
Д.БОЛОРМАА
Даян дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэгч энхийг сахиулагч охид, хөвгүүд маань энэ сард эх орондоо ирэв.Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тэднийг төр засаг нь шагнаж урамшууллаа.Түмэн олон нь бахархан магтав.Монгол цэргийн нэр хүндийг дэлхий дахинаа өндөрт өргөөд ирсэн олон зуун энхийг сахиулагчдынхаа нэгэн төлөөллийг энэ удаагийн дугаартаа онцолж байна.Онцлох эрхэм маань Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан.
Зэвсэгт хүчнийхэн түүнийг “Марш тактикийн тэмцээний аварга Н.Баасан” гэдгээр нь андахгүй.Энхийг сахиулах ажиллагааны Н.Баасан гэж онцлох нь ч бий.Олон удаа ажиллагаанд оролцсон тэрээр цэрэг хүний эзэмшвэл зохих олон шалгуурыг өөртөө шингээсэн гэмээр цог золбоо дүүрэн залуу байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулсан, энхийг сахиулах ажиллагаанаас ирээд удаагүй байгаа гээд ярьж хөөрөх сэдэв ихтэй энэ эрхмийнх Хан-Уул дүүрэг дэх Энхийг сахиулагчдын байранд төвхнөөд 6 жил болж байгаа аж.
Гэрт нь ороход “Аавдаа баяр хүргэе, та шагналаа авчихсан уу” гээд угтах охидууд бол Алтанзул, Ариунзул, Аминзул нар байлаа.“Охид аавтайгаа илүү адилхан байдаг” гэх ойлголтыг батлах гэсэн юм шиг зүс ижилссэн хөөрхөн охидтой айлын гэрийн эзэгтэйг Б.Уранчимэг гэдэг, ахлах ахлагч цолтой Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажилладаг.
Б.Уранчимэгийн хувьд Зэвсэгт хүчиндээ буудлагын спортын төрлөөр амжилттай яваа шилдэг боловсон хүчин. Мэргэн буудагчийн хэд, хэдэн удаагийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө авч байсан тэрээр энэ амралтын өдрөөр БХИС-аас зохион байгуулах “Мэргэн буудагч” тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаагаад тун их завгүй байгаа гэнэ. Гэхдээ эр нөхөр нь ажиллагаанаас ирж халуун ам бүлээрээ цугласан байгаа учраас бэлтгэлээ хааяа нэг “тасалдуулах” тохиолдол байгаагаа нуусангүй.Гэр бүлээрээ эх орноо батлан хамгаалах эрхэм бөгөөд ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа олон залуусын маань нэг нь Н.Баасангийн гэр бүл юм.
-Та аль нутгийнх бэ?
-Төв аймгийн Батсүмбэр сумынх.Өнгөрсөн баасан гаригт БНӨСУ-аас сүүлийн ээлжээр эх орондоо ирлээ.Ирсэн өдөр ээж маань хагалгаанд орсон.Аз болоход аюул хол өнгөрч, одоо сувилалд хэвтэн эмчлүүлж байна.Харин ирснээсээ хойш батальоны шагнал авах бэлтгэл болон бусад ажил таараад аавдаа очиж золгож амжаагүй явна. Өнөө оройдоо хөдлөх санаатай байна/өнгөрсөн мягмар гариг/. Миний хувьд эцэг эхээс наймуулаа.Таван эмэгтэй, гурван эрэгтэй хүүхэдтэй айл.Аав маань насаараа тээврийн жолооч хийсэн сайхан буурал бий.Одоо ач зээ нараа хараад нутагтаа сууж байна даа.
-Батальоноороо элэг бүтэн эх орондоо ирлээ.Одоо л бүтэн амьсгаа авч байна даа гэж танай багийн удирдлагууд онцолж байсан.Хүн хариуцаж ажиллана гэдэг маш том хариуцлага шүү дээ?
-Үнэхээр тийм.Ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй болох тусам бид зөв оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах учиртай.Энэ эрхэм үүргээ амжилттай биелүүлээд өнөөдөр таньтай батальоныхоо амжилт бахдалыг хуваалцаад сууж байгаадаа баяртай байна.850 цэргийн алба хаагчийн гэр бүлд янз бүрийн зүйл тохиолдоно.Шинэ хүн мэндлэх эсвэл үхэл хагацал тохиолдох зэрэг сайн, муу янз бүрийн юм л тохиолдоно.Тэр бүхэнд сэтгэл санааг нь хуваалцаж, зарим тохиолдолд тайвширтал нь ажлаас түр чөлөөлөх гээд удирдлагуудын зүгээс анхаарч ажиллана.Би нэг зүйлд их баяртай байдаг.Юу гэхээр манай батальон атгасан гар шиг цул байж, нэгнээ ойлгож, дэмжиж, тэтгэж ажилласан.Батальоны захирагч, хурандаа Б.Баатар дарга маань хүний төлөө сэтгэлтэй сайн удирдагч.Зөөлөн юм шиг атлаа ажил дээрээ хатуу, амьдралын аливаа асуудал, хувь хүнд нь аядуу ханддаг хүн.
-Танай батальон харуул хамгаалалтыг хариуцах үндсэн үүргээсээ гадна хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулсан байх аа?
-Манай батальон хэд, хэдэн чиглэлээр оновчтой ажил зохион байгуулсны нэг нь Лийр тосгонд цэргийн рот байрлуулсан явдал байлаа.Энд хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг газар.Хулгай, дээрэм, хүчирхийлэл хамгийн ихээр үйлдэгддэг газар учраас харуул хамгаалалтыг заавал байгуулах шаардлага байсан.Мэдээж Монголын батальон ротоо байрлуулаад цагийн байдал тогтворжиж, хүчирхийлэл багассаны дараа Ганны батальонд энэ ажлаа хүлээлгэж өгсөн.Орон нутгийн иргэдийн хувьд маш их талархаж байсан.НҮБ-ын цэрэг цаашлаад монголын цэрэг бидний аюулгүй байдлыг хангаж байгаад баярлалаа гэдгээ илэрхийлж байсан.Лийрт ротоо байгуулснаар тухайн тосгонд НҮБ-ын тусламж дэмжлэг ч очих боломж нээгдсэн.Харин хүмүүнлэгийн чиглэлээр хийсэн ажил гэвэл их бий.Тухайлбал, Парианг суурингийн дунд сургуулийн барилгыг засварлаж, тохижуулах ажлыг өөрийн санхүүжилтээр хэрэгжүүллээ.Энэ бүтээлч ажлыг манай инженерийн салааны бүрэлдэхүүн хагас сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.Хичээлийн байрны хана, тааз, хаалга, танхимийн ширээ, сандал, шалнаас эхлээд гадна орчны тохижжилт, зүлэг мод суулгах, бие засах байрыг шинээр барих гээд олон төрлийн ажлыг цогц байдлаар шийдэж хэрэгжүүлсэн.Мөн Бентью-гийн эмнэлгийг засварлаж шинэчилсэн гээд хүмүүнлэгийн чиглэлээр хийсэн ажил их бий” хэмээн онцлов.
Н.Баасан энхийг дэмжих ажиллагаанд дөрвөн удаа оролцсон, Зэвсэгт хүчний “Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн” болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс олон удаа алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тэсвэр хатуужлын илэрхийлэл болсон шилдэг боловсон хүчин гэдгийг илтгэх одон медаль гэрийнх нь хойморьт өлгөөтэй байв. Түүний бахархан дурсах ёстой нэг зүйл бол Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тухай ажээ.Ажил амьдралын гараагаа энэ ангиас эхэлж, халамжит ханьтайгаа энэ ангид учирч, цэргийн олон эрдэм ухааныг энэ ангийн удирдлагуудаас эзэмшиж чадсан гээд түүнтэй холбоотой сайн сайхан үйлс, дурсамж бүхэн элитийн батальонтой холбоотой гэлээ.
Ийнхүү биднийг хөөрөлдөх зуур гэргий Б.Уранчимэг Төв аймгийн Батсүмбэр явах бэлтгэлээ үндсэндээ хангаж дуусчээ.Тэрээр нөхрөөсөө дутахгүй цэргийн албандаа нэр хүндтэй, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай аж.
Ийн ажиллагааны газар орноос ирээд удаагүй энхийг сахиулагчийн гэрт инээд баяр хөөр цалгиж, түүнтэй уулзахаар ах дүү, хамаатан садан, найз нөхдийнх нь цуваа ч тасарсангүй. Монгол Улсын Зэвсэгт хүчинд Н.Баасан шиг олон мянган дайчид эх орныхоо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаад талархнам.
Энэ дашрамд онцлоход, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх үе, үеийн Мотобуудлагын ба¬тальон нь НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, барилга байгууламж, техник, тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, мөргөлдөөнийг намжаах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэг хураах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр иржээ. Монгол цэргийн нэр хүндийг нутгийн оршин суугчид төдийгүй, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа улс орнуудын цэргийн алба хаагчдын дунд өндөрт өргөн өөрийн байр сууриа баттай эзлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал нь болсоор байна.Өдгөө тэдний орыг залгаж хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны газар оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Эх сурвалж: www.polit.mn