
С.УЯНГА, Д.ЦЭРЭННАДМИД
Батлан хамгаалах их сургуулийн дарга цэрэг, багш, оюутан гэлтгүй бүгд л өрнүүн их ажилтай байна. Гаднах талбай дээр сургуулийн сүлд “Номын далай их сургууль минь” дууг дүрсжүүлэх зураг авалт, сонсогчдын бэлтгэл сургуулилт хэдийнэ жигдэрчээ. Мөн төгсөгчдийг хүлээн авах, шилдэг багш, тэнхим, төвийн шалгаруулалт гээд ажил алба ихтэй хүмүүсээр дүүрэн. Арга ч үгүй биз. Ардын хувьсгалтай нас чацуу сургуулийнхан энэ намар түүхт 95 жилийн ойгоо угтаж буй юм. Мөн багш нарын баярын өдрийг угтан эрдэм мэдлэг, хийсэн бүтээснээ дэлгэн үзүүлж буй багш нарыг харахад ажил үйлс, өргөсөн тангарагтаа үнэнч нь аяндаа илт.
Улс орны аюулгүй байдлыг батлан даах үйлсэд Батлан хамгаалах их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар 70000 гаруй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж эх орондоо “өгсөн” түүхтэй. Өнөөдөр ч Монгол Улсын аюулгүй байдлын манаачдыг энэ л сургууль эгнээнээсээ төрүүлсээр байна. Мөн дунд сургуулиас эхлэн цэргийн боловсрол олгож, докторын сургалт явуулдаг онцлог сургууль гэж хэлж болно.
Үүх түүхээр баялаг энэ сургуулийн эрдэмтэн багш нарыг Монголын багш нарын өдөрт зориулсан “Амьдралын тойрог”-ийн тусгай дугаартаа онцолж байна.
БАГШ ХИЙСЭН АЖЛАА МЭДЭЭЛЛИЙН БААЗАД БАЙРШУУЛАХГҮЙ БОЛ ХӨДӨЛМӨР ҮНЭЛЭГДЭХГҮЙ
Батлах хамгаалахын их сургуулийг хошууч генерал Я.Чойжамц удирдан чиглүүлж явна.
Түүхт ой, багш нарын баярыг угтсан олон арга хэмжээ, бүтээлч ажил давхацсан өдрөөр нь саатсан юм. Батлан хамгаалах их сургуулийг орчин үе, боловсролын шинэчлэлтэй хөл нийлүүлж, хөгжлийн түүчээ болоход нь удирдан жолоодож яваа хүмүүс бол яах аргагүй сургуулийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Сургалт хариуцсан дэд захирал хурандаа Д.Баасандамба, Тамгын хэлтсийн дарга хурандаа Ө.Батмөнх, Боловсрол сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Наранжамц нараас эхлээд сургуулийн эд эс болсон 250 гаруй эрдэмтэн багш нар. Тэд 3000 гаруй суралцагч зургаан бүрэлдэхүүн сургуультай Батлан хамгаалах их сургууль хэмээх нүсэр айлын гол цөм болж буй. Сургуулийн бүтэц зохион байгуулалт түүхийн явцад 6-7 удаа шинэчлэгдэж ирсэн бөгөөд албан ёсоор Батлан хамгаалах их сургууль нэртэй болоод 20 гаруй жил болж байгаа юм.
Бид нэн тэргүүнд сургуулийн сургалтын чанар, шинэчлэлийн ажлыг сонирхохоор Боловсрол сургалтын хэлтсийн дарга доктор Н.Наранжамцтай уулзсан юм. Тэрээр “Манай сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа улс орны тусгаар тогтнолыг хангах эрхэм зорилгоор шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг. 1990-ээд оны дунд үеэс боловсролын шинэчлэлийн давалгаа эхэлж БХИС-ийг бүтцийн хувьд нийцүүлж иргэн цэргийн хосолмол шинж бүхий сургууль болж өөрчлөгдсөн. Сүүлийн гурван жилд шинэчлэлийг гүнзгийрүүлэх шатанд явж байна. Батлан хамгаалах бол дан ганц цэргийн боловсрол олгох биш хууль эрхзүй, инженер гэх зэрэг иргэний чиглэлээр өндөр боловсрол олгодог. Их сургуулийн захирлын эрх үүргийг менежментийн хувьд боловсронгуй болгож өгсөн. Энэ нь их сургуулийн дархлааг сайжруулахад маш хэрэгтэй зүйл болсон. Хөтөлбөрийн шинэчлэлийг сүүлийн 2-3 жил хийсэн. Өмнөх хөтөлбөрүүддээ дүн шинжилгээ хийх, суралцагчдын чанарт анхаарч, шинэ хөтөлбөр нээх эх сурвалжуудаа бий болгох ажлыг хийлээ. Магистр, докторын хөтөлбөрийн тоог нэмж өгсөн. Цэргийн нэгдсэн сургуулиар дамжин гарч байгаа бол цэргийн ухааны бакалавр мэргэжлийн гэхээсээ илүүтэй ерөнхий офицерын хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх зорилт тавьж байна. Хоёр жилийн дараа эхний бүтээгдэхүүн гарна. Сайн хөтөлбөрийг сонгож орж ирсэн сайн элсэгч байгаа учраас маш чадварлаг багшлах бүрэлдэхүүн шаардлагатай. Тиймээс багшийг хөгжүүлэх, заах ур чадварыг нэмэгдүүлэх, урамшуулах чиглэлээр анхаарч байна” гэсэн юм.
Тус сургуулийнхны нэг ололт, сүүлийн жилүүдэд боловсролын шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлсэн гол зүйлүүдийн нэг бол элсэгчид их сургуулийг сонгож орж ирдэг байсан бол хөтөлбөрийг сонгодог болжээ. Өөрөөр хэлбэл, их сургууль брэнд хөтөлбөртэй болсон байна. Мөн багш суралцагч хамтдаа хөгжих ёстой гэсэн зарчмыг баримталж сүүлийн үеийн техник технологийг ашиглах, урт богино хугацааны гадаад дотоодын сургалтад багш нараа тогтмол хамруулдаг байна. Гадаадад жилд 40-60 багш явуулж мэргэжлийг дээшлүүлэхээс гадна сургууль дээрээ ч багшлах эрхийн сургалт, багш нарын хөдөлмөрийг үнэлэх кредит тогтолцоог нэвтрүүлсэн гэнэ. Ингэснээр зөвхөн суралцагчаа үнэлж байсан бол өнгөрсөн жилээс их сургуулийн цахим үнэлгээний системээр багш нар хийсэн ажлаа мэдээллийн баазад байршуулахгүй бол хөдөлмөр нь үнэлэгдэхгүй болжээ. Үүний ач холбогдлыг доктор Н.Наранжамц “Багш нар суралцагчаас үнэлгээ авна. Зайны сургалт зэргээр суралцагчдад академик эрх чөлөөг олгож байна. Боловсролд хил хязгаар байхгүй гэж үзсэн. Гадаадаас ч сонгож сурч болно. Одоогоор гадаадын 20 орчим улстай хамтарч ажиллаж байна. ОХУ, АНУ, Япон Солонгос, Энэтхэг, Герман, Туркт сонгон шалгаруулалтаар жилд 80-100 оюутан сурдаг” хэмээн тайлбарласан юм.
Батлан хамгаалах их сургууль ойгоо угтаж олон ажил хийсний нэг нь өнгө төрх, сургалтын орчныг өөрчилж шинэчилж чаджээ. Биеийн тамир спорт цогцолборын төв, ирээдүйн төр цэргийн зүтгэлтнүүдийг бэлтгэх “Тэмүүжин Өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулжээ. Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг сургууль дээрээ бие дааж хэрэгжүүлсэн байна. Гэхдээ хуучны зориулалттай хичээлийн байр цөөнгүй байгаа бөгөөд сургалтын орчныг төгөлдөржүүлэх шаардлага бий. Батлан хамгаалах салбарын менежерүүд сайн орчинд сурч боловсрох хэрэгтэй гэдгийг багш нар хэлж байсан юм.
“Тэмүүжин Өрлөг”-ийн суралцагчдын дүрэмт хувцсыг Монгол ардын хувьсгалт цэрэг буюу 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан баатруудын өмсч явсан хувцаснаас загвар болгож хийсэн нь сургуулийн бас нэгэн өвөрмөц онцлог аж.
АХМАД БАГШ НАРЫН АЛТАН ДУРСАМЖ ЭНЭ СУРГУУЛИЙН ТҮҮХ
БХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн багш нар сургуулийнхаа түүхт 95 жилийн ой, Монголын багш нарын баярын өдрийг угтан төрөлх сургуулийнхаа дурсамж, дурдатгал, хөгжил дэвшлийн талаар ярилцаж байна.
Батлан хамгаалах их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг Цэргийн нэгдсэн сургууль ирээдүйн офицер ахлагч нарыг бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ, Аюулгүй байдлыг хангах сургуулиудад боловсон хүчин “нийлүүлдэг” гол сургуулиудын нэг. Сургуулийн захирал хурандаа Ж.Цэрэнчимэдийн хэлснээр тус сургууль 80-аад багш, 150 гаруй үндсэн офицер ахлагчтай. Тэдний дотор 3-5 жил ажилласан залуу багш олон. ОХУ-д академи төгсч, мэргэжил дээшлүүлсэн докторын зэрэг хамгаалсан багш нараар багшлах бүрэлдэхүүнээ бэхжүүлж байгаа. Ер нь цаашид судалгааны сургууль болох зорилт тавьж байгаа гэнэ. Энэ сургуулийн бас нэг онцлог нь Аюулгүй байдлын сургуульд мэргэжлийн суурь хичээлээ эзэмшээд Цэргийн нэгдсэн сургуульд ирж мэргэшдэг. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний шатласан сургалт явуулдаг гээд давуу талтай. Дээр дурьдсанчлан сургуулийн үе үеийн төгсөгчид түүхт ойгоо тохиолдуулан төрөлх сургууль дээрээ ирж дурсамжаа хуучилж байна. Тэдний нэг бэлтгэл хурандаа Б.Мягмар “Би 1975 онд Цэргийн Ерөнхий дээд сургууль байхад нь сурч төгссөн. Цэргийн хуаранд дөрвөн жил алба хаагаад төгсч байлаа. Түүнээс хойш армийн анги салбарт салаа ротын даргаар ажиллаж байгаад ОХУ-д сурч ирээд төрөлх сургуульдаа багшилсан. Мөн яам, жанжин штабт ажиллаж байгаад 2010 оны дундуур сургуулийнхаа Ерөнхий цэргийн тэнхимийн дарга, багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Сургуульдаа зохих ёсны албан тушаалд үе үеийн дарга нартай гар нийлэн сайхан ажилласан. Сургуулийнхаа түүхт ойг угтан сургууль дээрээ ирж дурсамж сэргээд сайхан байна. Сургууль маань хөгжиж дэвшээд сайхан болсон байна” гэсэн юм. Мөн гавьяаныхаа амралтад гарсан ч өдгөө сургуульдаа багшилж байгаа бэлтгэл хурандаа, хүндэт холбоочин Ч.Энхтөр “Энэ сургуулийн үе үеийн багш, төгсөгч нартаа баярын мэнд хүргэе. Би бол сургууль минь миний гэр гэсэн сэтгэлээр бэлтгэж гаргадаг байсан үеийн бүтээгдэхүүний нэг. ЗХУ-д төгсч ирээд ахлах багш тэнхимийн эрхлэгч байлаа. Сүүлд гавьяаныхаа амралтад гарсны дараа эргээд сургуулийнхаа Цэргийн холбоо радио техникийн тэнхимд багшилж байна. Төрийн буянаар олон сургууль төгссөн байдаг. Түүнийхээ өрийг төлөх юмсан гэсэн бодлоор багшилж байна. Зэвсэг техникийг ашиглах тухайд мастерын түвшинд ажиллуулдаг боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна. Анх сурч, багшилж байсан үеийг бодоход манай сургууль маш сайхан хөгжсөн. Бидний амьсгалыг хүртэл тоолж чаддаг мундаг хүмүүс цэргийн эрдэм зааж сургасан. Хүний төлөө ажилладаг хүмүүсийн залгамж холбоог алдчихгүй юмсан хэмээн хичээн ажиллаж байна” гэсэн юм. Энэ сургуульд ахмад дунд үеэс гадна залуу багш цөөнгүй бий. Тэдний нэг ОХУ-ын Омск хотод сургууль төгсөөд ирсэн дэслэгч П.Ганхуягийн сэтгэгдлийг сонсоход “Багшлаад жил гаруй болж байна. 2004 онд ахлагчийн сургуулийг төгсөөд ОХУ руу хуягт танкийн мэргэжлээр сурахаар явсан. Одоо Цэргийн нэгдсэн сургуульд Зэвсэг галт хэрэглэлийн тэнхимд багшилж байна. Залуу багш нар ихэнхдээ техник, мэргэжлийн чиглэлээ мэдээд байгаа хэрнээ заах аргазүйн тал дээр дутагдалтай байдаг. Сургуульд багшлах шалгуур өндөр ч зэвсэгт хүчинд ашиглаж байгаа болон шинээр нэвтрэх техникийн тал дээр боловсорч ирсэн минь давуу тал байх. Шинэ үеийн зэвсэглэлийн тал дээр мэдлэг чадвартай болсон. Хуягт танкийн ихэнх техник шахсан хийгээр ажилладаг. Манайд нэвтрээгүй байсныг өөрчилж зөөврийн конпрессор бүтээсэн. Аккумляторын батерей хэрэглэхгүй 12 цилиндртэй хөдөлгүүрийг шахсан хийгээр асаасан. Энэ бүтээлээрээ олон уралдаан тэмцээн инновацийн бүтээлд түрүүлсэн” гэлээ.
Дэслэгч П.Ганхуяг Омск хотод хуягт танкийн мэргэжлээр төгсч ирээд Цэргийн нэгдсэн сургуульд багшилж байна.
БХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургууль цэргийн анхан шатны боловсрол олгож байгаа, 21 аймаг, сумаас шилж сонгосон 350 суралцагчтай шалгуур өндөр сургууль юм. Сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг “1921 онд байгуулагдсан их даргын сургуулиас дөрвөн жилийн дараа Хатанбаатар Магсаржав Цэргийн ерөнхий сургуулийн дэргэд 10-15 насны хөвгүүдээс бүрэлдсэн Сүхбаатарын нэрэмжит сургууль байгуулсан. Энэ сургууль 1937, 1943 онуудаар дамжиж 21 дүгээр зуунд 2010 онд БХИС-ийн харьяа “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургууль болж өргөжсөн түүхтэй. Төрөөс цэргийн дунд сургуулийг орхиогүйн түүхэн залгамж чанарын илрэл. Долоо дахь жилдээ 350 суралцагч, 60 гаруй багш ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Төр засгаас хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн нэг том алхам бол энэ сургуулийг байгуулсан явдал. Материаллаг болон оюун санааны таатай орчинд сургаж байна. Анхны төгсөлтийн 28 хүүхэд гадаад дотоодод сурч байна. Их сургуулийн удирдлага төгсөгчдөд анхаарал тавьж их сургуульдаа элсүүлэхэд нааштай ханддаг” гэв. Суралцагчдын дүрэмт хувцсыг Монгол ардын хувьсгалт цэрэг буюу 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан баатруудын өмсч явсан хувцаснаас загвар болгож хийсэн нь сургуулийн нэгэн өвөрмөц онцлог аж.
Бид сургуулийн гол хичээл Биеийн тамирын багш гимнастикийн спортын мастер Д.Нэргүйбаатартай уулзсан юм. Тэрээр 2011 онд МУБИС-ийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн энэ сургуулийн залуу багш нарын нэг. Д.Нэргүйбаатар “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуульд дөрвөн жил ажиллаж байна. Өндөр шаардлага, бэлтгэлжилттэй хичээл ордог. Сонгон шалгаруулалтаар орж ирсэн бие бялдар сэтгэхүйн өндөр хөгжилтэй хүүхдүүд байдаг учраас тэсвэр хатуужилтай, бие хүн гэдгээ дийлж сурах идэвх нь өндөр байдаг. Хувь хүний хөгжил, цэрэгжилтийн хичээл давхар ордог” гэсэн юм.
Мөн бидний сайн мэдэх Г.Өсөхбаяр аваргын эгч Г.Наранчимэг математикийн хичээл заадаг. Тэрээр “Боловсролын салбарт 34 жил ажилласан. Харин энэ сургуульд тав дахь жилдээ багшилж байна. Ирээдүйн цэргийн хүмүүсийг бэлтгэдэг учраас багш нарын хувьд нэр хүндтэй алба юм. Дандаа өсвөр насны хөвгүүдтэй ажилладаг учраас хариуцлагатай, огт өөр орчин байдаг. Бие бялдар хүнтэй харьцах харилцаа гээд эмх цэгтэй, багаасаа цэргийн эрдэмд шамдсан учраас хүмүүжил төлөвшил, сурах арга барил өөр хүүхдүүд байдаг. Хичээлээс гадуур ЕБС-иудын дундах тэмцээн уралдаанд хүүхдүүдээ бэлтгэдэг. Хүүхдүүд маань ч амжилттай оролцдог” гэсэн юм. Өмнө нь Архангай, Налайх, Нийслэлийн тэргүүний 14 дүгээр сургуульд багшилж байсан Г. Наранчимэг багш Алтангадас одонгоор энгэрээ цоолсныг сургуулийн багш нар нь бахархан хэлж байв.
ШИЛДЭГ БАГШИЙН ШАЛГАРУУЛАЛТАД 17 ЖИЛ БЭЛТГЭЖЭЭ
Багш нарын баярын өдрийг угтан уламжлал ёсоор нийт багшлах бие бүрэлдэхүүн шилдгүүдээ шалгаруулаад зав муутай байна. БХИС-ийн номын сангийн зааланд бүрэлдэхүүн сургуулиас шалгарч ирсэн багш нар бүтээлээ дэлгэжээ. Тодруулбал, бүрэлдэхүүн сургуульдаа эхний шалгаруулалтад орж тэнцсэн нь эцсийн шатанд хоорондоо хүч үзэж байгаа юм. Өнгөрсөн жилийн шалгаруулалтын маргаашаас эхлээд бүтэн хичээлийн жилд авьяас, ур чадвараараа өрсөлдсөн багш нарын хөдөлмөр бүтээл заалны нэгээс нөгөө зах хүртэл үргэлжилнэ. Энэ утгаараа жил бүр тэнхим, багш нарын хувьд нэлээд өрсөлдөөнтэй,ширүүхэн тэмцээн болдог байна. Оны тэргүүний тэнхим төв, шилдэг багш, залуу багш нарын эцсийн шалгаруулалтын талаар Боловсрол сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Н.Цогтгэрэл “ Зохион байгуулах комисс нь төв сургуулийн удирдлага, боловсрол сургалт, эрдэм шинжилгээ инновацийн хэлтсээс томилогдсон. Аль нэг бүрэлдэхүүн сургуулиас ороогүй хараат бус шүүгчтэй. Оны тэргүүний тэнхим нь сургалтын агуулга технологийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн ажил үйлчилгээ, сургалтын орчин, эрдэм шинжилгээ, сонсогч оюутан руу чиглэсэн ямар ажил хийсэн гэх зэрэг таван ерөнхий шалгуур дотроо олон дэд шалгууртай. Мөн тэнхимийн дотоод ажлыг дүгнэдэг. Шилдэг багш, залуу багшийн хувьд заах арга зүй, ур чадвар, төлөвшил, сургалтын хэрэглэгдэхүүн, технологийн шинэчлэл эрдэм шинжилгээ судалгааны ажил, олон нийтийн ажил зэргийг голчлон дүгнэдэг” гэсэн юм. Шилдгээр шалгарсан тэнхим, багш нарт мөнгөн урамшуулал, ажиллах нөхцөлийг нь сайжруулах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэхээс гадна олон боломж нээгддэг гэнэ. Хамгийн чухал нь сургууль дотор, оюутнуудын дунд нэр хүндийн асуудал байдаг нь сайхан гэдгийг шалгаруулалтад орсон багш нар хэлж байна.
БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Инженер-механикийн тэнхмийн ахлах багш, доктор, профессор Ц.Алтансувд тус сургуульд 25 жил багшлахдаа “Монгол Улсын төлөө” гэсэн тангарагтай олон зуун шавьтай болсон хүн. Тэрээр “Цэргийн хээрийн нөхцөлд усыг цэнгэгжүүлэх төхөөрөмжийг сайжруулах нь” сэдэвт бүтээлээр докторын зэрэг хамгаалжээ.
Эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн багш болгон л шилдэг болохын төлөө хичээж бүтээлээ нарийн нямбай бэлтгэн танилцуулж байв. Энэ үеэр Аюулгүй байдлын сургуулийн багш нарын бүтээлийг сонирхсон юм. Тус сургуулийн багш К.Гэрэлчимэг шилдэг багшийн шалгаруулалтад оролцохын тулд 17 жил бэлтгэжээ. Анх оператор, мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн тэрээр өнгөрсөн хугацаанд 20 гаруй ном сурах бичиг боловсруулж, 10 гаруй эрдэм шинжилгээний бүтээл өгүүлэл бичсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд сургуулийнхаа багш нарт заах аргазүйн сургалт явуулж байгаа аж. К.Гэрэлчимэг “Би шилдэг багшийн шалгаруулалтад орохын тулд 17 жил бэлтгэсэн. Боловсруулсан ном сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүллээс гадна шавь нарынхаа мэдлэг чадварт оруулсан хувь нэмрээрээ өрсөлдөж байна” гэсэн юм.
Харин Аюулгүй байдлын сургуулийн Холбоо электроникийн тэнхимийн багш Л.Бямбажаргал шилдэг залуу багшид өрсөлдөж байгаа юм. Тэрээр “Би гурав дахь жилдээ багшилж байна. Манай тэнхим цэргийн холбооны инженер, радио техникийн команд, зенитийн пуужин автоматжуулалт зэрэг үндсэн таван хөтөлбөрөөр офицеруудыг бэлтгэдэг. Оюутнуудад мэргэжлээ сонгох боломжийг олгосноор их, дээд сургуулиудын боловсролын чанарын шинэчлэлтэй хөл нийлүүлж байгаа. Шилдэг залуу багшид хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон оюутан болон миний өөрийн илтгэлүүд, олон улсын тэмцээнд эхний байр эзэлсэн бүтээл, хичээлийн бусад материалуудаа дэлгэсэн. Сургуулиасаа шалгараад эцсийн шалгаруулалтад орно гэдэг нэр төрийн хэрэг. Залуу багш нарт маш их урам зориг өгдөг” гэсэн юм.
Аюулгүй байдлын сургууль өнгөрсөн жилээс бие дааж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжилтнүүдийг бэлтгэдгээрээ онцлогтой. Тус сургуульд 1700 орчим оюутан, 90 гаруй багш ажиллаж байна.
Ийнхүү 95 жилийн түүхт ойтойгоо золгож байгаа боловсролын салбарын ууган сургуулиудын нэг, БХИС-ийн хамт олон, тэр дундаа өргөсөн тангарагтаа үнэнч, хүсэл зорилго нэгтэй эрдэмтэн багш нарт нь ойн баярын мэндийг хүргэхийн сацуу Монголын багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлье. Ажил нь өрнүүн, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин