
Б.ЭНХТУУЛ
Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ, БЗДХ, сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн дийлэнх нь “Глобаль сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг. Гэтэл одоо энэ төслийн санхүүжилт 2017 онд дуусна. Цааш үргэлжлэх эсэх нь бас тодорхойгүй байна. Тиймээс энэ талаар Глобаль сангийн Удирдан зохицуулах зөвлөлийн дэд дарга А.Нямдоржтой ярилцлаа.
-Монгол Улсын хүн амыг эрүүлжүүлэхэд мартахын аргагүй том тус хүргэж байгаа байгууллага бол Глобаль сан. Гэтэл одоо энэ төслийн санхүүжилт 2017 онд дуусна. Эрхэм төрийн түшээд маань энэ асуудлыг бараг мартах шахсан бололтой. Ярьж хэлэх хүн цөөхөн байна. Тиймээс та ярианыхаа эхэнд Глобаль сангийн үйл ажиллагааны талаар товчхон танилцуулаач. Одоо энэ сан дэлхийн хэдэн оронд хэчнээн төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг вэ?
-Глобаль сан нь эдийн засгийн хувьд дунд ба бага орлоготой, халдварын тархалт өндөртэй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ тухайн орны ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас нь гаргаж буй төсөв, хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт олгох, эрүүл мэндийн бус бусад салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих зарчмыг баримталдаг. Үүнээс гадна Глобаль сан нь үр дүнд тулгуурласан санхүүжилт олгодог. Өөрөөр хэлбэл бид 6 сар тутам төслийн хэрэгжилтийн талаар тайлан явуулж, гэрээнд тусгагдсан ажлын төлөвлөгөөний дагуу санхүүжилтийг гурав гурван сараар нь авдаг. Тус сан нь одоогийн байдлаар 136 орны 450 төсөлд 30.5 тэрбум ам.долларыг дээрх гурван өвчинтэй тэмцэх ажилд зарцуулаад байна.
Та зөв хэллээ, манай улсад Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж байгаа ДОХ, сүрьеэгийн төслүүд 2017 онд дуусна. 2016 оны хувьд бид ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөргүй явж байна. Хэдийгээр энэ нь бодит шалтгаантай ч гэсэн Глобаль сангийн улс орнуудын Үндэсний хөтөлбөрийг дэмжинэ гэсэн үндсэн зарчимтай зөрчилдөөд байгаа юм. Бидэнд байгаа мэдээллээр бусад улс орнууд 2018 оноос хэрэгжүүлэх төслөө одооноос боловсруулаад эхэлсэн гэсэн. Төсөл батлуулах процесс нь нилээд урт хугацаа шаарддаг, нарийн шалгуураар ордог. Манай улс сүрьеэгийн халдвар өндөртэй орны тоонд ордогийн хувьд бид сүрьеэ дээр маш үндэслэлтэй сайн төсөл бичвэл дахин санхүүжилт авах боломжтой гэж бодож байна. Харин ДОХ-ын хувьд бид халдварын тархалт багатай учир дахин төсөл авах магадлал муутай. Ер нь бол энэ асуудалд хандах Монгол төрийн бодлого сул байна гэж хэлж болно. Чимээгүй тахал гэж нэрлэгдээд байгаа ДОХ, сүрьеэгийн асуудалд засгийн эрх барьж байгаа аль ч нам хувийн болон нам, улс төрийн ашиг сонирхлоор хандаж болохгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
-Монголд Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэй төслүүд 2003 оноос хэрэгжиж эхэлсэн гэдэг. Одоогоор бид хэчнээн сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг энэ сангаас аваад байна вэ?
-Монгол улс ДОХ, сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр нийт 57 сая ам. долларын санхүүжилтийг өнгөрсөн 13 жилийн хугацаанд аваад байна. Энэ нь засгийн газрын ачааллын ихэнхи хувийг үүрсэн гэсэн үг. Ер нь энэ чиглэлээр зарцуулагдаж байгаа хөрөнгийн 70-80 хувийг гаргаж байна. Жинхэнэ хөрсөн дээрээ буусан, хүндээ хүрсэн төсөл гэж бид дүгнэдэг юм даа.
-Тэгвэл одоо ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх төслийн үр дүн ямар байна?
-ДОХ-ын төслийн хувьд манай улсын Засгийн газар, ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ маш амжилттай байна. Бид өнөөдөр ХДХВ-ийн халдварын тархалтыг нийт хүн амын дунд 0.1 хувиас бага түвшинд барьж байна. Мөн цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн багаж хэрэгслээр халдвар тархсан нэг ч тохиолдол гараагүй. Эхээс хүүхдэд халдвар дамжсан нэг ч тохиолдол гараагүй. ХДХВ-ийн халдвартай 10 эхээс төрсөн 14 хүүхэд бүгд халдваргүй эрүүл төрсөн. Энэ Глобаль сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа олон шинэ хөтөлбөрүүдийн үр дүн юм.
Сүрьеэгийн хувьд энэ өвчний онцлог байдаг. Сүрьеэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш нийгмийн шалтгаан маш их нөлөөлдөг. Жишээлбэл, хүн амын ядуурал, хоол тэжээлийн дутагдал, агаарын бохирдол, хорт зуршил, хавсарсан өвчнүүд гэх мэт олон хүчин зүйлс энэ өвчний тархалтад нөлөөлдөг. Төслийн үр дүнд сүрьеэгийн илрүүлэлт нэмэгдсэн, оношлогооны чадавхи сайжирсан, эмчилгээний олон шинэ аргуудыг нэвтрүүлсэн, нас баралт буурсан зэрэг амжилтууд байна.
-Дэлхий дээр ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа өвчнөөр жил бүр зургаан сая гаруй хүн нас бардаг гэсэн тоон мэдээлэл байдаг юм билээ. Харин манайд өвчлөл өмнө нь ямар байв, одоо ямар болсон талаар та тоон мэдээлэл дуулгаач. Одоо төсөл хэрэгжүүлэгч байгууллагын санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл юу байна вэ?
-ДОХ-ын хувьд дээрхи амжилтууд хамгийн гол үр дүнгийн шалгуур юм. Харин би сүрьеэг онцлоё гэж бодож байна. Төсөл эхлэх үеийн үзүүлэлтийг 2015 оны дүнтэй харьцуулан хэлье. Сүрьеэ өвчний илрүүлэлт 57 хувиас 77.6 хувьд хүрсэн, нас баралт 100.000 хүн амд 3.6 байсан бол 1.7 болсон.
Саяхан манай ЭМЯ-наас удирдан зохион байгуулж Сүрьеэгийн тархалтын судалгааг мөн л энэ сангийн дэмжлэгээр үндэсний хэмжээнд хийсэн. Энэ судалгаа нь Монголд анх удаа хийгдэж байгаа гэж хэлж болно. Судалгааны үр дүнг маш зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах хэрэгтэй. Судалгаагаар ямар ч шинж тэмдэггүй, өөрөөр хэлбэл ханиах, халуурах гэх мэт шинж тэмдэг өгдөггүй сүрьеэг илрүүлсэн. Үүнийг манай мэргэжилтнүүд бусад салбарынхан сүрьеэ нэмэгдээд байна гэж ойлгодог.
Одоо бидний хамгийн их санааг зовоож байгаа зүйл бол эмэнд дасалтай сүрьеэ, маш олон эмэнд дасалтай сүрьеэ юм. Эмчилгээний өртөг өндөр, халдвартай хүн тэр хэлбэрийн сүрьеэгээ л бусдад халдаана.
-Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн үндсэн хүлээн авагчаар нь Эрүүл мэндийн яам ажилладаг. Салбар хүлээн авагчаар нь 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд ажилладаг гэж сонссон. Төслийн хэрэгжилтэд ямар байгууллага хяналт шинжилгээ, хөндлөнгийн үнэлгээ хийдэг вэ?
-Би дээр хэлсэн. ДОХ, сүрьеэгийн асуудалд олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй гэсэн үндсэн зарчмыг Глобаль сан баримталдаг. Энэ утгаараа Төрийн хүрч чадахгүй байгаа газар ТББ-ын оролцоотойгоор хүрч ажиллах зааврыг өгдөг. Төслийн хэрэгжүүлэгчээр нийт 30 гаруй байгууллага хамтран ажилладаг. Салбар хүлээн авагч байгууллагыг сонгохдоо сонинд нээлттэй зарлаад саналаа ирүүлсэн байгууллагыг Глобаль сангаас гаргасан удирдамжийн дагуу дөрвөн чиглэлээр үнэлгээ хийж тайланг тус санд явуулж эцсийн шийдвэрийг гаргуулдаг. Глобаль сан нь өөрсдөө хөндлөнгийн хянагч байгууллагыг сонгон ажиллуулдаг. Монгол Улсын хувьд Вашингтонд төвтэй Cardno Emergency Market Group гэдэг байгууллага төслийн үйл ажиллагаанд хяналт тавьж жилд хоёр удаа шалгалт хийдэг. Үүнээс гадна Үндэсний аудитын газар жил бүр шалгалт хийдэг.
-Үндэсний зохицуулах зөвлөл нь тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах үүрэгтэй юу. Одоо дэлхийн эдийн засаг хямарч байна. Үүний үр дагавар “Глобаль сан”-д ч сөргөөр нөлөөлж байна. Монголд Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүд цааш хэрэгжих эсэх нь тодорхойгүй байна гэдгийг олон хүн хэлж байгаа. Ямар гарц, гаргалгааг хайж байгаа вэ. ЭМЯ, салбарын сайд энэ асуудалд ямар үүрэг оролцоотой хандаж байгаа вэ?
-Үндэсний зохицуулах зөвлөл нь төслийг Глобаль санд өргөн барьж, батлагдсан төслийг ямар байгууллагаар хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг. Мөн батлагдсан төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, түншлэл болон олон салбарын оролцоог дэмжих, талуудын эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг. Манайд хэрэгжиж байгаа төслүүдэд ЭМЯ-ыг үндсэн хэрэгжүүлэгч байгууллагаар сонгосон. Тиймээс ЭМЯ төслийн үндсэн хүлээн авагч гэдгээ маш сайн ухамсарлан ойлгож, хариуцлагатай хандах хэрэгтэй. Салбарын сайдын үүрэг оролцоо их чухал байгаа цаашид ДОХ, Сүрьеэгийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх зэрэг хөрөнгө санхүүг засгийн газрын төсөвт суулгах, урт хугацааны тогтвортой байдлын төлөвлөгөөг гаргаж анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, сонгууль, улс төрийн халаа сэлгээ, яамны тогтворгүй байдлаас шалтгаалж, Глобаль сангийн төслүүдийн төлөвлөгдсөн үйл ажиллагаануудын санхүүжилт одоо болтол ЭМЯ-наас гарахгүй, үйл ажиллагаанууд нь хийгдэхгүй байгаа. Үндэсний зохицуулах зөвлөл ч яамнаас санхүүжилтээ авч чадахгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ажлын албаны ажилчид цалингүй, интернетээ ч төлж чадахгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна. Өчигдөр салбарын сайд болон газрын дарга нар, сайдын зөвлөхтэй уулзаж тодорхой асуудлуудыг хэлэлцсэн. Тиймээс үүсээд байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх байх гэж бодож байна.
-Глобаль сангийн төсөл хэрэгжсэнээр үндэсний хэмжээнд сүрьеэгийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Монголд анх удаа Олон эмэнд дасалтай сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ, тусламж, үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Мөн энэ төслийн хүрээнд ХӨСҮТ-д Олон эмэнд дасалттай сүрьеэгийн тасаг нээгдсэн гээд тоочвол дуулгах мэдээлэл олон бий. Гэсэн ч одоо өвчлөл бас буурахгүй байна. Сүрьеэгийн өвчлөл залуужих хандлагатай байна. Төсөл зогсчихвол бид цаашид яах вэ. Таны бодлоор...?
-2006 он хүртэл Монгол Улс олон эмэнд дасалтай сүрьеэг оношлож чадахгүй байсан. Одоо Глобаль сангийн төслөөр мэргэжилтэн нь бэлтгэгдэж, эмчилгээний тасаг, өдрийн эмчилгээний цэгүүд ажиллаж, эм нь хангагдаж байна. Зөвхөн эмэнд жилдээ нэг сая ам. доллар Глобаль сангаас гаргаж байна. Мөн оношлогооны лаборатори байгуулагдсан нь ДЭМБ-ын бүсийн хэмжээнд лавлагаа лаборатори болох хэмжээнд хүрээд байна. Төсөл зогссон тохиолдолд Засгийн газар уг асуудлыг хариуцах үүрэгтэй тийм болохоор бага багаар Засгийн газрын төсөвт суулгаж байх нь зүйтэй.
-Глобаль сан одоогийн байдлаар 136 орны 450 төсөлд 30.5 тэрбум ам.долларыг дээрх гурван өвчинтэй тэмцэх ажилд зарцуулаад байна гэдгийг та түрүүнд яриандаа дурьдсан. Өмнө нь тус сангийн төслийг хэрэгжүүлж байсан, харин одоо шаардлага шалгуур хангаагүй гээд төслөөс хасагдсан орнуудад байдал ямар байна. ХДХВ/ДОХ, сүрьеэгийн өвчлөл ихэссэн, багассан гээд тодорхой судалгаа хийгддэг байх.Тодорхой жишээ дурьдах боломжтой юу. Монгол улсын хувьд, энэ талаар ярьж, хэлэлцэж байгаа зүйл юу байна?
-Глобаль сангийн хөндлөнгийн хянагч байгууллага жилд хоёр удаа төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ өгдөг. Манай төслүүд нийт 30 гаруй удаагийн тайланг хянуулж 80 хувьд нь “А” үнэлгээ авсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин