
С.УЯНГА
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөв. Хуралд үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Хуулийн хэлтсийн дарга Д.Цэрэнбадам болон үйлдвэрийн техник, эдийн засгийн хэлтсийн ажилчид оролцсон юм. Хурлын эхэнд үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ ““Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн явж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар бид өмнөө тавьсан бүх төлөвлөгөө даалгавраа 100 хувь биелүүлсэн. Үндсэн үйл ажиллагаа доголдоогүй өвлийн бэлтгэлээ хангаж байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн үед улсад төлдөг татвараа бага төлж байна гэсэн агуулгатай мэдээлэл байсан. Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй маш олон хүн асууж байгаа учраас энэ талаар тодруулж хэлье.
Эхний найман сарын үзүүлэлтийг Сангийн яам, Татварын Ерөнхий газарт хүргүүлсэн. Улсын төсөвт 64 тэрбум төгрөг, орон нутагт 70 тэрбум нийтдээ 134 тэрбум төгрөгийн татварыг эхний найман сарын байдлаар төлсөн. Ц.Нямдорж даргад Татварын Ерөнхий газраас өгсөн 20 тэрбум төгрөг гэсэн мэдээлэл өрөөсгөл юм. “Эрдэнэт” үйлдвэр жилийн жилд төр засгийнхаа үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмжиж, урьдчилсан төлбөр төлж ирсэн. 2015 оны төгсгөлд он шилжихийн өмнө 70 тэрбум төгрөгийг өгсөн. 2015 оны төсвийн гүйцэтгэлээс суутгаж үлдсэнийг нь 2016 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өгөхөөр шилжүүлсэн байдаг юм. 2016 он гараад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болоод аж ахуйн албан татварт ноогдуулсан 64 тэрбум төгрөг байна. Үүнээс өнгөрсөн онд илүү төлсөн 70 тэрбум төгрөгнөөс 44 тэрбум хоорондын тооцоогоор хаагдсан. 20 тэрбум төгрөгийг бэлнээр улсын төсөвт төлсөн. Тэгэхээр улсын төсөвт орох ёстой 64 тэрбум төгрөг орсон гэсэн үг. Үүнээс 20 тэрбумыг 2016 онд өгсөн, 44 тэрбум төгрөгийг өнгөрсөн оны төгсгөлөөр урьдчилж төлсөн. Орон нутагт гааль, нийгмийн даатгалын шимтгэл, газар усны төлбөр, агаарын бохирдол, хүн амын орлогын албан татвар зэрэг найман төрлийн татварыг төлдөг. Тиймээс Ц.Нямдорж даргад очсон мэдээлэл бол бидний энэ онд зөвхөн бэлнээр төлсөн татварын хэмжээ юм. Санхүү, үйл ажиллагаа буруу яваад байгаа юм шиг ташаа мэдээлэл олон нийтийн дунд байгаа учраас өнөөдөр бодит мэдээлэл өгч байна. Татвараа хэвийн төлж, ажилчдын цалингаа хугацаанд нь өгч, төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж яваа учраас үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг улс төртэй битгий хутгаасай гэж албан ёсоор хэлмээр байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жилд 351 тэрбум төгрөг буюу жилд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
“Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 38 жилийн хугацаанд 4.3 сая тонн цэвэр зэс олборлож экспортод гаргасан. Таван их наяд төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төлсөн байдаг нь улс орны эдийн засагт оруулсан бодитой хувь нэмэр” гэсэн юм.
Үүний дараа үйлдвэрийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Энэ оны байдлаар төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх жилийнхээс буурсан нь ямар шалтгаантай вэ?
-Энэ бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасантай холбоотой. Нэг тонн зэсийн үнэ 5000 ам.доллар байх юм бол “Эрдэнэт” үйлдвэр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 16 хувиар төлдөг. Доош байх юм бол таван хувиар төлдөг. Оюутолгой компани таван хувиар төлж байгаа. Тиймээс өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр нэг тонн зэсийн үнэ 5500 ам.доллар байсан бол өнөөдөр зэсийн дундаж үнэ 4700 ам.доллар байна. Тэгэхээр ашигт малтал ашигласны төлбөр өөр байгаа юм. Энэ бол хуулийн дагуу явж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрт улсын төсөвтэй холбоотой мөнгө төгрөгний саатал байхгүй. Эхний долоон сарын байдлаар улсын төсвөөс авлагатай явж ирсэн. Тиймээс найм, есөн сард өглөг байхгүй.
-“Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес байна гэсэн хардлага байдаг. Үүнд тайлбар өгнө үү?
-Шахааны бизнес гэдэг бол хөөсөн дээр байсан зүйл. Үүнийг ганцхан жишээнээс харж болно. 2013 онд нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэх өөрийн өртөг нь 6625 байсан бол энэ онд 3950 байгаа. Энэ зардал буурахад олон зүйл нөлөөлсөн. Илүү гардаг зардлуудыг бид хэмнэсэн. Зах зээлээс олж авдаг сэлбэг, бараа материалыг аль болох хямд үнээр, болж өгвөл үйлдвэрлэгчээс нь авахыг эрмэлзэж ирсний үр дүнд эдгээр хэмнэлт гарсан гэж үзэж болно. Сүүлийн гурван жилийн хэмнэлтийн бодлогын үр дүнд 250 орчим тэрбум төгрөг хэмнэсэн. Илүү бүтээгдэхүүн гаргаж зах зээлээс олсон орлого, дотоодын хэмнэлтийн бодлогын үр дүн.
-Үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-49 хувийн хувьцааны асуудал бол тусдаа хувьцаа эзэмшигчдийн асуудал. Худалдаж авсан асуудал бидний асуудал биш. 49 хувийн эзэмшигч өөрчлөгдсөн гээд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт ороогүй. Эдийн засгийн хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлж, үр ашгаа дээшлүүлэх бодлогоор явж байна. Төрийн 51 хувь төрдөө байгаа. Хэн нэгэн хүнд өгсөн гэсэн мэдээллийг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй. Тийм ч учраас би ажлаа хийж байна.
-2016 онд хэдэн хүнийг ажлаас чөлөөлсөн бэ?
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт халаа сэлгээ хийгдээгүй. Үйлдвэрт 6092 ажилтан ажиллаж байна. Түүнээс 2016 онд 13 орос ажилтан өөрийн хүсэлтээр харилцан тохиролцсоны дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Гурван захирлын асуудал шийдэгдсэн. Бидний хийж байгаа ажил Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг. ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврын дагуу зохистой засаглалын зарчмын дагуу, олон улсын жишгээр зарим нэг бүтэц, газар нэгжийг өөрчилж нэгтгэсэн. Үүнээс болж хүн халагдахгүй. Мөн шинээр дарга нэмж томилох, ажлаас хүн чөлөөлсөн асуудал байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Да.Ганболд гэсэн хүн томилогдсон нь нээлттэй мэдээлэл. Улстөрийн асуудлыг “Эрдэнэт” үйлдвэрээс хол байлгахыг ажилчдын хүсэлтээр дамжуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин