
С.УЯНГА
Тэмцэж амьдрах сайхан. Энэ үгийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь харуулсан. Цаашид ч нугачаа ихтэй амьдралын замаар тэмцэж яваа гэр бүлийн амьдралын хүрдэнд саатаад буцахдаа ихийг бодож тунгааж явлаа. Хүн гэдэг нартад ганц заяах амьдралын төлөө эцэж цуцалгүй тэмцсээр байдаг аж. Гагцхүү хүн бүхэн сайхан амьдралын төлөө ингэж тэмцдэггүй нь харамсалтай. Ингээд олон зүйл нуршихгүйгээр хашааных нь хаалгаар оруут л хөдөлмөрийн үр шим “амтагдсан” гэр бүлийн “Амьдралын тойрог”-оор аялснаа хүргэе.
ХОГИЙН ЦЭГИЙН ЧУЛУУГ ТАВАН ЖИЛ ГАРААРАА ЗӨӨЖЭЭ
Идэр насны гэр бүл 1998 онд Эрдэнэт хотоос Улаанбаатарт нүүж иржээ. Амьдралд анхлан хөл тавьж буй залуу хосууд биш ч таних мэдэх хүнгүй тухайн үедээ л юм бүхнийг тэгээс нь эхэлж байв. Өөрөөр хэлбэл, хот хүрээ бараадан сайхан амьдрал мөрөөдөж өчнөөн төчнөөнөөрөө нүүж ирэхийн зэрэгцээ ажилгүйчүүдийн тоог нэмсэн зарим нэгнийг бодоход тэд хөдөлмөрлөж чаджээ. Чухам энэ цаг үед С.Наранхүүгийнх гэдэг айл их хотын амьдралын нэгээхэн хэсэгт хөлөө олох санаатай хамаг чадлаараа тэмцэж байж. Өрхийн тэргүүн мод чулууны мужааны ажил хийж. Гэрийн эзэгтэй Р. Мунааш ойр тойрон, хөрш ногоочдодоо тусалдаг ажилтай болжээ.
С.Наранхүүгийнх нүүж ирсэн даруйдаа хотын зүүн захад Шар хаднаас цааш Улиастайн аманд хүргэн ах болон ногоо тарьдаг хүмүүсийг түшиглэн майхан барьсан гэнэ. Р.Мунааш 50 төгрөгийн боодолтой сонгиныг зах дээр аваачиж 100 төгрөгөөр арилжих зэргээр бяцхан бизнесээ эхлүүлж, басхүү нэлээд урам зориг авч байв. Нэг үгээр хэлбэл, ирээдүйд амьдралаа залгуулж, гэр бүлээ тэжээх бизнесээ зөвхөн ногоо тарихаар төсөөлж, хажуугаар нь мод тарих хоббитой болсон байна. Газар худалдаж аваад ногоо тарих хязгааргүй хүсэл байвч түрийвч нимгэн учраас яалтай. Тиймээс ногооны ажилд туслаж бяцхан бизнесээ хийж, хүргэн ахынхаа газрын жижигхэн хэсэгт 2-3 шуудай төмс тарихынхаа хажуугаар хэсэгхэн эзгүй газрыг өөрийн болгон өмчилж аваад цэвэрлэж, тордож эхэлсэн байна. Айлуудын хогоо хаяж, чулуугаар дүүрсэн газрыг ажлынхаа зав чөлөөгөөр өдөрт 2-3 хувин чулуу зөөсөөр таван жилийн дараа цэвэрлэж дуусч, газраа хүрзнээс өөр зэвсэггүй улаан гараараа хагалж хүнсний ногоогоо тарьж эхэлж байжээ. Энэ бол өнөөгийн С.Наранхүү хэмээх айлын хүнсний ногоо тариалж, жимс нь сагсайж, өнгийн цэцгээр чимэглэсэн өрхийн аж ахуйн эхлэл байлаа. Р.Мунааш тэр үеэ эргэн дурсахдаа “Хоёр хувингаар чулуу зөөсөөр хажуу талын жалгыг дүүргэсэн. Ёстой шөрмөсөө сунатал олон жил овоолсон хогийг цэвэрлэсэн. Одоо бол ширхэг ч чулуу байхгүй торго шиг зөөлөн хөрстэй. Анх Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 10 ширхэг чацарганы мод авч суулгасан юм. 20 см модыг хараад мөд ургахгүй байх гэж бодсон ч уйгагүй арчилсны дүнд 2-3 жилийн дотор сагсайгаад ургачихаар нь урамшаад л мод тарьж эхэлсэн. Мод л олдвол тарина. Эхний жил ахынхаа газар дээр 10 тонн байцаа тариад олсон мөнгөөрөө одоо амьдарч байгаа байшингаа өөрсдийн гараар барьж байлаа. Мөн анх хоёр шуудай төмс тариад намар нь 20 шуудай болгож аваад хөөрч байлаа” гэв.
Бүхнийг шинээр эхлэх гэж тэвдэж явсан гэр бүл өнөөдөр ойр тойрныхондоо ажилч хөдөлмөрчөөрөө алдартай болжээ. Энэ нь биднийг “Ногоо тарьдаг С.Наранхүүгийнд очно” гэхэд таксины жолоочоос эхлээд “Ангийн дарга уу. Мэднэ. Хүргээд өгье. Их хөдөлмөрч хүмүүс дээ” гэж байснаас бэлхнээ харж болохоор.
ХОГОН ДУНД Ч ЦЭЦЭГ ДЭЛБЭЭЛЖЭЭ
Гэр бүлийн хоёр Баян-Өлгий аймгийн харъяат. Бага насандаа нутгаасаа гарч Сэлэнгэ аймагт амьдарч байсан удаатай. Р.Мунааш “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулагдсан цагаас хойш 13 жил ажилласан анхдагчдын нэг. Эднийх гурван хүүхэдтэй. Дунд хүү Н.Шижир-Эрдэнэ нь Солонгост, ууган хүү Н.Нямхүү, отгон хүүхэд Н.Тэмүүжин хоёр нь Монголдоо хөдөлмөрлөөд сайхан амьдарч байгаа аж. Хүүхдүүд нь бүгд л гадаадад ирэн очин ажиллаж амьдардаг бололтой.
С.Наранхүү дүүргийнхээ сургуульд ажилладаг бол эхнэр нь “Тэнгэр” худалдааны төвд лангуу ажиллуулдаг гэнэ. Мөн ажлынхаа хажуугаар бага хүүгийнхээ долоон сартай хүүхдийг харах том ажилтай. Ач, зээ нар нь зундаа голдуу өвөөгийндөө амьдарч жимсний “ангууч” хийдэг гэнэ. Ажилсаг өвөө, эмээ нь төрөл бүрийн жимс, өнгө алагласан цэцгээр ач зээ нараа хавар, зундаа өөрсдөөсөө холдуулахгүй “уядаг” бололтой. Р.Мунааш тэднийгээ өхөөрдөн ярихдаа “Ач, зээ нар өглөө босоод гараад явчихдаг. Дуртай жимсээ түүж идэж байгаад цадчихдаг юм. Малин, монос, гүзээлзгэнэд хамгийн дуртай. Эрт ч боловсорч гүйцнэ. Ер нь манай гэр бүлийнхэн зун ногоо, жимсээр л хооллочихно. Цайны оронд жимсний шахсан шүүс, талх жимсний чанамал, орой нь ногоо голдуу хоол иднэ. Энэ бол хамгийн эрүүл хүнс. Аль ч улиралд хүнсний зүйл худалдаж авдаггүй” гэж ярив.
Өдгөө С.Наранхүүгийн хашаанд 1136 метр квадрат газарт 700 гаруй төрлийн мод ургаж байгаа аж. Жимс, ногоогоо түрүүчээс нь хурааж аваад борлуулж байгаа ч чацаргана, үрэл зэрэг намар аажуу боловсорч гүйцдэг жимс олон бий гэнэ.
Эднийх хүнсний ногоондоо төмс, лууван, манжин, байцаа, өргөст хэмх, улаан лооль, хүрэн манжин, брокли, яншуй, хулуу тариалж байна. Харин жимсний хувьд үхрийн нүд, мойл, малин, тошлоо, гүзээлзгэнэ, улаагана, нохойн хошуу, тэхийн шээг, чацаргана, үрэл, интоор гээд бүхий л төрлийнх байна. Мөн жимс хүнсний ногооны хажуугаар улиас, бургас, саваа, голт бор, буйлс, гүйлс зэрэг олон нэр төрлийн гоёлын мод тарьдаг бөгөөд хавар болохоор хунцэцэг, наранцэцэг, астра, хумсан цэцэг, Хонгорзул, сакура дэлбээлнэ гээд боддоо. Р.Мунааш эгч цэцгийн мандал дундаа жимс, хүнсний ногоогоо усалж торддог хаврын улиралд хамгийн дуртай гэнэ. Тэрээр “Манайх өмнө нь галуу, нугас, цацагт хяруултай байсан. Хавар болохоор цэцгэн дундах цөөрөмд шувуунууд эрх дураараа жаргалтай байдаг. Би энэ бүгдээ “Галууны диваажин” гэж нэрлэдэг байсан. Шувуунуудаа зарчихсан ч удахгүй дахиж авч үржүүлнэ гэж бодож байгаа. Шувуу байхад зэрлэг түүх зэргээр ашигтай. Мөн нүд баясгаад сайхан байдаг юм” гэв.
Хэдийгээр бид сакура дэлбээлж, наранцэцэг мишээсэн сайхан үед нь зочлоогүй ч цэцгийн мандал, мөчрөө даахгүй бөхийсөн түмэн янзын жимсний модон дунд алхах үнэхээр сэтгэлийн жаргал аж. Р.Мунааш эгч сагс барьж гараад жимснийхээ болцыг шалгах замдаа хүлэмжүүдээрээ орж түрүүчээсээ боловсорсон өргөст хэмх, улаан лооль, хулуу зэргээс тааваараа тасдаж сагсаа дүүргэнэ. Буцахдаа сайн арчилбал нэг дэлбээнээсээ 50 дэлбээ цэцэглүүлж хөдөлмөрийн үр шимийг “шагнадаг” хунцэцэг, бөөрний өвчинд гойд сайн гэгддэг тэхийн шээг, үрэлний модонд алимны мод залгаад давжаа алим, алим ургуулдаг. Өргөст хэмх нэг бутнаас 60 кг ургана, байцаа шар будаа шиг үрнээс 10 кг том ургадаг, чацаргана гурван сорт бий. Манай хулуу нэг жил 60 кг болтол ургаж байлаа гэх зэргээр бидэнд сонирхуулав. Хашаан доторх бүхий л жимсний мод, хүлэмжээр орж явахдаа тэрээр байсхийгээд интоорын төгөлөө үзүүлнэ. Ирэх жилээс интоорын мод олныг суулгаж интоорын талбайтай болох гэж байгаагаа хэлж байна. Өнгийн цэцэг,төрөл бүрийн жимс, хүнсний ногооны аварга том талбайгаас орхигдсон завсрын орон зай буюу хогон дунд ч цэцэг дэлбээлжээ. Хэний ч гарыг харалгүй өөрийн хүчээр нахиалсан эдгээр цэцэг бол санаандгүй унаж хоцорсон цэцгийн үр аж. С.Наранхүү, Р.Мунааш нарын уйгагүй хөдөлмөр зүтгэл, хязгааргүй хүслийн үр шимээр услагдсан “Интоорын цэцэрлэг” ийнхүү өдөр хоногоор биеллээ олсоор буй. Чулуун дороос өндийсөн цэцэг гэдгийн адил таван жил цэвэрлэсэн хогийн цэг өнөөдөр олон зуун хүнийг тэтгэж, мөрөөдлийг биелүүлсэн “Интоорын цэцэрлэг” болжээ.
ХЭНЭЭР Ч АЛБАДУУЛААГҮЙ СТРЕССГҮЙ АМЬДРАЛ
Уулзалтын хагаст цэцгийн мандал дунд зугаалж, жимсний “ангууч” хийсэн бидний яриа сүүлдээ аж ахуй, амьжиргаа талруу чиглэлээ. Биднийг ярилцах үед өрхийн тэргүүн ачдаа хоол хийж өгөх, унтуулах зэргээр тун завгүй байсан тул ярианд төдийлөн оролцохгүй байлаа. Хааяа толгой дохиж инээмсэглэхээс өөрийг ярьсангүй.
Эднийх олон жил дараалан дүүргийн аварга ногоочин, шилдэг ногоочин өрх, Соёлч өрх, Ногоон ирээдүй төслийн “Шилдэг цэцэрлэг”, 2014 оны “Нийслэлийн эрүүл мэндийг дээдлэгч өрх”-өөр шалгарчээ. Мөн хаана жимс ногооны үзэсгэлэн болно тэнд явж байдаг нийгмийн идэвхитэй гэр бүл.
Дунд хүүгийнхээ гэр бүлтэй Хөвсгөл далайд.
Р.Мунааш ногооны аж ахуйтай амьдралаа холбосон цагаасаа агротехникч мэргэжлээ сэргээн өдгөө туршлагатай, чадварлаг нэгэн болжээ. Тэрээр зөвхөн жимс ногоогоо тариалаад зогсохгүй лангуун дээр зогсохдоо үйлчлэгч болон Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хүмүүст мэргэжлийнхээ дагуу хичээл заадаг гэнэ. Жишээлбэл, варенийг чанадаг нь буруу. Жимсний шүүсийг миксерээр шахах хэрэгтэй бөгөөд чанахаар жимсний витаминлаг чанар нь алдагддаг аж. Тиймээс шахсан шүүсээ ундааны саванд хийж хөлдөөгөөд өвөл хэдүйд ч гаргаж ирээд хэрэглэхэд дархлаа сайжруулдаг гэнэ.
Мөн хүнсний ногоог урт хугацаагаар, чанарыг нь алдагдуулахгүйгээр шинээр нь хадгалах аргыг хэлж өглөө. Төмс, лууван, манжин зэрэг бүх төрлийн хүнсний ногоог угааж, хальсалж цэвэрлээд хоолонд хийхэд бэлэн болгож хэрчинэ. Тэгээд вакум уутанд хийнэ. Урт хугацаагаар хадгалахаар бол хөлдөөгчинд, ойр зуурын хэрэглээнд бол хөргөгчинд хадгалчихаад хэрэглэхэд чанар нь мууддаггүй гэнэ. Түүнээс төмс хөлдсөний дараа усархаг болчихдог нь буруу хадгалсний шинж аж. Хүнсний ногоог зөв хадгалах юм бол хавар 3-4 сар хүртэл шинээрээ байх боломжтой гэнэ.
С.Наранхүүгийнх өрхийн аж ахуйгаасаа багагүй орлого олно. Жилдээ төмс , лууван хоёр тонн, байцаа, помидор тонн, өргөст хэмх 2-3 тонн гэх зэргээр 10 гаруй тонн хүнсний ногоо хураана. Харин монос, чацаргана тус бүр 100 литр, бусад төрлийн жимсээ мөн тус бүр нь 20-30 литрийг авдаг байна. Үүнээс гэр бүлийн болон хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тааруулаад илүүг нь борлуулдаг аж. Мөн намар хичээл эхлэхээр цэцэг, суулгац зарна.
Өөрийн аж ахуй учраас бусад худалдаачдын ногооноос үнийн хувьд хямдхан байдаг эсэхийг Р.Мунаашаас асуухад “Хүнсний ногоогоо түрүүчээс нь зарж байгаа. Өргөст хэмхээ даршилна, жимснүүдээр чанамал хийнэ. Задгайгаар нь бас зарна. Интоор кг нь 15 мянган төгрөг. Өргөст хэмх бусад лангуун дээр 3000 төгрөгөөр зардаг бол манайх 2000 төгрөг. Өөрөө тарьж байгаа учраас үнэ арай татуу. Гэхдээ сүүлийн үед бараг хүн болгон өрхийн аж ахуй эрхэлж байгаа энэ үед ногооны үнэ хямдхан . Сэлэнгэ аймаг зэрэг холоос ирсэн хүмүүс ногоогоо бөөнөөр нь хурдан зарж дуусгахын тулд маш хямд өгдөг. Жишээ нь өргөст хэмхийг 3000-700 төгрөг хүртэл үнийг нь буулгаж байна. Ингэж борлуулахаар хавар, зунжин нойр хоолгүй хөдөлмөрлөчихөөд ногоогоо бараг үнэгүй өгч байгаатай адил.
Дээр нь худалдан авалт муудсан. Өнгөрсөн жил өдөрт гурван шуудай ногоо зардаг байсан бол энэ жил гурав хоногт нэг шуудайг борлуулж байна. Тиймээс төр засгаас ногоочдоо дэмжих хэрэгтэй. Лангуугаар тусалж, хамгийн гол нь урд хөршөөс ногоо оруулмааргүй байна. Монголчууд дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаж чадна. Хамгийн гол нь иргэд эрүүл хүнс хэрэглэнэ.
Гүзээлзгэнэ, үхрийн нүд улаагана, мойл хураачихсан. Хамгийн сүүлд чацаргана, интоор, үрэл хураана. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх сайхан. Бүх жимсний моднууд цэцэглэхээр хашаа дүүрэн цагаан цэцэг болоод анхилам үнэртэй болчихдог. Энэ бүгдээс кайф авч амьдардаг. Гараар дарсан эрүүл хүнс идэж байна. Хүүхдүүд ундаа янз бүрийн зүйл хэрэглэдэггүй. Жимснүүдийнхээ шүүсийг ундааны саванд хийгээд хөлдөөчихдөг. Аливаа тэмдэглэлт өдрөөр жимснүүдээ савлаад, төрөл бүрийн ногооны салад хийгээд ширээгээ засчихдаг. Миний хийдэг ногооны бялуунд хүмүүс их дуртай. Нэг идсэн хүн дахиад заавал хийлгэдэг. Эрүүл мэндийн яамнаас эрүүл хүнс хэрэглэдэг хүн ямар байдаг вэ гэсэн агуулгаар эмнэлэгт хэвтүүлээд шинжилгээ хийхэд бүх эрхтэн эрүүл саруул байсан. Эмч нар гайхсан” гээд инээмсэглэв. Нээрэн л хэнээр ч албадуулахгүй, стрессгүй амьдрал гэж үүнийг хэлэх байх. С.Наранхүү, Р.Мунааш хоёр жилийн дөрвөн улиралд ажилтай байдаг аж. Хавар, зун, намар нь өрхийн аж ахуйгаа эрхэлдэг бол өвөл нь гэргий нь Солонгос явж ажиллаад ирдэг гэж байна. Ийм л нэгэн тэмцэгч, хөдөлмөрч гэр бүлтэй өдрийн хагас өнжсөн ч амьдрал гэдэг их далайг сөрөн сэлүүрдэх хэмжээлшгүй их урам зориг, ухаарал авсан юм. Амьдралд хэчнээн тэмүүлбээс хүрэх өндөрлөгт төчнөөн ойртдог аж. Бидэнд Сакура цэцэглэх цагаар дахин ирэх урилга өглөө...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин