Ц.Цолмон: Батлан хамгаалахын хөгжлийн шинэ үеийг бичилцсэндээ баяртай байдаг

2016-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

2015-2016 он Батлан хамгаалах салбарын хувьд хууль, эрх зүйн шинэчлэлийн оргил үе болж байна. Энэ онуудад  Батлан хамгаалахын сайдаар ажилласан эрхэм бол УИХ-ын гишүүн асан Ц.Цолмон. Улс төрийн түвшиндээ нэгдмэл ойлголцолд хүргэж, хууль тогтоогчдыг Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн  шинэчлэлийг дэмжүүлэхийн төлөө түүний хийсэн ажил их. Дипломатч Ц.Цолмонтой ярилцлаа.

-Юуны өмнө танд талархал илэрхийлмээр байна.Шинээр бүрдсэн УИХ ээлжит бус чуулганы хуралдаанаар Батлан хамгаалах салбарын суурь хуулиудыг шинэчлэн эцэслэн баталлаа.Таны хувьд энэ хуулиудыг УИХ-ын эцсийн хэлэлцүүлгээс бусад ачааг нь үүрч дараагийн сайдад хүлээлгэн өгсөн шүү дээ?

-Миний хувьд батлан хамгаалах хэмээх шинэ цагийн бахархал болон гялалзаж яваа хийморьлог энэ сайхан салбарын сайдаар ажилласандаа бахархдаг.Шийдлийн Засгийн газарт ажиллах хугацаандаа мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Батлан хамгаалах салбарынхан бид хамтдаа хичээн ажилласан.Бидний хамгийн том амжилт бол салбарын эрх зүйн шинэчлэл байлаа.Салбарын эрх зүйн шинэчлэлийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төвшинд шийдүүлж чадсан.Өнөөдөр тэр шинэчлэл бүрэн утгаараа хэрэгжиж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн маань хууль, эрх зүйн шинэ орчинд ажиллах болсонд нь сайд байсан хүний хувьд баяртай байна.Хуулийн төслүүдийг эцэслэн батлах үед салбарынхаа өмнөөс баярлаж суулаа.Ер нь энд би гэж ярихаас илүү бид гэж ярих ёстой.Ялангуяа, УИХ-ын гишүүд, тэр дундаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхон, ажлын хэсгийнхэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, эрдэмтэн судлаачдын уйгагүй хүч хөдөлмөрийн үр дүнд хуулийн төслүүд батлагдлаа.Манай цэргийнхний олон жилийн уйгагүй хүч хөдөлмөр бас санаа зовоосон асуудал нь байсан юм.Ямар ч байсан хуулийн төслүүдийг цаг алдалгүй баталсан нь сайн хэрэг боллоо.

-2015 онд УИХ-аар Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинэчлэн батлагдсанаар суурь хуулиудаа шинэчлэх боломж нээгдсэн. Энэ бодлогын баримт бичгийг батлуулсан авторуудын нэг нь Та?

-Аливаа улс аюулгүй байдлаа хангах, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон албан ёсны баримт бичгийг батлан хэрэгжүүлдэг.Монгол Улсын хувьд 1998 оноос “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг мөрдөж ирсэн.Өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх эрх зүйн болон практик хэрэгцээ, шаардлага гарч байлаа. Мөн батлан хамгаалах тогтолцооны үндсийг тогтоож, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх, батлан хамгаалах тогтолцоог улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг төрийн бодлогоор тодорхойлох, бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлүүдийг тодорхойлох практик шаардлага бий болсон. Үүнтэй уялдуулан “Монгол Улсын төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч УИХ-д өргөн барьж, 2015 онд УИХ-аар шинэчлэн баталсан.Энэ бодлогын баримт бичиг зөвхөн Батлан хамгаалах салбарынханд хамаатай зүйл биш.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад маш чухал баримт бичиг болж чадсан.Мэдээж энэ баримт бичигт орсон өөрчлөлт, онцлогийг сайд байхдаа Зэвсэгт хүчний анги, байгууллагад очиж алба хаагчиддаа танилцуулсан учраас өнөөдөр дахин давтаж яриад хэрэггүй байх.  Хамгийн гол нь  батлан хамгаалах төрийн бодлогыг улс орны болон дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдуулж, Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлсноороо маш том ололт байлаа. Бодлогын баримт бичгээр Зэвсэгт хүчин хуурай замын болон агаарын цэрэгтэй байна хэмээн дэлхийн жишгээр хөгжүүлэх суурь үндэс баталгаажсан.Бодлогын баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томьёолсон явдал юм.Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд чиглэхээр заасан.Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхийг бүрдүүлэх, батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлахыг баталгаажууж чадсан.Ийм чадвар бий болгохын төлөө манай Батлан хамгаалах салбарынхан өөрсдөө манлайлах учиртай.

-Батлан хамгаалах салбарын суурь хуулиуд анхны төсөл буюу Таны удирдаж байх үеийнхээс өөрчлөгдсөн болов уу?

-Зарчмын хувьд төдийлэн өөрчлөгдөөгүй болов уу.Нөгөө талаас надад батлагдсан хуулиуд ирээгүй болохоор харьцуулж хэлэхэд эрт байна.  Үндсэндээ багц хуулиар батлан хамгаалах тогтолцооны цогц шинэчлэлийн эрх зүйн үндсийг тодорхойлж,  орон нутгийн хамгаалалтын эрх зүйн үндсийг гаргасан. Төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл ажиллагаа, бодлогын нэгдмэл байдлыг тодорхойлж, батлан хамгаалахын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар эрх зүйн үндсийг гарган тавьсан.Мөн батлан хамгаалахын төрийн захиргааны удирдлага, Зэвсэгт хүчний мэргэжлийн удирдлагын болон үйл ажиллагааны зааг ялгааг гаргаж, төрлийн цэргийн командлалуудыг байгуулах, бэхжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, Зэвсэгт хүчний зэвсэглэл техникүүдийг шинэчлэх зохион байгуулалт, санхүүжилт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хуульчилж өгсөн.    Цэргийн албыг боловсронгуй болгож алба хаах насны дээд хязгаарыг нэмэгдүүлэх, оюутан цэрэг болон бусад цэргийн алба хаах эрх зүйн орчин баталгаажиж, цэргийн алба хаагчдын  цалин хөлс, урамшуулал, ахуй амьдралын олон талт асуудлуудыг шинэчилж өгсөн.  Эцэст нь хэлэхэд, цэргийн алба хаагч гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцох, бүтээн байгуулалтын үйл хэрэгт оролцох, гадаадад цэргийн сургуульд суралцах, гэр бүлийн хүмүүс нь цэргийн эмнэлгээр үйлчлүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулж чадсан.Миний хувьд Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа Зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад очиж ажилласан.Энэ үеэр алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд учрах саад бэрхшээл болон цалин хөлс, нийгмийн хамгаалал руу чиглэсэн олон арга хэмжээг хуулиар баталгаажуулж шийдвэрлэх ёстойг мэдэрсэн.Үүнийгээ ч багц хуулийн төсөлд оруулж батлуулсан.

-Зэвсэгт хүчний анги байгууллагыг нэмэгдүүлж, чадварлаг, мэргэшсэн Зэвсэгт хүчин болгохын төлөө Шийдлийн Засгийн газар багагүй ажил хийсэн?

-2015, 2016 онуудад УИХ-ын төвшинд батлан хамгаалах салбарын хууль шинэчлэн батлуулах явц амжилттай, үр дүнтэй байснаас гадна Засгийн газрын хуралдаанаар салбарын ач холбогдол бүхий хэд, хэдэн шийдвэр гарсан. Тодруулбал, Зэвсэгт хүчнийг өргөжин бэхжүүлэх зорилтын хүрээнд шинээр анги, салбарыг байгуулах шийдвэрийг Засгийн газраар хэлэлцүүлэн гаргасан.Анги, салбарууд маань ч эхнээсээ байгуулагдаж байна.Сайн байна.

-Таны Батлан хамгаалах салбарт эерэг үр дүн авчирсан өөр нэг ажил бол алба хаагчдын нийгмийн хамгаалал руу чиглэсэн ажил.2015 онд Зэвсэгт хүчний түүхэнд хамгийн олон цэргийн алба хаагч орон сууцны нөхцлөө сайжруулж чадсан байдаг?

-Тийм ээ.2015 онд нийслэл болон орон нутагт 500 гаруй өрх айл орон сууцны нөхцөлөө сайжруулсан байна.500 өрхийн цаана 2000 гаруй иргэний ая тухтай ажиллаж амьдрах орчин хангагдаж, энэ хэрээр албандаа тогтвортой чин зүтгэлтэй ажиллах боломж нөхцөл бүрдсэнд баяртай байдаг.Төрийн зарим байгууллага, банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж алба хаагчид, ахмад буурлууддаа орон сууц худалдан авахад буцалтгүй тусламж үзүүлсэн.Үндсэндээ нийт 90 гаруй алба хаагчдад орон сууц худалдан авахад буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг.Энэ ажлыг одоогийн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна лээ.Үргэлжүүлэх нь зөв.Түүнээс гадна цэргийн алба хаагчдаас дутахгүй ачаалал дунд ажилладаг энгийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрийг нь үнэлэх чиглэлээр хэд, хэдэн шийдвэр гарган хэрэгжүүлж чадсан.Хөдөлмөрийн үнэлэмжийн дээшлүүлэх нь учир дутагдалтай байсныг засч залруулан дүрэм журмынх нь дагуу олон шатны цэргийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн.ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа надад “Сайд аа, надаас бусдынх нь цалин нэмэгдсэн шүү.Үүнд салбарынхан маань, цэргийнхэн маань талархалтай байгаа” гэж хэлж байсан.Энэ бүх ажлыг салбарын мэргэжлийн бүх хүмүүстэй хамтарч ажиллаж, хийж хэрэгжүүлж чадсан гэдгийг онцлох ёстой.Миний хувьд санаа зовоодог зүйл бол Батлан хамгаалах салбарын төсвийг бууруулахгүй байх тухай.Эх орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалахыг хариуцаж ажилладаг энэ онцгой салбарын төсвийг бууруулж болохгүй.Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч батлан хамгаалах салбартаа гар татаж болохгүй.Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт батлан хамгаалах салбарын төсвийг жил бүр нэмэгдүүлж байхаар тусгасан.Энэ зарчмын дагуу шинээр бүрдсэн УИХ ажиллана гэдэгт итгэж байна.

-Батлан хамгаалах бол нийгмийн тэргүүлэгч салбар болж улам хүчирхэгжих ёстой гэдгийг та хэлдэг?

-Цаашид Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өмнө багц хуулийн шинэчлэл, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг дээшлүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох зэрэг зорилтууд тавигдаж байна.Үнэхээр манай цэргийнхэн нийгмийн тэргүүлэгч салбар болж, улам хүчирхэгжих ёстой.Миний хувьд цэргийнхэнтэй хамтран ажилласан цаг хугацаандаа тэднийг ямар бүтээлч, хөдөлмөрч бас эх оронч хүмүүс вэ гэдгийг илүү мэдэрсэн.Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадвараа гайхуулан “Дэлхийн цэрэг” болсноо илтгэн харуулсаар байна.Нийгэмд сайн мэдээ дуулгаж чаддаг хүмүүс бол яахын аргагүй цэргийнхэн байдаг даа. Энэ завшааныг ашиглаад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа, ажиллаж байсан үе, үеийнхэндээ болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

23 цаг 27 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин