
Р.ОЮУН
Баянхонгорчууд Монголын хөгжмийн ноён оргилуудыг төрүүлсэн гэдгээрээ бахархдаг. Үүний нэг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Халх голын дайны анхны бүрээч, хөгжмийн зохиолч, Баянхонгор аймгийн уугуул Г.Бирваа гуай юм. Түүний мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс түүний нэрэмжит “Нарны дуулал” улсын анхдугаар уралдаан төрсөн нутагт нь амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 16 аймаг, нийслэлийн мэргэжлийн уран бүтээлч, ардын авьяастан, хүүхэд нийлсэн 140 уран бүтээлч оролцсон юм.
Уралдааны дүн гарахад хүүхдийн төрлийг шүүсэн шүүгч П.Хаянхярваа гуай “35 хүүхдийг бүгдийг нь байр эзлүүлмээр байна. Г.Бирваа багшийн дууг сайн мэдэж байна. Гэвч уралдаан өөрийн гэсэн жамтай, өрсөлдөөнд нэг нь түрүүлдэг болохоор тогтоосон журмын дагуу таван хүүхдийг байр эзлүүллээ” гэв. Хүүхдийн дууны төрөлд тусгай байрын шагналд М.Чойжийдогмид /Дундговь/, Т.Цэндсүрэн /Сүхбаатар/, III байр Ц.Батхүлэг /Увс/, II байр Б.Уранбилэг /Баянхонгор/, тэргүүн байрыг Увс аймгийн А.Өлзийбуян нар эзэлсэн юм. Харин ардын авьяастанд тусгай байрыг Баянхонгор аймгийн Р.Оргилсайхан, М.Түмэнсайхан, III байрыг Хөгжим, бүжгийн коллежийн оюутан М.Сарангоо, Ө.Эрболд, II байрыг Сүхбаатарын Э.Амарбаатар эзэллээ. Энэ удаагийн уралдааны нэр хүнд, босго өндөр байсан учраас тэргүүн байрын эзэн тодорсонгүй. Мэргэжлийн дуучдаас тусгай шагналыг Сүхбаатарын А.Тодгэрэл, Ц.Шинэбаяр, III байрыг ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, II байрыг ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар, тэргүүн байрыг цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс, Гранпри шагналыг ҮДБЭТ-ын дуучин П.Баярмагнай нар хүртсэн юм.
“Нарны дуулал” улсын анхдугаар уралдаанд оролцогчид.
“Баганат” цэцэрлэгт хүрээлэнд Г.Бирваа агсны хөшөөний шав тавих ёслол боллоо.
Том хүү Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж:
ААВЫН МИНЬ БҮРЭЭН ДУУНААР ОЛОН ДУУЧИН ЦУГЛАРЛАА
-Энэ бүрээн дуу, Янжинлхам бурхны дуудлагаар аав минь дуу хуураа бидэнд илгээж байгаа. Аавын минь бүрээн дуунаар цугларсан олон сайхан дуучин, өсвөрийн хүүхдүүд, ардын авьяастнууддаа “Нарны дуулал” улсын уралдаанд өндөр амжилт гаргасанд баяр хүргэе.
Ууган шавь Соёл судлаач С.Юндэнбат:
БИ ТӨРСӨН АЙМГААРАА БАХАРХАЖ БАЙНА
-Өнөөдөр Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн соёрхолт Г.Бирваа багшийн мэндэлсний 100 жилийн тэгш ойг тэмдэглэж байна. Энэ ойг өөрийнх нь төрөлх нутагт нь зохион байгуулсан Баянхонгор аймгийн ЗДТГ, ИТХ, нийт соёл, урлагийн байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье. Би төрсөн аймгаараа бахархаж байна. Та бүхэнд баярлалаа.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл:
ХӨГЖМИЙН БҮХ ТӨРЛӨӨР БҮТЭЭЛЭЭ СОРЬЖ АЖИЛЛАСАН СОЁЛ, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН БАЙСАН
-Энэ жил Монголын хөгжмийн зохиолчдын орчин цагийн Монголын хөгжмийн урлагт хүндтэй гавьяа байгуулсан ахмад үеийн нэртэй төлөөлөгчдийн мэндэлсний тэгш ой тохиож байгаа сайхан жил. Үүний нэг нь өнөөдөр уралдааныг нь зохион байгуулж байгаа Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа гуайн 100 жилийн ой юм. Улсын чанартай уралдааныг зохион байгуулж байгаа Баянхонгор аймгийн ЗДТГ-т нийт хөгжмийн зохиолчдынхоо нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлье. Г.Бирваа гуай Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Хариуцлагатай нарийн бичгийн даргаар 17 жил ажилласан. Монголын орчин цагийн хөгжмийн урлагт хүндтэй гавьяа байгуулсан, хөгжмийн бүх төрлөөр бүтээлээ сорьж ажилласан соёл, нийгмийн нэртэй зүтгэлтэн байсан. Мөн багш, сурган хүмүүжүүлэгч, хөгжмийн зохиолч гэсэн олон талын авьяас, билэгтэй уран бүтээлчийн 100 жилийн ойг тэмдэглэхэд хөгжмийн зохиолчдын холбоо хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Оролцогчид болон энд хүрэлцэн ирсэн бүх хүнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Д.Шинэхүү:
ОЛЗ ОМОГ ДҮҮРЭН БУЦЛАА
-БСШУЯ-наас 2012 онд Дорнод аймагт бүсийн найман аймгийн дунд сонгодог урлагийн уралдаан зарлахад манайх Дорнодод таван оноогоор ялагдаж дэд байр эзэлж байсан. 2014 онд Гэгээн муза наадмаар “Муурын байшин”-гаар дөрвөн муза авч байлаа. Энэ жил “Гэгээн тамилан” гэж Б.Лхагвасүрэнгийн зохиолоор хөгжимт драм хийж хоёр муза авсан. Драмын урлагаар өрсөлдөх чадвартай хамт олон болжээ гэж өөрсдийгөө үнэлсэн. Тэгвэл бид дууны урлагаар хаана байгаагаа мэдэхээр Баянхонгор аймгаас зарласан Г.Бирваагийн нэрэмжит дууны уралдаанд оролцлоо. Эхлээд аймагтаа энэ уралдааныг ардын авьяастан, хүүхдүүдийн дунд зохион байгуулж хоёр хүүхэд, нэг ардын авьяастан, мөн хоёр мэргэжлийн дуучинтай ирсэн. Ардын авьяастанд оролцсон нэг хүн маань хоёрдугаар байрт орлоо. Цаанаас нь нэгдүгээр байр гэж шалгаруулаагүй болохоор бараг нэгдүгээр байр гэж хэлж болно. Хүүхэд маань тусгай байр, мэргэжлийн дуулаачийн төрөлд оролцсон А.Тодгэрэл мөн тусгай байр эзэлж олз омог дүүрэн буцаж байна. Эндээс дуугаар өрсөлдөж болох хамт олон юм гэдгээ олж харлаа. Энэ сард Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд дуучин Баясгалан, Ганзориг нарыг оролцуулахаар Хөгжим, бүжгийн коллеж дээр бэлтгэл хийж байгаа. Дараа жил бүжигчдээ аль төвшинд байгааг мэдэхээр байгууллага дээр үүрэг даалгавар гаргасан.
Гранпри шагнал хүртсэн дуучин П.Баярмагнай:
АГУУ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛИЙГ УЛАМ ДЭЛГЭРҮҮЛЭХ ЁСТОЙ
-Сэтгэл их өндөр байна. 16 аймаг, төвийн долоон театрын уран бүтээлч оролцсоноос Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хоёр уран бүтээлч оролцож нэг нь нэгдүгээр байр эзэлсэнд баяртай байна. Танай сониноор дамжуулан чуулгынхаа хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Г.Бирваа гуайн хувьд хөгжмийн тулгын гурван чулууны нэг гэж ярьдаг. С.Гончигсумлаа, Ч.Сангидорж гэсэн олон сайхан хөгжмийн зохиолч Баянхонгор аймгаас төрөн гарсан байдаг. Тиймээс залуу хойч бид энэ агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг цааш нь уламжлуулан дэлгэрүүлж байх ёстой. Сайн уран бүтээлийг өнөөдөр сонсоод өнгөрөх бус цааш сонсох тусам чихэнд сайхан сонсогддог учраас олон уран бүтээлчтэй өрсөлдөж амжилтаар дүүрэн байгаагаа хэлэхэд таатай байна.
Ардын авьяастны шагналыг Г.Бирваа агсны отгон хүү Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд гардууллаа.
Сүхбаатар аймгийн шагналтнууд.
ЛУВСАНБАЗАРБИРВАА БА БИРВАА
Г.Бирваа гуай Баянхонгор аймгийн Баянговийн Баянтолгой хэмээх газарт Жадамба, Цэрэнпагма нарын 15 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Түүнийг багад нь Лувсанбазарбирваа гэдэг байсан бөгөөд энэ нэрээр эмээ, өвөө нь дууддаг бол гэрийнхэн нь Базарбирваа хэмээнэ. Харин цэрэгт очоод албан ёсны нэр нь Бирваа болж Монголын ард түмэнд энэ нэрээрээ танил болжээ. Мөн тэрээр 6-12 нас хүртлээ хийдэд шавилан суусан байна. Г.Бирваа гуайг нэг настай, хөхнөөсөө гараагүй байхад нь Эрдэнэцогт сумын Гончиг гэдэг хүнд өргүүлжээ. Тэрээр 21 нас хүртлээ малчин байсан бөгөөд жирийн малчнаас орчин цагийн Монголын хөгжмийн ахмад зүтгэлтний нэг болсон гайхамшигтай авьяастан байсан юм.
100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН 100 ҮЗМЭР
Баянхонгор аймгийн түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музейд Г.Бирваа гуайн 100 жилийн ойд зориулан 100 үзмэрийг дэлгэн тавьсан байв. Тухайлбал, 90 жилийн дурсамж цуврал ном, гэрэл зураг, ууган шавьдаа бичсэн ил захидал, дууны нотны гар бичмэл, цүнх, авдар, СУИС-ийн хүндэт профессор болохдоо өмсч байсан нөмрөг, малгай болон бусад эдэлж хэрэглэж байсан эд зүйлээр нь үзэсгэлэн гаргаж олон түмэнд хүргэсэн юм. Эдгээр зүйл нь Баянхонгор аймгийн музейн алтан санг арвижуулж, баяжуулахад үнэтэй хувь нэмэр боллоо хэмээн музейн захирал Д.Маахүү ярьж байсан.
Тус музейд алтны тунсаагаар бичсэн 395 хуудас бүхий Жадамба судар, алтан шармал, дэлбээлдэг цэцэг байдаг ба түүний дунд нэг килограмм зүйл тавихад хумигдаж, нээгддэг байна. Мөн есөн эрдэнээр бичсэн Цэнд-Аюуш судар гэсэн 200 гаруй хосгүй үнэт үзмэр байдаг ажээ. Харин байгалийн музейд Монголд байж байгаад сөнөсөн динозаврын нэг төрөл Тарбозаврын араг яс бүтнээрээ байдаг аж. Мөн Баянхонгор, Говь-Алтай аймгийн заагт амьдардаг, дэлхийд ховордсон мазаалайн танхимыг ч шинээр нээжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин