
С.УЯНГА
Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж буй энэ өдрүүдэд манай сурвалжлах баг хонгор нутагт саатсан юм. Уулс нь цагаан хучлагаар гоёж, гол горхи захаасаа мөстсөн нь намар цаг хэдийнэ халаагаа өгч өвлийн тасхийсэн жавартай өдрүүд айлчлан ирснийг илтгэнэ. Басхүү хүн зон нь өвлийн бэлтгэлээ базааж шуударчээ. Ойрмогхон тунадас ороогүй ч уулын оройг цас бүрхэж, энгэрт нь хяруу тогтсон харагдана. Нимгэн цасан дээр малын мөр зурайж уулын бэлд сарлаг, хонин сүрэгтэй нийлэн тавтай идээшлэх нь хөдөө нутгийн амар амгаланг гайхуулах мэт. Голын мөс хурдан техникийн мөрөөр хэдэн тийш бутарсан нь нарны элчинд болор мэт гялтагнах аж. Морь унаж малаа харуулдах, хувин барьж саалиа бэлтгэх, шилбүүр мордож чулуу тойруулж наадах багачуудын монгол ахуй, хөдөөгийн сайханд сэтгэл баясавч өдөр хоногоор чангарах хүйтний эрч, өвлийн жаврыг яалтай.
Жамаараа айлчилж буй өвөл цагт бэлтгэхийн сацуу дор бүрнээ ажил амьдрал нь “буцлаад” хонгор нутгийнхан түмэн завгүй. Мөн энэ өдрүүдэд Монголын хөгжмийн суутнуудын нэг, хонгор нутгийн бахархал болсон Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваагийн нэрэмжит “Нарны дуулал” улсын уралдаан хоёр хоног үргэлжилсэн нь нутгийнхны сэтгэлийг баясгаж бахдал төрүүлсэн юм. Нийслэл болон 16 аймгийн уран бүтээлчид уралдааныг зорин ирсэн нь цар хүрээ, ач холбогдлыг нь харуулна. Аймгийн удирдлагууд ажлаа улс төрийн аливаа тэмцэл биш нутаг орныхоо бахархал болсон суутны ойг тэмдэглэх гэгээн үйлсээр эхлүүлж байгаад иргэд ч талархаж байна. Ёстой л цаг нартай уралдах өрнүүн хөдөлмөртэй ажилсаг түмний зүтгэл, хонгор нутагт Монгол чуулсан мэт давалгаалсан талархлын уур амьсгал өвлийн жаврыг үргээх шиг.
Бидний зорьж очсон Баянхонгор аймаг урд өмнөхөөс онцлогтой. Учир нь аймгийн ирэх дөрвөн жилийн хөгжил, иргэдийн ахуй амьдралыг авч явах бодлого шийдвэрийг шинэ баг хамт олон “зурж” буй. Нутгийнхны хэлснээр өмнөх жилүүдэд аймагт нэлээдгүй бүтээн байгуулалт хийжээ. Тэр хэрээр орон нутгийн өнгө үзэмж сайжирсан нь аймгийн төв рүү оруут хөтлөх засмал зам, хүүхэд хөгшид нарлаж зугаацах цэцэрлэгт хүрээлэн, аймгийн төвийг “амь” оруулах мэт ногоон байгууламж, үйлдвэр, орон сууцны барилгын бүтээн байгуулалтаас эхлээд нүдэнд илт.
Харин ирэх жилүүдэд аймгийнхантай гар сэтгэл нийлэн ажиллах “шинэ” удирдлагууд ажилдаа ороод төдийлөн удаагүй байгаа юм. Тиймээс бид юуны өмнө аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж, мөрийн хөтөлбөртөө тусгасан олон ажлаас нь зөвхөн иргэд рүү чиглэж, иргэдийн амьдралд бодит өөрчлөлт оруулах ямар төлөвлөгөө байгааг нь товчхон сонирхсон юм. Г.Батжаргал дарга “Ирэх онд манай аймагт бүтээн байгуулалт гэхээс илүүтэйгээр жижиг, дунд үйлдвэрлэлийг олноор барина. Тэнд ажиллах хүмүүсээ сонгон шалгаруулж, дадлагажуулж туршлагажуулна. Аймгийн төвд “Ажилсаг төв”-өөр дамжуулж зорилтот зах зээлд чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэнэ. Түүнийг тоног төхөөрөмжөөр хангах, бизнесийг нь зах зээлд гарахад нь төрийн зүгээс нэгдсэн бодлого зохион байгуулалтаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн том бодлого баримталж ажиллаж байна. Ирэх жилээс 2000-аас доошгүй байнгын ажлын байрыг бий болгоно гэж тооцож байгаа.
Аймгийнхаа хүний болон бараа түүхий эдийн нөөцийн судалгааг хийж байна. Судалгаанд үндэслээд жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ зураглалыг гаргаж авахаар зорьж байгаа. Мөн орон нутаг өөрийнхөө зах зээлийг хамгаалах тухай асуудал бий. Бидний зорьж байгаа бодлогод уламжлалт арга, технологио ашиглаад элдэх хэсгийг механикжуулах замаар жижиг цехийг олноор байгуулж арьс, шир, нэхийг элддэг болъё гэж байгаа юм. Элдээд зогсохгүй бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг болвол үнэд хүрэх боломж байна. Тухайлбал, хонины нэхийгээр аяны хөнжил хийж ОХУ-ын Сибирь, Скандинавын орнууд руу яагаад гаргаж болохгүй гэж” хэмээн ярилаа. Товчхондоо жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой болгож хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсыг тэргүүлэх таван аймгийн нэг болох зорилтыг тодорхойлсон гэнэ. Аймаг орон нутгаа хөгжүүлэх шинэ арга барилд нутгийхан ч ам сайтай байгаа аж.
Баянхонгор аймагт дээр дурьдсанчлан улсын тэргүүний аймгуудын тоонд орж хөгжих төдийгүй аялал жуулчлалын маш том зах зээл бий. Нутгийнхны хэлдгээр гайхамшгийн орон гэгддэгээс цөөн хэдийг дурдъя. Аймгийн Засаг дарга “Эрдэнэцогт суманд жил бүр 50 мянган сарлагийн баяр хийдэг. Баянлиг сум гэхэд тэмээнийхээ тоогоор улсад тэргүүлж байна. Жил бүрийн найм, есдүгээр сард тэмээчид Гурилдах хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг. Бөх, ташаан дээр нь гурилаар тоо, төрөл бүрийн дүрс хийдэг. Үүнийг хэв дарах арга хэмжээ болгоод янз бүрийн уламжлалт ёс заншил, хөгжим дуу хууртай хослуулаад зохион байгуулбал олон жуулчныг татах боломжтой” гэсэн юм.
Баянхонгор аймгаас элсэн цөл, говь, тал хээр, хангайн бүслүүрийг нэгэн зэрэг харж болно. Мөн хүн анх үүсч, амьдарч байсан Баянлигийн Цагаан агуй, Бичигт хад, Бүгээн цав, Шатар чулуу, Гурван Мандалын хадны зураг, Түрэг бичээс, Гурилын хоолой гээд үзэсгэлэн төгс газар олон бий. Тэнд говийн баянбүрдүүд болсон Эхийн гол, Шар хустай гээд Монголд төдийгүй дэлхийд цөөхөн үлдсэн 27 толгой мазаалай амьдарч байна. Түүнчлэн Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг ч гэж ярьдаг. Эрдэнэцогт сумын нутагт ёроолд нь нар үл тусах Эрхэт Тамчийн хавцал гэж байх.
Эдгээр байгалийн гайхамшиг дундаас Халхын Зая Бандид Лувсанпэрэнлэйн анх судрыг нь зохиосон Шаргалжуутын рашааныг мэдэхгүй, зорьж очоогүй хүн Монголд ховор. Хангайн нурууны эртний галт уулсын тогтоц бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдэж байдаг Шаргалжуутын Рашааныг монголчууд хэдэн мянган жилийн туршид эмгэг хуучаа засахад хэрэглэж иржээ.
Рашааныг анх хүнд танигдаж мэдэгдсэн түүх домог Хүннү гүрний үеэс үүдэлтэй аж. Нутгийн мэргэн анчин өвгөн ан гөрөө хийж явтал Говийн өлөгчин шар гичий чоно тааралджээ. Түүнийг харваж шархдуулахад чоно зугтан явсаар уур савсан ундарч байгаа булгуудын дунд орчихож. Өвгөн хүлээзнэж байтал шархадсан чоно ямар ч шарх олоогүй мэт босоод давхисанд гайхсан өвгөн хэвтсэн газар нь очвол бага зэрэг цус туссанаас өөр юмгүй байжээ. Ингэж рашааны ид шидтэйг нь мэдэж өөрийн хоёр муу хөлөө хэд хоног дараалан дүрсэнд эдгэрсэн байна. Түүнээс хойш энэ рашааныг Шаргал-жуут-ын рашаан гэх болжээ. Учир нь говийн чонийн эмэгчнийг “жуут” гэдэг аж. Говийн чоно нь шаргал ухаа зүстэй амьтан юм. Тиймээс Шаргалжуут гэж нэрлэсэн байна.
Шаргалжуутын рашаан нэг дор халуун хүйтэн хоёр рашаан усыг хэрэглэх боломжтой. Тэр ч бүү хэл том үхэр чулууны хоёр талаас халуун, хүйтэн рашаан ундардаг онцлогтой. Эртний галт уулсын нөлөөллөөс үүссэн газрын гүний ан цавыг даган оргилж буй 108 булаг бүхий рашаан юм. Эрт дээр үеэс энэ рашааныг 108 төрлийн 404 өвчинд таарна хэмээн рашаанд орж ууж, эмчилдэг байжээ.
Ийм л гайхамшиг дунд аж төрөн суугаа хонгор нутгийнхны амьдрал, ажил үйлс дээш дэвжиж байх учиртай аж. Ажилсаг түмний сэтгэл зүтгэл, өрнүүн хөдөлмөрөөр жавар үргэж, жаргал хургасан гайхамшгийн орон хонгор нутагт ажилласан тэмдэглэлээ өндөрлөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин