
С.УЯНГА
Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхт 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Мөн Монголын томоохон сэхээтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач Цэрэнжавын Раднаагийн мэндэлсний 100 насны ой энэ онд давхар тохиож байгаа аж. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр МУБИС-ийн багш, оюутнуудад нэрт соён гэгээрүүлэгч, өөрийн өвөө Ц.Раднааг дурсан ярихын зэрэгцээ “Дэлхийн соёл, утга зохиолын түүхээс” хэмээх сонирхолтой лекц уншсан юм. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уригдсан зочдод Дэлхийн утга зохиолын цуврал ботийг бэлэглэв.
Түүний өвөө Ц.Радна МУБИС-д багшилж байсан төдийгүй Н.Энхбаярын гэр бүлийнхэн ч энэ сургуулиар дамжин улмаар багшилж ирсэн учраас салшгүй холбоотой гэдгийг уулзалтын өмнө тодотгов.
Лекцэнд утга зохиолын салбарын олон эрхэм уригдан ирсэн юм. Тэдний дунд Ардын уран зохиолч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зохиолч судлаач Д.Цэдэв, зохиолч, сэтгүүлч Д.Чулуунбаатар, мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын аав, ээж, гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр лекцийнхээ эхэнд “Багш бол Монгол хэлний “сурган хүмүүжүүлэх ухаан”, “багшийн” гэх зэрэг үг оросын “педагогика”, “педагогический” гэсэн үгтэй дүйнэ. Хүүхдийг чиглүүлэн удирдах гэсэн утга язгууртай үг. Тэгэхээр багш хүн гэдэг хүний өөрийн гэлтгүй бүх хүүхдэд мэдлэг чадвараа шавхан зориулдаг хүмүүс юм. Сурган хүмүүжүүлэх гэдэг бол маш том шинжлэх ухаан” хэмээн онцолсон. Мөн өвөө Ц.Раднаагийнхаа 100 насны ойд зориулан ажил үйлс, амьдрал уран бүтээлийг нь дурссан.
ЦЭРЭНЖАВЫН РАДНА ГЭЖ ХЭН БЭ?
“Цэрэнжавын Радна” номонд түүнийг Монголын томоохон сэхээтэн, шинжлэх ухааны нэгэн чиглэлийн нэвтэрхий толь гэхээр мэдлэгтэн төдийгүй түүнийг Монголын хөрсөнд үндэслүүлэгч гэж шавь нар нь батлан ярьдаг тухай бичжээ.
Ц.Радна 1916 онд Чита мужийн Иволга хэмээх газар төржээ. 1924 онд Монгол Улсад орж ирэн эцгийгээ хилс хэрэгт холбогдохоос нэг жилийн өмнө буюу 1932 онд сурагч болж оргоо бусгаа цагт дөнгөж багшийн сургууль төгсөөд Дорнод аймгийн Баян-Уул сумын бага сургуульд, 1934 оноос эхлэн хоёр жил багшилжээ. Мөн сүүлд өөрийн төгссөн сургуулийг Улсын багшийн институт, Улсын багшийн дээд сургууль болтол нь 25 жил тасралтгүй ажилласан байна.
Харамсалтай нь Ц.Раднаагийн аав Д.Цэрэнжав залуугаараа улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ч түүний ажил үйлсийг охид, ач зээ нар нь үргэлжлүүлж байгаа аж. Охин Бүдханд нь сэтгүүлч, Монгол хэл уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн хэвлэл мэдээллийн салбарт, эрдэм шинжилгээний ажилтан хийж явсан МХЗЭ, МЭХ-ны ахмад ажилтан, олны танил эрхэм билээ. Мөн охин Р.Энхзаяа нь өдгөө аавыгаа дурсан бахархаж сууна.
“Цэрэнжавын Радна” номонд түүнийг Монголын томоохон сэхээтэн, шинжлэх ухааны нэгэн чиглэлийн нэвтэрхий толь гэхээр мэдлэгтэн төдийгүй түүнийг Монголын хөрсөнд үндэслүүлэгч гэж шавь нар нь батлан ярьдаг тухай бичжээ. Номонд Ц.Раднааг олон шавь нар нь дурсан бичсэний дотор шавь Улсын их сургуулийн оюутан С.Бадраа “Хүндэт багш Радна таны эрдэмт тунгалаг оюун, үлэмжийн линхуад өчүүхэн зурвас өргөе. Эрхэм багш таны радиогоор уншсан “Зүүд нойрны тухай” лекцийг сонсоод сэтгэл бахархлаар оргилсон би аргагүй энэ зурвасыг бичмээр боллоо.
Таны лекц бол чухам арслан мэт чадалтайгаар барахгүй, ямар ч театрын тайзны дээр гарах урлагаас дутуугүй сонирхолтой болсныг би төрийн сүлдийг барьж батална. Лекцийг эхлэхэд гэрт тавуулаа хязгааргүй шуугилдан байсан ч нэг мэдэхэд продукторын зүг нүдээ цавчилгүй ширтэж, амьсгалаа даран ядаж, чихээ тавин чагнацгааж байлаа. Надаас бусад нь бараг учир мэдэхгүй хөдөөний хүмүүс байсан. Эд нар лекцийн бүх утга агуулгыг гүн ойлгож чадаад бас түүх шиг ойлгомжтой ярьсан таныг гайхалцан хөөрөлдөж байв. Энэ бол сурган хүмүүжүүлэхийн эрдмээр нэвтэрхий зэвсэглэсэн таны оюуны чадал ажээ. Монгол хүний тархинд хэдэн зуун жилээр бугшсан цаст төвдийн орноос ирсэн номлолын хүлээсийг тас татан цэвэрлэх, шинжлэх ухааны баатар чадал танд дүүрэн байгааг шавь би хэзээ ч илтгэнэ. Таны сэтгэлзүй, физиологи, сурган хүмүүжүүлэх ухаанаас үндэслэсэн хоёрдугаар лекц байх болов уу хэмээн Улаанбаатарынхан аргагүй горьдох байхаа хэмээн бичээд зүүдний талаар 70 жилийн дараа дахин уншихийг хүсчээ.
Тиймээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өвөөгийнхөө зүүдний талаарх лекцийг 70 жилийн дараа дэлхийн сонгодог уран зохиолтой уялдуулан Зүүд ба соёл, шашин, утга зохиолын талаар оюутнуудад лекц уншсан юм.
Лекцийн үеэр Армяны Христийн шашны сүмээс “ариун явдалтан” хэмээн өргөмжилсөн алдарт Месроп Маштоц анх армяны үндэсний бичгийн үсгүүдийг зүүдэндээ үзэж, сэрмэгцээ тэдгээрийг тэмдэглэсэн, Өндөр гэгээн Занабазар “Соёмбо үсэг”-ийг зохиохдоо зүүдэндээ үзсэн зэрэг сонирхолтой баримтыг дурдаж байлаа. Мөн энэ үеэр алдарт сэтгэл судлаач З.Фрейдийн “Зүүдний учрыг тайлахуй” номын талаар ярьсан нь оюутнуудын сонирхлын ихээхэн татаж уригдан ирсэн зочид, оюутнууд асуулт асууж байв. Тэрдундаа Жуан Зы-гийн зүүд ба Эрвээхэй, Кафка ба хорхойны талаар оюутнууд сонирхож Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Таны хамгийн гоё зүүд юу байв”, “Таны амьдралын хамгийн жаргалтай үе юу вэ” хэмээн асууж байлаа. Мөн ОХУ-ын Элчин сайдын зөвлөх “Их сургууль мэдлэгтэй болгодог. Харин яаж оюун ухаантай болгох вэ. Өнөөгийн хүүхдүүдэд соёл зан заншлыг хэрхэн суулгах вэ” гэдгийг сонирхон асууж байв.
Н.Энхбаяр асуултад хариулах үеэрээ “Би өөрийгөө нисч байна гэж зүүдэлсэн нь хамгийн гоё зүүд байсан юм боловуу. Хүний амьдралд олон сайхан зүйл аз жаргалтай агшин тохиолдох ч бидний энэ хорвоо дээр байж байгаа нь л хамгийн том аз жаргал гэж боддог. АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт “Хамгийн их айж байх ёстой юм бол айхаасаа” гэж хэлсэн байдаг. Мөн Ф.Кафка “Айдас хүнийг хорхой болгодог” гэсэн нь бий. Тиймээс хүн хамгийн их айж байхаасаа айх ёстой юм байна. Энэ үгийг хүмүүс их бодох учиртай” гэв. Тэрээр лекцийнхээ төгсгөлд 50, 60, 70, 80, 90-ээд оны шударга ёсны төлөө тэмцэл, хүнийг хүн болгох, хүнээр нь байлгахын төлөө тэмцэгчдийн төлөөлөл болгож Владимир Высоцкий, Боб Дилан нарын уран бүтээлийг орчуулснаа оюутнуудад сонирхуулсан юм. Тэр дунд Нобелийн шагналт Боб Диланы алдарт “Хүчит салхи мэднэ” шүлгийг эх хэлээр нь болон өөрийнхөө орчуулснаар сонирхуулсан. Энэ үеэр зарим оюутнуудын сэтгэгдлийг сонссон юм.
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажилтны ангийн IV курсын оюутан Б.Батхишиг
-Оюутан бидний мэдэх, судлах зүйлийн нэг нь З.Фрейдийн “Зүүдний учрын тайлахуй” ном гэж боддог. Манай нийгмийн ажилтны оюутнууд ч энэ талаар судалдаг учраас өнөөдрийн лекц их ойрхон санагдсан. Тиймээс Н.Энхбаяр гуайгаас зүүднийх нь талаар асуумаар санагдлаа. Дэлхийн сонгодог уран зохиолын түүхийг ч бид мэргэжлийхээ онцлогийн дагуу судалдаг. Лекц эхлээд дуусах хүртлээ мэдэх сонсох зүйл ихтэй цаашид сонирхон судлах сэдлийг төрүүллээ.
МУБИС-ийн Монгол хэл уран зохиолын I курсын оюутан Ж.Намжилмаа
-Би өөрөө уран зохиолын ангид суралцдаг учраас утга зохиол тэр дундаа дэлхийн сонгодог зохиолын талаар сонсох сайхан байлаа. Маш их зүйл мэдэж авлаа. Бид Кафкагийн “Хувирал”-ыг хичээл дээрээ судалдаг. Өнөөдөр энэ мэдлэгийг маань улам баяжууллаа. Манай ангийнхан лекцэнд бүгд ирж суусан. Дэлхийн сонгодог зохиолыг арай судалж амжаагүй ч гэсэн “Зүүдний учрыг тайлахуй” номыг олж унших сонирхол төрж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин