
Доктор Насанжаргалын ЭНХТӨР
( ИХ СЭТГЭГЧ АБАЙ КУНАНБАЕВЫН СУРГААЛТ ИЛГЭЭМЖЭЭС )
Эхний бүлэгт найман зүйл сургаал үгийг багтаасан бөгөөд зохиогч энэ үед /1890, 1891 он/ 45 нас сүүдэр зооглож байснаар зохиомжилсноос үзвэл, өөрийн хувьд ертөнцийн оршин тогтохуйн гүн, өнгөн чанарын нууцаст нэвтрэх оюун санааны цараагаа эргэцүүлэн нэгтгэсэн бодмоглол үүсгэхээр зорин, амьдрахуйн утга учир болсон хүний зан чанарын эерэг, сөрөг төлөвшил-хөгжил, ёсзүйн микро, макро хамааралт нөхцөл байдалд зохицон ялгарахуй зэрэгт хандсан. Тухайлбал: “Оросуудын хувьд ярих юм бүр ч алга. Тэдний зарц боолуудтай нь ч бид эн зэрэгцэхгүй. Тэгвэл бидний бардамнал, баяр хөөр, бусдыг шоолсон инээд ханиад хаачив аа?”., “Яагаад казахууд бие бие рүүгээ чоно нохой мэт харж архиралцана вэ?” гэх зэргээс гадна залхуу, тэнэг, мунхаг харанхуйн балгаар зөвхөн малаа эргүүлэн амьдарсаар тэгээд тэр дунд эгэл ард түмэн илүү ядуурвал, улам хямд ажиллах хүч болсоор сүүлдээ ядуугийн зовлонд “орчлонг таних нүд хаагддагийг” илрүүлэн дүгнэсэн аймшигт үнэн эдүгээ манай монголд ч өргөн дүр төрх болж буйг анзаармаар ч шиг?!
9 дүгээр сургаал үг нь “1892 он” гэсэн нэгэн зүйлээр буюу “Абай-Би казах хүний хувьд тэр үндэстний тухайд ойлголтын хаана нь оршиж байгаагаа эргэцүүлсэн байдлаар” эхэлж буй. Дараах хэсэгтээ: “Хүмүүс Аллахад мөргөж хүүхэд гуйх юм. Тэр хүүхдээр яах гэж?” зэргээр эргэцүүлэл хийсэн нь манай монголын төрийн дээдсүүд “монголын үрс маш олон болохыг ихэд хүсдэг шиг хуурай дүр харагдахаас гадна юунд баярлах, хүндлэх, юуг шоолох зэргээ тэгтлээ бүрэн дүүрэн зөв төсөөлөөгүй хэрнээ инээдэмт дүр бүтээдгийг” хэлжээ.
Энэ тухайд мөн 12 дугаар хэсэгтээ: “Сайн ч явна, муу ч явна. Сүсэг бишрэл, нигүүлсэнгүй явдалтай хүнийг бид хорьж зүрхлэхгүй, юутай ч гэсэн сайхан сэтгэлийн үүднээс хийсэн үйлдлийг хор уршиггүй хэмээн бид бодно. Тийм хүмүүсийн хомсхон мэдлэг нигүүлсэнгүйн үйлсийг бүрэн төгс гүйцэлдүүлэхэд хүрэхгүй ч гэсэн үргэлжлүүлээсэй билээ...” /79 дүгээр тал/ хэмээжүхүй.
1893 буюу 14 дүгээр сургаал үгэндээ зориг зүрхний утга учрыг эргэцүүлсэн байхад, дараагийн хэсэгтээ, ухаантай ба тэнэг хүний тухайд ялгааг тайлсан. Тухайлбал: “Ухаантай хүн гэдэг үнэндээ хүрээлэн буй орчноо танин мэдэж, хүмүүст аль болохоор тус болох ер бусын зохистой зүйлийг сонирхон, эрж хайдаг бөгөөд тэр нь сонсвол чихэнд чимэгтэй, үзвэл нүд баясахаар байдаг аж...” хэмээжүхүй. 17 дугаар зүйлийн сургаал үгсдээ, хүч чадал, оюун ухаан, зүрх сэтгэл гурав өөрсдийн ид шидээ өрсөлдүүлэн маргаж, эрдмийн өмнө сөгдөн, түүгээр маргаанаа таслуулахаар болжээ. Хүч чадал гэдгийг эрүүл бие бялдартай, оюун ухааныг амьдрахуйн утга учрыг илрүүлэн олохтой, зүрх сэтгэлийг энэрэл хайрын эх булагтай холбон тайлжээ. Түүнчлэн хүч чадал нь заримдаа сайн, заримдаа саар юм руу зүтгэдэг тал бий. Оюун ухаан харин байгалийн, амьдралын, сүнсний нууцыг нээж өгөх хувь оногдсоныг хэлжээ. Үүгээр үл барам, хэрэв та гурав нэг хүнд нэгдэж чадвал, тэр хүн нь үнэний хөтөч болно” гэсэн нь үнэнтэй ажгуу.
19 дүгээр бүлэг Сургаал үгэндээ: “Хөрст дэлхийд хүмүүн гэгч мэндлэхдээ ухаантай төрдөггүй. Хүн ер нь хүмүүсийг сонсож, ажил үйлсийг нь харж, хөлс дуслуулан хөдөлмөрлөж байж л ухааждаг. Тэд сайныг муугаас алгуур ялгадаг болж, багагүй юм үзэж туулах тусам ихийг ойлгож сурдаг. Хүн мэргэдийн үгийг сонсон сонсон ухаажина. Гэвч дан ганц өрөөсгөл санаа бас тус нэмэр болохгүй...” зэргээс гадна хувцас өмсөх соёл төдийгүй хээнцэрлэл, чамирхлын өнгөц зан чанарын тухайд ч тусгайлан сургамжилжээ.
20 дугаар Сургаал үгэндээ: “унд хоол, тоглоом наргиа, инээд баясал, магтаал сайшаал, хээнцэр гоёл, найр цэнгүүн, найз нөхөд, тэр ч байтугай эхнэр хүүхнээс хүртэл залхах явдал буй. Хүн юм бүхний өө согог, дутагдал, хувирлыг олж харж, дур сэтгэл нь хөрнө. Хувиршгүй зүйл гэж үгүй...” /107-108 дугаар тал/ хэмээн динамик хөдөлгөөний зүй тогтлыг хүний араншин буюу бодлын хувиралд тулгуурлан дүгнэжээ.
Дараах хэсэгтээ, магтаал сайшаалын тухайд, түүнийг хүлээн авах энгүүн хүн, сагсуучуудын ялгааг дүгнэсэн бол хүндэтгэлийн тухайд ч хөндсөн нь өргөн дэлгэр агуулгын царааг илтгэнэ бус уу. Хүндэтгэл хүлээх хүн олдохгүй шахуу болсныг хэлээд, “азгүй зөрүүд зантан, ядарч зүдэрсэн хэсгийг сайхан сэтгэлээр наашаа гэж хүлээн авахсан. Гэвч тэд маань хэвтэж буй тэмээн дээр ч мордох чадваргүй болж. Оролдож байгаад тэмээн дээр мордлоо гэхэд ямар нэгэн өчүүхэн зүйлийг ч шүүрэн авахаас татгалзахааргүй зантай болж. Тэгэхлээр энэ нүгэлт орчлонд хэнийг өрөвдөж, хэнийг хайрлах билээ?” гээд эцэст нь “жижиг хөрөнгөлөг хүмүүсийг л дэмжин тэдэнд сайн сайхныг хүсэхээс өөр арга үгүй болсон мэт ээ...” /115-117 дугаар тал/ хэмээсэн нь нийгмийн бүлэглэлийг оюун санааны төвшинд бус яаж баяжсан нь хамаагүй олонх болсон дундчуудад найдах “түр найдвараар гол зогоох” зөвт бус, нийтлэг алдаатай бодлогыг хэлжээ.
25 дугаар бүлэгтээ: “Өлөн хоосон хүнд нэр төр, ухаалаг чанараа хадгалах хэцүү, тэгээд ч эрдэм мэдлэгт байнга шунан дурлах хүсэл тэмүүллээ хадгалах бүр ч амаргүй... ” гэх буюу “Шургуу агаад үндэслэлтэй мэдлэг эзэмшиж буй хүүхдийг одоогоор олж хараагүй л байна”., “Эндээс би, бүдүүлэг харанхуй хүмүүс л баярлахааргүй юманд баярладаг гэдэг дүгнэлтэд хүрсэн... Бас тэгээд ичихээргүй юманд үхтлээ ичиж, ичмээр юманд үл ичнэ гээч. Энэ бүгд мунхаг тэнэгийнх шүү дээ” гэжээ.
27 дугаар Сургаал үгэндээ (Сократынхаар): “Хорвоо ертөнцийг хараад чи энд бүх зүйл зөв зохистой, бүгд тодорхой зүй тогтлын дагуу зохирч таарсныг ойлгож итгэсэн... Дээд төрлийн оюун ухаан гэдгийг тооцохгүй байж болно л доо. Гэвч энэ ертөнц гэж хэмжиж, тооцож боломгүй, хар аяндаа үүссэн бус, харин амьдралын зүй ёсны хөдөлгөөн хэлбэрээр тэнд амьдрах боломжийг ханган үүссэн аж...” гэх зэргээр Сократ яриагаа өндөрлөсөн тухайд өгүүлсэн нь нэн сонирхолтой.
Түүнчлэн эх хэлний сургалт, үндэсний соёл, зан заншил, зүйр цэцэн үг төдийгүй аливаа зөвөлгөөг хүлээн авах туйлбартай зан чанар, эзэмшин өвлөх аргачлал, чин хүсэл тэмүүлэл, шударга ариун үйлс, мэдлэг эзэмших үе шат, нөхцөл байдлыг удирдах чадвар, ажил хөдөлмөр, үйлд суралцах, найз нөхдөө сонгох, хэрүүл тэмцлээс зайлсхийх зэрэг., “Үхэл гэж юу вэ?”., “Ичгүүргүй хүнд итгэл үнэмшил үгүй” хэмээх үгийн учир холбогдол., Шашны санваартнууд шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрөхгүй нь “туйлшрал” гэдгийг ч өгүүлжээ.
Хүмүүний эрхэм чанар гэдэгт, ажил хэргийг хэрхэн дуусгаснаар бус, харин түүнд анхнаасаа яаж хандсанаар тодорхойлогдоно гэж үзсэн нь бидний Мета-онол, аргазүйн гаргалгаанд эзнээс нь хол шийдэл хийх увайгүй гэмээр үйлдлийг гаргагчдыг санагдуулнам бус уу., “Уурлаж цухалдахдаа хашгирч гуагалагсад ер нь гэмгүй дээ. Харин уурлаад дуугаа хураачихдаг хүнээс хол яв” хэмээсэн нь ч өнөөгийн Монголчууд бидний харилцаан дахь хорон бус хийгээд хорон санааг ч нэгэн адил илчлэх ажгуу.
“Хайр гэгч юуны өмнө хүмүүний мөн чанарыг илэрхийлэх бөгөөд ухаан бодол, эрдэм, энэрэл гэсэн үг. Эдгээр сайн чанарууд хүнийг анх төрөхөд заяадаг эрүүл саруул бие эрхтнээс үүдэлтэй” гэсэн нь сүнсний чанарыг хэлсэн бололтой.
“Хүн өөрийн бүхий л сэтгэл зүрхээрээ үнэн, зөв хоёрт тэмүүлж, юмс үзэгдлийн мөн чанарыг таних гэж хичээх үедээ л эрдмийг эзэмшиж, шинжлэх ухаанд нэвтэрч чаддаг. Оюун ухаан ба итгэл үнэмшил л түүнийг хөдөлгөдөг”., “Шинжлэх ухаан нь эрхэм дээд Тэнгэр Бурхадын хүчирхэгийн илэрхийлэл агаад түүний нэг шинж чанар мөн... Аллахын нэрийн хуудас болсон найман чанар болох, амьдаас амьд, эрдэм чадалтай, хүчирхэг, гярхай, соргог, үг хэлтэй, хүсэгч, бүтээгч чанар мөн...Эрдэмтэн бүр сэтгэгчийн хэмжээнд өсч дэвжиж чаддаггүй ч, сэтгэгч бүр эрдэмтэн байдаг...”.,
“Мэргэн цэцэн буюу сэтгэгч гэж өөрийн чадвар, оюун бодлоороо болон туршлагаараа дээд оюун санааны үндэст хүрч, бас өөртөө хайр энэрэл болон үнэнийг зайлшгүй нэгтгэсэн хүнийг л нэрлэж болно. Ийм хүмүүс үгүйгээр ертөнц эмх замбараагүй байдалд хувисах биз ээ. Юмс үзэгдлийн учир шалтгааныг үнэн худлаар дэнслэн тогтоох замд болон нийт хүн төрөлхтний сайн сайхны тусын тулд цуцалтгүй эрэл хайгуул хийх явцдаа сэтгэгчид баяр хөөрийн тухайд мартаад зогсохгүй, амьдралын тав тухыг ч умартан зүтгэдэг. Хүмүүний хамгийн шилдэг сайн бүтээлүүд тэдний оюун ухаанаас л ундардаг...” гэх буюу 1897 оны сүүлийн бүлгийн 45 дугаар зүйлээ: “...Гүн гүнзгий мэдрэмж, өндөр дээд шударга зан эзэмшсэн хүмүүс л эрдэмтэн сэтгэгчид болцгоодог...” /280 дугаар тал/ хэмээн Шинжлэх ухаанч төсөөллөөр төгсгөж буй нь тохиолдол бус?!
“Бид өсөн төлөвшихийн хэрээр ертөнцийг танин мэдэх энэ их хүсэл тэмүүллээ яагаад алгуур гээдэг юм бол?” /54 дүгээр тал/ гэсэн асуулт нь бидний Шинэ шинжлэх ухааны Хүмүүнлэгийн түлхүүр тайллыг санагдуулнам бус уу. Энэ чанараараа уулын бэлд суух Сизифтэй ижил хувь заяаг Абай ч туулсан нь үнэнтэй ажгуу. “Гэвч, хэрсүү ухаан, эгэлгүй авьяас билигтэй хүний хувьд тэрээр амьдрал чухам юун дээр тогтдогийг мэддэг байлаа” /16-17 дугаар тал/.
“Сургаал үг” хэмээх энэхүү гайхамшигт туурвилын Өмнөх үгэнд: “Амьдралын ил өнгөн тал нь арга заль байдаг бол хүний сэтгэхүйн гүн эх биологийн өгөгдөл болон удамшлын дадал туршлага нь хачин гэмээр нэгдэлд орж, оюун ухаан, амьдралын жамтай тулгарах явцад хүний зан чанарууд боловсрох бөгөөд яг энэ зааг дээр хүн бүрийн сэтгэлийн нүнжиг, нэр төр, эрхэм чанарын хутганы ирэн дээр байгаа мэт дэнслэгддэг...” (Сатимжан Санбаев, 2012 он) хэмээсэн нь чухамхүү философи - сэтгэлзүйн гүн увидаст мөн чанарыг тодотгосон хэрэг мөн болов уу. Уг орчуулгын бүтээлийн редактораар ажилласан Монголын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин агсны товчхон хэдий ч оновчтой дүгнэлт үгэнд анхаарлаа мөн хандуулахыг Та бүхнээс хүснэм.
Суут сэтгэгч, яруу найрагч АБАЙ ИБРАГИМЫН (1845-1904) “СУРГААЛ ҮГ” хэмээх 7 бүлэг, 45 зүйл сургаал үгээс бүрдсэн Гүн ухаан – Сэтгэлзүй - Аж төрөх ёсны Хүмүүнлэгийн шаштир 2015 онд Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор К.Кобландины дэмжлэгээр, Орчуулагч М.Шагдарсүрэн, Т.Султан, Ш.Элдэв-Очир нарын орчуулгаар орос хэлнээс монгол хэлнээ ийнхүү орчуулагдсан ажгуу.
Номын цагаан буян улам бүр түгэн дэлгэрэх болтугай.