
Р.ОЮУН
ТҮҮХИЙН АЛТАН ХУУДАС
Тухайн үеийн Засгийн газар шинэ ордондоо орох болсон тул хуучин байраа багш бэлтгэх эрдмийн уурхай болсон Улсын багшийн институтэд єгєх шийдвэр гарсан нь одоогийн тєв байр буюу хичээлийн I байр.
Зарим түүх санамсаргүйгээс эхтэй. Гэхдээ ихэнх нь утга учиртай, учир шалтгаантай үйл хэргээс эхтэй байдаг. МУБИС-ийн түүх 65 жилээр тоологдох ч орчин цагийн багш боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн Багшийн сургуулийнхаа түүхтэй холбож үзвэл замнал түүх нь нэгэн зууныг дүүргэж байна. 1922 онд бага ангийн багш бэлтгэж эхэлсэн Багшийн сургууль өнөөдөр МУБИС-ийн салбар сургууль хэмээгдэж, үйлс түүхээ нэгтгэж явна. Багшийн сургууль ардын хувьсгалын дараах он жилүүдэд бичиг үсэг тайлах, эрдэм мэдлэг түгээх, ард олныг соён гэгээрүүлэх шинэ цагийн багш нарыг төрүүлэн гаргаж байв.
Монгол үндэстний сэргэн мандалтын үйл явц өрнөж 1940 онд дунд боловсролын тогтолцоо бүрэлдэж, багшийн хэрэгцээ улам нэмэгджээ. Ингээд 1940 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийн дэргэд хоёр жилийн курс /факультет/ нээж, түүнд долдугаар ангийн боловсролтой хүүхдүүдийг элсүүлэн дунд сургуулийн мэргэжлийн багш бэлтгэж эхэлжээ. 1942 онд МУИС-ийг гурван факультет 95 оюутантай нээсний нэг нь багшийн факультет байсан юм. 1946 онд Багшийн оройн институт байгуулагдав. Чухам энэ л цаг үед сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах /тэр үед 65 хувь нь бичиг мэддэг байсан/ шинэ салбаруудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зорилт тавьж байлаа.
МУБИС-ийн захирал, профессор Д.Мөнхжаргал.
ТҮҮХИЙН ЭХЛЭЛ
Багшийн сургуулийн 1952-1953 оны 100 хувийн сурлагатан ангийн оюутнууд.
1951 оны наймдугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор V-VII ангийн багш бэлтгэх гурван жилийн сургалттай Улсын багшийн институтийг байгуулж, Гэгээрлийн яамны сайдын тушаалаар Түнжингийн Машлайг захирлаар нь томилжээ. Тухайн үеийн Засгийн газар шинэ ордондоо орох болсон тул хуучин байраа багш бэлтгэх эрдмийн уурхай болсон Улсын багшийн институтэд өгөх шийдвэр гарсан нь одоогийн төв байр буюу хичээлийн I байр юм.
Улсын багшийн институтын анхны захирал Түнжингийн Машлай.
1951 оны есдүгээр сарын 29-нд Улсын багшийн институт хэмээх эрдмийн их өргөөний нээлтийн цуглаан болов. Сургуулийн нээлтэд маршал Х.Чойбалсан оролцож үг хэлсэн байна. Ийнхүү өнөөгийн МУБИС хэмээх эрдмийн их өргөөний анхны галыг асааж, тэртээ 65 жилийн өмнө шинэ түүхийг эхлүүлсэн анхдагчид нь захирал Т.Машлай, хичээлийн эрхлэгч Н.Элбэг, нийгмийн ухааны Ж.Батмөнх, тооны Ш.Батаа, хэлний Ц.Өлзийхутаг, П.Сарантуяа, хими-биологийн Т.Балдан, Ц.Балдан нар байв. Тухайн үед VII ангийн боловсролтой хүмүүс зонхилсон 212 оюутантай, 6000 төгрөгийн тоног төхөөрөмж бүхий кабинеттай, 2000 номтой номын сан, 415 мянган төгрөгийн төсөвтэй сургууль өрхөө татаж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
1951 оны аравдугаар сарын 01-ний өглөө ректор Т.Машлайн тушаалаар түүхийн салбарын оюутан Д.Сүрьеэгийн (хожим зохиолч болсон) анхны хонхны дуунаар энэхүү эрдмийн өргөөний алтан босгыг монгол хэл, уран зохиол, түүх, тоо-физик, байгаль дэлхийн мэргэжлийн ангиудын 212 оюутан алхан орж, эрдмийн шимийг хүртэж эхэлжээ.
СУРГУУЛИЙН БҮТЦИЙН ТҮҮХЭН ӨӨРЧЛӨЛТ, ХӨГЖИЛ
Багшийн сургуулийн гуулин хөгжмийн хамтлаг.
Улсын багшийн институт нь анхны жил найман үндсэн багштай байв. 1952 оноос М.Санждорж (Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор), Ш.Цэрмаа (д/э,доц), Д.Цагаан (д/э, доц), Г.Бямбаа (д/э, доц) зэрэг багш шинээр авчээ. Захирал Т.Машлай албан тушаалынхаа хажуугаар Сурган сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, бүх мэргэжлийн ангиудад сурган, сэтгэл судлалын хичээл заадаг байв. Гэгээрлийн яамны сайдын 1952 оны 335 тоот тушаалаар Улсын багшийн институтд орос хэлний тэнхим байгуулагджээ. 1951-1952 оны хичээлийн жилд багшийн оройн институт, багшийн сургуулийн дэргэдэх багш бэлтгэх хоёр жилийн факультетийн I дамжааг төгсөгчид Улсын багшийн институтийн II дамжааны оюутан болж, үргэлжлүүлэн суралцсан юм.
1953 онд тус сургуулийн анхны төгсөлт болж, түүхийн 35, тоо, физикийн 22, байгаль дэлхийн 29 бүгд 86 бүрэн биш дээд боловсролтой багш бэлтгэн эх орныхоо хэрэгцээт газарт илгээв. Анхны хичээлийн жилд 120 орчим оюутан элсүүлсэн бөгөөд 1954-1955 оны хичээлийн жилд тэдний 50 гаруй хувь нь арван жилийн боловсролтой, 34 хувь нь багшилж байсан хүмүүсээс бүрдсэн байна.
1957 он. Улсын багшийн институт сургалтын шатлал ахиж Багшийн дээд сургууль болов. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын багшийн институтийг 1957-1958 оны хичээлийн жилээс бүрэн дээд боловсролтой багш нарыг бэлтгэх Багшийн дээд сургууль болгон дөрвөн факультет, 10 тэнхимтэй ажиллуулахаар тогтоожээ.
УБДС-ийн орон тоо, бүрэлдэхүүн, цалинг тогтоох тухай БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1957 оны есдүгээр сарын 24-ний 225 тоот тушаалаас үзэхэд захирал Д.Гомбосүрэн, хичээл хүмүүжил эрхэлсэн орлогч захирал Га.Дагва, аж ахуй эрхэлсэн орлогч захирал Т.Зундуй, физик-тоо, түүх-газарзүй, байгалийн ухаан, хэл бичиг-уран зохиолын дөрвөн факультет, түүх-нийгмийн ухаан, орос хэл бичиг, тоо физик, сурган хүмүүжүүлэх ухаан, монгол хэл, уран зохиол, биеийн тамир-спорт, хими-байгалийн шинжлэл, газар зүйн гэсэн найман тэнхимтэй, хөдөлмөрийн тасагтайгаар УБДС байгуулагдав. 1957 онд 695 оюутан суралцаж, 56 багш ажилласан байна.
1957-1958 оны хичээлийн жилд тус сургуулийн I курст 246 оюутан элссэнээс бүрэн ба тусгай дунд боловсролтой 221, бүрэн бус дунд боловсролтой 25 элсэгч байсныг тайланд тэмдэглэсэн байдаг. 1956 оны элсэлтээс бүрэн дээд боловсролтой багш бэлтгэж эхэлсэн бөгөөд анхны төгсөлт 1960 онд болж монгол хэл, уран зохиолын 22, орос хэлний 22, түүх газар зүйн 51, физик математикийн 32, хими-биологийн 16, биеийн тамирын 18, бүгд 161 дээд боловсролтой багш бэлтгэсэн юм. Улсын багшийн институтийн II, III курсийнхэн хуучин сургалтын төлөвлөгөөгөөрөө суралцан 1957, 1958 онд бүрэн биш дээд боловсролтой багш нарыг бэлтгэсээр байсан ба 1959 онд төгсөлт байгаагүй юм.
ГАДААД БАГШ НАРТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦСОН НЬ
1958-1959 оны хичээлийн жилд зураг хөдөлмөрийн багшийн, 1959-1960 оны хичээлийн жилд жүжигчин найруулагчийн мэргэжлийг шинээр нээжээ. 1958 онд багш Х.Далхжав “Дунд сургуулийн V ангид тийн ялгалын төгсгөл заах аргазүй” сэдвээр Сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, тус сургууль анхны эрдэмтнээ төрүүлж, багш нарын бүрэлдэхүүнд үндэсний эрдэмтэн бий болов. 1950-аад онд нийт багш нарын 79 хувь нь МУИС төгссөн хүмүүсээс бүрдэж, зөвлөлтийн 14 мэргэжилтэн ажиллаж байсан юм. Сургууль байгуулагдсан эхний үеэс Эрхүү, Улан-Үдийн багшийн дээд сургуультай холбоо тогтоон багш, оюутнаа харилцан солилцож, дадлага хийлгэж, туршлагыг нь судалж өөрийн амьдралд хэрэглэсэн нь тус сургуулийн үүсэл хөгжилд зохих нөлөө үзүүлсэн байна. Түүхээс үзэхэд УБДС-ийг байгуулах үйл явц 1950-аад оны турш үргэлжилсэн тул үүнийг сургуулийн түүхэн хөгжлийн үүсвэр үе гэж үздэг байна. 1957онд Улсын багшийн институтийг УБДС болгон өргөтгөж салбаруудыг олон улсын дээд сургуулиудын жишгээр факультет гэж нэрлэдэг болжээ. УБДС-ийн орон тоо, цалинг тогтоосон Гэгээрлийн яамны сайдын 1957 оны есдүгээр сарын 24-ний 225 тоот тушаалаар найман тэнхим байгуулж Физик-тооны факультетийн декан Ш.Батаа, Түүх газарзүйн факультетийн декан Б.Доржням, Байгалийн ухааны факультетийн, декан Д.Гончиг, Хэл бичиг-утга зохиолын факультет, декан Д.Цагаан нарыг эрхлэгчээр томилжээ. Цаашдаа шинэ шинэ мэргэжил нээсэнтэй уялдаатай факультет, тэнхимүүдийн тоо өөрчлөгдсөөр 1963 онд хөдөлмөр-сурганы факультет, 1964 онд орос хэлний факультет, 1968 онд биеийн тамирын факультет, эчнээ салбар, 1969 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх факультет байгуулагджээ.
УБДС 1968 оноос эчнээ сургалт явуулж, 1956-1963 он хүртэл 1969 оноос хойш багш нарын мэргэжил дээшлүүлэх амаргүй ажлыг гүйцэтгэж иржээ. 1956 онд Сайд нарын зөвлөлийн 10 дугаар тогтоолоор Улсын багшийн институтийн дэргэд багш нарын гэрээр суралцах секц байгуулж, сургуулиудын зуны амралтын үеэр бүх аймгаас багш нарыг цуглуулж, хичээл заадаг байв. 1963-1969 он хүртэл тэр үүргийг Гэгээрлийн яамны харьяа СХУ-ы хүрээлэнгийн багшийн мэргэжил дээшлүүлэх салбар хариуцжээ. 1969 онд Сайд нарын зөвлөлийн 176 дугаар тогтоолоор багш нарын мэргэжил дээшлүүлэх систем тогтоов.
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭЭД КУРС
Багшийн сургуулийн оюутнууд биеийн тамирын хичээл дээр.
1969 онд байгуулагдсан багш нарын мэргэжил дээшлүүлэх факультет нь дээд боловсролтой багш нарын дипломын дараах сургалтыг хариуцаж 1974 оноос эхлэн зун нэг сарын курсээр явуулдаг байлаа. 1970 оноос ардын боловсролын удирдах ажилтныг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх дээд курс хичээллүүлжээ. 1971-1982 онд техникум, ТМС-ийн удирдах ажилтны дээд курсээр 211 багшийг бэлтгэж үнэмлэх олгосон байдаг. Бага, дунд сургуулийн 14 мэргэжлийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг боловсролын яаманд, 1979 оноос дуу хөгжмийн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг багшийн сургуульд, 1980 оноос орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал Орос хэлний дээд сургуульд шилжиж, 1980 оноос биеийн тамирын ба соёл урлагийн ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ажлыг тус факультет хариуцан хийдэг болжээ. 1970-1982 онд 18183 багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийг дээшлүүлсэн байна.
1979 онд орос хэлний факультетийн бааз дээр тулгуурлан ОХБДС, 1983 онд БНМДФ-ийн бааз дээр БНМДИнститут, Соёл урлагийн факультетийн бааз дээр Соёл урлагийн дээд сургууль байгуулагджээ. БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 154 дүгээр тогтоолоор УБДС-ийг Улсын багшийн их сургууль болгож, сургалт-эрдэм шинжилгээний ажил эрхлүүлэх болов. УБИС байгуулагдсантай холбогдуулан АБЯ-ны сайдын 1991 оны 151 тоот тушаалаар Гадаад хэлний институт, Багшийн коллеж, СХУ-ны коллежийг УБИС-ийн бүрэлдэхүүнд оруулжээ.
1991 онд биеийн тамирын факультетын баазад тулгуурлан БТДС байгуулагдаж, УБИС-ийн бүрэлдэхүүний сургууль болгожээ. Засгийн газрын 1990 оны 154 дүгээр тогтоолд их сургуулиуд өөрийн дэргэд эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, туршилт-үйлдвэрлэлийн нэгж байгуулж ажиллуулахыг зөвшөөрчээ.
ЭЧНЭЭ СУРГАЛТ
Анхны төгсөлт 1973 онд, сүүлийн төгсөлт 1994 онд болж 30 шахам жил сургалт явуулж, 2834 дээд боловсролтой багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэж, ректорын 1992 оны 261 тоот тушаалаар оройгоор сурах хэлбэрт шилжжээ. Оройн сургуулийг 1992-1993 оны хичээлийн жилээс эхлэв. БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 154 дүгээр тогтоолоор УБДС-ийг УБИС болгосныг үндэслэн БНМАУ-ын АБЯ-ны сайдын 1991 оны 151 тоот тушаалаар багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг УБИС-ийн бүрэлдэхүүнд оруулжээ.
1993 онд УБИС нь институт, сургалт-эрдэм шинжилгээний төв, сургалт туршилтын төв, факультет, салбар, тэнхим, коллеж гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болов. 1997 онд Боловсролын хөгжлийн үндэсний хүрээлэн УБИС-ийн сурган сэтгэл судлалын тэнхимийн сургалт эрдэм шинжилгээний баазад тулгуурлаж, Боловсролын хөгжлийн сургууль байгуулжээ.
1994 онд сургалтын албыг стандарт-хяналтын алба, 1996 онд сургалт-эрдэм шинжилгээ мэдээллийн алба болгон өөрчилж ирсэн байна. 1991 онд МХУЗФ, ФМФ, ЗТХФ, БТФ, СНУФ гэсэн таван факультетийг байгуулсан. 1991 онд СНУФ-ийг салгаж НУФ болгож, СХУФ, БУФ-ийг нэмэн байгуулжээ. 1993 онд СХУСЭШТ, ФММСЭШТ, МХЗТСЭШТ, БУСЭШТ, УТСТТ гэсэн бүтэц бий болгожээ.
1996 онд сургалт-эрдэм шинжилгээний төвүүдийг татан буулгаж БУФ, НУФ, МХУЗФ, МФ, ФФ, УТФ, ГХФ зэрэг долоон факультет байгуулагдав. 1996 онд УБИС-ийн бүтцийг долоон факультет, 20 тэнхимтэй болгон өөрчиллөө.
2000 онд математикийн факультетийг компьютер-мэдээллийн технологийн факультет, математик статистикийн факультет болгосон байна.
2001 онд зарим факультет, сургуулийн нэрийг сургууль болгож өөрчлөв. 1998 онд АБЯ-ны сайдын тушаалаар Мэргэжил дээшлүүлэх институт, Улаанбаатар дахь Багшийн сургуулийг Багшийн коллеж, Цэцэрлэгийн багшийн сургуулийг Цэцэрлэгийн багшийн коллеж болгожээ. Гэгээрлийн сайдын 1997 оны тушаалуудаар дээрх шийдвэрүүдээ улам бататгаж, Архангай, Баян-Өлгий, Дорнод аймгийн Багшийн коллежийг УБИС-ийн харьяа сургуулиуд болгож, Боловсрол судлалын үндэсний хүрээлэнг татан буулгаж, түүний гүйцэтгэж байсан үүргүүдийг УБИС-д шилжүүлжээ.
ФАКУЛЬТЕТУУДИЙГ БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ БОЛГОВ
2001 оноос УБИС-ийн факультетуудийг бүрэлдэхүүний сургуулиуд болгон өргөтгөж Математик-статистик, Физик технологи, Байгалийн ухаан, Түүх, нийгмийн ухаан, Монгол судлал, Гадаад хэл, Дүрслэх урлаг, технологи, Компьютер мэдээллийн технологи, Биеийн тамир, Боловсрол судлал, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулиуд байгуулагджээ. Үүгээр тус их сургууль бүрэлдэхүүний сургууль, тэнхим, төв гэсэн бүтцээр ажиллах болсон юм.
Мөн бүрэлдэхүүн сургуулиудын тэнхимүүдэд өөрчлөлт хийсэн ба 2006 онд Сэтгүүл зүй, 2007 онд Физик дидактикийн тэнхимийг байгуулсан байна. 2008 онд Нийгмийн ухааны тэнхимийг Филисофи-дидактикийн тэнхим, Улс төр судлал-социологийн тэнхим болгон зохион байгуулжээ. 2010 онд Багшийн сургуулийн тэнхимүүдийг Байгалийн ухаан, Хүмүүнлэг нийгмийн ухаан, Боловсрол судлал арга зүйн тэнхим болгон өөрчилж, 2011 онд Биологийн тэнхимийг Ургамал судлал, ерөнхий биологи болон Амьтан судлал, экологийн тэнхим болгон өөрчилж, СӨБС-д Урлаг-спортын тэнхимийг шинээр байгуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны нэгдүгээр сарын 20-ны 15 тоот тогтоолоор Архангай аймгийн Багшийн коллежийг МУБИС-ийн салбар болгож, Баян-Өлгий аймгийн Багшийн коллежийг Ховд их сургуулийн салбар болгон өөрчилжээ. 2014 оноос Монгол Улсын боловсролын талаарх бодлого, дээд боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал болон орчин үеийн их сургуулийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан МУБИС-д бүтцийн шинэчлэл хийжээ. Энэ шинэчлэлээр МУБИС нь Боловсрол судлал, Математик, Байгалийн ухаан, Нийгэм, Хүмүүнлэгийн ухаан, Урлаг, Биеийн тамир, Багшийн сургууль /Сургуулийн өмнөх боловсролын салбар, Бага боловсролын салбар, Архангайн Багшийн сургууль гэсэн салбаруудтай/ гэсэн үндсэн таван бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн өмнөх бүрэлдэхүүн сургуулиудын 56 тэнхимийг нэгтгэж, 34 тэнхим болгон өөрчлөн зохион байгуулав. Тус их сургуульд долоон сургалт-судалгааны төв ажиллаж байна.
МУБИС 2014 оноос математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Лицей бүрэн дунд сургууль, 2016 оноос цэцэрлэг нээн ажиллуулж байна. Үүний дүнд бүрэлдэхүүн сургуулиуд бие даасан үйл ажиллагаанд тулгуурлан хөгжих, нэгдмэл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, профессорын баг, хамтлагийг хөгжүүлэх, хамтын суурь судалгаануудыг хөгжүүлэх боломжтой болов. Өнөөдөр МУБИС-ийг тус сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Х.Тамир, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Л.Цэрэнсодном, Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Л.Ганцэцэг нар удирдан авч явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин