
Э.ОРХОН, Б.ТУУЛ
Зуны гурван сар эль хуль өнжсөн нийслэл хот нойрноосоо сэрлээ. Замын түгжрээ ихэсч, хаа сайгүй цүнх, номоо үүрсэн, энгэр дүүрэн цэцэг тэвэрсэн, ээж ааваасаа хөтөлсөн, нүүрэнд нь гэрэл гэгээ цацарсан нүүрэмгий жаалууд хичээл сургуульдаа гүйлдээд...Их хотын эзэд эргээд ирсэн юм шиг нийслэл хотод хөл хөдөлгөөн ид өрнөж байна.
Энэ өдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг өдөр. “Есдүгээр сарын 1”. Хүн бүрийн сэтгэлд тодхон санагддаг, гэгээлэг сайхан дурсамж “сэдрээдэг” энэ өдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөө хүүхэд, багачуудын дуу хуураар цалгиж, эрдэмтэн багш нар цэцэг, навч, их авьяасын ундрагад баясаж өнждөг өдөр. Энэ өдөр бид олноос онцгойлон “Зуун билэг” дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг очиж, сонирхсон юм. Учир нь боловсролын салбарт олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, багшлах боловсон хүчин сайтай, заах арга зүй нь хүүхэд бүрийг чадавхжуулж чаддаг энэ сургуулийг зорьж, “Есдүгээр сарын 1”-ний сурвалжлагаа бэлтгэсэн юм.
15 дахь хичээлийн шинэ жилээ амжилт бүтээл дүүрэн угтаж байна
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Сонсох нэрнээсээ хүртэл эрдмийн ихийг билэгдсэн “Зуун билэг” дунд сургуулийн хамт олон 15 дахь хичээлийн шинэ жилээ угтаж байгаа нь энэ ажээ. Хүүхэд олонтой энэ сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ өглөө 09:00 цагаас эхэлсэн юм. Биднийг өглөө яг товлосон цагтаа очиход, ээж, аав, эмээ өвөөгөө дагуулсан зургаан настнууд, дунд, ахлах ангийн ах эгч нартайгаа аль хэдийн цугласан байв.
Есдүгээр сарын 1 хүн бүхэнд ер бусын мэдрэмж төрүүлдэг сайхан өдөр. Дан ганцхан хүүхдүүд гэлтгүй, хүү, охиноо сургуульд нь хүргэж ирсэн аав, ээж, өвөө, эмээгийнх нь сэтгэл хүртэл дотроо нууцхан догдолж, хүүхэд насаа дурсаж, энэ өдрийг гэгээн цагаан бодлоор сүлж угтдаг. Энэ өдөр бас юм бүхэн шинэ, цаанаа л нэг содон, сонин, өнгөлөг угтдаг.
Аав ээжийнхээ гараас хөтлөн сургуульдаа ирсэн бяцхан сурагчдын цүнх, ном, өмссөн дүрэмт хувцас гээд бүгд шинэ. Тэр утгаараа анх удаа биесээ гайхан харах нэгдүгээр ангийн хүүхдүүд цаанаа л нэг хайр хүрэм, хөөрхөн. Өмссөн зүүснээ харна, өөрөөрөө бахархана. Өрөөл бусдыг бас гайхан харах нь эгдүүтэй хөөрхөн. Энэ өдөр “Зуун билэг” сургуулийн хамт олон ч бас хүүхэд, багачууд, багш, сурагчид, эцэг, эхчүүддээ дуулгах сайхан мэдээтэй угтаж байгаа нь бүр ч сайхан санагдаж байв. Яг л өөрөө энэ сургуульд суралцах гэж байгаа юм шиг сэтгэл догдлонгуй, багш нараас нь дутахгүй сэтгэл хөөрч зогсов.
“Зуун билэг” дунд сургууль өмнө нь Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжинд байрлаж байсан. Харин энэ хичээлийн жилд шинэ байрандаа нүүн орж, Зайсан руу явах замд, Оргил сувилалын хажууханд шинэ байрандаа төвхнөжээ. Есдүгээр сарын 1-ний энэ өглөө будаг нь ханхалсан шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авч байгаа нь эцэг, эхчүүдэд ч бас таалагдаж байв. Хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн нээлтийг сэтгэл догдлон харж байгаа эцэг, эхчүүдийн олонх нь “Хүүхдүүд маань тохь тухтай, шинэ хичээлийн байранд “Есдүгээр сарын 1”-ийг угтаж байгаад баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан.
Сургалтын чанарыг нь төгсөгчдийн амжилтаар дүгнэж болно
“Зуун билэг” дунд сургуулийнхан шинэ хичээлийн жилээ амжилт бүтээл дүүрэн угтаж байгаа аж. Авьяаслаг хамт олон, чадварлаг багш нараас бүрдсэн тус сургуулийн удирдлагууд цаашид хийж бүтээх ажил, зорилго тэмүүллээр дүүрэн байгаа гэдгийг сэтгэл догдлон өгүүлж байсан юм. “Зуун билэг” дунд сургууль бусдаас ялгарах онцлог, давуу тал олонтой. Тухайлбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ууган сургуулиудын нэг АШУҮИС болон СЭЗИС-ийн ахлахын лицей сургууль гэдгээрээ бусдаас ялгардаг. Тиймээс энэ сургуулийн хүүхдүүд X ангиасаа эхлэн өөрийнхөө эзэмшихыг хүссэн мэргэжил, ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлж, элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцдог гэдгийг энэ сургуульд өмнө нь хүүхдээ суралцуулж байсан, мөн одоо ч хүүхдээ суралцуулж байгаа эцэг, эхчүүд хэлж байсан. Ийм л өвөрмөц, онцлог зүйлээрээ бусдаас ялгарч чаддаг учраас хөдөө орон нутгаас АШУҮИС-д элсэн суралцахаар төлөвлөж байгаа ахлах ангийн сурагчид нийслэл хотод, ганцхан энэ сургуулийг зорин ирж, суралцаж байгаагаа ч дуулгаж байсан. Энэ нь “Зуун билэг” сургуулийн сургалтын чанар, чансааг илтгэх биз.
“Зуун билэг” дунд сургуулийн захирал Б.Энхцэцэг боловсролын салбарт чамгүй туршлага хуримтлуулж байгаа чадварлаг боловсон хүчин юм. Тэрээр “Манай хамт олон шинэ хичээлийн жилээ шинэ байрандаа угтаж байгаад баяртай байна. Бид өмнөх амжилтаа бататгах, ахиулахын төлөө хамт олноороо хичээж, зүтгэх болно” гээд жил ирэх тусам зузаарч байгаа амжилтын түүхээсээ хуваалцсан юм.
Анги дүүргэлт багатай учраас багш, хүүхэд хоёр хамт хөгжих боломжтой
“Зуун билэг” сургууль шинэ хичээлийн жилээ 350 гаруй сурагчтай угтаж байгаа аж. Анги тус бүр хоёр бүлэгтэй бөгөөд анги дүүргэлт 20-25 сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм байна. Энэ нь багш, сурагчийн ажиллах, сурах орчныг бүрдүүлэхээс гадна багш хүүхдүүдтэйгээ тулж ажиллах ая тухтай байдлыг хангахад чиглэгджээ. Энэ сургуулийн сургалтын чанар үнэхээр сайн гэдгийг төгсөгчдийн амжилтаас нь бас харж болохоор юм. Тухайлбал, өмнөх жилийн төгсөгчид нь бүгд гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад амжилттай сайн суралцаж байгаа гэдгийг багш нар нь хэлж байв. Энэ тухай сургуулийн захирал Б.Энхцэцэг хэлэхдээ “Өмнөх жилийн төгсөгчдөөрөө бид бахархахгүй байхын аргагүй. Манай төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн хамгийн дээд оноо нь 788 авсан. Манай сургуулийн төгсөгчид 100 хувь Анагаахын ухааны их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУБИС, СУИС гээд сонирхсон сургуульдаа бүгд хүссэн мэргэжлээрээ элсэн орсонд бид маш их бахархаж байна. Мөн АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр нэг хүүхэд гадаадад суралцахаар болсон” хэмээн хэлж байв.
Шавийн эрдэм багшаас эхтэй
Багшлах боловсон хүчин сайтай сургуулийн сургалтын чанар ямагт сайн байдаг. Тиймээс манай эцэг, эхчүүдийн олонх нь сайн багштай, сайн сургуульд хүүхдээ суралцуулахыг хичээдэг. Тэгвэл бидний зорьж ирсэн “Зуун билэг” дунд сургууль ажлын дадлага, туршлага сайтай, залуу багш нараас бүрдсэн чадварлаг, баг хамт олонтой юм байна. Тус сургуулийн захирал Б.Энхцэцэг хэлэхдээ “Манай сургууль 30 гаруй багштай. Анагаахын их сургуулиас мэргэжлийн чадварлаг багш нар ирж хими, биологи, физикийн хичээлүүдийг ордог. Мөн Санхүү эдийн засгийн их сургууль онлайнаар хичээлээ явуулж, шалгалтаа авдаг. Бага ангийн хувьд IQ, математик суурьтай ангиудтай. Үүнийгээ дагасан багш нарын багтай. Өөрөөр хэлбэл, манай сургууль чиглэл чиглэлээрээ мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй” гэж байсан. Мөн энэ сургуульд хүүхдээ суралцуулдаг эцэг, эхчүүд ч бас багш нарын мэдлэг, ур чадварт сэтгэл хангалуун явдагаа хэлж байсан.
Хичээлийн хөтөлбөр, хүүхэд хөгжүүлэх чиглэлд онцгой анхаардаг
Хувийн дунд сургуульд хүүхдээ суралцуулах хүсэлтэй эцэг, эхчүүд тухайн сургуулийн суралцах орчин нөхцөл, багш нарын заах ур чадвар, сургалтын хөтөлбөр зэрэгт онцгой анхаарал хандуулдаг. Тиймээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиуд дундаас “Зуун билэг” сургуульд хүүхдээ суралцуулахаар сонгосон эцэг, эхчүүдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. Шинэ хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн олон эцэг, эхчүүд эндэхийн багш нарыг хүүхэд хөгжүүлэх чиглэлд онцгой сайн анхаардаг гэдгийг хэлж байв. Тухайлбал, “Зуун билэг”дунд сургуулийн хамт олон бусад хувийн болон төрийн сургуулиудаас сургалтын хөтөлбөр, дугуйлан секц гээд олон зүйлээрээ ялгардаг юм байна. Бүр тодруулбал, бага ангийн сурагчид нь математик суурьтайгаар хичээллэдэг бол дунд ангидаа гадаад хэл, ахлах ангидаа мэргэжүүлэх чиглэлд түлхүү анхаардаг юм байна. Мөн хичээлийн стандарт цагуудаас илүү цагаар хичээллэдэг. Багш нар нь хичээлийн хөтөлбөрөө дан номноос бус өөрсдийнхөө эрэл хайгуул хийсэн судалгааны ажил, нэмэлт материалуудаас боловсруулдаг нь хүүхдийг хөгжүүлэхэд түлхэц болдог ажээ. Мөн бага ангийн багш нар нь эцэг эхчүүдтэйгээ ойр байж, хүүхдийн сэтгэхүйг хурдан хөгжүүлдэг, өнөө үед олон эцэг, эхчүүдийн сонирхон хошуурдаг тоо бодох сонирхолтой аргачлалыг нь зааж өгдөг юм байна. Түүнчлэн өдөр өнжүүлэх дугуйлангууд тогтмол хичээллэдэг юм байна. Тиймээс шинэ хичээлийн жилийн сурвалжлага бэлтгэхээр ирсэн бид ч бас үүнийг нь илүү сонирхон, зарим хүүхдийн аав, ээжтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй багш нар энд ажилладаг
Хан-Уул дүүргийн иргэн С.Алтанзагасын том хүү тус сургуулийг төгссөн гэнэ. Харин одоо бага хоёр хүүхэд нь мөн энэ сургуульд сурдаг гэж байв. “Сургалтын чанар болоод орчин сайтай. Багш нар нь их чадварлаг. Хичээл зүтгэл сайтай, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, энэ нь сэтгэлд их нийцдэг. Мөн хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр өдөр өнжүүлэх, дугуйлангууд тогтмол хичээллэдэг болохоор “Зуун билэг” сургуульд хүүхдээ суралцуулах сонирхолтой байдаг гэж байв. Сурвалжлагынхаа төгсгөлд бид энэ хичээлийн жилд дунд сургуулийн босго алхаж, сурагч болж буй зургаан настнуудаас бас яриа авсан юм. Тус сургуулийн хүүхэд бүр сэргэлэн цовоо. Сургуулийн босго алхаад сурагч болж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Мөн зургаан настай бяцхан сурагчид маань хэвлүүхэн хөөрхөн яриа өгч байгаа нь хайр татам байв. Ингээд бяцхан сурагчдын сэтгэгдлийг хүргэе.
1а ангийн сурагч З.Билгүүнчанд: Би шинэ дуу, шүлэг сурсан
-Сайн байна уу. Миний дүүг хэн гэдэг вэ. Хэдэн настай вэ. Өөрийгөө товчхон танилцуулаач?
-Сайн. Намайг З.Билгүүнчанд гэдэг. Би зургаан настай. Энэ жил анх удаагаа сургуульд орж байна. Надад сургууль маань маш их таалагдаж байна
-Сургуульд сурах ямар байна вэ?
-Гоё байна
-Юу нь гоё байна?
-Хичээл хийх гоё байна. Би хичээл хийх дуртай. Бас зураг зурах дуртай.
-Ангийнхантайгаа танилцсан уу?
-Танилцсан. Би их олон найзтай болно.
-Хөөх ямар мундаг юм бэ. Найзуудаасаа танилцуулаач?
-Би Эгшиглэн гэдэг шинэ найзтай болсон.
-Өнөөдөр хичээлийн шинэ жилийн анхны өдөр. “Есдүгээр сарын 1”. Ангийнх нь багш юу заасан бэ?
-Маш гоё хичээл орсон. Зураг зурж, юм будсан. Бас “Би сурагч” гэдэг шүлэг сурсан. Дууны багш дуу заасан.
1а ангийн сурагч З.Билгүүнчандын ээж О.Шинэцэцэг: Анагаахын лицей сургууль учраас сонгосон
-Танай хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ?
-Энэ жил нэгдүгээр ангид орж байгаа.
-Хичээлд явах сонирхол хэр их байсан бэ?
-Сонирхолтой л байх шиг байна. Өглөө хувцсаа өмсөхөөсөө эхлээд л догдолсон байх.
-Хичээлийнхээ бэлтгэлийг эрт хангасан уу. Зарим зургаан настнууд маань урьдчилаад сургалтанд сууж байгаа харагддаг. Танай хүүхдийн хувьд, сурагч болох бэлтгэлээ хэр хангасан бэ. Сүрхий сэргэлэн хүүхэд байна?
-Анхны хүүхэд болохоор хүүхэддээ их анхаарч байна. Өнгөрсөн өвлөөс эхлээд л сурагч болох бэлтгэлээ базаасан. Бас цэцэрлэгийн багш нар нь бидэнд их зөвлөгөө өгсөн. Хэд хэдэн сургалтад суусан. Гэртээ харья гэсэн чинь явахгүй гээд л сууж байна. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг маш сайн хийсэн, бүгдийг нь хийсэн гэсэн. Зургаа сайн зурсан, будсан гэсэн. Үүнийг сонсоод их баярлаж байна. Ганц гэм нь хүү маань зурсан зургаа багшдаа өгөх гээд дэврээ урчихсан байна лээ.
-“Зуун билэг” сургуулийг сонгож хүүхдээ сургалцуулах болсон аав, ээжийн сонголт бас чухал байх?
-Монгол хэлтэйгээ зэрэгцээд англи хэл үзнэ. Мөн Анагаахын лицей сургууль гэдэг нь их таалагдсан. Эмнэлгийн чиглэлээр хүүхдээ явуулна гэж боддог. Тиймээс энэ сургуулийг сонгосон. Тиймээс шинэ хичээлийн жилээ угтаж байгаа багш нарт нь ажлын амжилт хүсье.
Бага ангийн багш Ж.Алтанцэцэг: Эелдэг сайхан хамт олноороо үргэлж бахархаж явдаг
-Шинэ хичээлийн жилээ угтаж байгаа танд баярын мэнд хүргэе. Та хэд дэх жилдээ багшилж байна вэ. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Баярлалаа. “Зуун билэг” дунд сургуульд өнгөрсөн хавраас эхэлж багшилж байна. Би боловсролын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сайхан хамт олны дунд орж ирсэндээ сэтгэл их хангалуун, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн хичээлийн шинэ жилээ угтаж байна даа.
-Боловсролын салбарт олон жил ажилласан багш хүний хувьд хувийн сургууль улсын сургууль хоёрын ялгааг юу гэж харж байна вэ. “Зуун билэг” сургууль маань суралцах орчин нөхцөл их сайтай юм?
-Улсын болон хувийн сургуулийн суралцах орчин сүүлийн үед аль аль талдаа сайжирсан гэж хэлж болно. Харин хувийн сургуулийн хувьд ганц давуу тал нь анги танхимийн дүүргэлт багатай учраас сурагчидтайгаа тулж ажиллах, хүүхдийг хөгжүүлэх боломж илүү байдаг.
-Танай анги хэдэн хүүхэдтэй байна вэ?
-16 хүүхэдтэйгээр хичээллэж байна.
-Зургаан настай хүүхдүүд анхны хичээл дээрээ ямар ааш гаргадаг вэ. Сууж сураагүй, зүггүй, дэггүй хүүхэд олон байдаг байх?
-Хүүхдүүд маань ер нь их илэн далангуй байдаг. Бүгд “Би” гэсэн сэтгэлгээтэй. Багштайгаа чөлөөтэй харьцдаг.
-Бяцхан сурагчид маань хичээлдээ суух хүсэл сонирхол хэр их байна вэ?
-Эхний өдөр болоод ч тэр үү хүүхдүүдэд их л сонирхолтой байна.
-Таны хувьд “Зуун билэг” сургууль, ажиллаад удаагүй шинэ орчин юм байна. Хамт олныхоо тухай сургуулийнхаа тухай сэтгэгдлээ хуваалцаач?
-“Зуун билэг” сургуульдаа ажилсаг сайхан хамт олны дунд орж ирсэндээ их баяртай байдаг. Сайн багш нар олонтой, сайхан сургууль. Би ажиллаад удаагүй ч гэсэн олон жил ажилласан юм шиг хамт олон минь сэтгэлд их дотно санагддаг. Багш удирдлагууд нь бие биетэйгээ эелдэг сайхан харьдаг сайхан хамт олон. Шинэ хичээлийн жилд шинэ байранд орж байгаадаа бүр ч их баяртай байна. Тав тухтай саруулхан, сайхан байртай боллоо. Хүүхдүүдийн сурах орчин улам л сайжирч байгаад эцэг, эхчүүд, багш сурагчид бүгдээрээ л баяртай байна даа.
Эх сурвалж: www. polit.mn