“Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал”

2016-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

1

Ч.ЗОТОЛ

Ю.Цэдэнбал хэн байв? Коммунист хатуу дэглэм ертөнцийн талыг ноёрхож байсан тэр цагт “Чингисийн тулганд асаасан галыг унтраах ёсгүй” гэж анх зориглон хэлсэн хүн нь Цэдэнбал.

Монгол төрийн торгон жолоог  атгаж, улс орноо, хүн ардаа хэмээн  нойр хоолгүй зүтгэж  явсан ч эцэст нь өс хонзон, атаа жөтөөний бай болон хэлмэгдсэн  Ю.Цэдэнбал,  түүний “Тойрон хүрээлэгч” гэгдэн чичүүлж амьдрал, ахуйгаараа хохирсон хамтран зүтгэгчдийн тухай өгүүлсэн үнэн түүх, иш баримтын товчоон болсон тун сонирхолтой ном уншигчдын гар дээр очиж байна. Номын зохиогч , хуульч Ц.Шаравдорж тухайн үед Улсын Дээд Шүүхийн Бүгд хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тиймээс үйл явдлын дунд байсан хүний хувьд дээрх номд Ю.Цэдэнбал хийгээд “Тойрон хүрээлэгчдийн” гэх тэр хэргийн хар цагаан, наана цаана, үнэн худлыг шүүн тунгаасан нь ойлгомжтой.

Тус номын редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэмбэл  “...XXI зуун руу хэлбэр дүрсээ өөрчлөн орж ирсэн 1937 он хаалга нижигнэтэл балбаж эхэлсэн боловч, Улсын маань Дээд Шүүх түүнд хаалга тайлж өгөөгүй юм...” хэмээн тэр үеийн байдлыг онцолжээ. Мөн тэрээр зохиогчийн талаар “Ц.Шаравдорж маань баримт  нотолгоог эрхэмлэдэг эрдэмтэн, хуульч хүний тулгуур зарчмыг барьж Ю.Цэдэнбал агсны хамтран зүтгэгчид, ах дүү, хамаатан садан, нэрт зохиолчид, эрдэмтэд болон Зөвлөлтийн (хуучин нэрээр) нам, төрийн тэргүүнүүд, томоохон улстөрчдийн Ю.Цэдэнбалын талаар хэлсэн үг, дурсамж, дуртгалуудыг уйгагүй цуглуулан, цэгцлэн боловсруулж үнэлэлт өгсний дүнд судалгааны эх сурвалж болохуйц  жинтэй бүтээлийг туурвижээ” хэмээн үнэлжээ. 

Тэгвэл, Соёлыг гавьяат зүтгэлтэн До.Цэнджав номын өмнөтгөлд “Түүхэн үнэ цэнэ гэдэг бол ерөөсөө архивын баримт, баримтаас ургуулсан үнэний  эрэл хайгуул, зөв шударга үнэлгээ дүгнэлт, өнгөрсөн эдүгээг гэрэл сүүдрээр нь ялгах нарийн мэдрэмж, билгийн мэлмийг нээх авьяас чадвар юм. Хуульч хүний үг хуудуугүй баримтыг түших ёстой. Энэхүү мэргэжлийн үүргээ цагийн буулганы өмнө, цаасан дээр үлдэх үг утгын  өмнө зохиогч биелүүлжээ гэж бодлоо. ...Унтах нойр, амрах цагаа, цэнгэх жаргалаа хасан зориулж цолгойрсон хувь хүн бол Цэдэнбал дарга гэдгийг энэ номноос илүүтэй ойлгож, одоо хүртэл улс төрийн атгаг санааны  хий үзэгдэл тэнүүчилж байгаа цаг үед наанадаж ойлгох, цаанадаж өрөвдөх, жинхэндээ бол бишрэн хайрлах сэтгэл төрөх болов уу” гэжээ.

 

Харин зохиолч  номоо гаргалгүй судалгааны төвшинд өдий олон жил  болсноо   “..Би уг нь энэхүү номыг нэлээд эрт гаргачих юмсан гэж хичээж бодож байлаа. Эрт гаргасан бол “Тойрон хүрээлэгч“ гэсэн нэр зүүн адлуулж, элдвээр бичүүлж, доромжлуулж, гэмт хэрэгтэн болох шахаж байсан тэр хэдэн хүний сэтгэлийг амрааж, тэдний тухай үнэн зөв ойлголтыг олон түмэнд эртхэн  өгч, нэр төрийг амьдад нь бага боловч сэргээх байлаа. Гэхдээ нөгөө талаар харзнасан тал бий. Яагаад гэвэл “Тусгай хангамж эдэллээ, ард түмний хөрөнгөөр тоглолоо, намын сахилга алдлаа, өмч хөрөнгө ашиглалаа” гэж байсан хүмүүс  өөрсдөө яах нь вэ гэдгийг хармаар санагдаад байсан юм” хэмээн тайлбарлажээ. 

Монгол Улсад өрнөсөн үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг хугацааны хувьд аваад үзсэн ч, харьцуулж ойлгоход ч энэ ном гарсан нь цагаа, бас нүдээ олжээ. Мөн өчнөөн жилийн дараа Монголын төр Ю.Цэдэнбал агсныг мөнхжүүлэх ажлыг сэдэж хийж буй үед хэвлэгдэж  байгаагаараа ач холбогдолтой юм.

Зохиогч “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгч олон хавтаст материалыг аваад уншиж байх үеийн тохиолдлыг өгүүлсэн нь энэ хэрэг гэгчийг бүрдүүлэхийн тулд хэрхэн яаж ажиллаж байсан, туйлшрал гэгчийн үнэн байдлыг харуулсан энгийн мөртлөө юм бодогдуулах баримт гэлтэй. 

 “Хэргийн материалыг хүлээж аваад удаагүй байсан цаг. Хавтаст хэргийн материал уншаад, түүндээ хамаг анхаарлаа тавьчихаад толгой дээш таталгүй сууж байтал нэг хүн өрөөнд сэмхэн орж ирээд зогсоод байх шиг. Өндийн харвал Ж.Батмөнх гуай байх юм. Би сандран босч сандал авч өгөөд, та суугаач дээ гэхэд  тэрээр: “Бид чинь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж ял төлөвлөгдчихөөд байгаа гэмт хэрэгтнүүд шүү дээ. Би Крымд нэг л удаа эхнэр Дариймаатайгаа хамт явахад Зөвлөлтийн онгоц ирж авч явсан юм. Монголын нэр төр байна даа, тэр нисгэгч нарт гарын бэлэг гэж нэг шил архи, үзэг харандааны ширэн сав, за нэг хүнд нь нэг үнэгний элдсэн арьс өгсөн юм. Тэрнийг прокурор асуугаад болдоггүй.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга чинь хөдөө томилолтоор нэлээд явна аа. Цай хийж уудаг аяга, суурь тавгийг эндээс авч явдаг байсан байх, түүнд надад цай хийж өгдөг байсан. Соёмботой аяга таваг л даа. Гэтэл нэг тийм аяга таваг надаас асуугаад болдоггүй. Ямар учиртай юм бол гээд асуусан чинь дутсан юм уу, эсвэл хагарчихсан юм уу, асуудал болсон бололтой юм билээ. Би яаж мэдэхэв дээ” гэж намуухан дуугаар учирлан тайлбарлаж байсныг сонсоход өр өвдөм бөгөөд ер мартдаггүй юм” гэжээ.

Зохиогч Ю.Цэдэнбалын  хэлмэгдүүлэлтийн тухай өргөн цар хүрээтэй материалыг “Чингисийн тулганд асаасан галыг унтраах ёсгүй” гэж Юмжаагийн Цэдэнбал л хэлсэн”, “Хамт ажиллаж байсан журмын нөхөд, хожим “тойрон хүрээлэгч” болсон нөхдийн үг”, “Харьд ганцаардсан гунигт амьдрал”, “Цэдэнбалыг Монголд ирүүлэхгүй байсны учир шалтгаан”, Улс төрийн дүгнэлт гаргах Комиссын  үйл ажиллагаа”, “А.И.Цэдэнбал-Филатовагийн хэлмэгдэл”, “ Ю.Цэдэнбалыг одоо ч цагаатгахыг хүсэхгүй байна” болон бусад бүлгүүдэд тодорхой өгүүлжээ.

Сүүлийн үед Ю.Цэдэнбалын тухай “хатуурхал, туйлшралын мөс” нь хайлж,  ажил амьдралынх нь тухай бодитойгоор дурсах болж байгаа нь сайн хэрэг.

“Социализмын  сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” ном үүнд бодитойгоор хувь нэмрээ оруулах нь гарцаагүй бөгөөд үйл явдлыг дан баримтуудаар баталгаажуулж өгүүлсэн энэ номын үнэлэмжийг өндөрсгөж байна.

Ю. Цэдэнбалын үед Монгол Улсын хөгжил ямар байсан, ямар ололт амжилт гарсныг авч үзэх нь энэ хүний тухай, ямар удирдагч байсныг үнэн мөнөөр нь ойлгоход хэрэгтэй билээ.

 

Нацагийн Багабанди:

/Монгол Улсын хоёр дахь  Ерөнхийлөгч/

 

 “Монголын  ард түмэн,  Монгол Улсынхаа хувь заяанд эргэлт гаргаж, үндэс угсаа, түүх соёл, төрт ёсоо сэргээн мандуулж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган, нийгмийн хөгжлийн ээдрээт замыг туулсан ХХ зууны дөчөөд жилд Монголын төр засаг, эрх баригч намыг тасралтгүй тэргүүлж байсан Юмжаагийн Цэдэнбалын гавьяа зүтгэлийг мөнхжүүлэв”.

 

Дашийн Бямбасүрэн:

/Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд/

 

“...Эрдэнэтээс  өчнөөн ашиг олно гэж тооцоолж байтал тэгсэнгүй. Ингээд би Брежневт захидал бичээд Цэдэнбал гуайгаас  гарын үсгийг нь авах гэтэл, дарга уншиж дуусаад: -Бямбасүрээн, чамд нэг дутагдал байна. Чи юмыг их тойруулах юм. Шууд хэлж бай гээд  улаан харандаагаар “бид  ингэж амьдарч  чадахгүй” гэж бичээд гарын үсгээ зураад, одоо Брежневт явуул гэдэг юм байна. Зөвлөлтийн өөдөөс, социалист системийн ямар ч удирдагч иймэрхүү үг хэлэх нь  битгий хэл, бодож ч  чадахгүй цаг үе байсан. Харин Юмжаагийн Цэдэнбал хэлсэн юм шүү. Ингэж хэлж байсан хүнийг өнөөдөр Зөвлөлтийн бууны нохой, утсан хүүхэлдэй гэж хэлэх юм. Мунхаг тэнэгүүд л өнгөрснийг мэдэхгүй юм байж, өнөөдөр их зүйл ярьдаг. Эцсийн дүндээ Ю.Цэдэнбал гуай бидний төлөө зүтгэсээр дууссан. Тэр хүний аугаа их бүтээн байгуулалт, эх орноо гэсэн хоёргүй сэтгэлийг Монгол гэх зүрхтэй, Монгол гэх  сэтгэлтэй, Монгол хэмээх хүн бүр мэднэ. Монгол  хүн өвгөд рүүгээ нулимдаггүй юм”

 

Лодонгийн Түдэв:

/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зохиолч, сэтгүүлч/

 

“... Энх хөдөлмөрийн фронтын дээд командлагчаар дөч гаруй жил ээлж халаагүй  хөдөлмөрлөж, хоногийн гуравны хоёрт нь тогтмол илүү цагаар ажилладаг байсан юм. Хорь эргэм настай Юмжаагийн Цэдэнбалын Монголын улс төрийн тавцанд гарч ирсэн 1940 онд Монгол Улс иргэний агаарын тээвэргүй, төмөр замгүй, үндэсний их сургууль, шинжлэх ухааны академигүй, морин өртөөгөөр албаа залгуулдаг, өдөрт 5000-хан тоосго цохидог, 31 мянгаад квт. цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, ганцхан улсад Элчин сайдын яамтай, олон улсын байгууллагуудын хүрээний гадна оршдог ийм нэгэн  орон байлаа. Тэгвэл 45 жил төр, засгийг удирдсан Ю.Цэдэнбалыг Монголын улс төрийн индрээс зайлуулсан 1984 оны эцсээр Монгол Улс өдөрт таван сая квт. цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, дөчин онд зургаан сард цохидог байсан тоосгыг ганцхан өдөрт үйлдвэрлэчихдэг, бүтэн оны турш тээдэг байсан ачааг ганцхан өдөрт тээчихдэг, тээвэр, холбоо, үйлдвэр уурхай хөгжсөн, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болж, сансарт иргэнээ нисгэсэн билээ. Мөн НҮБ-ын гишүүн, дэлхийн  90 гаруй улстай дипломат харилцаатай, олон улсын наяад байгууллагын гишүүн орон болсон байлаа. Тэрээр Монгол орноо хоцрогдлын онцгой бүсээс  хөгжлийн онцгой бүсэд шилжүүлэхэд ухамсарт бүх амьдралаа эргэлт буцалтгүй өгч, нийгмийн өмч болон хувирсан  хувь хүн байв”.

 

Очирбатын Дашбалбар:

/Төрийн шагналт яруу найрагч/

 

“Түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хэний үед бий болсон, Цэдэнбалын үед. Тусгаар тогтнолоо баталгаажуулж, хэний үед НҮБ-д элссэн, Цэдэнбалын үед. Элдвийн өвчин зовлонгоос хэний үед салсан, Цэдэнбалын үед. Хүнээ сансарт нисгэж, тамирчдаа олимпод оролцуулж, ажилгүй хүн нэгээхэн ч  үгүй цаг үе хэний цаг үе байсан, Цэдэнбалын л цаг үе байсан. Тийм байтал энэ их  гавьяаг нь ярихгүй хэрнээ өчүүхэн алдаан дээр нь нэмж хачирлан  зохиогоод, түүнийгээ нийтэд итгүүлэх гээд байгаа булайнууд ичээсэй. Ю.Цэдэнбал шиг бүтээчихээд  ярих хэрэгтэй” гэжээ.

Энэ мэтчилэн Ю.Цэдэнбалыг сайн мэдэх, хамт ажиллаж байсан, анд найзууд, ах дүү нар, судлаач, түүхч олон хүмүүс өөрийн бодол, бодит амьдрал, болсон явдлуудыг баримт түшин ярьцгаасан нь асуудлыг олон талаас харж, бодитоор ойлгоход ихээхэн тустай байх нь дамжиггүй.

“Ю.Цэдэнбалыг  ажлаас нь зайлуулах тухай асуудлыг зарим хүмүүсийн санаа бодолд нэлээд эртнээс бий  болсон тухай яригддаг. Энэ ч үнэний хувьтай. 1990 он....Ю.Цэдэнбал Москвад хүнд өвчтэй байсан бөгөөд өөрийн үйлдлээ мэдэхгүй хэвтэрт байх үед 1990 оны гуравдугаар сарын 14-ний өдөр МАХН-ын Төв Хорооны III Бүгд хурал  хуралдаж, түүнийг МАХН, Монголын ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай үүргээ хөсөрдүүлсэн гэж МАХН-ын эгнээнээс хөөлөө. 

     1990 оны гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд хуралдсан МАХН-ын Төв Хорооны VIII Бүгд хурал ч нэгэнт дээрээс дэглэсэн, урьдаас төлөвлөсөн  хурал байсан гэдгийг баримтаар өгүүлсэн бөгөөд үйл явдалд  хэрхэн үнэлэлт дүгнэлт өгснийг уг хурлын тогтоолоос харж болно.

Зохиогч эдгээр баримтуудын тухайд “Номонд өгүүлж байгаа зүйлд дураар нэмж хасч зохиосон зүйл байхгүй ээ. Гагцхүү болсон үйл явдлыг бодит баримтаар нь харуулж байна” гэсэн байна. Намын Төв Хорооны III Бүгд хурлын дараа  Улсын Прокурорын газар “тойрон хүрээлэгчид” гэх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж, ял төлөвлөж, заавал хэрэг болгохын төлөө хоёр жил “уйгагүй “ ажилласан юм.

Энэ хэргийг тэр үеийн МАХН /одоогийн МАН/ захиалж, Прокурорын байгууллага гардан хэрэгжүүлсэн гэдэгт эндүүрэл байхгүй нь тодорхой харагдаж байна” гэжээ. “Тойрон хүрээлэгчдийн хэрэг”-т холбогдуулж нэр бүхий хүмүүсийг хэлмэгдүүлэх болсон гурван үндсэн  учир шалтгаан энэ “хэрэг” гэгчээс их илэрхий харагддаг гэдгийг зохиогч бас тэмдэглээд үүнийгээ “өс хонзонгийн тооцоо, МАХН-ын зарим удирдагчдын өндөр албан тушаалд очих хүсэл тэмүүлэл, үүний тулд Цэдэнбалыг замаасаа зайлуулах гэсэн үйл ажиллагаа. Үүний тулд тухайн үеийн гадаадын тагнуулын болон дээд  удирдлагын оролцоотой хийсэн  увайгүй ажиллагаа” хэмээн онцолсон байна.

Энэ номын “Харьд ганцаардсан гунигт амьдрал” хэсгийг уншихад Цэдэнбал гуайн амьдралын сүүлчийн мөчүүд ямар байсныг мэдэрч, зүрх шимширмээр дүр зургийг уншигч та харах болно. 

Энэ тухай номд ...Ю.Цэдэнбал гуайн амьдралын сүүлчийн өдрүүд ямар  зовлон зүдүүртэй байсныг монголчууд  мэдэхгүй. Тэр хүн тэнд яажшуухан амьдарч байгаа бол гэж санаа тавих хүн ч байсангүй, үнэндээ Монгол эх орон, монголчууд  нь түүнийг мартсан байсан гэж хэлж болно. Монгол Улсын Элчин Сайдын яамныхан ч анхаарч байсангүй. Төрсөн дүү Аюуш, хүү Зориг, гэргий  Анастасия Ивановна нь эмнэлэгт ээлжлэн сахиж хүнд хэцүү  байгааг нь нүдээрээ харцгааж, зовлонг нь хуваалцаж байсан байдаг” гэсэн байна.

Мөн уншигч та энэ номноос зохиогч,  МАХН/одоогийн МАН/-ын Онц их хурлаас байгуулагдсан Улс төрийн дүгнэлт гаргах комиссын дүгнэлтүүд, тухайлбал, нас бараад 10 гаруй жил болсон хүмүүст, тухайлбал Ж.Самбуу, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал нарт хүртэл “Улс төрийн дүгнэлт” гаргаж “Зүй нь арга хэмжээ авбал зохих хүн байв” хэмээн нэхэн занаж байх нь Монгол ёс уу? гэж яагаад асуув, “Ю.Цэдэнбал  Монголд  ирэх нь огт хүсэх юм биш, ирж гэмээнэ хэрэг явдал урьдаас таахын аргагүй зүгт эргэх аюултай гэж үзэж байгаагаа монгол нөхөд бидэнд илэн далангүй ойлгуулав” гэж хэн ярьсан гээд олон сонирхолтой  зүйлийг унших болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19