
Монгол Улсын УИХ-ын дарга М.ЭНХБОЛД, Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ нар танаа
УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулан төр засгаа төвхнүүлэх ажилд гар шамлан орж байгаа Та бүхний амгаланг айлтгая. Монгол улсын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад дотоод өрийн талаар Та бүхний ил тод хэлж буй баримт, улсын төсвийн тодотгол, шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбогдуулан өгч байгаа тайлбарыг хараад талархсан даа ийнхүү үзэг, цаас зодолдуулав. Өршөөгтүн. Урд нь бол төрийн нууц, засаг төрийн бодлогын залгамж халаа, түмэн олонд хамаагүй гэх шахуу юм ярин олон зүйлийн талаар үг дуугарахгүй өнгөрдөг байсан болохоор л олон хүн талархсан болов уу гэж санагдана. Сүүлийн хорь гаруй жил манайд сонгуулийн өмнө юу ч амлаж болно. Эрх мэдлийн сэнтийд заларвал учир нь олдоно гэж нэг талаас итгэлтэй явсан. Нөгөө талаас ялагдсан улс төрийн хүчин нь ч тэгсгээд чимээгүй болдог жишиг тогтсон. Сонгогчид бид ч “тэгдэг л юм” гээд тоохоо байсан. Цаашдаа ийм байдалтай явах юм бол “хонгилын үзүүрт ёлтойх гэрэл” ч бөхөхөд тулаад байгааг хүссэн хүсээгүй хэнийг ч болов хэлүүлэхэд хүргэв бололтой. Тийм ээ, ялсан, ялагдсан намынхан аль аль нь манай эдийн засаг хямарлаа гэж байна. Харин хэдийд хэн хямруулав гэж л маргах боллоо. Хямралд орсон цаг хугацааг янз бүрээр хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд л хямарлаа гэж МАН-ынхан хатуу хэлж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрдэмтэн судлаачид 1990-ээд оноос эхтэй, бүр тэгэх тэгэх дээ төлөвлөгөөний комисс хэмээх байгууллага үгүй болсонтой холбоотой гэж ч хэлж байгаа харагдана. Бас улс орноо эдийн засаг санхүүгийн хямралаас хэрхэн гаргах талаар онолын маргаан ч залуу эрдэмтдийн дунд өрнөж байх шиг байна. Энэ бүхнийг нийлүүлэн нийтгэж хөгжлийн зөв зам голдролд нь оруулах адармаатай үүрэг Та бүхэнд оногджээ. Иймийн учир 2009 онд бичиж хэвлүүлж нэгэн өгүүллээ Та бүхний сонорт толилуулъя хэмээн зүрхлэв. Тийм ээ 2009 онд бичсэн. Тоо баримт нь жаахан хуучирсан ч одоо яриад байгаа бүхэн сонсогдох учраас ийм алхам хийхэд хүрэв. Бас эндээс үзвэл өнөө бид чинь эгээ л чөдөртэй морь шиг нэг л газраа догонцон эргэлдээд байгаа юмсан уу гэсэн бодол эрхгүй төрсний учир ийм алхам хийв. Бас 2009 он гэдэг бол “стандарт бус Засгийн газар” хүчээ аван тодорч олон зөв алхам хийж Монгол Улс, монгол түмний амьдрал сэвхийн дээшлэх юм шиг санагдаж байсан үед эвлүүлсэн санаа. Хямралын эх хэзээ тавигдсан нь чухал биш гэж санагдаж болох юм. Гэхдээ чухал байлгүй яахав. Зөв оношлох юм бол нөхцөл байдлаас гарах арга замаа зөв олно. Үнэн ямагт гашуун байдаг. Гашуун үнэнийг зөв тодорхойлж цаашдын зам мөрөө олохгүй бол “догонцсоор” байх болно хэмээн санахын учир энэ бүхнийг Та нарын оюуны мэлмийд толилуулж байна.
Би бол Э.Фромм “Эрх чөлөөнөөс дайжихуй”, Ли Гуан Яао “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал”, Збигнев Бзежински “Их сүйрэл буюу ХХ зуунд коммунизм мэндэлж мөхсөн нь” зэрэг зарим нэг ном хөрвүүлсэн борог орчуулагч, хаа нэг зарим санаагаа тэрлүүлэгч ядмаг бичээч Норовын Пүрэвдагва гэгч хүн.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ
Дэлхийн эдийн засаг хямарлаа, дэлхийн эдийн засагт нөлөө бүхий томоохон үйлдвэр аж ахуйн газар, компаниуд дампуурлаа хэмээгээд нэлээн удаж байна. Энэ тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр өдөр алгасахгүй цацагдаж байна. Банк санхүүгийн хямралт байдлын тухай дэлхий анх ярьж, мэдэрч эхлэхэд “манай оронд хамаагүй хэмээн” эрдэмтэд, судлаачид хэмээх манай “мэргэд” телевиз, сониноор хээв нэг ярьж суусан нь саяхан. Харин одоо тэр “мэргэд” хүртэл улсын эдийн засаг амаргүй байгаа тухай ам уралдан ярих болсныг хараад гайхахдаа юу болоод байгааг “сайн дурын уран сайханч”-ийн байр сууринаас ухаж эрэгцүүлснээ уншигч тантай хуваалцахаар зориглов. Болгоогтун. Би бол судлаач, үзсэн харснаа та бүхэнтэй хуваалцаж байдаг мэдээллийн улаач биш, ердөө л нэг муу борог орчуулагч...
Нээрээ манай улс дээрх “мэргэдийн” хэлж байгаачлан дэлхийн эдийн засагтай төдий хамаагүй байсан бол аштай юу даа хэмээн хамгийн түрүүнд бодогдож байна. Бид чинь хэрэглээний хувьд “даяаршил” хэмээх ач буянтай сайхан юмны буянаар “мари дори” татаж, “кока кола” сорж, хаммер жийп хөлөглөөд удаж байгаа шүү дээ. Бас дэлхий нийтийн нийтлэг ёс дэг-арилжаа наймааны... харилцаанд орчихоод хэдэн жил болж байгаа. Үнэндээ бол бараг бүгдийг, тэр ч бүү хэл 50 шахам сая толгой малтай гэх боловч мах, сүүгээ хүртэл худалдаж авдаг улс аа, бид чинь. Ингээд бодохоор “манайд хамаагүй ээ” хэмээн “мэдэмхийрч” суусан “их мэдэгчдийг” одоо бодохоос дур гутах шиг.
Бид чинь бас юу зарж, тэр даяаршсан хэрэгцээгээ хангадаг улс билээ? Эхлээд ямааны ноолуур. Дараа нь зэс, алт. Аз болоход нэг хэсэг түүхий эд буюу угаах төдий хагас боловсруулсан ноолуурын үнэ тэнгэрт гарч, хүйтэн хошуутай гэдэг ямааны тоо толгой огцом өсөж, торгон дээлтэй, өргөн бүстэй ханхалзсан эрсийн тоо олширсон ч дотоодын ноос ноолуурын үйлдвэрлэл сэргэлээ гэж хэлж амжаагүй байхад өнөөх үнэ шалдаа буусан. “Тэнгэр заяатай” хэмээн өөрсдийгөө өргөмжлөх дуртай бидний аз болоход дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ нэгхэн хэсэг өсөхөд эрх мэдлийн төлөө уралдан өрсөлдөгч улс төрийн нам, улс төрчдийн аманд багтан нийгмийн халамж хөхөгчид болон хувирсан. Бэлэн сайхан амьдрал, сул мөнгө амлан олон түмний толгой дээр залрах буруу жишгийн үүд хаалгыг нээсэн гэсэн үг. Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгө, алдар гавьяатнуудад олгох мөнгө... гээд л тоочвол барагдахгүй урт цуваа. Дээр нь манай эрх баригчид олон улсын идэвхтэй үйл ажиллагаа хэмээн хаа сайгүй хөлхөлдөх болсон... ...улс төрчид, улс төрийн намуудын сул мөнгөний амлалтын буухиа үргэлжилсээр иргэн бүрт 1,5 сая төгрөг, 1,0 сая төгрөг ...амласан.
Тэр их амлалтдаа ороогдсон эрх баригчид маань өнөөдөр мөн л монголчуудын заяа буян, эцэг өвгөдийн минь хадгалан ирж өвлүүлэн өгсөн газар нутаг, уул уурхайн үүцээ яаж зарж, яаж аятайхан хувааж идэх билээ хэмээн хэлэлцэж, химлэлцэж байна.
Өнөөдрийн манай засгийн газар ажил үйлс нь амжилттай яваа нийгмийн нэг хэсгийн олсон орлогоос татвар нэрээр цуглуулаад, ажил үйлс нь тааруу байгаа нөгөө хэсэгт буянтны дүрээр хуваарилж өгөхийг гол ажлаа гэж үзэж байх шиг санагдана. Бас ч гэж Монгол Улсыг хөгжүүлэх сан гэгчийг байгуулж, хөрөнгө төвлөрүүлэх болсон юм билээ. Харин тэр хөрөнгийг тэнцүү гурав хуваан хүүхдийн мөнгөн тэтгэмж, дэд бүтэц, барилга байгууламжид зарцуулах журамтай ажээ. Зам дагаж хөгжил гэдэг л дээ. Гэхдээ ядаж цэвэр зэс гаргадаг үйлдвэр байгуулчихсан бол ажлын байр нэмэгдэж, ангайсан ам цөөрөх л байсан байх. Бас улс орны сан хөмрөгт орох мөнгөний хэмжээ ч дээшлэх байсан биз. Даан ч тэгсэнгүй. ...Манай эрх баригчид улсын хөгжлийг төсвөөр л төсөөлж байгаа юм байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал өнгөрсөн 2008 оны сүүлчээс манай орны эдийн засагт хүчтэй нөлөөлсөн хэмээн банкны удирдлагууд ... хэлэх боллоо. Ингэж хэлэхээс ч аргагүй байдалд хүрснийг баримт бэлээхэн гэрчилнэ. Тухайлбал, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал хамгийн өндөр буюу нэг тэрбум ам.долларт хүрсэн. Бас гадаад валютын албан нөөц 315,7 сая ам.доллар, банкуудын гадаад цэвэр актив 522 сая ам.доллараар буурсан болохоор ингэж ч хэлэхээс яахав.
Улс орны санхүү эдийн засгийн байдалд иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламж ихээхэн үүрэгтэй байдаг талаар манай оронд хэлж ярьж, ухуулж таниулж байсныг би лав санахгүй байна. Харин энэ хямралын үеэр УИХ Банкин дахь иргэдийн мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль гаргав. Өөрөөр хэлбэл, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл алдраас сэрэмжлэв гэж тайлбарлаж байгаа сонсогдоно билээ.
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “...Энэ оны эхэнд санхүүгийн тогтолцооны эхний шатны хүндрэлийг давж гарсан боловч гадаад валюттай харьцах төгрөгийн ханш үргэлжлэн суларч, сөрөг хүлээлт хүч аван эдийн засгийг бүхэлд нь тогтворгүйжүүлж байна. ...бизнес эрхлэгчид, банк санхүүгийн байгууллага, ард иргэдийн хувьд ханшаар өдөөгдсөн эрсдэл үлэмж өндөр хэвээр байгаа болохоор эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан болж хувирсан. Энэ эрсдлийг даван гарахын тулд Монголбанк мөнгөний бодлогоо чангатган бодлогын хүүгээ 9,75 байсныг 14 хувь болгон өсгөж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан... ...санхүү, эдийн засгийн хямрал эцсийн, хүндхэн шатандаа ороод байна. ОУВС-ийн үнэлгээгээр манай улсын эдийн засаг ирэх оны I улирлаас эхлэн сэргэх төлөвтэй байгаа. ...Өнөөдрийн нөхцөлд мөнгөний бодлогыг сулруулахын тулд банкаар дамжуулан эдийн засгийг мөнгөжүүлэх уламжлалт бодлого дэлхийн олон орны нэгэн адил манай улсад ч хэрэгжих боломж хомс байна” гэж ... байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалт, зээлийн гэрээг өнөө маргаашгүй үзэглэнэ хэмээн УИХ-ын эрхэм гишүүн, Сангийн сайд С.Баярцогт удаа дараа мэдэгдэж байна. Энэ зуур Лондонгийн металлийн бирж дээр зэсийн ханш 6300 ам.долларт хүрэв. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс хямралаас гарахад ойртлоо хэмээн гадаадынхан шуугих болсон. Тийм л байгаасай.
Саяхан болж өнгөрсөн НҮБ-ын 64 дүгээр чуулганы нээлт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлсэн үгэндээ “...Олон талт хамтын шинэчлэгдсэн үйл ажиллагаанд түшиглэн хямралт байдалтай тэмцэх...”-ийг уриаллаа. Үүнийгээ тэрээр “Зорилгын хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч нэгдмэл байх явдал” гэж тодорхойлжээ. Мөн цааш нь тэрээр “...эдийн засгийн хямрал ядуучуудын тоог өсгөж энэ оны эцэс гэхэд 100 сая орчмоор нэмэгдэх төлөв харагдах боллоо... Зах зээл ялимгүй сэргэж болох боловч хүмүүсийн орлого, ажлын байр нэмэгдэх шинж мэдэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тухай ярих цаг болоогүй байна” гэж хэлжээ. Энэ бол мэдээлэл, дэлхий ертөнцийн амьдралд илүү ойр байгаа байгууллагын зүгээс өгч байгаа үнэлэлт. Тэнгэр заяатай хэмээн хэчнээн цээж дэлдэвч дэлхийн л нэг тасархай Монголд маань энэ хамаатай хэмээн би мунхаглана.
Мөн түүнчлэн эдийн засгийн талаар судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргадаг дэлхийн нэр хүндтэй төвүүд, эрдэмтэн судлаачид ч үгээ хэлж байна. Хэлэгдэж яригдаж байгаа зүйл дотор хямралаас аль улс түрүүлж гарах, дэлхийг хямралаас татаж гаргах гол орон хэн болох, тэр ч бүү хэл ямар улс хожиж гарах вэ гэсэн асуултад хариулсан байдал сонирхол татаж байна.
Бас дэлхийн эдийн засгийн хямралаас гарах үе шатны талаар ч санаа бодлоо уралдуулж байна. Тоймлон харвал улс орнууд дөрвөн шат дамжих бололтой юм. Эхний ээлжинд улсын төсвийг хүндрэлээс гаргах; хоёрдугаарт, эдийн засгийн хямралт байдлыг даван гарсан үйлдвэр аж ахуйн газруудыг тогтоон тодруулж улмаар төр, засгийн бодлогоор цаашид дэмжиж, өрсөлдөх чадварыг нь сайжруулах; гуравдугаарт, улс орны эдийн засаг, аж ахуйн байдалд судалгаа дүгнэлт хийж, эдийн засгийн макро түвшний бодлогоо эргэн харах; дөрөвдүгээрт, дэлхийн зах зээл дээр хийгдэж байгаа техник технологийн шинэчлэл, бараа бүтээгдэхүүний хэрэгцээ хийгээд эдийн засгийн төвлөрөлд гарч байгаа өөрчлөлтөд зохицон байр сууриа олох гэсэн шатыг дамжина гэдэг дээр санал нийлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, аливаа нийтийг хамарсан хямралын дараа улс орнуудын хоорондын харилцаа, байр сууринд өөрчлөлт гардаг гэдгийг дахин нотолж байгаа гэсэн үг.
БНХАУ-ын эдийн засгийн өнөөгийн байдлыг дэлхий даяараа “эдийн засгийн гайхамшиг” хэмээн шагшин магтаж байна. Зүгээр ч нэг магтаад зогсохгүй улс орнуудын эдийн засгийн өсөлт 1930-аад оны уналтын байдлаас ч дор орж байхад БНХАУ-ын эдийн засаг жилийн дундаж болох найман хувийн өсөлтөө хадгалж байна, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд зориулан үйлдвэрлэж байсан орон бүх улс үндэстэн хэрэглээгээ хумиж байхад юуны учир ийм байдалд хүрэв гэж гайхацгааж байна. Түүнээс гадна БНХАУ эдийн засгийн хөгжлөөрөө ХБНГУ-ыг гүйцэн гуравт жагсах болоод байна. Бас Энэтхэг, Бразил, Турк дэлхийн эдийн засагт нөлөө бүхий орнууд боллоо хэмээх болов.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дараа АНУ-ын Питтсбург хотноо хөгжингүй орнууд буюу “Их-20”-ийн уулзалт болж дэлхийн эдийн засгийн хямралын талаар хэлэлцлээ. 1975 оноос “Их-5”, 1976 оноос “Их-6”, 1990-ээд оноос “Их-7+1”, 2002 оноос “Их-8” гэж байгаад 2008 оноос “Их-20” гэх болсон эдгээр орон дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувийг үйлдвэрлэдэг болохоор хариуцлага үүрэн, ийн хэлэлцэх нь зөв биз.
Уулзалтын үеэр “Америкийн хэрэглэгчдээс дэлхийн эдийн засаг ихээхэн хамаардаг байдлыг бууруулах, БНХАУ-ын дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг өсгөх, дэлхийн эдийн засаг тогтвортой болтол хамтын хүчин чармайлтаа зогсоохгүй” байхаар шийдвэрлэлээ.
Эндээс эргүүлэн бодвол улсын төсвийн хүрээнд эргэлдэж байгаа манай эрх баригчдын зөв ч юм шиг. Гэхдээ л манай албан тушаалтнууд бие биенээ хөөргөдөн “Хямрал манайд хамаагүй, хамаатай байлаа ч удаан үргэлжлэхгүй, даван тууллаа” хэмээх болсон нь хэр үндэстэй вэ? Ингэж эргэлзэж, асуухын учир уг нь “ноолуурын үнэ” тойрсон хэрэг явдал бэлээхэн сануулаад өгнө шүү дээ. Саяхан л ноолуурын үнэ кг нь 50000 төгрөг хүрч байсан. Тэгэхэд ноос ноолуурын мэргэжилтнүүд “наадах чинь худлаа үнэ. Ер нь ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид найм орчим жилийн эргэлттэй түүхий эдээ нөөцөлдөг... Тэглээ гэхэд ийм үнэтэй байх учиргүй. Манай улсын энэ чиглэлийн үйлдвэрлэлийг унагах гэсэн бодлого яваад байгаа юм биш үү?” гэхчлэн сэрэмжлүүлж байсан. Одоо хар, дандаа л өндөр үнэтэй байх юм шиг санаж, бүр улстөрчид хүртэл ам тангараг өгч байсан ноолуурын үнэ уначихаад л байна. Ямар сайндаа манай “УИХ ямаанд хайр зарлаж” байх вэ дээ.
Цахим ертөнцийн хуудас лавхан эргүүлээд үзвэл дээрх сэжиглэлийн үзүүр хөврөх бололтой. Хятадын засгийн газар их хэмжээний зэс худалдан ав хэмээн дөрвөн триллион юань үйлдвэрлэгчиддээ хуваарилан олгосон учраас л зэсийн үнэ өслөө хэмээж байна шүү дээ. Гэхдээ энд бодох юм бий. Хятадуудтай арилжаа наймаа хийгээд хожиж байсан явдал хүн төрөлхтний түүхэнд бараг үгүй гэдэг. Манайхаас үнэ цохиж авсан ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээл дээрээс хэд нугалсан ашиг олсон. Тэгнэ гэдгийгээ ч мэдэж байсан хэрэг. Энэ бол зах зээлийн харилцааны ердийн хууль. Бас катодын зэсийн үнээр манайхан бие биенээ хууран толхилцож байхад жаахан боловсруулалт хийн хүчилтөрөгчөөс ангижруулсан зэс гаргаад гурав орчим дахин их үнээр борлуулдаг ажээ. Энэ бол техник, технологийн шинэчлэл, шинжлэх ухаанд дулдуйдан ашиг олж байгаагийн наад захын жишээ болохоос биш сайн, муу Хятадтай холбоотой зүйл огт биш.
Хямралт байдлыг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг бол ажилгүйдэл, ажилгүй иргэдийн тооны өсөлт бууралт гэдэгтэй маргах хүн үгүй байх. Хэрэв энэ үнэн бол 2009 оны 8 сард идэвхтэй ажил хайгчдын тоо жилийн өмнөхөөс 51 мянгаар өссөн тухай статистик мэдээ эдийн засгийн хямралыг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөний биелэлтэд ямар дүн тавих ёстойг харуулах биз.
Мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо зэрэг таван төрлийн бүтээгдэхүүнээр хүн амаа хангах зорилтыг манай Засгийн газар дэвшүүлээд байгаа. Энэ жил урьдчилсан тооцоогоор гурилын 85, хүнсний ногооны 80 гаруй, төмсний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой боллоо хэмээн мэдэгдэж байна. ОХУ, Япон, Арабын Эмиратад мах экспортлоно гэх боллоо.
Сангийн сайд С.Баярцогт “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гурван сайд гарын үсэг зурна. Харин зээлийн гэрээнд Сангийн сайд ганцаараа зурна. Урьдчилсан байдлаар 250 сая ам.долларыг таван хувийн хүүтэй гурван хэсэг болгон хувааж авна... хоёр чиглэлд зарцуулах нь зүйтэй гэж ярилцаж байна. Монгол Улсын хүн амын тооллого 2010 онд болно. Үүнд хүмүүсийн оролцох идэвхжлийг сэргээх үүднээс ашиглах. Мөн хоёр намын сонгуулиар амласан амлалтыг хүртээж болно гэдгийг харуулах зорилгоор тодорхой хэмжээгээр бэлэн мөнгө тараана. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсаны дараа Засгийн газар үүнийг тодорхой ярилцана” гэж мэдэгдсэн. Цааш нь “Засгийн газар 2009 оны төсөвт дахин тодотгол хийх шаардлагагүй гэж үзсэн... Бидний тооцоолоогүй эх үүсвэр гарч байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Энэтхэгийн Засгийн газар 25 сая ам.долларын төсвийн зээл өгөхөөр гарын үсэг зурсан. Мөн Австралийн Засгийн газар 4,5 сая ам.долларын төсвийн зээл өгнө...” гэжээ.
Дахиад л өнөөх төсвийн орчин, дахиад л өнөөх өр зээл, сул мөнгөний тухай улс төрийн амлалт. Авч байгаа зээлийг тэгээд хэн төлөх юм бэ? Сүх далайтал үхэр амар гэхийн үлгэрээр олдож л байвал үмхэж байя гээд “буянтай” эрх баригчдынхаа сунгасныг хүртээд л суух нь зөв юм гэж үү?
Хаяа хатгасан мөнхийн хөрш хоёр орныхоо эдийн засгийн хөгжлийн жишгийг харж санаа авах юм үгүй гэж үү? Дэлхийн эдийн засгийн хямралт байдлаас гаргах гол түшиц орныг БНХАУ гэж бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Цахим хуудас сөхөж үзэхэд л БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 эхний улирлын байдлаар 4,42 трл, гадаад худалдаа 2,5 трл, банкинд байгаа алтны нөөц 2.0 трл ам.долларт хүрчээ. Хүн амын банкинд байгаа хувийн хадгаламжийн хэмжээ 2,0 трл ам.доллар давлаа гэж мэдээлж байна. Бас ОХУ-БНХАУ-ын хоорондын худалдаа 2009 онд 60 млрд ам.доллар давна гэж мэдэгджээ. БНХАУ-ын гаалийн газрын мэдээгээр 2008 онд Хятад-Оросын худалдааны хэмжээ 56,8 млрд ам.доллар байжээ.
Хятад-Оросын эрчим хүчний уулзалт ойр ойрхон болж, ОХУ БНХАУ-д 20 жилийн турш жилд 15 сая, нийт 300 сая тонн нефть нийлүүлэх нөхцөлтэйгээр 25 млрд ам долларын зээл аваад байна. Хэлэлцээр ёсоор БНХАУ руу салбарлуулан татах нефтийн хоолойн барилга байгууламжийн ажил 2009 онд эхэлж, Дорнод Сибирь-Номхон далайн хоолойноос салбарлуулан өөрсдийн хөрөнгөөр 980 км хоолой татна. Энэ бол 1990-ээд оны эхэн үеэс өнөө манай эрх баригчид хариугүй бүтээчих шахаад байсан нефть дамжуулах хоолой шүү дээ. Энэ бол ердөө л манай эрх баригчдын сүржин ам, даржин үр дүнгийн нэг л жишээ.
БНХАУ-ын төр, засгийн хэмжээнд сүүлийн үед тавигдах болоод байгаа өөр нэгэн бодлого бол Хятадын Зүүн-хойд бүс нутагт хуучин ажиллаж байсан үйлдвэр аж ахуйн нөөц боломжийг сэргээн ашиглах явдал ажээ. Нефтийн хоолой ч чухам энэ бүс нутгаар дамжин өнгөрөх болж байгаа нь тохиолдол биш гэсэн үг.
ОХУ-ын эрх баригчид сүүлийн үед “түүхий эд нийлүүлэгч орноос шинэ техник, технологи дэлхийн зах зээлд нийлүүлэгч орон болно...” гэж мэдэгдэж байгаа нь анхаарал татдаг. Үүн дээр ОХУ хуучин ЗХУ-ын байр сууриа сэргээж, дан ганц цэрэг, армиар сүр далайлгасан улс биш, дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг бодитой тодорхойлогч улс гүрэн болон хувирч байгааг бид олон баримтаар өдөр бүр хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээс харж байгаа. Зөвхөн өнгөрөгч өвлийг санагтун. Европ тив тэр аяараа хөлдөх аюул тулгаран ОХУ-ын өмнө алга хавсран бөхөлзөж, Орос-Украйны зөрчлийг шийдэж байсан шүү дээ.
Ингээд бодохоор дээр өгүүлсэн хямралаас гарах дөрвөн шат бүхий дамжлагын талаар манайд бодох юм баймаар санагдахын учир уншигч Тантай саналаа солилцохоор зүрхэлсэн минь энэ болой.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН...
Монгол улсын эдийн засаг хямарсан эсэх тухай яриа байх учиргүй байлтай. Монгол улс хөрөнгө мөнгө, үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлт, техник технологийн хувьд хямраад зогсоогүй бүр унаж, хүн ардаа өргөн хэрэглээний бараагаар хангахдаа карт хэрэглэж байсан нь саяхан.
Ардчилсан хувьсгал яллаа, зах зээлд шилжлээ, Үндсэн хуулиа шинэчиллээ, хууль эрх зүйн орчноо өөрчиллөө гэсээр даруй хорин жилийг ардаа орхижээ. Бас болоогүй эх түүхээрээ бахархаж байна хэмээн ой тэмдэглэж, их хүн, их төрийнхөө ойг тасралтгүй тэмдэглэн ёстой л өнөө “хундага тавилгүй найрлаж, хутга тавилгүй зоог барьсаар” удав. Монгол түмэн маань “ардчилсан, ардчилаагүй” хэмээн өөрсдийгөө ялган цоллож, хоёр хуваагдсан улс төрийн хүчнийхэнд төрийн эрх барих боломжийг ээлжлэн олгосоор тэсвэр тэвчээр нь алдарч байх шиг байна. Ялж, ялагдсан улс төрийнхөн өөрсдийгөө биш өрсөлдөгчөө элдвээр хэлж, бүр заримдаа сонгогч олон түмнээ доромжлон “ходоодоороо санал өгдөг”, “халзан хонь ч байсан сонгох байсан” гэж байлаа.
Хүн ардаа өмчтэй болгоно, улсын үйлдвэр, аж ахуйн газруудаа цэнхэр, ягаан тасалбар хэмээх хаана ч байгаагүй аргаар хувьчиллаа хэмээн нэг хэсэг хөөрцөглөсөн. Эхэн үедээ олон түмэн нээрээ ч тийм юм болов уу, хувьцаа хэмээх ид шидтэй зүйлээр дамжин гэдсээ зүгээр тэжээх нь гээд хүлээж байсан. Улсын, социализмын үеийн үйлдвэр аж ахуйн газрууд бараг бүгд хувьд шилжсэн. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, за тэгээд ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдэл, гутлын, савангийн, машин засварын, архи-пивоны, шилний, хэвлэлийн, Налайхын нүүрсний үйлдвэр гээд тоочоод байвал олон олон. Аймаг орон нутгаас Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат, Сэлэнгийн МБК, шүдэнзний, гурилын гээд хэлээд байж болно. “Хамгийн муу менежер” төр засгийн мэдлээс гараад, “хамгийн сайн” эзний гарт ороод ажиллаж, ядаж ажиллагсдаа амьдралын баталгаагаар хангаад явж байгаа нь нэн ховор. “Бид л сайн, чадна” хэмээн үйлдвэр аж ахуйн газрын удирдлагыг хувьчлалаар гартаа оруулсан багийнхан сайн муу ч гэсэн ажиллаж байсан газруудыг аажмаар үгүй хийн, элдэв зүйлийг нь ийш тийш ачаад дууссан. Хэдэн мянган хүн ажиллаж байсан том үйлдвэрийн газруудын туурь ч гэхээр юмгүй болоод удаж байна. Яагаад ийм болов? Хувьчилсан бодлого буруу байсан юм уу? Авсан эзэд нь луйварчид байв уу? Аль эсвэл?...
Тиймээ, аль эсвэл... гээд бодоод үз. Нэг талаас социализм-коммунизм, нөгөө талаас капитализм хэмээн хэрсэн бух шиг сөрөн зогсож, аль бүхнээрээ улангасан тэмцэж байсан хоёр нийгмийн тэмцэл нэгнийх нь ялагдлаар төгсөж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, цэрэгжсэн хатуу сахилга бат, удирдлагын босоо тогтолцоотой нэг улс төрийн намын удирдлагад дулдуйдан тогтож байсан нийгмийн байгууламж нуран унасан.
Социалист лагерийн орнууд аж ахуй, эдийн засаг, банк-санхүү, тэр ч бүү хэл хэтийн хөгжлийн бодлогоороо, боловсрол, шинжлэх ухаан, гадаад бодлого гээд хамтарч болох бүхнээрээ нягт уялдаатай байсныг уншигч Та бэлээхэн мэднэ шүү дээ. Нэг хэсэг нь хүнд аж үйлдвэр, нөгөө хэсэг нь хөдөө аж ахуй, түүхий эдээр хангах зэргээр дор бүрдээ үүрэгтэй байсан. Манай улсыг шоглон “мал аж ахуйн ферм” гэж байсныг ч Та санаж буй байх. Ганцхан жишээ авъя. Манайхан Дарханы нэхийн үйлдвэр гэхээр мэднэ дээ. Одоо мөн л сураг багатай болж. Тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн борлогддог байсан гол зах зээл нь үнэндээ БАМ хэмээх Сибирийн төмөр замын барилга байгууламж дээр ажиллагсдын ажлын хувцасны хэрэгцээ байсан. Техник технологи, арьсны боловсруулалт гээд дэлхийн зах зээлд гарах шалгуурыг давж чадаагүй байсан хэрэг.
1980-аад оны сүүлээр манайд “торгон савхи хийх технологи боловсрууллаа” гээд хэсэг хүмүүст төрийн шагнал гардуулж нэлээн юм болж байсан. Одоо ч манайхан торгон савхи өмсөх дуртай байдаг. 1989 онд шиг санагдана, үүнийг тэрлүүлэгч би бээр Парис хотноо жил бүр болдог арьс шир, арьс ширээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг их том үзэсгэлэн үзэж билээ. Манайхан оччихсон өнөөх савхиа, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээ тавьсан харагдсан. Хажууханд нь Туркүүд өчнөөн том талбай эзлэсэн байхаар очоод үзтэл манайхны хийсэн гээд байсантай адилхан савхийг гоожих усан дотор өлгөчихсөн харагдав. Үзэсгэлэнд оролцож байсан өөрийнхөн дээрээ очоод хэлтэл нэг нь гүйж очоод барьж, бүр зулгааж үзсэн. Ингэж болдог юм болов уу гэж би санаа зовон харж зогссон. Тэгтэл өнөөх хүн “харав уу, эдний боловсруулсныг. Усанд норохгүй, сунгахад буцаад яг байрандаа орж байгааг...” гэж билээ.
“Манайх тэгдэггүй юм уу” гэхэд толгой сэгсэрч байсан. “Хийчихлээ” гээд хөөрч байсан бүтээгдэхүүн маань дэлхийн чанарт хүрэхгүй байсны л нэг жишээ. Иймэрхүү зүйл тоочоод байвал олондоо. Одоо манайхан гарын саван газар газрынхыг хэрэглэх болж. ...манайхны хийдэг байсан “Намуу цэцэг”-ийг бодоод үз дээ. Муу нэртэй “хятад” савантай ч өрсөлдөх чадваргүй байж. Ингээд бодохоор хүн ардаа өмч хөрөнгөтэй болгоно хэмээн өгөөмөр загнаад” байсан эрх баригчид маань “Гологдсон хүүхэн” киноны Долингор шиг “чулуу атгуулж дээ” гэж санагдаж байгаа биз? Аль эсвэл төр төмөр нүүртэй гэдгээ нотлох гэсэн юм болов уу?.. Үгүй бол үнэхээр төр засаг муу менежер юмсан уу?
Тухайн үед ганзагын наймааны бужигнаан эхэлж, социализмын гэгдэж байсан орнуудаас бараа бүтээгдэхүүн чирээд хөлхөлдөж байсан болохоор тогтож эрэгцүүлэх сэхээ байгаагүй байх. Баруунтайгаа нийлсэн Зүүн Германы үйлдвэрүүд машин техник, бараа бүтээгдэхүүнээ гудамжинд түрж гаргаснаас авчирлаа гэцгээх хүн олон байсан. Хөл дүүжлэх элдвийн машин ч зөндөө байсан. Үнэндээ бол манайхан голдоггүйгээрээ авчирсан болохоос биш зах зээлийн шаардлага хангахгүй учраас л гадагш түрэгдээд байсан хог гэхээр юмс гэсэн үг шүү дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого ганц манайд ч гэлтгүй социализмын гэгдэж байсан бусад оронд ч хэрэгжүүлж чадаагүй болж таарч байгаа юм. Үүнийг манай орны хувьд өнөөгийн хямралт байдлын нэг суурь шалтгаан гэж хэлмээр санагдаад байгаа юм. Тийм ээ ингэж хэлэхийн учир зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш бид шинэ зүйл бүтээж сураагүйгээр барахгүй хийдгээ ч хийж чадахаа болиод байгаатай холбон хэлж байна.
Манай улсын хүн амын тоо ХХ зуунд бараг 4 дахин өссөн байдаг. Статистик албан ёсны мэдээнээс үзвэл 1918 онд 647,5 мянга; 1935 онд 738,2; 1956 онд 845,5; 1963 онд 1017,1; 1970 онд 1,23 сая; 1979 онд 1,55 сая; 1990 онд 2,1 сая; 2000 онд 2,4 саяд хүрсэн. Би дахиад нэг тоон үзүүлэлт хэлье. Монгол улсын хүн амын жилийн дундаж өсөлт 1955 онд 1,81; 1960 онд 3,27; 1965 онд 2,6; 1970 онд 2,79; 1975 онд 2,9; 1980 онд 2,75; 1990 онд 2,68 хувь тус тус байсан байх юм. Тэгсэн мөртлөө нэг хүртэлх насны хүүхдийн тоо 1979 онд 56,9; 1989 онд 69,4; 2000 онд 49,8 мянга байсан байх юм. Хүн амын тоо өсөөд байхад 0-1 настай хүүхдийн тоо хөл дүнгээрээ ч өсөхөө больсон нь хачирхалтай санагдахгүй байна гэж үү? Энэ бол манай орны хувьд хямрал, үндэстний сэргэн мандалтын хувьд уналт биш гэж үү? Ийм тоо чи хаанаас гаргаж ирээд байна гэж асууж болно оо. Жилийн жилд Монгол Улсын Засгийн газраас гаргаж, товхимол болгон тараадаг байсан мэдээг сөхөөд үзэхэд байгаа зүйл шүү дээ.
Бас болоогүй ээ, 1990-ээд оны эхнээс манайхан нэг хэсэг ном, соёл, сургуулийн талаар мартаж, хүүхэд олноороо сургууль завсардаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хүн ардын бодол сэтгэлгээ өөрчлөгдөн, үнэлж дээдэлдэг зүйл огцом хувирсан. Урд өмнө төдий ойшоохгүй байсан хөрөнгө мөнгөний үнэлэмж тэргүүн эгнээнд гарсан. Яагаад тэгсэн юм бол? Аль 1960-аад оны эх гэхэд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдаад, бүрэн бус дунд боловсролтой болох гэж зүтгэж байсан хүн ард шүү дээ. Тухайн үед 0-16 насны хүүхдийн хүн амд эзлэх хувь 50 шахам, залуучууд буюу 35 хүртэлх насныхны эзлэх хувь 76 гэсэн албан мэдээ байдаг. Энэ бол хорвоо дэлхий дээр хамаад хамаад 10 сая орчимд тоологддог цөөхөн монголчуудын хувьд сайн зүйл байлгүй яахав.
Гэхдээ бодох юм, ялангуяа төр засгийн хэмжээнд зохицуулах зүйл бас байсан юм билээ. Хүн ам зүй судлаачид “улсын хүн амын жилийн цэвэр өсөлт 2,2 хувиас хэтэрвэл гамшиг болдог” гэж бичсэн байхыг би үзээд гайхаж байсан. Манай хүн амын дээрх өсөлт зарим жил бүр гурван хувь даваад явчихсан байгаа биз? Бид “мундаг аа” гэж өөрсдийгөө хөөргөн алга ташицгаагаад байсан. 1986 он шиг санагдана, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Балхаажав гуай нэг удаа “материаллаг үйлдвэрлэлийн салбарт ажилладаг нэг хүний нуруун дээр 4,3 хүн ногдож байна” гэж хэлэхийг сонсоод би бас л “манайх ч мундаг аа мундаг” гэж бодож л суусан. Өөрөөр хэлбэл над шиг улс орныхоо аж үйлдвэрийн техник, технологи сайн байгаа гэдэгт сохроор итгэж байсан улс олон байсан.
Тэгтэл 1980-аад оны дундаас эхлээд аймаг бүрт ТМС (техник мэргэжлийн сургууль), тэгсэнээ сургах жилийг 2 биш 3 болгоод ТМДС гэхийг хараад гайхаж эхэлсэн. Бүр зарим аймагт ТМС дөрвийг хүртэл байгуулсан шүү дээ. Яг энэ үед цэрэгт алба хаах хугацааг 3 биш 2 жил болгосон. Саяхны явдал болохоор “битгий зал” гэх хүн үгүй биз. Учир шалтгаан нь үнэндээ бол манай улсын тухайн үеийн эрх баригчдын аргаа барсан явдал байсан юм билээ. Тийм ээ тийм, уншигч Та эрэгцүүлээд нэг үз дээ. Улсын хүн ам эрчимтэй өсөж байдаг, гэтэл 1974 оноос бууриа хатгасан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг эс тооцвол хөдөлмөрийн зах зээлд жил жилд түрэн орж ирж байгаа олон арван мянган залуусаа ажиллуулах газар, ажлын байр гаргаж чадахгүй дээ л ...социалист орнуудаас гар сунгаж байсан зээлээр аргацаан өдөр хоног өнгөрүүлж байсан нь тэр байж. Хүн амын тооны өсөлтийг улс орны дотоод боломж бололцоотой уялдуулахгүй бол гамшиг болно гэдэг ийм учиртай байсан юмсанж.
Арван жилд л хүн амын тоо 25%-иар цэвэр өсөж байсан хэрэг. Бас хэлмээр нэг тоо байна. Манай улсын 25 орчим сая малыг 1950-1990 онд ердөө л 140 орчим мянган хүн маллаж байсан байдаг юм. Тэгвэл одоо малын тоо толгой бараг хоёр дахин их болчихоод байхад малчны тоо өсөөгүй шахам байгаа талаар мөнөөх л статистик мэдээ хэлсээр байна. Энэ бол нүүдлийн соёл иргэншил гэгч зөвхөн Монголд л байна хэмээн хий цээж дэлдэн санаж сэдэх юмгүй он жилийг барж байсны гор.
Олон түмэн бодит байдлыг мэдэхгүй байна гэж юу байхав. Сургууль төгссөн ч таарч тэнцэх ажил, төсөөлж төлөвлөж болох амьдрал харагдахгүй болсон болохоор л эцэг эхчүүд үр хүүхдээ татан сургууль завсардуулж, мал дээр гаргаж, боломж олдвол гадагшаа, өөр улс орон руу хүний зарц, гэрийн боол болгон явуулах болсон. Үүнийг төр засгийн харалган, алсаа бодоогүй бодлогын хариу хүн ардын амьдрал дээр илэрсэн явдал биш гэж үү? Мөн л байлтай. Ингээд л манайхан орос, хятад, герман, польш за тэгээд өмнөд солонгос, япон гээд гарч эхэлсэн хэрэг. Гарах ч гэж дээ тухайн орнуудын хил яаж ийж даваад “харлан” биеэ үнэлж эхэлсэн хэрэг. Тухайн улс орны хүн ардын ёс заншил, хэл соёл, хууль журмыг мэдэхгүй дэвхрэг шиг л “үсэрч” очсон хэрэг шүү дээ. Гадагшаа одсон хүнийхээ тоог манай төр засаг хэлж мэдэхгүй будилсаар хориод жил болж байна. Харин бүр улс төрчид маань “намайг сонговол өч төчнөөн хүн гадагш нь гаргана” гээд бүр бүртгэл хүртэл хийж байгаа харагдсан. “Залуучууд гадагшаа гараг. Гарах ёстой. Би ч гаргана” гэж жишим ч үгүй олны өмнө хэлж суух “даяаршсан” улс төрчид олширсон.
Одоо ч байдал хэвээрээ гэж болохоор. ТМС-ийн оронд бүр ч олон “хувийн” их, дээд сургууль байгуулагдаад байна. Улс орны хөгжлийн илэрхийлэл юм уу гэхээр “дээд боловсролтой ажилгүйчүүд” гэх боллоо. Гологдож ширвэгдэн үүдээ барих шахаж байсан ТМС маань “сургалт-үйлдвэрлэлийн төв” хэмээн улсаас төсөв хөрөнгөөр тэтгэгдэн, сурагчдад нь цалин пүнлүү өгч эхэллээ. Учир шалтгааныг нь амархан тайлж, уран цэцэн ярих юм. Арай зах зээлийн гэх өнөө үед “түүх давтагдаагүй” л байгаасай.
Ажлын байрны тухай манай эрх баригчид дуугарах нь ховор болжээ. Ажлын байр гэхээр сүүлийн үед түр ажлын байр гэдэг үг хэлэх болжээ. Сонсоод байхаар ухаандаа цас орсны маргааш машин зам цэвэрлэх, хог дүүрсэн суваг шуудуу цэвэрлэх гэх жишээтэй. Юу ч гэмээр юм бэ дээ. Бас болоогүй ээ, ажлын байрны захиалга хэмээн сонин дээр гарч байгааг харахад “дээд боловсролтой, залуу, царайлаг бүсгүй ажилд авна” гэх болж. Ажлын байр гэдгийг өнөөдрийн, маргаашийн ч амьдрал, нийгмийн халамж үйлчилгээний батлагаа байх ёстой гэж санаж байсан минь тийм биш бололтой.
Харин сүүлийн хэд хоногт олон жил сунжирсан “Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зурж, ойрын хугацаанд нэг зуун мянган ажлын байр буй болох тухай ярих боллоо. Чихэнд чимэгтэй сонсогдож байгаа биз? Улс төрийн намууд, улс төрчид улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн санаанд нэгдэж чаддаг гэдгийг харуулав уу гэтэл бас л болоогүй бололтой хуралдаж чадахгүй л байна. Энэ бүхнийг яршигтай олон тоо баримтаар хэлэх гэж оролдоод байгаагийн учир нь бид л баттай сайн мэдэж, шахаж шаардахгүй бол улс төрчид хэмээн өөрсдийгөө өргөмжлөгчдийн аман салхинд дахиад л хамхуул мэт туугдаад байх нь байна шүү л гэсэн санаа. Бас бид чинь зээлээс зээлийн хооронд навсаганаад, өөрсдөө болохоор хийсэн бүтээсэн зүйлгүй тэнгэрээс унах хишгийг ангаахай мэт хүлээгээд хэдий болтол хонхортоо хэмлэлцэх юм бэ? гэж санагдсандаа энэ бүхнийг тэрлүүллээ.
... улс орны нийгэм, эдийн засгийг уналтад хүргэсэн суурь шалтгаануудыг арилгах хэрэгтэй гэж мөхөс надад санагдах юм. Тийм биш гэж үү?... 2009.9.13.”
Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. Дэлхий ертөнц хөгжлийн олон төвтэй болох нь тодорхой боллоо. Өмнөд хөрш орон маань эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийн хоёр дахь гүрэн болж. Дэлхийн зах зээл дээр зуу гаруй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэх болж. АНУ, Япон хэмээх хоёр орон нийлээд үйлдвэрлэж байгаа автомашинаас илүү олныг үйлдвэрлэх болоод байна. Хойд хөрш маань өрнөдийн олон орны зүгээс тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг даван өдрөөс өдөрт хуучин цагийн ЗХУ-ын байр сууриндаа өндийн босож ирж байна. Эрчим хүчний түүхий эд, шинэ техник технологи, сансар судлал, зэр зэвсэг гээд олон талаар өндийн эдийн засгийн хувьд дэлхийн 5-6 дахь орон боллоо гэж байна.
ОХУ, БНХАУ хоёрын хоорондын эдийн хамтын ажиллагаа бүр ч өргөжин тэлж, цар хүрээ нь хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах боллоо. Саяхан л яригдаж эхэлсэн хийн хоолой ашиглалтад орж байх шиг байна. ОХУ, Япон, Өмнөд Солонгосын хоорондын эдийн засгийн харилцаа ялангуяа хийн түлшний нийлүүлэлт ч эхлэв бололтой. Харин манайх ах дүүгийн сайн харилцаатай байсан гэх хэрнээ мал махаа ч нийлүүлж чадахгүй л болоод байна. Харин сүүлийн үед “эдийн засгийн коридор байгуулах” тухай яригдаж эхэллээ. Шүүрч аваад эвтэйхэн ажил болгох боломж яах аргагүй мөн.
Дээр дурдсан “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал...” номоос үзвэл зөв бодлого тууштай барих аваас хоёр жилийн дотор 15 илүү дахин өсөж болдог юм билээ. Байгалийн баялаг байтугай ундны усгүй Сингапур орны хөгжлийн нэг л үр дүн.
Та бүхэнд ажлын амжилт хүсэн мэхийн ёслосон орчуулагч Н.Пүрэвдагва.
“Эх сурвалж: (“Улаанбаатарын сонин”, 2009.10 сар, №34)