
Ч.Зотол
Манайхан шүүгч авлигад автдаг, гар хардаг гэхчлэн шүүмжилдэг. Тэгсэн атлаа гэмт хэргийн хар ертөнцтэй цаг наргүй зууралдаж байдаг ажлынх нь онцлогийг ойлгодоггүй. Ар гэр, хувийн амьдралдаа анхаарах завгүй явдаг тэдний нийгмийн асуудал, ахуй амьдралыг нь ч тэр бүр тоодоггүй. Бусад салбарынхан бол нийгмийн асуудал, цалин мөнгө гэж бишгүй ярьж, бичиж, хэл ам хийж, жагсаал тэмцэл өрнүүлдэг. Үйлдвэрчний эвлэлийн холбоод нь ч идэвхтэй ажилладаг. Гэтэл шүүгчид ажлаа хийж явдгаас шийдвэр гаргах төвшинд асуудал тавьж байсангүй. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл бий болсноос хойш шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх, хараат бус байдлыг хангах, хяналт тавих, шүүгчдийн нийгмийн байдалд анхаарч, цалин хөлсний талаар санал оруулах гэхчлэн олон талт ажлыг нэгтгэн ажиллаж ирсэн нь дэвшил авчрав. Харамсалтай нь хууль байгаад ч түүнийгээ хэрэгжүүлэлгүйгээр өөрсдийн шийдлээр явж ирсэн улс төрчид маань өөрсдийн үрэлгэн зардлыг тооцдоггүй хэрнээ хэмнэлт ярихаараа юм л бол иргэдийн халаасанд халдах, шүүгчдийн цалинг танах тухай ярьдаг. Энэ удаагийн сэдэв ч гэсэн улсын төсвийн тодотгол, зардал хэмнэх хүрээнд цалин бууруулах, төрийн албан хаагчдыг цомхотгох, шүүгчдийн цалинг 61-66 хувиар танах тухай өрнөж байгаа юм. Цаг үеийн энэ асуудалтай холбогдлуулан Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо, хууль эрхзүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаачид хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хуульчдын холбооны зөвлөлийн тэргүүн Ц.Оч, МУИС-ын ХЗС-ийн доктор, судлаач О.Мөнхсайхан, Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Өрнөндэлгэр нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Т.Мэндсайхан: Шүүгчдийн цалинг танах нь олон улсын жишиг болон Үндсэн хуулийг зөрчиж байна
-Шүүх байгууллагын төсөв, шүүгчдийн цалин улсын төсвийн хэдэн хувийг эзэлдэг вэ?
-2016 онд батлагдсан төсөв, цалингийн санг танилцуулахад УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байгаа. Шүүхийн 2016 оны төсөвт шүүгчийн цалингийн сан 21.5 тэрбум төгрөг буюу 41 хувийг эзэлж байна.
-Одоо ярьж буй улсын төсвийн тодотголоор Засгийн газар шүүгчдийн цалинг бууруулах санал оруулаад байгаа. Цалинг хэчнээн хувиар бууруулахаар байна вэ. Энэ нь хуульд нийцэж байгаа юу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авсан уу?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 45.0, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн багц 3.2 тэрбум төгрөг болох бөгөөд энэ нь нэгдсэн төвсийн 0.46 хувьтай тэнцэх юм. Ингэхдээ шүүгчийн цалинг 61-63 хувь бууруулахаар саналд тусгажээ. Нийтдээ цалингийн санг 3.2 тэрбум төгрөгөөр багасгахаар төлөвлөсөн байна. Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөлгүйгээр Шүүгчдийн цалинг бууруулж байгаа нь Олон улсын жишиг болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Учир нь төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг долоон хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Тэгсэн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг найман хувиар бууруулахаар тусгасан нь төрийн эрх мэдэл тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ.
Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн тэргүүн Ц.Оч “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно” гэж хуульчилж, өнгөрсөн онд бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.700-3.300 мянган төгрөг байхаар тогтоосон. Энэ удаагийн төсвийн тодотголоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргавал цаашид эрх бүхий байгууллагуудад гомдол гаргана” хэмээн байр сууриа илэрхийллээ. Судлаач О.Мөнхсайхан Олон улсын жишигт шүүгчдийн цалинг хэрхэн шийдсэн байдаг талаар “Гадаадын улс орнуудыг аваад үзэхэд тухайн улсын нийт төсвөөс 2-5 хувийг шүүх байгууллагад зарцуулснаар хараат бус шүүх засаглалыг хөгжүүлж ирсэн туршлага байна. Шүүгчийн цалинг тогтоохдоо тухайн улсын дундаж цалинг 5-7 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалинг шүүгч нартаа өгснөөр баталгааг хангана гэж үздэг юм билээ. Жишээ нь, Польш, Унгар зэрэг оронд шүүгчдийн цалинг 5-6 дахин нэмэгдүүлсэн байдаг. Ер нь бол шүүгчдийг багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр ажил эрхлэхийг нь хориглодог. Манайд нэг шүүгч жилд дунджаар 100-130 хэрэг дээр ажилладаг учраас ажлын ачаалал ихтэйгээс гадна цалингаас гадуур орлого олох боломжгүй. Ийм учраас шүүгдийн цалинг хасах нь ямар ч боломжгүй юм” гэсэн бол Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Өрнөндэлгэр “Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах сөрөг үр дагаварт хүргэхээр байна. Дээр нь шүүгчид цалиндаа тохируулан янз бүрийн зээлд хамрагдсан байгаа. Тиймээс цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. Оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл, 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээлтэй гэсэн судалгаа бий. Шүүгчдийг төрөөс орон сууцуулна гэсэн байдаг ч өнөөдрийг хүртэл төрөөс байр, сууц өгсөн зүйл байхгүй. Шүүгчид байрны зээлд хамрагдаж, өөрсдөө орон байраа болгож ирсэн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин