
Судлаач Т.Санаа
Судлаач хүн гэдэг бол ямар нэг сэдэвт баригддаггүй харин судлах арга барил эзэмшсэн хүн байдаг. Судалгааны арга зүй гэдэг бол яг л алх, эсвэл бийр шиг. Бийрээр хана халтартуулж ч болно, эсвэл хэдэн зуун дамжин үлдэх аугаа уран зураг ч зурж болно. Учир нь бийр бол ердөө л багаж хэрэгсэл юм. Судалгааны арга зүй ч мөн адил. Заримдаа энэхүү багажаа би тун ч сонин содон зүйлд, эсвэл зүгээр л сониучирхан зугаацахаар жижиг сажиг зүйлд ч зарцуулдаг. Өнөөдөр харин News.MN дээр гарсан мэдээ, улмаар Төрийн Мэдээлэл сэтгүүлийн 2016 оны 33 дугаарт гарсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 7 сарын 1-ээс дагаж мөрдөнө гэдгийг уншив. Яагаад ингэж хойшлуулах болов гэхэд санхүү мөнгөний гэхээс илүү улс төрийн шалтгаан бийг хэн бүхэн хэлж байгаа, мэдэж байгаа. Тэрхүү шалтгаан нь Намбарын Энхбаяр. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх гэсэн хүсэл эрэмлзэл. Хүмүүс ийнхүү сэрддэг, би ч мөн энэхүү сэрдлэгийг үндэслэлтэй байж магадгүй хэмээн эргэцүүлдэг юм.
Цааш бичихээсээ өмнө би Н.Энхбаяртай ямар ч хамаагүй, түүний намын гишүүн биш, ерөөс би намын гишүүн биш, ямар нэг улс төрийн албан тушаал хашдаггүй гэдгээ хэлсэн нь зүйтэй байх. Гагцхүү цэвэр сониучирхлын үүднээс үүнийг цааш нь судлан, энэ учгийг хөөлөө. Н.Энхбаяр хэвлэл мэдээллээр хэлдэг шиг үнэхээр гэм буруугүй хүн үү, өөрийнхөө хэлж байгаачлан Ялтай байх хугацаа нь дууссан хүн үү, ял шийтгэлтэй хүн үү, төрийн шадар сайд байх, төрийн тэргүүн байх сонгуульд өрсөлдөх эрх зүйн боломжтой хүн мөн үү? Үүнийг л би сонирхсон юм. Тийнхүү энэ талаарх ярилцлага, мэдээлэл, тэдгээр ярилцлага, мэдээнд гарсан хууль зүйн тогтоол шийдвэр, хуулиудыг ар араас нь мөшгин харлаа. Ингэтэл харин ёстой санаанд оромгүй дүр зураг тодрох нь тэр.
Би хуульч хүн биш ээ. Гэхдээ би ЛОГИК баримтладаг судлаач хүн. Бүх шинжлэх ухааны хаан нь математик. Математикийн хаан нь ЛОГИК хэмээдэг. Энэ үүднээс бол хууль зүйн шинжлэх ухааны дээр ч логик байх ба логикт захирагдах ёстой гэсэн үг. Ийм болохоор, хэдүй хуульч хүн биш ч гэлээ, логик баримтлан энэ бүхний учрыг олж болох биз ээ хэмээн би өөрт буй багаж зэмсгэндээ найдсан бүлгээ. Гэтэл харин үнэхээр ЛОГИК-гүй, уялдаагүй, алдаатай, хуудуутай зүйлс гарч ирэх нь тэр ээ. Ийм зүйлс УЛС ТӨР-д л байдаг байх. Эцэст нь би Энхбаяр гэдэг хүний эсрэг бүхэл бүтэн хууль эрх зүйн аппарат тэр чигтээ ажиллаад байгаа юм биш үү гэсэн товч дүгнэлтэнд хүрлээ. Гэхдээ бүгд гэж хэлж мэдээж чадахгүй. Гэхдээ л тодорхой хэсэг нь түүний эсрэг ажиллаж байна. Товчхондоо гэвэл Энхбаяр гэдэг хүн Хэлмэгдэж байгаа агаад тэрбээр ороо бусгаа цагийн шуурганд орооцолдон, хууль эрх зүйн эргүүлэгт хөл алдаж байгаа нэгэн бололтой гэсэн, санаанд оромгүй дүгнэлтэнд хүрсэндээ би өөрөө ч мэл гайхаж байна. Гэхдээ нэгэнт л баримт ийм хойно одоо яая гэхэв. 2+2=4 гардагт хэн нэгэн дургүй байж болно л доо. 5 гарах ёстой. 5 гарга хэмээн хууль баталж болох юм. Гэсэн ч, 2+2=4 гардаг нь байгалийн хууль. Хэрэв 4 гардаггүй байсан бол ямар ч гар утас ажиллахгүй, ямар ч зурагт ТВ ажиллахгүй, та ч компьютер дээрээ суун үүнийг уншиж чадахгүй. Түүнтэй л адил, хэн нэгэн Энхбаярт дургүй байж болно. Би ч өөрөө бас түүнд шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэсэн ч Логик бол логик шүү дээ. Дургүй ч байсан баримт бол баримт.
1. Энхбаяр сонгуульд өрсөлдөх гэхэд (сая УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж оролдоход нь ч гэсэн) нь түүнийг “Ялтай байдлын хугацаа нь дуусаагүй” гэсэн гол нээнтгээр нээнтэглэсэн билээ. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр 2016-2-17-нд ийм ярилцлага өгчээ. Сийрүүлбэл:
“Сурвалжлагч-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжтой эсэх талаар та тайлбар хийнэ үү. Түүнийг Өршөөлийн хуулийн дагуу гэм буруугүй болсон гээд байгаа шүү дээ?
Ч.Өнөрбаяр-Хуульчийн хувьд тайлбарлахад Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргийг бас энэ төрлийн хэргийн ялтай байдлыг өршөөгөөгүй. Зарим хүн шинээр баталсан эрүүгийн хуульд ял шийтгэлтэй байдал гэсэн ойлголт байхгүй учраас Н.Энхбаярыг ял шийтгэлгүйд тооцно гэж тайлбарлаж байна. Гэтэл энэхүү хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх учиртай. Тэр хүртэл одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. -Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлалт үзүүлсэн учраас түүнийг гэм буруугүйд үзнэ гэж тайлбарлаад байгаа нь ямар учиртай юм бэ? -Гэм буруутай үгүйг шүүх тогтооно. Ерөнхийлөгч уучлалт үзүүлнэ гэдэг нь ялыг биечлэн эдлэхээс уучилсан болохоос гэм бурууг уучилж байна гэсэн үг биш.”
Энэ ярилцлагандаа Ч.Өнөрбаяр “Элбэгдорж ерөнхийлөгч уучлал үзүүлсэн болохоос гэм бурууг нь уучилж байна гэсэн үг биш ээ” гэсэн байгаа юм. Огт холбогдолгүй зүйл ярьсан байна. Эрүүгийн хуулинд ч ийм зүйл байхгүй. Хүний гэм бурууд ял шийтгэл оноодог болохоос өөр зүйлд ял шийтгэл оноодоггүй. Ял шийтгэлийг нь уучлахад цаана нь юу үлдэх юм бэ. Гэм буруугийн төлөө л ял шийтгэл оногдуулж байгаа болохоос өөр зүйлийн төлөө ял шийтгэл оноохгүй шүү дээ.
2. Үүний дараа би Элбэгдорж ерөнхийлөгчийн уучлалыг бүрэн эхээр нь харав. 2013 оны 8 сарын 1-нд Eagle.mn вэб сайт уг уучлалыг бүрэн эхээр нь нийтэлсэн. Мөн Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтад ч байгаа юм. Уг уучлал асар товчхон агаад ийн өгүүлсэн байна. Уг зарлигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Цагаан дээр хараар ийнхүү бичжээ. Энэ бол ерөнхийлөгчийн зарлиг. ҮЛДЭЖ БУЙ ЯЛААС НЬ ЧӨЛӨӨЛСҮГЭЙ хэмээжээ. Өөрөөр яаж хэлэх юм бэ. Ч.Өнөрбаярын тайлбарлаж буй, Ерөнхийлөгчийн зарлиг хоёр зөрөөд байгаа биз. Ерөнхийлөгч болохоор Энхбаярт оноосон ял шийтгэлээс, эдлээгүй үлдсэнийг нь цөмийг нь уучилж, өршөөсөн байна. Харин тэгтэл Өнөрбаяр тийнхүү ял шийтгэлгүй болчихсон байхад нь юун Гэм буруу яриад байгаа юм бэ?
3. Ингэтэл, 2015 онд Улсын их хурал Ардчиллын 25 жилийн ой хэмээн Өршөөлийн хууль баталжээ. Энхбаяр болохоор, аргаа барсан хүний л үг л дээ, за яах вэ, “Ерөнхийлөгч нь уучлаад байхад ял шийтгэлгүй болдоггүй юм байж, тэгвэл яах вэ, 2015 оны өршөөлийн хуулинд чинь хамрагдаа биз дээ” гэсэндүү байр суурин дээр хүрсэн байгаа юм л даа. Энхбаярын тавьж буй Б хувилбар гэсэн үг. Энэ талаараа тэрбээр 2016 оны 4 сарын 28-нд “Би ялгүй, сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой” гэсэн хэвлэлийн бага хурал хийсэн ажээ. Ярилцлага нь энд байна.
Аан харин тэгтэл өөдөөс нь дээр өгүүлсэн Ч.Өнөрбаяраас авахуулаад янз бүрийн хүн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсний дотор УИХ-ын дарга асан З.Энхболд ч бас 2016 оны 5 сарын 30-нд “Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусаагүй” хэмээн ярилцлага өгчээ.
Сэтгүүлчийн асуултанд УИХ-ын дарга З.Энхболд “Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг.МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна” гэж хариулсан.
Дээрх ярилцлагыг үзэхэд З.Энхболд энэ асуултад займчсан, өөрөөсөө бултуулсан, Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байгаа бурууг цагдаагийн газар руу болон 2002 оны Эрүүгийн хууль руу чихсэн байдал харагдаж байгаа ба, хэрвээ шинэ эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон бол Энхбаяр сонгуульд оролцох байсан гэсэн ухааны юм яриад өөрийгөө цэвэрхэн аваад гарчихаж байна.
Энэ талаар харин уг өршөөлийн хуулийг батлалцсан, өмнө нь Хууль зүйн сайд байсан Тэмүүжин юу гэж хэлснийг сонирхоход тэрбээр Твиттер хуудсандаа
“…Намрын өршөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг өршөөсөн… Хэн нэгэн хүнд зориулж хуулийг гуйвуулан тайлбарлаж хоёрдмол байдлаар хандаж болохгүй. Хууль нэг мөр ойлгогдох ёстой” гэж бичжээ. Улмаар тэрбээр “Сая батлагдсан Өршөөлийн хуулиар ялтай байдлыг гэмт хэргээр ялгалгүй өршөөсөн” хэмээх тайлбар хэллээ.
Тэгвэл одоо энэхүү яриад байгаа 2015 оны Өршөөлийн хуулийг харъя. Ингэхэд уг хуулийн 6-р зүйлд:
6.1.1.Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно;
гэсэн байгаа юм. Тэгвэл тэр Эрүүгийн хуулийн 78-р зүйл гэдэг нь юу юм бэ гэдгийг харъя. Одоогоор хүчинтэй буй 2002 оны Эрүүгийн хуулийн 78-р зүйлд “Ялтай байдал” гэж буй бөгөөд энэ нь
78.1.Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно.
78.2. Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:
78.2.1.тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.2.хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.3.хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.4.хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
78.2.5.онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй.
78.3.Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.
78.4.Энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно.
гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны Өршөөлийн хууль дээрх нэмэгдэл хугацаануудыг хүчингүй болгосон байгаа юм. Дээрх хугацаа бол Нямдоржийн хар хууль гэгчийн нэг тодоос тод хар сүүдэр байгаа юм. Нийгмээ тэр чигт нь атгандаа баздаг байсан Сталины гав дөнгө, Сталины арга барил ч гэж хэлж болно. Энэ дашрамд хэлэхэд, хөндлөнгийн судлаачийн нүдээр ажиглахад, ийм хугацаа байгаа нь өөрөө 2002 оны эрүүгийн хуулийг туйлын логикгүй, хүнлэг энэрэнгүй бус болгож байгаа юм. Хувь хүн ял шийтгүүлснийхээ дараа, ял шийтгэлээ эдлээд дуусчихсан байхад нь дахиад л хугацаа тооцоод, тоолоод анаад, сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасаад, иргэний эрхийг нь хасаад байна гэдэг өөрөө ял шийтгэл цааш үргэлжилсээр байгаагийн нэг хэлбэр биз дээ. Хэлмэгдүүлэлт биз дээ.
Тэгтэл 2002 оны эрүүгийн хуулийн 46-р зүйлд “Ялын төрөл” гэсэн заалт байгаа ба үүнд зөвхөн дараах 7 төрлийн ял шийтгэл л Монгол улсад байна гэж заасан байгаа юм.
46 дугаар зүйл. Ялын төрөл 46.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:
46.1.1. торгох;
46.1.2. тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах;
46.1.3. эд хөрөнгө хураах;
46.1.4. албадан ажил хийлгэх;
46.1.5. баривчлах;
46.1.6. хорих;
46.1.7. цаазаар авах.
Өөрөөр хэлбэл, ийм 7 төрлийн ял шийтгэлийг л Эрүүгийн хууль хүлээн зөвшөөрчээ. Тэгтэл, “ялтай байдал” гэсэн шийтгэл энэ Ялын төрөл дотор орохгүй байна шүү дээ. Ийм ял шийтгэл АЛГА. “ЯЛТАЙ БАЙДАЛ” гэдэг шийтгэл алга. Тэгвэл яагаад ийм Хуулинд нь заагаагүй зүйлээр хүнийг хавчаад, хяхаад, хуулийг өөр өөрөөр тайлбарлаад байгаа юм бэ. 46-р зүйлд байхгүй ЯЛЫН ТӨРЛИЙГ 78-р зүйл нь гаргаад ирсэн байгаа юм. 78-р зүйл чинь ял шийтгэл л биз дээ. Яалт ч үгүй “Ялтай байдал” гэсэн гарчигтай бөгөөд хэзээ тухайн хүн “цагаадаж”, “цэвэр” болохыг нь заасан байгаа юм. Ингээд бодоход энэхүү 2002 оны хуулийн 46/78-р заалтууд логикийн хувьд бие биенээ үгүйсгэсэн, зөрчилтэй байна. Нэртэйгээр нь
46.1.8. ялтай байдал.
гээд нэмчихсэн бол ил цагаан болох байж. Ийм логик алдаатай, хуулинд заагдаагүй зүйлээр Энхбаярыг хяхаж хавчиж байгаа ажээ. Дээрх зүйл заалтуудаас үзэх юм бол ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын өгсөн ярилцлага, З.Энхболдын хэлсэн яриа үндэслэл бүгд алдаатай бөгөөд ямар ч үндэслэл, логик тэдний ярианд, байр сууринд алга байна. Эрүүл ухаантай хүн уншаад ойлгох биз ээ. Энэ талаар Тэмүүжиний хэлсэн нь бодит байдалд илүү ойртож очиж байна.
Өөрөөр хэлбэл, хэрвээ Н.Энхбаяр “ялтай байдалтай” байгаа юм аа ч гэж үзсэн, тэрийг нь 2015 оны өршөөлийн хууль хүчингүй болгочихсон байна шүү дээ. Аль эсвэл үгүй юу? За тэгвэл илүү тодруулж харъя. Ингэхэд Н.Энхбаяр ямар хэрэгт ял шийтгэл авсан юм бэ?
4. Н.Энхбаярын ял шийтгэл. Энэ талаар News.mn вэб сайт 2012 оны 8 сарын 2-нд шүүхийн тогтоолыг нь бүрэн эхээр нь нийтэлжээ. Сонирхвол ийшээ ороод уншаарай. Товчхондоо гэвэл шүүх ингэж шийджээ:
1.Шүүгдэгч Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, МИАТ хувьцаат компанид онц их хэмжээний буюу 30 сая 454 мянган төгрөгийн хохирол учруулсан тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай… 3. Н.Энхбаяр бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөн төрийн албан тушаалтаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн байна…
4. Шүүгдэгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж долоон жилийн хорих ялаар, 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилээр хорих ялаар шийтгэлээ. 5. 2009 оны долдугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон жилийн хорих ялаас гурван жилийн ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг дөрвөн жил хорих ялаар оногдууллаа.
Энгийнээр хэлбэл Н.Энхбаярыг 263.2, 150.3 гэсэн хоёр зүйл ангиар буруутган шийтгэсэн байна. Гэхдээ 263.2 нь 2009 оны Өршөөлийн хуулийн 4.4-т хамрагдан хүчингүй болжээ. Ингэснээр тэрбээр 150.3 гэсэн зүйл ангийнхаа дагуу л 4 жилийн хорих ял эдлэх болсон байна.
2009 оны Өршөөлийн хуулийг нь үзвэл 4.4 заалт нь
4.4.Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.
хэмээн заажээ. Үндсэн болон нэмэгдэл ялыг гэж байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл, нэгэнт өршөөгдсөн тул түүнд “Ялтай байдал” гэсэн ойлголт ч үүсэх учиргүй юм.
5. ДҮГНЭЛТ. За ингээд бид энэ хэргийг тал бүрээс нь харан, өөр өөр хүмүүсийн үзэл бодол, баримт бичгүүдийг харсан тул одоо өөрсдийн дүгнэлтээ хийж болохоор боллоо. Энэ бүхний эцэст ингээд харж байхад хэдийгээр анх сонсоход сүржин мэт санагдаж байсан ч гэсэн Н.Энхбаярын “Би хэлмэгдэж байна” гэдэг нь үнэний хувьтай бололтой.
А. Түүнийг 263, 150 гэсэн хоёр зүйл ангиар гэм буруутай хэмээн шүүх тогтоосон байна. Тийм хэдий ч 2009 оны Өршөөлийн хуулийг баримтлан шүүх түүний 263-р зүйл ангийн ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн төлөө түүнд шийтгэл оноохгүй гэсэн ажээ. Тийм ч болохоор үүнд нь шийтгэл оноогоогүй. Харин 150-р зүйл ангийнх нь төлөө түүнийг 4 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Б. Тэгтэл 2012 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлэн эдлээгүй үлдсэн ялаас нь чөлөөлсөн. Тийнхүү Н.Энхбаяр суллагдсан. “Эдлээгүй үлдсэн ялаас” гэж ерөнхийлөгчийн зарлигт байгаа юм шүү. Энэ нь “ЯЛТАЙ БАЙДАЛ” хэмээх эрүүгийн хуулинд байхгүй ял шийтгэлд ч хамаатай гэж надад санагдаж байна. Өөрөөр хэлбэл Энхбаярт ялтай байдал байхгүй гэсэн үг. Гэвч Өнөрбаяр мэтийн хүмүүс ерөнхийлөгчийн хэлснийг мушгин гуйвуулж буй ажээ. “Ерөнхийлөгч ялыг нь уучилсан болохоос гэмийг нь уучлаагүй гэж”. Ерөнхийлөгч бүх ял шийтгэлийг нь уучилсан байхад юун гэм яриад байгаа юм бэ гэж түүнд хэлмээр.
В. Тэгж байтал 2015 онд Ардчиллын 25 жилийн ойн өршөөлийн хууль гарсан. Үүгээр ялтай байдлуудыг уучилсан. Уг хуулийн 9.1 заалтанд Өршөөлд үл хамруулах гэсэн хэсэг бий бөгөөд Элбэгдорж ерөнхийлөгч өөрөө уг Өршөөлийн хуульд хориг тавин байж шахаж байгаад оруулсан нэг заалт нь 9.1.3-т оруулсан заалт бөгөөд уг заалтаар:
Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал
9.1.Дараах хүнийг өршөөлд хамааруулахгүй:
9.1.3 … Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/
гэсэн заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, яг Н.Энхбаярын заалтыг оруулсан байгаа юм. Уг заалтыг ганцхан Н.Энхбаярт зориулсан гэвэл үгүй байж магадгүй л дээ. Гэхдээ, тийм биш гэхэд бас хэцүү. Тийм ч болохоор, чухам энэ сулхан нээнтэг, барьцыг ашиглан Элбэгдоржийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр Н.Энхбаярыг буруутган, “ял шийтгэлтэй”, “өршөөлд хамрагдаагүй” хэмээн тайлбарлах гэж оролддог юм. Оролддог юм гэж байгаа маань учиртай шүү дээ. Учир нь шүүхээс Н.Энхбаярт 263-аар ял оноогоогүй. Гагцхүү 150-иар л ял оноосон. Тийм байтал Өнөрбаяр 263 энээ тэрээ гээд яриад байх ямар ч хэрэггүй. Тэгж мэдэн будлиад байх шаардлага байхгүй. Н.Энхбаяр гагцхүү 150.3-аар л шийтгүүлсэн бөгөөд тэр нь 2015 оны Өршөөлийн хуулинд хамрагдсан агаад уг өршөөлийн хуулийн дагуу Ял шийтгэлгүй болсон. Яг дээр Тэмүүжиний тайлбарласанчлан.
Г. Товчхондоо гэвэл ийм л зүйл болсон байна. Дээрх баримтуудаас үзэхэд Н.Энхбаяр үнэндээ хэлмэгдэж байна гэж байгаа нь үндэслэлтэй ажээ. Түүнчлэн түүнд ЯЛТАЙ БАЙДАЛ гэж байхгүй бөгөөд ийм шалтаг шалтгаанаар түүнийг УИХ-ын сонгуульд оролцуулаагүй нь асар том Хүний эрхийн зөрчил мөн байсан ажээ. Түүнчлэн чухам энэ шалтгаанаас болоод түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй гэвэл мөн толгой сэгсрэхээс аргагүй хэлмэгдүүлэлт хэмээн санагдаж байна.
Д. Н.Энхбаяр 263-р ял шийтгүүлээгүй. За яахав шийтгэгдсэн гэж санасан ч гэсэн тэрбээр Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдсан. Энэ дашрамд нэг юм хэлэхэд, одоогийн байдлаар харин энэхүү Ерөнхийлөгчийн уучлалын хууль эрх зүйн статус асар бүрхэг байгаагаас энэхүү уучлал нь ялтай байдал гээчийг давхар уучлах уу яах вэ гэсэн маргаан өрнөөд байгаа бололтой. Энэхүү үл ойлгомжгүй байдал нь Элбэгдорж ерөнхийлөгчид юм уу улс төрийн зарим хүчнийхэнд ашигтай байж магадгүй тул энэ бүрхэг байдлыг нэг мөр болгон, хуулиар тодорхой болгох гэсэн санаачлага одоогоор хэрэгжээгүй байна. Аль эсвэл хэн ч үүнийг олж харж, үүнийг асуудал болгон тавиагүй байж болох юм. Н.Энхбаярын эрх зүйн статусыг тодорхой болгоё гэвэл хэн нэгэн УИХ-д ерөнхийлөгчийн уучлалын тухай хууль оруулан, ерөнхийлөгчийн уучлал хүртсэн хүн дараа нь ялтайд тооцогдох уу, ялтай байдал нь давхар үгүй болох уу, уучлагдах уу гэсэн хууль санаачлан хэлэлцүүлэн батлуулж болох юм. Ийм арга замаар энэхүү эрх зүйн гацаа, манангаас Н.Энхбаяр нэг салж, гарч болох юм.
Гэхдээ ийм хууль батлах нь өөрөө асуудалтай юм. Учир нь, бидний дээр харсанчлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 46-р зүйлд 7 төрлийн л ял шийтгэл Монгол улсад байна гэж заасан шүү дээ. Тэгтэл 78-р зүйлд хаанаас гарч ирсэн нь бүү мэд Ял Шийтгэлтэй байдал гэдэг зүйл үсрээд гараад ирсэн. Энэхүү 78-р зүйл нь өөрөө Үндсэн хуультай зөрчилдөөд зогсохгүй Эрүүгийн хуулийнхаа 46-р зүйлтэй зөрчилдөж байгаа юм. Тэгэхээр ерөнхийлөгчийн уучлалын тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэж, тодорхой болгохоос өмнө энэхүү 2002 оны эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль оруулан энэхүү 78-р зүйлийг хүчингүй болгох буюу өөрчлөх замаар энэхүү Ялтай байдал гэгчийг үгүй болгож болох юм. 2017 онд Эрүүгийн шинэчлэн найруулсан хууль хүчин төгөлдөр болохоос өмнө.
Гуравдугаар арга зам нь, З.Энхболдын цухуйлгасанчлан, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 25-нд батласан “Сонгуулийн тухай хуулийн” 125, 139-р заалтыг өөрчлүүлж болох юм. Тодруулбал дараах заалтуудыг:
125 дугаар зүйл. Нэр дэвшүүлэх нийтлэг журам 125.4.4.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх;
139 дүгээр зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам 139.3.4.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.
Ийм гурван арга замыг судлаач миний бие харж байгаа ба Н.Энхбаярт зөвлөж болохоор байна. Бусад талынханд нь гэвэл, ганц Н.Энхбаяраас болгоомжилж байгаа юм шиг хуулийн зүйл заалтыг өөр өөрөөр тайлбарлаад байлгүй, нэг батласан хуулиа батлагдаагүй гэж нааш цааш хөдөлгөөд байлгүй туйлбартайхан шиг байгаач гэж зөвлөе.
Е. Ийнхүү энэ асуудлыг цааш судлавал улс төрийн өөр олон сонин ажиглалт, дүгнэлт хийж болохоор байна. Халуун, адармаатай, сонирхолтой судалгаа байсан учраас улам сониучирхан цааш ухаж төнхөн ийнхүү судаллаа. Нэлээд урт бичлэг болох шиг боллоо. Гэхдээ ингээд өндөрлөе. Та бүхэн ч бас өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
Эх сурвалж: www.polit.mn