Ц.Дашзэвэг: Бид агаараас хамгаалах цэргийг бэхжүүлэх ёстой

2016-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцах дараагийн эрхэм бол БХИС-ийн профессор, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг. Батлан хамгаалахын суурь хуулиудад орсон өөрчлөлтийг шинжлэх ухаан, практик судалгааны өнцгөөс нь тайлбарлах түүний ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалах суурь хуулиудыг 2015 болон 2016 онд УИХ-аар шинэчлэн батлав. Харин энэ баримт бичиг, хуулиудын төслийг боловсруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь цэргийн эрдэмтэн судлаачид, ажлын хэсгийнхэн байлаа. Хуулийн гол автор бол яахын аргагүй Та. Төслийг боловсруулж өргөн барихад хэдий хугацаа зарцуулав?

-Гол автор нь ч юу юм бэ. Харин оролцож ажилласан хүний нэг мөн үү гэвэл мөн. Хуулийн төслийг боловсруулах, батлуулах үйлсэд гар бие оролцсон. Батлан хамгаалах тухай хууль болон бусад хуулийг шинэчлэх шаардлага нь Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг 2015 онд УИХ-аар шинэчлэн батлагдсантай холбоотой. Батлан хамгаалахын бодлогын үндэс гэдэг баримт бичгийг цоо шинээр гаргаж ирээд шинэчилсэн бол биш л дээ. 1990-ээд онд Цэргийн номлол гэдэг нэртэйгээр анх удаа батлуулаад хэрэгжүүлж байсан. Дараа нь 1996 онд Төрийн цэргийн бодлогын үндэс гэсэн баримт бичиг болгон өөрчилж шинэчлэн батлуулсан. Мэдээж Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг 20 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэсэн учир энэ баримт бичгийг ч өнөөгийн хөгжлийн түвшинтэй уялдуулж шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Миний санаж байгаагаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь би орж ажилласан. Гэвч обьектив, субьектив олон шалтгаанаар тэр баримт бичгийн төсөл олигтой яваагүй. УИХ-д ч өргөн баригдаагүй. Тэрнээс хойш хэд, хэдэн сайд дамжиж байгаад 2015 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Батлан хамгаалах, эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэж Ажлын хэсэг байгуулагдсан юм. Үндсэндээ тэр Ажлын хэсгийн боловсруулсан төслийн үзэл баримтлалаар Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг УИХ-аар батлагдсан. Нэгэнт бодлогын үндэс баримт бичгээр батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэг хүчний хөгжлийн чиг хандлагыг цоо шинээр тодорхойлсон учраас одоо дагаж мөрдөж байгаа салбарын суурь хуулиудыг шинэчлэх шаардлага гарсан. Энэ үндсэн дээр 2015 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг бол богино хугацаанд эрчимтэй сайн ажиллаж төслүүдээ Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгчийн ажлын албаныхан үүнийг хянаж үзээд УИХ-д өргөн барихад хоёр парламент дамжин хэлэлцэж батлаад өнөөдөр хүчин төгөлдөр болж байгаа нь энэ.

-Бодлогын баримт бичигт батлан хамгаалах тогтолцоог шинээр томьёолсон. Суурь хуулиудаар үүнийг баталгаажууллаа. Шинэ томьёолол нь өөрөө шинэ зүйлийг хөгжүүлэх шаардлагыг гаргаж ирж байх шиг байна?

-Өнөөдөр батлан хамгаалах тогтолцооны үндэс нь юу вэ гэвэл нэгдүгээрт, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт. Хоёрдугаарт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин. Гуравдугаарт, нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаа. Энэ бол батлан хамгаалах тогтолцооны үндэс байна гэж цоо шинээр гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс геостратегийн байршил, эдийн засгийн боломж, хүний нөөц бүх зүйлүүдийг харгалзан үзээд батлан хамгаалах тогтолцооны үндэс бол энэ юм гэж тодорхойлсон гэсэн үг. Түрүүчийн баримт бичиг болон хуулиар ингэж томьёолж байгаагүй. Нэгэнт ингээд томьёолсон учраас батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх ажил эхлэх ёстой. Тэр дундаа нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтыг бүрдүүлэх их ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн том зарчмын шинэчлэл гэж хэлж болно.

-Тэгэхийн тулд Орон нутгийн хамгаалалтын тухай бие даасан тусгай хуулийн төсөл боловсруулан өргөн барих уу?

-Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гэж байгуулагдаад одоо эхний шатандаа явж байна. Батлан хамгаалах яамны төлөвлөгөөгөөр 2017 онд өргөн барих юм билээ. Шинэ хууль, шинэ зүйл учраас нэлээд ажил болох байх.

-Орон нутгийн хамгаалалт гэж чухам юу юм бэ?

-Үүнийг дараах байдлаар тодорхойлж болно. Нэгдүгээрт, орон нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой бие даасан хөгжил. Хоёрдугаарт, орон нутагт учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ. Гуравдугаарт, болзошгүй аюулаас хамгаалах арга хэмжээ гэж тодорхойлсон. Урьд нь батлан хамгаалах бодлого зөвхөн цэрэг, хүчний байгууллагад тулгуурлаж байсан бол өнөөдөр хүрээгээ тэлж орон нутаг руу чиглэж байна гэсэн үг. Батлан хамгаалах эрх ашиг бол орон нутгийн тогтвортой, бие даасан хөгжил байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, орон нутагт аюул учирсан тохиолдолд түүнээс хамгаалах арга хэмжээг орон нутаг өөрөө бие даан зохион байгуулах чадвартай байхаар зарчмын шинэ зүйл гарч ирж байна. Батлан хамгаалах тогтолцооны нэг хүчин зүйл Зэвсэгт хүчний тухайд мэргэжсэн чиг хандлагатай Зэвсэгт хүчин байгуулна гэсэн зорилт бодлого байсан бол өнөөдрийн хуулиар мэргэжсэн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ гэсэн томьёолол орж ирсэн. Энэ бол бас зарчмын шинэ заалт.

-Дайчилгааны тухай хуулийг батлан хамгаалах тогтолцоонд нийцүүлэн өөрчлөлт оруулах шаардлага гарч ирж байна?

-Дайчилгааны тухай хуулийг 1990-ээд онд УИХ-аар баталж, даган мөрдөгдөөд явж байна. Харьцангуй сайн хууль. Гэхдээ орчин цагт нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Тэр өөрчлөлтийг ойрын хугацаанд хийх байх гэж бодож байна. Энэ бол хүнд зүйл биш. Дараагийн асуудал бол батлан хамгаалах чадавхи гэдгийг хуулиар тодорхойлж өгсөн. Хуучин батлан хамгаалах чадавхийг эдийн засгийн чадавхи, хүн амын эрүүл мэнд, боловсролын түвшин, цэргийн байгууллагуудын чадавхиар илэрхийлэгдэнэ гэж зааж байсан бол үүн дээр нэмээд мэдээллийн хүчин чадал, мэдээллийн аюулгүй байдал байхаар тодотголоо. Мэдээллийн техник, технологийн өндөр хөгжил үүнийг зайлшгүй шаардаж байна.

-Батлан хамгаалахын эрх зүйн энэ том өөрчлөлт Зэвсэгт хүчинд шинэ үеийг эхлүүллээ гэж ойлгож болох уу?

-Цаашдаа дагалдах хуулиудыг шинэчилж батлуулчихвал нэгэн шинэ үе эхэлж байна гэж хэлж болно. Миний онцлох өөр нэг зарчмын асуудал бол төрийн цэргийн байгууллын тухай. Аливаа улс оронд цэргийн байгууллагууд нь нэгдмэл байх ёстой, ингэж гэмээнэ өөрийнхөө үүргийг биелүүлдэг. Өнөөдөр манайд Зэвсэгт хүчин Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд, хилийн цэрэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, онцгой байдлын байгууллага нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байна. Тэгвэл Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт төрийн цэргийн байгуулалд Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага байна. Энэ байгууллагууд цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн дүрэм, цэргийн цол хэрэглэх олгох журмаараа, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа ч нэгдмэл байхаар хуульчиллаа. Энэ бол чухал заалт. Дараагийн онцлох асуудал бол Зэвсэгт хүчний удирдлага гэдэг асуудлыг маш тодорхой болгож өгсөн. Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг нь УИХ хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны удирдлага гэж байна, үүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн сайд эрхэлнэ. Цэргийн захиргааны удирдлага гэж байх, үүнийг нь төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл ангиудын захирагч нар хэрэгжүүлэх бол цэргийн мэргэжлийн удирдлагыг төрөл мэргэжлийн цэрэг хэрэгжүүлнэ. Одоо Зэвсэгт хүчний удирдлагын чиг үүрэг хуулиар маш тодорхой болсон учраас давхардал, хийдэл гэж байхгүй болно.

-Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар алба хаагчдын нийгмийн хамгаалал руу чиглэсэн хэд, хэдэн заалт орсон гэсэн. Тухайлбал?

-Хуучин тогтолцооны үеэс эхлэн өнөөг хүртэл хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах орчныг бүрдүүлэхэд илүүтэй анхаарахаас биш тэнд ажиллах офицер, ахлагч нарыг орхигдуулж иржээ. Нуух аргагүй үнэн. Таван ханатай гэр барьж өгчихөөд “За ажилла” гэнэ. Сайн дураа хүрвэл цэрэг ор тавьж өгнө. Офицер, ахлагчийн алба хаах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх талд нь Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар нэлээд анхаарлаа. Цэргийн алба хаагчдын амьдрах орчныг ангийн захирагч нь тогтоож болохоор орууллаа. Дээрээс нь анги, байгууллага болон өөрийн мэдлийн орон сууцтай байна. Түүндээ офицер, ахлагчаа амьдруулна. Хэрэв офицер, ахлагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгоно. Алба хаагчид байнга оршин суух газартаа амины орон сууцтай болоход нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөлт үзүүлэх гэхчилэн хуулийг тогтож суугаад нарийн уншвал цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн нааштай олон заалт бий. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар болон Батлан хамгаалахын сайдаар батлуулах дүрэм, журам бий. Дүрэм, журам, нь батлагдахаар нийгмийн хамгаалал бодитойгоор шийдэгдээд явах учиртай.

-Цэргийн алба хаагчдын алба хаах дээд хугацааг хоёр жилээр нэмэгдүүлсэн. Энэ нь практик, судалгаанд үндэслэсэн шийдвэр байв уу?

-Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулсан, судалгаанд үндэслэсэн, олон улсын жишгийг ч давхар харсан. Мэдлэг, туршлагыг нь ашиглах боломжтой алба хаагчдыг насаар нь хязгаарлаад гаргаад байгаа нь эдийн засагт ч тэр, Зэвсэгт хүчний хөгжилд ч зохимжгүй. Тийм учраас алба хаах насны дээд хязгаарыг хоёр жилээр нэмсэн. Хуулиар ингэж тооцсон ч гэсэн тухайн алба хаагч тэтгэвэрт гарах насанд хүртлээ ажиллана гэсэн юм байхгүй. Хуулиар 20, 25 жил ажилласан бол тэтгэвэртээ гарч болно. Мэдлэг, ур чадвар, дадлагыг нь ашиглах үүднээс хоёр жилээр сунгасан нь ач холбогдолтой. Нөгөө талдаа өнөөдөр мэргэжил туршлага сайтай, нарийн мэргэжлийн алба хаагчдын ажиллах хугацааг таван жилээр сунгаж байна. Тэгвэл шинэчлэгдсэн хуулиар өндөр мэргэжлийн олон жил багшилсан эрдэмтэн судлаач багш эсвэл нарийн мэргэжлийн эмч нарыг тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрлээ гээд халах нь албанд хохиролтой гэж үзээд дахин сунгаж ажиллуулах болсноороо онцлог.

-Энэ жил тэтгэвэрт гарах алба хаагчид хоёр жилээр сунгагдах боломжтой биз дээ?

-Сунгаж болно. Өөрсдийн хүсэл сонирхлын асуудал.

-Монголын Зэвсэгт хүчин хуурай замын цэрэг, агаарын цэрэгтэй байхаар хуульчлагдсан. Энэ бүтцийн өөрчлөлтүүд хэзээнээс хийгдэх вэ?

-Шинэ оноос эхлээд шинэ бүтцэд шилжих болов уу гэж харж байна. Одоохондоо бэлтгэл ажил хангах том ажил бас байна. Гэхдээ би нэг зүйлд сэтгэл дундуур байгаагаа нуухгүй. Юу гэхээр агаарын цэрэг биш агаараас хамгаалах цэрэг гэж нэрлэх ёстой. Нэр нь оновчтой болоогүй гэж хэлэх байна. Агаараас хамгаалах цэрэг нь өөрөө маш их хөрөнгө хүч, шинэ зэвсэг техникт тулгуурлаж байж хөгжинө. Тэглээ гээд айж эмээгээд суулгүй зайлшгүй бэхжүүлж, хөгжүүлэх ёстой. Хөгжлөө гээд өргөс авсан юм шиг амархан бий болчихгүй, хугацаа шаардсан ажил байна байх.

-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин өөрсдөө эдийн засгийн чадавхи бэхжүүлэх ёстой гэж чуулганы индрээс хэлэх улс төрчид бий. Улс орны бүтээн байгуулалтад оролцох хэлбэрээс эхлээд л эдийн засгаа бүрдүүл гэх нь бий?

-Үүнтэй санал нэгддэггүй. Зэвсэгт хүчин өөрөө өөрийгөө тэжээнэ гэж байхгүй. Зэвсэгт хүчин бол төрийн байгууллага учраас оршин тогтнох үйл ажиллагааг хангах асуудлыг төр өөрөө хариуцах ёстой. Хэрэв эдийн засгийнхаа чадавхийг өөрөө бүрдүүлнэ гэвэл төрийн байгууллага биш болно. Ардчилсан, коммунист ямар ч улсад Зэвсэгт хүчнээ хөгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулж байна. Харин манайд эдийн засгаа өөрсдөө бүрдүүлэх ёстой гэж хааяа нэг дуугарах нь угаас утгагүй. Ингэж дуугарсныг нь хөхиүлэн дэмжиж, асуудал болгон яриад ч хэрэггүй. Харин тэр бүтээн байгуулалтад оролцоно гэдэг бол цаг үеийн асуудал. Гэхдээ Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын том үүрэг хүлээх нь зохимжгүй. Яагаад гэхээр Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүмүүс зөвхөн цэргийн хөдөлмөрөө эрхлэх ёстой. Цэргийн бус хөдөлмөр эрхлэх нь олон улсын эрх зүйгээр хориотой байдаг юм. Зөвхөн чиг үүргийг алдагдуулахгүй байх бүтээн байгуулалтад гар бие оролцохыг нь үгүйсгэхгүй. Үүнийг нь ч хуулиар тогтоогоод өгчихсөн.

-Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг бүхэлд нь харж үзвэл хэр сэтгэл хангалуун байна вэ, Та. Учир дутагдалтай зүйл заалт эсвэл дутуу орхигдуулсан зүйл байна уу?

-Дажгүй шүү. Хамгийн гол нь батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлд онцгой анхаарч ирсэн үе, үеийн сайд, төрийн түшээдэд талархах ёстой. Зэвсэгт хүчинд элэгтэй, чармайлт зүтгэлтэй түшээдийн хүчээр салбарын хуулиуд батлагдаж чадлаа. Жишээлбэл, Ж.Энхбаяр, Н.Энхболд, Л.Болд, Ц.Цолмон, Д.Дэмбэрэл, М.Батчимэг гээд алсыг харсан, нарийн мэдрэмжтэй улс төрчдийг нэрлэмээр байна. Энэ хүмүүсийн сэтгэл, зүтгэл хойшдоо ч манай салбарт хэрэгтэй.

-Шинээр батлагдсан дөрвөн хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдснээс 10 хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Миний ойлгосноор энэ долоо хоногийн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хуулиуд хэвлэгдэх сураг байсан шүү.

-Удахгүй УИХ-ын намрын чуулган эхлэх гэж байна. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцэн батална. Шинэ хуулиудын хэрэгжилттэй холбоотой төсөв салбарын багцад нэмэгдэх болов уу?

-Манай улсын эдийн засаг амаргүй байна. Хүнд, хямралтай байхад нь Зэвсэгт хүчин улам хүндрүүлмээргүй байна. Урьд жилүүдийн явж ирсэн түвшингээр гүрийхээс өөр арга байхгүй. “Шинэ хууль батлагдлаа. Бүтцийн өөрчлөлт дагасан тийм төсөв хөрөнгө нэмж өг” гээд байх нь өөрөө зохимжгүй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий, адууныхаа хэрээр исгэр” гэдэг шиг эдийн засгаа тогтворжиж сэргэтэл бид тэвчих ёстой.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, Д.Болормаа

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

17 цаг 30 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин