ баран байж ялалт авчирсан дарга нараа өнөөдөр толгой дараалан халж, ажил амьдралаас нь салгаж, ямар муухай загнана вэ? Энэ үйл явцыг, өнөөх л намыг дотроос нь хагалан бутаргагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар нарын хүмүүс удирдаад явж байна. Би аймгуудын МАН-ын дарга нарыг адалж шоолж байгаа тухай дараа дэлгэрэнгүй бичих учир нийслэлээсээ хэдэн баримт авъя.
Манай намын дотроос нь хагалан бутаргах их аян, өнгөрсөн оны сүүлчээс эхлэсэн. Сүхбаатар дүүргийн Г.Төмөрбаатар даргатай МАН-ын хороог Ц.Мөнх-Оргил тэргүүтэй хэсэг бүлэг хүн гэнэт эзлэн авснаар энэ үйл ажиллагаа эхлэж билээ. Г.Төмөрбаатар бол намын хамт олондоо танигдсан шилдэг удирдагчдын нэг. Энэ дүүргийн 99 гишүүнтэй МАН-ын хороог нь хорин хэдэн хүнтэй хуралдсан нэр хэмээж, түүнийг нь манай намын Хяналтын ерөнхий хороо баталгаажуулан удирдлагыг нь булааж авсан. Намын удирдлагууд Г.Төмөрбаатарт “УИХ-д нэр дэвшүүлнэ”, “Ялсан нөхцөлд сайд болгоно” гэхчлэн амлаж байсан боловч тэр хүн өнөөдөр ажилгүй явж байна. Намын шударга даргыг нь зайлуулчихаад ямар хүмүүс эзэгнэж суугааг та нар харж байгаа. Ерөнхий сайд асан Сү.Батболд, түүний “баруун гар” Ц.Мөнх-Оргил, “Оффшор дансны хэргийн” үед хамгийн түрүү цоллогдож байсан Д.Цогтбаатар, мөн Ц.Цолзолмаа нар “МАН-ын баг” нэрээр УИХ-д гарч ирсэн. Эдний “суганд хавчуулагдаад” гарч ирсэн хүн бол Ц.Мөнх-Оргил. “Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын” гол буруутан энэ хүнийг Гадаад харилцааны яамны сайд болгосон. Цуст аллагад хүүхдүүдээ алуулж, шархдуулсан хүмүүс Гадаад харилцааны яамны үүдэнд суулт хийж, өлсгөлөн зарлах сураг гарсан. Хэрэв тэгвэл Монголын нэрийг даян дэлхийн өмнө хөөднө гэсэн үг. Цаг хугацаа харуулах биз. Ингэж гарч ирсэн хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дүүргийн намын дарга болчихоод байна.
Дараах дээрэм нь Баянгол дүүрэгт ид өрнөж байна. “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатар гэж хүн дэлгүүрийнхээ барааг тарааж хэдэн жил ядарсан ард түмнийхээ ходоодоор тоглоод УИХ-д гарч ирсэн. Тэр “халамжит” багны цаана хэн байгааг ард түмэн огт мэдээгүй, саналаа өгчихсөн. Их Хурлын хаалга татангуутаа л хэн бэ гэдэг нь танигдаж байгаа юм. Өнөөх Ц.Мөнх-Оргилтойгоо “дөрөө харшуулаад” УИХ-ын гишүүн болсон А.Ундраа, М.Билэгт, дүүргийн намын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа, бас Д.Эрдэнэчимэг, Ш.Анхмаа, П.Бүүвэйбаатар нарын хэсэг залуусыг элсүүлэн долдугаар сарын 29-нд нууц хурал хийж Баянгол дүүргийн МАН-ын удирдлагыг булааж аваад байна. Намын хорооны албан ёсны байрыг дайрч эзлээд, тамга, тэмдгийг нь дууриалган хийсэн байна. Албан ёсны дарга нь МАН-ын удирдлагаас тогтоол шийдвэрээ аваагүй байхад Ж.Ганбаатар нар өөрсдийгөө дарга болгочихсон, орон нутгийн сонгуулийн Баянгол дүүргийн 41 суудалд нэр дэвших квотыг Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, А.Ундраа, М.Билэгт, Төмөр замын орлогч дарга Халтар нарт хуваагаад өгчихсөн гэж байх юм. Ингэж болдог юмуу? Үүнийг дээрэм гэхээс өөр юу гэх юм. Ж.Ганбаатар гэгч бүх зүйлийг мөнгөөр, тэр дундаа хүмүүст авлигын журмаар их мөнгө өгч байгаа. Олон хүнийг мөнгөөр авлигадсаны дотор дүүргийн Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Л.Эрдэнэдашийг “Хүрээд ир, мөнгө өгье” гэж олон удаа хэлүүлсэн байсан. Намайг хүрээд ир гэсэн. Би албаных нь хүнээр: “Би, дэлгүүрийн дарга байтугай Дээд шүүхийн дарга дуудахад очдоггүй хүн. Надад хийсэн хэрэг байхгүй. Хийх хэрэг байхгүй” гэж хэлүүлсэн. Тэгтэл манай намын хутган үймүүлэгч Б.Сэмжидмаа, Д.Эрдэнэчимэг нараар дамжуулан дугтуйтай мөнгө явуулсан байлаа. Би задалж ч үзэлгүй скочдоод хяналтын албаныхаа сейфэнд аваачиж хадгалуулсан. Тагнуул, шүүх, прокурорт аваачиж өгнө. Авлигатай тэмцэх газар М.Энхболдынх болсон учир мэдээж хэрэгсэхгүй. Намайг очихгүй гэхээр Ж.Ганбаатар гэрт ирж уулзсан. Та намайг дэмжээч гэж гуйсан. Би, ийм бусармаг явдлыг дэмжихгүй гэсэн. Надаас тэр, “Барууны тэжээвэр” номынхоо II дэвтрийг өгөөч гэж гуйсан. Би дүү хүмүүст бол “Эрхэм дүү түүндээ…”, үе тэнгийн хүнд бол “Эрхэм анд түүндээ…” гэж бичин гарын үсэг зураад өгдөг юм. Тэгсэн чинь мань хүн миний номыг аваад “Жамьян гуай хүртэл намайг дэмжиж байгаа. Номоо дурсгасан” гээд явж байна гэнэлээ. Ер нь яаж ч хутган үймүүлж чадах хүн билээ. Би, сайн санаж өгсөн болохоос, үүгээр улстөр хий гэж өгөөгүй шүү дээ. Нууц хурлаа, дээр дурдсан УИХ-ын гишүүдээс гадна, сонгуульд нэр дэвшээгүй, дэвшээд ялагдчихсан, их мөнгө авчихсан байж ядашгүй хүмүүсийн хүрээнд хийгээд манай намын хорооны шударга гишүүдийг оролцуулаагүй. Тэр байтугай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Цагаанхүүг оруулалгүй, тэрээр арынх нь хаалгаар орсон байсан. Тус хуралд оролцож үгээ хэлэх гэсэн манай намын ахмад гишүүн Б.Чантуу /”Улаан-Од” сонины эрхлэгч байсан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/ нарын шударга хүмүүсийг төөрүүлэн яг тэр цаг мөчид нь дүүргийн намын хорооны байр руу явуулсан байсан. Намын гишүүн залуучууд очиж үгээ хэлэх гэсэн нь оруулахгүй болохоор маргаан үүссэн, Тусгаар тогтнолын ордонд бөөн зодоон болж хүний цус дахин урссан байгаа. Н.Цагаанхүү дарга үүнийг цагдаад хэлэлгүй хав дарж, хэзээ хойно бидэнд ярьж байгаа юм. Энэ бусармаг үйл ажиллагааг би урьдчилж мэдээд хурал болохоос өмнө сэрэмжлүүлэх үүднээс МАН-ын дөрвөн дарга М.Энхболд, Ж.Мөнхбат, Д.Сумьяабазар, Ц.Сандуй нарт бичгээр мэдэгдсэн. Тэд хэн нь ч анхаарч үзээгүй, Тусгаар тогтнолын ордноо гаргаж өгөөд хүний цусаар будуулж байгаа юм. Эндээс, намд шургалсан авлигачид, алуурчдыг өөгшүүлж байгаа хүмүүс нь энэ дөрөв гэдэг нь ойлгомжтой байгаа биз?! “Гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр Ж.Ганбаатар бүр даварч, дүүргийн МАН-ын хорооны албан ёсны дарга Ж.Батсайханыг “намаас хөөнө шүү” гэж загнан сүрдүүлж байх юм гэнэ. Хэн гэгч ирээд, хэнийг, хэний намаас хөөх гэж байгаа юм?!… Одоо бол МАН-ын удирдлага бүх түвшиндээ Ж.Ганбаатарынхныг дэмжиж байгаа. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Цагаанхүү дүрмийн бус хурлыг нь дэмжиж тогтоол гаргасныхаа төлөө Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч гэх өндөр албан тушаалаар “шагнуулсан”, Нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийн гурвыг нь Баянгол дүүргээс томилж, хамгийн их “гавьяа байгуулсан” гэж манай намын үүрийн дарга гэж бантагнуулсан Ш.Анхмаа гэж охиныг нэг даргаар нь томилсон байгаа юм.
Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил нар юу ч хийж болзошгүй хүмүүс гэдэг нь бидэнд ойлгомжтой болсон. Иймээс би цагдаад хандсан. Цагдаа, хуулийн байгууллагын ажлыг тавин хэдэн жил сурвалжилж, сурталчилж яваагийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийн “Гарт нь” гээд бичиг бичсэн. Баянгол дүүргийн МАН-ын хорооны албан ёсны байр, тэнд ажиллагсад, бас бидний болон гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангаж, анхаарал хамгаалалтдаа аваач гэсэн. Миний бичиг эрээн алаг болтлоо цохогдоод Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Жавзанпагма гэж хамгийн “ядмаг” ажилтан дээр ирсэн байна билээ. Яагаад “ядмаг” гэв хэмээн асуувал, би олон сонирхолтой баримт хэлж чадна. Намайг, миний шударга нөхдийг хамгаалах ёстой цагдаа, тэр баян тансаг авлигачид, алуурчдыг хамгаалаад байж болдог юм уу. Ард түмний Р.Чингис маань, авлигачдын Р.Чингис болсон баймааргүй л юм.
Хүмүүс надтай уулзаж байна. Учирлаж байна. Мөнгө нь багтаж ядсан УИХ-ын гишүүд Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн намын хороог булааж аваад, одоо Хан-Уул, Баянзүрх рүү халдах гэж байгаа гэх. Тэд, орон нутгийн сонгуулиар МАН ялна. Тэгээд дүүргүүдэд хаанчлалаа тогтооно гэсэн нууц хуйвалдаанаар ажиллаж байгаа гэх. Ингэж болдог юм уу? Хүнд хэцүү үед гуйж авчиран хамаг хөрөнгө, шим шүүсийг нь барчихаад, ялчихаар нь бүх эрх мэдлийг нь дээрэмдээд авчихаж болдог юм уу? гэж асуумаар. Би уул нь, хөөгдөж туугдан тавь гаруй жил болсон энэ намаа бүрэн бүтэн, эв нэгдэлтэй, шударга дайчин нам байгаасай гэж бодож явдаг. Тэгтэл толгой тал нь өтөж, дотроос нь хагалан бутаргагчид цадигаа алдлаа. Би нөхөддөө, “Гадны хүчинд дулдуйдан намыг минь хагалан бутаргах гэж байгаа бол би ч эсрэг нь мөчөөгөө өгөхгүй шүү” гэж байгаа. Ингээд гишүүд, дэмжигчдийнхээ тавьж байгаа хэдэн саналыг сийрүүлье.
Нэгдүгээрт: “Ураг төрлийн”, “Уяачдын” гэх тодотголтой Их Хурал, Засгийн газар байгуулчихаад нэг хүний дарангуйлал тогтоож байгаа, намынхаа өтсөн толгойг тайрч хаяя гэж байна. Үүний тул МАН-ын Онц их хурлыг зарлан хуралдуулъя гэнэ. Тэхдээ “Намын Онц их хуралд бэлтгэх” хороо юмуу комисс байгуулъя. Тэгэхгүй бол удирдлагын хэдэн хүн Их хуралд танил талаа цуглуулдаг, тэднээр намын Бага хурал, Удирдах Зөвлөл байгуулдаг хуучин арга барилыг өөрчилье гэж байгаа юм байна.
Хоёрдугаарт: Улсын Их Хурлаас дав даруй хоёр хууль гаргая гэнэ. Нэг нь, гишүүнийг эргүүлэн татдаг, нөгөө нь “халдашгүй дархан эрх”-ийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад хүнд эдлүүлэхгүй байх хуулиудыг батлаж УИХ, Засгийн газрыг гэмт этгээд орогнодог газар болгохыг зогсооё гэнэ.
Гуравдугаарт: Авлига, аллага, бусад гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг намаас хөөж, МАН-аа цэвэршүүлье гэнэ.
Дөрөвдүгээрт: Авлигачин, алуурчин, хуйвалдан завшигчид, намыг дотроос нь хагалан бутаргагчид, оффшорынхон… намын удирдлагад байсаар дөрвөн жилийг барах юм бол 2020 оны сонгуульд МАН ганц ч суудал авахгүй, улс орон ч дампууралдаа тулна гэдгийг сануулж байна.
Тавдугаарт: Удирдлагаа дээрэмдүүлэн, ажил амьдралаараа хохироод байгаа аймаг, сум, дүүрэг, хороодын МАН-ын дарга нар, намын ажилтнуудаа орон нутгийн сонгуулийн өмнө ажил албанд нь эргүүлэн тавья гэнэ.
Зургадугаарт: Энэ гашуун үнэнийг намын гишүүд, дэмжигчиддээ ил тод хүргэе гэж байна. Миний хувьд МАН-ын бүх шатны удирдлага, хууль хяналтын байгууллагынханд хандсан. Бүгд хуйвалдсан, худалдагдсан байна. Энэ гашуун үнэнийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацаж гишүүд, дэмжигчиддээ хүргэх болно.
“Барууны тэжээврүүд” номынхоо III дэвтрийг “Идэмхий бэлтрэгүүд” нэртэйгээр хэвлэлд бэлтгэж байна. Үүнийг МАН-ын удирдлагын арван хүний нууж байсан ноцтой баримтуудаар хийнэ гэж уншигчиддаа амласнаа биелүүлж байгаа юм.
МАН-ын удирдлага энэ л хэвээрээ байх юм бол миний бие болон манай хэвлэлийн багийнхан ирэх дөрвөн жилд сөрөг хүчний байр сууринд хатуу зогсох болно.
Болгоотугай!.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин