Бонг, Можух, Мишээл гурав 62 дугаар цэцэрлэгт зочлов

2016-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ, Э.ГАНТӨМӨР

Жил бүрийн есдүгээр сарын 1-нийг хүүхэд багачууд, ээж аавууд, сурган хүмүүжүүлэгч багш нар хөөр баяр, цэцэг навч болон угтдаг. Есдүгээр сарын 1,  хичээлийн шинэ жилийн эхний өдөр алтан шаргал нар дулаахнаар ээн, гадаа тун ч таатай угтав. Энэ нь сургууль цэцэрлэгтээ яарсан хүүхэд багачуудын хувьд тааламжтай сайхан санагдаж байгаа бололтой.  Ялангуяа, дуу шүлэгэнд дуртай, тоглож наадах дуртай 2-5 насныханд цэцэрлэгийнхээ зүг яаран, үеийн найзуудтайгаа уулзалдаж, өмссөн зүүснээ сонирхож, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг үзэж, сонирхох нь хамгийн зугаатай зүйл байв. Мөн гэгээн тунгалаг өглөөг дуу, хуураар угтах авъяаслаг багш нараа харж, тэднийгээ даган дуулж, дуурайж, зарим нь дороо дэвхцэн бүжиглэх нь эгдүүтэй хөөрхөн харагдана. Хүүхэд бүхэнд дурсамтай энэ өдрийн сурвалжлагаа бид Баянзүрх дүүргийн X хороо, “Амгалан”-д байрлалтай, нийслэлийн 62 дугаар цэцэрлэгээс бэлтгэсэн юм.  

 

Есдүгээр сарын 1 хүүхэд багачуудын  баярын өдөр

Хичээлийн шинэ жилийн нээлт  хүүхэд багачууд төдийгүй ээж, аавуудад ч гэсэн сонирхолтой сайхан санагддаг. Хэн бүхний сайн мэдэх “Зууны манлай” хүүхдийн дуугаар шалгарсан “Маамуу нааш ир”-аас авахуулаад хүүхэд бүрийн сайн мэддэг дуунууд эгшиглэж, цэцэг шиг хөөрхөн багачууд өнгө өнгийн хувцсаар гоёж, багш нар луугаа цэцэг барин гүйлдэнэ.

Нийслэлийн 62 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Боловсролын тэргүүний ажилтан, магистр Н.Алтанцэцэг СӨБ-ын байгууллагад олон жил ажилласан, багагүй туршлага хуримтлуулсан нэгэн юм. Баянзүрх дүүргийн  “Амгалан”-д байрлалтай энэ цэцэрлэг хуучны барилгатай ч есдүгээр сарын 1-ий өглөөг өнгөлөг, сайхан угтаж байна. Зуны гурван сар амраад ирсэн хүүхэд, багачуудаа тохь, тухтай орчинд хүлээж авах гэж  цэцэрлэгийн багш нар нь эрвийх дэрвийхээрээ ажиллажээ. Тэд анги танхим болоод гаднах тохжилтондоо багагүй анхаарч, хэний ч харааг булаахаар сайхан засч тохижуулжээ.

БЗД-ийн X хороо цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэдтэй. Тус хороонд цэцэрлэгийн бүртгэл нь багагүй хэл ам дагуулдаг ч 62 дугаар цэцэрлэгийн удирдлагууд жил бүр  цэцэрлэгийнхээ нөөц боломжинд тааруулан, 2-5 насныхныг дээд хязгаартаа тулган хүлээж авдаг гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд хэлж байв. Тиймдээ ч цэцэрлэгт хүүхдээ өгсөн, “Элсэлтийн тасалбар”-т хүүхдийнх нь нэр таарсан залуу ээж, аавууд бүр ч ихээр баярлаж байгаагаа нуусангүй.  

 

Бонг, Можух, Мишээл гурав томоогүй жаалуудын нүдийг баясгав

Бидний очсон 62 дугаар цэцэрлэгийн нээлт товлосон цагтаа, өглөө 08:00 цагт эхэлсэн юм. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтээс цэцэрлэгийн нээлт бүр ч илүү сонирхолтой, содон болдог гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь, дундрашгүй их авъяасын хур буусан багш нар нь өөрсдөө дуу, шүлэг уншин хүүхэд багачуудаа баярлуулах нь тун ч бахархмаар санагддаг.  Бидний зорьж ирсэн энэ цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн  нээлтэд багш нар нь хүүхэд, багачууддаа гэнэтийн бэлэг барих гээд хүүхэд бүрийн сайн мэдэх Бонг, Можух, Мишээл гурвын дүрд “хувирчээ”. Өдөр бүр телевизийн дэлгэцнээс хардаг гурван найзыгаа хүүхдүүд цэцэрлэгийнхээ үүдэнд  харсандаа бөөн баяр болж байв. Бонг, Можух, Мишээл гурав дуулж, бүжиглэх нь ёстой л нэг  томоогүй жаалуудын нүдийг баясгаж, сэтгэлийг нь хөөргөж байв. Ээж аавуудын олонх нь  охиноо өргөн, хүүгээ хөтлөн анхны өдөр нь цэцэрлэгт явуулах гээд, эрдмийн их аянд мордуулах гээд яарч догдлон баярладаг. Харин өвөө, эмээ нь ач зээ нарынхаа араас сүүн цацлаа өргөж, эрдмийн ихийг сурч, сайн хүн болохыг ерөөсөөр үлддэг. Тийм болохоор  есдүгээр сарын 1 яах аргагүй эцэг, эхчүүд, хүүхэд багачуудын  баярын өдөр билээ.

 

Шинэ найзтай болсон эхний өдөр

Дуу хуур, инээд баяраар халгисан энэ өдөр цэцэрлэгийнхээ нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудын  тоглож, наадах орчин нь солигдож, үе тэнгийн шинэ найзуудтай болох нь  сонирхолтой байдаг. Мөн өдрийн ихэнхийг гэртээ өнгөрөөдөг жаалуудын хувьд бөөн аз жаргал, инээд хөөр болж байгааг нь харахад  хүртэл хөгжилтэй, сайхан санагдана.  Тэгэхдээ хамгийн хөөрхөн нь ээж ааваасаа холдож үзээгүй бяцхан жаалуудын хувьд,  зарим нь өмнө нь харж байгаагүй, барьж үзээгүй янз бүрийн тоглоом, сонин содон зүйлсийг  хараад ээж ааваа мартаад гүйх нь энүүхэнд. Харин зарим нь  нэг ангид орох  шинэхэн найзаа харан, учраа олохгүй гайхна. Мөн зарим хоёр настнууд ангидаа ороод уйлалдах нь тунчиг хөөрхөн. Залуухан ээж, аавын зарим нь хүүхдээ уйлахыг сонсоод, цэцэрлэгийн үүдээр эргэлдээд, ажилдаа яарч чадахгүй хөгжилдөнө. Ангийнх нь хаалгаар сэмхэн шагайж, сэтгэлээ гэгэлзүүлнэ. Багшид нь загнуулна. Ингээд л цэцэрлэгийн амьдрал бужигнаж эхэлнэ.   

 

Ахлах бүлгийн ах, эгч нар найзаа хараад баярлана

Цэцэрлэгийн насныхан бүлэг тус бүрээрээ ялгаатай. Бага ангийнхан уйлалдаж байхад, ахлах ангийнхан бие биенээ хараад баярлана. Найзуудынхаа нэрийг ч мартаагүй, “Хөөе Марал аа. Хөөе Чингүүнээ энэ байна” гэж нэрээр нь дуудан хөгжилдөнө.  Хоорондоо уулзалдсан зарим нь “Тэрийг хараа, энийг хараа. Тэр манай ангийн хэн байна. Нааш ир” гэж санасан нэгнээ дуудаж, өөр бусдыгаа ирсэн үү, үгүй юу гэж  ийш тийшээ харах нь өхөөрдмөөр хөөрхөн. Ингээд баяр хөөр, чихэр жигнэмэг, гоё ганган тоглоомонд  хамаг санаа нь явчихдаг багачуудыг хараад эцэг, эхчүүд хүртэл хүүхэд насаа дурсана.  Ийм л гэгээн, тунгалаг сайхан өдөр БЗД-ийн 62 дугаар цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд болон тус эрхлэгч Боловсролын тэргүүний ажилтан, магистр Н.Алтанцэцэг багшийн сэтгэгдлийг сонссон юм.

 

Бид дүүргийн тэргүүний цэцэрлэг болох зорилт тавин ажиллана

БЗД-ийн 62 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтанцэцэг:

- Юуны өмнө бүх хөөрхөн хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе! Бид 2016 – 2017 оны хичээлийн жилд нийт 365 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой, сэргэлэн цовоо хүүхдүүдээ өнөөдөр хүлээн авч байгаадаа баяртай байна.      

Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын шинчлэлээр сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр хэрэгжсэн. Манай хамт олон эрхэмлэх зүйл, үзэл баримтлалаа тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн. Энэ хичээлийн жилд бид сургалтын цөм хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хичээлийн жилд манай цэцэрлэгт нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтаас санхүүгийн, боловсролын, эрүүл ахуй халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр шалгалтууд ирсэн. Энэ шалгалтад манай хамт олон 100 хувь шалгагдаж, үйл ажиллагаа маань “Хангалттай сайн” гэсэн үнэлгээг авсан. Үүнээс бид их урам зориг авч, энэ хичээлийн шинэ жилдээ дүүргийн тэргүүний цэцэрлэг болох зорилт тавьсан.

Өмнөх  жилүүдэд манай эцэг, эхчүүд багш нартайгаа хамтраад хүүхдээ хөгжүүлэх, хүүхдийнхээ сайн сайхны төлөө цэцэрлэгийн хамт олонтой үргэлж хамтран ажиллаж байсанд талархал илэрхийлье.  Өнгөрсөн жил төгссөн бэлтгэл бүлэг Алтан-Ай болон  Насанжаргал багштай ангиуд маань хүүхдүүдэд туршлагын талбай буюу бичил хүлэмж байгуулж өгсөн. Тэндээ улаан лооль, өргөст хэмх зэрэг хүнсний ногоогоо тарьсан. Удахгүй ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд маань шинэ ургацаа хурааж авна. Ийм сайхан гараатай, арвин ургацтай хичээлийн шинэ жилээ угтаж байгаад баяртай байна. Манай эрдэм боловсролтой, эрч хүчтэй багш нар маань,  мөн эвтэй найртай найрсаг хамт олон маань эрүүл тав тухтай орчинд хүүхэд багачуудаа хүлээн авч байгаад баяртай байна.

 

Цэцэрлэгийн хамт олон,  дотоод орчин нь сэтгэлд их нийцдэг

Баянзүрх дүүргийн X хорооны иргэн Н.Бархас:

-Энэ цэцэрлэгт манай хүүхэд гурав дахь жилдээ явж байна.  Нэг нь ахлах бүлэг, нөгөө нь бэлтгэл бүлэгт явдаг. Хичээлийн шинэ жилийн нээлт гээд хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, шинэ хувцсыг нь бэлдэж өгөөд цэцэрлэгт нь хүргэж ирсэн. Том хүүхэд маань дараа жил сургуульд орох гэж байгаа болохоор бүр ч  илүү их сэтгэл хөдөлж байна. Энэ цэцэрлэгийн багш нар, хамт олон нь их найрсаг. Дотоод орчин нь их сайхан. Заах арга зүй, найрсаг хамт олон нь сэтгэлд их нийцдэг. Хүүхдэд зориулсан олон сайхан  үйл ажиллагааг зохион байгуулдаг. Эцэг эхчүүдтэй үргэлж хамтран ажиллаж, уялдаа холбоотой байдаг. Тиймээс хичээлийн шинэ жилээ угтаж байгаа бүх багш нарт нь баярын мэнд хүргэе.

 

Хүүхдүүдтэйгээ адилхан сэтгэл их хөөрч байна

Баянзүрх дүүргийн X хорооны иргэн Н.Отгончимэг:

-Манай том хүү одоо таван настай. Бэлтгэл бүлэгт явдаг. Бага охин маань хоёр настай, цэцэрлэгийн сугалаанд оролцоод орсон. Өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр учраас хүүхдүүдтэйгээ адилхан сэтгэл их хөөрч байна. Ялангуяа бага охин минь сугалаанд хожсон учраас бүр ч их баяртай байна. Энэ цэцэрлэгийн багш нар нь эрдэм боловсролтой, хүүхдүүдтэйгээ нэгд  нэгэнгүй сайхан харилцаатай байдаг. Ийм хичээл зүтгэл сайтай цэцэрлэгийг ирж, сурвалжилж, мэдээ мэдээллийг нь олон нийтэд түгээж байгаад баяртай байна.  

 

Сугалаанд одтой хүү маань цэцэрлэгт орлоо

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Д.Оюунтүлхүүр:

-62 дугаар цэцэрлэг маань энэ хичээлийн жилд  шинээр элсэн орж байгаа хүүхдүүдээ сугалаагаар оруулсан. Манай хүүхдийн нэр сугалаанд таарч, хүү маань  анх удаа цэцэрлэгт орж байна. Би маш их баяртай байна. Манай хүүхэд хувилбарт  бүлэг гэдэгт нь орж байгаа учраас өдөр тарна. Хүүхдийн ачаалал ихтэй байгаа учраас хоёр хувааж оруулж байгаа гэсэн. Өнөөдөр хүүхдүүдээсээ дутахааргүй л сэтгэл хөөрөөд, эрт босоод баярлаад явж байна. Цэцэрлэгийнхээ багш нартай гар нийлээд сайхан ажиллана гэж бодож байна гэв.

 

Хүүхэд бүхний хүсэл биелэх өдөр ойрхон байна

Есдүгээр сарын 1-ний дуу, хуур, хичээлийн шинэ жилийн нээлт өндөрлөх үед  тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтанцэцэг эцэг, эхчүүдэд хандан нэгэн зүйлийг онцолж хэлсэн юм. Тэрээр  “Манай цэцэрлэгийн удирдлага, багш нарын зүгээс хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө эцэг, эхчүүд та бүхэнтэй нягт хамтран ажиллана.  Бид энэ хичээлийн жилд дүүргийн тэргүүний цэцэрлэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилго, зорилтодоо хүрэхийн тулд эцэг эхчүүд та бидний хамтын ажиллагаа туйлаас чухал” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход зөвхөн багшаас гадна эцэг эхийн оролцоо, тусламж дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь ч хэлж байв.

Жил бүрийн энэ өдөр хүн бүхэн, хүүхэд болгон баярлаж хөөрдөг. Эрдэм, номын мөр хөөсөн дурсамж, дуртгалаа дурсан санадаг. Бүгд л мандах нарны илчинд сэтгэлийн галаа өрдөж, маргааш хурдан болоосой гэж хүлээсээр “Есдүгээр сарын 1”-тэй золгодог. Тиймээс энэ өдөр “А” үсэг анх заалгаж, амьдралд хөл тавих эхлэл тавигддаг. Энэ өдөр  алтан нарны цацраг шиг сэтгэл оюуныг цэлмээж, ээж, аавынхаа гараас хөтөлсөн жаахан багачууд их эрдмийн аянд морддог.

Хүн бүрийн сэтгэлд сүүн зам татуулж,  хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх тэр гайхамшигтай өдрийг  “Есдүгээр сарын 1” буюу энэ өдөр эхлүүлдэг. Тиймээс хичээлийн шинэ жилээ угтаж буй балчирхан үрс, багш нартаа ажлын амжилт хүсч, амжилт бүтээлийн дээдийг ерөөе!

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19