Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд

2016-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Хойно хэлмэгдсэн монголчуудын тухай шинэ баримтууд-

Д.АРИУН

 

ХЭЛМЭГДСЭН 35000 ГАРУЙ ХҮН БАРАГ ТЭР ЧИГЭЭРЭЭ ШАХАМ ЭРЧҮҮД

Хэлмэгдүүлэлт, улс төрийн хэлмэгдүүлэлт гэж ихээхэн ярьдаг ч чухам хэлмэгдүүлэлт хаанаас яагаад гараад ирдэг юм бэ гэдэг? Зарим ном нэвтэрхий толиос энэ ухагдахууныг хайж, хөөж үзвэл refression-дарах залхаан цээрлүүлэх гэсэн утгатай латин үг бөгөөд political refression гэх хэллэг улс төрийн сэдлээр төрийн зүгээс хэрэглэдэг албадлагын ёс бус арга хэрэглэж хувь хүн хийгээд хэсэг бүлэг хүмүүсийг хохироосон бүхий л үйлдлийг нэрлэдэг гэсэн байна. Улс төрийн сэдлээр хэлмэгдүүлэх арга хэлбэр нь амь насыг нь егүүтгэх, хорих, сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлэх, эх орноос нь хөөн гаргах, иргэний эрхийг нь хасах, нутаг зааж суулгах, цөлөх эрх чөлөөг нь хязгаарлах, албадан хөдөлмөр хийлгэх, янз бүрийн арга замаар бие сэтгэлд нь хохирол учруулах зэрэг багтдаг аж.  Монголд 1930-аад онд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар гадаад нөхцөл байдал учир шалтгаан, харьд хэлмэгдсэн монголчуудын талаар ултай, жинтэйхэн авч үзсэн нэгэн бүтээл Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн өмнө­хөн уншигчдын гарт хүрээд байна. Энэ бол түүхч Санждоржийн Туяа­гийн “Хийрхлээс хэлмэг­дүүлэлтэд” ном. Судлаа­чийн хувьд энэ сэдвээр анх удаа дуугарч байгаа нь энэ биш. Тэрээр 2011-2013 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх Улс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төвд ажиллаж байсан билээ. Энд ажиллахдаа ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын архиваас хуулбарлан авсан баримт материал, Монгол-Оросын эрдэмтэн судлаачдын бүтээл, баримт бичгийн эмхэтгэлд тулгуурлан БНМАУ-ын иргэдийг ЗСБНХУ-д улс төрийн хилс хэрэгт  гүтгэн шийтгэсэн учир шалтгаан, хүний нутагт гүний шоронд ял эдлэн цаазлуулсан, цөлөгдсөн иргэдийнхээ талаар профессор Ч.Дашдаваатай хамтран “Москвад цаазлагдсан Монголын удирдагчид” номыг 2011 онд гаргасан бол 2013 онд “Харьд хэлмэгдсэн монгол иргэд” хэмээх нэг сэдэвт бүтээлээ хэвлүүлж байсан юм. Гэвч бүтээл нь байгууллагын шугамаар цөөн хувь хэвлэгдэн албан байгууллага, албан тушаалтнуудын гар дамжин тараагдаад олны хүртээл болж амжаагүй байна. Тиймээс харьд хэлмэгдсэн монголчуудтай холбоотой баримтаар баяжуулан “Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд...” гэж томъёолон уншигч олноо хүргэжээ.

Хийрхэл туйшрал үзэл сурталжин хэтрэхээрээ хэлмэгдүүлэлт болдог гэдэг бодит үнэнийг баримтаар өгүүлсэн бүтээлд бидний төдийлөн мэдэхгүй, анзаарч байгаагүй тоо баримт олон байна. 1930-аад оны хэлмэгдүүлэлтээр чухам хэчнээн хүн амь насаа алдсан юм бэ гэдгийг судлаач С.Туяа  “Монголчуудыг улс төрийн хэрэгт хамгийн олноор хаман яллах ажил ХХ зуунд тохиосон хэмээх ойлголт аль хэдийнээ тогтсон. Сүйрэл болсон ч гэж үзэх нь бий. Сүйрлийн хэмжээг дэлхий нийтэд тогтсон уламжлалаар амиа алдсан хүний тоогоор ярьдаг. Манай улсын 35000 гаруй иргэн 1930-1940 оны хооронд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурганд амиа алдсан багцаа тоон дээр одоо тогтоод байна. Монголын хүн амын тоо тухайн үед дунджаар 700 гаруй мянга байсан. Түүнээс тэн хагас  нь буюу 350 гаруй мянга нь эрчүүд. Гэтэл хэлмэгдсэн 35000 гаруй хүн чинь тэр чигээрээ шахам эрчүүд гээд бодохоор төдий тооны өрх гэр ханхайж, үр хүүхэд өнчирч үлдсэн гэсэн үг” хэмээн тайлбарлаж байна. 1930-аад онд Монголын хүн амын өсөлт дөнгөж 0,32 хувьтай байсан гэдэг баримттай гэдэгтэй харьцуулан бодохоор хэлмэгдүүлэлт манай улсын хувьд ямар хүндээр туссан бэ гэдэг нь эндээс аяндаа харагдана.

 

ОРОСТ ХЭЧНЭЭН МОНГОЛ ХҮН ХЭЛМЭГДЭН АМЬ НАСАА АЛДСАН БЭ?

Улс төрийн хэлмэгдүү­лэлтийн талаар туурвисан манай судлаачдын бүтээл дотор харь гүрэнд буюу тухайн үеийн зөвлөлтөд улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн ял эдлэсэн монгол иргэдийн талаар Г.Дүйнхэржав гуайн бичсэнээс өөр зүйл хомс байдаг аж. Учир нь Зөвлөлт Монголын найрамдалд сэв суулгах вий гэдэг айдас болгоомжлол байсан учраас тэр. Хэдийгээр сүүлийн үед энэ талаар нээлттэй ярьж байгаа мэт боловч бодит байдал дээр бас архивын баримт материалууд төдийлөн ил тод болж чадахгүй байгаа болохоор харьд хэлмэгдсэн монголчуудын асуудлыг хөндөн баримт сэлтийг ил болгож гаргаж тавьж байгаа нь “Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд...” бүтээлийн нэг онцлог.

Хорьдугаар зууны сүүлч үеэс улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний тоог гаргах ажил хүчтэй өрнөж, Зөвлөл­тийн хорих лагерь, шорон гяндангийн төв рүүгээ илгээж байсан тоо баримтад түшиглэн гаргасан Оросын эрдэмтэн судлаачдын бүтээлүүд нэлээд гарчээ. Үүнээс холбогдох газрын архивын материал хөөн хийсэн оросын судлаач Земсковын судалгааг хамгийн бодитой тоо гэж үздэг байна. Уг судалгааны 1939-1951 онд Зөвлөлтийн нутагт ажиллаж байсан хорих газруудад хоригдож байсан ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын иргэд болон герман, польш, румын, солонгос, монгол, япон, хятад зэрэг гадаад улс орны харъяат хоригдлуудын тоог гаргасан байна. Судалгаанд:

1939 -35

1940 -70

1941 -58

1942 -64

1943 -37

1944 -22

 1945 49,,,

1951 онд 83 монгол хүн хоригдож байсан гээд он оноор нь жагсаан гаргажээ. Энэ бол  тухайн үеийн Зөвлөлтийн шорон, гяндан, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерь, колонид хоригдож байсан Монгол Улсын иргэдийн тоо. Тоог тухайн оны нэгдүгээр сарын 1-нээр тооцож гаргаж байсныг судлаач тэмдэглэсэн бөгөөд тухайлбал 1939 оны 35 гэдэг тоо 1938 онд хоригдож байсан хүнийг илтгэж байгаа үзүүлэлт гэсэн үг. 1939 оны дундуур Монголын нам төрийн удирдах ажилтан, Дотоод яамны ажилтан 30 гаруй хүнийг дайчлан баривчилж, Эрээнцаваар дамжуулан Чита хүргэсэн баттай мэдээ байдаг бөгөөд тэдний тоо 1939 оны тоонд багтаагүй байж таарч байгаа юм.

Ер Орост хэчнээн монгол хүн хэлмэгдэн амь насаа алдав гэдэг дээр “Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд...” номд “БНМАУ-аас тухайн үеийн ЗСБНХУ-д улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 250 гаруй хүний мэдээ байдаг, дээр нь 17 дугаар армийн шугамаар тагнуулын албанд дайчлагдан ажиллаж байгаад сураггүй болсон гэх 400-гаад хүнийг нийлүүлбэл 600-гаад хүн лав хэлмэгдсэн болж таарах нь. ОХУ-ын судлаачдын гаргасан хорих лагерь шоронд хоригдож байсан монголчуудын тооноос хамаагүй зөрж байна. Энэ  тоог нарийн нягтлан гаргах л ёстой” гэдгийг онцолж байна.  Эдгээр хүмүүсийн хувь заяа нь,

-Цаазын ял авч буудуулсан,

-Олон жил хөдөлмө­рийн лагерь, шорон гянданд хоригдож, хүнд хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж байгаад өөр тийш явах чадалгүй болсноор тэндээ үлдэн нас барсан,

-Шорон гяндан, лагерьт тураал, зодуур, өвчнөөр нас эцэслэсэн,

-Суллагдаад заасан нутагт цөлөгдөн суурьшиж үлдсэн,

-Монгол нутагтаа эргэж ирсэн зэрэг байдлаар төгсчээ.

“Япон-Буриадын эсэргүү төв” гэгч хэрэгт монголчуудыг хэрхэн холбогдуулан хэлмэгдүүлж ялласан, Цэвээн Жамсранов, Мэргэн гүн Гомбожав нарын бичгийн эрдэмтэн мэргэдийн хувь заяа хэлмэгдүүлэлтийн хар шуурганд хэрхэн өртсөн, “Дело ¹17093 дугаартай Нармай Монголын хувьсгалын эсэргүү хорлон сүйтгэх бүлгийн хэрэг”-т хамрагдан шийтгэгдсэн Ерөнхий сайд А.Амар, Төв хорооны нарийн бичгийн дарга Өлзийтийн Бадрах тэргүүтэй 39 хүнд ямар ял шийтгэл оноож, тэдэнд оноосон хилс хэргийн ялаа хэрхэн яаж гүйцэтгэсэн гэдэг баримтууд, хойно хэлмэгдсэн монголчуудын бүрэн бус нэрсийн жагсаал­тыг цаашид нарийвчлан тодруулан судлах  нь хэл­мэг­дүүлэлттэй холбоотой үнэн түүхийг улам бүр тодруулан гаргаж ирэхэд дөхөм болох буй заа.

 

ЕЖОВЫН СҮҮЛЧИЙН ҮГ

Зөвхөн монголчуудтай холбоотой ч биш, тухайн үеийн Зөвлөлтөд болсон хэлмэгдүүлэлтийг гар­дан гүйцэтгэж байсан холбогдох албан тушаалт­нуудын нэрсийн дунд Берия, Ежов гэдэг хоёр хүний нэр байнга дурдагддаг. Товчхондоо бол, Сталины эхлүүлсэн хэлмэгдүүлэлтийн машины жолоог эргүүлж байсан улс. Нэгэн цагт бусдад цаазын ял тулган уншиж, түүнийгээ гүйцэтгэж явсан Николай Иванович Ежовын сүүлчийн үгийг судлаач олж орчуулж номдоо хавсаргажээ.

Ежов “... Улс төрийн амьдралдаа намаа хууран мэхлэх ямар ч үйл хийж байгаагүй, намайг шударга даруу гэж олон мянган хүний үнэлж дүгнэж байсан тэр хэмжээнд байсан, энд болж байгаа явдал цаг үеийн тохиолдол, магадгүй би тухайн үедээ харж чадаагүй, хорлон сүйтгэгчдийн гар биеийн оролцоо ч байж болох юм гэснийг минь Сталинд дамжуулахыг хүсье. Бас Сталинд амандаа нэрийг чинь хэлсээр өөд боллоо гэж хэлээрэй” хэмээн шүүхийн өмнө хэлсэн үгээ дуусгаж байжээ. Ежовыг ингэж хэлснийх нь дараа шүүх бүрэлдэхүүн завсарлага авч зөвлөлдөн цаазын ялын тогтоол уншиж, улмаар маргааш нь ялыг гүйцэтгэжээ. Бусдын амь насыг бүрэлгэх цаазын ялыг бичиж, гүйцэтгэж, хэмжээгүй их эрх мэдэлтэн явсан Ежов өөрөө хэлмэгдүүлэлтийн машиндаа ингэж хэрчүүлж. Буруу ажиллаж байгаа төрийн машин гэдэг эргээд буруу ажиллуулсан эзнээ танихгүй хэрчдэг гэдгийг жишээ нь Ежовын сүүлчийн үг гэж хэлж болох мэт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19