Хамтын тэтгэвэр: Өгөхгүй, өгнө

2016-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ, Ч.ЗОТОЛ,  Б.ТУУЛ

Нийгмийн даатгал насаараа төлсөн ч тэтгэвэртээ гараад удалгүй нас барсан ахмадын тэтгэврийг хань, үр хүүхдэд нь үргэлжлүүлэн олгох боломжийг Хамтын тэтгэврийн тухай хууль олгох байсан юм. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмадын эрх зүйг дордууллаа гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг  “Хууль хүчингүй болсноор тэтгэврийн 300 мянган ахмадын эрхийг хасч байгаа юм биш. Ер нь хамтын тэтгэвэр авбал зохих хань ижлээ алдсан 77 мянган ахмад байгаа ч тэд бүгд энэ тэтгэврийг авахгүй юм билээ. Хэрэгжилтэд цаг хугацааны хязгаар тавьснаар 77 мянган ахмадын ердөө 10 хувь нь тэтгэвэр авах юм билээ” гэсэн нэмэлт тайлбар хийв. Өөрөөр хэлбэл, Хамтын тэтгэврийн тухай хуульд Засгийн газрын байр суурь тодорхой болсон. Сангийн сайд  Б.Чойжилсүрэн хамтын тэтгэвэр олгох зохицуулалтаас ахмадууд өөрсдөө татгалзсан, манай яаманд нас барсан нэгнийхээ тэтгэврийг авахгүй гэсэн гомдол цөөнгүй ирсэн гэж тайлбарласан юм. Харин маргааш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Хамтын тэтгэврийн хууль батлагдчих юм бол эхнэр нөхрүүд чамайг үхвэл миний тэтгэвэр нэмэгдэнэ гээд нэгэн рүүгээ муухай харна” гэсэн нь олныг  гайхшруулаад байна. Тэгвэл Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар өмнөх Засгийн газрын үед Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байсан С.Эрдэнэ, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан, өндөр настнууд ийм байр суурьтай байна.

 

С.Эрдэнэ: Эдийн засагт ямар ч хүндрэл гарахгүй байсан

/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/

 

-Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгочихлоо. Хуулийг хэрэгжүүлэхгүй байх шалгааныг эрх баригчид олон янзаар тайлбарлаж байгаа. Тухайлбал, иргэд нас барсан хүмүүсийнхээ тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авах хүсэлгүй байгаагаа Д.Чойжилсүрэн сайдад удаа дараа илэрхийлсэн гэж тайлбар өгч байсан. Та ямар байр суурьтай байна?

-Иргэд Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхийг хүсч байна уу, үгүй юу гэдгийг УИХ-ын дэргэдэх болон бусад судалгааны байгууллагаар судалгаа хийлгээд үзвэл тодорхой харагдана. Хэрэв хэн нэгэн Сангийн сайд тэгж хэлсэн бол тэр нь тэрбумтнуудын эцэг, эх л байх. Бид олон төрийн бус байгууллага, иргэдээс санал авч, судалгаа хийсний эцэст энэ хуулийг боловсруулж, батлуулсан. Одоо ч ахмадууд надад маш их санал гомдол ирүүлж байгаа. Хамтын тэтгэврийн хууль бол нийгмийн захиалгатай хууль байсан. Хоёрдугаарт, асар их хөрөнгө, мөнгөний хуримтлал бий болгосон хүмүүстэй тэтгэврийн таван төгрөгөөрөө амьдарч байгаа ахмадуудыг яаж жиших юм бэ. Одоо тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад бүгд социализмын үед ажиллаж, амьдарч байсан хүмүүс. МАН тэр үед иргэдийг хувийн өмчтэй байхыг нь хориглодог байсан. Залуудаа цалингаас цалингийн хооронд амьдарч байсан хүмүүс одоо тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байна. Үр хүүхэддээ, ханьдаа өвлүүлэх өмч хөрөнгөтэй болох эрхийг нь хийж бүтээх насанд нь хааж боочихоод одоо насны эцэст тэтгэврээ ч өвлүүлэх эрхгүй болгож байна. Иргэдийн амьдралыг мэдэхгүй, нийгмийнхээ хөрсөн дээр буугаагүй тэрбумтнууд үүнийг ойлгохгүй. Би энэ хуулийг хүчингүй болгож байгаа хүмүүс нэг бол эцэг, эхгүй үгүй бол тэрбумтнууд л гэж ойлгож байгаа.

-Ер нь бол шашин уламжлалтайгаа холбоотойгоор өөд болсон нэгнийхээ тэтгэврийг авах нь тийм ч таатай биш гэдэг саналыг Сангийн сайдад ирүүлсэн гэсэн?

-Үнэндээ хэлэх үг олдохгүй нь. Тэтгэвэр бол тухайн хүний ирээдүйд бий болох эрсдлээс сэргийлэх мөнгөн хуримтлал. Өөрөөр хэлбэл, хадгаламж шүү дээ. Тэр хүн өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө бий болгосон хуримтлалаа үр хүүхэд, ханьдаа өвлүүлж үлдээх нь яагаад ёс зүйгүй үйлдэл болох ёстой юм. Харин ч хань ижлийнхээ насан туршдаа бий болгосон хуримтлалаас хүртээд амьдралдаа нэмэр болгоод явж байна гэдэг чинь буян юм биш үү. Тэгэхээр банкинд хадгаламжтай хүн түүнийгээ гэр бүлдээ өвлүүлж үлдээх нь ёс зүйгүй үйлдэл болох нь. Үр хүүхдүүд нь түүнээс нь цээрлэх юм уу. Нас барсан нэгнийхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, өв хөрөнгийг өвлөж авах нь ёс зүйгүй үйлдэл болно гэж хэн хэлсэн юм бэ.

-Нэгэнт батлагдчихсан хуулийг хүчингүй болгож байгаа үйлдлийг сөрөг хүчний зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

-Ард түмнээ доромжилж байгаа хэрэг. Монголчууд бид ёс заншил, шашин шүтлэгээ хэнээс ч илүү мэддэг улс. Юу ч мэдэхгүй хүүхэдтэй харьцаж байгаа гэж боддог юм байлгүй.

-Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй гэсэн тайлбарыг эрх баригчид өгсөн. Үнэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгө байхгүй байсан юм биш үү?

-Энд ямар ч асуудал байхгүй. Жилд дунджаар 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. Сая төсвийн тодотгол оруулж ирэхдээ зарлага талдаа 110 орчим тэрбум төгрөг таначихаад, урсгал зардлаа 500 гаруй тэрбумаар нэмэгдүүлж орж ирсэн. 16 шинэ объектод зарцуулах гээд байгаа хөрөнгөтэй харьцуулахад ахмадуудад өгөх мөнгө хажууд нь өчүүхэн харагдана. 16 дэд сайдынхаа унах унаа, цалин хөлс, томилолтын зардлаа тана. Үнэхээр л төсөв хэмнэх гээд байгаа юм бол эдгээр тансаглалаа зогсоо. Оронд нь маш олон ахмадынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж болохоор байна шүү дээ. Өнөөдөр Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болголоо. Та нар энэ хуулийг хүчингүй болгосноор ахмад настуудынхаа нийгмийн хамгааллыг дордууллаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмнэ гэж тодорхой заасан байгаа. Гэтэл мөрийн хөтөлбөрийнхөө шууд эсрэг зүйлийг хийж байна. Иргэд мөрийн хөтөлбөрт чинь итгэж саналаа өгч олонх болгосон. Үүнийх нь хариуд 300 гаруй мянган ахмадын нийгмийн хамгааллын эрх зүйн байдлыг хэдэн үе шатаар дордууллаа.

-Нийгмийн даатгалын санд үүнийг олгох ямар ч мөнгө байхгүйг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн? 

-Ч.Хүрэлбаатар гишүүн Нийгмийн даатгалын сангийн талаар ойлголтгүй байдаг юм байна. Ер нь манай гишүүд Нийгмийн даатгалын сангийн талаар мэдлэггүй байдаг юм байна. Нийгмийн даатгалын таван төрлийн сан байдаг. Тэр дотроос Ажилгүйдлийн, Эрүүл мэндийн, Үйлдвэрлэлийн ослын гэсэн гурван сан ашигтай ажиллаж байгаа. Ерөнхий сайд  Нийгмийн даатгалын сан бүхэлдээ алдагдалтай байгаа мэтээр яриад байх юм. Энэ гурван сан 800 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байгаа.  Үүнээс 300 гаруй тэрбум нь банкинд хадгаламж хэлбэрээр байршиж байна. 2008-2012 онд энэ чөлөөт үлдэгдлийг хуримтлуулаагүй,  хадгаламж хэлбэрээр байршуулаагүйгээс дөнгөж 40 орчим тэрбумын хүүгийн орлого олсон байдаг юм. Харин өнгөрсөн дөрвөн жил хадгаламж хэлбэрээр банкинд байршуулснаар 200 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олсон.

-Тэгвэл үлдсэн хоёр сангийн тухайд  юу хэлэх вэ?

-Тэтгэврийн даатгал, Тэтгэмжийн даатгалын сан “0” үзүүлэлттэй байгаа. Энэ хоёр сан угаасаа алдагдалтай явж ирсэн. Учир нь энэ хоёр санд Сангийн яам 140 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй. Өгөх ёстой хөрөнгөө одоо болтол өгөөгүй байгаа. Тэр мөнгийг юунд зарцуулдаг вэ гэхээр төр тэтгэврийг нь хариуцах ёстой иргэд гэж байдаг юм. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд болон цэргийнхэн, тусгай албанаас тэтгэвэр гарсан хүмүүсийн  тэтгэврийн даатгалыг төр хариуцана гэж хуульчилсан байдаг. Түүнд зарцуулагдах ёстой мөнгөө төр өгөөгүй гэсэн үг. Энэ мөнгийг өгөх ёстой  Сангийн яам, тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат сайд та ч өгөөгүй. Ч.Улаан гишүүн сайд байхдаа өгөөгүй, өнөөдөр Б.Чойжилсүрэн сайд ч өгөөгүй л байна. Үүнээс болж Тэтгэврийн даатгалын сан алдагдалд орсон.

 

Г.Баасан: Ерөнхий сайдыг уучлал гуйхыг шаардана

/Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн/

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг  УИХ-ын тогтоолоор хүчингүй болголоо. Энэ талаар Чөлөөт ахмадын холбоо ямар байр суурьтай байна?

-Хамтын тэтгэвэр Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоонд том хувьсгал авчирсан. Яагаад хувьсгал гэж хэлж байна гэвэл, улсдаа шимтгэлээ төлчихөөд насныхаа эцэст түүнийгээ авч чадаагүй хүмүүс олон бий. Тэр дундаа эрэгтэйчүүд эрт бурхан болдог. Ахмадууд  36 жил улсдаа шимтгэл төлчихөөд 60 нас хүрч чадалгүй бурхан болсон тохиолдолд амьдралын баталгаа, тэтгэвэртээ гараад буцааж авна  гэж төлж ирсэн мөнгө нь тэр чигээрээ улсад үлддэг. Тэгвэл тэр мөнгийг ард үлдсэн нэгэнд нь буцааж өгнө гэдэг эдийн засгийн хань юм. Нийгмийн даатгал гэж мөнгө авч авчихаад өгдөггүй шулаач нийгмийг буцааж өгдөг болгох нь зөв. Тэр чинь даатгал төлсний гавьяа юу вэ гэдгийг мэдрүүлж байгаа том хувьсгал шүү дээ. Гэтэл харамсалтай нь сүүлд гарч ирсэн шинэ улс төрийн хүчин тэр дундаа олон жил Монголын ахмадуудын  нуруун дээр, тэдний дэмжлэгийг ихээхэн авч  ирсэн Ардын нам гарч ирээд ахмадуудад хамгийн хэрэгтэй хуулийг зогсоож байгаа нь аюул болж байна. Монгол  эрх зүйт төртэй улс байтал хууль зөрчиж ийм зүйл хийж байгаа нь ард түмнээ  хэтэрхий басамжилж байна. УИХ-аар нэгэнт баталсан хуулийг тогтоолоор хүчингүй болгоод байх юм бол хууль батлах хэрэг алга. Хуулийн дээгүүр давдаг тогтоол байх учиргүй. Тиймээс эрх зүйт төрийг гутаан доромжиллоо. Дээр нь ахмадуудыг гүтгэн доромжиллоо.

-Ахмадууд надад эвгүй байна, хамтын тэтгэврийг авмааргүй байна гэж хүсэлт ирүүлсэн гэж Сангийн сайд хэлсэн?

 -Хамтын тэтгэврийг авмааргүй байна гэж хэлэх нэг ч ахмад байхгүй. Хэрэв байгаа бол хэдэн хүн байна вэ. Ямар тэтгэвэр авдаг болоод илүү авмааргүй байгаа юм. Үнэхээр тэтгэвэр авдаг ахмад настан мөн үү, биш үү. Нийт 310 мянган ахмадын хэдэн хувь нь ийм хүсэлт тавьсан бэ гэдэг өөрөө асуудал. Эзэн хаяг тодорхойгүй бусдын гэх нэрээр бусдыг барьж идэх гээд байдгаа болих хэрэгтэй. Ард түмний нэр барьж ингэж аяглах хэрэггүй. Сангийн сайд, Ерөнхий сайд нарын мэдэгдлийн дараа цаг ч болоогүй байхад ахмадууд хот, хөдөөгөөс утасдаж орон даяар хөдөлчихлөө. Орхон аймгаас холбогдсон ахмад уйлж байна. Ханиа алдсан тэр өвгөн “Миний хань саяхан бурхан болсон. Тэр минь байхгүй ч гэсэн надад үлдээсэн  эдийн засгийн тэтгэлгээс  буяныг нь хүртэнэ гэж хүлээж суутал хуулийг хүчингүй болголоо. Би энэ намд насаараа зүтгэсэн, өнөөдөр миний эсрэг асуудлыг шийдэж байгаад гомдолтой байна.  Асуудал шийдэхдээ намайг  ханийгаа үхээсэй гэж бодож байсан юм шигээр эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Даан ч яав даа, насаараа ханилсан, биеийн тал болсон ханийгаа үхээсэй гэж боддог ямар ч ахмад настан байхгүй шүү. Үүнийг Ерөнхий сайдад дуулгаж өгөөч гэсэн. Энэ асуудлаар Монголын  чөлөөт  ахмадын холбооны аймаг, дүүрэг, сум дахь бүх салбар хөдөлж байна. Ахмадуудаас санал авч байна. Явцын дүнгээс харахад, Сүхбаатар аймгийн хоёр сумд 50 хувь нь зөв, 50 хувь нь эсэргүүцсэн анхны тохиолдол гарсан. Эсэргүүцэж байгаа 50 хувь нь  бурхан болсон хүний тэтгэврийг нэмж олгосноос бидний тэтгэврийг нэмчих  гэж байгаа юм байна. Бусад 12 аймаг, дөрвөн  сумаас ирсэн мэдээнд ахмадууд бүгд эсэргүүцсэн байна. Бид хамтын тэтгэврийг авах гэж хүлээж байна гэж тэд үзжээ. Өнөөдөр ганц ахмадуудын асуудал биш, ирээдүйдээ гэж даатгал  төлдөг нийт хүний асуудал учраас бид хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцэж байна гэж байр сууриа илэрхийлсэн. Багануур дүүрэгт манай салбар байхгүй, гэхдээ  ахмадуудын төлөөлөл уулзалт хийсэн байна лээ. “Ерөнхий сайд биднийг дэндүү доромжилж байна. Хөгшин хүмүүсийг яасан ч яадгийн гэж үзэж байна. Ханийнхаа ясыг өндөлзүүллээ гэж юу яриад байгаа юм бэ. Харин ч өчнөөн жил шимтгэлээ төлчихөөд түүнээсээ тэтгэврээ авч чадалгүй бурхан болсон хүмүүсийн яс нь харин өндөлж миний шимтгэлээс жаахныг ч болтугай үлдсэн хүмүүст минь өгөөсэй гэж байгаа. Түүнээс өгснийхөө төлөө өндөлзөнө гэж байхгүй. Эрх барьж байгаа хүмүүс яасан амьдралаас тасарчихсан хүмүүс вэ. Үүнийг эсэргүүцэж байна гэж төлөөллөө явуулсан байгаа. Тэр хүмүүс  өнөөдөр ирнэ. Хэвлэлийн хурал зарласан байгаа, түүнд оролцож байр сууриа илэрхийлнэ. Цэрэг, армийн ахмадын зөвлөлүүд надад бас албан бичиг ирүүлсэн. “Хууль хүчингүй болгосон шийдвэрийг эрс эсэргүүцэж байна” гэсэн байна лээ.  Энэ бол Ерөнхий сайд, Сангийн сайд нарын мэдэгдэл ноцтой алдаа болж гэдгийг харуулж байна. Ахмадууд тэднийг  уучлал гуйхыг шаардаж байна.

-Хамтын тэтгэврийн оронд “Насны хишиг” гэсэн хууль батална гэсэн?

-Хишиг гэдэг бол тэтгэврийн даатгалаас ангид юм. Хишиг гэдэг бэлэгний морины шүдийг битгий үзээрэй гэдэг шиг “Баасан гуай та май” гээд 10 цаас өгвөл би голох эрхгүй шүү дээ, тийм л зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд түүнээсээ тодорхой хувь авна гэдэг огт өөр зүйл. Өгсөн юмнаасаа буцааж авч байгаа юм. Би 21 жил ажиллсан бол бага ирнэ. 36  жил ажиллаад бурхан болсон бол миний шимтгэлийн  ногдох хувь ханьд маань илүү очно гэсэн үг. Тэгэхээр тэтгэврийн асуудал, хишиг хоёр тэнгэр газар шиг хоорондоо зөрүүтэй, хол ялгаатай эд.

-Шийдвэр гаргаж байгаа төр, засгийн чадамж, сайд нарын тухайд  та юу хэлэх вэ?

-Амьдралаас хол тасархай юм ярьдаг төр,засгийн эрхмүүд олон байна. Ахмадууд санал гаргаад байгаа. 76 гишүүнд  дүн тавъя. Техникийн үзлэг, оношилгоо явуулдаг шиг  төрд байгаа 76 хүнд хэд нь амьдрал мэддэг, хэчнээн нь төрд ажиллаж үзсэн, хэдийнх нь гэрт ахмад настан амьдарч байна гэсэн үзлэг явуулъя гэсэн саналыг хөдөөгийн ахмадууд гаргасан. Гурван сая хүнийг ахуй амьдралтай нь, газар шороотой нь, тусгаар тогтнолтой нь, үүх түүхтэй нь машиндаа суулгасан тэр их хүч бол 76 хүнтэй Их хурал. Иймд бид машиндаа үзлэг, оношилгоо явуулъя. Биднийг авч явах мэдлэг, чадварт нь үзлэг, оношилгоо явуулъя гэж байна. Намууд бие биеэсээ өшөөгөө авч байна гээд мөрөөрөө яваа ард түмнээс өс хонзон авч байна гэж олон хүн утасдаж байгаа.

 

Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн С.Доржпалам: ҮЛДСЭН НЭГ НЬ САНХҮҮГИЙН ДЭМТЭЙ, ҮР ХҮҮХДЭДЭЭ ТУСТАЙ ЯВАХ БАЙЛАА

-Би 60 настай тэтгэвэртээ гарсан. Барилгын салбарт олон жил ажилласан. Хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр насаараа нийгмийн даатгал төлж байгаад нас барсан иргэний  тэт­гэврийг үр­гэлж­лээд гэр бүл нь авч явна гэсэн заалтыг олон хүн дэмжиж байсан. Яагаад гэвэл, улсад 20-30 хөдөлмөрлөж, цалингийнхаа шимтгэлийг улсад цаг, тухайд нь төлж байсан иргэд тэтгэвэрт гарсныхаа дараа нас барах тохиолдол байдаг. Улсад насаараа ажиллачихаад түүнийхээ үр шимийг үзэж, чадахгүй өнгөрнө гэдэг ямар хэцүү байх вэ. Хамтын тэтгэврийн хууль хэрэгжвэл ядаж, үлдсэн нэг нь санхүүгийн дэмтэй, үр хүүхэддээ тустай явах байсан. Улсад төлж байгаа тэтгэврийн даатгалын шимтэлийг  сайн дураараа төлдөггүй,  хүчээр шахуу төлүүлдэг байсан.  Гэтэл яагаад үүнийг нь ахмадуудаас харамлаад байна вэ. Улсад төлж байсан шимтгэлийн мөнгөө л авах гэж байна шүү дээ. Хэрэв энэ шимтгэлийн мөнгийг улсад төлөлгүй хурааж байсан бол өдийд багагүй мөнгө цуглах байсан. Гэтэл бид бүгдийг нь улсад төлж байсан. 

 

Баянзүрх дүүргийн XXIII хорооны иргэн А.Ганболд: ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА НЭГЭНД НЬ  НИЙГМИЙН ТОМ БАТАЛГАА БОЛОХ БАЙСАН

-Би улсад 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Цэрэг, армийн хүн. Хэрэв энэ хууль хэрэгжвэл манай ахмадуудад ач тусаа өгөх байлаа. Хэдийгээр тэтгэврийн  мөнгийг нь  үлдсэн нэгэнд нь  100 хувь биш юм аа гэхэд тодорхой хувийг нь хувилж өгөх тухай ярьж байсан. Айхтар их ашиг болохгүй ч өндөр насны тэтгэвэр авч байгаа үлдсэн нэгэнд нь  нийгмийн том баталгаа болох байсан.

 

СХД-ийн V хорооны иргэн Э.Түмэнжаргал: ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР  ИРГЭДЭЭ ТООХГҮЙ БАЙНА

- Хэрэв энэ хууль батлагдвал олон хүн дэмжих байсан.  Мэргэжлийн Засгийн газрынхан хуулиа биелүүлж ажиллахгүй байна. Шинэ Засгийн газар  ард иргэдээ тоохгүй байна гэж харж байна. Уг нь энэ хууль их л олон хүний дунд хүлээлт үүсгээд байсан. Монголчууд бидний нас богинохон. Дээрээс нь тэтгэврийн мөнгө нь амьдралд хүрэлцдэггүй.  Хамтын тэтгэврийн хууль хэрэгжвэл хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч нэгнийхээ тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн аваад үр, хүүхэддээ зарцуулаад явж болох байсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19